Төрөө төвхнүүлэх үү, дэлхийг цочроож буй титэмт халдвараас сэргийлэх үү? гэдэг асуултаар энэхүү бичвэрээ эхлүүлье.
Уг бичвэрийн гол утга санаа нь засгийн газрын тогтвортой байдлыг хангах, түүний ач холбогдлын талаар өгүүлэх болно. Хэрэг явдал ийм учир уншигч танаас доош уншихаасаа өмнө дээрх асуултыг өөрөөсөө асуугаасай гэж хүсэх байна. Бичвэрийн утга санааг тодорхой, богино, цөөн мөрөнд шингээхийг зорив.
КОРОНАВИРУС БА НӨХЦӨЛ БАЙДАЛ
COVID-19 шинэ титэмт вирус гарч, дэлхий нийтийг цочролд оруулснаас хойш багаггүй хугацаа /2 сар гаруй/ өнгөрлөө. Цар тахалтай холбоотойгоор ерөнхий мэдээллийг “ОЛОН ТҮМНИЙ СЭТГЭЛЗҮЙ БА НИЙГМИЙН ПАНИК: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР” нэртэй өгүүлэлдээ оруулсан учир алгасаад, шинэ мэдээллээр товчхон баяжуулъя.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020 оны 03 дугаар сарын 11 ний өдөр COVID-19 халдварыг “пандеми” буюу “цар тахал” хэмээн зарлалаа, пандеми зарладаг учир нь хамгийн энгийнээр хэлбэл, хяналтаас алдагдсан нөхцөл байдлыг хэлж буй хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй улсад онц байдал зарлаж, хөл хорио тогтоож, олон нийтийн аливаа байгууллагуудын үйл ажиллагааг “тодорхойгүй хугацаанд” хаалаа. БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй уг халдвар өнөөдөр дэлхийг, тэр дундаа Европ тивийг “самарч” байна, эсрэгээрээ БНХАУ уг халдвартай тэмцэх аргаа олсон бололтой, шинээр өвчлөгсдийн тоо үнэмлэхүй буурч, дотоодын эмчийн баг бүрэлдэхүүнийг гадаад руу тусламж хэлбэрээр илгээж байна. Европ тивд хамгийн хүнд нөхцөлд унаад байгаа улс нь Итали 2020.03.24 ний байдлаар 63,927 хүн өвчилж, үүнээс 6077 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Магадгүй дээрх тоог бичиж байх зуур хэдэн арваараа нэмэгдэж байхыг ер үгүйсгэхгүй.
Тус халдварын эсрэг улс орнууд янз бүрийн хэлбэрээр тэмцэж байна, Монголын хувьд сүүлийн 2 сарын гаруй хугацаанд хөл хорио тогтоох замаар тэмцэж байна, энэ нь ч тодорхой үр дүнг өгөв. Монголд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 10 тохиолдол илэрсэн ч эдгээр нь бүгд “гаднаас зөөвөрлөгдөж ирсэн” тохиолдлууд юм. Цаашдаа ДЭМБ уг халдварыг бүрэн хяналтандаа авахаас нааш, энэ сэрэмжийг алдаж болохгүй.
Манай улс орны туршлагыг ДЭМБ, бусад улс орнууд магтаж байна, гэсэн хэдий ч энэ аргыг “зөв” гэж үзэхгүй байгаа нэгэн энэ дэлхийн хаа нэгтэй байна. Тодруулбал, ИБУИНВУ буюу бидний хэлж заншиснаар Их Британи /Англи ч гэх/-д нийгмийн “ДАРВИНИЗМ“ хийх бололтой. Энэ нь Байгалын шинжлэх ухаанд хүчтэй нь хүчгүйгээ гэсэн ойлголтыг хамааруулдаг, өөрөөр хэлбэл, тухайн халдварын ерөндөг бий болтол, эсхүл өөрт түүний дархлаа суух хүртэл ямар нэгэн тусгай зүйл тухайн оронд хийгдэхгүй гэсэн үг.
