Бонтой Дамбын Ганбат Ph.D.
Улс төрийн Боловсролын Академийн УЗ-ийн дарга
Зандраагийн Соёлмаа, Докторант
Улс төрийн Боловсролын Академийн Ахлах судлаач
УТБА-ийн 30 жил
Ардчиллын суурь тавигдаж, зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх тэр үед Улс төрийн Боловсролын Академи байгуулагдаж, өдгөө даруй 30 жил өнгөрсөн байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч шинэ нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд ардчиллын үнэт зүйлсийг түгээх нь чухал байсан билээ. Ардчилсан нийгмийн алсын баталгаа нь иргэдийн итгэл үнэмшилд орших тул шинэ үнэт зүйлс, шинэ үнэлэмжийг түгээхэд иргэний боловсрол тун чухал байсан ба өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна. УТБА өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн иргэний гэгээрлийн хөтөлбөрүүддээ монголын насанд хүрсэн хүн амын 15 орчим хувийг хамруулжээ.
Иргэдийн гэгээрэлд зориулан хэдэн мянгаар тоологдох олон тооны сургалтын материал, гарын авлага, эмхэтгэлийг тус Академиас хэвлэж нийтийн хүртээл болгосон ба өнөөдөр Үндэсний номын сангаас эхлэн Их, дээд сургуулиудын номын санд оюутан, судлаачдын судалгааны эргэлтэд орсон хэвээр байна. Оюуны бүтээл хомсхон байсан тухайн цаг үед бид нэлээд хэдэн ном орчуулж мөн хэвлэж гаргасан байдаг. 1993 онд гар аргаар өөрсдөө олшруулж, үдэж, тарааж байсан “Шинэ Толь” сэтгүүл өнөөдөр цахим хувилбараар нийтэд хүртээмжтэй болсон. Энэ хугацаанд тус сэтгүүлийн 84 дугаар гарсан ба анхны дугаарт орсон өгүүллээс эхлэн нийтлэгдсэн бүх өгүүллүүдийг нээлттэй хэрэглэхээр Академийн цахим хуудсанд байршуулсан болно1.
Монголын ардчиллыг дэмжиж, бүх талын харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн ХБНГУ-ын Конрад-Аденаурын Сан (КАС)-ийн хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд зориулсан гэгээрлийн үйл ажиллагаа явагдаж ирснийг энд зориуд тэмдэглэе. КАС өнөөдөр ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа ба монголчуудад ардчиллын үнэт зүйлсийг түгээх бидний үйл хэргийг дэмжсээр байна.
Гэгээрлийн сургалтын зэрэгцээ тус Академи нь сүүлийн 20 гаруй жилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхэлж ирлээ. Академийн судалгааны ерөнхий зорилго нь Монгол дахь ардчилал, улс төрийн хөгжлийн хандлага, ардчилсан үнэлэмжийн төлөвшил хөгжлийг тандан судлахад чиглэж буй. Өнгөрсөн хугацаанд “Дэлхийн үнэлэмж” хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн улс орныг харьцуулдаг “Азийн Барометр судалгаа” (АБС)-г манай Академи Монголдоо хариуцан гүйцэтгэж ирсэн юм. Анх 2000 онд уг судалгаа эхлэх үед Азийн 8 улс үүнд багтаж байсан бол өнөөдөр 15 болж өргөжин судлагдаж байна. УТБА энэ хугацаанд нийт 6 удаагийн судалгааг үндэсний хэмжээнд хийж, Академийн “Шинэ толь” сэтгүүл болон дотоодын бусад сэтгүүлд ардчиллын хөгжлийн асуудлаар судалгааны үр дүнгийн талаарх өгүүллүүд нийтлүүлж ирсэн юм. Олон улсын түвшинд Азийн Барометр судалгааны хүрээнд нийтлэгдсэн гурван удаагийн номонд Монголын хөгжилтэй холбоотой мэдээлэл багтаж хэвлэгдсэн. АНУ-ын Стэнфорд, Коламби, Миссури болон Япон, БНСУ, Тайвань, Хонг Конгийн Их Сургуулийн судлаачид монголын ардчиллын тухай мэдээллийг өөрийн эрдэм шинжилгээ, судлагааны ажилдаа ашигласаар байна. Монголын улс төрийн хөгжлийн динамик, тулгарч буй сорилтын талаарх бидний хийж буй судалгааны тоо баримт олон улсын судалгааны эргэлтэд орж эхлээд 20 гаруй жил болж байна. АБС-г зохион байгуулсан нийт 6 удаагийн судалгааны дүнгээр эрдэм шинжилгээний олон тооны бага хурал, симпозиум зохион байгуулж, хэд хэдэн ном, товхимол гаргасан юм2.
