ШИНЭ ТОЛЬ №81, 2020
КОВИД-19 –ИЙН ДАРААХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА: ЛИБЕРАЛ АРДЧИЛЛЫН ТӨГСГӨЛ ҮҮ?
Г. Төмөрчулуун
Проф. Шинжлэх ухааны доктор
Түлхүүр үг: Ковид-19, либерализм, ардчилал, олон улсын харилцаа, гадаад бодлого
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Үндсэн агуулга
Ковид-19 олон улсын харилцааны бүхий л салбарт, түүний дотор геополитикийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт оруулав. Дэлхийд либерал ардчиллын үзэл санааг үүсгэн байгуулсан АНУ-ын нэр нөлөө, байр суурь суларч, БНХАУ, ОХУ зэрэг шинэ их гүрнүүд гарч ирэв.Ковид-19 либерал ардчиллын хямралыг гүнзгийрүүлж улмаар түүний төгсгөлд түлхэц өгөв. Либерал ардчиллын ялалтын тухай Ф.Фукуяамагийн 28 жилийн тэртээх дүгнэлтийг өнөөгийн ертөнцийн нөхцөлд хэрэглэх аргагүй болжээ. Либерал ардчиллыг аврахын тулд АНУ эхлээд трампизмаас татгалзах хэрэгтэй болов.
Либерал ардчилал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй байх гэх зэрэг олон нааштай санааг монголчуудад авч ирсэнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л Монголын 2020 оны парламентын сонгуулийн дүн либерал ардчиллын монгол хувилбарт ард түмнээс нь өгсөн үнэлгээ болов.
By Dr.G.Tumurchuluun
THE INTERNATIONAL RELATIONS AFTER THE COVID -19: THE END OF LIBERAL DEMOCRACY?
Key words:Covid-19, liberal democracy, international relations, foreign policy, Trumpism
ABSTRACТ
Covid -19 enormously influenced on contemporary international relations, including the balance of power between the USA, China and Russia. The pandemic further eroded the liberal democracy worldwide and contributed to its end. Francis Fukuyama’s ideas about the triumph of liberal democracy are no longer well suited to the contemporary world. To avoid the further decline and the definitive end of liberal democracy the USA must refuse trumpism at home and abroad.
Although the liberal democracy in Mongolia has brought many positive ideas, for instance, freedom of opinion, freedom of speech, private property etc, it was misunderstood by the leadership, consequently, has caused huge damages to the country, manly in terms of economy. The 2020 Mongolian parliamentary elections’
Results showed that the liberal democracy in its Mongolian current style will not work and a different approach is needed.
КОВИД-19 –ИЙН ДАРААХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА : ЛИБЕРАЛ АРДЧЛАЛЫН ТӨГСГӨЛ?
КОВИД -19
1919 оны сүүл, 2020 оны эхээр дэлхий нийтэд тархсан Хятадын Вуханаас үүдэлтэй КОВИД-19 цар тахал олон улсын аюулгүй байдалд томоохон асуудал үүсгэв. Цар тахал 100 хоногийн хугацаанд дэлхийн бүх улсад тархаж, 15 сая хүн энэ өвчнөөр өвдөж, 600 –гаад мянган хүн нас барав[1]. АНУ-д 3 сая, Бразилд 2 хүн сая хүн халдвар авч, АНУ-д 300.000, Бразилд 200.000 хүн нас барав гэж ДЭМБ-ын мэдээнд дурджээ. Тахлын тархалт үргэлжилж, түүний эсрэг вакцин өнөө хүртэл гараагүй байгаа нь түүний ирээдүйг тодорхойлох, тарьж болох уршгийн талаар таамаглах ямар ч боломжгүй болгож байгаа нь туйлын ноцтой юм.
Эдийн засгийн хувьд Ковид-19 цар тахал дэлхийн хөгжлийг эрс сааруулав.
Тахлаас болж нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад учирсан хор хохирлыг арилгахад дор хаяж 10-20 жил шаардагдана хэмээн зарим судлаач бичиж байна. Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын зөвхөн эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг Ковид-19-ийн өмнөх байдалд буцаан оруулахад 4-5 жил шаардагдана[2] Цар тахлаас үүдэн дэлхийн хамгийн хөгжилтэй улс болох АНУ-д гуравхан сарын дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлсэн 30-35 сая хүн ажилгүй болжээ. Дэлхийн эдийн засаг 3 хувиар, түүний дотор АНУ-ынх 5,9 хувиар, Германы эдийн засаг 7 хувиар тус тус агшжээ[3].
