Р.Болд
/Судлаач/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Ашиг сонирхол, Үнэт зүйлсийн чиг баримжаа, Хувийн сонирхол, Эрх мэдэл, Зөрчиил, Эдийн засгийн хөгжил
Сүүлийн үед манайхан ашиг сонирхлын зөрчил гэж их ярьдаг болж. Хувийн ашиг сонирхолтой төрийн сайд, УИХ- ын гишүүд байна гээд л шүүмжлэх аятай. Гэтэл бид тэрхүү хувийн ашиг сонирхол гээч нь чухам юу юм бэ, хаанаас хэрхэн үүсдэг, ямархуу үр дагавартай зүйл вэ гэдгийг тэр бүр ухаж сонирхдоггүй. Иймээс энэ талаар өөрийн бодлоо хэлье.
Бидний туйлын хэрэгтэй, чухал гэж үздэг итгэл үнэмшил, зарчим, тэр байтугай хүний төрх байдлыг үнэт зүйлс гэдэгт хамруулж болно. Зарим үнэт зүйлс нь хувь хүнд туйлын чухал байх тул нөхцөл байдлаас үл хамааран түүнийг өөрчлөх ямар ч боломжгүй буюу тун бага боломжтой байдаг. Бусад үнэт зүйлс нь харьцангуй ач холбогдол багатай байж, тэдгээрийг харилцааны тусын тулд өөрчилж болох талтай.
Бие хүний эрхэмлэдэг үнэт зүйлсийн чиг баримжаа, зорилго, шалтгаан, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдлөөр нөхцөлдөн үүссэн ашиг сонирхол нь өөрийнхөө объектоор хамгийн олон янз байж болно. Тийм болохоор хүмүүст ашиг сонирхлын шинж чанар ямагт харьцангуй байдаг аж. Ашиг сонирхол нь материаллаг ба үнэмлэхүй, хийсвэр буюу хуурмаг, эсвэл бодитой буюу жинхэнээсээ байж болох. Зарим хүмүүс үнэт металлын төлөө үхэлдэж байхад бусад нь үзэл санааны төлөө үхэлддэг. Зарим нь нийгмийн үнэт зүйлсийг бататгахын төлөө, эсвэл хувийн амбицын төлөө тэмцэлдэж байдаг.
Ашиг сонирхол бол ямар нэгэн юманд хүрэх, ямар нэгэн юмыг өөрчлөх, эсхүл хадгалах эрмэлзлэл бүхий хүний ухамсарын төлөв байдал мөн. Тэр нь байгалийн хууль буюу тогтож заншсан аль нэгэн юмс үзэгдлийн адил бодит зүйл шиг амархан танин мэдэгддэггүй. Ашиг сонирхол нь үйлчилж байгаа субъектын өөрийнх нь үүсгэсэн үйлдэлтэй харьцах дотоод харилцаа, ямар нэг хэмжээгээр объектив шинжтэй дотоод нарийн шалтгаан гбүхий үйлдлийн субъектив мэдрэмж юм. Нэг үгээр хэлбэл ашиг сонирхол гэдгийг аливаа объектив үйл хэргийн субъектив мөч гэж хэлж болно.
Ашиг сонирхол тогтвортой, хөдөлгөөнгүй зүйл биш. Бидний “объектив” байдлын “субъектив” мөч гэж нэрлэсэн зүйлс бодит амьдралд тодорхой зааг хязгааргүй байна. Ихэнхи тохиолдолд бид их бага хэмжээгээр тогтворгүй, хувирамтгай, эсвэл нууц ашиг сонирхол бүхий хүмүүстэй харилцдаг бөгөөд түүний өөрчлөгдөхийн үндсэн нөхцөл нь хүний өөрийн үйл ажиллагааны туршлага юм. Тухайлбал, ашиг сонирхол нь хүний насалсан хугацаанаас хамаарч харилцан адилгүй байж болно. 20 хүртэлх насны хүүхэд залуусын сонирхол нилээд тогтворгүй, юм юманд шохоорхох шинжтэй байх агаад, харин 20 – 40 насны идэрчүүд тодорхой боловсрол, мэргэжил эзэмших, амьдралынхаа ханийг сонгох, гэр бүл болох, үр хүүхэд төрүүлэх, ажил бизнесээ эхлэхэд илүү их анхаардаг бол 40 – 60 насны хүмүүс материалын болон оюун санааны баялаг хуримтлуулах, нийгэм, хамт олондоо тодорхой статус олж авах мэтээр нийгмийн идэвхи нь оргил үедээ хүрдэг байна. Харин 60-аас дээш насныхны хүсэл тэмүүлэл харьцангуй саарч ихэнхидээ амар тайван байх сонирхолтой аж.
Ашиг сонирхлын өөрчлөлт нь нийгмийн үйл явц өргөжин тэлэхийн хирээр тухайн үйл явц болон түүний үр дүнгээр өдөөгдөж улам гүнзгийрэх чиглэлээр, эсхүл суларч, урьд өмнө мэдэгдээгүй үйл ажиллагааны үр дагаварт шилжих чиглэлээр явагддаг.
Бие хүн бүр ерөнхийдөө хувийн сонирхлын бүтээл байдаг, үүнийг анхнаас нь л хүлээн зөвшөөрөх ёстой ба бид хүмүүний байгалиас заяасан суурь аминч үзлийг үгүйсгэх хангалттай үндэслэл гаргаж чадахгүй. Гэхдээ энэхүү хувийн сонирхол нь бодгалийн энгийн аминч үзлээр тодорхойлогдохгүй. Энэ нь нийгэмд хамт амьдарснаараа хувь хүмүүсийн олж авах мэдрэмжээр, нийгэмших байдлаар ойлгогдох бөгөөд ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлагдана.
