А.Болормаа
/Ахлах багш, Нийгмийн ухааны салбар, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, ШУТИС/
Шинэ толь №78, 2015
Хүний нөөцийг бүрдүүлэх гэдэг нь ажлын сул орон тоон дээр шаардлагад нийцсэн сонгож болохоор хүмүүсийг байгууллагад татах, нөгөө талаас хүмүүсийг тухайн байгууллагад ажиллах тэмүүллийг бий болгох үйл ажиллагаа юм. [1] Аливаа байгууллага чадварлаг хүний нөөцтэй байж өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлнэ. Мэргэшсэн, туршлагатай, ажилдаа үнэнч, зүтгэлтэй хүний нөөцийг бодитой, ил тод, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, шилэх үйл явц нь төрийн албаны дотоод үр ашиг дээшлэх, нийгмийн зүгээс төрийн албанд итгэх итгэлийг бэхжүүлэх чухал суурь болж өгнө. Иймээс бусад орны төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх үйл явцыг судалж, өөрийн оронд хэрэгжүүлж болох сургамж, шинэ санаа авах зорилгоор судалсан болно.
- Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлтийн онолын үндэслэл:
Төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид байлгах зорилгоор 1883 онд АНУ-д Пендлтоны хууль батлагдан гарсан. 1887 онд АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч, Принстоны их сургуулийн захирал, доктор, профессор Вудро Вильсон (Woodrow Wilson.,1887) “Захиргаа cудлал” (The Study of Administration) бүтээлдээ төрийн захиргааны ухааныг онолын хувьд үндэслэх оролдлого хийжээ. Тэрээр төрийн захиргаа улс төрийн хүрээнээс ангид оршино. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны асуудал бол улс төрийн асуудал биш юм. Хэдийгээр улс төрийн бодлого нь захиргааны байгууллагуудын зорилтыг тодорхойлж байдаг боловч энэ нь захиргааны үйл явцад хутгалдана гэсэн үг хараахан биш хэмээн тодорхойлж байсан. Төрийн захиргааны байгууллагад дээд зэргийн мэргэшсэн байдлыг бий болгох нь туйлын чухал гэж үзэж байсан. Вильсоны дэвшүүлсэн үзэл санааг Америкийн улс төр судлаач Франк Ж. Гуднау (Goodnow.F.,1900) цаашид хөгжүүлсэн. Германы социологич М.Вебер (Weber М, 1920) төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагч хүн улс төрч байх ёсгүй, улс төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэж үзсэн.
1880-1970 он хүртэл уламжлалт бюрократ хэв загварын онолын урсгал давамгайлж байсан бол 1980-аад оноос Их Британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад улсын салбарт хувийн хэвшлийн менежментийн зарчмуудыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн шинэтгэл хийж, Төрийн шинэ менежмент (New Public management)-ийн онолын хандлага үүсчээ. Энэ хүрээнд төрийн албыг илүү уян хатан, үр ашигтай болгох, төрийн албанд өрсөлдөөний зарчим, гүйцэтгэлийн менежментийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, түүнд нь тохирсон цалин, урамшуулал олгох гэх мэт шинэтгэлийн хэлбэрүүдийг санал болгосон.
- Зарим улс орны төрийн албан тушаалын ангилал:
Улс орон бүрийн төрийн алба, түүний ангилал, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тогтолцоо зэрэг нь төрийн байгууламж, төрийн албаны тогтолцооноос хамаарна. Ихэнх нь улсуудад төрийн албан хаагчийн эрх байдлыг зохицуулсан хууль тогтоомж үйлчилдэг. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болон Европын холбооны 34 орноос 31 нь төрийн албаны тусгай хуультай байна. Үүнээс 25 тохиолдолд төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлагыг, 29 тохиолдолд төрийн албан тушаал эрхлэх болзол, хугацаа, баталгааг, 25 тохиолдолд зарчим, 28 тохиолдолд урамшуулал, цалин хөлсний талаар зохицуулжээ. Харин төрийн албан хаагчийн ангилалд ямар албан тушаал хашиж буй албан хаагчдыг хамруулсныг харуулбал:
- 14 улсад – эрүүл мэндийн салбар албан хаагчид;
- 16 улсад – боловсролын салбарын албан хаагчид /багш/;
- 22 улсад – цагдаагийн албан хаагч нар үндэсний хэмжээний төрийн албан хаагчийн ангилалд хамаардаг;
- 18 улсад – орон нутгийн төвшний төрийн /боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн албан хаагчид орохгүй/ албан хаагчид үндэсний хэмжээний төрийн албан хаагчидтай адилтгаж үздэг.
