В. Өлзийбаяр
/Удирдлагын Академийн ахлах багш/
Шинэ толь №69, 2010
Түлхүүр үг: ард түмэн, социализмын үеийн манлайлал, Эртний Монгол, төрийн тогтолцоо төрийн албаны түшмэдийн тогтолцоо, Социализмын үе, удирдах ажилтан
Монгол Улс бол төрт ёсны хөгжлийн өнө эртний түүхтэй, төрийн алба, түшмэлийн ёсны баялаг уламжлалтай улс билээ. Энэхүү уламжлалын гол үзэл санаа нь төрийн албанд зүтгэхийг хамгийн нэр төртэй үйл, олон түмний дээд итгэл хэмээн үзэж, тэрхүү эрхэм үйлсийн төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж зүтгэх явдал юм. Иймээс манлайлал, манлайлагчдыг сонгож гаргах, бэлтгэх талаар аль ч орноос дутахааргүй туршлагатай ард түмэн гэж үзэх бүрэн үндэстэй билээ. Монгол Улсын төр ёс, хууль цаазын уламжлалыг хөндөж судалсан бүтээлүүдэд энэ тухай асуудал гол төлөв түүхийн аспектаар, түүхэн бие хүнийх нь хувьд л бага зэрэг судлагджээ. Харин төрийн удирдлага, менежментийн чиглэлийн судалгаа эхлэлийн төдий байна.
“Монголын нууц товчоо”, “Арван буянт номын цагаан түүх”, “Оюунтүлхүүр” зэрэг уран зохиолын, “Их засаг”, “Халх журам”, “Зарлигаар тогр юсон Монгол улсын Хууль Зүйлийн бичиг” зэрэг хууль цаазын сурвалж бичгүүдэд их хаанаас эхлээд эгэл ард хүртэл төрийн хүний шинж, чадварын талаар тодорхой өгүүлсэн баркмтууд байдгийг манай эрдэмтэд багагүй судалжээ. Судлаач энэ өгүүлэлд зөвхөн манлайлал, манлайлагчидтай холбогдох талаас нь зарим түүхэн баримт, эрдэмтдийн санаа дүгнэлтийг харьцуулан үзэх оролдлого хийв.
Манай улсын болон төр ёсны түүхийн бүтээлүүдэд Монголын төрийн хөгжлийг засаглалын хэлбэрийн үүднээс хаант болон бүгд найрамдах гэсэн хоёр үе шатанд хувааж, Хаант төрийг дотор нь язгуурын монголчуудын хаант төр бүрэлдсэн үе буюу Хамаг Монгол (барагцаалбал VIII-XII зуун), Их Монгол Улсын нэгдсэн хаант төр буюу эзэнт гурний үе (1206-1368), Умарт Юан улсын болон “бага хаадын” үеийн хаант төр төр (1368-1757), Богд хаант Монгол улсын хаант төр (1911-1919), Хэмжээт цаазат хаант төр (1921-1924), Бүгд найрамдах засаг (1924 оноос хойш) хэмээн ангилдаг.[1]
Манай орчин үеийн судлаачдын бүтээл туурвилд монгол төрийн зүтгэлтний түүхэн хэв шинжийг үечилж, тус бүрийн онцлогийг тодорхойлох оролдлого цөөнгүй хийгджээ. Тухайлбал, профессор Г.Чудуунбаатар түүхийн нэлээд урт хугацааг хамруулан төрийн зүтгзлтний талын язгууртан түшмэл маягийн, хаант төрийн түшмэл маягийн, хувьсгалт ардчилсан ба социалист маягийн, ардчилсан маягийн гэсэн дөрвөн хэв шинж[2] байж болох тухай санаа дэвшүүлсэн бол профессор Ж.Болдбаатар зөвхөн XX зууныг хамруулан хаан төрийн сурвалжит түшмэл маягийн, шилжилтийн маягийн заримдаг, захиран тушаах хүнд сурталт маягийн, ардчилсан хэв шинж[3] хэмээн тодорхойлжээ.
Хүснэгт 1.
Монголын төрийн зүтгэлтний түүхэн хэв шинжийн ангилал
Г.Чулуунбаатар (1995) | 1. Талын язгууртан түшмэл маягийн2. Хаант төрийн түшмэл маягийн3. Хувьсгалт ардчилсан ба социалист маягийн4. Ардчилсан маягийн |
Ж.Болдбаатар (1997) | 1. Хаан төрийн сурвалжилт түшмэл маягийн хэв шинж /1900-1921/2. Шилжилтийн маягийн заримдаг хэв шинж /1921-1952/3. Захиран тушаах хүнд сурталт маягийн хэв шинж /1952-1990/4. Ардчилсан хэв шинж /1990-ээд он/ |
Дурьдсан хоёр ангилалд тус тусын үндэслэл, нэр томъёоны ялгаа байгаа боловч ерөнхий агуулгаараа хоорондоо уялдаж байгаа юм. Тухайлбал, профессор Г.Чулуунбаатар талын язгууртан түшмэл маягийн хэв шинжийн түшээ нар нь “Монголын төрийн түүхийн эхэн үед хамаарах бөгөөд эр чадал, эрдэм ухаан, авхаалж самбаа, амьдралын туршлага зэргээрээ овог, аймгийнхан дундаасаа товойн гарч аливаа хэрэгт тэднийгээ хошуучлан манлайлах байдлаар нэр нөлөөгөө бэхжүүлж нийгмийн нөлөө бүхий хувь хүн хожим нь төрийн түшээ болон төлөвшиж байсан… Хаант төрийн хэв шинжийн түшээ нар нь талын язгууртан нараас улбаатай” хэмээн үзжээ. Энэ нь профессор Ж.Болдбаатарын хаант төрийн сурвалжилт түшмэл нь “талын язгууртны зоримог дайчин байдал, хаан төрийн ёсны түшмэл ёсны эрхэмсэг шинж хосолсон, улс үндэстнийхээ тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө оюун билгээ дайчилж, амь бие огоорон зүтгэж байсан” хэмээсэнтэй дүйж байгаа юм.
