А.Пагма
/УТБА-ийн багш, ЭША/
Шинэ толь №37, 2001
Түлхүүр үг:
- Даяаршлын үзэл баримтлал, Глобалчлалын тогтолцооны загвар ,Глобалчлалын тулгамдсан асуудлууд, ОУ болон Бүс нутгийн байгууллагууд-НҮБ
Даяаршил буюу глобалчлал гэсэн үг “түүх”, “соёл иргэншил”, “эрин үе”, “дэвшил”, “орчин үе” зэрэг манай үеийн нийгмийн ухамсрын шинж чанар, хэв маягийг илэрхийлсэн нийгмийн ухааны ойлголтуудтай эн зэрэгцэн орчин үеийн шинжлэх ухааны болон ярианы хэллэгт түгээмэл хэрэглэгдэж байгаа билээ.
Даяаршил гэдэг нь ердийн төсөөллөөр соёл, нийгмийн тэгш бус байдал, улс гүрний хил хязгаарыг даван туулж улмаар бүр ойртон нягтарч, бие биенээсээ харилцан хамааралтай болж байгаа дэлхий ертөнцийн тухай төсөөлөл юм. Хүн төрөлхтний оршин буй дэлхий ертөнц улам нягт, нэвт шувт “харагддаг” болж даяаршил хүний сонирхлын бүхий л хүрээ-эдийн засаг, технологи, улс төр, экологи, зан суртахуун зэргийг хамран эрчимтэй явагдаж байна. “The world is so small ” (Дэлхий маш жижигхэн) гэсэн хэллэг улам бүр даяаршлын үйл явцад илэрхийллээ олж байна гэлтэй.
Дээр өгүүлсэн зүйл бол олон нийтийн ухамсарт нэвтрэн орж буй даяаршлын тухай түгээмэл төсөөлөл юм. Харин шинжлэх ухааны хүрээнд даяаршлын шинж чанар, ач холбогдлын талаарх асуудал хараахан нэг мөр болж, маргаангүй тогтоогдсон зүйл бус, эрдэмтэд, судлаачид эрэл хайгуул хийн, судалгаа шинжилгээний ажил явагдаж, тэдний өмнө шинэ шинэ асуудлыг дэвшүүлэн тавьсаар байгаа үзэгдэл юм.
Даяаршлын үзэл баримтлал
а. Дэлхийн тогтолцооны онол
Америкийн социологич И.Валлерштайн дэлхийн эдийн засаг, улс төрийн даяаршил бүр XVI зуунаас эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн капиталист эдийн засаг дээр үндэслэсэн гэж үзжээ. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо нь гурван бүлэг улс орнуудаас бүрдэж байна гээд тэдгээрийг цөм улс, хагас хязгаар, бүтэн хязгаар бүс гэж хуваажээ.
- Дэлхийн тогтолцооны цөм: эдгээр улс орнуудад анх орчин үеийн худалдаа, аж үйлдвэрийн хэлбэрүүд хөгжиж, аж үйлдвэржилт эхэлсэн гэж Валлерштайн үзээд Их Британи, Голланд, Франц, Герман улсуудыг энэ хэсэгт хамруулжээ.
- Дэлхийн тогтолцооны хагас хязгаар бүс: Үүнд: Испани зэрэг Европын өмнө зүгт Газрын дундад тэнгис орчмын орнууд хамрагдах бөгөөд эдийн засаг нь тийм ч эрчимтэй хөгжөөгүй, хойд хөршүүдээсээ худалдааны хараат байдалд байсан.
- Бүрэн зах хязгаар бүс: Европын зүүн захаас зүүн тийш орших бүс, өөрөөр хэлбэл орчин үеийн Польшийн оршин буй энэ бүсээс цөм орнууд руу хөдөө аж ахуйн түүхий эд нийлүүлдэг байсан гэж үзжээ.
Дэлхийн эдийн засгийн тогтолцооны эдгээр бүс нь байнга хөдөлгөөнд оршиж, геополитикийн орон зайд шилжиж байдаг ба колончлолын дүнд Ази, Африкийн улсууд дэлхийн эдийн засгийн тогтолцоонд татагдан орсон. Харин хуучин ЗХУ болон Зүүн Европын улсууд энэ тогтолцооны гадна оршиж байсан, Америк, Япон улс эдийн засгийн тогтолцооны цөм улсуудын эгнээнд орж улмаар голлох байр суурь эзлэх болсон хийгээд одоо гуравдахь ертөнцийн улсууд энэ тогтолцооны зах хязгаар БОЛЖЭЭ.
