О. Өнөрцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №66, 2009
Түлхүүр үг: боловсрох эрх, хүүхдийн конвенц, дэмжих хөтөлбөр, багш, сурах нөхцөл
Үндэстний цөөнх гэдэг нь тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох хэл, арьсны өнгө, соёл иргэншлийнхээ хувьд ялгарах өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэл бүхий тодорхой бүлэг хүмүүс юм. Монголд Казах, Тува гээд өвөрмөц соёл шашин хэлээ хадгалж, монголын нийгмийн бусад хэсгээс тусдаа амьдардаг үндэсний цөөн тооны бүлгүүд байдаг. Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн алслагдмал газар зүйн байдал, Казах, Тува иргэдийн өвөрмөц соёл, зан заншлаас улбаалан Казах, Тува хүүхдүүдэд чиглэсэн боловсролын бодлого, ялангуяа эх хэл, соёл хосолсон үйлчилгээг сонгох талаар төрөөс тодорхой бодлого үгүйлэгдэж эрх нь зөрчигдсөөр байна.
1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Цөөнхийн эрхийн тунхаглалд заахдаа:
- Үндэстний цөөнхөд харъяалагдах хүн бүр өөрийн соёлын ололтоос хүртэх, шашнаа шүтэх, шашны зан үйлээ гүйцэтгэх, өөрийн төрөлх хэлээрээ ямар ч ялгаваргүйгээр ярих эрхтэй.
- Эх хэлээ сурах, эх хэлнийхээ талаар зохих зааварчилгаа авах зохистой боломж бүрдүүлэх талаар заасан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлийн 26.1-д “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.”, 26.3-д “Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.” хэмээн одоогоос 60 орчим жилийн өмнө анх тунхагласан байна.
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 28 дугаар зүйлд:
Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээ авахаар заасан байдаг. Үүнд:
(а) бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх;
(б) дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох;
(в) хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах;
(г) боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаарх мэдээллийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох;
(д) хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшинг бууруулах гэх мэт
Хэдийгээр төрөлх хэлээрээ эсхүл хосолсон хэлээр сурах нөхцөл бүрэн хэмжээгээр бүрдэхгүй байгаа ч гэсэн Казах, Тува хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших, хөгжих эрхийг хангахын тулд тодорхой арга хэмжээг заавал авах шаардлагатай байна.
Казах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн байдалд учирч байгаа гол бэрхшээл нь тэдний гэртээ ярьдаг хэл нь хичээл ордог хэлээс өөр, эсхүл хичээл ордог хэл нь хэрэглэж байгаа сурах бичгээс өөр хэлээр байдагт байна. Энэ байдал нь сургууль тэдэнд тохирч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, сургуульд суралцахын ач холбогдолыг бууруулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 2-т[1] хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөх” тухай заасан нь үндэсний цөөнхийн төрөлх хэл, соёл,’ уламжлал, шашин, амьдралын хэв шинжийг өвлөн хадгалах, төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулсан. Гэсэн хэдий ч сургалтын дагалдах материал, сургуулийн өмнөх боловсрол, албан бус боловсролын материал, хэвлэл мэдээлэл нь зөвхөн монгол хэл дээр л байдаг байна. Энэ нь сургалтын тохиромжтой байдалд харшилж боловсролын чанар, сурагчийн сурах үйл явцад ноцтой бэрхшээл учруулдаг байна.
