С. Болд
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Улс төрийн толерант, нийгмийн харилцаан дахь эрх чөлөө, хүний эрх, тэгш байдал
Толерант гэдэг үг нь латины “tolerantia” буюу тэвчээр гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд, эсхүл ямар нэгэн юмс үзэгдэлд хүлцэнгүйгээр хандах гэсэн утгатай. Францын улс төр, нийгэм судлаач Алексис Де Токвиль 1835 онд Америкт очсоны дараа “асуудлыг хэлэлцэх болон үзэл бодлын эрх чөлөө нь
Америкаас дутуу хөгжсөн ганц ч орныг би мэдэхгүй” хэмээн бичжээ. Ер нь энэ эрдэмтний үзэл бодол сонин санагдаж магадгүй юм. Тэрээр:
1) Ардчиллаас илүү хаант засаг, язгууртнууд эрх чөлөөг хамгаалж чадна.
2) Эрх тэгш байдал нь эрх чөлөөнд учрах аюул юм.
3) Ардчиллын үед төрийн дарангуйллаас илүү хүмүүсийн дарангуйллыг шийдвэрлэхэд бэрх гэж үзэж байжээ.
Тодруулбал: хаант засаглал, язгууртны засаглалын үед хүний үйл ажиллагаа хатуу хяналтын дор байх боловч тухайн хүн юмс үзэгдлийн талаар өөрийн хүссэнээр бодох эрх чөлөөтэй; харин ардчиллын үед цөөнх нь олонхид захирагдахаас гадна тэднийг нэг янзаар (олонийн хэв маягаар) сэтгэдэг болохын тулд нийгэм байнга дарамтална. Өөрөөр хэлбэл, хаант засаглалын хүчээр хүний зөвхөн бие махбодийг захирна. Харин ардчиллын үед бие махбодийг нь ч; үзэл бодлыг нь ч захирахыг хүсдэг. Алексис де Токвиль цааш нь бичихдээ төр, засгийн дарангуйллаас (харгислалаас) ардчиллын үед янз бүрийн механизмаар (эрх мэдэл хуваах зарчим; түүний гурван салаа бие биенээсээ хамаарч; бие биенээсээ хамаарч, бие биенээ харилцан хязгаарлах зарчим) сэргийлэх боломжтой боловч олон нийтийн үзэл бодлын харгислал, олонхийн цөөнхдөө үзүүлэх дарамтыг шийдвэрлэхэд нэн хэцүү.
Энэ нь үнэний хувьтай. Түүхийн үйл явцаас үзэхэд хэзээ ямагт нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй цөөнхийн үзэл бодлыг илэрхийлэгдийг олонхийн хүлцэнгүй биш төлөөлөгчид зодох; шатаах; элдвээр доромжлох явдал цөөнгүй гарсаар иржээ. Цөөнхийн үзэл бодолтой тэмцэхэд төр, засгийн хүчийг ашиглах нь ховор үзэгдэл биш. Жишээ нь 1968 онд Вьетнамын дайныг эсэргүүцэгчид Чикаго хотын гудамжаар жагсан эсэргүүцлээ илэрхийлэхэд цэрэг, цагдаагийн хүчээр жагсаалыг тараасан. Энэхүү явдлын дараа хүмүүсийн саналыг асуухад америкчуудын 25% нь цагдаагийнхан хэтэрхий их хүч хэрэглэсэн гэж хариулахад; 43% нь цагдаа нар хийх ёстой юмаа хийсэн; 33% нь цагдаагийнхан эсэргүүцэгчдэд хэтэрхий зөөлөн хандсан гэж хариулжээ. Иймээс бид олонхи нь цөөнхийн эрхийг хүлээн зөвшөөрч дэмжинэ гэдэгт итгэлтэй байхын аргагүй.
Улс төрийн толерантыг хоёр янзаар тодорхойлдог.
1) Хэн нэгэн хүн өөрийн санал бодол, сонирхлыг чөлөөтэй илэрхийлэхийг бусад нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх явдал.
2) Хүмүүсийг хууль бусаар ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэхэд бэлэн байх явдал.