Хүмүүний хувийн ашиг сонирхол нийгэмд аж төрж байгаа бусад хүмүүстэй харьцахын хирээр өөрийн эрхгүй бий болж хөгждөг зүйл юм. Хүн өөрийн төрөл зүйлтэй ямарваа харилцаагүй буйд зэлүүд газарт байсаар байх аваас хөгжин төлөвшиж, бас өөрийн мөн чанар, мэдрэмж, зан авир, оюун санааны сайн муу талыг нүүр царайныхаа сайхан муухайгаас илүү олж харж чадах байсан болов уу даа. Энэ бүхэн бол нүднээ ил харагддаг зүйл биш бөгөөд хүн тэр бүгдийг олж хардаггүй. Тэр бүгдийг тусган харуулах толь ч гэж байхгүй. Хүн нийгмийн дунд орсноороо л дотоод сэтгэлээ нээн харах тольтой болж, зан авир, сэтгэл хөдлөл, оюун санааныхаа сайн муу бүхнийг тэндээс олж хардаг болой.
Нэг ч бие хүн нийгмийн харилцааны энэ системээс гадна хөгжиж чадахгүй. Тэрээр зөвхөн нийгэмд л өөрийнхөө хэрэгцээг хангаж, ашиг сонирхлоо хамгаалж, тавьсан зорилгодоо хүрч болно. Хувь хүний бодит нийгэмшлээс улбаатай тэрхүү ашиг сонирхол нь хувь хүний өорийнх нь зан төлөвийн хөдөлгөгч хүч болж, гагцхүү “дотор хүнийх” нь (энэ нь нэг ёсондоо дотоод ёс зүйн мэдрэмж юм) хүч хэр зэрэг байгаагаар л хэмжигдэж байдаг.
Энд ашиг сонирхлын мөн чанар, үйл ажиллагаа явуулж буй субъектын зүгээс түүнийг таньж мэдэх аргын тухай гэсэн нэгэн ерөнхий суурь онолын асуудал байх.
Ашиг сонирхол ба хөрөнгө мөнгө
Хувь хүний ашиг сонирхол янз бүр байж болно. Нэг нь их хөрөнгө мөнгөтэй болж баяжих сонирходтой байхад нөгөө нь албан тушаал, алдар хүнд олох бодолтой байдаг. Зарим нэг нь ердөө цол хэргэм, одон медальтай болж бусдаар хүндлүүлэх зорилготой байх. Гэвч олонхи тохиолдолд хүмүүст хөрөнгө мөнгөний сонирхол яалтчгүй давамгайлах нь бий.
Хүмүүн төрөлхтөн үүсч хөгжсөн олон мянган жилийн түүхэндээ эд баялгийн өндөр дэвшилд хүрсэн боловч ёс суртахууныхаа хөгжлийн хувьд Гесиодын үеэс өчүүхэн төдий ч ахиц гараагүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Мөнөөх Гесиод гэгч нь хүн төрөлхтөн Алтан үеэсээ хойш бие махбодийн болон ёс суртахууны хувьд гундан буурах тавилантай гэж бүр МЭӨ 430-аад онд бичиж байжээ [Антология мировой философии, Москва, 1969, х. 53].
Тэд маань төрөлхийн л labula rasa (эвдэрсэн амьтад) аж. Учир нь хүмүүс хөрөнгө мөнгийг дээдэлсээр, түүнд дөрлүүлсээр байна. Тэрхүү мөнгө гээч зүйл нь үнэн хэрэгтээ бол ердөө хүн гэдэг хоёр хөл дээрээ явагч залхуу амьтныг хоолонд нь хүргэх, ажил хийлгэх хэрэгсэл ажгуу.
Хүн өөрийгөө болон өрөөл бусдыг хөдөлгөхийн тулд энэхүү мөнгө хэмээх багаж хөшүүргийг бүтээжээ. Мөнгийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг банк гэдэг байгууллагыг бас бүтээсэн аж. Зарим хүмүүс хөдөлмөр мөнгийг бий болгосон гэж үздэг. Үнэн хэрэгтээ мөнгө хөдөлмөрийг бий болгодог гэлтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө анхдагч, хөдөлмөр хоёрдогч болой. Нэг талаар нийгэмд буй үй олныг хөдөлмөрлүүлэхийн тулд, нөгөө талаар тэдний ашиг сонирхлыг хангахын тулд зах зээлд мөнгө нийлүүлдэг. Харин эдийн засгийн харилцаанд оролцогчдын ашиг сонирхлын ерөнхий тэнцвэржилтийг барих, ер нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг хэрхэн тогтоох нь дараагийн асуудал болно. Бид мөнгө, хөдөлмөр хоёрын харилцан нийлүүлэлтийн үр дүнд үүссэн мөнгөний ханшийг тогтвортой байлгаж дөнгөхгүй бол зах зээлд оролцогчдын ашиг сонирхлын зөрчлийг хурцатгах бөгөөд тэр нь мөргөлдөөн болж хувирах магадлалтай.
Хувь хүн л өөрийн тодорхой эрх ашгийг эрэлхийлж томоохон системийг ажиллуулж байдаг. Иймд бид эдийн засгийн нэгжүүд, тухайлбал үйлдвэр, компанийг бүхэлд нь ажиллуулах сэдэл тэмүүллийн хүч болдог хувийн ашиг сонирхолд зохих анхаарал тавихгүйгээр нийгмийг хөгжүүлэх аргагүй.
Дашрамд дурьдахад бидний байгуулахаар зорьж байсан социализм коммунизмын амжилт олоогүй гол шалтгаан бол хүний жам ёсны ашиг сонирхлыг үгүйсгэсэнд оршино. Коммунист нийгмийн оршин суугчид нь олигтой хөдөлмөрлөөгүй, хүн шиг хөдөлмөрлөх арга ч үгүй байв. Тэдний олонхийг хувьсгалт уриа лоозонгоор хөдөлгөж дөнгөхгүй байлаа. Нийгмийн баялгийг иргэдийнхээ дотоод ашиг сонирхлыг өдөөн дуудах замаар бус төрийн албадлагын механизмаар бүтээх нь үнэхээр бэрхтэй байв. Иймээс ажил хөдөлмөрийг бараг л ял гэж үздэг байсан. Эцэст нь бид аргагүйн эрхэнд нийгмийн байгууллаа солиход хүрсэн билээ.