Энэхүү өгүүлэлд үндэсний төрт ёсны арвин баялаг уламжлал дундаас хаант төрийн болон социализмын үеийн манлайлал, манлайлагчдыг бэлтгзж, хөгжүүлж байсан туршлага, сургамжийг товч боловч хөндөхийг зорив. Хаант төрийн өв уламжлал дундаас Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу Чингис хааны үеийн, Богд хаант Монгол улсын хаант төрийн үеийн түшмэдийн ёсны тухай түлхүү авч үзэв.
Хаант төрийн түшмэдийн ёсны уламжлал: Монголын төрт ёсны уламжлал өөрийн өвөрмөц онцлогтой. Монголчуудыи төрийн тогтолцоо, түшмэдийн ёсны уламжлал нь манай нутаг дэвсгэр дээр өнө удаан жил оршин тогтнож байсан өвөг Монгол улсуудын үеэс улбаатай. Монголчуудын эртний өвөг Хүннү улсад яамлах ёсон байгаагүй боловч Модун шаньюй (МЭӨ III зууны 209-176)-гийн үеэс төрийн түшмэдийн тогтолцоо бий болж дараа дараачийн хаадын үед улам төлөвшсөн байна. Хүннү улсын төрийн байгуулал нь зүүн, баруун гарын сэцэн ван, гули ван 24 түмтийн даргаас бүрэлдсэн түшмэдийн дээд хэсэг, мянгат, зуут, аравгын дарга нараас бүрэлдэн засаг захиргааны байгууллагад ажиллах орон нутгийн түшмэдийн хэсэг, эзлэгдсэн аймаг, орныг захирах түшмэд гэсэн гурван хэсэгтэй байжээ. Эднээс зүүн ба баруун гарын сэцэн ван, гули ван 10 түмтийн дарга нь хааны угсааны, бусад нь хааны угсааны бус түшмэд байна. Хүннү улсад “төрийн түшмэд төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, шийдвэрлэхэд оролцдог үндсэн хүч байсан учир тэдгээрийг батлах, томилох журам, зэрэг, цол, эрх мэдэл, ажиллах горим, үүрэг хариуцлага дэлгэрэнгүй байдлаар бүрэлдэн тогтох” эхлэл тавигдсан; Сяньби (МЭ 156-235) түүний дараах улсуудад Хүннүгийн уламжпалыг авч хэрэглэсэн, Жужан (МЭ 330-555), Түрэг угсааны (МЭ 552-630, МЭ VII зууны 90-ээд оноос -745), Уйгур (МЭ 745-840), Хиргис (МЭ 818-900 оны орчим), Хятан (МЭ 917-1125)-ы хаант улсуудад ч түшмэдийн ёсон өөр өөрийн онцлогтойгоор оршин, хөгжиж байсан ажээ.[4]
Академич Ш.Бирагийн тодорхойлсноор монголчууд төрийг хийсвэр зүйл, байгууллага, зохион байгуулалт гэж үздэггүй, харин төрийг хүнчлэн ойлгож хаанаа төр хэмээн үздэг[5] байсан ажээ. Тиймээс “төр хүчтэй байхын үндэс нь хаан хүний үйл мөр зөв, мэргэн байх явдал хэмээн үзэж, хаан хүний гурван их үйл (номд мэргэн, төрийн эрдэмд төгс, цэргийн урлагт мэргэжсэн), дөрвөн их төр (энэрэн туслах, энхийг эрхэмлэх, төрийн түшээ нарыг төрд үнэнч шудрага ажиллуулах), зургаан их үлгэр (үлгэр дууриалтай, бурхны зарлигийг үнэнч биелүүлэх, төр ёсыг түвшин барих, дураар үл авирлах, цэргээр төрийг засах, арвилан хэмнэх, дууриалтай байх), долоон их бин (доор энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэв), есөн их бэлгэ (хар туг, улаан бүрээ, хуур, шар шүхэр, илд, эмээл, хүнд бүс, асар, түших сайн нөхөд)-ийг хаан төрийн хатуу журам болгон мөрдөж байсан нь Монголын төр тогтвортой, дээдлэн хүндэтгэгдэх нэг үндэс байжээ”.[6]
Эртний Монголын хан төрийн долоон эрдэнэ дотор “Хамаг олон амьтныг эрхшээсэн хатуу цаазаар бусдыг үл айлгагч, хатгалдахын сэтгэлээр хэрэг бүгдийг хазгай буруу шийтгэхийг огоот тэвчсэн, ханилсан нөхөдтөйгөө үргэлжид эв эеийг хичээн зөвшигч, хаа явавч олон бүгдээр хүндлэх харилтгүй зоригт түшмэл эрдэнэ нь хан төрийн долоон эрдэнийн нэг”[7] гэж байдаг нь монголчуудын төрөө дээдпэх, төрийн түшээдийг хүндлэн үзэх үзлийн бас нэг тод илрэл ажээ.
Юань улсын үед бичигдсэн гэж судлаачид үздэг “Монголчуудын арван буянт номын цагаан түүх нэрт судар оршвой” хэмээх бүтээлд хаан хүн долоон бинтэй (эрдэмтэй) байна гэжээ. Үүнд:
- Өнгөрснийг хөөж онох гүн ухааны бин
- Ирээдүйг угтаж онох оточийн бин
- Битүүг таньж онох үлэмж мэргэний бин
- Одоо ахуйг төгс онох магад мэдэхүйн бин
- Бусад самбаа өгүүлэхүйн урьдаас онохуйн гайхамшигт сэцний бин
- Аян авыг ёсоор мэдэх чадал баатрын бин
- Таван ухааныг төгсөхийн гэгээн билгийн ухаан[8] хэмээжээ.
