ШИНЭ ТОЛЬ №81, 2020
КОВИД-19-ИЙН ДАРААХ ШИНЭ БОЛОМЖУУД: САНСРЫН ЭДИЙН ЗАСАГ
Ц.Мөнхбаяр
Монголын Сансрын Технологийн Холбооны гишүүн
Монголын Олон Улс Судлалын “Алтан Аргамж” Холбооны гишүүн
Abstract
The Humankind is facing its one of the biggest challenges ever met in its modern history, the COVID-19 Pandemic in 2020. As the one of the super intelligent species, we will find the way to overcome this new emerging pandemic for sure. But it will take time, resources and moreover it will change our way of living forever. In aftermath we will start taking into consideration our behavior of consumption directing our approach to greener and more eco-friendly manner. Governments are working on the new economic approaches based on the “New Normal”, policymakers are focusing their tasks to remodeling the economic structures while businesses are struggling to survive.
Mongolia, as an emerging market is facing the deepest recession like other developing countries and it must find the way out recalibrating its fiscal policy and finding the new and efficient economic model in mid and long-term. Not only reducing the fiscal inefficiency and reworking on the addiction to easily exploiting mining sector Mongolia must also assess its capacity to enter new sectors and should test the new grounds such as Space Economy in order to re-establish itself as an emerging and attractive market. In this article we will point out the current State of Space Industry and its future perspectives in many dimensions and will reveal Mongolia’s place in this new emerging space business while proposing the optional to-do list for Mongolian policymakers.
Шинэ сорилт: COVID-19
2020 оны эхнээс хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд үзээгүй том цар тахалд нэрвэгдэж түүхэн сорилттой тулгарлаа. Нэг талаас хүний нийгмийн түүхийн шинэ хуудас нөгөө талаас заавал даван гарах ёстой сорилт бэрхшээл боллоо. Цар тахлын тархалтын хурдацтай зэрэгцэн түүнээс урьдчилан сэргийлэх вакцин боловсруулж[1] нийтэд хүртээмжтэй массын үйлдвэрлэлд шилжүүлэх хугацаа хоцорч яваа ба урьдчилсан таамгаар анагаах ухааны лабораториуд 2021 оны эхний улиралд үйлдвэрлэлийн чадамжаас хамааран эхний 100-500 сая тунг нийлүүлэх төлөвтэй байна. Энэ хүртэл 2020 он бүхэлдээ дэлхий нийтийн хувьд эдийн засгийн уналтын үе үргэлжлэх нь тодорхой болсон тул улс орнууд, эдийн засгийн эвсэл блокууд тулгаран буй хямралаас хэрхэн гарах гарц шийдэл хайж ажиллаж байна. Дэлхийн банкны таамгаар 2020 онд дэлхийн эдийн засаг 7.7% иар агших ба хөгжингүй хүчирхэг эдийн засгуудаас онцлон дурьдвал АНУ-ын эдийн засаг 7.9%, Евро бүс 10.1%, Япон 6.8% иар тус тус агших төлөв гарчээ[2]. Хөгжиж буй орнуудын эдийн засаг үүнээс өндөр хувиар агших бөгөөд өрсөлдөх чадвар, худалдааны саатлаас шалтгаалан глобаль нийлүүлэлтийн суваг дахь байр сууриа алдах, хөгжингүй орнуудын худалдааны протекционизмын болзошгүй бодлогоос үүдэн экспортын хямралд орох, ядуурал нэмэгдэх, улмаар нийгмийн тогтворгүй байдалд хөтлөх ч төлөв ажиглагдах буй тухай судлаач экспертүүд анхааруулж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр 2020 оны эхний хагас жилийн дүнгээр Евро бүсийн эдийн засаг 12.1%, Европын Холбооны эдийн засаг 11.9% агшсан байна[3]. Улс орнууд COVID-19 ийн хямралын дараа эдийн засгаа сэргээх, ингэхдээ энэхүү түр зогсонги байдал нь эдийн засагтаа үндсэн реформ хийх боломж гэж харж эхнээсээ шинэчлэлийн үзэл баримтлал танилцуулж байна. Чухам ямар шинэчлэл, шинэ үзэл баримтлал, эдийн засгийн загвар танилцуулж байгаа нь сонирхол татна. Тухайлбал улс орнуудын анхаарлын төвд буй “Сансрын Эдийн Засаг” гэх шинэ тутам нээгдэж байгаа салбарыг онцлон харж болно.