ДЭМБ–ын мэдэгдсэнээр бол жирэмсэн эх, суурь өвчтэй болон ахмад настнууд тус халдварыг авах эрсдэл өндөрт тооцож байна. Энэ утгаар харвал Их Британи-д сонгодог утгаараа “дарвинизм” хэрэгжих бололтой, зөвхөн шилэгдмэл эрүүл, саруул хүмүүс үлдэж бусад нь хорвоогийн мөнх бусыг үзэх хувь тавилантай болж таарах нь. Нэг үгээр хэлбэл ковид-19 бол “ГАМШИГ”. Хүн төрөлхтний хөгжил асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа ч цар тахал гарсаар байдгыг өнгөрсөн түүх бэлхнээ харуулж байна.
Хүн төрөлхтнийг цочроосон гамшигт 5 тахал
1. ХАР ҮХЭЛ- ТАХАЛ /1346-1353 он/
Bubonic plague буюу булчирхайн тахал. Уг халдвараар Европ, Ази, Африк тивүүд өвчилж нийтдээ 75-200 сая хүн амиа алдсан хэмээн тооцоолдог. Халдвар нь Ази тивээс эхлэн дэгдэж харх, шавж зэрэг амьтдаар дамжин дараах 2 тивд хүрсэн гэж тооцдог байна.
2.ГУРАВДУГААР ХОЛЕРА– ТАХАЛ /1852-1860 он/
Холера буюу булчин задрах тахал. Холера тахал нийтдээ 7 удаа дэгдэж байсан бөгөөд гуравдугаар тахал нь хамгийн аюултай байсанд тооцдог. Энэтхэгийн Ганга мөрнөөс дэгдэлтэй уг халдвараар Ази, Европ, Хойд Америк, Африк тивүүд өвчилж нийтдээ 1 сая хүн амь насаа алдсан байдаг. Уг халдварыг анх Их Британийн судлаач Жон Снөү нээсэн байдаг бөгөөд 1854 онд тус тахлын хамгийн оргил үе тохиож зөвхөн Их Британид 23 мянган хүн нас барсан байдаг.
3.ТОМУУГИЙН ТАХАЛ /1889-1890 он/
“Азийн” юм уу “Орос” тахал гэж нэрлэх нь буй. Азиас дэгдсэн учир “А” хүрээний H2N2 вирус хэмээн тооцогддог байсан боловч саяхны нээлтийн үр дүнгээр “А” хүрээний H3N8 болох нь тогтоогдсон. Тус халдвараар нийтдээ 1 сая хүн амь насаа алдсан байдаг.
4.ЗУРГААДУГААР ХОЛЕРА– ТАХАЛ /1910-1911 он/
Энэтхэгээс дахин гарч Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, Орост хамгийн ихээр дэлгэрч 800 мянган хүн амь насаа алдсан. Өмнөх явдлуудаас ялгаатай нь АНУ гэхэд яаралтай арга хэмжээ авч хөл хорио, тусгаарлалт хийсний үр дүнд ердөө 11 хүний хохирол амссан байдаг.
5.ИСПАНИ ТАХАЛ /1918-1920 он/
“Spanish flu” нэршлээр түүхэнд тэмдэглэгдсэн тахал. Үнэн хэрэг дээрээ Испаниас гаралтай биш боловч Дэлхийн Нэгдүгээр дайны үед Испани улсад ёс суртахууны хүнд цохилт өгөхийн тулд Испанид нөхцөл байдал ихээхэн хэцүү байгаа талаар сөргөлдөгч орнууд мэдээллэж байсны үр дүнд тэрхүү нэршлийг олж авсан түүхтэй. Энэхүү халдвар 2 жилийн турш дэлхийгээр тархаж нийт хүн амын гуравны нэг орчим нь өртөж /батлагдсан тохиолдол 500 сая/, 17-50 сая хүн нас нөгчсөн байдаг.