- Шүүгч нарын хөдөлмөрийн харилцааг ихэвчлэн тусгай хуулиар зохицуулдаг байна. [2]
Төрийн албан тушаалыг албанд тавигдах хугацаагаар нь хугацаатай /улс төрийн албан тушаал, өндөр албан тушаал/, хугацаагүй гэж ангилдаг. Эдгээрээс хамаараад төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх өөр өөр тогтолцоотой. Үүнийг хэд хэдэн улсын жишээн дээр авч үзье.
АНУ-ын төрийн албаны орчин үеийн эхлэл 1883 оны Пендлтоны хуулиар тавигдсан. Төрийн албыг өрсөлдүүлэн шалгаруулах алба, тусгай алба гэж ангилдаг. Төрийн албан тушаалыг 1-18 зэрэглэлд ангилж, эдгээр зэрэглэлийн албан тушаалд ажилд авахад уралдаант шалгаруулалт явуулж, мэргэжлийн ур чадвар, мэргэшсэн байдлыг үнэлэх мерит тогтолцоо үйлчилнэ. Мөн албан тушаал ахихад ч энэ зарчим үйлчилнэ.
Хүснэгт 1.АНУ-ын төрийн албан тушаалын зэрэглэл
Зэрэглэл | Албан тушаал | Чиг үүрэг |
1 -4-р зэрэглэл | Бага албан тушаал | Ердийн хэвшмэл ажлуудыг гүйцэтгэх ба заримдаа захиргааны шууд хяналтан дор хүнд хүчир ажлуудыг хийж гүйцэтгэнэ. |
5-8-р зэрэглэл | Гүйцэтгэх албан тушаал | Ганцаарчилсан ажлын чадвар, тусгай мэдлэг, бэлтгэл шаардсан мэргэжлийн ажил гүйцэтгэнэ. |
9-14 – р зэрэглэл | Удирдах албан тушаалтнууд | Захиргааны удирдлага, хяналтын дор үйл ажиллагаагаа явуулна. 11-р зэрэглэлийн албан хаагчид шийдвэр гаргах чадвартай, 13-р зэрэглэлийн албан хаагчид жижиг салбар, нэгжийн даргын туслах байж чадах, 14-р зэрэглэлийн албан хаагчид салбар, нэгж, товчооны дарга байж чадах ёстой. |
15-18-рзэрэглэл | Төрийн байгууллагын дээд албан тушаалтнууд | Удирдах, төлөвлөх чиг үүрэгтэй. |
Их Британид Төрийн алба нь улс төрөөс удирдлагыг салган үзэх зарчимд үндэслэгдсэн. Энэ зарчмын үндсэн дээр улс төрөөс хамааралтай солигдож байдаг албан тушаалтан, солигддоггүй албан тушаалтан гэж хуваагддаг. Эхнийхд нь Ерөнхий сайд, сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар болон Засгийн газар солигдоход хамт өөрчлөгдөх хэд хэдэн албан тушаалууд хамаардаг. Яам, тусгай газрын ажилтнууд төрийн албан хаагчид хамаарна. Нийт албан тушаалыг ангилал, бүлэглэлд хуваан, дотор нь зэрэг дэв, зэрэглэлээр нь ангилна.