Валлерштайны энэхүү загвар нь дэлхийн улс төрийн бодлогод их гүрнүүдийн дэлхийд тэргүүлэх гэсэн бодлого гол хүчин зүйл болж байгааг онцолж цөм улсууд дэлхийн тогтолцоонд голлох байр суурийг эзэлж байгаа учир дэлхийн худалдааг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулж чадна гэж үздэг ажээ.
б. Глобал соёлын загвар
Энэхүү онол нь сүүлийн арван жилийн турш М.Феверстоуны редакторладаг “Онол, соёл ба нийгэм” (Тheory culture and society) сэтгүүлд гарсан материалуудад боловсруулагдаж байгаа бөгөөд түүнд тусгалаа олсон гол чиглэлүүд нь хэрэглээ глобал соёлын үзэгдэл болох нь, дэлхийн аялал, жуулчлал, дэлхийн соёл ба шашин, пост-модернист соёл зэрэг болно. Энэ чиглэлийн онолчдын дэвшүүлэн тавьж буй үндсэн асуудал нь улс үндэстэн дамнасан соёлын хандлага нэмэгдэж байгаа нөхцөлд хувь хүн ямар байдалтай байж, түүнд ямар мэдрэмж тfрж байна вэ? гэсэн асуудал юм. Иймд тэд дэлхийн түгээмэл соёлын “америкчлагдах”, “макдоналчлагдах” болон бусад өвөрмөц сэдвүүдийг хөнддөг ажээ.
Глобал соёлын онолчид улс үндэстэн дамнасан соёлын үйл явцыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ харин глобал өөдрөг үзлийн хэдий чинээ их даяарчлагдаж байна, төдий чинээ сайн байр суурийг хамгаалдаггүй байна. Тэд үндэсний онцлогоо хадгалсан соёлуудын харилцан уусал явагдаж байгаа хэдий ч тодорхой түвшинд тэнцвэр хадгалагдаж, нэг соёл давамгайлах нөхцөл бүрдэхгүй гэж үздэг байна.
Мөн энэ загварын хүрээнд “глоболокализм” гэсэн дэд загвар бий болсон байна. Мадридад болсон дэлхийн социологийн XII их хурал (1990) дээр түүнийг үндэслэгчид З.Млинар, Ч.Алжер нар даяаршлын үйл явцын зэрэгцээ бүс нутаг, орон нутгийн хэмжээнд чухал өөрчлөлтүүд гарч чанарын өөр байдалтай болж байгааг тодорхойлжээ. Үүнээс үүдэн “To thin[ globaly but act locally” (Глобал сэтгэж, орон нутгийн түвшинд ажиллах) гэсэн томьёолол бий болжээ.
в. Глобал нийгмийн загвар
Энэ чиглэлд онолын хэд хэдэн загвар бий болжээ. Эдгээр загварын гол нь дэлхий ертөнц хэдий даяарчлагдсан ч гэсэн бие даасан улсууд, соёл хэвээр байх болно. Харин эдгээр улсууд харилцаа, хамтын ажиллагаандаа харилцааны шинэ тогтолцоог бий болгож байна гэсэн санаа юм. Р.Бертоны үзэж буйгаар дэлхийн нэгдсэн тогтолцооны загварыг боловсруулах хэрэгтэй бөгөөд үүний тулд үндэсний улсууд бол бие даасан “нэгж” гэсэн абсолют ойлголтыг үгүйсгэн дэлхийн нийгэмлэгийг системийн дүн шинжилгээний гол судлагдахуун болгох нь зүйтэй ажээ.
Глобал нийгмийн зарчмын шинэ үзэл баримтлалыг 1992 онд Их Британид хэвлэгдсэн “Орчин үе ба ирээдүй” хэмээх номыг зохиогчид санал болгожээ. Энэ үзэл баримтлалын гол зорилго нь постмодернизмын онол ба даяаршлын ойлголтыг уялдуулах, хамтад нь авч үзэх гэсэн оролдлого юм. Учир нь “орчин үе”, өөрөөр хэлбэл орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэм нь дэлхийн загвар болсон тул дараах асуудлууд дэвшигдэж байгаа юм.