Харин одоо бидний шилжиж буй “капитализм” хэмээгдэх тогтолцоонд гол цөм нь эд баялаг хуримтлуулах эрэл хайгуул хийгч бизнесийн хүн бөлгөө.
Хувийн ашиг сонирхлын сүр хүч
“Бид чинь мах бэлтгэгч юмуу шар айраг исгэгч эсвэл талх баригчийн ач буянаар биш, харин тэдэнд өөрийн гэсэн ашиг сонирхол байдаг учраас л бид хоолтой, ундтай байдаг юм. Тэд хүмүүнлэгийн үүднээс биш харин өөрсдийн төлөө, өөрсдөдөө хайртай учраас үүнийг хийдэг”. Энэ үгийг эдийн засгийн шинжлэх ухааны эцэг Адам СМиТ хэлсэн юм. Смит энэхүү алдартай үгэндээ эдийн засгийн байгууллуудын хувийн ашиг сонирхлын үндэс суурийн тухай гол таамаглалаа илэрхийлжээ.
Аливаа зах зээл аугаа их ашгаа хамгийн ойр дөт байгаа хэн бүхэнтэй хуваалцдаг бөгөөд үүний тулд ашиг сонирхол байх нь хамгийн чухал. Бие хүний ашиг сонирхол нь зах зээлийн системийг өргөжүүлэх, үр дүнтэй-ажиллуулах сэдэл тэмүүллийн хүч болдог. Үндэстнүүдийн баялаг-аас эхэлсэн сонгодог эдийн засгийн ухаан нь эдийн засгийг хувь хүмүүсийн ашиг сонирхол, үйлдлийн цогц үр дүн гэж үздэг. Өргөн утгаар нь авч үзвэл чөлөөт зах зээлийн нөхцөлд хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүс өөр өөрийн ашиг сонирхлыг урьдал болгон ажиллаад ирэх үед нийгмийн сайн сайхан байдал бүхэлдээ сайжирдаг аж. Энэ нь яах аргагүй хувийн ашиг сонирхлын сүр хүч болой.
Фридрих Хаекийн үгээр бол манай энэ ертөнц гагцхүү хүн хувийн сонирхолтой байвал ажилдаа удаан хугацааны турш хамаг хүслээ зориулж болохоор зохиогдсон байна. [Хаек.Ф.А, Боолчлогдох зам, УБ. 2004]
Зах зээлийн эдийн засгийг тухайн хувь.хүмуүс буюу зохион байгуулагдсан шийдвэр гаргагчдын таалалд нийцүүлсэн эцсийн үр дүнг эмхлэх зориулалт бүхий нарийн зохион байгуулалттай эрх мэдлийн нөлөөлөлд өгч буй хариу гэхээсээ илүү маш олон тооны хувь хүмүүсийн ашиг сонирхол, тэдгээрийн үйлдлүүдийн үр дүнгийн харилцан шүтэлцээ бүхий системчилсэн хүчин зүйлсийн үзүүлж байгаа нөлөөлөлд өгч буй хариу гэж үзэх хэрэгтэй. Өрсөлдөөнт зах зээлийг ийнхүү авч үзэхэд тэрбээр ашиг сонирхлын хэлбэрээр “үнэн бодит мэдээллийг дамжуулах” маш үр өгөөжтэй тогтолцоо мөн. Эдгээр ашиг сонирхлууд нь эдийн засагт, цаашлаад нийгэмд гарч байгаа өөрчлөлтийн тухай мэдээлэл дамжуулахаас гадна “тухайн мэдээлэлд зохих хариу өгөх хөшүүрэг” болж өгдөг.
Хувийн сонирхлоо дээдлэх нь хүн үрГэлж хар амиа бодож байдаг, бусдын талаар огт анхаардаггүй гэсэн үг бас биш. Адам Смит гайхалтай сайхан тайлбарласанчлан, хувийн ашиг сонирхол хүнийг бусдад үйлчлэхэд ихэнхидээ хүргэдэг. Минийхээр бол чөлөөт зах зээл бол бусдын хүсэж буй зүйлийг бий болгох замаар баяжих гэсэн хүмүүсийг урамшуулдаг төдийгүй өөрийн хүсэж буй зүйлийг бусдаас зүгээр авах гэсэн амиа бодсон жижигхэн байдалд гом саад болдог тогтолцоо юм.
Хүн өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд бусдад үйлчилж, бусдын хүсэж байгаа зүйлийг бий болгож буй нь нийгмийн ашиг сонирхлыг бодит санаа бодлоосоо илүү их бүтээлтэй дэмжиж байдгийн илрэл болов уу. Ер нь бид өөрсдийгөө бодит байдал дээр өөрсдөдөө хэрхэн хандаж буй байдлаар бус харин бусдад яаж хандаж байгаагаар авч үзэх ёстой. Тэгвэл биднийг зах зээл урамшуулах нь гарцаагүй. Харин хэн нэгэн нь бусад ажил олгогчдоос хулгайлан, эсхүл хэрэглэгчдийг хуурч мэхлэх замаар эд материалын хувьд гаргасан амжилт нь ёс суртахууны хувьд амжилт биш нь тодорхой.
Бидний анхдагч сэдэл тэмүүлэл нилээд аминцар шинжтэй байж болох боловч түүнийг нийгмийн ухамсартай хувийн ашиг сонирхлын үүднээс нягтлан үзэж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь нийгэмшсэн хүний өөрийн гэгээрсэн ашиг сонирхол байх учиртай. Хувийн ашиг сонирхлыг нийгэмшүүлэх гэдэг нь зохисгүй зан авирд хууль эрх зүйн үүднээс хяналт тавих болон хувь хүний дотоод сэтгэлээс үүдэн гарах ёс зүйн зохистой хэм хэмжээг боловсруулах зэргээс бүрддэг.