Эдгээрийн утгыг доктор Н.Хавх, Н.Цолмон нарын эдүгээчлэн тайлбарласнаас товч ишлэвэл, хаан хүн: өнгөрсөн түүхээ гүн ухааны сэтгэлгээгээр авч үзэн түүний дагуу улс орноо залах; улс үндэстнийхээ хөгжлийн ирээдүй, хэтийн төлөвийг зөв тодорхой харах; юмс үзэгдэлийн цаадах учир шалтгааныг бүрэн гүйцэд танин мэдэх; ажил хэргийнхээ өнөөгийн төлөв байдалд зөв мэргэн үнэлэлт дүгнэлт өгөх; бусдын санаа, үгийг урьдаас онож, тааж мэдэх; ухаалаг эр зориг, дайчин давшингуй, шийдмэг зоримог чанар, тэсвэр хатуужил; гүн ухаан, анагаах ухаан, шалгадаг ухаан, урлахуй ухаан, дуун ухаан буюу дорно дахин таван ухаанд нэвтэрсэн эрдэм чадалтай байх ёстой ажээ.[9]
Монголчуудын төр ёсны уламжлал, соёлын илэрхийлэл, төрийн хүний чандлан баривал зохих хэм хэмжээ болсон эртний өөр нэг дурсгал бол “Хаан хүний 35 эрдэм” бөгөөд үүнд хаан хүний төрийг засах, ардыг ачлах, эрдмийг дээдлэх болон хүмүүн ёсны олон шинжүүдийн нийлбэр цогц бөгөөд түүн дотроо төрийг оюун ухаан, номын хүчээр засахыг нэн эрхэм тухай өгүүлжээ. Тухайлбал, төрийн хэрэгт тэвчихүй, үл тэвчихүйн ухаанаар хандаж, авах, гээхийн ёсыг баримтлахыг (Үүнд: “буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих”, “эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх”, “эрдэмтэй, эрдэмгүй сайн, муу ардыг ялган таних”, “гэм бүгдийн гарах орон, буруу үзлийг тэвчих”, “худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих зохист утгаар шинжлэх”, “арга башир ихтэй ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих”, “өтгөс нялхас дорой буурайг үл хууран мэхлэх” зэрэг эрдэм), төрийн хэргийг давхар бодож, даамай хийж, асуудпыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн холбоонд эрэгцүүлэн тунгааж шийдвэрлэх (Үүнд: “шалтгаан үрийн барилдлагыг мэдэх”, “энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих”, “аливаа хэргийг үйлдэхийн өмнө нягтлан шинжих”, “цаг үргэлж үнэнийг өгүүлэхийг хичээх”, “өвөг дээдсийхээ өв уламжлалыг хадгалан хамгаалах” зэрэг эрдэм), түүгээр үл барам “олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран сайхан өгүүлэх” буюу уран яруу, цэцэн цэлмэг ярих эрдмийн тухай хүртэл сургажээ.
Ардчилсан нийгэм төлөвшүүлж буй Монгол Улсад хаант засгийн үеийн төр ёсны уламжлал ач холбогдолгүй хэмээн үзэж болохгүй бөгөөд профессор Ж.Болдбаатарын өгүүлснээр “…түүхэн сургамж, хүн ёсны үүднээс сөхөөн гартааж үзвэл “Хаан хүний 35 эрдэм” үнэ цэнээ алдаагүй байна. Энэ нь төрийн байгууллагад ажиллаж буй эгэл түшмэлээс аваад Монгол Улсын төрийн тэргүүнд ч нэгийг ухааруулан, дагшин түүхээс сургамж авч, оноо, алдаагаа дэнслэн цэгнэхэд тустай бус уу.”[10] Өгүүллийг бичигч энэхүү дүгнэлтийг бүрэн дэмжиж байгаагийн зэрэгцээ энэ 35 эрдмийг орчин үеийн манлайлагчдын (захиргааны) шинж, шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу Чингис хааны үеийн уламжлал: Хаант засгийн үеийн түшмэдийн ёсон, уламжпал дотор язгуурын монголчуудын хаант төрийн хамгийн түүхэн цаг үе болох Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу Чингисийн эзэн гүрний үе (1206-1398) гэдэг нь дамжиггүй.
Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, өнгөрсөн зууны Мянганы хүнээр тодорсон Чингис хаан нь өөрөө агуу их манлайлагч байсан төдийгүй агуу их манлайлагчдыг төрүүлсэн хаан болох тухай дотоод, гадаадын судалгааны бүтээлүүдэд удаа дараа тэмдэглэж байна. Тэдгээр бүтээлд Чингис хаан бүтэн хаат улс, том гүрнийг удирдах чадвартай жанжин удирдагчдыг шалгаруулах, бэлтгэх гайхалтай тогтолцоог бий болсон бөгөөд үүсгэн байгуулсан төрийн тогтолцоо, түшмэдийн ёс нь Монголын эзэнт гүрэн оршин тогтносон хугацаа, их, бага хаадын үеийн турш уламжлан хэрэглэгдэж байсныг тодорхой дурьддаг билээ.
Монголын нэгдсэн улсын төрийн тогтолцоо нь овог, аймаг, гэр бүл, язгууртнаас бус, хаан, улсын ван, төрийн сайд, зөвлөгч, ордны түшмэд, түмт, мянгатын захирагч, тэдгээрийн доор ажиллагч түшмэд, зуутын ноён, аравны дарга нараас бүрдэж байв. Төрийн амьдрал, түшмэдийн тогголцоонд алтан ургийнхан болон хааны хамгийн шадар итгэлтэй хүмүүс болох есөн өрлөг нэлээд үүрэг гүйцэтгэдэг байсан боловч Чингис хаан нь ихэс хаад чуулан улсын хэргийг шийддэг хуралдаан (“Их хурилдай”), төрийн хамгаалалтын алба (“хэвтүүл”), мэргэшсэн торгон цэргийн цом (“хишигтэн”), төрийн шүүх тогтолцоо (төрийн их заргач, “Их засаг” хууль), нөөцийн удирдпага (“гэзэг урт”), эрдэмтэд ухаантнуудыг төрийн бодлого боловсруулахад ашиглах (“Сэцдийн зөвлөл”) зэрэг төрийн тогтолцооны олон элементийг үндэслэн бэхжүүлж чадсан нь чухамдаа өөрийгөө үнэнч чадварлагтөрийн зүтгэлтэн, манлайлагчдаар хүрээлүүлж чадсаных[11] гэж судлаачид үзсэн нь сонирхол татаж байна.