- Улс төрийн болон захиргааны ахлах дарга нарын дээд бүлэг – байнгын нарийн бичгийн дарга нар, тэдгээрийн орлогчид, орлогчийн туслахууд гэсэн зэрэгтэй албан тушаалтнууд бүрдүүлнэ. Энэ ангиллынхан иргэний албаны дээд албан тушаалтнууд юм. Тэд сайдын өмнө эрхэлсэн ажлынхаа төлөө шууд биечлэн хариуцлага хүлээнэ.
- Захиргааны – ахлах гүйцэтгэгч, захиргааны хэрэг эрхлэгчийг дагалдагч, нарийн бичгийн дарга, клерк болон тэдний туслахууд, бусад албан тушаалууд
- Мэргэжлийн шинжээчид – Эдийн засагчид, статистикчид, мэдээллийн албаны ажилтнууд болон бусад
- Техникийн туслах ажилтнууд – бичээч, хувийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч болон бусад.
Герман улсад төрийн алба (civil service, государственная служба, staatdienst) гэсэн ойлголт байхгүй, харин дэлхийн II дайнаас хойш нийтийн алба гэсэн (public service, публичная служба, offentliehes) нэр томъёо хэрэглэх болсон. Энэхүү ойлголтод түшмэд (beamte, чиновник), албан хаагч (angestellte, служащие), ажилчид (arbeiter, рабочие) гэсэн 3 ангиллын албан тушаал хамаарна. Түшмэл нь албан хаагч, ажилчдаас ялгаатай. Түшмэдийг насан туршид нь төрийн албанд томилдог, нийгмийн баталгааг төрөөс хангадаг, тэтгэврийн тусгай тогтолцоотой зэрэг онцлогтой бол албан хаагч, ажилчдыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна, гэрээг хугацаа дуусахад цуцалж болно, тэтгэврийн нийтлэг тогтолцоо үйлчилнэ гэх мэт ялгаатай. Тус улсад түшмэдийг доод (энгийн алба) , дунд (дунд алба), ахисан (хариуцлагатай алба), дээд (дээд алба) төвшний гэж 4 ангилна. Албан тушаалын ангилал нь 16 ранг (зэрэглэл)-тай.
- А1-А5 – доод ранг -туслах, техникийн ажилтнууд
- А6-А9 – дунд ранг – засгийн газрын нарийн бичгийн дарга нар
- А10-А13 – нэгдүгээр шатны дээд ранг – засгийн газрын инспекторууд
- А14-А16 -хоёрдугаар шатны дээд ранг-засгийн газрын ахлах зөвлөхүүд [3,19]
Франц улсын төв засгийн газар болон орон нутгийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид төрийн албан хаагчид хамаарна. Тус улсад төрийн албан тушаалыг 4 ангилалд хуваана. [4,22]
Хүснэгт 2. Франц улсын төоийн албан тушаалын ангилал
Ангилал | Чиг үүрэг |
“А” ангилал (20%) | Удирдлагын шийдвэр, дүрэм журам боловсруулах чиг үүрэгтэй. |
“В” ангилал (40%) | Удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлнэ. |
“С” ангилал (32%) | Мэргэжлийн үүднээс гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. |
“D” ангилал (8%) | Туслах ажилтнууд бөгөөд техникийн ажил гүйцэтгэнэ. |
Төрийн албаны тухай хууль нь шүүгч, үйлдвэр, худалдааны салбарын ажилтан, цагдаагийн алба хаагч нарт үйлчлэхгүй, эдгээрийг тусгай хуулиар зохицуулдаг.
Япон улсад төрийн алба хаших хугацаанаас нь хамаарч сонгуулиар сонгогдож хаших алба, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдож ажиллах алба гэж хуваана. Мөн энгийн болон тусгай алба гэж ангилна. Тусгай албанд шүүгчид, батлан хамгаалах салбарын албан хаагчид, шинжлэх ухааны академийн гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга болон тэдний мэргэжлийн албан хаагчид, бусад нь энгийн албан хаагчид хамаарна.
- Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл явц
Улс орон бүрт төрийн албаны тогтолцооны онцлогоос хамааран төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх тогтолцоо үйлчилж байна. Зарим улсад (Англи, АНУ, Швед, Канад, Япон гэх мэт) төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хариуцсан тусгай байгууллага байдаг бол зарим улсад тусгай бие даасан байгуулллага байхгүй, тухайн байгууллага, эсвэл өөр субъект (Франц, Герман гэх мэт) хариуцдаг.
АНУ: Тус улсад уралдаант сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн албан тушаалын шаардлага хангасан иргэнийг төрийн албан тушаалд шалгаруулан авна. Төрийн албанд шинээр сонгон шалгаруулалтад орж байгаа хэн ч болов сонгон шалгаруулалтад шат дараалан тэнцэх ёстой бөгөөд шалгаруулалтад тэнцсэн хэн ч болов албан тушаалын шат дарааллыг үл харгалзан удирдах албанд очих боломжтой нь мерит тогтолцооны онцлог гэж үздэг. Төрийн албан хаагчдын 90 орчим хувь нь уралдаант шалгаруулалтаар төрийн албан тушаалд томилогддог. Харин онцгой албанд төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй, тусгай зохицуулалт, зарчимтай. АНУ-д захиргааны өндөр албан тушаалуудад улс төрийн оролцоо, идэвх зүтгэлийг үнэлэн томилдог улс төрийн томилгооны буюу “спойл” тогтолцоо, мэргэшсэн, ур чадварыг үнэлэх мерит тогтолцоо аль аль нь үйлчилдэг. Төрийн департмент, агентлагийн удирдлага, элчин сайд, консул, Ерөнхийлөгчийн зөвлөх, туслах, нарийн бичиг зэрэг албан тушаалууд дээр “улс төрийн томилгоо” буюу улс төрийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр болон Цагаан ордонд өөрийн талын намыг төлөөлж хэр удаан ажилласан зэргээс хамаарч томилгоо хийгддэг ба энэ нь нийт албан хаагчдын 5 орчим хувийг л эзэлдэг байна. [4,13]
Тус улсад төрийн албаны хүний нөөцийн асуудал эрхэлсэн, бие даасан, хараат бус тусгай байгууллага ажилладаг. Төрийн албанд авах үйл явц 2 үе шаттай явагддаг. [5,117] Эхлээд комисс 3 нэр дэвшигчийг сонгоно. Сонгохдоо төрийн албан тушаалын хувьд сорилын шалгалт, эсвэл төрийн өндөр албан тушаалд шалгаруулахад боловсрол, мэргэшлийн төвшинг илтгэх баримт бичгийг үндэслэнэ.
Дараагийн сонголтыг тухайн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтан хийнэ. Хүний нөөцийг бүрдүүлэхэд уралдаант сонгон шалгаруулалтаас гадна Боловсон хүчний албаны газраас гаргасан сургалтын хөтөлбөрийг амжиллтай дүүргэсэн байх шаардлага тавьж болно.
