Э. Тамир
/МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхим, Профессор, Ph.D/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: нацист улс төрийн соёл, нацизм, “дуулгавартай харьяат”, фашизм, тоталитаризм, конформизм, шинэ нацист дэглэм
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1950-иад оны дунд үеэс “Улс төрийн соёл” судлал хөгжиж Г.Алмонд, С.Верба нарын онол үзэл баримтлалууд дэвшигдэж, АНУ, Англи, Орос, Канад болон европын орнуудад өргөн цар хүрээтэй судлагдсан байна.
Дэлхийн хоёр системийн үзэл суртлын тэмцэлд өөрөөр хэлбэл хүйтэн дайнд Социалист систем ялагдсанаар 1991 онд хоёр Герман улс нэгдэж “Нэгдсэн Герман” үүсч нэгдмэл төр улс бий болсон нь улс төрийн хувьд таатай нөхцөл бүрдсэн ч “немц” үндэстний дотоодод ухамсар, соёл, үзэл санааны зөрчлүүд үүсч үндэстний нэгдмэл улс төрийн соёл төлөвших асуудал нийгэм- сэтгэл зүйн түвшинд томоохон бэрхшээлтэй тулгарч байна. Германы нэгдмэл төр улсыг бэхжүүлэхэд баруун герман чухал үүрэгтэй байв.
ХБНГУ-ын улс төрийн түүхэн хөгжлийн явцад улс төрийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг нь баруун Германы улс төрийн соёлын шинж байдал, хандлага байсаар ирсэн юм.
Харьцуулсан улс төр судлаачдын олонхийн үзэж байгаагаар баруун германд олон зууны туршид ноёрхож ирсэн нийгэм – улс төрийн үнэт зүйлс, чиг хандлагын баримжааллын цогц систем нь уламжлагдан хадгалагдсаар “немц” үндэстний улс төрийн сэтгэлгээний шинж байдлыг тодорхойлох хүчин зүйлс болов.
Баруун Германы судлаач Английн улс төрч Ж.К.Робертс “…ХБНГУ-ын улс төрийн үнэт зүйлсийн дотроос … улс төрийн соёл нь хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлэв… “ гэсэн нь немц үндэстний улс төрийн соёлын өвөрмөц шинж байдлыг тодорхойлж байна.
Харин баруун Германы улс төрийн шинжлэх ухаанд “улс төрийн соёл” хэмээх нэр томьёо, өөрийн статусаа 1970- аад оноос олж судлагдаж эхэлсэн байна. 1970-1980-аад онд баруун Германд улс төрийн соёл судлалыг улс төрийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болгож харьцуулсан судалгааны хэд хэдэн дорвитой бүтээлүүд бичигдэж нийтийн хүртээл болсон байна.
1982 онд “Баруун Германы улс төрийн боловсролын академи”-д улс төрийн соёл судлалаар симпозиум зохион байгуулагдаж улмаар улс төрийн соёл судлалаар онолын хэд хэдэн хамтын бүтээлүүд гарсан юм.
Баруун Германы улс төрийн соёл судлалаар бичигдсэн онолын томоохон бүтээлүүдэд “немц” үндэстний улс төрийн амьдралыг тодорхойлогч үндсэн шинж нь “немц” үндэстний улс төрд хандах зан байдлын ялгарал, улс төрийн соёлын үндэстний шинж байдал нь улс орны улс төрийн амьдралын түүхэн туршлагатай холбогддог болохыг харьцуулан судалж тогтоосон юм.
1982.10.01-нд Бундестагт хуралдсан канцлер Б.Шмидтын толгойлсон “Эвслийн засгийн газар”-ын хуралдааны явцад засгийн газрын улс төрийн бодлого, үйл ажиллагаа, “улс төрийн соёл”-той буй эсэх талаар асуудал дэвшигдэж, хэлэлцүүлэг явагдаж анх удаа Германд “улс төрийн соёл” гэсэн нэр томъёог нийгэм улс төрийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан юм.
“Немц” үндэстэн оршин тогтнож ирсэн олон зуун мянган жилийн туршид улс төрийн тухайд бутралтай, зөрчилтэй байсан нь улс төрийн харилцаанд нь нөлөөлсөн. Германы улс төрийн соёл нь Франц зэрэг нийгэм улс төрийн сэтгэлгээ ихэд хөгжсөн орнуудаас огт ангид. Энэхүү улс төрийн хувьд үүссэн зөрчилтэй байдал нь нэгдсэн германд сонгуулийн үйл ажиллагааны явцад хурц илэрч байдаг.
