ШИНЭ ТОЛЬ №81, 2020
ЦАР ТАХАЛ БА МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛАЛ
П. Алтанчимэг
Улс төр судлалын докторант
МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хорооны
дэргэдэх Мэдээллийн технологийн төв
ОРШИЛ
Цар тахал, корона, ковид-19, титэмт вирус аль хэдийн бидний чихэнд дасал болсон үгс. Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сард коронавирус манай урд хөршид дэгдэж 2020 он гарснаар өдөр бүр энэ цар тахлын тухай Улсын Онцгой Комисс /УОК/-ын шуурхай мэдээ сонссоор хэдийн 7 сарын хугацаа өнгөрчээ. Хүн тэр тусмаа Монголчууд бид нөхцөлд байдалд маш хурдан дасан зохицох чадвартай улс. Бүх нийтээрээ маск зүүж өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах УОК-ын болоод Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг сайтар дагаж, үүний үр дүнд бид дотооддоо аюулгүй байдлаа сайн хангаж чадаж байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 02 дугаар сарын 11-нд коронавирусийг “Ковид-19” хэмээн нэрлэж, 03 дугаар сарын 11-нд цар тахал /Пандеми/ гэж албан ёсоор зарласан билээ. “Пандеми” буюу “цар тахал” хэмээн зарласан учир нь хамгийн энгийнээр хэлбэл, хяналтаас алдагдсан нөхцөл байдлыг хэлж буй хэрэг юм[1].
ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Өнөөдрийн байдлаар Дэлхий нийтэд 17,404,493 тохиолдол үүсэж үүнээс эдгэрэлт 11,117,673, нас баралт 677,584 байна. Харин Монгол Улсад 291 бүртгэгдэж, 230 нь эдгэрсэн /2020 оны 8 сарын 1-ны байдлаар/ байна[2].
Манай улсын хувьд хилээ хааж, хөл хорио тогтоох замаар тэмцэж, энэ нь ч тодорхой үр дүнг өгч байна. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хуулийг баталсан. Тус хуулийн зорилго Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино[3]. Тус хуулийн үйлчлэх хугацааг 2020 оны 04 сарын 29 буюу батлагдсан өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэхээр тогтоосон бөгөөд хуулийн үйлчлэх хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно гэж заасан. Бид ч энэхүү хуулийн хүрээнд тодорхой эрхүүдээ хязгаарлуулан, хөл хорионы дэглэмд шилжин ажил, амьдрал ахуйгаа зохицуулсаар багагүй хугацаа өнгөрчээ. Жишээлбэл 2020 оны 01 сарын 21-нээс эхлэн олон нийтийн үйл ажиллагааг зогсоож /олон нийтийг хамарсан сургалт семинар, хурал цуглаан, спорт арга хэмжээ гэх мэт/, дотоод шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цэцэрлэг сургуулийг хаасан.