- “Орчин үеийн” уламжлалт нийгэмд даяаршлын үр дүнд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
- Энэхүү үйл явцын дүнд капитализм, үндэсний улс гэсэн ойлголтууд хэвээр байх уу?
Эдгээр асуултад хариу болгон Э.Гидденс орчин үеийг шинжлэхдээ даяаршлыг дөрвөн үзүүлэлтээр тодорхойлжээ:
А.Үндэсний улсуудын тогтолцоо,
Б. Дэлхийн цэргийн дэг журам,
В.Олон улсын хөдөлмөрийн хуваарь,
Г. Дэлхийн капиталист эдийн засаг. Энэ бүхэн нь “постмодерн”-д шилжиж байгаа эрин үеийн үр дүн юм гэж Гидденс үзжээ.
г. Глобал тогтолцооны загвар
Энэ загварыг боловсруулсан Лесли Склер “үндэстэн дамнасан практик” гэсэн ойлголтыг санал болгожээ. Энэ нь үндэсний улсуудын түвшин дэх олон улсын харилцааны хүрээг бодвол илүү өргөн, нийгмийн эдийн засаг, улс төр, соёлын институцүүдийг хамарч ингэхдээ гол хүчин зүйл нь глобал чөлөөт зах зээл, либерал эдийн засгийн харилцаа болсон загвар гэж үзсэн байна. Дээр дурьдсан салбар бүрт тодорхой нийгмийн институц голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, үндэстэн дамнасан корпорацууд олон үндэстний эдийн засгийн хүрээнд, “олон үндэстний капиталист анги” улс төрийн хүрээнд, соёл-үзэл суртлын үндэстэн дамнасан практик нь глобал консумеризмаар (хэрэглээний хандлага) тус тус тодорхойлогдож байх жишээтэй. Глобал тогтолцооны загвар нь бусад загваруудтай харьцуулахад зөрчил багатай, үндэсний улсуудын институциуд хэрхэн өөрийн дотоод өвөрмөц шинжээ алдалгүйгээр, үнэхээр глобал, бүхнийг хамарсан институц болж байгааг тодорхойлно гэж Склер үзсэн байна.
Даяаршлын дээрх загваруудаас үзэхэд дараах нийтлэг асуудлууд хөндөгдөж байна. Үүнд:
А. Даяаршлын онол нь янз бүрийн хүрээнд гарсан нийгмийн өөрчлөлтүүд нь бүхнийг хамарсан, иж бүрэн шинжтэй бөгөөд харилцан бие биендээ нөлөөлж, харилцан хамааралтай байдгийг илэрхийлдэг. Иймд эрдэмтэд, судлаачид нийгмийн өөрчлөлтийн орон зай, газар зүйн хэмжигдэхүүн, бүхнийг хамарсан шинжийг судлахад анхаарлаа төвлөрүүлж байна.
Б. Даяаршлын хүрээнд явагдаж буй нийгмийн өөрчлөлтүүдийг макро ба микро түвшинд нь хамт авч үзэх. Даяаршлын нэг онцлог нь уламжлал, зан заншил, дадал зуршил, орон нутгийн нийгэмлэг зэрэг “орон нутгийн хязгаарлагдмал” ойлголтуудыг хүртэл хөндөж тэдгээрийг шинэ агуулгаар баяжуулж байгаад оршиж байна. Өөрөөр хэлбэл даяаршил нь нийгмийн ухамсар, үйл байдлын тогтсон, консерватив бүтцийг хүртэл өөрчилж, хуучнаасаа эрс татгалзан шинэ зүйлийг хүлээж авах үйл явц хурдан явагдаж байна гэсэн үг юм. Орон нутаг, бүс нутгийн хэмжээний нийгмийн институцүүд олон улсын түвшинд гарахын тулд бүхий л шат дамжлагыг туулах шаардлагагүй, даяаршилд шинэ хэлбэрээр шууд л оролцох нөхцөл бүрдсэн.
В. Даяаршлын онол нь бүлгэрхэх үзлийн болон үндсэрхэх үзлийг эрс эсэргүүцдэг. “Үндэсний” гэсэн ойлголт нь үндэстний улсууд, үндэсний нийгэм-соёлын уламжлал, үндэсний ухамсрын хэв маяг гэсэн ойлголтуудыг багтааж байгаа бөгөөд цаашид судалгаа шинжилгээ шаардаж буй асуудлууд болно.