Их Британид төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх өөрийн онцлог шинжтэй. Төрийн албан хаагчдыг шилж сонгох тогтолцоог хараат бус, бие даасан Төрийн албаны комисс хариуцдаг. Төрийн албанд орохыг горилогчид бичгэн шалгалт, сорилын шалгалт, ярилцлага өгнө. Төрийн бус салбарт ажиллагчдаас хүний нөөц бүрдүүлэх нээлттэй тогтолцоотой. Бизнесийн байгууллагын удирдах ажилтнууд төрийн албан хаагчдын сэтгэлгээнд өөрчлөлт авчирна гэж үздэг. Шалгалт, ярилцлага нь ихэвчлэн тэргүүлэх их сургуулиуд болох Оксфорд, Кембрижийн их сургуулиудын хөтөлбөрийн үндсэн дээр явагдана. Практикт ч эдгээр сургуулийг төгсөгчид удирдах албан тушаалд нэр дэвшигчдийн олонхийг бүрдүүлдэг байна. Энэ нь төрийн албаны хэтэрхий явцуу шинжийг бий болгосон гэж үздэг. Захиргааны ангиллын албанд орохыг горилогчид их сургууль төгссөн, 20-28 насны иргэд байх ёстой. Харин техникийн туслах ажилтнуудад боловсролын хувьд өндөр шалгуур тавихгүй, тодорхой сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн боловсролтой байхыг шаардана. Шалгалтыг амжилттай давж чадсан нэр дэвшигчид комиссоос холбогдох албан тушаалыг хаших эрх олгосон үнэмлэх гардан авна. Ийнхүү тэд насан туршдаа (тэтгэврийн нас хүртлээ) албан хаагчаар ажиллана. Тэдний ажлын байр баталгаатай бөгөөд хугацаанаас нь өмнө халах, чөлөөлөх тохиолдол маш ховор. Албан тушаал дэвшүүлэх тогтолцоо их хатуу бөгөөд яамнаас яаманд, нэг ангиллаас нөгөө рүү шилжих боломж их хязгаарлагдмал байдаг. Тус улсын төрийн албаны өөрчлөн байгуулалт нь нэг талаас төрийн албан хаагчдын тоог цомхотгох, хөнгөлөлт, давуу байдлын хэмжээг хорогдуулах, захиргааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн ч нөгөө талаас төрийн албаны нэгдмэл тогтолцоог алдагдуулан, төрийн албанд татагдах сонирхлыг бууруулахад нөлөөлсөн байна. [6.9]
Франц улсад төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах нарийн тогтолцоотой. Албанд анх элсэн ороход бүгд эрх тэгш эрхтэй бөгөөд эрх тэгш байх гэдэгт юуны өмнө арьс өнгө, үндэс угсаа, итгэл үнэмшил, хүйс хамаарахгүйгээр эрх тэгш байхыг ойлгодог. Албанд анх элсэн ороход зарим албан тушаалууд дээр насны, иргэний харъяаллын, мэдлэг чадварын тусгай хязгаарлалтууд үйлчилдэг. Олонхи албан тушаалд насны дээд хязгаар 40-45 байдаг. Орон тооны албан тушаалд заавал Францын иргэний харъяалалтай байх ёстой бол орон тооны бус албан тушаалд гадаадын иргэдээс авч ажиллуулж болно. Ёс зүйн зөрчил гаргасан, цэргийн алба хаагаагүй тохиолдолд төрийн албанд авч ажиллуулахыг хориглоно. Зарим албан тушаал хашихад мэргэжлийн зохих төвшнийг илтгэсэн дипломтой байхыг шаарддаг. Тус улсад төрийн албан тушаалд ажиллахыг горилогчид тусгай сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг.
Төрийн албан тушаалд нэр дэвшигчид нь тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай байх ёстой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх хандлага баримталдаг АНУ, Германаас ялгагдах онцлог нь Франц (мөн Их Британи) улсад захиргааны болон техникийн чиг үүргийг гүйцэтгэх өргөн хүрээний бэлтгэлтэй байхыг шаарддаг. Төрийн албан тушаалд нэр дэвшигчдээс аман болон бичгэн шалгалт авна. Сонгон шалгаруулалтад хууль зүйн мэдлэгийг голчлон анхаардаг. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн бүх албан хаагчдын 60 хувь нь хууль зүйн, 14 хувь нь эдийн засгийн боловсролтой, үүний дотор төрийн нарийн бичгийн дарга нарын 31 хувь нь хууль зүйн боловсрол эзэмшсэн байдаг байна. [4] Харин улс төрийн албан тушаалтнууд Засгийн газрын болон сайдын шийдвэрээр томилогддог.