Чингис хаан төрийн албанд хүн сонгохдоо гарал үүслийг үл харгалзан “эрдэм ухаан, авъяас чадвар, билэг арга сайтай, сэтгэл оюун уужим, бодох сэтгэх нь саруул, туршлага хатуужилтай хүмүүсийн хүч чадлыг дээдлэн ашиглах бодлого баримталсан нь амжилт олон нэгэн чухал хүчин зүйл болсон”[12] ба нөгөө талаас “ёстой л төрийн төлөө оготно хүзүүгээ боох” гэгчийн үлгэрээр чин үнэнч зүтгэж чадах хүмүүсээс сонгон шалгаруулж авч, төрийн алба хаших чадвартай бол “сармай дээлтэд ч ноёны суудлыг олгоно”[13] гэсэн зарчмыг тууштай баримталдаг байжээ. Төрийн хэрэгт үнэнчээр зүтгэсэн хоньчин, адуучин зэрэг хэд хэдэн эгэл иргэнийг мянганы ноёноор томилсон баримтыг “Монголын нууц товчоо”-нд дурьджээ.
Чингис хаан нөхрөө “Саруул ухаан, эр зориг, чин үнэнч чанараар нь” сонгодог байсан ба “Хүнийг эзэмдэн жолоодъё гэвэл сэтгэл санаагий нь эзэмдэх учиртай”[14] гэсэн зарчмыг удирдлага болгож байсан ба төр, түмнээ гэж хэлсэн бол эгэл ардын ч чин шударгуу үг, үнэтэй мэдээ сэлтийг анхааран сонсож авах, гээхийн ухаанаар ханддаг байжээ. Өнчин хүүгийн үгийг бүрэн сонссон, Хунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн дөрвийг үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлдэг хэмээн соёрхол хүртээж байсан нь үүний жишээ ажээ.
“Чингис хааны арга барилыг манлайллын чиг үүрэг талаас авч үзвэл зорилгод хүрэх хүсэл эрмэлзэл, шудрага чанар, мэдлэг авъяас, хууль дүрэм журмыг дагаж мөрдөх ёс зүй, нөхцөл байдалд дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, шинийг хүлээж авах чадвар, итгэл хүлээлгэх, бусдын ач тусыг ачаар хариулах чадвар, нэг талыг баримталж туйлширдаггүй чанар, хүний оюун ухаан, авъяасчадвар, мэдлэг, соёлыгхүндэтгэн дээдэлдэгчадвар зэрэг шилдэг удирдагчдад байдаг олон чанар илэрч байна[15] …Шийдвэр гаргахад жирийн иргэдийн оролцоо, эрх мэдлийн төвлөрөл, нөлөөллийн хэрэгсэл гэсэн хэмжүүрээр судалвал Чингис хааны удирдлагын арга барилд аядуу захирангуй удирдагчийн онцлог шинж илэрч байна”[16] гэх зэрэг үндэсний зарим судлаачийн сонирхолтой харьцуулалт, зохих үндэслэлтэй дүгнэлтүүд тохиолдож байна.
Монголчуудын, түүн дотроо Чингис хааны манлайллын өв ухааныг үндэсний төдийгүй олон улсын эрдэмтэд шимтэн судалж, дэлхий дахины түвшинд судалгааны ажлын эргэлтэд шуурхай орж зхлээд байна.
Америкийн эрдэмтэн Уэсс Робертсын судалгааны дүнд Хүннү угсааны Аттил (МЭ 406-453) их хааны манлайллын “чин үнэнч, чин зориг, хүсэл эрмэлзэл, сэтгэлийн тэнхээ, биеийн тэнхээ, бусдыг ойлгож мэдрэх, шийдэмгий байх, урьдчилан харах чадвар, цагийн үнэ цэнийг мэддэг, өрсөлдөх чадвар, өөртөө итгэх итгэл, тооцоотой байх, хариуцлага, тууштай, түшигтэй, асран хамгаалах чадвар” гэсэн 17[17] зарчим өнөөдөр дэлхийн олон үндэсний менежментийн г ом, сурах бичигт байр сууриа нэгэнт эзэлжээ.
Америкийн судлаач МикЯтес Чингис хааны удирдах арга барилыг “Дөрвөн Е” буюу аливаа зүйлийг урьдчилан харж төл өвлөх чадвар (Envision), түүнийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх (Enable), захирагдагч хүмүүст зохих эрх мэдлийг шилжүүлэх (Empower), үндэсний үнэт зүйл, өөрийн давуу тал дээр үндэслэн хүмүүсийг зорьсондоо хүрэх үйлсэд эрч хүч өгдөг байх (Energize) гэсэн ерөнхий зарчмаас бүтдэг байжээ[18] хэмээгээд 4Е тус бүрийн хүрээг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Солонгосын судлаач Ким Жон Рэ “Чингис хаан жолоодогч хүнийхээ хувьд үндэс угсаагаа дээдлэн мөнхжүүлэгч, зовлон бэрхшээлийг ялан дийлэгч, ачтан, цэргийн аугаа жанжин, аугаа их улс төрч, бүтээн байгуулагч байжээ”[19] хэмээн тодорхойлжээ. Ийнхүү үндэсний болон гадаадын судлаачид эзэнт гүрний үе-Чингис хааны манлайллын талаар судалгаа хийж орчин үеийн шинжлэх ухааны түвшинд судлах болсон нь сайн үйл юм.
Богд хаант Монгол улсын уеийн уламжлал: Олон зуун жил цэрэг-захиргааны шинжтэй явж ирсэн Монголын төр нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараах Богд хаант Монгол улсад шашинт төрийн шинжийг олсон юм. Богд хаан засгийн газраа байгуулж, сайд нараа томилсон бөгөөд сайд нар нь Богд гэгээний өмнө хариуцлага хүлээж, зөвхөн түүний зарлигаар халагдах солигдох ёстой байв.