Хууль бусаар гадуурхана гэдэг нь тухайн нөхцөлд тохирохгүй ямар нэгэн үзүүлэлтийн үндсэн дээр хүнийг ялгаварлан гадуурхах (хүний арьс өнгө, улс төрийн үзэл бодлоос нь болж уг хүнийг ажилд авахгүй байх. Харин зохих мэдлэг боловсролгүй хүнийг ажилд авахгүй байх нь хуульд нийцнэ) явдал юм.
Дээрх хоёр тодорхойлолт нь нэг ойлголтыг тайлбарлаж байгаа боловч хоорондоо зарчмын ялгаатай.
Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь иргэний эрх чөлөөнд хамаарах ба төрийн эрх мэдлийг хязгаарладаг (өөрөөр хэлбэл, иргэд төр засгийг шүүмжлэхийг төрөөс хорих ёсгүй). Эрх тэгш байдал нь иргэний эрхэд хамаарах ба төр засаг хэн нэгнийг бусад хүмүүс, нийгмийн бүлэг, засгийн газрын ялгаварлан гадуурхах бодлогоос хамгаалах ёстой гэсэн үг юм.
Дээрх ялгаанаас болж бас нэгэн үзэгдэл үүсдэг. Энэ нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг дэмжиж буй хүн бүр эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байж болно. Тухайлбал: Бүлэг хүмүүс арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал хийхээр шийдлээ гэхэд арьстан үндэстнүүдийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг хүн жагсаал цуглаанаар саналаа илэрхийлэх аргыг буруушааж хүлээн зөвшөөрдөггүй хүн өөрийн үзлээ ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрхтэй гэдгийг зөвшөөрдөг учир энэхүү жагсаалын эсрэг тэмцэхгүй байж болно. Уг хоёр ойлголт ялгаатай хэдий ч ижил төстэй зүйл олон.
Аль аль нь хүмүүсийн хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч хүн бүрийг нийгмийн тэгш эртэй гэж авч үздэг.
Амьдралаас үзэхэд толерантын нэг талыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нөгөөг нь бас буруушаадаг.
Хэсэг бүлгийн (хар арьстаны) саналаа чөлөөтэй илэрхийлэхийг хорих явдал нь уг бүлгийн нийгмийн бусад гишүүдтэй эрх тэгш байхыг хүлээн зөвшөөрөхгүйгээр байнга хамт явдаг.
Интолерант буюу ямар нэгэн юмс үзэгдэлд тэвчээр хүлээцтэй хандахгүй байх нь дараах шалтгаантай. Үүнд:
1) Саналаа илэрхийлэх тодорхой хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үзэл (жишээ нь: ямар ч нөхцөлд жагсаал цуглаан хийж болохгүй гэсэн үзэл);
2) Илэрхийлэгдэж буй саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх;
3) Саналаа илэрхийлж буй хүнийг таалахгүй байх
Хүмүүсийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь хүмүүсийн итгэл үнэмшил; биологийн болон бие бялдрын үзүүлэлт (хүйс, арьсны өнгө); бусад үзүүлэлт (нийгмийн гарал) зэргийг үл харгалзан тэдэнд улс төр, эдийн засаг, нийгмийн ижил боломж олгохыг дэмжинэ гэсэн үг. Иймд интолерантын хэд хэдэн шалтгаан гарч ирж байна.
Үүнд:
А) Хүний биологийн болон бие бялдрын үзүүлэлт (эмэгтэйчүүд тодорхой төрлийн ажил эрхлэх чадваргүй хэмээх үзэл). Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Хүний төрөлхийн биологийн үзүүлэлт болох хүйс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах нь байж боломгүй зүйл бөгөөд нас, өндөр, нам, тахир дутуу гэх мэт биологийн үзүүлэлтийн хувьд энэ ойлголт үйлчлэхгүй байж болох талтай.
Б) Хүний нийгмийн үзүүлэлтүүд (нийгмийн гарал, боловсрол, мэргэжил гэх мэт)
В) Хүний итгэл үнэмшил
Толерантыг доорхи хоёр ойлголтоос ялгаж, салгах хэрэгтэй.
Нэгдүгээр: Хэн нэгний үзэл бодолд тэвчээр хүлээцтэй хандана гэдэг нь уг үзэл бодлыг хүлээн зөвшөөрч түүнтэй санал нийцнэ гэсэн үг биш.
Хоёрдугаарт: Ямар нэгэн үзэл бодол, хэсэг бүлэг хүмүүст тэвчээр хүлээцтэй хандана гэдэг нь тэдгээрийг шүүмлжлэхгүй байна гэсэн үг биш.