Герман улс холбооны хэмжээндээ төрийн албаны шалгаруулалт хариуцсан нэгж байдаггүй, шалгаруулалтыг тухайн субъект өөрөө хариуцна. Дотоод яам нь төрийн албаны хууль эрх зүй, нийтийн албаны үйлчилгээний асуудлыг ерөнхийд нь л хариуцдаг. Сонгон шалгаруулалтын улсын тусгай комисс авч тэнцсэн албан хаагчдад батламж олгоно. Төрийн албан хаагчаар томилогдсон л бол тэтгэвэрт гартлаа хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргахгүй бол энэ статусаа хадгална. Төрийн албан тушаалд орохыг горилогчид албан тушаалын зэрэглэлээс хамаарсан насны хязгаар, боловсрол мэргэжлийн шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, тус улсад төрийн албаны сонгон шалгаруулалтыг хатуу чанга шалгуураар явуулдаг бөгөөд төрийн албан хаагчдыг тасралтгүй сургах тогтолцоотой. Германд анх төрийн албанд ороход нээлттэй уралдаант шалгаруулалтын систем үйлчилдэг бол албан хаагчид албан тушаал ахихад ахих карьерын тогтолцоо үйлчилнэ. Албан тушаалын зэрэглэлээс хамааран тавигдах шаардлага, анх төрийн албанд авч ажиллуулах насны хязгаар зэрэг нь ялгаатай байна.[7.51]
Япон улсын онцлог бол бүх насаар нь хөлслөх системтэй, албан тушаал ахих замаар урт удаан хугацаанд нэг байгууллагад ажилладаг. Тус улсад төрийн албанд өрсөлдүүлэн шалгаруулах тогтолцоо үйлчилдэг. Төрийн албаны шалгалтын зорилго нь тухайн иргэн төрийн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэх чадварыг нь шалгахад оршдог. Энэхүү сонгон шалгаруулалтын тогтолцоо 19 дүгээр зууны сүүл үеэс ямар нэгэн онцын өөрчлөлтгүйгээр өнөөг хүртэл мөрдөгдөж иржээ. Төрийн албанд орох иргэдээс бичгэн болон аман шалгалт авна.
Шалгалт улсын хэмжээний, орон нутгийн гэсэн хоёр төвшинд явагдана. Шалгалтын агуулга, төрөл ялгаатай байна. Уралдаант шалгаруулалтад гэнцсэн иргэд төрийн албанд орох эрх олж авч байгаа бөгөөд сул орон тоо гарахад томилогдох шаардлага хангаж байна гэсэн үг. Шалгалтын хугацаа тодорхой заасан байдаг. Нэг албан тушаал дээр 100 хүртэл хүн өрсөлддөг.
Бусад орнуудын хувьд: Итали улсад шалгалт, ярилцлагын дүнгээс гадна удирдл жагын шийдвэрээр томилох тохиолдол байдаг. Хятадад орон нутгийн болон дээд шатны төрийн байгууллагад ажилд ороход анхан шатны нэгжид 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг. Удирдах албан тушаалд ороход уралдаант шалгаруулалтад орохгүй, бусад төрийн албан тушаалд уралдаант шалгаруулалт явуулна. Энэтхэгт уралдаант шалгаруулалтаас гадна тус улсын захиргааны албаны зөвлөмж, дүгнэлт гаргуулах систем үйлчилдэг. Турк улсад хоёр үе шаттай уралдаант шалгаруулалт /дотоод, гадаад/ явагдана. Нэг дэх үе шатанд улс орон даяар нэгдсэн стандартчлагдсан шалгалт авах бөгөөд зарим тохиолдолд гадаад хэлний шалгалт авна. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалт – дотоод: тодорхой төрлөөр аман болон бичгэн шалгалт, ярилцлага авна. [8] Шведэд захиргааны байгууллагын албан хаагчид болон өндөр албан тушаалтнуудыг Засгийн газар, бусад албан хаагчдыг тухайн төрийн байгууллагын удирдлага томилно. Щвейцарь улсад төрийн албанд шалгаруулж авахдаа мэргэжлийн мэдлэг чадвар, албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх бэлтгэл зэргийг харгалзана. Улс төрийн соёл, ертөнцийг үзэх үзэл зэргийг тусгайлан үнэлнэ. Хэт улс төржих явдал нь олон нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлнө гэж үздэг. [9,183] ОХУ-д уралдаант сонгон шалгаруулалтаар төрийн албанд элсэнэ. Уралдаант шалгалт нь нэр дэвшигчдийн мэргэжлийн болон мэргэшлийн төвшинг үнэлнэ. Казахстан улсад төрийн албаны шинэтгэлийн үр дүнд төрийн албанд анх орох иргэнийг сонгон шалгаруулж авдаг тогтолцоог бий болгосон байна. Энэ үүргийг тус улсын Ерөнхийлөгчид харьяалагддаг Төрийн албаны агентлаг хариуцдаг байна. Казахстаны Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалын 90-ээс дээш хувь нь сонгон шалгаруулалтын зарчмаар бүрдүүлэхээр хуульчлан заасан юм.