Шинэ боломж: Сансрын Эдийн Засаг
Сүүлийн 70 жилийн хугацаанд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн оргил болсон сансрын салбар өргөжин тэлж хөгжлийн замаараа урагшилж явсаар технологийн тодорхой дэвшил гарсан цаг үед бид ирлээ. Ялангуяа улс орнууд COVID-19 ийн дараах эдийн засгийн бодлогоо тодорхойлох бодлогын үйл явц дундуур уламжлалт бус шинэ салбар “Сансрын Эдийн Засаг” гэх ойлголт хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын бодлого боловсруулагчдын дунд эрчимтэй яригдаж байна. 2010 аад оноос өмнө сансрын технологийн өөрийн өртөг нь бизнесийн өгөөж өгөх хэмжээнд хүрэхгүй, зардал нь давж явсан тул ихэвчлэн ШУ-ны зорилгоор эсвэл цэрэг, аюулгүй байдал, геополитикийн учир шалтгаанаар сансрын салбарыг харж тодорхойлж ирсэн. Харин 1970 аад оноос эхэлсэн харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжил, хиймэл дагуул, интернетийн хэрэглээ хөгжсөнөөр 2000 аад он эхлэхэд сонирхол татах, хөрөнгө оруулалт чиглэх, хувийн бизнес энтерпрэнерүүд оролцох бизнесийн салбар болон хувирав. Энэ үйл явц 2010 аад оноос эрс эрчимжиж SpaceX, Virgin Galactic, Boeing, Airbus Space, BryceSpace, Mitsubishi зэрэг олон том тоглогчид сансрын технологийн зах зээл дээр өрсөлдөөн үүсгэн гарч ирлээ. Тухайлбал SpaceX компани зөөвөрлөгч пуужинг дахин ашиглах технологитой болсон нь сүүлийн 10 жилд сансарт 1 кг ачаа гаргах зардлыг $50,000 аас $3,000 хүртэл хямдруулж чадсан. 1 сансрын нисгэгч хөөргөх зардал 1960 аад онд Apollo хөлөгт $390 сая, 1970-2000 онд сансрын олон дахин ашиглах Shuttle хөлгөөр $170 саяд хүрч асар их зардал гарч байсан бол[4] өнөөдөр Оросын Союз хөлгөөр нисэхэд $80 сая болтлоо хямдарсан байна. Тэгвэл 2020 оны 5-р сард хөөрч 8-р сард дэлхийд буцаж газардсан хувийн SpaceX компаний Dragon-2 нислэгээр энэ зардлыг $55 сая болтол буулгалаа. Цаашид ч буурах төлөвтэй. Сансрын ШУ ны судалгаа хөгжүүлэлт, хиймэл дагуулын үйлчилгээ, харилцаа холбоо, 5G, сансрын нислэг, дэлхийн тойрог замтай холбогдох бусад бизнесүүд, газрын удирдлага хяналт, техник үйлчилгээний бизнес, сансрын уул уурхайн олборлолт, хүний нөөц гээд олон салбарыг хамарсан цоо шинэ цогц сансрын эдийн засгийн салбар хөгжиж эхэллээ. 2020 оны 1-р сарын 1 ний байдлаар сансрын эдийн засгийн нийт хэмжээ $415 тэрбумд хүрсэн ба цааш 2040 онд энэ салбар улам тэлж зөвхөн бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь гэхэд $1 их наяд[5] давах төлөвтэй байна.
Сансрын Эдийн Засгийн өнөөгийн байдал
Сансрын эдийн засаг нь дотроо маш олон салбарыг хамарсан бөгөөд төрөлжин хөгжих эхлэл шатандаа явж байна. Сансрын салбарын гол тоглогчдыг эзэмшил ба хөрөнгө оруулалтын хэлбэрийн ангиллаар авч үзвэл:
- Төрийн хөрөнгө оруулалт дэмжлэгтэй (NASA, CNES, Roscosmos, JAXA, ISRO)
- Хувийн хөрөнгө оруулалттай (SpaceX, Boeing, Virgin Galactic, Blue Origin)
- Төр хувийн хэвшлийн хамтарсан (NASA Commercial Crew)
- Олон улсын хамтарсан (ESA, Lunar Gateway, Glavcosmos)
2020 оны 1-р сарын байдлаар дэлхийн 81 улс сансрын орон зайд үйл ажиллагаа явуулж энэ салбарт 1 сая гаруй ажлын байр бий болгож байна. Сансрын эдийн засгийн нийт хэмжээ $415 тэрбум хүрснээс бизнесийн нэмүү өртөг үүсгэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь $230 тэрбумд болно. Эдийн засгийн нэмүү өртөг үүсгэж байгаа хамгийн бодитой жишээ бол GPS (Global Positioning System) бөгөөд 1983 онд иргэний зориулалтаар үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш бүтээсэн нэмүү өртөг нь $1.35 их наяд хүрээд байна[6]. Дэлхийн тэргүүлэх сансрын гүрнүүд болох ОХУ, АНУ, БНХАУ, Европын Холбоо, Энэтхэг, Франц улсуудад төвлөрсөн сансрын 40 орчим буудал ажиллаж байгаа ба шинээр 10 буудал баригдаж байна. Сансрын нислэгийн тоо 2018 онтой харьцуулахад 2019 онд 7.2% иар өссөн, 2020 онд өмнөх оноос мөн 9% иар өсөх төлөвтэй. Сансрын ШУ болон сансрын технологитой холбоотой шинээр олгосон патентын тоо сүүлийн 20 жилд 4 дахин өсчээ. Хөгжингүй орнуудын төр засгаас сансрын олон төрлийн хөтөлбөртөө зарцуулж буй төсөв $85.55 тэрбумд (2018) хүрчээ. 2028 оны орчимд сансрын ШУ, технологитой холбоотой STEM мэргэжилтний тоо 10.56 саяд хүрэх төлөвтэй.
