У.Туяа
/Боловсрол судлалын доктор (Ph.D)/
Шинэ толь №61, 2008
Түлхүүр үг: Иргэний улс төрийн боловсрол, Ардчиллын хөгжил, Улс төрийн соёл, Улс төрийн нийгэмшилд,Улс төрийн хошуучлал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Иргэний боловсрол уу, иргэний улс төрийн боловсрол уу …
“Монголын ард түмэн бид: …эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”[1] Гэтэл энэ эрхэм зорилгыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Төрийг дээдлэх үзэл санаанд тулгуурласан “хүнээр хүн хийх” арга ухаан, билэг сургаал агуулгаар, зааж сургах, үлгэрлэн дагуулах арга барилаар боловсрол олж авсан иргэд үү? эсхүл…
Сүүлийн жилүүдэд үндэсний болон олон улсын хэмжээнд хийсэн судалгаанууд[2] нь иргэд ардчилсан ёс, эрх чөлөө ба үүрэг хариуцлага, төр иргэний харилцааны талаар дутмаг буюу ташаа ойлголттой байгааг, монгол улсад ардчиллын үнэлэмж сааралтаж эхэлснийг илрүүлээд байна.
Ардчиллаар замнасан арав гаруй жилд ардчилсан нийгмийн тулгуур институтцууд нэгэнт хэлбэржин тогтсон боловч тэдгээрийн нийгэмд чиглэсэн үйлчлэл, нийгмийн төлөөллөө хэрхэн хангах асуудал тод илэрлээ олохгүй удаашралтай байгааг[3] иргэдийн улс төрийн оролцоо, түүнийг нөхцөлдүүлэгч иргэдийн гэгээрэл, боловсрол хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх бүрэн үндэстэй. Иргэний нийгэм нь өөрийн амьдралын ачааг дааж чадах, улмаар бусдын төлөө нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, ухаалаг, мэдээлэлтэй иргэдтэй байж л бодитой бий болно. Одоогоор манай нийгмийн харилцаанд бүх түвшний шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн зохистой оролцоо, улс төрийн соёл ба зан суртахууны төлөвшил, түүгээр дамжсан нийгмийн хяналт дутагдаж байна. Нүдэнд үл харагдах боловч сөрөг дагавар ихтэй энэ байдлаас гарах гарц нь иргэдийн боловсрол юм.
Ардчилал өндөр хөгжсөн, улс төрийн үйл явц тогтовортой улс орнууд өнөөдөр иргэний боловсролыг боловсролын хөгжлийн чухал чиглэл гэж үзэж байгаагийн зэрэгцээ, олон улсын байгууллагуудын зүгээс ч үүнийг идэвхтэй дэмжиж байгааг судалгаа харуулж байна.[4]
Манай улсын хувьд ч иргэний боловсролыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх талаар анх удаа ярьж буй хэрэг биш юм. Ялангуяа төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн зүгээс зохих санал санаачлагууд гарч, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн боловч бидэнд иргэний боловсролын, түүний агуулгын цөмийг бүрдүүлж буй улс төрийн боловсролын талаар хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хуримтлуулсан туршлага бага байна.
“Дуулгавартай албат жинхэнэ иргэн болж хувирахын тулд олон жил өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Эрх чөлөөт хүн эх орон нэгтний нь амьдрал байдал, ажил үйл өөрийн нь зөв гэж үздэгтэй таарахгүй байсан ч хүлцэн эвлэрч сурах ёстой”[5]-г эрх чөлөөг эрхэмлэгчид хүлээн зөвшөөрдөг. Харин үүнд өөрсдийгөө боловсруулах үйл явц нь иргэний боловсрол юм. Судлаачид “civic education” буюу иргэний боловсрол нь хүүхэд, залуучуудыг нийгмийн идэвхтэй гишүүн болгон бэлтгэх боловсролын салбар, харин “citizenship” буюу иргэншил нь өсвөр үеийнхэн, залуучууд тухайн амьдарч буй нийгмийн гишүүн, иргэн болон төлөвших үйл явцыг тэмдэглэсэн ойлголт хэмээн ялган үздэг байна. Энэхүү боловсрол нь өсвөр үеийнхэнд өөрийн хэрэгцээндээ нийцсэн мэдлэг, чадвар, зан авирыг хөгжүүлэхэд тусалдаг. Тэд мэдлэгтэй, мөн үүрэг хариуцлагатай байх, хэлэлцэж тохиролцож, оролцож, бусадтай харилцаж, судлан шинжилж чаддаг байх (иргэний чадварууд) нь тэдэнд “ус агаар шиг” хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлийг иргэний боловсролоор олж авдаг. Иргэний боловсрол бол хүний эрхийн, ардчиллын, улс төрийн, төр иргэний харилцааны, нийгэм соёлын харилцааны талаарх мэдлэг эзэмших, чадвар, хандлагаа хөгжүүлэх үйл явцыг багтаасан, тодорхой бүрэлдэхүүн хэсэг бүхий насан туршийн боловсрол юм. Иргэний боловсролд улс төрийн боловсрол чухал байр суурь эзэлдэг тул иргэний боловсрол судлаачид “иргэний боловсрол нь бие хүнийг зөвхөн идэвхтэй болгохоос ил үүтэйгээр улс төрийн бичиг үсэгт тайлагдах суурь болж өгөх ёстой”-г тэмдэглэсэн байна.