Дүгнэлт:
- Төрийн албаны хүний нөөц бүрдүүлэхэд өөр өөрийн гэсэн үндэсний онцлог байна. Төрийн албанд анх ороход уралдаант шалгаруулалт явуулах тогтолцоо нийтлэг байна. Улмаар төрийн албанд орсны дараа дотооддоо сонгон шалгаруулалт явуулж албан тушаал дэвшүүлэх тогтолцоо Герман, Франц зэрэг улсуудад үйлчилж байна. Харин АНУ, Их Британи улсууд нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. Зарим өндөр албан тушаалтнуудыг тухайн улсын улс төрийн удирдлагын хяналт дор (Франц, Швед, Финлянд, Дани, Герман, Итали гэх мэт) томилох ажил хэрэгждэг байна.
- Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулах, хөнгөлөлт давуу талыг хорогдуулах арга хэмжээ авсан нь захиргааны зардлыг бууруулах сайн талтай ч /Их Британи/ нөгөө талаас чадварлаг хүний нөөц төрийн албанд бүрдүүлэхэд сөрөг нөлөөлсөн.
- Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэхэд анх орох иргэнд албан тушаалын зэрэглэлээс хамаарч насны хязгаарлалтыг хэд хэдэн улсад /Герман, Их Британи/ нэмэлт шаардлага болгон тавьж байна.
- Улс орнуудад улс төрийн албан тушаалтан цөөхөн хувийг спойл тогтолцоогоор, бусад албан хаагчдыг уралдаант шалгаруулалтаар мерит зарчимд үндэслэн бүрдүүлж байна.
А.Болормаа /Улс төрийн Боловсролын Академийн багш/
Ашигласан материалын жагсаалт:
- Lloyd L.Byars, Leslie W.Rue, Human Resource, Management 2004, р136
- Василенко И. Административно-государственное управление в странах Запада: США, Великобритания,
Франция, Германия М., 2001, стр 605-625
[3] www.worldbank.org/publicsector/civilservice/machinery.htm
[4] Төрийн албаны эрх зүйн зарим асуудлаарх бусад орны туршлага. (Харьцуулсан судалгаа). УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс. УБ., 2014. Хуу 19-23
[5] Оболонский А.В. Кризис бюрократического государства. Реформы государственной службы: международный опыт и россииские реалии. М., Фонд “Либеральная миссия”, 2011. Стр 117-118
[6] Төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн талаарх бусад орнуудын туршлага ба монгол улсын нөхцөл байдал. (Харьцуулсан судалгаа). УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс. УБ., 2014. 9-10
[7] Сүхбаатар Ж., Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн ерөнхий тойм. УБ., 2001.
[8] Стародубцев И.И О подготовке кандидатов в государственные служащие в Турции http://www.iimes.ru/rus/stat/2012/06-07-12a.htm
[9] Лазукова Е. Наем и карьера государственных служащих. Журнал: Власть 2013/05. Стр 181-183