Сансрын эдийн засгийн төрлүүд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь харилцаа холбооны хиймэл дагуулын бизнес болжээ. Одоогийн байдлаар дэлхий орчмын тойрог замд 2666 хиймэл дагуул (2020/03/31) идэвхитэй ажиллаж байна[7]. Хиймэл дагуулын тоогоор АНУ (1327), БНХАУ (363), ОХУ (169) дэлхийд тэргүүлж байна. Хамгийн сүүлд 2020 оны 6-р сарын 23 нд БНХАУ 35 хиймэл дагуултай Beidou констелляцийг байгуулж дууссанаар харилцаа холбоо, сансрын зураглал, байршил зүйн өөрийн бие даасан системтэй болж мэдээлэл харилцаа холбооны тусгаар байдлаа баталгаажуулав[8]. Олон зориулалтын хиймэл дагуулын төрлүүдээс харилцаа холбооны хиймэл дагуулын систем голчлон хөгжиж байна. Үүний тод жишээ нь Starlink компаний харилцаа холбооны хиймэл дагуулын төсөл юм. 2018 оноос эхэлсэн Starlink ийн хөөргөсөн хиймэл дагуулын тоо одоогоор 560 д хүрсэн бөгөөд 2021 оны дунд үе гэхэд 1586 хиймэл дагуул бүхий өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх констелляц байгуулж турших зорилготой юм[9]. Тус компаний дунд хугацааны төлөвлөгөө нь хиймэл дагуулынхаа тоог 12000 хүргэх цаашлаад 30000 д хүргэж дэлхийг бүрэн бүрхсэн 4G/5G сүлжээг сансраас хангах том зорилт тавьсан. Зөвхөн Starlink (42000) төдийгүй энэ зах зээлд OneWeb (48000), Telesat (117) компаниуд хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл тус тусын засгийн газраасаа хүсээд байна. Amazon компаний Kuiper Belt (3236) төсөл (Тус компани энэ төсөлдөө $10 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ гэж саяхан зарласан) АНУ ын Харилцаа холбооны зохицуулах газраас саяхан зөвшөөрөл авсан нь мөн энэ салбарт өрсөлдөөн нэмж анхаарал татаж байна[10].
Сансрын бизнес дундаас сансарт уул уурхайн олборлолт хийх технологи хөгжүүлэх өрсөлдөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Дэлхийн ойр орчмын солир болон тэнгэр эрхсүүд, Сар болон Ангараг гаригаас минерал, ашигт малтмалын олборлолт явуулах зорилгоор томоохон их сургуулиуд, судалгааны төвүүд болон олон зуун стартапууд сансрын орчинд олборлолт хийх, хүдэр баяжуулах, гэрлийн бөөмөөр шарж солироос ус ялгаж гаргаж авах зэрэг олон технологи хөгжүүлж туршиж зарим нааштай үр дүн гарч эхлээд байна[11]. Сансрын уул уурхайн олборлолтын технологийн гол тулгуур нь in situ зарчмаар буюу тухайн орчинд нь өрөмдөх, олборлох, хүдэр ялгах, баяжуулах, боловсруулах зэрэг үйл ажиллагааг аль болох хялбарчлан нэг дор гүйцэтгэж тээвэрлэхэд бэлэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах явдал юм. iSpace зэрэг олон стартап компани минералын баялаг нөөцтэй Саран дээр олборлолт хийх технологи туршаад зогсохгүй дэлхий дээр ашигладаг JORC, NI-43-101, CRISCO зэрэг стандарттай адил сансрын минералын хүдрийн нөөцийн глобаль стандарт үүсгэх санал дэвшүүлээд байна[12]. Дэлхийн зарим улсууд (Люксембург, Швейцарь г.м) энэ төрлийн бизнест зориулж Сансрын хууль, Сансрын уул уурхайн олборлолтын түр журам зэрэг хууль эрх зүйн баримт бичгүүд 2017 онд баталсан[13] бөгөөд сансрын спартапуудад эрх зүйн үйлчилгээ үзүүлж олон компанийг өөртөө татаж татвар төлөгчийн бааз сууриа нэмж байна. Өөрийн гэсэн Сансрын хуульгүй улсуудад Люксембург улс хууль журам, эрх зүйн орчноор үйлчилж байна[14]. Манай Нарны аймаг дотор дэлхийд ойрхон нийт 16000 орчим солир, тэнгэр эрхэс, сансрын чулуулаг тогтоц байгаа нь минерал, ашигт малтмалын асар баялаг нөөц юм. Ялангуяа дэлхийн дагуул Сар нь устөрөгч, гели-3, ховор элементүүд зэрэг ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр болох үнэт бодис, ашигт малтмал агуулж байгаа нь их гүрнүүдийн өрсөлдөөний талбар болох шалтгаан болоод байна.