Хувийн ашиг сонирхол болон хүний мөсийн хооронд айхтар хурц зөрчил алга байна. Мэдээж хэрэг, дэг журамгүй, хууль бус бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй-бол ашиг олохын төлөө хөөцөлдөхөд буруудаад байх юм байхгүй. Түүнчлэн бид хувийн эдийн засгийн ашиг сонирхолд анхаарлаа илүү их хандуулдаг нь (энэ бол амьжиргааны түвшнээ сайжруулах явдал хэмээн бидний нэрлэдэг хүний амьдралын аугаа их зорилго мөн) бидний ёс зүйн хэм хэмжээний мэдрэмжээс нэг их ялгаатай бус байдгаас л тэр. Бид ядуурлаас зайлсхийж, баян чинээлэг байх арга замыг эрэлхийлдэг нь бусдын санаа бодлоос шалтгаалах зүйл биш.
Хувийн хэвшилд ажиллагсдын ашиг сонирхлыг зах зээл зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, тэнд болж буй ашиг сонирхлын үй олон мөргөлдөөнийг чөлөөт зах зээл нэг тийш болгож байдаг. Ямар ч их хүч чадалтай эзэнт гүрэн, хаад ноёдын шийдвэрлэж дөнгөхгүй тийм их зөрчил, мөргөлдөөнийг зах зээл зохицуулж байдаг болой. Зах зээлийн тогтолцоо ийм гайхамшигтай зохицуулагч шинж чанартай ажгуу.
Төрийн алба ба хувийн сонирхол
Хувийн хэвшлийнхэн хувийн сонирхолд хөтлөгддөг, харин төр засаг, түүний түшмэд нийтийн сонирхлыг урьдал болгодог гэж манай боловсролын систем бидэнд сургадаг. Харин Нобелийн шагналт эдийн засагч Жэймс Букканан болон Гордон Туллокийн нийтийн сонголтын онол нь түшмэл, улс төрч ч гэсэн бидний нэгэн адил хувийн сонирхолтой байдаг гэж нотолсон байх юм. Нийтийн сонголтын онол нь зах зээлийн өрсөлдөөнд хувийн ашиг сонирхлыг дээдэлсэн зан төлөв эерэг үр дүнтэй байдаг атал энэ зан төлөв улс оронд яагаад халтай байдгийг харуулдаг.
Нобелийн шагналт өөр нэг эдийн засагч Милтон Фридман: “Засгийн газрыг авч яваа хүмүүс бидний л адил хүмүүс. Хэрэв бид зөв хүмүүсийг Засгийн газарт сонгох замаар байдлыг засна гэж бодох юм бол алдаа болно. Бид зөв хүмүүсээ сонголоо ч тэд маань Вашингтонд очоод буруу зүйл хийгээд эхэлнэ. Та ч тэгнэ, би ч тэгнэ. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд ямар нэг их онцлог зүйл байгаа юм биш. Анхаарвал зохих зүйл нь харин бид хувийн амьдралдаа, тэд засгийн ажилдаа аль аль нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байдагт оршино. Армен Алчианонсын голыг нь олж хэлснээр: “Хүн бүрт бүрэн найдаж болохоор баталгаатай нэг чадвар бий. Тэр нь өөрийнхөө ашиг сонирхлыг бусдынхаас дээгүүр тавих чадвар юм”. Энэ үг засгийн албаны хүмүүст ч хамаатай” гэжээ. [Эдийн засгийн эрх чөлоө, хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө., Милтон Фридманы Нью Йорк хотод хэлсэн Үгээс, 1990 он]
Тэгэхлээр бидний үе үе ярих дуртай “Улс төрчид, засгийн төлөөлөгчид юуны түрүүнд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх, дараа нь нам, бүлгийнхээ, түүний дараа гэр бүл, найз нөхдийнхөө, хамгийн сүүлд нь гон бие, гозон толгойнхоо зрх ашгийг тавих” гэдэг нь худлаа болж таарахнээ. Тийм юм бол нөгөө “үндэсний амин чухал” эрх ашгаа яаж зохицуулах болж байнаа.
Хувийн ашиг сонирхолд сайн тал ч, бас муу тал ч байна. Сайн тал нь хувийн хэвшилд, муу тал нь улсын хэвшил буюу төр засгийн үйл ажиллагаанд илэрч байна. Төрийн дээд удирдагчдын дунд хувийн ашиг сонирхлоо умартдаг ганц хоёр туйлын их идеалист, альтурист (бодь сэтгэлтэн) байж болно. Даанч засаг төр маань тэр чигээрээ зөвхөн бодь сэтгэлт түшмэдээс бүрдэх магадлал өчүүхэн бага.
Дашрамд тэмдэглэхэд төр гэдэг маань одоо манай Монголд тэртээ ХVIII зуунд Фридрих Бастиагийн хэлсэнчлэн бусдын хөлс хүчээр амьдрахыг хичээж байдаг хүмүүсийн амьдрах арга зам болсон асар том газар болоод байна. Монгол түшмэдийн хувийн ашиг сонирхол нь “төрийн эрх зүйг” гартаа оруулж “захиргааны зах зээл”- ийг бий болгожээ. Арилжааны зах зээл эрсдэлтэй байдаг бол харин захиргааны зах зээл эрсдэлгүй, хамгийн их ашиг орлоготой салбарт тооцогдож байна.
“Захиргааны зах зээл” гэдгийг төрийн албан хаагчдаар дамжин хийгдэж буй төрийн эрх зүйг (лиценз зөвшөөрөл, эрхийн бичиг, төрийн үйлчилгээ г.м.) борлуулах хууль бус наймаа гэж ойлговол зохино.