УТБА-ийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан Бага хуралд Академийн сүүлийн хорин жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын дүнд тулгуурлан энэхүү илтгэлийг бэлтгэн хэлэлцүүлж байна3.
Эрдэм шинжилгээний энэ хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуультай хамтран 2023 оны
5-р сарын 24-ний өдөр зохион байгуулж, Монголын Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэсэн
болно.
Ардчилал ба эдийн засгийн хөгжил
С. Хантингтоны арга зүйн дагуу ардчиллын гуравдугаар давалгаанд хамаарах улсууд улс төр ба эдийн засгийн шилжилтээ өөр өөрөөр шийдэж, мөн өөр өөр үр дүнд хүрсээр байна. Бидний зэргэлдээх улсуудын ихэнх нь улс төрийн харилцаагаа ардчилалд хүргэлгүй ухарсан байдалтай, эдийн засгийн өөрчлөлтийг мөн зах зээлрүү бүрэн шилжүүлж чадаагүй.
Монгол Улс харин зоригтойгоор ардчилал, зах зээлийн эдийн засгийн суурь өөрчлөлтийг амжилттай хийж, өнөөдөр үр дүн нь бүгдэд ил болсон. Ардчиллын замаар улс төрийн коммунист харилцааг, зах зээлийн аргаар төвлөрсөн эдийн засгийг бүрэн сольж чадсан ба энэ бодлогоо “хос шилжилт” хэмээн нэрлэн хэрэгжүүлсэн юм. Хос шилжилтийн үзэл санаан дээр тулгуурлаж Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн суурь концепци боловсруулагдсан билээ.
Онол, арга зүйн хувьд улс төр ба эдийн засгийн хамаарлын асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Энэ хоёр хоорондоо хамааралтай юу, эсвэл тийм хамаарал угаас байхгүй юу, аль нэг нь урьдчилсан нөхцөл болох ёстой юу, тийм гэхэд үр дагавар нь юу байдаг вэ зэрэг асуултыг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Эдийн засгийн хөгжил нь нийгмийн аж амьдралыг тогтвортой дээшлүүлэх урьдчилсан нөхцөл болж, хөгжил дэвшил нь шинэ технологи, боловсрол, эрх зүйт ёс зэрэгт тулгуурласан эдийн засгийн интституцаар дамжин бий болно. Эдийн засгийн хөгжлийг ийнхүү цогцоор нь тэтгэхэд ардчиллаас өөр улс төрийн систем бараг байхгүй аж.
Нөгөө талаас, эдийн засгийн хөгжил нь мөн ардчилалд хүргэдэг байна. С. М. Липсетийн тэмдэглэсэнчлэн, баян чинээлэг улс ардчилалруу шилжих илүү боломжтой аж4. Орлогын тэгш бус байдал арилах тусам нийгмийн анги, давхаргын зэрэг ялгарал багасаж, нийгмийн ижилсэл нэмэгдэнэ. Эдийн засгийн хөгжлөөс үүдэлтэй хотжилт, технологи, дэд бүтцийн дэвшил зэрэг нь боловсролд ойртох нөхцөлийг бүрдүүлнэ. Орлогын байдал сайжрахад хүмүүс улмаар боловсролыг хүсэмжилнэ. Дэвшилт өөрчлөлт нийгмийн доторх харилцааг ойртуулж, улс төрийн оролцоог нэмэгдэхэд хүргэдэг ба энэ нь шийдвэр гаргах үйл явцад эерэгээр нөлөөлнө.
Ардчилал нь эдийн засгийн хөгжлийг эргээд тэтгэн дэмжинэ гэдгийг бас тэмдэглэдэг. Зарим судалгаагаар ардчилсан биш улс улмаар ардчилсан болсноор нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ нь 20 орчим хувиар өссөнийг харуулжээ5.
Тухайн улсын ардчилал руу шилжих үеийн улс төрийн дэглэм, эдийн засгийн гарааны нөхцөл, чадамж зэрэг нь сонгосон шинэ хөгжилд дэвшин орох үйл явцын онцлог, хэлбэрийг зайлшгүй тодорхойлно. Улс төрийн ба эдийн засгийн хөгжлийн хамаарал, нэг нэгнийгээ хэрхэн нөхцөлдүүлэх талаар өөр өөр тайлбар, түүний танин мэдэх арга зүй байдаг боловч энэ хоёр хоорондоо хамааралтай гэдгийг бүгд зөвшөөрнө.