03 сарын 12-нд бүх нислэг зогссон ба гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авч байна. 07 сарын 24-ны өдрийн байдлаар нийтдээ 14371 иргэнээ татан авсан байна. Нийт 44 улсаас, 40 удаагийн тусгай үүргийн нислэгээр 13 чиглэлээр иргэдээ татан авсан бөгөөд үүнээс гадна 55 улсаас 11955 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна. Онцгой комиссоос нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдэд тодорхой шалгуур тавьж дараалал тогтоож байгаа. Үүнд:
- Хүнд өвчтэй
- Өндөр настай
- Жирэмсэн
- Хөгжлийн бэрхшээлтэй
- Бага насны хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд авна гэсэн шалгуур тогтоосон. Гэвч энэ шалгуураас гадуур мөнгө өгч эсвэл танил талаараа дарааллын урдуур эх нутагтаа буцаж байна гэх яриа гарах болсон. Эдгээр хүсэлт гаргасан иргэдэд шаардлагатай мэдээллүүд ил тод, тодорхой биш байгаагаас иргэдийн дунд бухимдал үүсэж эхэлсэн. Гадаад дахь иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” нэртэй байгууллагыг өмнө нь байгуулж хилийн дээс алхасан иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж байсан бол энэ удаад тус зөвлөл болон сошиал орчин дахь иргэд гадаадад суугаа иргэдээ татан авах ажлыг ил тод зохион байгуулах, хандив тусламжийн хүртээмжийг ил тод байдал хангалтгүй байгааг илэрхийлэр болсноор тус хөдөлгөөнүүд легитм чанараа баталгаажуулж олон нийтийн анхааралд илүүтэй өртөх болсон. Эдгээр шаардлагуудын үр дүнд УОК-ын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдалд тодорхой ахиц дэвшил гарч байна.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, БНХАУ, ОХУ, Европын Холбоо зэрэг хүчирхэг гүрнүүд, холбоод бодит мэдээллийг ард иргэддээ хүргэхгүй байснаас, эсвэл улс төржилт, үл тоомсорлолт байснаас өнөөдөр нөхөж баршгүй гамшигтай бодитоор нүүр тулаад байна. Тухайлбал, АНУ-д иргэдээ маск зүүхийг зөвлөмж болгохгүй байсан, ОХУ-д маск зүүснээр уг вирусээс хамгаалж чадахгүй гэх мэтээр зарим судлаачид нь ятгаж байсан, БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаа нь уг вирусийн халдварыг нуун дарагдуулж, өөрсдөө асуудлаа шийдвэрлэхээр оролдсоор эцэстээ дэлхий дахинаа халдварыг тархаан хяналтаа алдсан, Европын Холбоонд энэхүү вирус зөвхөн Азийн өвчин мэт ойлголт иргэдэд нь байсан зэрэг нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Иймд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх, “хуурамч мэдээлэл” тараах нь өөрөө үхлийн аюултай болохыг дээрх хөгжлөөр тэргүүлэгч орнуудын гашуун туршлага сануулсаар байна. Энэхүү цар тахлын дараа дэлхий нийтээр шинжлэх ухааныг дэмжих талаар аль ч цаг үеэс илүү нэгдмэл дуу хоолойтой болох нь нэгэнт тодорхой байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан зөв мэдлэг, мэдээлэл л энэхүү гамшгаас хохирол багатай гарах суурь нөхцөл болох юм[4].
Эндээс нэг зүйлийг маш тодорхой харж болно. Бид цөөхүүлээ тул үүсээд буй нөхцөл байдлаар бодит үнэн мэдээллийг ил тод хүргэж байж мэдээлэлтэйгээр ухамсартайгаар энэ цар тахлыг даван гарах боломжтой юм.
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас гарсан нэгэн илтгэлд дурдсанаар Ювал Ноа Харари “Коронавирусийн дараах дэлхий ертөнц” нийтлэлдээ “Хүн төрөлхтөн дэлхий нийтийг хамарсан хямралтай нүүр тулаад байна. Бүр манай үеийн хамгийн том хямрал. Энэ хэдэн өдрүүдэд хүмүүс хийгээд Засгийн газруудын гаргах шийдвэр ирэх жилүүдэд дэлхий ертөнц ямар байхыг тодорхойлох болно. Энэ шийдвэрүүд бидний эрүүлийг хамгаалах тогтолцоог төдийгүй манай эдийн засаг, улс төр, соёлыг тодорхойлно. Бид түргэн, бас шийдэмгий хөдлөх ёстой. Бидний үйлдэл урт хугацааны үр дагавартай гэдгийг тооцох хэрэгтэй. Сонголт хийхдээ зөвхөн энэхэн зуурын аюул заналыг даван туулах төдийгүй “гай гамшиг” өнгөрсөн хойно ямархуу дэлхийд амьдрахаа бас эргэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тиймээ, энэ гай гамшиг өнгөрнө, хүн төрөлхтөн даваад гарна, бидний ихэнх нь эсэн мэнд үлдэнэ, гэхдээ бид өөрчлөгдсөн дэлхийд амьдрах болно” гэжээ.