Ковид-19 ба олон улсын харилцаа
Ковид-19 орчин үеийн олон улсын харилцаанд ихээхэн гай барцад тарив.Улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээр тогтоов.Токиогийн 2020 оны Олимпийн наадмыг оролцуулан биеийн тамир, спортын олон улсын уралдаан тэмцэанаануудэнүүд хойшлогдож, дэлхийн хэмжээний урлаг соёлын арга хэмжээнүүд царцаж, олон улсын аялал жуулчлал зогсож, дээд хэмжээний хурал зөвлөлгөөнүүд цахим хэлбэрт шилжив. Цар тахал дэлхийн хоёр гол эдийн засаг болох АНУ, Хятадын харилцааны хямралыг улам гүнзгийрүүлэв. Зарим улс гүрэн энэ хямралыг ашиглан дотоодын үймээн самууныг дарав. Зарим нэг нь цар тахалд дулдуйдан өөрийн хүч нөлөөгөө гадагшаа экспортлохыг эрмэлзэв. Цар тахалтай тэмцсэн байдал нь улс орнуудын удирдагчдын үнэн нүүр царайг зарим талаар илчилсэн хэрэг болов. Кови д-19 –ийн нэг том сургамж бол улс орнууд томоохон хямралын үед хувиа хичээж зожгирох бус олон улсын хамтын ажиллагааг чухалчилж аль болох бие биенээсээ харилцан суралцах явдал гэдгийнг дахин нотлов.
Орчин үеийн олон улсын харилцаа эхний 10-20 жилд өдгөө дэлхийд нүүрлээд буй ковид-19-ийн үр дагаврыг арилгахад чиглэх болов уу. Зарим судлаач энэ цар тахлын улмаас дэлхийн өмнөх байдалдаа орох нь нэгэнт өнгөрсөн гэж ярьж, бичдэг. Би арай өөд бодолтой. Ковид-19 олон хүний амь насыг авч одсон, эдийн засгийн асар их хохирол учруулсан нь үнэн. Гэхдээ 21 дүгээр зууны дэлхий ертөнц өмнөх зуунуудаас ялгарах ганц зүйл бол технологийн инноваци юм. Энэ инновацийг зогсоох хүч хаа ч байхгүй. Ковид-19 ч ялгаагүй. Хорвоо ертөнц хөгжсөөр ирсэн, цаашдаа ч хөгжих болно.
Либерал ардчиллын төгсгөл?
Хэдэн жилийн өмнө Америкийн эрдэмтэн Фрэнсис Фукуяама “Түүх төгслөө” хэмээн зарлаж[4], дэлхийг шуугиулж байсныг уншигчид санаж байгаа байхаа. Түүний гол санаа бол ЗХУ, түүний эргэн тойрны үзэл суртал, улс төр, эдийн засгийн болон бусад холбогдох дэд бүтэц устаж алга болсноор дэлхийд АНУ-аар манлайлуулсан, хүний эрх, ардчилалд суурилсан олон улсын либерал дэг журам тогтов гэсэн санаа байв. Зарим судлаач “хүйтэн дайн”-ы дараах дэлхийн энэ байдлыг “нэг туйлт” гэж тодорхойлох нь ч бий.
Тэгвэл олон улсын харилцааны ийм либерал дэг журам өнөөдөр устан алга болж байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэхдээ энэ бол түүх төгсөж байна гэсэн үг хараахан биш л дээ.
Олон улсын дэг журам хямарч, нуран унаж байгааг олон жишээгээр харуулж болно. Дэлхийн улс орнууд Ковид-19-тэй тэмцэх талаар үйл ажиллагаагаа зохицуулж чадаагүйгээс дэлхийн эдийн засаг уналтад орж, үндэсний үзлийг тахьсан чиг шугам дахин өндийж, газар сайгүй хорио цээр тогтож, улс орнуудын хил хязгаарыг чангатгасан нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай бус, хэврэг олон улсын систем гарч ирэхэд хүргэв. Судлаачдын, түүний дотор америк эрдэмтдийн үзэж байгаагаар ийм байдал АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “Америк нэгдүгээрт” бодлого тунхаглаж, дэлхийг удирдах үүргээсээ сайн дураараа татгалзсан явдал мөн нөлөөлсөн байна.
