Х.Батсуурь
/Эдийн засагч/
Шинэ толь №78, 2015
Түлхүүр үг:
Улс орнуудын хөгжлийн түвшинг янз бүрийн аргуудаар хэмждэг. Хэмжүүр, аргачлалууд нь цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөөр ирсэн. Аливаа улсын эдийн засгийн хөгжил гэдэг тухайн улсын хөгжлийн түвшинг бүхэлд нь тодорхойлох хамгийн гол үзүүлэлт болдог. Тэр ч байтугай эдийн засгийн бүтэц, эдийн засгийн үйлдвэрлэлийнх нь тогтолцоон дээр тулгуурлан улс орны хөгжлийг тодорхойлдог түгээмэл аргачлал ч бий. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм нэгэн аргачлал нь “Ростоу-ын Хөгжлийн Загварчлал” модель юм. Товчхондоо энэ Ростоу-ын хэмжүүр нь улс орон чухам юу үйлдвэрлэж байна вэ, эдийн засаг нь ямар бүтэцтэй байна вэ гэдэг дээр үндэслэн тухайн улсын хөгжлийн түвшинг тодорхойлдог. Мэдээж сүүлийн үед нэрд гараад байгаа, түгээмэл хэрэглэгдэх болсон хүний хөгжлийн индекс ээр (Human Development Index) хэмжих аргачлалтай харьцуулбал учир дутагдалтай мэт. Гэвч Ростоу-ын модель нь зөвхөн хөгжлийн хэмжүүр төдий бус мөн хоцронгуй хөгжилтэй орнуудын магадгүй тодорхой хугацаанд туулж өнгөрөх шаардлагатай үе шатуудыг тодорхойлж өгч байдгаараа онцлогтой юм.
Тэгвэл Ростоу-ын аргачлалаар хэмжсэнээр Монгол улс маань хаана явна вэ? Ростоу-ын Хөгжлийн Загварчлал нь уламжлалт нийгэм, шилжилтийн үе, хурдацтай хөгжил, тогтвортой хөгжил, чинээлэг хэрэглэгч гэсэн таван үе шатнаас бүрдэх бөгөөд эдгээр үе шатууд нь эдийн засаг нь чухам юу үйлдвэрлэдэг вэ гэдгээр тодорхойлогддог юм (Ростоу-хөгжлийн загварчлал графикийг үзнэ үү). Графикт зааснаар манай улс өнөөдөр 1-р шат буюу уламжлалт нийгэм мөн 2-р шат буюу дэд бүтэц, аж үйлдвэржилтийг хөгжүүлж эхэлж буй нийгэм гэх хоёр шатны хооронд байршилтай байгааг та бүхэн харж болно. Энэ нь үнэндээ манай улс Замби, Афганистан мэтийн улсаас арай дээгүүр, Вьетнам, Индонез, Азербайжан улсуудаас арай доогуур эрэмблэгдэж байна гэсэн үг. Яагаад бараг хамгийн доод шатанд гэж, бид арчилсан улс, зах зээлийн эдийн засагтай хөгжиж байгаа улс гэж асуух хүмүүс гарна. Хариулт нь тун энгийн. Ямар ч ардчилал, ямар ч зах зээлийн систем улс орны хөгжлийн түвшинг тодорхойлохгүй. Зүгээр л манай хөгжлийн түвшин, бидний юмыг үйлдвэрлэх, бүтээх чадвар л тэр юм. 1990 онд зах зээлийн системд шилжихээс өмнө манай улс ДНБ-ийхээ 37 хувийг аж үйлдвэрлэлээр бүтээдэг, аж үйлдвэржсэн орон байсан төдийгүй дэд бүтэцийн бүтээн байгуулалтандаа орсон байсан нь манай улс хөгжлөөрөө Ростоу-ын загварчлалын 2-р шат буюу Шилжилтийн үед байсныг. Харин яагаад бид өнөөдөр ухраад 1-р шат, 2-р шатны хооронд байна гэж гэсэн асуулт зүй ёсоороо гарч ирнэ. Үүний хариултыг та одоо энэ доод талын мөрнүүдээс мэдэж авна.