Төрийн бүтэц, төрийн албаны түшмэдийн тогтолцоог 1913-1918 онд Богд Жавзандамба хааны зарлигаар төр, шашны зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн боловсруулсан Зарлигаар тогтоосон “Монгол улсын Хууль Зүйлийн бичиг”-т тодорхойлжээ. Нийт 65 дэвтэртэй гэх уг хууль зүйн бичгийн судалгааны эргэлтэд ороод байгаа 58 дэвтрээс[20] үзэхэд тэр үеийн төр ёс, засаг захиргаанд маш нарийн дүрэм журам, зохицуулалт үйлчилж байжээ. Тухайлбал, уг Бичгийн Долдугаар дэвтэр буюу Түшмэлийн засаг хэмээх бүлэгт төрййн албанд түшмэлийг сонгон шалгаруулж дэвшүүлэхдээ “эрдэм, сахилга, хэрэг нас’’[21] хэмээсэн дөрвөн зүйлийг заавал харгалзан үзэх учиртай, харин “ховдог, харгис, зөөлөн үхээнц, чадалгүй, хичээнгүй үгүй, өвчтэй, долгин хатан, эрдэм дорой”[22] байх нь түшмэл хүнд харш хэмээн тодорхойлжээ. Улмаар “Эрдэм илүү, сахилга ариун, хэрэг дор хичээнгүй, нас идэр залуу, эсвэл тэнхлүүн тушаалыг чадахыг нь тэргүүн зэрэгт шалгарсанд, эрдэмд зэрэг, хэрэг зэрэг тушаал доор эндэгдэл үгүй, хичээнгүй болгоомжтойг нь дэд зэрэгт шалгарсанд болгоно” гэжээ. Тэргүүн, зэрэг, дэд зэрэгт шалгарагсдын бүртгэл цэс үйлдэж, орон тоо гарсан цагт алба тушаал дэвшүүлж байх, харин “Эрдэм сахилга, хэрэгт зэрэг, нас залуу тэнхлүүн, тушаал дор энгийн зэрэг явахыг нь 3 дугаар зэрэгт болгож уг тушаалд хэвээр агуулна” гэжээ. Үүнчлэн эрдэм дорой, долгин хатныг зэрэг бууруулж улираан ажилуулах, эсвэл бууруулсан зэрэгтэй өөр тушаалд тавих; зөөлөн үхээнц чадалгүй, хичээнгүй бус нэгний тушаалын пүнлүүг зогсоож дараа жилийн шалгалт хүртэл хүлээлгэх ба шалгалтад эс орвол түшмэл зэргийг эвдэнэ; нас хөгшин өвчтэйг түшмэлээс чөлөөлж гэрт нь илгээнэ[23] зэрэг маш тодорхой заалтууд байна.
Дээрх заалтууд нь төрийн албаны дунд, доод түвшний түшмэлийн сонгон шалгаруулалт, албан тушаалын зэрэг, дэвд төдийгүй зэрэгтэй язгууртнуудын хашдаг өндөр дээд албан тушаалд ч үйлччлдэг байсан нь “дэд сайдад олон аймаг, шавийн хан, вангаас доош гүн, да лам нараас дээш түшмэлийг; эрхэлсэн түшмэл, дэс түшмэл, ёслолыг удирдагч түшмэлд бээлээс доош олон түшмэлийн эрдэм чадлыг сонгож тавь”[24] зэрэг заалтаас харагдаж байна. Энэ үеийн гол манлайлагчид бол “1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид чин ван Ханддорж/1869-1915/, да лам Цэрэнчимэд/1872-1914/, Богд Живзундамба хутагт/1870- 1924/, сайн ноён хан Намнансүрэн, гүн Хайсан /1857-1917/ зэрэг зүтгэлтнүүд бөлгөө.”[25]
Ер нь 1921 оны хувьсгалыг хүртэл монголчууд төвлөрсөн төр засгаар жолоодуулж ирсэн бөгөөд харин “төвлөрсөн засаглалын эх үүсвэр нь цөөнхийн сонгуулиар тавигдаж байсан онцлогтой”[26] -г доктор Н.Хавх тэмдэглэжээ. Тэрээр цааш нь улс үндэстний төлөөх тэмцэлд гавъяа байгуулсан, хүнд хэцүү нөхцөлөөс улс үндсээ аварч байсан, бүх талаараа шалгарч тодорч гарсан, ард олны дунд асар их нэр хүндтэй хүнээ цөөнхийн сонгуулиар сонгож байсны нарийн учрыг “Төр барих, асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь маш нарийн олон талтай, түүнийг зөвхөн учрыг мэдэх, энэ талаар мэргэжсэн боловсорсон хүмүүс эрхлэх учиртай. Цөөнх гэдэг нь чухамдаа тэр мэргэжсэн боловсорсон хүмүүс”[27] хэмээн тайлбарласан нь анхаарал татаж байна.
Хүннүгийн үеийн аймгуудын толгойлогчийн, Чингисийн үеийн Их хурилдай, феодалын байгууллын үеийн ноёдын чуулган нь нэг ёсондоо мэргэшсэн төрийн түшээдийн хурал чуулган байжээ. Энэ утгаар нь авч үзвэл угсаа залгамжлах, дүр тодруулах явдал ч төрийн хэргийг мэргэшиж боловсорсон, шалгарсан хүмүүсээр мэдүүлэх гэсэн өвөг дээдсийн ухааны нэг хэсэг байжээ хэмээн үзэж болохоор байна.
Хаант засгийн үеийн төрийн түшээ – төрийн албаны манлайлагчдыг хааны ураг садны хүмүүс, угсаа залгамжлагчид, өөрийн эрдэм чадал, гавъяа зүтгэлээр тодрон гарч ирсэн энгийн хүмүүс хэмээн гурав хувааж болно. Хааны ураг төрлийн хүмүүс, угсаа залгамжилсан язгууртнууд нь албан тушаал, зэрэг дэвийн хувьд давуу эрх эдлэн гарч ирдэг боловч төрийн албанд эс тэнцэж, олон ардыг жолоодон манлайлж чадахгүй бол халагдах, огцрох шудрага зарчим үйлчилж байсан нь хууль цааз, уран зохиолын эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Социалист хэв шинжийн түшээ нар: Энэ бол Монгол оронд 70 жил ноёрхож байсан социалист тогтолцооны үед ажиллаж амьдарч байсан төрийн түшээ, удирдах ажилтнууд юм.“Социалист үзэлтэй байж, эх орон ард түмнийхээ төлөө гэсэн итгэл, зүтгэлээр ажиллаж амьдарч байсан тэдний нийгмийн дүр төрх, улс төр, ёс суртахууны шинж байдал нэлээд зөрчилтэй шинжийг агуулж байдаг”[28] боловч тэд түүхийн нэгэн жарнаас илүү хугацаан дахь улс үндэстний бүтээн байгуулалтын манлайлагчид мөн билээ.