Дэлхий дахины либерал дэг журам төгсөхөд нөлөөлсөн олон улсын нэг хүчин зүйл бол яах аргагүй Ковид-19 байлаа. Энэ өвчинтэй тэмцэх Трампын үйл ажиллагаа ихээхэн учир дутагдалтай байна гэж мэргэжилтнүүд үзэв. АНУ-д хоногт 60-70 мянган хүн халдвар авч, 50 муж улсын 41-д нь халдвар тархсан байдлаас үзвэл энэ Ковид -19-ийн асуудал АНУ-ын ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ч нөлөөлж мэдэхээр байна.
Ковид 19 АНУ-ын нэр нөлөөг цаашдаа ч унагах хандлагатай. АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудаас гарч байхад Хятад мэт нь харин ч тэдгээр байгууллагад оролцоо, нэр нөлөөгөө улам нэмэгдүүлж байна. ДЭМБ-ын тэргүүнээр Өрнөдийн бус чухамдаа Хятадын зүгээс дэмжлэг хүлээсэн нэр дэвшигч сонгогдсон нь тохиолдлын зүйл биш.
Цар тахал гарахаас бүүр өмнө тэрээр НАТО зэрэг эвслийн үнэ цэнийг үргэлж шүүмжилж, Европын Холбооны задралыг дэмжиж, олон улсын гэрээ, хэлэлцээр, байгууллагуудаас АНУ-ыг гаргаж, авторитари удирдагчдыг магтан сайшааж байв. Тэр ардчилал, хүний эрх зэрэг либерал үнэт зүйлийг гадаад бодлогын ноён нуруу гэж үзэхийг эсэргүүцэж байв. Дональд Трамп олон улсын либерал дэг журмын тухай АНУ-ын уламжлалт бодлого, чиг шугамаас татгалзав.
Зарим судлаач АНУ дээрх чиг хандлагыг өөрчлөх боломж бас ч гэж хараахан бүрмөсөн алга болчихоогүй, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, хүйтэн дайны дараа АНУ-ын баримталсан стратегийг ашиглан олон улсын аятай таатай дэг журамыг дахин сэргээн тогтоож болох талтай гэж үзэж байна. Чингэхдээ АНУ трампизмаас түргэн салах хэрэгтэй. Трампын дараах АНУ дэлхийн их гүрэнд ногдох ёстой хариуцлагыг дахин хүлээж гэм Трампын дээрх чиг хандлага түр зуурын алдаа завхарал болж түүхэнд үлдэх бөгөөд өнөөгийн олон улсын харилцаан дахь байнгын эмх замбараагүй байдал үгүй болох учиртай гэж зарим нь үзэх нь буй.
Ер нь АНУ урагшилж биш, уруудаж яваа их гүрэн гэсэн таамаг яриа шинэ зүйл биш л дээ. Ийм таамаглал үнэнд нийцэхгүй гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. 1980-аад оны дундуур олон судлаач Бреттон Вуудын систем 1970-аад онд нуран унасан, АНУ Баруун Герман, Япон зэрэг Европ, Зүүн Азийн орнуудын эдийн засагтай болон тухайн үедээ мөнхийн юм шиг байсан хүчирхэг ЗХУ-тай өрсөлдөх болсон зэргээс ийм дүгнэлт хийж байв. Гэтэл 1991 оны сүүлээр ЗХУ задарч, Япон “алдагдсан 10 жил”-ийн эдийн засгийн хямралд орж, нэгдсэн Герман асар их зардал мөнгө шаардсан Европын интеграцид орж бүдгэрэв. Харин АНУ эдийн засгийн өсөлт хөгжилт, технологи, инновацийн 10 жилдээ орж, үүний дүнд Америкийн манлайлал эхэлж, зарим хүний хэлдэг “нэг туйлт” ертөнц бий болов.
Гэвч өнөөдөр бид үнэхээр өөр цаг үед амьдарч байна. Тухайн үедээ АНУ-ыг дэлхийн манлайлагч гүрэн болгосон тэр хүчин өдгөө харин эсрэгээрээ АНУ-ыг хямрал доройтолд оруулж байна гэж Америкийн зарим эрдэмтэн үзэж байна. Эдгээр хүчин нэгдүгээрт, коммунист үзэл суртал алга болсноор АНУ-ын өөрийнх нь үзэл сурталтай эн зэрэгцэх тийм үзэл суртал байхгүй болсон, хоёрдугаарт, ЗХУ устсанаар түүний дагаж байсан улс орнууд, түүний дотор Монгол цэрэг, эдийн засаг, улс төрийн дэмжлэг авах үүднээс АНУ-ыг түшихээс өөр аргагүй болсон, гуравдугаарт, олон улсын иргэний нийгэм, үндэстэн дамнасан активистууд, хөдөлгөөнүүд либерал дэг журмын үнэт зүйлс, хэм хэмжээг дэлхий даяар сурталчилж, түгээж байлаа.