Сансрын эдийн засгийн тухай ойлголтын нэг чухал хэмжүүр нь ирээдүйд бий болох капитал, нэмүү өртгийн боломжийг түрүүлж олж харах, түрүүлж эзэмших явдал. Энэ чиглэлд дэлхийн том гүрнүүд, улс орнууд анхаарлаа хандуулж бодлого боловсруулж, ирээдүйд зориулсан хөрөнгө оруулж байна. Энэ салбарт өнөөдрийн хувьд АНУ эрс давуу манлайлалтай байгаа ч ОХУ, Европын Холбоо, БНХАУ, Энэтхэг, Япон улс хүчтэй өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна. БНХАУ ын Засгийн газар 2050 оны орчимд “Дэлхий-Сарны эдийн засгийн бүс” байгуулна, энд эргэлдэх эдийн засгийн хэмжээ $10 их наяд хүрнэ гэсэн төсөөлөл боловсруулж хөгжүүлэх замын зураг зарлаад байна[15].
Арилжааны зориулалттай сансрын нислэгийн тоо SpaceX ийн тээгч пуужинг дахин ашиглах технологи нэвтэрснээс хойш эрс өслөө. 2017 онд 84, 2018 онд 111, 2019 онд 97 нислэг тус тус амжилттай хийсэн бол 2020 он гараад 8-р сарын 1 ний байдлаар 52 нислэг хийсэн байна[16]. Арилжааны зориулалттай сансрын нислэгийн бизнесийн зах зээлийн хэмжээ 2026 оны орчимд дангаараа $31 тэрбум хүрэх төлөвтэй[17]. Арилжааны зориулалттай сансрын нислэгийн дараагийн тэсрэлт болохуйц Сансрын аялал жуулчлал гэсэн нэгэн шинэ салбар мэндлээд байна. Сансарт аялан жуулчлах, агаар мандлын тодорхой давхаргад гараад дэлхийг сансрын нисгэгчдийн хардаг өндрөөс сонирхон тольдоод буцаж буух энэ сонирхолтой төрөлд одоогоор SpaceX, Virgin Galactic, Blue Origin компаниуд идэвхитэй ажиллаж байна. Ялангуяа 1 жуулчин сансарт зорчих үнийг 250 мянган ам.доллар хүртэл хямдруулж чадсан Virgin Galactic компани 2019 оны намар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан нь энэ салбарын ирээдүйд хөрөнгө оруулагчид итгэж буйг харууллаа[18]. Сансрын аялал жуулчлалд цойлуур пуужин ашиглаж хөөрөх сансрын хөлөг төдийгүй агаарын бөмбөлөг хөөргөж стратосферт гарч болох технологийн шийдлийг Space Perspective компани 2020 оны 7-р сард танилцуулав. Агаарын бөмбөлгөөр 30 км өндөрт гарч дэлхийг тольдох боломжийг тус компани 125 мянган ам.доллараар санал болгож байна. Туршилтын нислэг нь 2021 оны эхээр зарлагджээ[19].
Сансрын Батлан Хамгаалах салбар
Сансрын салбарт томоохон улсууд төсвийн хөрөнгө оруулалт ихээр хийх болсон нэг том шалтгаан нь улс орнууд сансрын уудам, агаар мандал стратосферийг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын шинэ орон зай гэж үзэж эхэлсэнтэй холбоотой. Хиймэл дагуулын холбоо болон газрын зураглал байршлын бусдаас үл хамаарах өөрийн системтэй болох, өөрийн хиймэл дагуулуудыг халдлагаас хамгаалах, стратосфер болон сансрын уудамд батлан хамгаалах, тогтоон барих чадамж үүсгэх зэрэг нь дэлхийн томоохон гүрнүүдийн нэн тэргүүний зорилт болоод байна.
ОХУ нь 2015 оноос Агаарын цэргийн хүч, Сансрын цэргийн хүчнээ нэгтгэн Агаар-Сансрын цэргийн хүч болгож шинээр төрөл цэрэг болгосон. АНУ нь Агаарын цэргийн хүчиндээ тулгуурлан “АНУ-ын Сансрын хүчин”-ийг 2019 онд шинээр төрөл цэрэг болгон зохион байгууллаа[20]. АНУ-ын Сансрын хүчний төсөв нь 2021 он гэхэд $15.3 тэрбум болж өсөх ба бие бүрэлдэхүүний тоо нь 2-22 мянга болж нэмэгдэнэ[21]. Мөн энэ шинэ хүчний бүрэлдэхүүнд Сансрын Үндэсний Гварди зэрэг нөөц, туслах бүрэлдэхүүн хүртэл багтсан. АНУ-ын энэ алхамыг ОХУ ын Ерөнхийлөгч Путин: “Сансрын орон зайд зэвсэглэлийн өрсөлдөөн эхлүүллээ” гэж буруутгасан. 2015 онд БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд “ХАЧА ийн Стратегийн дэмжих хүч” гэж байгуулсан нь сансрын цэргийн хүчний төрөлд хамаарна. Хамгийн сүүлд 2020 онд агаарын цэргийн хүчин дээрээ тулгуурлан шинээр “Агаар-Сансрын цэргийн хүчин” байгуулсан улс бол Франц. Энэ шинэ төрөл цэрэгтээ Франц улс 2025 он хүртэл жилд 3.6-4.7 хүртэл тэрбум евро төсөвлөөд байна[22].