Монгол Улс коммунист үзэл суртал, нэг намтай социалист системийг АРДЧИЛЛААР, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг ЗАХ ЗЭЭЛЭЭР тус тус үндсээр нь сольж, “хос шилжилтийн” бодлогын стратегийг нэгэн цаг хугацаанд, нэг дор хэрэгжүүлж, өмнөх 70 жил ноёрхсон харилцааг сууриар нь өөрчилж чадсан улсын тоонд орж байна.
Хос шилжилтийн үр дүн
Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудлыг судлахдаа ардчилал, зах зээлийн хөгжил нь хэр тогтвортой, найдвартай, суурь харилцаа нь хэр бэхжсэн асуудлыг судлаачид илүү анхаардаг. Эрдэм шинжилгээний ном зохиолд Монгол дахь ардчиллын хөгжлийг дүгнэхдээ боломж багатай, өвөрмөц хэмээн тэмдэглэдэг. 6
Ардчиллын урьдчилсан, зайлшгүй байх нөхцөлийг чухалчилдаг онолын талынхан нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг онцолдог бөгөөд энэ нь монголчуудын амжилтын гол садаа болно гэнэ7. Ардчиллын бүтцийн онолынхон нийгэм, эдийн засгийн зэрэг үзүүлэлтүүдийг онцолдог хийгээд Монгол мэт доогуур орлого бүхий улсуудын ардчиллын үйл явцын амжилтыг шинжлэн дүгнэхдээ гайхалд орж, тэдэнд энэ нь “оньсого” мэт болдог8.
Монголын нийгмийн ардчилал, зэх зээлийн хөгжил, түүний үзүүлэлтийг World bank, Heritage Foundation, Economic Freedom, Freedom House, V-Dem, Polity V зэрэг гадаадын олон байгууллага бусад улс орны хамт судалж, олон жилийн харьцуулалт гаргасаар байгаа ба монголын хос шижилт амжилтад хүрч буйг эндээс харж болно.
Тухайлбал, Freedom House-ын тайланд Монгол нь улс төрийн “чөлөөт” системтэй гэж дүгнэж байна. Энэхүү үнэлгээг анх 1992 оноос өгч, улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний хоёр ангиллаар гаргасан байдаг. Энэ үнэлгээгээрээ Монгол Улс зэргэлдээх Төв Азийн улсуудаас ялгарч, ерөнхий ангиллаар хуучин коммунист асан Зүүн Европын улстай ойролцоо статустай юм9. Л. Даймондын дэвшүүлсэн либерал ардчилал ба хаалттай авторитар дэглэмийн хооронд багтах хайбрид дэглэмийн зургаан хэв маягт Монгол Улс нь сонгуульт ардчиллын (electoral democracy) ангилалд багтах аж10.
А. Пшеворскийн тэмдэглэж буйгаар пост-коммунист дэглэмийн шилжилтийн үе дэх ардчиллах үйл явцын амжилт нь нийгмийн аж байдлыг хангаж ирсэн хуучин институцийг шинэ дэглэм нь хэрхэн хадгалж чадсанаас хамаарах ажээ11. Монгол дахь шилжилтийн эхний үед нийгмийн аж байдалд чиглэсэн социалист хэлбэр, агуулгатай хөтөлбөрүүд үргэлжилснийг бид мэднэ. Улмаар хэрэгжүүлэхээс өөр сонголт байгаагүй эдийн засгийн “шоконд” оруулах арга хэмжээ авснаар нийгмийн хамгааллын хуучин сүлжээ тасарсан. Энэ нь улс төрийн асар их үнэ цэнээр олдсон хийгээд эхний системийн хямралд хүргэсэн юм. Дараагийн Засгийн газрууд нийгмийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн олон тооны санаачилга гаргаж, ядуурлыг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөр, шинэ гэр бүлд олгох мөнгөн тэтгэмж, ашигт малтмал, газар ашигласны зэрэг орлогын ногдол ашиг, хувьцаа гм мөнгө тарааж эхэлсэн. Засгийн газрууд олон нийтийн санал, дэмжлэг болон тэвчээрийг ийнхүү худалдан авдаг болж, энэ нь улс төрийн уламжлал болон тогтсоор байна. Урт хугацаанд энэ бүхэн нь нийгмийн халамж, үйлчилгээнд дулдуйдсан сэтгэлгээг нийгэмд өөгшүүлэхийн зэрэгцээ улсын эдийн засгийн жамаараа хөгжих хөгжилд сөргөөр нөлөөлж, зах зээлийн зарчмаар бус төр засгийн “волюнтарист” нөлөөлөлд өртөмтгий болгох аюултай.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас салах хүндрэлүүдийг давж, зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явцын үр дүнд нэг хүнд оногдох ДНБ-ийн үзүүлэлтээр 2006 оноос шилжилтийн өмнөх макро эдийн засгийн түвшинд бид хүрч эхэлсэн байна. Р. Помфретийн тайлбарласнаар, Монголын посткоммунист хөгжилд эдийн засгийн тогтворжуулагч хоёр чухал хүчин зүйл үйлчилсэн бөгөөд эхнийх нь уламжлалт бэлчээрийн аж ахуй, нөгөөх нь албан бус “сүүдрийн” эдийн засаг ажээ12.