“Ковид-19”-ийн улмаас дэлхийн олон оронд тулгарч буй асуудлууд Монгол Улсад ч мөн адил бэрхшээл сорилтыг дагуулсаар байна. Энэхүү шинэ сорилт нь эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүсийн аж төрөх хэв маягт ихээхэн өөрчлөлт нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна.
Тухайлбал, эдийн засгийн салбарт жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсэж, дампуурах эрсдэлийг бий болгосоор байна. Тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлогогүй болсноор санхүүгийн бэрхшээлд орох өндөр эрсдэлтэй байна. Гадаад худалдаа эрдэс баялаг, түүхий эдийн экспорт хумигдаж, улсын төсвийн орлого буурч төсөвт дарамт учрах нь тодорхой боллоо. Улс төрийн салбарт гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг бүрэн хянаж, вирусийг устгаж эс чадваас халдвар дотоодод тархаж, Онцгой комисс, Засгийн газрыг шүүмжлэх байдал газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай. Иймд, халдварыг дотоодод тархаахгүйгээр өнөөгийн амжилтаа цаашид хадгалж чадах эсэх нь манай улсын хүн амын эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдлыг хангахад, мөн үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой шийдвэрлэх хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. “Ковид-19”-ийн нөлөө богино болон дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их байх боловч урт хугацаанд гадаад улс төрийн орчинд нөлөөлөх нөлөөлөл их байх талтай байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ “Ковид-19”-ийн тархалтыг хяналтдаа оруулж чадсан нь голлох уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ч 2020 оны эхний хоёр сард саатсанаас шалтгаалж, 2020 оны улс төсвийн орлогын төсөөлөл хэрэгжих магадлал бага байна. Үүнээс гадна “Ковид-19”-оос шалтгаалан ноолууран бүтээгдэхүүний экспорт борлуулалт буурч, удахгүй сезоны улирал нь эхлэх аялал жуулчлалын салбар бүрэн зогсолт хийх эрсдэл тулгарч байна[5].
Цар тахал Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд дээрх байдлаар нөлөөлөл үзүүлж байгаа бол Монгол улсын Ардчилалд хэрхэн нөлөөлж байна вэ? гэдэг асуулт албан ёсоор гарч ирнэ.
Үүний тулд бид өнөөг хүртэл бүрдүүлсэн ардчилал маань ямар тү вшинд бэхэжсэн байсан вэ гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид шуурганд бидний барьсан барилга хэр эрсдэл багатай тэсэж үлдэхийг барилга анхнаасаа ямар хэмжээнд баригдсан буюу барилгын суурь, барилгад ашигласан материал, баригдсан технологи гэх мэт олон зүйлээс шалтгаалан тооцох шаардлагатай. Үүнтэй нэгэн адилаар 1990 оноос бий болгосон манай улсын ардчилал ямар түвшинд бүрэлдэж чадсан бэ гэдгийг товч харъя.
МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛАЛ
Монгол Улс Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан ёс, хууль, хүний эрхийг дээдлэх зарчмуудтай ардчилсан улс. Бид Үндсэн Хуулинд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно[6] гэж тунхагласан.
Нэгэн судлаачийн бичсэнээр: Монгол улсын ардчилсан шилжилт, түүний тогтворжилт, тулгарч буй сорил, нийгмийн нөхцөл байдал, ардчилсан институцийн хөгжил зэргээс шалтгаалан дараах гурван үед хуваан шинжилсэн байдаг. Үүнд
- Ардчилсан шилжилтийн эхэн үе 1990-2000 он,
- Ардчиллын гажуудлын эхэн үе 2000-2010 он,
- Ардчилалд тулгарч буй сорилт, төлөв байдал 2010-2019 он хэмээн цаг хугацааны хувьд үечилсэн байна[7].