Батлан хамгаалах, аюулгүй байдлын зорилгоор Сар ба бусад Тэнгэр эрхсийг хэрхэн эзэмших тухай болон сансрын уудамд хэн ямар дэг (Code of conduct) тогтоох тухай өрсөлдөөн ид ширүүсч байна[23]. Ойрын ирээдүйд нэг талаас АНУ болон түүний холбоотнууд, нөгөө талаас ОХУ-БНХАУ хамтарсан сансрын орон зайд ноёрхох өрсөлдөөн газар авч технологийн хулгайгаас эхлээд өрсөлдөгчийнхөө холбооны хиймэл дагуулыг буудаж унагах, сүлжээг нь унагах хүртэл хэмжээнд мөргөлдөөн өрнөж болзошгүй.
Сансрын цэрэг, батлан хамгаалах чиглэлийн эрс өрнөл, идэвхжил нь цаашид үүсэх олон улсын сансрын геополитикийн шинэ орчинд дэлхийн улсууд татагдан орох нь цаг хугацааны асуудал болжээ. НҮБ болон Олон Улсын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд улс орнуудын энэ чиглэлийн харилцааг зохицуулахад шаардагдах өөрийн улсын сансрын үзэл баримтлал, сансрын бодлогоо яаралтай урьдчилан боловсруулж угтан бэлтгэх цаг болсныг Монголын төр, бодлого боловсруулагчид анхаарах буй заа.
Олон Улсын Сансрын эрх зүйн өнөөгийн байдал
Монгол улс Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд сансарт хүн нисгэж олон улсын сансрын гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болсноос хойш 39 жил өнгөрч ирэх 2021 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Сансарт хүн нисгэх нь зөвхөн улс орны нэр хүндийн асуудал төдийгүй сансрын ШУ-ны хүрээнд бүх суурь салбарууд дагалдан хөгждөг тул нийгэм, эдийн засгийн асар их ач холбогдолтой үйл явдал билээ. Монголын эрдэмтэд 2017 онд анхны “Мазаалай” хиймэл дагуул хөөргөж туршсан ба ирэх жил “Тэмүүлэл” хиймэл дагуул хөөргөх судалгаа, бэлтгэл ажлыг ид хангаж байна.
Монгол улс дараахь олон улсын сансрын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон[24]:
- 1967 оны Сансрын огторгуй, түүнчлэн сар болон бусад тэнгэрийн эрхсийг шинжлэн ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ
- 1967 оны Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр
- 1971 оны Сансрын объектод хохирол учруулахад үүсэх хариуцлагын тухай Олон улсын конвенц
- 1976 оны Сансрын огторгуйд хөөргөсөн биет зүйлийн бүртгэх тухай конвенц
- 2005 оны Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-ын конвенц
Манай улсын хувьд олон улсын сансрын эрх зүйн өөр нэгэн маш чухал баримт бичиг 1979 оны “Сарны гэрээ”[25] нд нэгдэн ороогүй байна. “Сарны гэрээ” түүний үйлчлэх хүрээ, эрх зүйн чадамж, хэрэгжилтийг тойрсон асуудлууд олон улсын анхаарлын төвд хэвээр байна. АНУ, ОХУ, БНХАУ, Япон улс зэрэг голлох тоглогчид “Сарны гэрээ” нд нэгдээгүй явж ирсэн шалтгаан нь Сар ба бусад солирын биет дээр тус тусын эрх ашгийг хангах, бааз байгуулах, эзэмшил бүс үүсгэх, олборлолт болон бусад зорилгоор ашиглах зорилтоо хангах хүртлээ ямар нэг үүрэг хүлээсэн гэрээ хэлэлцээрт нэгдэхээс түдгэлздэг байр суурьтай нь холбоотой юм.
“Сарны гэрээ”-нд их гүрнүүд нэгдэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө энэ гэрээг анх санаачилж нэгдэн орсон улсууд нь Дэлхийн тойрог замаас эхлээд Нарны аймгийн хэмжээнд тэнгэр эрхсийг (Сар) хэрхэн авч үзэх нэгдсэн дүрэм, нийтлэг дэг бий болгох эрх зүйн суурь баримт бичиг болгохыг зорьсон. Мөн Сар болон тэнгэр эрхсүүд дээрх нөөц баялгийг “Нийт хүн төрөлхтний өв” гэж үзэж[26] бүх улсад тэгш эрхтэй харьяалагдах баялаг гэж хуульчлахыг оролдсон ч их гүрнүүд энэ санааг дэмжихгүй байгаа юм. Нөгөө талаас 1967 оны Сансрын гэрээгээр Сар болоод бусад тэнгэр эрхэсийг аль нэг улс гүрэн өөртөө өмчлөхийг хориглосон агуулга бүхий заалт бий[27].