Улс төрийн толерантын онолын үндсийг Ж.Локкийн улс төрийн либериализмын онол тавьсан юм. Тэрбээр “хүн бүр тэгш эрхтэй төрөх ба бурхан хүнийг бүтээхдээ дараахи салшгүй эрхээр хангасан. Амьдрах, чөлөөтэй байх, аз жаргалтай байхын төлөө тэмүүлэх эрх Эдгээр эрхээ хамгаалуулахын тулд хүмүүс төр, засгийг бий болгосон бөгөөд ийм ч учраас хүмүүс итгэлийг нь даагаагүй төр засгийг эсэргүүцэх, халах эрхтэй” гэсэн санаа илэрхийлснийг нь Томас Жефферсон ашиглан Америкийн эрх чөлөөний тунхаглал бичжээ. Ж.Локкийн үзэл бодлын үндэс нь “хүн засаг, төрөөс өмнө үүссэн ба анх үүсэхдээ хүний мөн чанар нь эерэг (муу хүн гэж төрдөггүй) байдаг, Хүмүүс хүн болж төрснийхөө хувьд амьдрах, эрх чөлөөтэй байх, хувийн өмчтэй байх эрхтэй. Энэ нь хүний салшгүй эрх бөгөөд аль ч засаг, төр хүнийг эдгээрээс салгах эрхгүй”. Уг онолын дагуу хүн бүр бусдын хяналтан дор байхгүй байх эрхтэй ба эдгээр эрхэнд халдсан хэнийг ч болов шийтгэх эрх чөлөөтэй.
Энэ үзэл нь хамгийн их зөрчил үүсгэсэн. Хүн бүр өөрийн эрхэнд халдсан хүнийг шийтгэх эрх чөлөөтэй юм бол яаж бусдын хяналт дор байхгүй байх эрхээ эдлэх юм бэ? Гэдэг зөрчлийг Ж.Локк төр засгийн үүслээр тайлбарладаг. Тодруулбал: хүмүүс эрхээ хамгаалуулахын тулд төр засгийг үүсгэн, нэг ёсны “гэрээ” байгуулж эрхэндээ халдсан хүнийг шийтгэх эрхээ төрийн мэдэлд шилжүүлсэн. Төр засаг нь өөрийн хийх ёстой зүйл буюу иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол энэхүү гэрээ зөвшилцөл нь хүчингүй болж төр засаг унана гэж үзсэн. Үүнээс үзэхэд хувь хүний эрх чөлөө бол либериализмын үндэс юм. Либериализм гэдэг үг нь “Liber” буюу эрх чөлөө гэдэг үгнээс гаралтай.
Ж.Локк улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай эрх тэгш байдалд итгэдэггүй байв. Тэр зөвхөн байгалиас заяахдаа хүмүүс эрх тэгш байдалтай байдгийг хүлээн зөвшөөрдөг байсан. Нийгмийн нэг анги давхаргын хүмүүс хоорондоо эрх тэгш ба хоёр өөр анги давхаргын хооронд эрх тэгш байдал байх үндэсгүй гэж үздэг.
Ж.Локк улс төрийн ардчилсан тогтолцоо шаардлагатай гэж үздэггүй байв. Улс төрийн тогтолцоо нь хүмүүсийн үндсэн эрхийг л хамгаалах ба “гэрээ” үйлчлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Эрх чөлөөтэй байхын тулд ардчилалтай байхын шаардлагагүй гэж үзэж байв. Америкийн эрх чөлөөний тунхаглалыг бичсэн Жефферсон болон түүнийг дэмжигчид хөдөө аж ахуйн эдийн засагтай төвлөрсөн сул төртэй нийгэм байгуулахыг зорьж байсан бол АНУ-ын Үндсэн хуулийг бичсэн Федералистууд үйлдвэрлэл, худалдаа, харилцан холбоо, тээврийг хөгжүүлж төвлөрсөн хүчирхэг төр байгуулахыг зорьж байв. Федералистуудын үзлээр төр нь зөвхөн иргэдийн үндсэн эрхийг хамгаалах бус мөнгөний ханшийг тогтвортой байлгах, арилжаа наймааг хөгжүүлэн дэмжих, үйлдвэржих процессыг хамгаалах зэрэг илүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Мэдисоны онолын дагуу бүгд найрамдах улс дахь хүчирхэг төвлөрсөн төр л иргэдийн эрх чөлөөг хөсөрдүүлэхгүй хамгаалж чадна.