Энэ үеийг профессор Ж.Болдбаатар шилжилтийн маягийн заримдаг хэв шинж /1921-1952/, захиран тушаах хүнд сурталт маягийн хэв шинж /1952-1990/ хэмээн хуваасан тухай өмнө дурьцсан. Шилжилтийн маягийн заримдаг хэв шинжид нэг талаас, үндэсний ардчилсан үзэл, уламжпалт түшмэл ёсыг социалист үзэл санааны зарим дэвшилт үр хөврөл, арга барилтай хослох гэсэн үзэл бодол бүхий зүтгэлтнүүд, нөгөө талаас коминтерн, большевикуудын нөлөө, шахалтаар хэт туйлширсан коммунист байр сууринд хальтирсан хүмүүсийг хамааруулж дүн шинжилгээ хийснийг арга зүйн хувьд оновчтой болжээ.
Захиргааны байгууллагын шат шатны боловсон хүчин, удирдах ажилтныг шилэн сонгох зарчмуудын дотор “ажилтныг улс төр, ажил хэргийн шинж чанараар сонгохыг хамгийн голлох зарчим”[29] гэж үздэг байжээ. Улс төрийн шинж чанарт: “Өндөр үзэл сурталч, улс төрийн хатуужилтай, намч, зарчимч, ард түмэндээ хязгааргүй үнэнч, социализм, коммунизмын үйл хэргийн төлөө тууштай тэмцэгч байх ёс суртахууны өндөр чанар” орж байв. Харин ажил хэргийн шинж чанарт: “Эрхэлсэн ажлын мэдлэг, зохион байгуулах авъяастай, санаачилга шаардлага, шинийгтусган мэдрэх чадвар бүхий, ажилч хичээнгүй, эхэлснээ заавал дуусгадаг шаргуу тэмцэл, асуудлыг шийдвэрлэхэд шийдмэг, шуурхай байх явдлууд багтана”[30] гэсэн нь боловсон хүчин, удирдах ажилтны чадавхид нэлээд дэвшилтэт шаардлага тавьдаг байсны илрэл байна.
Социализмын үед удирдах ажлыг намын үзэл суртлаар хэт улс төржүүлэх, хатуу хяналт шалгалтаар дарамтлах зэрэг сул тал олон байсан боловч удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэхдээ нам, олон нийтийн байгууллагаар дамжуулах буюу түшиглэх, ахмад болон туршлагатай ажилтнаас суралцуулах, салбар ба байгууллагын анхан шатнаас эхлэн үе шаттай, чиглэл зорилготой ажиллуулж дадлага туршлага суулгах зэрэг арга замыг үр дүнтэй ашигладаг байснаас өнөө ч суралцах хэрэгцээ шаардлага байна.
Социализмын үеийн төрийн түшээ удирдах ажилтны манлайллын жинхэнэ үлгэр дууриалыг үзүүлэгчид нь хөдөө аж ахуйн салбарын буюу сум нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар байсан гэж үзэж болно. Р.Минжүүр, У.Доржпалам (Архангай), Т.Өтнөө, Ц.Зулкапэл (Баян-Өлгий), С.Ойдов (Булган), Г.Лодойхүү (Говь-Алтай), Д.Цэдэн-Иш (Завхан), Б.Лувсан (Ховд) зэрэг олон арван аж ахуйн удирдагчдын бүтээл зүтгэл, зориг тэвчээр, ажилсаг чанар, олон түмнийг дайчлан итгүүлж зохион байгуулах чадвар нь хэдэн үед үнэ цэнээ эс алдах манлайллын үлгэр дууриал юм.
Өгүүлэлд дурьдагдаж буй хаан хүн, төрийн түшээдийн манлайлах ур чадварт тавигдаж байсан шаардлагуудыг нэгтгэн үзвээс (Хүснэгт2) монголчууд төрийн хүнд эрдэм ухаан, шудрага байдал, зориг, тэвчээрийг чухалчлан үздэг байжээ. Эдгээр нь өнөөдөр ч манлайлагч хүний зан төлөв, ур чадварт тавигдах шаардлагын дотор чухал байр суурь эзэлдэг чанарууд юм.
Хүснэгт 2.
Монгол төрийн түшээдийн манлайлах ур чадварт тавигдаж байсан зарим шаардлага, үндсэн шалгуур
Түшмэл эрдэний шинж | Хатуу цаазаар бусдыг үл айлгагч, хатгалдахын сэтгэлээр хэрэг бүгдийг хазгай буруу шийтгэхийг огоот тэвчсэн, ханилсан нөхөдтөйгөө үргэлжид эв эеийг хичээн зөвшигч, хаа явавч олон бүгдээр хүндлэх харилтгүй зоригт |
Хаан хүний 35 эрдэм | Хаан хүний шинжүүд:• Төрийг засах• Ардыг ачлах• Эрдмийг дээдлэх.Улмаар төрийг оюун ухаан, номын хүчээр засахыг нэн эрхэмд үзсэн. Үүнд: төрийн хэрэгт тэвчихүй, үл тэвчихүйн ухаанаар хандаж, авах, гээхийн ёсыг баримтлах; төрийн хэргийг давхар бодож, даамай хийж, асуудлыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн орчилд эрэгцүүлэн тунгааж болгоох зэрэг олон эрдмийг сургасан. |
Чингис хааны үед | • Урьдын гавъяа• Мятрашгүй зүтгэл• Ач тус• Мэдлэг• Зөнч чанар• Баатарлаг үйлс• Үнэнч шударга, зан чанар• Он удаан жилийн нөхөрлөл• Билэг авъяас чадвар |
Богд хаант Монгол Улсын хаант төрийн үед | • Эрдэм• Сахилга• Хэрэг• Нас |
Социализмын үед | Намч, зарчимч ёс суртахуун, эрхэлсэн ажлын мэдлэг, зохион байгуулах авъяас, санаачилга, шаардлага, ажилч хичээнгүй, шаргуу, шийдэмгий, шуурхай |
Төрийн түшээдийг сургаж бэлтгэж байсан тухайд сонирхолтой баримтууд байна. Монголын төрт ёсонд Өгөдэй хааны үед төр барих хаан хөвгүүдийгхүмүүжүүлэх “Монгол хөвгүүдийн сургууль” байгуулж,[31] төрийн албанд бичгийн эрдэмд боловсорсон хүмүүсээс шалгаруулан авч байсан, Хувилай сэцэн хааны үед улсын хөвгүүдийн яам буюу “Монгол хөвгүүдийн сургууль” ба “Хан хөвгүүдийн сургууль”-ийг байгуулж хаан ширээг залгамжлах нуган хөвгүүд ба төрийн түшмэдийг эртнээс төр засах эрдэм билэгт боловсруулж байжээ. Ер нь төрийн албанд хүнийг эртнээс бэлтгэвээс төр түмнээ гэсэн сэтгэл, зүтгэлтэй төрийн түшээ, манлайлагч болон төлөвшдөг ажээ.