Бастиа мөн “Төрийн албанд буй хүн энэ арчаагүй хүслээ бүгдээс, тэр ч бүү хэл өөрөөсөө ч нууж байдаг” гэж хэлсэн нь харин монголын хөрсөн дээр буухдаа эсрэгээр эргэж төрийн түшээд, түшмэд маань нөгөө арчаагүй, далд хүслээ өөрөөсөө байтугай өрөөл бусдаас ч нуухаа байжээ. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхол, тэр дундаа хөрөнгө мөнгөний сонирхол тэдэнд хүчтэй үйлчилж байна. УИХ- ын гишүүд нь улсынхаа хуучин ерөнхийлөгчтэй хамтраад үндэстнийхээ хамгийн том нүүрсний ордыг авчихаад гадныханд худалданаа гээд сууж байх жишээтэй.
“Багц багц мөнгөөр баялгаа худалдсан ноёд” гэдэг ардын дууны үгийг манай үеийнхэн эрт дээр цагт иймэрхүү юм байж дээ хөөрхий гэж ойлгох нь бий. Г этэл энэ нь XXI зуунд ч байсаар.
Түшмэд хувийн ашиг сонирхлоо янз бүрийн аргаар хэрэгжүүлдэг. Үүнд мөнгө төгрөг, эд бараа авах, үйлчлүүлэх давуу эрх олох. Эдгээрийг олж авахдаа мөн олон янзын арга саам хэрэглэдэг. Шууд ба шууд бус, тойруу ба тойруу бус арга зам. Хуурамч, зохиомол нөхцөл байдал бий болгох нь ч байдаг. Түшмэд бас өөрийг нь оосорлохын төлөөх “өрсөлдөгчдийн” анхааралд өртөхийг хичээнэ.
Бизнес эрхлэгч бол өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эдэлж хэрэглэхээ хасаж байж баяждаг бол төрийн зарим түшмэл харин бусдын хөдөлмөрийг сорж, бизнесч хүний хувийн сапаачлагыг боогдуулах тусмаа улам баяждаг байна. Тэд бизнес эрхлэгчдээс өө сэв хайж байдаг, эрснээ олбол түүнийг яаж ашиглахаа мэднэ. Тэр үед жинхэнэ ажиллаж эхэлнэ дээ. Хоол иднэ, архи ууна, мөнгө нэхнэ…
Хувийн ашиг сонирхолдоо хэт баригдсан этгээдүүд өөрийн чаргалж буй байгууллагаа хэсэг хэсгээр нь тонодог. Тэгэж тоносоор байгаад байгууллагаа бүхлээр нь өөрийн өмч болгоод авчихсан тохиолдол манайд зөндөө бий. Зарим нь бүр давраад төрийн шагнал, одон медаль туучихна.
Дээрэмчин, малын хулгайч, алуурчид, эрхтэн дархтан бүгдээрээ амьдрах гэж оролдож байгаа. Вампир ч гэсэн эдийн засгийн сонголт хийж байна. Цус сорох нь өөрийн чоол хүнсний өвөрмөц хэрэгнээгээ хангах хамгийн бага өртөгтэй арга юм.
Арга хэмжээ
Хувийн хэвшилд ажиллагсдын ашиг сонирхлыг чөлөөт зах зээл зохицуулж байдаг бол харин улсын хэвшилд ажиллагсдын хувьд тэдний хувийн ашиг сонирхлыг хэн яаж зөхицуулах вэ. Шүудхан хэлбэл түүнийг төр хариуцаж, ард түмэн хяналт тавих учиртай.
Засагт ажиллах хүмүүсийг хувийн ашиг сонирхлоо нийтийнхээс дээдлэх явдлыг хэрхэн хязгаарлах вэ?
- Юуны өмнө Засаг төрийн үйл ажиллагааг олон түмэн, хэвлэл мэдээллийнхэнд бүрэн нээлттэй болгох шаардлагатай.
- Байдлыг өөрчлөх сайн зам бол засаглалын бүтцийг өөрчилж, засгийн газрын мэдэлд ажиллагсдын тоог бууруулах явдал юм.
- Засгийн газрын байгууллагууд, түүний албан хаагчдын үйл ажиллагааг улам бүр хуульжуулах, дүрэмжүүлэх. Өөрөөр хэлбэл, юуг яаж хийхийг төрийн эрх мэдлээр далайлгагчдад тодорхой зааж өгөх, тэдний алхам бүрийг хуулиар “хүлэх”. Айн Рэндийн онож хэлснээр “Төр бол зөвхөн хуулийн удирдлагаар хөдөлдөг нүүр царайгүй роботтой л адилхан байх ёстой” [Рэнд А., Капитализмыг өмөөрөх нь, УБ. 2005, х. 133].
- Засгийн газраас хувийн хэвшилд олгодог лиценз зөвшөөрлийг хумих.
- Албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллээ ашиглахыг хориглох. Эрх мэдэлтэй хүн мэдээлэлд илүү ойрхон байх бөгөөд мэдээллийг өөрийн хувийн ашиг сонирхолд ашиглах бололцоотой байдаг. Үүний нэг жишээ бол Монголын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын түшмэд албаны мэдээллээ ашиглан хамгийн чухал эрдэс баялгийн лицензийг өөрсдөдөө болон бусад эрх мэдэлтнүүдэд олгосон явдал юм. Ганцхан цагийн дотор 52 лиценз авсан байх жишээтэй. Түшмэдийн ойлголтоор лиценз гэдэг бол бөөн сул мөнгө. Бөөн мөнгө олохын тулд тэд газар шороогоо гадныханд худалдахаас буцдаггүй.