Ардчилсан шилжилт нь ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд тайван замаар шилжин орох үйл явцыг илэрхийлдэг[8]. Ардчилсан шилжилт нь нийгмийн тодорхой өөрчлөлт бүрдэж байж явагдах бөгөөд дурын тохиолдолд явагдах боломжгүй. Энэ нь нийгэм эдийн засгийн чиг хандлагын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, үйлдвэржилт болон нийгмийн модернацитай давхцан ардчилсан шилжилт хийгдэх нөхцөл бүрддэг гэсэн үг[9].
Тухайлбал 1980-иад оны дунд үед Монгол улсын гадаад орчинд их хэмжээний өөрчлөлт орсон. Учир нь хойд хөрш, зүүн Европын улс орнуудад өрнөж байсан өөрчлөлт шинэчлэлийн салхи нь Зөвлөлт Холбоот Улс болон социалист улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын техник, эдийн засгийн туслалцаанд түшиглэдэг манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үр өгөөжгүй байдлын гол буруутан нь нэг намын тогтолцоо хэмээх уур амьсгалыг нийгэмд бүрдүүлж чадсан юм[10]. Энэ мэт олон суурь бүрэлдсэн тул ардчилсан шилжилт хийгдсэн бөгөөд 1990 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-ын Ардын Их Хурлын чуулганаар 8 бүлэг 43 зүйл бүхий “БНМАУ-ын Ардын Хурлын депутатуудын сонгуулийн хууль” болон “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг тус тус баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Ардын Хурлын депутатуудын анхны ардчилсан сонгуулийг зарлаж, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Ням гаригт санал хураалт явуулахаар тогтсон байна[11]. 1990 оны 7 дугаар сарын 29-нд явуулсан анхны ардчилсан сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад 1027.1 мянган хүн бүртгэгдэж, тэдний 98.0 хувь нь саналаа өгсөн бөгөөд бүх шатны Ардын хуралд 13501 депутат сонгогдсоны дотор АИХ-д 422 депутат, аймаг, хотын хуралд 1765 депутат, сумын хуралд 8977 депутат, хорооны хуралд 936 депутат, районы хуралд 352 депутат, орон нутгийн хотын хуралд 1049 депутат тус тус сонгогдсон.
Анхны ардчилсан сонгуулиар намуудын талаар санал авах ажил хамт болж, нийт сонгогчдын 97.9 хувь нь намын төлөө санал хураалтад оролцсон бөгөөд намуудын авсан саналын хувиар шинээр байгуулагдсан Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг тогтоосон байдаг.
Ийнхүү одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын анхны ардчилсан сонгууль явагдаж Ардын Их Хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхим бүхий Парламентыг сонгон, Ардын Их Хурлын депутатыг нэг мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, байнгын ажиллагаатай Парламент болох Улсын бага Хурлыг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө өгсөн саналаар буюу пропорционал тогтолцоогоор тус тус сонгосон. [12] Ийнхүү бүх нийтээрээ сайн дурын үндсэн дээр сонгуульд оролцох, нэр дэвших эрх эдлэх, олон намын систем бий болж иргэн хүн аль нэг намын гишүүн болох боломжтой буюу улс төрийн эвлэлдэн нэгдэх эрхийг эдлэх үндсэн нөхцөл бүрдэж чадсан.
Хамгийн чухал зүйл болох Монгол Улсын Үндсэн Хуулийн тухайд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульдаа “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан.
Ийнхүү бид ардчилалд шилжиж ба олон ололттой сайн талууд байсныг сонгох, сонгогдох эрхээс авахуулан бид мэдэх билээ. Харин бидний бий болгосон ардчилал гажуудаж эхэлсэн гол шалтгаан юу байв.
Линц (Juan Linz 1926-2013) онолоор бол ардчилсан шилжилт хийх нь нэгдэх үе шат, ардчилал тогтвортой хөгжих систем орчинг бүрдүүлэх нь хоёрдах үе шат байх ба хөгжиж буй ардчилсан улс орнуудын хувьд энэ хоёр үе шатанд бэрхшээлтэй тулгарч байна хэмээн үзсэн байдаг. Иймд хөгжиж буй ардчилсан улсуудад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ардчилсан систем, ардчилал хэрэгжих орчин, ардчиллыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн сайн суурьтай байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой гэжээ[13].