Г. Даяаршлын онол нь хэм хэмжээ-онолын загвар болохынхоо хувьд зохистой байдлын шинэ загварыг мөн буй болгосон. Даяаршлын хүрээнд зохистой байдал нь соёлын олон янз байдал, эдгээрийн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн “олон соёлын” (multiculturalism) онолоор илэрхийлэгддэг.
Өнөөдөр та бидний хэрэглэж буй асар олон төрлийн бараа, бүтээгдэхүүн нь бүх дэлхийг хамарсан маш нарийн, уялдаа холбоо бүхий эдийн засгийн холбоо, харилцааны дүнд бий болдог билээ. Эдгээр бараа, бүтээгдэхүүн янз бүрийн улс оронд үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд эдгээрийг тогтмол дэлхий даяар тээвэрлэн түгээх шавардлагатайн зэрэгцээ үүнийг зохицуулахын тулд улс орнууд байнгын харилцаа, мэдээллээр өөр хоорондоо холбоотой байдаг билээ. XX зууны хоёрдугаар хагаст дэлхий ертөнц нэгдмэл нэг систем болж нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа холбоо улс гүрнүүдийн хил хязгаарыг даван, эдгээр улсад амьдран суугаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэн орж байна. Дэлхийн нийгэмлэгийн өөр хоорондын энэхүү харилцан хамаарлыг хамгийн энгийнээр даяаршил гэсэн түгээмэл нэр томъёогоор тодорхойлж байгаа юм. Гэхдээ даяаршлыг зөвхөн дэлхийн нэгдэл нягтрал гэсэн утгаар ойлговол өрөөсгөл болно. Нийгмийн харилцааны даяаршил нь юуны өмнө бидний оршин буй нөхцөл байдал орон зай, цаг хугацааны хувьд байнга өөрчлөгдөж байгаад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал, орчин, бидний оршин буй бодит байдлаас хол болж байгаа үйлдэл, үйл явцын нөлөөлөл дунд явагдаж байна гэсэн үг юм.
Нийгмийн амьдралын даяаршил
а. Улс үндэстэн дамнасан корпорацууд
Улс үндэстэн дамнасан корпорацуудыг даяаршлын түгээмэл жишээ, дэлхий нийтийн үзэгдэл болгон авч үздэг нь тохиолдлын хэрэг биш юм. Үндэстэн дамнасан корпорац гэдэг нь хоёр түүнээс дээш тооны улсад өөрийн салбар, үйлдвэртэй корпорацыг хэлнэ.
Өнөөдөр 600 гаруй ҮДК-иуд дэлхийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тавны нэгийг үйлдвэрлэж, эдгээрээс 70 орчим нь дэлхийн зах зээлийг хянаж байна. Ялангуяа, сүүлийн 20 жилд ҮДК-ийн үйл ажиллагаа эрчимтэй даяарчлагдсан. Дэлхийн 200 тэргүүлэх ҮДК-иас наян есөн корпорацын төв нь АНУ-д байрладаг агаад эдгээр нь дэлхийн худалдааны эргэлтийн тал хувийг эзэлдэг байна. 1960-аад оны эхэн үетэй харьцуулбал Америкийн компаниудын эзлэх хувь Японы компаниудын эрчимтэй хөгжилтэй холбоотой эрс буурчээ. Тухайлбал, 1960 онд 200 тэргүүлэх компаниас зөвхөн тав нь Японых байсан бол 1983 онд хорин тав[1] болж өсчээ.
Дэлхийн үйлдвэрлэлийн олон салбарт томоохон компаниуд олигополи болж бүхэл бүтэн салбарын үйлдвэрлэлийг гурав дөрөвхөн корпораци хяналтдаа байлгах болсон байна. Сүүлийн хорь, гучин жилд л гэхэд автомашин, микропроцессор, цахилгаан бараа, газар тариалангийн салбарт олон улсын олигополиуд бий болжээ. Энд нэгэн зэрэг олон төрлийн бараа үйлдвэрлэж, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд буюу конгломератууд бий болсон нь шинэлэг үзэгдэл болсон. Тухайлбал, Америкийн Р.Ж.Рейнольде фирм “Винстон” тамхийг үйлдвэрлэхийн зэрэгцээ “Дель Монте” (жимс), “Хьюблейн (архи), “Силэнд Сервисес” (усан онгоц), “Кентаки Фрайд Чикен” (түргэн хоолны газар), “Аминойль (нефть, нефтэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг) компаниудыг эзэмшдэг ажээ.