Хятад, Орос зэрэг шинэ их гүрнүүд гарч ирсэн, дэлхийд авторитар, популист, либерал биш дэглэмтэй улс орнууд ялангуяа Европт олноор бий болсон явдал АНУ-аар удирдуулсан олон улсын либерал дэг журмыг ганхуулав. Хөгжиж байгаа олон улс орон, зарим тохиолдолд хөгжингүй орнууд ч АНУ, Өрнөдийн нөмөр нөөлөгт орохоосоо илүүтэй өөр ивээн тэтгэгч хайж, либерал бус, хэт барууны чиг баримжаа бүхий үндэстэн дамнасан сүлжээнүүд либерал дэг журмын илт эсрэг үйл ажиллагаа явуулж эхлэв.
Товчдоо, АНУ-ын дэлхийн манлайлал ухралтад ороод зогсохгүй харин бүүр задран унаж байна[5]. Энэ уналт түр зуурынх бус байнгын гэдэгт хэргийн учир байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн ирэх сонгуульд Ардчилсан намын Жой Байден ялсан ч, бүгд найрамдахчууд трампизмыг таягдан хаясан ч энэ үйл явц цаашаа үргэлжлэх шинжтэй.
Либерал ардчилал ба Монгол
Либерал ардчиллын төгсгөл Монголыг ч тойрч гарсангүй. 1991 онд ЗХУ задарсны дараа Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж түүнд ардчилал, хүний эрх зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэхээ тунхаглан зарласан. Гадаад бодлогодоо тухайн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бейкерийн саналаар АНУ-ыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн тунхагласан түүхтэй. Сүүлд энэ ойлголт газар зүйн хүрээгээ тэлж, тухайн үед Монголд туслаж байсан Өрнө, Дорнын бүх улсыг хамрах болсон. Ардчилал гэж юуг хэлээд байгааг сайн ойлгоогүй хирнээ амтай болгон нь ардчилал ярьдаг нэг үе Монголд байв.
Ж.Сакс зэрэг Өрнөдийн либерал эдийн засагчдын зөвлөлгөө заавраар эдийн засгийн салбарт социалист бусад оронд явагдсан шиг үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлах үйл явц улс орон даяар явагдаж, тэдгээрийг цөөн тооны хэдэн хүн завшин улмаар олигархууд гарч ирэхэд хүргэв. Монголын бүх баялаг өдгөө 30 гэр бүлийн гарт төвлөрч байгаа тухай яриа үндэсгүй зүйл огт биш. Хувьчлал шударга бус явагдсан гэдэгт хэргийн учир байгаа юм.
Монгол ардчилал, зах зээлд шилжиж, либерализмийн чиг шугамыг хэрэгжүүлснээр монголчуудын аж амьдрал дээшилсэнгүй. Эсрэгээрээ Монголд урьд өмнө огт байгаагүй авилга, хээл хахууль, офшоор газар авч , мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодисын наймаа цэцэглэн хөгжиж, улс орон маань олон улсын “хар”, “саарал” элдэв дансанд орж, удирдагчдынх нь дураараа авирлах явдал хэрээс хэтрэв. Ийм нөхцөлд ард түмэн уур хилэн, бухимдлаа 2016, 2020 оны парламентын сонгуулиар дамжуулан илэрхийлэв. Үнэн хэрэгтээ дээрх хоёр сонгуулийн дүн Монгол дахь либерализмын хувилбарт ард түмнээс өгсөн үнэлгээ байлаа.
Дүгнэвээс дэлхийн хэт их гүрэн АНУ-ын сүр хүч суларч, Хятад, Оросын хүч чадал нэмэгдэж, хамтын ажиллагаа нь бүх талаар өргөжиж байна. Хятадын бяр амтагдаж байгааг Хонконгийн жишээ харууллаа.
Либерал ардчиллын дараа юу болох бол? Италийн философич, сэтгүүлч Антонио Грамши “Хуучин дэг журам үхэж байна, шинэ нь төрөх гэж тэмцэж байна. Мангасуудын цаг ирлээ”[6] хэмээн дэлхийн нэг, хоёрдугаар дайны хоорондын үеийг тодорхойлсон байдаг. Түүний хэлсэн энэ үг өнөөдөр ч сургамжтай аж.
[1] Энд орсон санаанууд Монголын төр, засгийн тухайн асуудлаарх байр суурийг илэрхийлээгүй,зөвхөн зохиогчийнх болно.