2006 онд БСШУЯ сайдын тушаалаар казах хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийг 2006-2012 онд хэрэгжүүлэхээр баталжээ. Энэ хүрээнд казах хүүхдийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс сурах бичгийг зохиох, казах хэл рүү хөрвүүлэх ажлыг Баян-Өлгий аймгийн боловсрол соёлын газрын даргад үүрэг болгон, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулалт хийжээ. Энэ нь казах хүүхдийн эх хэлээрээ сурах эрхийг хангахад чухал түлхэц болсон байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь казах хүүхдийн боловсрол эзэмшихэд хэл соёлын ялгаатай байдлаас шалтгаалан үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах замаар тэдэнд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд:
- Казах хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын төлөвлөгөө, агуулга, хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэй судлан тогтоох
Казах хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хос хэлээр сургах арга зүйн хөгжлийг дэмжих
- Сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг казах хүүхдийн эрэлт хэрэгцээнд тохируулан хүртээмжтэй болгох
- Казах хүүхдүүдэд тэгш тохиромжтой байдлаар боловсролын үйлчилгээг хүргэх менежментийг боловсронгуй болгох зорилго тавьсан байна.
Монгол улсын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2.4, 3.5-д “үндэсний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангаж, тэдний үр хүүхдийг эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх боломжийг сайжруулна” гэж заасан байдаг.
Мөн төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоор “иргэдийн сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх” гэж заасан бөгөөд эдгээр бодлого зохицуулалт нь Монгол улсын боловсролын зорилго зарчим, агуулгыг тодорхойлон баталгаажуулах үндсэн эх сурвалж болж, Боловсролын тухай хуульд[2] “Эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж нөхцөлөөр хангах” гэж тодорхойлсон.
Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуульд[3] “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, унших бичих, эх хэлээрээ утга төгөлдөр найруулан бичих, ярих чадвар эзэмшүүлэхээр” заасан. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиар хүүхдийн төрлөх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа өвлөн эзэмших эрхийг баталгаажуулан заасан.
1992 оны Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн албан ёсны хэлний тухай хуульд зааснаар “монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”, “монгол улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна”. Иймээс хүн амын өөр хэлээр ярьдаг үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ боловсрол эзэмшихийн зэрэгцээ төрийн албан ёсны хэлийг эзэмших буюу өөрөөр хэлбэл, хос хэлээр суралцах онцлог хэрэгцээ байдаг бөгөөд төрийн албан ёсны хэлийг эзэмшсэн байдал нь нийгмийн харилцаанд орох, боловсролыг тасралтгүй эзэмших хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх зэрэгт чухал нөлөө үзүүлдэг байна.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн төрийн хууль, бодлого нь бүхэлдээ хүн бүрийн түүний дотор үндэсний цөөнхийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилж байна. Гэвч үндэстний цөөнхийн хүүхдүүдэд хэл соёлын ялгаатай байдлаас үүдэн сурч боловсроход бэрхшээл учирсаар байна. Мөн түүнчлэн үндэстний цөөнхийн хувьд хэл нь зөвхөн хүүхдийн боловсролын асуудал биш, энэ нь мэдээлэлтэй байх, нийгэм хамт олны харилцаа, оролцооны асуудал юм.
Аливаа мэдээллийг өөрсдийнх нь мэддэг хэлээр өгөхгүй бол олон нийтэд хүрэх, сургалт мэдээлэл, нийгэмийн халамжийн үр ашиг зорьсон зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй байдаг байна.
Үндэстний цөөнх болох казах хүүхдүүдэд боловсролын ерөнхий бодлого хөтөлбөр хүрч байгаа хэдий ч монголын боловсролын тогголцооны зарим нэгэн бэрхшээл тэдэнд нэгэн адил тусдаг байна. Сургалтын хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан өөрчлөх, суралцах нөхцөл боломжийг хангах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсролын нөхөн олговор, багш нарт зориулсан хөнгөлөлт урамшуулал зэрэг нь боловсролын чанар, хүртээмж, бүх хүүхдэд нийцтэй байхад чиглэх ёстой байдаг.
Казах хүүхдүүд төрөлх хэлээрээ эсхүл хосолсон хэлээр сурах нөхцөл бүрэн хэмжээгээр бүрдэхгүй байгаа хэдий ч тэдний чанартай боловсрол олж авах, хөгжих эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
Мөн түүнчлэн багш бэлтгэх үйл ажиллагааны хангалтгүй байдлаас үүдсэн сургалтын чанартай холбоотой олон асуудал казах хүүхдүүдэд учирч байна.