Иргэдийн улс төрийн боловсролын агуулгыг боловсруулахад анхаарах зарим үндэслэл
Боловсролын үйлчилгээг хүртэгчдийг чанартай боловсролоор хангах нь түүнийг тойрсон олон асуудпыг дэвшүүлэн тавьдгийн нэг нь тухайн боловсролын агуулгын асуудал байдаг. Оролцогчдод итгэл үнэмшил өгөхүйц ач холбогдолтой сургалтын хөтөлбөр боловсруулахын гол хүндрэл нь мэргэжлийн сонирхол, сонирхлын бүлгүүд, боловсролын үйл ажиллагааны янз бүрийн туршлагатай холбоход оршдог. Манай улсад 1990-ээд оноос шинэ тутам хөгжиж буй улс төрийн шинжлэх ухааны хөгжилт, эрдэмтэн судлаачдын мэргэшсэн байдал нь[6] өнөөдөр иргэдийн улс төрийн боловсролыг тусгайлан судлах нөхцөлийг бурдүүлээгүй байж болох талтай. Бидэнд ардчиллын дэмжихэд болох авторитаризмаас хүнийсэхэд нөлөөлөх хүчин зүйлсэд улс төрийн боловсрол ямар байр суурь эзлэх, улс төрийн соёл ба улс төрийн боловсролын хамаарлыг тодорхойлж, улс төрийн соёлд уг боловсрол ямар хувьсагч болохыг илрүүлсэн үндэсний хэмжээний судалгаа үгүйлэгдэж байна.
Гэвч дээр ишлэл авсан үндэсний болон олон улсын судалгаагаар дамжуулан уг боловсролын агуулгыг боловсруулах боломж байна. Энэхүү өгүүллийн хүрээнд Азийн Барометр судалгаагаар илрүүлсэн:
- улс төрийн хошуучлагчдын арга барил буюу арга барилын соёлын талаарх иргэний байр суурь
- иргэдийн эвлэл холбоодод гишүүнчлэлтэй байдал зэргийг үндэслэн иргэний улс төрийн боловсролын агуулгын талаар зарим нэг санаа дэвшүүлэхийг оролдсон болно.
Азийн Барометрын судалгаанд Зүүн Азийн найман орон оролцдог бөгөөд энэ нь ЛатиноБарометр, АфроБарометр, Европын Барометрыг багтаасан Дэлхийн Барометрын хүрээнд давтамжтай явагддаг эрдэм шинжилгээний төсөл юм. Энэ утгаараа бидэнд иргэний улс төрийн боловсролын агуулгыг сонгох талаар бодитой мэдээлэл өгч чадах учиртай.
Өнөөдөр хүн бүр ардчиллыг амаараа дэмждэг. Гэвч арай гүнзгийрүүлэх үзэхэд энэ дэмжлэг тийм ч бат бөх биш байна. Улс төрийн хошуучлагчдын арга барил буюу арга барилын соёлын талаарх иргэний байр суурийг илрүүлэх судалгааны анкет нь “санал нийлнэ”, “зарим талаар санал нийлнэ”, “санал нийлэхгүй” гэсэн хариулт бүхий дараахь дөрвөн асуултыг агуулсан байна. Үүнд:
- Улс төрийн хошуучлагчийн хувьд хамгийн чухал зүйл бол тогтоосон журмыг үгүйсгээд ч болов зорилгоо биелүүлэх явдал юм.
- Улс төрийн хошуучлагч өөрийн байр суурь зөв гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа бол хичнээн хүн түүнтэй санал зөрөхөөс үл хамааран буулт хийхээс татгалзах ёстой.