Төрийн захиргааны манлайлагчдыг сургуулиар бэлтгэхээс гадна шавилан дагалдуулж бэлтгэдэг уламжлал байжээ. Монгол төрийн зүтгэлтнүүд өөрийгөө залгамжпан ажиллах боломжтой хүмүүсийг улс эх орны эрх ашгийн үүднээс өөрийн гараар бэлтгэх явдал түгээмэл байв. Богд хаант Монгол улсын үед гэхэд чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн нар хичээнгүй сайд Б.Цэрэндоржийг, хичээнгүй сайд өөрөө А.Амарыг, А.Амар С.Довчинг төр засах ухаанг ардыг ачлах эрдэмд сургаж байжээ.[32]
Онолын талаас авч үзвэл, манлайлал бол дарга-захирагдагч, манлайлагч-дагалдагчийн хоорондох хоёр талт үйл явц билээ. Өрний зарим улс үндэстнийг бодоход Монголчууд өнө эртнээс төрөө дээдлэн эрхэмлэх үзэлтэй байсан нь монгол маягийн манлайллын нэгэн содон хэв шинжийг үүсгэж болох юм.
Энэ хэв шинжийн ерөнхий агуулгыг дараахь байдлаар тоймлон тодорхойлж болох юм. Эртний монголчууд төрөө дээдэлж, хаанаа тэнгэрийн хүү, хааны зарлигийг тэнгэрийн зарлиг хэмээн үзэх тул төр засгийн шийдвэр, төрийн түшээдэд үлэмж хүндэтгэлтэй ханддаг явдал үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн бөгөөд түүнийг орчин цагийн манлайллын хэлээр бол “дагалдагчдын манлайлагчаа хүлээн зөвшөөрөх байдал буюу дагалдагчдын бэлэн байдал” өндөр түвшинд байх нөхцөлийг бүрдүүлжээ хэмээн үзэж болохоор байна. Нэгэнт дагалдагчид буюу ард иргэд нь төр, төрийн түшээдийн зарлиг, тушаалыгхүлээн авах, даган биелүүлэх хүсэл сэтгэлтэй тул “биеэ засаад гэрээ зассан” төрийн түшээд “төрөө засахад” болдог байжээ. Харин “төрөө засахад” бэлэн болсон түшээдийг сонгон шалгаруулж авах, төлөвшүүлэх, хэв ёсыг сахиулахад хаан, төрийн зүгээс өндөр шаардлага тавьдаг, түүнийгээ хууль цааз, сургаал билгийн аргуудаар хэрэгжүүлдэг байсан онцлог ажиглагдаж байна.
Дүгнэлт
Монгол Улс төрт ёсны арвин баялаг уламжлалтай орон атал өнөөгийн төрийн албанд зарим бэлэгдэл, ёслолын шинж чанартай зүйл, мөн “түшмэл”, “зэрэг дэв”, “гутгаар”, “дөтгөөр”, “соёрхон батлах” зэрэг цөөн үг авч хэрэглэснийг эс тооцвол уламжлалаас авч хэрэглэсэн зүйл үндсэндээ алга байна.
Гэтэл өнөөгийн манай төрийн албаны удирдах ажилтанд монгол төрийн түшмэдийн ёсны уламжлалаас сургах хэрэгцээ байгаа нь өгүүлэл бичигчийн ойрмогхон авсан экспертийн судалгаагаар нотлогдсон юм. Судалгааны “Монгол төрийн түшмэлийн ёс, зан чанараас өнөөгийн төрийн албаны манлайлагчдад өвлүүлэн уламжлуулах ёстой зүйл юу вэ?” хэмээх асуултад хамгийн их дурьдагдсан хариулт бол эрдэм чадал төгс байх, эх оронч сэтгэлгээ ба Монгол Улсын язгуур эрх ашигт үнэнч байх, голч шудрага зан, ёс зүй ба жудаг, хувийн эрх ашгийг огоорон төр, түмнээ гэсэн хоёргүй сэтгэл, уужуу тайван агаад холч мэргэн ухаан, төрийн хүний эрхэмсэг шинж төрхийг хадгалах, эх хэлний ярианы болон бичгийн соёлыг өндөр түвшинд эзэмших зэрэг байв.
Тиймээс зуун зууны түүхтэй Монгол төрт ёсны уламжлал дахь түшмэлийн ёс, төрийн түшээдийн эрдэм чадалд тавьдаг байсан шалгуур, шаардлагууд, тэдгээрийг хэрхэн сонгон шалгаруулалт, үнэлгээ, шагнал урамшуулал, сургалт хөгжилд хэрэглэдэг байсан туршлага, мөн түүхэнд нэрээ мөнхөлсөн төрийн зүтгэлтнүүдийг түүхэн бие хүн, төрийн зүтгэлтэн, манлайлагчийнх нь хувьд нарийвчлан судалж, үнэ цэнэтэй сургамжуудыг тодруулан өнөөгийн төрийн албаны удирдлага, төрийн албаны удирдах ажилтнуудын манлайлах чадварыг хөгжүүлэхэд авч хэрэглэх цаг нэгэнт болжээ.