Гэтэл манай эдийн засгийн нөхцөл байдал хангалтгүй байгааг олон баримтаар харж болно. Жишээ нь 2015 оны ДБ-ны тайланд Монгол улс бүс нутагтаа төдийгүй, дэлхийн улс орнуудын дунд нийгмийн халамжийн зардал өндөртэй улс болохыг дурджээ[14]. Түүнчлэн, 2018 оны ДБ-ны тайланд дурдсанаар улс орнуудын нийгмийн халамжийн зардал ДНБ-ны 0.2-оос 6.5 хувьд хүртэл байсан бол Зүүн ази, номхон далайн бүс нутгийн нийгмийн халамжийн дундаж зардал 1 хувь, дэлхийн дундаж нь 1.54 хувь байв[15]. Монгол Улсын хувьд 2017 онд 1.8, 2018 онд 1.9 байснаар дэлхийн дунджаас дээгүүр байв.
Мөн 2009 онд хэвлэгдсэн ПОЛИТОЛОГИ сэтгүүлд хэвлүүлсэн “Монгол дахь Ардчилах үйл явц ба сонгууль” өгүүлэлд: Монголд ардчилал бэхжиж дуусах шатандаа орсон гэвэл эртэдсэн дүгнэлт болохоор байгааг хэлэх нь зүйтэй гэж. Тэрээр судлаачдын үнэлгээгээр ардчилал манайд бодит үзэгдэл болсон боловч бүрэн баталгаажиж, эргэлт буцалтгүй болсон гэхэд эргэлзэхээр дүр зураг гарсан байдаг. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн системээ үнэлэхэд 3.02 балл гарсан нь ардчиллын хувьд “ардчилсан ба ардчилсан бус шинж байдал ойролцоо харьцаатай болсон, хаашаа ч эргэж болзошгүй байдал” гэсэн утгыг илэрхийлдэг байна[16] гэжээ.
Ардчиллын гурав дахь давлагаанд хамрагдсан орнууд дотроос авторитари биш, ардчилсан биш хэв маягруу нилээд улс орнууд аажмаар гулсан орж байна. Иймд ардчилал судлаачид саарал бүс, сонгуульд ардчилал, хуурамч ардчилал, хагас ардчилал, ардчилал дарангуйлал хоёрын дунд орших гибрид дэглэм, ардчиллын халдалт, склероз гэж нэрлэх болжээ. Шинээр ардчилалд шилжсэн III дахь давалгааны орнуудын энэ хэв маягт Никахагуа, Эквадор, Панам, Боливи, Молдав, Босни, Албани, Монгол, Непал, Бангладеш, Мадагскар, Гвиней Бисеу, Серлеон гэх мэт улс орнууд багтаж байна[17].
Энэ хүртэл бид манай улс Ардчилалд маш амжилттай шилжин орсон ч бэхжүүлж чадаагүй харин маш эгзэгтэй хэмжээнд байгаа гэдгийг маш тодорхой харж болохоор байна.
Ардчилал хөгжин төлөвшихөд эдийн засаг, соёл, шашин, боловсрол зэрэг суурь нөхцөл чухал болохыг Р.Даль нарын судлаачид онцолсон байдаг[18].
Томас Жефферсон ардчиллын тулгын чулуу боловсрол хэмээн 1799 онд бичиж байсан бөгөөд боловсролын түвшин ардчилсан шилжилттэй шууд хамааралтай болохыг орчин үеийн судалгаагаар тогтоосон[19].
Эдгээр эрдэмтдийн онцлон хэлсэн үгнээс бид ардчилалд хүнээ бэлдсэн үү?, манай нийгэм, эдийн засгийн сайн суурийг бүрэлдүүлж чадаагүй гэдгийг дүгнэж болохоор байна.