Жишээлбэл: багшийн мэдлэг чадвар, түүний дстор монгол хэлний чадварын талаар нийтлэг стандарт байдаггүй, багш бэлтгэдэг сургуулиуд багшлах боловсон хүчин дутмаг, төгсөгчдийн түвшин болон чанар харилцан адилгүй, доогуур үзүүлэлттэй байна.
Ховд аймгийн сумдын багш нарын хэлснээр мал аж ахуйн ид ажлын үеэр казах хүүхдүүд бусад хүүхдүүдийг бодвол хичээлээсээ илүү их завсарддаг гэжээ. Энэ байдал нь казак хүүхдүүд хоцорсон хичээлээ нөхөж авах тал дээр хэлний бэрхшээлээсээ болоод хүндрэлтэй байдалд ордог байна. Казах хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд нөлөөлөх гол нөхцөл бол монгол хэлийг хоёр дахь хэл болгон сурах боломжийг бүрдүүлэх явдал юм.
Үндэсний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангахад сургалтын орчин нөхцөл, багшийн ур чадвар, сургалтын техник хэрэгсэл чухал ач холбогдолтой байдаг. 2005 онд Английн Хүүхдийг Ивээх сангаас явуулсан “казах хүүхдийн боловсролын байдал” судалгаанд дурьдсанаар казах хүүхдүүдэд хэлний болон нийгэмшүүлэх үйл явцад нь дэмжлэг болох, тэдэнд үлгэр дууриал үзүүлэх казах багш нар нэн ховор байдаг. Тухайлбал: Ховд аймгийн төвийн 2-р сургууль л гэхэд 76 багшаас дөнгөж 2 нь л казах байсан байна. Баян-Өлгий, Ховд аймаг дахь казах, монгол сургуулийн аль алинийх нь хувьд сургуулийн хүртээмж, сурах тэгш боломж, боловсролын тохиромжтой байдал чанар нь бүгд хэлний хүндрэлтэй байдаг байна. Казах хүүхдүүд цөөнх байх тохиолдолд зарим үед олонхи байсан ч жирийн ангид орж зөвхөн монгол хэлээр хичээлээ үздэг байна. Энэ нь хүүхэд эх хэлээрээ сурах боломжыг хязгаарласан асуудал болдог байна.
Баян-Өлгий аймагт “Хүний эрх-Ардчилал судалгааны төв”- өөс явуулсан 2009 оны үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилт, ерөнхий боловсролын өнөөгийн нөхцөл байдал зэрэг судалгааны дүнгээс харахад аймгийн боловсролын чанар хүртээмж нь муу байгаагаас сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг онцолсон байна. Баян-Өлгий аймгийн багш нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг дүгнэсэн удирдах ажилтан, суралцагч, эцэг эхийн ярилцлага, ажиглалт судалгааны үр дүнгээс хархад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн бэлтгэл хангалтгүй, монгол хэлний мэдлэг муу, суралцагчдад сурах арга барил эзэмшүүлээгүй зэрэг байдал ажиглагдсан байна.
Олон чухал үзүүлэлтээр үндэсний цөөнхийн хүүхдүүд монголын бусад хүүхдүүдийн нэгэн адил сурах нөхцөлөөр хангагдаагүй байна. Ялангуяа, багшлах боловсон хүчний чанар, сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын материал, тоног төхөөрөмж, сургуулийн орчин нөхцөл өнөөгийн боловсролын стандартад хүрэхгүй байна. Иймд казак хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг төрөлх казах хэлнээс нь гадна монгол хэл сургах ажлыг бодлогын хүрээнд боловсруулан гаргах нь зүйтэй юм.
[1] Монгол улсын Үндсэн хууль, 1992 он, Төрийн мэдээлэл
[2] Монгол улсын боловсролын тухай хууль, 2002 он, Төрийн мэдээлэл
[3] Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хууль, 2002 он, Төрийн мэдээлэл