“Немц” үндэстний төрийг үзэх үзэл санаа нь бурхны “Буян ба нүгэл”-ийг үзэх үзэл баримтлалд нь нөлөөлж үндэстний төрөө дээдлэх – төрийн дуулгавартай харьяатын улс төрийн мэдрэмж, зөн совин нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж массад төлөвшин уламжлагджээ.
XX зууны “немц” үндэстэнд уламжлагдан төлөвшсөн энэхүү улс төрийн ухамсар, сэтгэл зүй төлөвшсөн нь “ардчилал”-ын үзэл санааг устгаж “үндэсний ухамсар”-ыг хэт дэвэргэн тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг “нацист” үзэл сурталд ашиглан фашист төрийн диктатур тогтоход нөлөөлсөн юм.
Нацист суртлын үр дүнд нийгмийн сэтгэл зүй үндсээрээ өөрчлөгдөж нийгмийн улс төрийн соёлын үндсэн шинж нь “нэг ард түмэн, нэг удирдагч, нэг төр” гэсэн бүх нийтийг хамарсан бүхнийг нэгтгэх уриатай нацизм тогтсон байна.
“Нацизм” хэмээх энэхүү улс төрийн дэглэм нь улс төрийн олон янз үзэл баримтлалыг устгахын тулд фашист үйл ажиллагааг германы нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлсэн юм. Нацист дэглэм тогтохоос өмнөх үеийн улс төрийн соёлын олон янз байдал ба дэд соёлууд нь 1950-иад оноос шинээр тогтсон тоталитари шинж бүхий улс төрийн соёл – дэд соёлуудын өөр хоорондын харилцаа, холбоо хамаарлын тухай асуудал нь өнөөгийн германы “улс төрийн соёл” судлалд өргөн цар хүрээтэй харьцуулсан судалгааг шаардаж байгаа юм.
XX зууны 1930-1940-өөд оны үеэс Германы улс төрийн “шинэ нацист дэглэм” нь төлөвшлийнхөө үе шатанд немцүүдийн уламжлалт улс төрийн үзэл баримтлалуудаас төрдөө итгэх итгэлийнх нь хувьд уламжлагдан хадгалагдаж үлдсэн улс төрийн туршлага, чадвар, дадлыг нь ашигласан юм.
“Немц” үндэстний төрдөө итгэх итгэл үнэмшил нь ардчилал, эрх чөлөө, плюрализмд үл итгэдэг, харин дэг журам, аюулгүй байдал, төрийн байгууллагуудын төвийг сахисан байдалд итгэсэн, өөрөөр хэлбэл төрдөө итгэх итгэл үнэмшилд нь тулгуурлан нацист үзэл суртлыг бүх нийтэд ойлгуулж, итгүүлж, үнэмшүүлсэн юм.
Улс төр судлаач Г.Манн, Д.Гесминг нарынхаар үзвэл “дуулгавартай харьяат”-ын буюу немц үндэстний улс төрийн имиж нь намдаа үнэнч байх конформист үзэл юм. Германд конформизм хөгжих уг үндэс нь немц үндэстний төрдөө итгэх уламжлалт консерватив үзэл, итгэл үнэмшил байв.
Нацистууд фашист үйлдвэрчний эвлэлүүдийг шинээр зохион байгуулж бурханчлагдсан “ажилчны хөрөг”-ийг улс төрд хэрэглэж, ажилчдын “хувьсгалт” дарлалаас чөлөөлөгдөх гэсэн хүслийг нь дэвэргэж улс төрийн тэмцлийн туршлагыг нь ашиглаж “нацист ёслол” бүхий бүх нийтийг хамарсан “баяр ёслол”-ыг тэмдэглэх тогтолцоог бий болгов.
Немц үндэстний массын ухамсарт нацист үзэл суртлаар нөлөөгөө тогтоож чадсан “Ардын хамтын нийгэмлэг”, “Гэрэлт ирээдүйн дуулал” зэрэг олон нийтийг хамарсан байгууллагуудын үзэл санаа нь фюрерийн номлолоос гажсан үндэстний болон улс төр, ёс суртахууны, соёлын аливаа гажуудлыг улс төрийн аргаар устгахад чиглэж байв. Олон нийтийн болон төрийн мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашигласан нацист – тоталитари ухамсар нь нийгмийн ухамсрын бүх хэлбэрт нөлөөлж суртал ухуулга, суртал нэвтрүүлгийн бүх арга хэрэгслийг ашиглан “харгислан дарангуйлах” улс төрийн үйл ажиллагааг эрчимтэй явуулав.