Дээрх тахлын /пандеми/ жагсаалтанд зүй ёсоор ХДХВ буюу ДОХ багтах боловч тэмдэглэхгүйгээр үлдээе. Цар тахал гэдэг ийм аюулт хөнөөлтэй үзэгдэл юм, иймээс сонор сэрэмжээ үл алдаж, хөл хориог сайтар хангах нь зүй. Зургаадугаар Холера– тахлын үед АНУ яаралтай арга хэмжээ хэрэгжүүлсэн шиг бид ч авсан арга хэмжээгээ огт сулруулж болохгүй гэдгийг түүхэн туршлага харуулж байна. Цар тахал гэдэг богино хугацаанд намждаг зүйл биш болохыг дээрх тохиолдлуудаас олж харсан гэж найдаж байна.
Ямартаа ч цар тахал, коронавирусын талаарх мэдээ, мэдээллийг хүргэх нь уг бичвэрийн гол утга санаа биш учир энэ хүрээнд өндөрлөж, үндсэн агуулгадаа орно. /Хэрвээ коронавирусын тархалттай холбоотойгоор мэдээлэл авахыг хүсвэл энд дар/
ЗАСГИЙН ГАЗАР
Засгийн газар гэж юу болох, ямар төрлийн чиг үүрэгтэй талаар нуршиж, хэт ерөнхий байдлаар бичиж уншигч таны мэлмийг чилээхээс татгалзав /хэрвээ сонирхож байгаа бол энд дар/. МУ–ын Үндсэн хуулийн 38.1 зүйлд “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн“, 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Үүнээс үзвэл улс орны өмнө тулгамдаж буй болон хэтийн ирээдүйн, бүхий л томоохон бодлогыг УИХ батлан, боловсруулж, харин Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг, харин эдлэх эрхийг мөн 38 дугаар зүйлд тусгаж өгсөн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулиас
Засгийн газар дээрх эрхийг хэрэгжүүлдэг, “эрх” гэж нэрлэж байгаа боловч үнэн хэрэгтээ эдгээрийн аюулгүй, бүрэн бүтэл байдлыг хангах үүрэгтэй гэж ойлгож болно.
Засгийн газар ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагддаг процесстэй. Олонх болсон нам, эвсэл тохиролцсоны үндсэн дээр Төрийн тэргүүн батламжилж Ерөнхий сайд томилогддог, улмаар Ерөнхий сайд кабинэтээ бүрдүүлдэг нарийн, урт удаан үйл явц. Эдгээрийг өрнүүлснээр Засгийн газар эмхлэн байгуулагдаж, өөрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх засаглал бүр өөр хоорондоо ялгаатай байр суурь, бодлого баримталдаг учир Монгол улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, урт хугацааны бодлого байхгүй байна гэдэг шүүмжлэлд өртдөгийг та бид мэднэ.
Хэрэг явдал эндээс л эхэлнэ,
цар тахлын үед төрийн бодлого боловсруулах, гүйцэтгэх, тэргүүлэх институцүүд хамгийн ихээр тогтвортой байж,
эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах нэгдсэн бодлого баримтлах ёстой
Хэрэв нэгдсэн нэг бодлого алдагдаж, анхаарал сэрэмжээ алдвал ямар нөхцөл байдалд унаж болохыг төсөөлөхөд ч бэрх юм. Иймээс уншигч танд өргөх миний санал бол “СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ” юм. Ээлжит УИХ-ын сонгуулийг 2020 оны 06 дугаар сарын 24 ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, Сонгуулийн тухай хуулинд тусгасан. Нөхцөл байдлыг харгалзан үзэж уг хугацааг нэг жилээр хойшлуулах нь МУ–ын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа Хүн амын аюулгүй байдалд нэн ач холбогдолтой гэж үзэж байна.
Учир нь ээлжит сонгуулийг зохион байгуулснаар дараах эрсдэл, хүндрэл учирч болзошгүй:
- Сонгуулийн санал хураах байр, олон хүн төвлөрсөн газар очсоноос үүдэн цар тахал дэгдэх боломжтой.