Бүгд найрамдах төр гэдэг нь иргэдийн сонгосон төлөөлөгчдөөс тогтсон, сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээпэг төр юм. Энэхүү засаглалын үед хоёр төрлийн дарангуйлал тохиолдож болно.
1) Цөөнхийн дарангуйлал
2) Олонхийн дарангуйлал
Бүгд найрамдах улсын зарчим нь цөөнх нь олонхидоо захирагдах зарчим байдаг учир цөөнхийн дарангуйлал үүсэх үндэслэл бага. Иймд цөөнхийн эрхийг боогдуулах боломжийг олонхид олгохгүй байхаар улс төрийн тогтолцоог зохион байгуулах нь чухал юм.
Мэдисон уг асуудлыг шийдвэрлэх арга зам бол улс төрийн эрх мэдлийг хуваах явдал мөн гэж (эрх мэдэл хуваах хууль; түүний гурван салаа бие биеэсээ хамаарч; бие биенээ харилцан хязгаарлах зарчим) үзэж байв. АНУ дахь өнөөгийн либериализм хоёр урсгалаар төлөөлөгддөг. Үүнд:
1) Консерватив намын төлөөлөгчид буюу Ж.Локк, Т.Жефферсоны үндэслэсэн либериализмыг ямар ч өөрчлөлтгүйгээр хүлээн зөвшөөрдөг хэсэг,
2) Либериал намын төлөөлөгчид нь Локкын либериализмд нэмэлт өөрчлөлт оруулж “позитив либериализм”-ыг хөгжүүлсэн. (Үндэслэгч нь Английн улс төрийн онолч Грин) Либериализмын бүх урсгалуудын нийтлэг шинж нь:
А) Хүний мөн чанар анхлан эерэг байдаг (муу хүн гэж төрдөггүй)
Б) Хувь хүний эрх чөлөөтэй байх эрхэд гүнээ итгэдэг.
В) Хувь хүний үнэлэмжийг чухалчилдаг.
Харин төрийн үүрэг, эрх чөлөөний үндсийн тухай ойлголт өөр өөр байдаг учир хэд хэдэн урсгалд хуваагддаг.
Сонгодог либериалуудын үзлээр эрх чөлөө бол төр засгаас хувь хүний эрх чөлөөг хязгаарлахгүй байх явдал учир хүчирхэг төр засаг шаардлагагүй. Позитив либералуудын үзлээр эрх чөлөө бол хувь хүн өөрийгөө хөгжүүлэх боломж учир хүчирхэг төр нь хувь хүний эрх чөлөөг хөсөрдүүлдэггүй. Харин ч хүчирхэг төр нь хувь хүнийг нийгмийн бүлэглэлүүдээс хамгаалж эрх чөлөө, хөгжлийг хангагч хүч мөн гэдэгт итгэдэг.
Позитив либералуудын үзлээр сонгодог либералууд нь хувь хүнийг төрөөс чөлөөлснөөр нийгмийн бүлэглэлүүдийн нөлөөнд оруулдаг. Эдгээр бүлэглэлийн эрх мэдлээс хувь хүнийг хамгаалах арга зам бол нийгмийн хангамж (халамж); ажилгүйчүүдэд олгох тэтгэлэг гэх мэтийн эдийн засгийн хөтөлбөрүүд юм. Толерантийг эсэргүүцэгчид хэзээд олон байлаа. Санал бодлыг илэрхийлэх эрх чөлөөг ерөнхийд нь дэмжлэг боловч тодорхой нэгэн хүний үзэл бодлын хувьд хүлцэнгүй биш ханддаг хүн олон.