Үүн дээр нэмж хэлэхэд бид өнөөдрийг хүртэл иргэний боловсрол, сонгогчдын боловсрол гэж ярьдаг ч төрөөс тодорхой системтэйгээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр байхгүй төдийгүй Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, агууллагад доривтой шинэчлэл хийж чадаагүй гэдгийг 9, 10, 11 дугаар ангийн Нийгмийн тухай мэдлэг хичээлээр олгож буй 4-5 цагийн ардчилал, сонгуулийн тухай хичээлийн агууллагаас харж болно. Харин энэ орон зайг буюу ардчилсан нийгэмд иргэнээ бэлтгэх асуудлыг Иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд үүрч байгааг хэлэх нь зөв байх.
Ардчилсан шилжилтийн явц дахь Монголын нийгмийн бодлогын чухалчлалыг төсвийн зардлын утгаар тоймлон харвал, боловсролд түлхүү зарцуулагч улс орноос, нийгмийн хамгаалалд түлхүү зарцуулагч, цаашилбал нэгэн үе тухайлбал 2009-2012 оны үед бэлэн мөнгө хуваарилахад түлхүү зарцуулагч улс болж ирсэн нь ч бий[20]. Энэ нь бид ардчилалд иргэний хэрхэн бэлтгэж байгааг илтгэж байна.
Д.Бумдарь судлаачийн “Ардчиллын хөгжил, бэхжилтийн тулгамдсан асуудал, сорилтууд” судалгааны ажилд дурдсанаар: ШУА-н Монголын ардчиллын хөгжилд саад болж байгаа зүйлсийн талаарх олон нийтийн судалгааны үр дүнг харахад
- авилга хээл хахууль 54%
- шударга бус байдал 43%
- эрх мэдлийн төлөөх тэмцэл 41.1%
- ядуурал 31.4%
- төрийн албаны хүнд суртал 30.6%
- ажилгүйдэл 29.9% гэсэн зургаан үзүүлэлт нь төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарыг хамарсан ардчиллын гажуудал байгааг илтгэж байна.
Мөн Монголыг бодит байдал дээр амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлс, иргэний нийгмийн төлөвшлийн асуудлыг энэ систем дотор байгаа иргэд үнэлэх боломжтой. Монголын нийгмийн 46 хувь нь ардчиллаас ухарч байгаа хэмээн судалгаанд хариулсан байдаг. Учир нь өнөөдрийг хүртэл,
- Ардчилсан улс төрийн соёл огт төлөвшөөгүй, ардчиллыг нийгэмд бүрэн ойлгуулж чадаагүй
- Баялгийн тэгш хуваарилалтыг төр хийж чадаагүй нь ядуурлыг ихэсгэсэн
- Аминч хувиа хичээсэн нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлсэн
- Улс төрчдийн худал амлалт, сонгуулийн шударга бус байдал
- Хуулийн засаглал бүрэн хэрэгжихгүй
- Нам дагасан олигарх засаглал
- Иргэний нийгмийн хөгжлийг гацаасан зэрэг нь ардчилсан институцийн хөгжилд шууд сөргөөр нөлөөлсөн олон хүчин зүйлийг дурдаж болно. Фрэнсис Фукуяма эдийн засгийн хөгжил, нийгмийн шинэ давхаргыг бий болгоно, энэ нь нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөх буюу ардчилал хөгжинө. Ингэснээр хуулийн засаглалыг төр хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн байдаг. Нэг үгээр хэлбэл бид ардчиллаас ухрах уу, урагшлах уу гэсэн зааг дээр зогсож байна.[21]
ДҮГНЭЛТ
Энэ хүртэл бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал болоод Монгол дахь ардчилал ямар эмзэг үе дээр байгааг харлаа. Судлаачид “Ковид-19” цар тахлын сорилт хүн төрөлхтөн бидэн зарим нөхцөлийг тулгаж байгаа ч хүндрэл бэрхшээлийг бид өөрөөр харж, түүнээс зарим боломжийг эрэлхийлэх нь чухал байгааг тэмдэглэсээр байна. ДХБ-ын гишүүн орнууд хилээ хаасантай холбогдуулан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл үүсэж болох юм. Мөн төрийн үйлчилгээг илүү ухаалаг, цахим хэлбэрт оруулах, мэдээлэл, технологийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийх хэрэгцээг энэхүү сорилт улс орон бүхний өмнө авчирлаа. Иймээс монголчууд бид цар тахлын улмаас өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд дасан зохицох, цаашид нарийн төлөвлөгөө боловсруулж эхлэх, харин ч энэхүү нөхцөл байдлыг өөрт давуу тал болгон ашиглах талаар эртнээс бодож эхлэх нь зүйтэй болов уу[22].