- Улс төрийн хошуучлагч улс төрийн хүсэл эрмэлзлэлийг нь үл зөвшөөрөн маргалдагч хүмүүст хүлээцтэй хандах ёстой.
- Улс төрийн хошуучлагч олонхийн дэмжлэгийг хүлээвэл цөөнхийн үзэл бодлыг харгалзахгүйгээр өөрийн төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх ёстой.[7]
Ардчиллын хөгжил, иргэдийн улс төрийн нийгэмшилд “олонхийн адилсал” (multiple idintity) ихээхэн үүрэг гүйцэтгэх тухай шинэ үзэл санааг судлаачид дэвшүүлж байна.[1] Үүнд хүрэх нэг сургууль нь иргэдийн эвлэл холбоод биш биз. Alexis de Tocqueville
“Америкийн ардчилал” хэмээх сонгодог бүтээлдээ Америкийн ардчиллын түлхүүр бол сайн дурын нэгдлүүд байсныг онцолсон байдаг.[2] Иргэд өөрсдийн эвлэл холбоодоор дамжуулан улс төрийн оролцоонд суралцах, улс төрд оролцох чадвартай болохын зэрэгцээ үүнийгээ бодит байдал болгон хэрэгжүүлдэг байх нь ардчиллын хөгжилд оруулах бодит зүйл мөн. Alexis de Tocqueville-ийн тэмдэглэснээр энэхүү сайн дурын нэгдлүүд нь эрх чөлөөгөө хамгаалах, олонхийн түрэмгийллийг таслан зогсооход суралцахад иргэдэд сайхан талбар болдог.
Судалгаанд оролцсон долоон орноос Монгол улсын иргэд нэгдэл холбоонд гишүүнчлэлтэй байдлаараа Солонгосын дараа (32,5 хувь) дээгүүр байранд орж байна.
Хүснэгт 2
Гишүүнчлэлтэй байдал
№ | Гишүүнчлэл | Солонгос | Тайван | Монгол | Индонез | Филлипин | Сингапур | Тайланд |
1. | Гишүүнчлэлгүй | 75.8 | 70.3 | 66.2 | 68.8 | 73.5 | 90.1 | 757 |
2. | Нэг байгууллагад | 12.8 | 19.6 | 23.2 | 19.3 | 20.3 | 8.1 | 19.1 |
3. | Хоёр байгууллагад | 10.7 | 9.8 | 9.3 | 11.4 | 5.0 | 1.8 | 4.9 |
Хүснэгт 3
Сайн дурын нэгдлүүд
№ | Гишүүнчлэл | Солонгос | Тайван | Монгол | Индонез | Филлипин | Сингапур | Тайланд |
1. | Улс төрийн намууд | 5.3 | 5.6 | 74.6 | 7.1 | 2.0 | 3.0 | 1.1 |
2. | Оршин суугаа газрын нийгэмлэгүүд /хөршийн холбоо/ | 9.1 | 12.0 | 2.0 | 38.9 | 16.5 | 24.0 | 57.8 |
3. | Шашны бүлэглэлүүд | 23.9 | 25.1 | 2.3 | 51.1 | 29.0 | 36.0 | 3.2 |
4. | Спорт, амралт чөлөөт цагийн клубууд | 17.5 | 27.3 | 2.3 | 8.1 | 1.0 | 11.0 | 2.4 |
5. | Соёлын байгууллагууд | 2.1 | 14.4 | 1.3 | 2.6 | 1.3 | 4.0 | 1.0 |
6. | Буяны болонхандивынбайгууллагууд | 1.8 | 15.7 | 10.9 | 1.2 | 25.4 | 6.0 | 1.3 |
7. | Сонирхлын бүлгүүд | 9.1 | 8.4 | 5.1 | 2.2 | 0.3 | 4.0 | 1.9 |
Судалгааны дүнгээс харахад
Монголчууд санал зөрж буй талын үзэл бодолд хүлээцтэй хандахыг хүлээн зөвшөөрөхгүй байхын (72.8%) зэрэгцээ хошуучлагчдынхаа авторитор үзэл бодолтой (53.8.8%) байхыг дэмжихээр байна. Азийн орнуудад шашны бүлэглэлийн нөлөөлөл хүчтэй байдаг бол Монголд улс төрийн намуудад нэгдэх (74.6) байдал хүчтэй байгаа нь улс төрийн сонирхлоо илэрхийлэх арга замыг гагцхүү намын гишүүнчлэлтэй холбон ойлгож байна.