Ийнхүү олон улсын хэмжээнд сансрын орчны бүх харилцааг зохицуулсан нэгдсэн хууль, дүрэм, дэг одоогоор байхгүй байгаа нь том гүрнүүдийн хувьд өөр өөрийн хууль, журмыг зохиох эрх зүйн боломжит нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Тухайлбал, АНУ 2015 онд “Арилжааны Сансрын Нислэгийн өрсөлдөөнийг зохицуулах хууль”[28] гаргасан нь өөрийн иргэд аж ахуйн нэгжүүдэд сансарт арилжааны зорилгоор үйл ажиллагаа явуулах, ус, устөрөгч, олон төрлийн минерал олборлох эрхийг нээж өгсөн. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп 2020 оны 4-р сард “Encouraging International Support for the Recovery and Use of Space Resources”[29] тушаал гаргасан нь Сарны гэрээг эрх зүйн зохицуулалтын чадамжгүй гэж зарлахын сацуу сансрын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжих нэрээр Америкийн компаниудад өрсөлдөөний давуу тал олгох эрх зүйн акт болсон. АНУ ын дээрхи шат дараалсан эрх зүйн баримт бичгүүдийг өрсөлдөгч орнууд нь мөн шинээр сансрын салбарт хөл тавихыг эрмэлзэж байгаа улсууд ихэвчлэн болгоомжилсон байдлаар хүлээн авч өнөөдөр технологийн давуу талтай байгаа байдлаа ашиглан сансарт, онцлон хэлбэл Саран дээр АНУ нь өөрийн дэг журмыг (Code of conduct) тогтоох гэсэн оролдлого гэж харж байна. Дэлхийн бусад улсууд, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Люксембург тус тусын сансрын бодлогын баримт бичиг, эрх зүйн суурь актуудаа гаргахад анхаарч яаравчилж байна[30].
Монгол Улсын Сансрын бодлогын тухай дэвшүүлэх санал
Монгол улсын хувьд COVID-19 ийн улмаас эрс хувирч өөрчлөгдөн буй эдийн засаг, нийгмийн шинэ нөхцөл байдал, шинэ норм бүхий дэлхий ертөнцөд зохицох, эдийн засгийн шинэ боломж хайх, нэмүү өртөг бүхий эдийн засгийн салбар чиглэлүүд үүсгэж хөгжүүлэх онц чухал шаардлага үүсээд байна. Монгол улсын Засгийн газраас онц байдлын үеийн шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч эдийн засгийн урт хугацааны “хямралаас гарах” төлөвлөгөө зарлаагүй. Гэнэтийн цочир хямралын дараах эдийн засгийн шинэ, үр ашигтай загвар боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн энэ үед сансрын эдийн засгийг анхаарч хөгжүүлэх алтан боломж нээгдээд байна. Монгол улсын хувьд сансрын эдийн засгийн суурь тавих ерөнхий зураглал, ажлын дараалал дараах байдлаар харагдаж байгааг судлаачийн хувьд санал болгон дэвшүүлж байна:
- Сансрын бодлогын үзэл баримтлалаа боловсруулж батлах
(НҮБ болон олон улсын харилцааны түвшинд хоёр ба олон талт дипломат харилцааны орчинд цаашид сансрын бодлогын асуудал далайцтай яригдах тул үүнийг угтуулан өөрийн үзэл баримтлалтай болж ирээдүйд бэлэн байх)
- Сансрын хуультай болох, сансрын бизнес хөгжих эрх зүйн суурь орчин бүрдүүлэх
(Монгол шиг далайд гарцгүй орнуудын хувьд дэлхийн эдийн засгийн интеграцид нэгдэх өөр зам, гарцуудыг идэвхитэй хайдаг. Жишээ нь: Люксембург, Швейцарь улсуудын хөгжлийн загвар. Люксембургийн Сансрын хуулиас жишээ авч өөрийн эрх зүйн орчныг бүрдүүлж энэ шинэ салбарт бизнес эрхлэх хүсэлтэй олон улсын компани, технологийн стартапт өөрийн эрх зүйн орчноор үйлчлэх боломж Монгол улсад байна)