Монголын эдийн засаг нь улс төрийн шинэ системийн хүрээнд аажмаар сэргэж эхэлсэн байна. Зарим нэгэн ухралтыг эс тооцвол аж амьдарлын стандарт ерөнхийдөө дээшилж, туйлын ядуурлаас салж чадсан. Тэрхүү 2006 оноос эхлэн үндэсний эдийн засаг ба аж амьдарлын стандарт хоорондоо бүхэлдээ харилцан хамааралтай хөгжиж эхэлсэн байна. 2010 оноос эхлэн нэг хүнд оногдох ДНБ ийн хэмжээ тогтвортой өсөж байгааг макро эдийн засгийн статистик нотлоно. Харин аж амьдарлын стандартын хувьсал нь сонгуулийн жилүүдэд оргилдоо хүрч ирснийг тод харж болно. Сонгууль өнгөрснөөр Засгийн газрын энэ чиглэлийн зарлага буурдаг нь мөн тод ажиглагдсаар байна.
Эдийн засгийн эерэг хэрэгжилт нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, ашигт малтмал, уул уурхайтай холбоотой байгаа нь анхаарууштай. Төрийн сул хяналт, зохицуулалт муутай зарлага, хавтгайрсан авлига нь хөрөнгө мөнгөний урсгалд мөн сөргөөр нөлөөлнө. Нийгмийн халамжийг нэмэгдүүлэх бодлого, эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх хандлага, сонгуулийн зардал зэрэг нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлсээр байгаа нь сөрөг үр дагавартай13.
Бид энэхүү илтгэлдээ “хос шилжилтийг” гагцхүү монголчууд өөрсдөө хэрхэн дүгнэж, ямар төсөөлөлтэй буйг болон түүний өөрчлөлтийн динамикийг харуулахыг зорилоо. Чингэхдээ, Монгол Улсад явагдсан Азийн Барометрын 6 удаагийн судалгааны дүнг ашиглах болно.
Олон нийтийн төсөөлөл, санаа бодлын динамик
Зураг 1. Улс орны эдийн засгийн талаарх үнэлгээ
Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судалгаа явагдаж буй сүүлийн 20 жилийн хугацаанд “сайн” ба “маш сайн” гэж хүн амын дунджаар 10 хүрэхгүй хувь нь үзсээр байна. Анх судалгаа эхэлсэн 2002-2006 онд л 14,6-18,1 хувь нь эерэг дүгнэж байснаас хойш үнэлгээ муудах тийшээ болсон ба “муу”, “маш муу” гэх нийлбэр үнэлгээ аажим өссөөр өнөөдөр хүн амын 60 орчим хувь улсын эдийн засгийн
байдалд сөрөг дүн тавьж байна.
Үүнтэй жишиж үзэхэд, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60-аас дээш хувь нь өөрийн гэр бүл, өрхийн эдийн засгийн байдлыг “дунд” зэрэг гэж дүгнэсээр байна. Өрхийн аж байдлаа “сайн, маш сайн” эсвэл “муу, маш муу” гэж хүн амын 20±5 хувь үнэлсээр иржээ.