Ном зүй
- Болдбаатар Ж., Түүх туулсан он жилүүдийн ойллого, II боть. Улаанбаатар, 2003.
- Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг, Улаанбаатар, 1995.
- Ким, Жон Рэ. Их шуурганаар сийлэгдсэн түүх. УБ, 2002.
- Ламжав Б., Боловсон хүчнийг сонгож хуваарилах зарим асуудал. Улаанбаатар, 1967.
- Лүндэндорж Н., Төрийн онол. Улаанбаатар,1997.
- Лхаашид Д., Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. Улаанбаатар, 2009.
- Монгол Улсын төр, эрх зүйн түүх /МЭӨ 209-МЭ XIII зууны дунд үе/, Тэргүүн боть, Улаанбаатар, 2005.
- Монголчуудын арван буянт номын цагаан түүх нэрт судар оршвой. Улаанбаатар, 1998.
- Наран Д., Монгол улсын төр ёсны боловсролын түүх. Улаанбаатар, 2003.
- Наранцэцэг П., Менежментийн Монгол хэв маяг, онцлог. Улаанбаатар, 2007.
- Нямбуу X., Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн ёс, ёслол. Улаанбаатар, 1993.
- Өлзийбаяр В., “МонгОлын төрийн захиргааны удирдах ажилтны манлайлал” экспертийн судалгааны тайлан. Удирдлагын Академи, 2010.
- Хавх Н, Цолмон X., Монгол төрийн бодлогын арга зүй, онол, үзэл баримтлалын үндсэн чиглэл. Улаанбаатар, 2003.
- Чулуунбаатар Г., XX, XXI зууны зааг үеийн Монголын улс төрийн өөрчлөлт, ардчиллын хөгжил. Улаанбаатар, 2009.
- Roberts.W., Leadership Secrets of Attila the Hun, Warner Books, 1990.
- 4 E’s Leadership Framework http://www.leader-values.com
[1] Лүндэндорж Н., Төрийн онол. Улаанбаатар,1997. 170 дугаар тал
[2] Чулуунбаатар Г., XX, XXI зууны зааг үеийн Монголын улс төрийн өөрчлөлт, ардчиллын хөгжил. Улаанбаатар, 2009. 154 дүгээр тал
[3] Болдбаатар Ж., Түүх туулсан он жилүүдийн ойллого, II боть. Улаанбаатар, 2003. 152-156 дугаар тал
[4] Монгол Улсын төр, эрх зүйн түүх /МЭӨ 209-МЭ XIII зууны дунд үе/, Тэргүүн боть, Улаанбаатар, 2005. 150-166 дугаар тал
[5] Бира.Ш. Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Улаанбаатар, 2001.
[6] Лүндэндорж Н., Төрийн онол. Улаанбаатар, 1997. 168 дугаар тал
[7] Нямбуу X., Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн ёс, ёслол. Улаанбаатар, 1993. 7-8дугаар тал
[8] Монголчуудын арван буянт номын цагаан түүх нэрт судар оршвой. Улаанбаатар, 1998. 23 дахь тал
[9] Хавх Н, Цолмон X., Монгол төрийн бодлогын арга зүй, онол, үзэл баримтлалын үндсэн чиглэл. Улаанбаатар, 2003. 21-26 дугаар тал
[10] Болдбаатар Ж., Түүх туулсан он жилүүдийн ойллого, II боть. Улаанбаатар, 2003. 31 дүгээр тал
[11] Лхаашид Д., Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. Улаанбаатар, 2009. 76-79 дүгээр тал
[12] Монгол Улсын төр, эрх зүйн түүх /МЭӨ 209-МЭ XIII зууны дунд үе/, Тэргүүн боть, Улаанбаатар, 2005. 300 дугаар тал
[13] Болдбаатар Ж., Түүх туулсан он жилүүдийн ойллого, II боть. Улаанбаатар, 2003. 31 дүгээр тал
[14] Лхаашид Д., Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. Улаанбаатар, 2009. 93 дугаар тал
[15] Наранцэцэг П., Менежментийн Монгол хэв маяг, онцлог. Улаанбаатар, 2007. 55 дугаар тал
[16] Мөн тэнд, 56 дугаар тал
[17] Roberts.VV., Leadership Secrets of Attila the Hun, Warner Books, 1990
[18] Retrieved on 3 Apr, 2008 from http://www.leader-values.com/Framework_ files/frame.htm
[19] Kим, Жон Рэ. Их шуурганаар сийлэгдсэн түүх. УБ, 2002.199-203 дугаар тал
[20] О.Батсайхан, З.Лонжид, Ч.Хажидсүрэн нарын 2005 онд кирилл үсэгт буулгасан “Зарлигаар тогтоосон Монгол улсын Хууль Зүйлийн бичиг”-т энэхүү 58 дэвтэрийг багтаажээ.
[21] Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг, Улаанбаатар, 1995, 33 дугаар тал
[22] Мөн тэнд
[23] Мөн тэнд
[24] Мөн тэнд, 26 дугаар тал
[25] БолдбаатарЖ.,Түүх зулсан он жилүүдийн ойллого, II боть.Улаанбаатар, 2003.152 дугаар тал
[26] Хавх Н., Нийгмийн гүн ухаан. Улаанбаатар, 1996. 175-176 дугаар тал
[27] Мөн тэнд
[28] Чулуунбаатар Г., XX, XXI зууны зааг үеийн Монголын улс төрийн өөрчлөлт, ардчиллын хөгжил. Улаанбаатар, 2009. 155 дугаар тал
[29] Ламжав Б., Боловсон хүчнийг сонгож хуваарилах зарим асуудал. Улаанбаатар, 1967. 7 дугаар тал
[30] Мөн тэнд
[31]Наран Д., Монгол улсын төр ёсны боловсролын түүх. Улаанбаатар, 2003. 23 дугаар тал.
[32] Болдбаатар Ж., Түүх туулсан он жилүүдийн ойллого, II боть. Улаанбаатар, 2003. 156 дугаар тал.