Манай улсад өнөөдөр аж үйлдвэрлэл бараг устаж зөвхөн уул уурхайн түүх эдийн олборлолтоос хараат эдийн засагтай байгаа нь хөгжлийн түвшин хаа байгааг, хаа байж болохыг хэлээд өгч буй хэрэг. Бидэнд харьцангуй танил улсууд болох Солонгос, Эстон, Чех гээд тогтвортой хөгжлийн шатандаа яваа улсуудтай харцуулахгүй гэхэд хөрш зэргэлдээх харьцангуй ижил нөхцлөөс, нэгэн зэрэг гараанаас эхэлсэн “хурдацтай хөгжлийн үе’’-дээ орж аж үйлдвэржсэн, технологийн хөгжлийн шатандаа яваа Казахстан, Хятад зэрэг улсуудтай харьцуулхад манай улсын хөгжлийн түвшин үнэндээ харамсалтай доогуур байгаа юм (графикийг харна уу).
“ДНБ-ий бүтэц 1990; 2014″ графикийг харвал манай эдийн засгийн бүтэц 1990 онд хөдөө аж ахуй 13%, аж үйлдвэр 37%, үйлчилгээ 50% байсан бол 2014 онд хөдөө аж ахуй 14%, аж үйлдвэр 30%, үйлчилгээ 56% болж аж үйлдвэрлэл 7% буурснаас өөрөөр бүтэцэд төдийлөн их өөрчлөлт ороогүй байгааг харж болно. Энэ нь өнгөц хархад л ингэж харагдаж байгаа бөгөөд уул уурхайг аж үйлдвэрийн салбарт оруулан тооцдог аргачлалаас үүдэлтэй. Мэдээж аж үйлдвэрлэл ДНБ-ий 37 хувийг эзэлнэ гэдэг өндөр тоо бөгөөд энэ нь тухайн улсыг аж үйлдвэржсэн орон гэж үзэх үндэслэл болох нь гарцаагүй. Тийм, 1990 он гэхэд манай улс жинхэнэ утгаараа аж үйлдвэржсэн улс болсон байсан. Учир нь уул уурхай манай аж үйлдвэрлэлийн багахан хувийг эзэлж боловсруулах үйлдвэрлэл зонхилж байсан. Харин 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсний дараа нэгээс хоёр жилийн дотор Монгол улс аж үйлдвэрийн (боловсруулах) бүтээмжийн 90 хувийн чадамжаа алдаж эдийн засгийн уналтанд орсон төдийгүй, эдийн засгийн хөгжлийн суурь бүтэцээ гажуудуулан нураасан юм.
Үйлдвэрийн (боловсруулах) бүтээмжийн 90 хувийн чадамжаа алдаж эдийн засгийн уналтанд орсон төдийгүй, эдийн засгийн хөгжлийн суурь бүтэцээ гажуудуулан нураасан юм.
Боловсруулах үйлдвэрлэлийн чадамжаа алдсанаар манай эдийн засгийн бүтцэд ямаршуухан өөрчлөлт гарсныг “ДНБ-ий бүтэцийн өөрчлөлт: 1990- 2014” графикаас харж болно. 1990-ээс 2014 онд ХАА болоод үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 1% болон 6%-иар нэмэгдсэн нь онц анхаарал татах өөрчлөлт биш юм. Харин аж үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь 37%- аас 30% болон буурч аж үйлдвэрлэлийн бүтцэд томоохон өөрчлөлт орсон нь анхаарал татахгүй байхын аргагүй. Аж үйлдвэрийн салбар дахь боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь 68% байсан бол 40% болон буурч харин олборлох салбарын эзлэх хувь хэмжээ эрчтэйгээр нэмэгдэж 32%-иас 60% болж өссөн нь манай улс өдгөө ашигт малтмалын олборлолтоос хамааралтай “аж үйлдвэржсэн” орон болж хувирсныг харуулж буй хэрэг. Уул уурхайг оролцуулахгүйгээр тооцвол өнөөдөр манай аж үйлдвэрлэл ДНБ-ий 12%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ тоо 1990 онд 25% байсан юм.
Уул уурхай ба аж үйлдвэрлэлийн (уул уурхайн бус боловсруулах салбар) эдийн засаг дахь нөлөөлөл нь гадаад худалдаан дээр илүү тод харагддаг. 1990 онд манай улсын нийт экспортын 28% уул уурхайн бүтээгдэхүүн, 30% аж
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байсан бол 2014 он гэхэдуул уурхайн бүтээгдэхүүн манай нийт экспортын 89%-ийг эзэлж аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дөнгөж 4%-ийг эзлэх болсон байна (экспортын бүтэц 1989; экспортын бүтэц 2014 графикийг харна уу).