УИХ-ын ээлжит сонгууль том мажоритар 29 тойрогт зохион байгуулагдах болсон. Жишээ болгох үүднээс УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийн 22-р тойрог буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25 -р хороонуудаас /26-р хороо үүнд багтаж байгаа бөгөөд шинэчилсэн засаг захиргааны нэгжийн мэдээлэл http://www.1212.mn -д ороогүй байна/ бүрдэж байгаа бөгөөд зөвхөн энэхүү тойрогт 160,753 хүн амын /насанд хүрээгүй иргэд мөн багтана/ албан ёсны тоон бүртгэл байдаг юм байна. Сонгуулийн санал авах байранд эцэг эхчүүд, насанд хүрэгчид олноор цугларч, бүрэн ариутгал хийх боломжгүй нөхцөл байдал үүсч халдвар тархах боломжтой. Улмаар нэг өдрийн дотор 160,753 хүн халдвар тээгч болж энэ тоо геометр прогессийн дагуу тасралтгүй өсөх боломжтой. - Сонгууль зохион байгуулах үйл явц
Сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулах үйл явцтай холбоотойгоор олон хүн нэг дор цугларах, ухуулах хуудас, үйл ажиллагаа дэлгэрэх. - Сонгуулийн үр дүнд үл итгэх байдал
Сонгуулийн санал авах байрыг эерэгээр төсөөлөхөд ихэд өндөр зэрэглэлийн ариутгал хийнэ. Гэсэн хэдий боловч амны хаалт, гарын бээлий зэргийг хэрэглэх эрхийг иргэн эдэлнэ. Сонгуулийн дүнг үл хүлээн зөвшөөрөгсөд “нэг хүн олон санал өгсөн байх боломжтой, учир нь танигдах боломж хомс” гэсэн маргаан өрнүүлж, нийгэмд сонгуулийн үр дүнд үл итгэх байдал тарааж болзошгүй. Үл итгэх байдал гарснаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн “Легитим” буюу хүлээн зөвшөөрөгдөх, хууль ёсны байх үнэлэмжээ алдана. Үймээн, самуун гарах эрсдэлтэй. - Засгийн газрыг эмхлэн бүрдүүлэх үйл явц удаашрах
Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар бүрэн эрхээ хүлээн авах, эмхлэн байгуулагдах үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшилж болох магадлалыг тооцоолон үзэх нь зүй. Хэрэв шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрвэл цар тахал, түүнтэй холбоотой анхаарал сэрэмжээ бүрэн алдах. - Улс төрийн үйл явцад хүмүүсийн анхаарал буурах
Засгийн газар эмхлэн байгуулах, яам агентлаг болоод улс төрийн аливаа үзэгдэлд Иргэний нийгэм, хувь хүн анхаарал тавьж чадахгүйд хүрэх. Улмаар ардчиллын амин сүнс болсон иргэний нийгмийн хяналт алдагдах. - Сонгуулийн ирц бүрдэхгүй байх
Сонгууль зохион байгуулагдсан тохиолдолд, цар тахлаас үүдэлтэй хувь хүний сэтгэлзүйн “ШОК” арилаагүй байх магадлалтай. Улмаар санал авах байранд очихгүй байх, ирц бүрдэхгүй байх эрсдэлтэй. Үргүй төсвийн зарлага гарах.
Эдгээр болзошгүй эрсдэлүүд тохиолдохоос сэргийлэх хэрэгтэй.
МУ–ын Их хурал, Засгийн газар Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэнийхээ “эрүүл, аюулгүй аж төрөх”, “амьд явах” баталгааг хангах ёстой. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-ын ээлжит сонгуулийг нэг жилээр хойшлуулж УИХ, орон нутгийн сонгуулийг 2021 онд зохион байгуулж, харин Ерөнхийлөгчийн сонгуулийг 2022 онд хугацааг зөрүүлэх хэлбэрээр тогтоох зайлшгүй хэрэгцээ шаардлага буй. Энэ шийдвэрийг Монголын төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд “ЗААВАЛ” биелүүлэх ёстой гэж судлаач миний бие үзэж байна.
Энэхүү бичвэрийг ямар нэгэн эрх ашгийг төлөөлж бичээгүй гэвэл худал өгүүлсэн болох учир үнэнээ өчье:
ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ ЭРХ АШИГ НАДАД БУЙ