Г.В.Перлмуттэр ҮДК-ийг гурван төрөл болгон ангилсан байна. Үүнд:
- Удирдлагын үндэсний төвийн корпорацууд. Эдгээр корпорацууд нь аль болох эх орондоо байгаа төвөөсөө удирдуулж, нэгдсэн нэг бодлогоор үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна.
Удирдлагын олон төвтэй корпорацууд. Эдгээр корпорациуд нь үйл ажиллагаа явуулж байгаа улсдаа оршиж байгаа салбараасаа удирдуулдаг. Гол төв байгууллага нь зөвхөн ерөнхий чиглэл өгдөг.
- Удирдлагын геотөвтэй корпорацууд. Удирдлагын тогтолцоо нь глобал, үндсэндээ интеграцлагдсан, хөдөлгөөнтэй, уян хатан, шилжих хөдөлгөөнтэй байдаг.
Орчин үеийн ихэнх том ҮДК нь удирдлагын олон төвтэй, харин Японы ҮДК-ийн хувьд ихэвчлэн удирдлагын үндэсний төвтэй байдаг онцлогтой.
ҮДК нь улс орнуудын эдийн засаг нь өөр хоорондоо уялдаа шүтэлцээтэй, харилцан хамааралтай болсон олон улсын хөдөлмөрийн шинэ хуваарийг бий болоход нөлөөлсөн. Эдийн засгийн энэ глобал харилцан хамааралд ҮДК-ийн үйл ажиллагааны өргөн цар хүрээ юуны өмнө чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн олон тооны ҮДК тэргүүлэх байрь суурь эзэлдэг салбар бол автомашины үйлдвэрлэл юм. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн 80%-ийг 10 том тэргүүлэх компани үйлдвэрлэдэг.
“Форд экспорт” машины европын загварын үйлдвэрлэлд зориулсан хэсгүүдийн үйлдвэрлэлийн сүлжээнээс аж үйлдвэрлэл хэрхэн даяарчлагдсаныг харж болно. (Зураг 1)
- Төрийн бус бүтэц
Дэлхий зөвхөн олон улсын хөдөлмөрийн хуваарь болон эдийн засгийн харилцааны хүрээнд ойртон нягтарч байгаа бус олон улсын чанартай зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн бус олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа ч бас үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрийн үйл ажиллагаа нь тодорхой нэг улсын бодлоготой холбоогүй байдаг учраас төрийн бус бүтэц гэж нэрлэдэг. Төрийн бус бүтцийг дотор нь мөн хэд хэдэн төрөл болгон хувааж болно. Үүнд:
- Дэлхий нийтийн хэмжээний байгууллага. Энд юуны өмнө НҮБ, түүний харьяа байгууллагууд хамаарна.
- Холбоо, харилцаа, телевиз, далайн тээврийн харилцааны байгууллагууд гэх мэт олон улсын хамтын ажиллагаа, харилцааны байгууллагууд.
- Европын Хамтын Нийгэмлэг гэх мэт төр, эдийн засгийн ижил эрх ашигтай тогтолцоог нэгтгэсэн байгууллагууд болно. Одоо эдгээр байгууллагын талаар товч авч үзье.
Нэгдсэн Үндэстний Байгууллага
1945 оны 4 дүгээр сард Сан Франциско хотноо болсон олон улсын Бага хуралд оролцсон төлөөлөгчид, 1942 оны Вашингтоны Бага хурлын Тунхаглалд гарын үсэг зурсан орнууд хийгээд фашизмын эсрэг 50 улсын төлөөлөгчид НҮБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба 1945 оны 10 дугаар сарын 24-нд уг дүрэм хүчин төгөлдөр болсноор өнө удаан хугацаанд энх тайвныг сахин хамгаалах, улс хоорондын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага НҮБ байгуулагдсан. НҮБ нь дэлхийн 189 орныг нэгтгэдэг бөгөөд гол байгууллага нь: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүлдэг Нарийн бичгийн дарга нарын газар, Олон улсын шүүх зэрэг болно. Түүнээс гадна UNESCO, UNFPA, UNDP, UNICEF, Хүний эрхийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (11-0), Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг зэрэг НҮБ-ын төрөлжсөн арав гаруй байгууллага ажилладаг.