Германы фашист төр, төрийн аппарат, хүнд суртлын механизм, цэрэг – багш нарын армийг өргөн ашиглаж өөрийн улс төрийн бодлогыг хэрэгжүүлж байв. Герман фашист улс төрийн бодлого Италиас ялгаатай нь фашизмыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнийг огт гаргуулахгүй байлгаж чадсан нь улс төрийн ухамсар соёлын бодлого нь үндэсний уламжлалт шинжийг агуулсан байсантай холбоотой.
Германы түүхэнд XX зуун нь улс төрийн хувьд хамгийн эмгэнэлтэй үе юм. Энэ нь улс төрийн нөхцөл байдал, зорилгын хувьд өөр хоорондоо эрс ялгаатай улс төрийн дэглэм баруун германд дөрөв, зүүн германд тав ажиллаж байв.
Немц үндэстний дотоод улс төрийн амьдрал нь гадаад улс төрийн нөхцөл байдалтайгаа ч олон талаар холбогддог тул улс төрийн харьцуулалт нэн чухал.
Түүхэн тодорхой нөхцөлд (1991 онд) хоёр Герман улс төрийн хувьд нэгдсэн нь үндэстний “улс төрийн соёл”- ын тухайд асуудлыг “шинэ” байдлаар авч үзэх нөхцөл нь байв. Ийнхүү 1991 оноос “немц” үндэстний хоёр улс нь улс төрийн хувьд ямар уламжлалыг хадгалж үлдэх, хэн нь хэнийхээ мэдэл, нөлөөнд орох вэ? гээд улс төрийн нарийн төвөгтэй, олон янз байдал бүхий асуудалтай тулгарав.
Хүйтэн дайны жилүүдэд (1946-1980-аад оны дунд үе) холбооны ба ардчилсан герман улс нь улс төрийн хувьд нэн гүнзгий хямралд өртөж “немц” үндэстнийг хамтран төлөөлөх статусгүй болсон байна. Хоёр Герман нэгдсэн эхний жилүүдэд улс төрийн амьдралд “идеализм” ба “материализм”, “капитализм” ба “социализм”-ын тухай номлол – үзэл баримтлал, ухамсар хадгалагдан үлдсэн нь нэгдсэн Герман улсын нийгмийн ухамсар – сэтгэл зүйд оршсоор байсан нь улс төрийн соёлын төлөвшилд ч нөлөөлсөөр байв.
Хоёр Герман улс нь нийгэм, эдийн засаг, улс төр, ёс суртахуун, оюун санаа, сэтгэл зүйн хувьд нэгдсэн шилжилтийн үеүдэд “иргэдийн санаачлага” хөдөлгөөнийг нэгдсэн Германы улс төрийн байгууллага болгон зохион байгуулав. Уг байгууллага нь улс төр, зохион байгуулалтын бодлогын хувьд намын түвшинд хүрч чадаагүй тул эхний үед улс төрийн үйл ажиллагаа нь нийгмийн ердийн ухамсрын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, сонгуульд 5 хувийн санал авч байв.
Сталинчлагдсан “Марксист” онол – итгэл үнэмшил бүхий зүүн германд баруун Германыг бодвол авторитари шинж бүхий нийгмийн ухамсар – соёлын үнэт зүйлс илүү төлөвшсөн бөгөөд энэ нь одоо ч массын дунд ул мөрөө хадгалсаар буй юм. Одоо ч зүүн Германы нутагт неофашист үзэл баримтлалыг тууштай эсэргүүцэх хандлагатай.
Нэгдсэн Германд улс төрийн соёлын асуудлыг олон янз байр сууринаас авч үзэж байна. Баруун германы улс төрийн соёл судлаачдын нэг Д.Берг-Шлоссер улс төрийн соёлд улс төрийн систем, хэв маягчлал, улс төрийн үйл ажиллагааны дүрмүүд, ёс суртахуун, нийгмийн үнэлэмжийн асуудлыг багтаан дорвитой судалж харьцуулалт хийв.
Нэгдсэн Германд улс төр судлаачид улс төрийн соёлыг судлахдаа нийгмийн үзэл суртлаас ангид авч үзэх, нийгмийн улс төрийн тогтолцоотой холбох, нийгмийн бүлэг давхрааны улс төрийн санаа бодол, үзлийг тусгах, улс төрийн билэг тэмдэг, улс төрийн ярианы хэв шинж, нийгмийн улс төрийн төрх, улс төрийн амьдрал дахь улс төрийн соёлын чиг хандлага, уламжлалт улс төрийн соёлын хэв шинжтэй холбож судалж буй юм.