Үүний зэрэгцээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг үндсэнд нь эсэргүүцдэг хүмүүс ч цөөнгүй. Эдгээр хүмүүсийн бодлоор хүн зөвхөн үнэнийг ярих, сонсох эрхтэй. Энэ үзэл бодлыг баримтлагчид “Үнэн” гэдгийг ямар нэгэн обьектив, туйлын зүйл хэмээн ойлгодог бөгөөд өөрсдийгөө энэхүү “үнэн”-ийг илэрхийлэгчид гэж боддог. Энэ үзлийн үүднээс хүнд худал ярих, худал зүйл сонсохыг зөвшөөрөхгүй байх ёстой. Иймд ихэнх шашны төлөөлөгчид дээрх үзлийг эрхэмлэдэг. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг туйлын, объектив үнэнд итгэдэг барууны болон зүүний төлөөлөгчид эсэргүүцсэн хэвээр байна. Тэдний итгэдэг туйлын үнэнийг эсэргүүцсэн аливаа үзэл бодлыг илэрхийлэхийг хориглох оролдлого хийгдсээр байна. Жишээлбэл: неомарксист Герберт Маркус (1969 он) “Хүчирхийллийн бодлого, шовинизм, хүйс болон арьсны өнгөөр ялгаварлах үзлийг дэмжигчид бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүй байх ёстой” гэж бичжээ.
Хүчирхийллийн бодлого, шовинизм, хүйс болон арьсны өнгөөр ялгаварлах үзэл нь нийгэмд байж боломгүй үзэгдэл хэдий ч иймэрхүү байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрхэнд хандвал ардчилсан тогтолцоо нурах биш үү. Нөгөө талаас, бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь улс төрийн амьдралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүч юм.
Ямар нэгэн үнэн зөв, үнэ цэнэ бүхий бодол илэрхийлэгдээгүй цагт юу ч биш; хэрэв уг бодол нь бусдын хүртээл болсон бол хавьгүй их нэмэртэй байх байсан. Хэн нэгний бодол буруу ч байж болох юм, гэхдээ хэд хэдэн буруу ташаа ойлголт хоорондоо өрсөлдөж байж л үнэн зөв санаа төрнө. Хүн өөрийн буруу ташаа ч хамаагүй бодлоо илэрхийлэхгүй бол нийтэд тархсан, хүлээн зөвшөөрөгдсөн “үнэн” маань догма болж хувирна. Иймд үнэнийг эрэлхийлэхэд хүн бүр бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал чухал. Толерант ноёрхсон улс төрийн тогтолцоо гэж юу вэ гэвэл энэ нь хүмүүс хуулийн хүрээнд өөрийн санал бодлыг чөлөөтэйгөөр, хэлмэгдэнэ гэж айлгүйгээр илэрхийлэх боломж бүхий тогтолцоо юм. Цаашилбал үзэл бодол, биологийн болон нийгмийн үзүүлэлтээсээ үл хамааран хүн бүр хуулиар тэгш эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. АНУ-ын Үндсэн хуульд толерантын тухай хоёр үзэл баримтлал хоёулаа тусгагдсан.
– Бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Үндсэн хуульд оруулсан Анхны нэмэлт өөрчлөлтөнд тусгагдсан “Конгресс нь шашны урсгал үндэслэх, үзэл бодлыг хязгаарлах, хүмүүсийн энх тайвнаар эвсэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах хууль гаргах ёсгүй”
– Хүмүүсийн эрх тэгш байдлыг хангах талаар XIV нэмэлт өөрчлөлтөд доорхи байдлаар тусгагдсан. “АНУ-ын иргэдийн эрх тэгш байдлыг хязгаарласан хуулийг аль ч хууль тогтоох байгууллага гаргах ёсгүй. Мөн шүүхийн хэлэлцүүллэггүйгээр хүнийг амь нас, эрх чөлөө, өмчөөс нь салгах, хуулиар эрх тэгш хамгаалуулах эрхийг нь эдлүүлэхгүй байх эрх хэнд ч байхгүй”.
Эдгээр эрх, эрх чөлөө нь Үндсэн хуульд тусгагдсан хэдий ч хүмүүс улс төрийн байгууламжуудад бүрэн найдах боломжгүй. Улс төрийн байгууламж нь хүнийг хуулийн өмнө эрх тэгш байх явдлыг хангаж чадахгүй. Учир нь:
- Улс төрийн байгууламж нь өөрсдөө бусдыг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж болно. Үүний нэг жишээ нь Уотергейтын дуулиан (энэ үед Никсоны удирдлагыг эсэргүүцэгчидтэй тэмцэхэд Тагнуулын төв газар, Холбооны мөрдөн байцаах газрын хүчийг ашигласан); мөн 1971 оны 5 дугаар сарын 3-5-нд дайныг эсэргүүцэгчид Вашингтонд тээвэр, холбоог бооно хэмээн сүрдүүлэхэд цагдаагийнхан 13000 гаруй хүнийг баривчилсан байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийдлээр төрөөс хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсаар байна.