НҮБ нь олон улсын харилцаанд асар их үүрэг гүйцэтгэн, дэлхий нийтийн хэмжээнд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, улс түмнүүдийн хамтын ажиллагаа, нийгэм-эдийн засгийн хөгжил дэвшилд нөлөөлөх чухал механизм болж байна. НҮБ өөрийн 50 гаруй жилийн түүхэн хөгжлийн хугацаанд дэлхийн улс төрийн бодлогын чухал хүчин зүйл болсон юм. Өнөөдөр НҮБ улс орнуудын өмнө тулгарч буй шийдвэрлэвэл зохих олон асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, тэдний хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор олон тооны чуулга уулзалт, бага хурлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хүний эрхийн дэлхийн бага хурал (Вена, 1993), Байгаль орчин, хөгжлийн бага хурал (Рио де Жанейро, 1992), Хүнсний талаарх дэлхийн дээд чуулган (Ром, 1999), Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал (Бээжин, 1995), Нийгмийн хөгжлийн дээд чуулган (Копенгаген, 1995), Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал (Кайр, 1994), Хүүхдийн талаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (Нью-Йорк, 1999), Мянганы уулзалт (Нью-Йорк, 2000)[2] зэрэг болно.
Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд улс даяар тус ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор дэлхийн хамтын нийгэмлэгийн аливаа үйл хэрэг идэвхтэй оролцож ирлээ. Өнөөдөр Монгол улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Соёл шинжлэх ухааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан, Сайн дурынхны байгууллага, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд коммиссариат зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Олон улсын бусад байгууллага
Хамгийн анхны олон улсын байгууллага нь 1875 онд байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо юм. Энэ байгууллага Брюссел хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүхий л дэлхий даяар илгээгдэж буй захидал, илгээмж, стандартыг тогтоодог юм байна.
Олон улсын байгууллагууд нь олон улсын харилцааны янз бүрийн хүрээг хамран үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал,
- Бүс нутгийн: Зүүн-Өмнөд Азийн улсуудын Холбоо (АСЕАН), Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг (ЕХН), Арабын улсуудын холбоо г.м.
- Хүн ам зүйн: Олон улсын эмэгтэйчүүдийн ардчилсан холбоо, Дэлхийн залуучуудын холбоо г.м.
- Соёл, спорт, хүмүүнлэгийн: Олон улсын Олимпын Хороо, Дэлхийн Энх тайвны Зөвлөл, Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэг г.м.
- Мэргэжлийн: Олон улсын сэтгүүлчдийн байгууллага, Улс төрийн шинжлэх ухааны олон улсын холбоо, Олон улсын цагдаагийн байгууллага (ИНТЕРПОЛ) г.м. Олон улсын байгууллагуудын жил тутмын сэтгүүлд 1958 онд тэдгээрийн тоо 1000 орчим байсан бол 1972 онд 2100, өнөөдөр 4000 гаруй[3] олон улсын байгууллагууд ажиллаж глобал үйл явцын янз бүрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Глобал худалдааны сүлжээ
Өнөөдөр даяаршлын хүрээнд явагдаж буй асар их өөрчлөлтийн нэг үр дүн нь улс орнууд, пүүс компаниудын хоорондын худалдааны өргөн цоо шинэ глобал сүлжээ юм. Улс орнуудын хооронд бараа болон үйлчилгээг арилжих замаар дэлхийн зах зээл дээр явагдаж буй гадаад худалдаанд 1995 о.щ байгуулагдсан Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ буюу WTO ) чухал үүрэг гүйцэтгэдэг. ДХБ нь Женев хотод байрладаг бөгөөд одоогийн байдлаар 140 гишүүн орнуудыг нэгтгэж байна. 1990-ээд оны үеэс худалдааг глобалчлал хөгжүүлэх, өргөжүүлэх асуудал нь энэ салбарын хүрээнд олон улсын биэ даасан тусгай байгууллага байгуулах шаардлагыг бий болгосон.