Ростоу-ын хөгжлийн загварчлалаар “аж үйлдвэрлэлийн хөгжил” гэсэн ухагдахуунд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хэлдэг бөгөөд харин уул уурхайн олборлолт нь “primitive” буюу уламжлалт (хоцрогдсон, мэдлэг шингээгүй ажиллагаа) аж ахуйд ордог юм. Дэд бүтэцийн хөгжил муутай, “primitive” буюу хоцронгуй “үйлдвэрлэл- уул уурхай” зонхилсон Монгол улсын хувьд хөгжлийнхөө түвшинг чухам хаа байгааг үүнээс мэдэж болно.
Манай улсын хувьд ДНБ-д эзлэх үйлчилгээний салбар 50-иас дээш хувьтай байгаа нь хөгжлийн нэг үзүүлэлт мэт боловч энэ нь өндөр хөгжилтэй улсуудад түгээмэл байдаг өндөр технолог, оюуны салбарын үйлчилгээ гэхээсээ илүүтэй түүхий эдийн худалдаа, олборлолтын салбарыг дагасан тээвэрлэлт зэрэг үйлчилгээ зонхилж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Бид 1990 оны нийгэм, эдийн засгийн шилжилтээс хойшхи 25 жилийн хөгжлийн түүхийг магтан дуулсаар ирсэн, Ингэхдээ бид ардчилсан засаглал, чөлөөт зах зээлийн систем түүний үр дүн болсон Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт гэх мэт тоон үзүүлэлтүүдийг ишлэл болгон дурдах дуртай. Мэдээж энэ 25 жилд хүрсэн амжилт, авсан ололт бий тухайлбал шилжилтийн өмнөх жил буюу 1989 онд манай ДНБ $3.6 тэрбум доллар байсан бол өдгөө $12 тэрбум долларт хүрч даруй 3.3 дахин томорсон байна. Гэвч эдийн засаг тоон үзүүлэлтээр томорсон харагдаж буй нь хөгжиж байгаа үг гэж үү, гэх асуултыг асуух хүн ч гардаг. Буруутгах аргагүй. Улсынхаа хөгжлийн түвшинг тодорхойлох, харьцуулалт хийхэд олон улсын түвшинд түгээмэл хэрэглэгддэг хүний хөгжлийн индекс (human development index), баялгийн хуваарилалт зэрэг бусад аргачлалуудаар тооцвол бас сонирхолтой дүн гардаг.
Гэвч энэ удаа би эдийн засгийн бүтэцээр нь хөгжлийн түвшинг тодорхойлох аргачлалаар улсаа хаахана явааг олох гэж хичээв, үр дүн ч гарав, гэхдээ нэг их магтууштай үр дүн бол биш. Уг нь бол хаана яваа нь тодорхой харагдаж байна. Гэхдээ тэр нь чухамдаа бидний байх ёстой байр мөн үү гэдэг асуудал л анхаарал татаж буй юм. Одоогоос 25 жилийн өмнө манай улс экспортын 30%, ДНБ-ийхээ 25 хувийг уул уурхайн бус үйлдвэрлэлээс бүрдүүлдэг өнөөдрийн 12 хувьтай харьцуулбал жинхэнэ утгаараа аж үйлдвэржсэн орон байжээ гэдгийг бид мэдэж авсан. Гэвч өнөөдөр бид экспортынхоо 89 хувийг, ДНБ-ийхээ 18 хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг уул уурхайгаас бүрэн утгаараа хараат улс болон хувирсан нь эдийн засгийн бүтэцэд ихээхэн гаж өөрчлөлт орсон байгааг харуулж буй юм. Хамгийн харамсалтай нь бүтэцийн энэ гажуудал нь манай улсын тогтвортой хөгжлийн ирээдүйг боомилж буй төдийгүй хөгжлийн түвшин “аж үйлдвэрлэлийг эхлүүлсэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт”-аар тодорхойлогддог 2-р шатнаас ухарч уламжлалт аж ахуй, уул уурхайн олборлолт гэх 1-р шат, 2-р шатны завсар ирж хавчигдсаныг харуулж буй юм. Тиймээ, энэ 25 жилд бид үйлдвэрлэгч улсаас олборлогч, уул уурхайн түүхий эд экспортлогч улс болж хөгжлийн хувьд ухралд орсон.
Х.Батсуурь-Эдийн засагч – Улс төрийн Болосвролын Академийн зочин багш 2015.12.02