- Түшмэдийн орлогын мэдүүлгийг хянах. Хувийн ашиг сонирхлыг хязгаарлах, авилгалаас урьдчилан сэргийлэх нэгэн чухал нөхцөл нь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн зохицуулалт юм. Энэ талаар итгэл төрүүлж буй нэг зүйл бол саяхан батлагдсан Авилгалын эсрэг хуулийн заалт бөгөөд энэ нь хэрэгжвэл үнэхээр суурь өөрчлөлт авчирна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ил болгож зарласнаар олон нийт болон иргэний нийгмийн хөндлөнгийн хяналт тавих бололцоо бүрдэх ба улмаар Авилгалтай тэмцэх газрын мэдүүлгийн үнэн зөвийг хянан шалгах чиг үүрэгт дээрх хөндлөнгийн хяналт нь хувь нэмэр болох юм. Харин хөрөнгө орлогоо м эдүүлэх төрийн албан хаагчдын жагсаалтанд төрийн оролцоотөй аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын захирал чүртэл хамаарагдах нь зүйн хэрэг.
- Улсын хэвшилд ажиллагсдын цалинг “амьжиргааны энгийн хэрэгцээг хангах” хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх. Амьжиргааны энгийн хэрэгцээг хангах гэдгийг бусдын “гар” харахгүйгээр амьжиргаагаа залгуулах гэж ойлговол зохино. Хүн амьдрал, үйл ажиллагааны илүү их бололцоотой болохын тулд мөнгө олохыг эрмэлздэг. Учир нь орчин үеийн нийгэмд чухамхүү мөнгөн орлого л хүний бололцоог хязгаарлах үндсэн хэлбэр болж байна. Мөнгөгүй бол алив субъектын (улс орон, байгууллага, хувь хүн) бололцоо нэг талаар боогдмол болой. Хийх ажлаа сонгож, амьдралд хүрэлцэхүйц цалин авч, өөрийгөө болон гэр бүлээ тэжээж чадаж байгаа пөхцөлд л тухайн бие хүн, түүний гэр бүл жинхэнэ эрх чолөөг эдэлнэ. Хэрэв үгүй бол тэрбээр хувийн ашиг сонирхлынхоо “дуулгавартай зарц” байх болно.
- Засгийн газрын байгууллагууд, түүний түшмэдийн эрх мэдлийг хязгаарлах. Лорд Эктон “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэж бидэнд анхааруулсан билээ.
Эрх мэдэл хийгээд ашиг сонирхол
Хүмүүний хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд ихээхэн хүч дэм болох зүйл бол эрх мэдэл болой. Эрх мэдэл гэдгийг бид ихэвчлэн хүний амьдралын үйл ажиллагааны аль хүрээнд (төр, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, гэр бүл гэх мэт) илэрч байгаагаас үл шалтгаалан ямагт захирах, захирагдах харилцаа лугаа холбоотой байх мэт ойлгодог.
Үнэхээр ч эрх мэдэл нийгмийн үйл явцтай хамт төрж, нийгмийн үүргээ гүйцэтгэхийн чухал нөхцөл болдог тал бий. Энэ бол эрх мэдэл байх, түүнийг албадлагын чанартай үр дагавар дагалдах нь зүйн хэрэг гэсэн үг. Гэхдээ энэ нь эрх мэдлийг зөнд нь орхи гэсэн үг бас биш.
Зарим нэг монопол эрхийг төр засаг эзэмшдэг билээ. Засгийн төлөөлөгч бол засгаас олгосон тодорхой эрх мэдэлтэй байдаг. Эрх мэдэл гэдэг бол нэг ёсны зэвсэг. Зэвсэг бүхий хүнд илүү тодорхой, нарийн хууль дүрэм үйлчлэх учиртай. Эрх мэдэлтэй болон эрх мэдэл байх, түүнийг албадлагын чанартайүр дагавар дагалдах нь зүйн хэрэг гэсэн үг. Гэхдээ энэ нь эрх мэдлийг зөнд нь орхи гэсэн үг бас биш.
XX зууны Г ерманы агуу их нийгэм судлаач Макс Вебер эрх мэдлийг хуульчлах нь чухал гэдэг талаар ихээхэн хэлж ярьж байсан. Түүний хэлснээр эрх мэдлийн аль ч тогтолцоо нь “өөрийгөө хууль ёсны гэсэн итгэл төрүүлж төлөвшүүлэхийг эрмэлздэг” аж. [Weber M., Economy and Society, New York. 1968]
Түшмэл нь төрийн эрх мэдлээр далайлгаж байгаад хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж болох учраас түүнд онцгой хандаж буй хэрэг юм. Хүний ажил үйлст эрх мэдэлд дурлах, мөнгөнд дурлах гэсэн хоёр тэчьяадал л хүчтэй нөлөөлдөг гэж тэртээх XVIII зуунд Бенжамин Франклины хэлсэн үг оргүй зүйл биш ээ. Эрх мэдэлгүй бол тэр хүн бусдын адил л иргэн. Хангалттай эрх мэдэл, хүч чадалтай болж авсан хүн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдвөл үр дүн нь нийгэмд ихээхэн хор уршигтай байж мэднэ.
“Эрх баригч түшмэд өөрийн ашиг сонирхлыг хэм хэмжээ болгон хувиргадаг төдийгүй уг сонирхлыг хуваалцдаг нийгмийн тодорхой бүлгүүд тэдэнтэй холбоотой байдаг” тул эрх мэдлийн тогтолцоог ямагт хянаж, хязгаарлах зайлшгүй шаардлагатай. [Dahrendorf R., Essays in the Theory of Society, Stanford, СА, 1968. х. 145]
Өргөн утгаар нь авч үзвэл эрх мэдэл гэдэг нь үр нөлөөтэй үйлдэл хийх хэрэгсэл, нөлөө үзүүлэх чадамж юм. Гэвч зарим хүмүүс эрх мэдлийг бусдад дарамт шахалт үзүүлэх, бусдыг оөрийн хяналтанд байлгаж, тэднийг өөрийн ашиг тусын тулд ашиглах хэрэгсэл гэж үздэг. Эрх мэдлийн иймэрхүү тодорхойлолт нь түшмэдийн төрх байдлын чиг баримжаа болбол энэ кь зайлшгүй хор хөнөөлтэй мөргөлдөөнд хүргэнэ. Учир нь гэвэл, юун түрүүнд харилцаанд хамаарах талуудын аль нэг нь үнэн хэрэгтээ эрх чөлөөгүй болж, нөгөө галаас хараат байдалд орно.