- Сансрын технологийн суурь судалгаануудыг дэмжих, олон улсын хамтарсан судалгааны төсөл, хөрөнгө оруулалт, ноу-хауг татах
(Технологийн ноу-хау, инноваци бол сансрын эдийн засгийн суурь. Үүнд тухайн улсын жижиг том нь хамаагүй, хэн түрүүлж илүү технологи хөгжүүлсэн нь зах зээлд тэргүүлэх боломжтой)
- Мэдээлэл, Харилцаа Холбооны газрын холбогдох чиг үүрэг бүхий хэлтэс болон Ерөнхий Сайдын дэргэдэх Сансрын зөвлөлийг нэгтгэж шинээр Агентлагийн түвшний Сансрын бодлогын газар байгуулах
(Дэлхийн улсуудад Засгийн Газрын агентлагийн түвшинд Сансрын бодлогын хэрэгжилтийг хангах төв бүтцээ байгуулдаг жишиг байна. Бодлогын газартай болох нь энэ салбарын тархай бутархай олон салбар нэгжүүд, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангахад чухал алхам болно)
- Сансрын төслүүд зарлах, нээлттэй хөрөнгө оруулалтын орчин үүсгэж энэ салбарт төсөл хэрэгжүүлэх, төслийн хөрөнгө оруулалт татах хамгийн таатай орчин болох
(Худалдааны дайн, Хятад-Америкийн харилцааны хүйтрэл, Орос-Америкийн дипломат тэмцлийн дунд бүх талтай ижил тэгш найрсаг харилцаатай, элдэв зөрчилгүй, хөрөнгө оруулалтын ээлтэй нээлттэй орчны хэрэгцээ үүсээд байна. Нээлттэй, олон талт гадаад бодлого явуулдаг онцлогоо ашиглан Монгол улс ийм дундын орчин болж бусдаас ялгарах давуу тал бий)
- Сансрын технологийн аль нэг салбарт дэлхийд танигдах хэмжээнд сервис үзүүлдэг болох
(Сансрын эдийн засаг нь дотроо олон төрөл. Хиймэл дагуулын технологи, Газрын станц, Сансрын уул уурхайн технологи хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэлтгэх, Сансраас газарзүй топографийн зураглал унших технологи, Сар болон бусад солирын биет дээр ажиллах робот төхөөрөмжүүд хөгжүүлэх, сансрын бизнест зориулсан программ хангамж хөгжүүлэх зэрэг олон боломжийн аль нэгийг түлхүү хөгжүүлж дэлхийд өрсөлдөх боломжтой)
- Сансрын аялал жуулчлалын бизнесийг бодлогоор хөгжүүлэх
(Сансрын аялал жуулчлалын технологийн концепцийг судлаж нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагаа эхлүүлэх, Монголын аялал жуулчлалын болон технологийн компаниудад шинэ зах зээл нээх)
- Хиймэл дагуулын өөрийн (24-36 ширхэг) констелляцтай болох
(Монгол улс харилцаа холбооны болон сансрын зураглалын зориулалтаар гадаадаас олон сая доллараар үйлчилгээ авч жил бүр их хэмжээний мөнгө төлдөг. Энэ зардлыг өөрийн хиймэл дагуулын сүлжээгээр хангах боломжтой. Өөрийн хэрэгцээнээс гадна бусад улс орнуудад хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж орлого олох боломжтой)
Монгол улсын Ерөнхий Сайдын дэргэд “Сансрын Зөвлөл” ажилладаг. Энэ зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, УИХ ын түвшинд “Сансрын бодлогын Лобби бүлэг” байгуулах, дипломат болон элчин харилцаат орнуудтай сансрын салбарт хамтран ажиллах стратеги боловсруулах зэрэг нь Монголын төр засгийн зүгээс илүү зардалгүй шуурхай хэрэгжүүлж болох ажлууд юм. Улмаар дээр дурьдсан дарааллаар эрх зүйн таатай орчин бүрдүүлж сансрын эдийн засгийн суурийг тавьж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүлж энэ салбарт идэвхитэй тоглогч болох орон зай, өргөн боломж монголчууд бидний өмнө бүрэн нээлттэй байна.