Хэдийгээр бид Үндэсний аюулгүй байдал, Нийтийн эрүүл мэндийн төлөө Хуулийн хүрээнд /Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль/ тодорхой эрхүүдээ хугацаатай хязгаарлуулсан ч бид бол ардчилсан улсын иргэн гэдгээ санаж, боломжит бүх хэлбэрээр эрхээ эдлэж байна. Цар тахлын нөхцөл байдал гажуудсан ардчилалд хэрхэн нөлөөлж байгааг харвал:
- Иргэд онлайн сошиал орчинд өөрсдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байна. Монгол 2019 оны байдлаар 2,653,600 Фэйсбүүк хэрэглэгч, 44,000 твиттер хэрэглэгч, 400,000 инстеграмын идэвхтэй хэрэглэгч бүртгэгдсэн байна.
- Иргэд эвлэлдэн нэгдэж ил тод байдлыг ханган ажиллах талаар шаардлагыг зохих байгууллагуудад хүргэж байна.
- Төр иргэдээ албан бусаар сошиал орчноос сонсож байна. Энэ нь нэг талаас сайн хэрэг ч өөр сөрөг талуудыг дагуулах эрсдэл байгааг / Улс орнуудын сонгуулийн үйл явцад нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэж сэтгэл хөдлөлийн шинжтэй улс төрийн кампани газар авч байгаа нь 2016 оны АНУ-ын, 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас тус тус тод харагдаж байна[23]/ гэсэн жишээгээр анхааруулах нь зүйтэй.
- Төрийн байгууллагуудын үйлчилгээ бага багаар цахимжиж байна. Цахим гарын үсгийн тухай хууль тэртээх 2011 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл дорвитой хэрэглээнд нэвтрээгүй байсан. Харин өнөөгийн Цар тахлын хөл хорионы нөхцөл байдал нь энэ мэт батлагдсан хууль дүрэм журам мөн мэдээллийн технологийн дэд бүтцийг хэрэглээнд оруулах том боломж юм.
- Төрийн байгууллагын ил тод байдал хангалттай биш ч энэ тал дээр ахиц дэвшил гарч байна. 2014 онд батлагдсан “Шилэн дансны тухай” хууль, 2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль гэх мэт хэрэгжүүлээд байгаа ч ойлгомжгүй төвөгтэй хуулийн хэрэгжилтийг ойлгомжтой, энгийн хэлбэрээр иргэдэд хүргэж ажиллах боломжит цаг хугацаа билээ.
- Цахим хичээл, сургалтын орчин бий болж байна. Ковид-19 тэй холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ууд 75 өдөр цахимаар хичээл орж дууссан. Одоо харин 2020-2021 оны хичээлийн жилд суралцах Ерөнхий боловсролын сургуулийн 682,000, Их, Дээд сургуулийн 150,000 оюутан суралцагчид суралцахаар бэлтгэж байгаа ба хичээлийн тодорхой хувь цахим хэлбэрээр үргэлжлэн орох юм.