Ардчилал судлаачид улс төрийн соёлыг “өөрийн улс орны улс төрийн сиситемийн болон уг систем дэх оролцоо, байр суурийн талаархард иргэдийн дунд давамгайлж буй итгэл, үнэмшил, хандлага, … үнэлгээ”[10] гэж тодорхойлсон байдаг. Мөн иргэний болон улс төрийн элитийн хувьд аядуу байдал, хүлээцтэй байдал, иргэнлэг байдал, хэлцэлд орох, дасан зохицол, ардчилсан процессыг тууштай баримтлах зэрэг улс төрийн үнэлэмж, зан араншин нь ардчиллын хөгжил, төлөвшилд маш чухал гэдгийг тогтоосон.[11]
Бид дээрх хоёр судалгааны дүнд
- Иргэд өөрсдийнх нь сонгосон удирдагчид өөрсдийнх нь саналыг хүлээн авахгүй байхыг зөвшөөрч байгаа хэрэг үү?!
- Иргэдийн өөрийгөө илэрхийлэх, адилсах талбар нь зөвхөн улс төрийн нам мөн үү?! гэдэг асуудтуудыг тавиад тэдгээрт хариулт өгөх замаар иргэний боловсрол, гэгээрлийн агуулгын элементүүдийг боловсруулж болно.
Улс төрийн боловсролыг хамгийн ерөнхий байдлаар улс трийн шинжлэх ухааны боловсрол, иргэдийн улс төрийн боловсрол хэмээн ангилж холбоо хамааралд нь судалж болох юм. Улс төрийн шинжлэх ухаан нь иргэдийн улс төрийн боловсролын агуулгыг сонгох, боловсруулахад онол, арга зүйн үүргийг гүйцэтгэж, улс төрийн шинжлэх ухааны болон иргэдийн улс төрийн боловсрол нь иргэний соёл-улс төрийн соёлыг[12] нөхцөлдүүлснээр бид ардчиллын үнэтзүйл нийгмийн үнэлэмжид баттай сууж өгөх үндэс суурийг бий болгож болох юм.
Ардчилал, Үндсэн хуульт ёсны үнэт зүйлст тулгуурласан, улс гөрийн харилцаанд оролцох мэдлэг, чадвартай болоход дэмжлэг үзүүлэх агуулгатай, оролцооны арга хэлбэрийг голлосон улс төрийн боловсрол нь иргэний соёл-улс төрийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломжтой.
[1] МУ-ын Үндсэн хууль., 1992 он
[2] Зүүн Азийн барометр. 2003. 2006 оны судалгаа, Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төсөл.UNDP, МУ-ын төслийн баг. УБ, 2006 он.
[3] Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төсөл. UNDP, МУ-ын төслийн баг. УБ., 2006 он.
[4] Иргэний/сонгогчийн боловсрол судалгаа. УТБА., НҮБХХ., УБ., 2006-2007 он, Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийсэн судалгаа. МУ-ын ЕТГ., УТБА., НҮБХХ., УБ., 2007 он.
[5] http://www.forum.mn Людвиг фон Мизесийн “Либерализм” номын “Засгийн газрын үйл ажиллагааны хязгаар’ хэсэгт
[6] Улс төрийн шинжлэх ухааны сургалт, судалгааны өнөөгийн түвшин. Эрдэм шинжилгээний анхны бага хурал. Улс төрийн шинжлэх ухааны холбоо. УБ, 2006 он. 11, 18 дахь тал
[7] Хуояан шию., “Зүүн Азийн найман орон дахь улс төрийн арга барил: урьдчилсан шинжилгээ”., Зүүн Азийн брометр. Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УТБА. 2005.116 дахь тал.
[8] Юн-хан Чу, Ю-цүн Чанг, Юу Ху., “Зүүн Азийн орнууд дахь дэглэмийн хэрэгжилт, үнэлэмжийн өөрчлөлт ба авторитаризмаас хүнийсэх үйл явц“., Зүүн Азийн брометр. Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УТБА. 2005. 82 дахь тал
[9] Мөн тэнд. 83-84 дэхь тал.
[10] Нээлттэй Нийгэм Хүрээлэн, НҮБХХ Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар топь. УБ., 2006. 122 талыг үзнэ үү.
[11] http://www.politicalsocialization.appstate.edu
[12] Chonh-Min Park and Jaechul Lee., “Are Associations the Schools of Democracy across Asia”., Asian Barometer. An International Conference on “Why Asians Support Democracy and Why Not?” ., Taivan., 2007