- Улс төрийн байгууламж хүчирхийлэх, хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахгүй ч нийгмийн тодорхой бүлгүүд, засаглалын бусад байгууллагуудын явуулж буй иймэрхүү үйл ажиллагааг хараагүй мэт өнгөрүүлэх нь цөөнгүй. АНУ-д хар арьстныг бусадтай тэгш эрхтэй хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөөд удаж байгаа ч өнөөдрийг хүртэл арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал зогсоогүй байна.
- Дээд шүүх нь улс төрийн дарамтаас харьцангуй чөлөөтэй байдаг учир иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах хамгийн их боломжтой байгууллага мэт санагдаж болно.
Гэвч түүхээс үзэхэд Дээд шүүх нь олон хүлээн зөвшөөрөгдөөгүй цөөнхийн үзэл бодлыг хамгаалах үйл хэрэгт нэг их ахиц гаргаагүй. Учир нь Дээд шүүхийн гишүүдэд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч тэдний улс төрийн үзэл дээр үндэслэн сонгодог. Сонгосон нэр дэвшигчдийг Сенат батлана. Иймд олонхийг төлөөлж буй Ерөнхийлөгч, Сенатын гишүүд нь мөн л лонхийн саналтай зөрчилддөггүй хүмүүсийг Дээд шүүхийн гишүүнээр сонгох нь магадлал ихтэй. Дээд шүүх нь цөөнхийн эрх ашгийг хамгаалан олонхийн дургүйцлийг төрүүлсэн шийдвэр гаргавал олны дунд шүүхийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шийдвэрийг үл тоомсорлох явдал гарах нь олонтаа байдаг. Уоррены толгойлсон Дээд шүүх цөөнхийн үзэл бодлыг хамгаалах талаар ихээхэн арга хэмжээ авч олны дургүйцлийг хүргэсэн олон шийдвэр гаргаж байсан нь юунд хүргэснийг товч өгүүлье. 1954 онд цагаан болон хар арьстан хүүхдийн сургууль тусдаа байх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж шийдвэр гаргахад ихэнх албан хаагчид дургүйцэж байсан бөгөөд өнөөг хүртэл зарим сургуульд зөвхөн цагаан, эсхүл зөвхөн хар арьстан хүүхдүүд суралцсаар байна. 1962 онд Улсын сургуулиудад шашны мөргөл үйлдэх нь шашныг улсаас тусгаарлах зарчимд нийцэхгүй гэсэн шийдвэр гаргасанд олон нийт дургүйцэж байсан ба одоо ч улсын зарим сургуульд шашны мөргөл, зан үйл үйлдсээр байна. Дээрхээс үзэхэд олонхийн хүслээс цөөнхийн эрх хамаарна гэж үзэж болно. Иймээс бид цөөнхийн эрх ашгийг хамгаалах явдал хүн бүрийн, олон нийтийн сонирхолд нийцнэ гэдгийг ухамсарлах ёстой. Учир нь та өнөөдөр олонхийн төлөөлөгч боловч маргааш цөөнх болж болно. Иймд та өнөөдөр цөөнхийн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бол маргааш таны эрхийг хэн хүлээн зөвшөөрөх билээ? Хүмүүс улс төрийн толерантийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрдөг ч тодорхой нөхцөл байдал, тодорхой хүн, улс төрийн нам, бусад нийгмийн бүлгийн хувьд хүлээцтэй хандаж чаддаггүй байв.
- Ардчилал бол засаглалын хамгийн боловсронгуй хэлбэр.
- Төрийн түшээг олонхийн саналаар сонгох ёстой.
- Цөөнх нь олонхийн шийдвэрийг шүүмжлэх эрх чөлөөтэй.
- Хүн бүр төр засгийн бодлогод нөлөөлөх тэгш эрхтэй байх ёстой.
- Цөөнхийн үзэл бодлыг илэрхийлэгчид олонхийн дэмжлэгийг хүлээхийн тулд оролдлого хийх эрхтэй гэсэн ардчиллын гол зарчмуудаар толерант илэрхийлэгдэж болно.