Цар тахлын үед бид цахим орчны хэрэглээ, түүний эрх зүйн орчинг сайжруулснаар Монголын ардчилал гажуудах үндэс болсон авилга хээл хахууль, шударга бус байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, төрийн албаны хүнд суртал зэрэг асуудлуудыг цахим үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр шийдвэрлэх боломж бүрдэх юм. Бэрхшээлийг боломж болгон ашиглаж Цахим орчны зөв зохист хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх болон төр иргэдийнхээ санал хүсэлтийг шууд сонсох, мэдээллийн ил тод байдлыг сайжруулснаар эмзэг байдалд байгаа ардчиллаа аврах боломж гэж харж болно.
Цар тахлын хүнд нөхцөл байдлыг ардчиллын дархлаагаа сайжруулах боломж болгон ашиглая.
АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ
- Монгол Улсын Үндсэн хууль
- Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо. 2015. Монгол Улсын анхны ардчилсан сонгууль.
- Конрад-Аденауэр Сан. 2019. Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990-2019)
- Б.Ариунбаяр. 2020. “Сонгууль ба цар тахал” өгүүллэг. academy.edu.mn
- МУИС, НШУС. 2009. Политологи №297
- Конрад-Аденауэр Сан. Монгол Улсын Их Сургууль. 2018. Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа
- Ц.Мөнхцэцэг. 2018. Цахим популизм буюу Сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө.
- Монгол Улсын шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн.2020. “ковид-19”: олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага /2020 оны 4 дүгээр сарын байдлаар/
- Михал Клима. 2017. Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу
- Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл. 2009. Монгол дахь сонгуулийн үйл явц: онол, практик
- Б.Болорсайхан. 2020. “Төр нь иргэнийхээ эрхийг хязгаарлахад дараах 4 үндэслэл заавал байх ёстой” 7 сарын 30-ны ярилцлага. itoim.mn
- Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас gec.gov.mn
- Монгол Улсын Их Хурлын цахим хуудас parliament.mn
- Монгол Улсын Засгийн газрын цахим хуудас zasag.mn
- Засгийн газрын хэрэг эрхлэх cabinet.gov.mn
ИШЛЭЛ ЗҮҮЛТ
[1] Б. Ариунбаяр, “ Сонгууль ба цар тахал”, 2020, http://www.academy.edu.mn/content/election-pandemic/
[2] Эрүүл мэндийн яам
[3] Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль. 2020
[4] Мөн тэнд, х33
[5] Мөн тэнд, х34
[6] Монгол Улсын Үндсэн хууль
[7] Д.Бумдарь, “Ардчиллын хөгжил, бэхжилтийн тулгамдсан асуудал, сорилтууд” (Улаанбаатар, 2019) 13.
Мөн тэнд.
[8] Мөн тэнд.
[9] Мөн тэнд
[10] Д.Бумдарь, “Ардчиллын хөгжил, бэхжилтийн тулгамдсан асуудал, сорилтууд” (Улаанбаатар, 2019) 18.
[11] Ч.Содномцэрэн, “Монгол Улсын анхны ардчилсан сонгууль” (Улаанбаатар, 2015) 6.
[12] Мөн тэнд 7.
[13] Мөн тэнд 26.
[14] The State of Social Safety Nets-2018. Washington: World Bank6 2015
[15] The State of Social Safety Nets-2018. Washington: World Bank6 2018
[16] Ш.Содном нар. 2009. “Монголын дахь ардчилах үйл явц ба сонгууль”. х7
[17] Ц.Ганболд. 2009. “Ардчиллын хөгжил ба Монголын Улс төр”. 112
[18] Ц.Мөнхцэцэг. 2018. Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө. 141
[19] Мөн тэнд.
[20] Г.Түмэннаст. 2018. “Нийгмийн социал хүрээний өөрчлөлт, асуудал”. 248
[21] Д.Бумдарь. 2019. “Ардчиллын хөгжил, бэхжилтийн тулгамдсан асуудал, сорилтууд”. Х 39
[22] Монгол Улсын шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн.2020. “ковид-19”: олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага /2020 оны 4 дүгээр сарын байдлаар/
[23] Мөн тэнд 18.х