ДХБ-ын үйл ажиллагаа нь олон улсын худалдааны дэглэм, горим журмуудыг хянан шалгах, энэ хүрээнд үүссэн зөрчилтэй асуудлыг хянан шийдвэрлэх болон хөгжингүй орнуудын зүгээс ДХБ-ын дүрэм журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. ДХБ-ын суурь зарчмууд болох үл ялгаварлах буюу дэлхийн худалдаанд оролцогч бүх улсууд тэгш эрхтэй байх зарчим, тариф, татаас зэрэг хамгаалалтын арга хэмжээг чөлөөт худалдаа, өрсөлдөөнийг хөгжиж буй орнуудад зориулсан тусгай горимоос бусад нөхцөлд дэмжих зэрэг нь Тариф болон Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн (ТХЕХ буюу ОАТТ) хүрээнд боловсруулагдсан байсан юм. Монгол улс 1997 онд ДХБ-ын гишүүнээр элссэн бөгөөд зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед байгаа орнуудаас тус байгууллагад нэгдэн орсон анхны улсуудын нэг билээ. Эдийн засгийн шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол улс гадаад худалдааны үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох бололцоотой болсон ба энэ нь манай улсын эдийн засгийн хөгжилд шинэ боломжуудыг нээн өгсөн юм. Энэ асуудлын хүрээнд өнөөгийн мөрдөгдөж буй бодлого зохицуулалтын механизмыг улам боловсронгуй болгох, мөн түүнчлэн, худалдаа, эдийн засгийн холбогдолтой мэдээллийг цуглуулах, түгээх асуудлыг системчлэх, стратеги ба үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байгаа ажээ.
Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шугамаар “ДХБ ба Олон улсын худалдааны бодлого” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд үндэсний гадаад худалдааны бодлого боловсруулах, үндэсний боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчинг сайжруулах зэрэг асуудлыг шийдэх юм.
Монгол улсын хоёр хөрш орон болох Хятад, ОХУ-ын ДХБ-д элсэн орох асуудал нь тус улсын эдийн засгийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй ба Хятад улс 2001 оны 9 дүгээр сард уг байгууллагын гишүүн орон болсон.
Түүнчлэн, Европын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд 1992 онд худалдааг либералчилсан нь дэлхийн чөлөөт худалдааны том бүсийг бий болгосон бөгөөд өнөөдөр энэ бүсэд 324 сая орчим хүн хамрагдаж байна.
АНУ, Канадын чөлөөт худалдааны бүс нь Төв ба Өмнөд Америкийг хамарч, энд 580 гаруй сая хүн амьдран сууж байна.
Азийн бар улсууд мөн л өөрийн худалдааны бүсийг бий болгохыг зорьж байгаа бөгөөд энэ нь 400 сая [4]орчим хүнийг хамарч байна.
Худалдаа, санхүүгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын эдийн засгийн байгууллагууд болох ЕХН, Олон улсын худалдааны танхим, Европын чөлөөт худалдааны холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк, Олон улсын валютын сан г.м байгууллагууд нь энэ хүрээнд ажиллаж байна.
в. Мэдээллийн даяаршил
А.Тоффлер “гурван давлагааны” онолдоо мэдээллийн хувьсгалыг технологийн гурван том хувьсгалын (газар тариалангийн, аж үйлдвэрийн, мэдээллийн)[5] сүүлчийн шат хэмээн тодорхойлжээ. Орчин үеийн мэдээллийн хувьсгал нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад бүрэлдсэн дараах хоёр чухал үйл явцын үр дүн юм. Энэ нь нэг талаас, нийгмийн амьдралыг тэтгэгч мэдээллийн хэмжээ, үүрэг улам бүр нэмэгдэж, нөгөө талаас мэдээллийг хуримтлуулан, түгээх технологи байнга боловсронгуй болж байгаа явдал юм.
Сонин, сэтгүүл, телевиз, радио, интернет, цахилгаан шуудангийн тусламжтайгаар мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, харилцаа, солилцоо түгж, энэ бүхэн нь дэлхийн мэдээллийн шинэ дэг журам тогтоход нөлөөлөн, мэдээллийг үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх олон улсын тогтолцоо бий болсныг гэрчилж байгаа билээ. Өөрөөр хэлбэл дуун болон дүрс мэдээ сансраар дамжин интернет, зурагт, кино, радио, телефоноор маш өндөр хурдтай түгж мэдээлэл өөрөө даяарчлагдсан хэрэг юм.