Эрх мэдэл араасаа мөнгө хөрөнгө дагуулах гээд байдаг. Бусдын шударга хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө мөнгийг зөвхөн эрх мэдлээ ашиглан авах нь шударга бус үйл хэрэг. Тэрээр төрөөс өөрт нь итгэж өгсөн эрх мэдлийг ашиглан хөрөнгө мөнгө олох замаар өөртөө эрх чөлөө бий болгож байна. Энэхүү эрх чөлөө бол бусдын эрх чөлөөг хууль бусаар хязгаарлаж бий болсон зүйл. Тодруулж хэлбэл бусдын эрх чөлөөг дээрэмдсэн гэсэн үг. Төрийн төлөөлөгч, эрх мэдэлтэн маань ёстой нөгөө Фридрих Хаекийн хэлсэнчлэн хүмүүст бурхнаас заяагдмал эрх чөлөөг нь булааж аваад өөрөөсөө “бэлэглэдэг” аж. Тэрхүү бэлгийг өгсөн “буянтай” гараа олон түмэн, хэвлэл мэдээллийнхэнд байнга харуулахыг оролдох бөгөөд харин иргэдийн эрх чөлөөг хумсалсан “бохир” гараа харуулахгүйг хичээнэ.
Иймд эрх мэдлийг хуулиар хязгаарлах нь түүнээс үүсэх элдэв бусармаг зүйлийг сарниулдаг юм. Уг нь зах зээлийн тогтолцоо нь хэн нэгний хүсэл тэмүүллийг бусад хүмүүст тулгах, тэдний сонголтыг хүчээр хязгаарлах эрх мэдлийг хазаарладаг, түүнтэй үл зохицдог мөн чанартай билээ. Тодруулж хэлбэл, зах зээлийн тогтолцоонд зөвхөн эрх зүйт төр л тохирно. Эрх зүйт төр л өөрийн эрх мэдлээ хязгаарлах механизмыг бий болгох чадвартай.
Ашиг сонирхлын дотоод зөрчилдөөн
Хүмүүс ашиг сонирхлын зөрчил гэдэг нь гадагшаа хандсан шинж чанартай буюу хүн бусад субъекттэй зөрчилдөнө гэж ойлгодог. Хэрэв ашиг сонирхлын зөрчил нь хүмүүс, бүлгүүдийн харилцаанд илэрч байвал тийм үзэгдлийг “мөргөлдөөн” хэмээх ойлголтод хамааруулна. Субъектүүдийн хоорондын зөрчлийн илрэл бол мөргөлдөөн юм.
Товчхон хэлбэл мөргөлдөөн бол хоёр буюу түүнээс дээш бие хүн, эсвэл бүлгүүд бие биедээ тодорхой зорилгод хүрэхэд нь саад хийх, өрсөлдөгчдөө өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломж өгөхгүй байх, эсвэл тэдний үзэл бодол, нийгмийн байр суурийг өөрчлөх боломжийг идэвхтэй эрж сүвэгчлэх үйл явц юм. Харин бие хүний дотоодод явагдаж буй зөрчилтэй бодол санаа, хүсэл эрмэлзлэлийг сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн гэнэ.
Бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн бол нийгмийн харилцаанаас улбаатай бөгөөд заримдаа түүнийг нийгмийн мөргөлдөөний олон хэлбэрийн нэг гэж үзэх нь бий. Өмнөх үеийн цөөнгүй сэтгэгчид зөрчил, мөргөлдөөн хүний дотоодод оршдог бөгөөд хүн өөрөө нийгмийн мөргөлдөөний гол тээгч юм гэж баталдаг нь дээрхтэй холбоотой.
Бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн бол хүний “би”- гийн янз бүрийн талуудын хооронд, түүний хүсэл тэмүүлэлийн хооронд, одоогийн хэрэгцээ ба багаас нь хэвшсэн хэм хэмжээ, үнэт зүйлс хооронд явагддаг зөрчилтэй үйл явц юм. Тийм терлийн зөрчилдөөнд “та юуг хүсч байна ба юуг хүсэхгүй байна хоорондын”; “юу байна ба юуг байлгахыг хүсч байна хоорондын”. “та хэн бэ ба хэн байхыг хүсч байна хоорондын” зэрэг зөрчилдөөнийг хамруулж болно. Өөрөөр хэлбэл, бие хүний дотоод зөрчилдөөн нь ямагт бие хүний ухамсар дахь эсрэг тэсрэг хоёр хандлагын тэмцэл байдаг. Үүнийг амтат бялуугаа идэх ч хэцүү, хадгалах ч бүр хэцүү байдалтай байгаа хүүхдийн сэтгэл эүйтэй зүйрлэж болно.
Бие хүний аливаа дотоод зөрчилдөөний үндэс нь сонголтын асуудал болой. Харилцан бие биенээ үгүйсгэсэн хүсэл тэмүүлэл нь дилемм (хоёроос нэгийг нь сонгох) бие хүний дотоод зөрчилдөөнийг төрүүлдэг. Ийм үзэгдэл төрийн гүшмэлийг тойрч гардаггүй аж. Яг л Гётегийн алдарт Фаустад тохиолдсон лугаа адилаар төрийн түшмэлийн буянтай цээжин дотор хувьдаа мөнгө олох хүслэн, төрдөө зүтгэж хүндлэл олох хүслэн хоёрын зөрчилдөөн нэгэн зэргээр оволздог байна. Байгаль орчны сайд нь хувийн алтны уурхайгаа ажиллуулах ч хэцүү, хурмастын гол, мөрнөө хамгаалах ч хэцүү байна даа. “Ээ дээ! Хоёр сэтгэл цээжин дунд нь эргэлдээд хоорондоо таарахгүй байхыг нь яана”. [Гёте, Фауст]
2005 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн судалгааны тайланд “Бараг бүх шатанд ашиг сонирхлын зөрчилдөөн тодорхой салбар болон системийг бүхэлд нь хамарсан шинжтэй болсноор улсын ба хувийн хэвшлийн хоорондох зааг хязгаар нилээд бүдгэрсэн байна” гэж онцлон тзмдэглэснийг энд дурьдахад илүүдэхгүй болов уу.