Улс төр судлаачид улс төрийн соёлын талаарх үзэл баримтлалд ч өргөн шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, L.Dittmer-ийнхээр… соёлын түүхийн салбарт “соёл” хэмээх ойлголтыг хэт олон чиглэлээр авч ирснийг: Г.Алмонд, С.Верба нарын бүтээлд “улс төрийн соёл”-д пессимист үзлээр хандаж улс төрийн ойлголтод сөрөг утгаар хэрэглэж байгааг уг үзэл баримтлалыг Германы судлаачид баримталж ингэснээр улс төрийн соёл гэх ойлголт нь психологийн редукционизмын шинжтэйг зарим судлаачид улс төрийн билэг тэмдэг нь улс төрийн соёл судлалын судалгааны судлагдахуун болно хэмээн төөрөгдөж байна…“хэмээн үзсэн байхад Элькинс Симеон “… улс төрийн соёл гэх ойлголтоор зарим судлаачид улс төрийн бүлэглэлүүдийн улс төрийн амьдралд эзлэх байр суурь, ерөнхий чиг хандлагыг тодорхойлохыг эрмэлзэж байна…” гэсэн бол Германы улс төр судлаач К.Рохе “… хувь хүн, үндэстэн, ястан ч дангаараа улс төрийн соёлыг илэрхийлэгч байж чадахгүй, улс төрийн соёл нь улс төрийн талаарх бодомж, сэтгэлгээг ямар нэг хэмжээгээр илэрхийлэх ч онолын хувьд цэгцрэн, нийгмийн түвшинд хэрэгжээд байдаггүй. Иймд “улс төрийн соёлын хувьд янз бүрийн түвшинтэй хүмүүс улс төрд үл ойлголцохын зовлон”-г эдэлж байдаг. Үзэл бодлын энэхүү олон янз байдал нь соёлын түүхийн туршид үйлчилсээр ирсэн. Түүхэнд тулгуурлаваас улс төрийн соёлын талаарх цогц ойлголт байх боломжгүй. Түүхийн туршид байсаар ирсэн улс төрийн соёлын талаарх үзэл нь олонхдоо тухайн нийгмийнхээ үзэл суртлын нөлөөнд бус харин улс төрийн тогтолцоотойгоо хэрхэн холбогдож ирсний илэрхийлэл байдаг төдийгүй одоо ч хэрхэн харилцаж байгааг тусгадаг.
К.Рохе “…нийгмийн улс төрийн соёл – нийгмийн улс төрийн баримжаалалын соёлтой өөр хоорондоо нягт холбоотой. Улс төрийн соёлын гол хоёр ойлголтоор нөхцөлдөж байдаг” гэж үзэж буй юм.
Германы судлаачдын дунд нийгмийн улс төрийн соёл нь баримжаалалын соёлын түвшинд багтах, эс багтахаас болсон сэтгэлгээ хийгээд үйл ажиллагааны тохирох, эс тохирох байдлаас уламжлалт улс төрийн соёлын хэв шинж шинэ билэг тэмдгийн харилцан зохицлоос ихээхэн хамааралтайг улс төрийн бүлэглэл, улс төрийн нийгэмлэгүүд нь улс төрийн амьдралд соёлын чиг хандлага, үүргээрээ ч өөр хоорондоо ялгардаг. Иймд улс төрийн соёлын талаарх судалгааг аль болох өргөн цар хүрээтэй хийх шаардлагатайг, нийгмийн гишүүдийн улс төрийн байр суурийг тодорхойлоход нийгэм дэх “бичигдээгүй хууль”, өөрөөр хэлбэл нийгмийн хөгжлийн түгээмэл зүй тогтол гол үүргийг гүйцэтгэдгийг улс төрийн амьдралын туршлагаас үзвэл улс төрийн соёл нь өнгөрсөн түүхийн туршид үйлчилсэн улс төрийн бодлогыг, үйл явцын үр дүн, улс төрийн бодит нөхцөл байдалд зохицуулагдсан нийгмийн бодлого байгаагүй. Харин улс төрийн соёлыг бүтээгчийн улс төрийн ухамсарт тэмцлийн үр дүн нь байсан гэх үзэл байна.
Иймд улс төрийн соёлын талаарх судалгааг аль болох өргөн цар хүрээтэй хийх учиртай.
Ном зүй
- Dittmer. Political culture and Political symbolism. Towards a theoretical synthesis in world politics 19 (1977), 552-583.
- V. Simion R.E.B. Acau Se in Search of it’s effect on, what does Political Culture Explain in Comparative Politics 11 (1979, 127-145)