Ашигласан ном зүй, нээлттэй эх сурвалж
- https://www.nature.com/articles/d41586-020-00502-w
- https://openknowledge.worldbank.org/handle/10986/33748
- https://ec.europa.eu/eurostat/documents/2995521/11156775/2-31072020-BP-EN.pdf/cbe7522c-ebfa-ef08-be60-b1c9d1bd385b
- https://www.statista.com/chart/21904/estimated-cost-per-seat-on-selected-spacecraft/
- https://www.spacefoundation.org/2020/02/25/state-of-space-2020-a-summary/
- https://www.thespacereport.org/scorecard/
- https://www.ucsusa.org/resources/satellite-database
- https://thediplomat.com/2020/07/the-economic-and-military-impact-of-chinas-beidou-navigation-system/
- https://techcrunch.com/2020/04/23/elon-musk-says-starlink-internet-private-beta-to-begin-in-roughly-three-months-public-beta-in-six/
- https://www.cnbc.com/2020/07/30/fcc-authorizes-amazon-to-build-kuiper-satellite-internet-network.html
- https://www.bloomberg.com/series/giant-leap
- https://az659834.vo.msecnd.net/eventsairseasiaprod/production-ausimm-public/72db098c56a74b9d8a5adbfab58b389e
- http://legilux.public.lu/eli/etat/leg/loi/2017/07/20/a674/jo
- https://www.mining.com/the-global-race-to-mine-outer-space/
- https://www.globaltimes.cn/content/1168698.shtml
- https://www.spacelaunchreport.com/
- https://www.marketwatch.com/press-release/top-trends-in-space-launch-services-market-size-2020—global-industry-revenue-and-upcoming-demand-2020-05-30?mod=mw_quote_news&tesla=y
- https://www.space.com/virgin-galactic-goes-public-nyse-stock-exchange.html
- https://edition.cnn.com/travel/article/spaceship-neptune-travel-scn/index.html
- https://www.spaceforce.mil/About-Us/About-Space-Force
- https://comptroller.defense.gov/Portals/45/Documents/defbudget/fy2021/fy2021_Budget_Request_Overview_Book.pdf
- https://www.lefigaro.fr/international/l-espace-lieu-potentiel-de-manoeuvres-inamicales-affirme-florence-parly-20200724
- https://www.institutmontaigne.org/en/publications/space-will-europe-awaken
- http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2020/06/2020.06.23.pdf
- https://treaties.un.org/pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XXIV-2&chapter=24&clang=_en
- https://ir.lawnet.fordham.edu/cgi/viewcontent.cgi?article=1325&context=elr
- https://www.unoosa.org/oosa/en/ourwork/spacelaw/treaties/outerspacetreaty.html
- https://www.congress.gov/bill/114th-congress/house-bill/2262
- https://www.whitehouse.gov/presidential-actions/executive-order-encouraging-international-support-recovery-use-space-resources/
- https://www.orfonline.org/research/if-space-is-the-province-of-mankind-who-owns-its-resources-47561/
ИШЛЭЛ ЗҮҮЛТ
[1] https://www.nature.com/articles/d41586-020-00502-w
[2]https://openknowledge.worldbank.org/handle/10986/33748
[3] https://ec.europa.eu/eurostat/documents/2995521/11156775/2-31072020-BP-EN.pdf/cbe7522c-ebfa-ef08-be60-b1c9d1bd385b
[4] https://www.statista.com/chart/21904/estimated-cost-per-seat-on-selected-spacecraft/
[5] https://www.spacefoundation.org/2020/02/25/state-of-space-2020-a-summary/
[6] https://www.thespacereport.org/scorecard/
[7] https://www.ucsusa.org/resources/satellite-database
[8] https://thediplomat.com/2020/07/the-economic-and-military-impact-of-chinas-beidou-navigation-system/
[9] https://techcrunch.com/2020/04/23/elon-musk-says-starlink-internet-private-beta-to-begin-in-roughly-three-months-public-beta-in-six/
[10] https://www.cnbc.com/2020/07/30/fcc-authorizes-amazon-to-build-kuiper-satellite-internet-network.html
[11] https://www.bloomberg.com/series/giant-leap
[12] https://az659834.vo.msecnd.net/eventsairseasiaprod/production-ausimm-public/72db098c56a74b9d8a5adbfab58b389e
[13] http://legilux.public.lu/eli/etat/leg/loi/2017/07/20/a674/jo
[14] https://www.mining.com/the-global-race-to-mine-outer-space/
[15] https://www.globaltimes.cn/content/1168698.shtml
[16]https://www.spacelaunchreport.com/
[17] https://www.marketwatch.com/press-release/top-trends-in-space-launch-services-market-size-2020—global-industry-revenue-and-upcoming-demand-2020-05-30?mod=mw_quote_news&tesla=y
[18]https://www.space.com/virgin-galactic-goes-public-nyse-stock-exchange.html
[19] https://edition.cnn.com/travel/article/spaceship-neptune-travel-scn/index.html
[20] https://www.spaceforce.mil/About-Us/About-Space-Force
[21]https://comptroller.defense.gov/Portals/45/Documents/defbudget/fy2021/fy2021_Budget_Request_Overview_Book.pdf
[22] https://www.lefigaro.fr/international/l-espace-lieu-potentiel-de-manoeuvres-inamicales-affirme-florence-parly-20200724
[23] https://www.institutmontaigne.org/en/publications/space-will-europe-awaken
[24] http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2020/06/2020.06.23.pdf
[25] https://treaties.un.org/pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XXIV-2&chapter=24&clang=_en
[26] https://ir.lawnet.fordham.edu/cgi/viewcontent.cgi?article=1325&context=elr
[27] https://www.unoosa.org/oosa/en/ourwork/spacelaw/treaties/outerspacetreaty.html
[28] https://www.congress.gov/bill/114th-congress/house-bill/2262
[29] https://www.whitehouse.gov/presidential-actions/executive-order-encouraging-international-support-recovery-use-space-resources/
[30] https://www.orfonline.org/research/if-space-is-the-province-of-mankind-who-owns-its-resources-47561/