Төрийн албанд буй түшмэлийг ашиг сонирхлын зөрчилдөөнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх нэг арга бол гүүнийг хуулиар зохицуулах явдал юм. Ихэнхи орнууд уг асуудлыг бие даасан хуулиар зохицуулдаг бөгөөд зарим улс авилгалын эсрэг хуулиндаа тусгай бүлэг болгон оруулсан байна. Төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлт болон бусад үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тэрхүү хуулиндаа маш тодорхой заадаг аж. Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг өөр бусад ажил эрхлэх, хавсрах, хоршоо компани зэрэг байгууллагын төлөөлөя удирдах зөвлөлийн гишүүн, эсвэл удирдлагад байх зэргийг хориглодог.
Бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдрөн нь бусад аливаа мөргөлдөөний нэгэн адил “хоосон газар”-т үүсдэггүй. Бие хүний дотоод зөрчилдөөн нь нийгэм, байгууллага, бүлэг дэх бие хүний статусаар үүсдэг гадаад шалтгаантай. Эдгээр шалтгаан нь өөрөө ниигмиин макросистемиин түвшимд үүсч, нийгмийн байгуулал, түүний улс төрийн тогтолцоо болон эдийн засгийн амьдрал дахь зөрчлүүдтэй холбоотой байдаг. Хүн өөрөө нийгмийн хэсэг болохын хувьд түүний ухамсар, сэтгэл зүйн дотоод ертөнцийн учир шалтгаан болдог нийгмийн мөргөлдөөнт харилцааны бүхэл бүтэн системээс “мултран гарч” чаддаггүй.
Дашрамд хэлэхэд, манай орон зах зээлийн эдийн засгийн замд ороод удаагүй байгаа учир бидний хувьд зах зээлийн харилцааны нөлөөлөл болон бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдөөний үүсэл, хөгжил нь бүрхэг асуудал юм. Уг асуудал үндэсний бүтээлд шаардлагатай хэмжээнд судлагдаагүй тул бид эдийн засгийн ардчиллын замд эрт орсон бусад орнуудын судалгаанд анхаарлаа хандуулах шаардлагатай.
Төгсгөлд нь эргэцүүлэхэд
Эдийн засгийн хөгжил хүндрэл бэрхшээлтэй болох тусам төрийн түшмэд эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрүүлэх гэж оролдцог, эрх мэдлээ нэмэгдүүлж төвлөрүүлэх тусам эдийн засаг улам хүндрэл бэрхшээлтэй болдог. Өөрөөр хэлбэл, “баялаг болон амжилт олох зам эрх баригчдын гудмаар дайрч өнгөрөх” тусам байдал муудцаг байна. Харамсалтай нь энэхүү зүй тогтлыг эрх мэдэлтнүүд мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй юм. Зарим онолчид эдийн засгийн үйл хэрэгт засгийн газрын зохих үүрэг нь юу ч хийхгүй байх явдал буюу “аж ахуй эрхлэгчдийг зөнд нь орхичих” хэмээх laissez faire зарчим бөгөөд учир нь засгийн газрын үйлдэл нь эрэлт нийлүүлэлтийн хуульд саад болдог, ингэснээрээ үндэсний хөгжил цэцэглэлтийн зорилгын эсрэг өөрийн эрхгүй ажиглаад эхэлдэг тул бизнес эрхлэгчид, компаниудыг үйл ажиллагаагаа өөрсдөө мэдэж авч явахад нь итгэсэн нь хамаагүй дээр хийгээд зах зээлийн чөлөөт өрсөлдөөн хувийн хэвшлийн системд хангалттай зохицуулалт хийдэг, төр өөрийн хүч, эрх мэдлээ нэмэгдүүлэх төрөлхийн чанарын улмаас л эдийн засгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, ийнхүү оролцох нь онцын шаардлага ч үгүй, бүр хор хөнөөлтэй байдаг гэж үздэг.
Гэвч Жон Стюарт Миллийн хэлснээр “Төр бол зайлшгүй бнйх ёстой муу зүйл” билээ. Үүнийг үл дэлгэрүүлэн өгүүлэхэд хүмүүний нийгэм хэмээх аугаа том шатрын хөлөг дээр энгийн бодгаль бүхэн өөрийн гэсэн ашиг сонирхол, үйл хөдлөлийн зарчимтай байдаг. Засгийн газрын бодлого бие хүний хувийн ашиг сонирхолтой давхцсан үед “хүний нийгмийн тоглоом” тэг бус нийлбэртэй буюу хэн хэн нь хожсон, төгс төгөлдөр байдлаар үргэлжлэх болно. Харин тэр бүгд эсрэг тэсрэг юмуу ихээхэн ялгаатай байх аваас тоглоом шальтай үргэлжилж чадахгүй бөгөөд нийгэм бүхий л цаг хугацаанд ихээхэн эмх замбараагүй байдалтай байх болой.
Эцэст нь тэмдэглэхэд алив бие хүн “юуны өмнө бусдаас илүү өөрийнхөө төлөө илүү их санаа тавьдаг нь бодит зүйл боловч” тэрбээр өөрийгөө гэсэн энэ хандлагын хэтийн төлөвийг ганц удаа боловч эргэцүүлэн тунгаахад гэмгүй.
2006 оны 6 сар. Вашингтон хот