Цөөн тооны мэргэшсэн агентлагууд нь дэлхийн радио, телевизийн станцуудыг шинэ сэргэг мэдээ мэдээллээр тасралтгүй хангаж байдаг. Бүр 1870-аад онд анхны мэдээллийн агентлагуудын нэг болох Их Британы Ройтер агентлаг үйл ажиллагаагаа эхэлжээ. Дэлхийн I дайны дараа Америкийн хоёр тэргүүлэх агентлаг болох Ассошиэйтэд Пресс (АП), Юнайтэд Пресс Интернэшнл (ЮПИ) агентлагууд Европын агентлагуудтай өрсөлдөх болжээ. Өнөөдөр дэлхий даяар цацагдаж буй мэдээллийн дийлэнх хэсгийг Ройтер, АП, ЮПИ мөн Франс Пресс агентлагууд хянаж байдаг ажээ. Эдгээрээс
тэргүүлэх байр суурийг ЮПИ эзэлдэг бөгөөд 114 оронд 6400 харилцагчтай, түүний мэдээ 48 хэл дээр орчуулагддаг байна. Эдгээр агентлаг өдөр бүр янз бүрийн сувгаар 34 сая үгтэй мэдээ, мэдээлэл цацаж, энэ нь радио, телевиз, сонинд өгч буй мэдээллийн аравны есийг [6]бүрдүүлж байна.
Орчин үеийн дэлхий ертөнц эрчимтэй өөрчлөгдөж, нэг талаас асар их хөгжил дэвшил явагдаж, улс орнууд улам бүр ойртон нягтарч, харилцан хамааралтай болохын зэрэгцээ нөгөө талаас, өлсгөлөн, гуйланчлал өсөн нэмэгдэж, хурцадмал байдлын голомтууд байсаар байгаа бөгөөд эдгээр нь мөн л глобал шинжтэй болсон нь өнөөгийн дэлхий ертөнцийн онцлог шинж болж байна. Өнөөгийн дэлхийн глобал асуудлуудыг жагсаавал:
- Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах
- Эрчим хүчний нөөц, түүхий эдийн хомстлын асуудал
- Хүнсний асуудал, өлсгөлөнг даван туулах
- Хүн ам зүйн асуудал
- Олон улс орнуудын эдийн засаг, соёлын хоцрогдлыг арилгах
- Үхэл таригч өвчин улам бүр дэлгэрч байгаа асуудал• Бүс нутгийн болон улс хоорондын зөрчилдөөнийг зохицуулах
- Олон улсын алан хядагчидтай тэмцэх зэрэг асуудал болно. Үүнтэй холбоотой ямар асуудал глобал шинжтэй болж байна вэ? гэдэг асуудал зүй ёсоор дэвшигдэх бөгөөд глобал асуудлын үндсэн шинж, шалгуурыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
- Тулгамдсан шинж чанар, учир нь тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхээс дэлхий дээрх амьдрал, түүний хөгжил, дэвшлүүд шалтгаална.
- Дэлхий ертөнцийг бүхэлд нь хамарсан шинж: уг асуудал нэг буюу нэг хэсэг улсыг бус нийтийг хамарсан шинжтэй байгаа байдал
- Яс үндэс, нийгмийн гарал, мэргэжил, боловсролоос үл шалтгаалан бүх хүмүүсийн язгуур эрх ашгийг хөндөж байгаа
- Түгээмэл шинж: Эдгээр асуудал бүгд хүн төрөлхтөнд ойр, ойлгомжтой байгаа зэрэг шинж юм.
Хүн төрөлхтний өмнө тулгамдсан асeудлыг шийдвэрлэхийн тулд бүх улс орны хамтын хүxин чармайлт хэрэгтэй болох нь 2001 оны 9 дүгээр сарын 11нд олон уlсын алан хядагчдын хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн ялт хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байж улс орон бүр тэдний эсрэг дуу хоолой, эв нэгдлээ илэрхийлснээс улам бүр тод харагдаж байна.
[1] Э.Гидденс.Соцология М., 1999. С 497.
[2] НҮБ-ын Дэлхийн Бага Хурлуудын зорилтыг Монгол Улс мөрдлөг болгож буй нь. Уб., 2000 он.
[3] 28 Э. Гидденс. Социология. М.,1999, с. 505
[4] Мөн тэнд c, 505
[5] Toffler A. The third wave N,Y .., 1980.
[6] Smith A. Goodbye Gutenberg; the newspaper Revolution of the 1980s .Oxford 1980