Зураг 2. Өрхийнхөө эдийн засгийн талаарх үнэлгээ
Нэг цаг хугацаанд, нэгэн зэрэг эхэлсэн хос шилжилтийн талаар “хоёул чухал” гэж иргэд харин үзэхгүй байна. Улсын болон өрх гэрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх дээрх зургуудад үзүүлсэн үнэлгээнээс өнөөдөр улс төрийн хөгжил, ардчиллаас илүүтэй аж байдал, амьдрал, ажлын байр, орлоготой холбоотой эдийн засгийн асуудал чухал байгаа нь давхар ойлгогдоно. 20 жилийн өмнө ардчиллаас эдийн засгийн хөгжлийг чухалчилж буй хувь 2,4 дахин их байсан бол өнөөдөр энэ харьцаа 3,8 болж өөрчлөгдлөө. Ардчиллын ач холбогдлыг иргэд энэ хэмжээгээр дутуу үзэж байна гэвэл бас тийм биш юм байна.
Зураг 3. Ардчилал ба эдийн засгийн хөгжил
Өөрийн бэрхшээл, сорилт, хөгжлийн бусад асуудал монголын улс төрийн хөгжилд өнгөрсөн 30 гаруй жилд бишгүй таарсан. Гэсэн хэдий ч монголчуудын дунджаар 2/3 хувь ардчиллыг хамгийн зөв засаглалын хэлбэр гэдгийг хүлээн авч, итгэл үзүүлсээр байгаа нь стратегийн хувьд маш чухал үзүүлэлт юм. Өөрсдийн олж авсан мэдээлэл, харьцуулалтад тулгуурлан иргэд монголд өнөөдөр тогтсон ардчилал, түүний илрэл, үйлчлэлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Ардчилал мөн гэхдээ их, бага хэмжээний нэлээд асуудалтай гэж олонх буюу 80 орчим хувь өнөөдөр дүгнэжээ. Үүнийг мөн Зураг 6-д үзүүлсэнчлэн бусад улстай харьцуулахад монголд үйлчилж буй засаглалын системд их, бага өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж буйгаас давхар харж болно. Аль улстай жишиж, ингэж дүгнэж буйг АБС-ны
олон улсын харилцаатай холбоотой хэсгийн дата-г ашиглаж (crosstab) харьцуулбал бас сонирхолтой дүр зураг харагдах байх.
Зураг 4. Ардчиллын талаарх төсөөлөл
Зураг 5. Ардчиллын талаарх төсөөлөл
Зураг 6. Засаглалын харьцуулалт
Ардчиллаас өөр сонгож болох улс төрийн дэглэмд авторитаризмын хувилбаруудыг АБС-ны асуулгад багтаан судалдаг. Авторитаризмын хувилбар дотор нэг намын, цэргийнхний, нэг хүний, мэргэжлийн/элитийн гэх удирдлагын дөрвөн хэлбэрийг багтаана. Авторитаризмыг монголчилж “захиран тушаах” г.м. үгээр оруулж эхний судалгаанд асууж байсан. Сүүлийн судлагаануудад “ардчилсан биш” гэж тодотгож хэрэглэж байгаа. Дараах зурагнаас 2018 оны судалгаанд авторитаризмыг олонх сонгож байснаас бусад жилүүдэд ямагт ардчиллыг илүүд үзэж ирснийг харж болно.
Зураг 7. Ардчилал ба авторитаризм
Ардчилал бидэнд огт таарахгүй, ардчилал бүрэн тохирно гэх хоёр туйлын хооронд 10 баллын шкал хэрэглэж ардчиллын талаар монголчуудын төсөөллийг судалсан болно. Чингэхэд, судалгаа явагдаж эхэлсэн эхний арван жилд 8 баллаас дээш байсан үзүүлэлт сүүлийн арав орчим жилд 7 орчим болж, 2022 онд 6,31-тэй буюу монголд ардчилал тохирох талаар иргэд хэрсүүжиж, асуудалд шүүмжлэлтэй хандах талдаа байгаа нь харагдана. 6 ба түүнээс дээш балл нь ардчилал бидэнд тохирно гэдгийг илтгэх тул бусад улстай улстай харьцуулахад тийм ч муу үзүүлэлт бас биш юм.
Ардчиллын талаар хүн амын олонх эерэг төсөөлөлтэй байгаагийн зэрэгцээ тэрхүү ардчилал нь өнөөдрийн амьдралд хэрэгжиж буй, үйлчилж буй утгаар нь иргэд сэтгэл хангалуун биш байгаа нь судалгаанаас харагдана. 20 жилийн 2/3 нь ардчиллын хөгжилд “сэтгэл хангалуун” байсан бол өнөөдөр 2/3- оос дээш хувь нь харин сэтгэл “хангалуун биш” гэж байгаа нь бидэнд асуудал болж байна (Зураг 9).
Зураг 8. Ардчиллын талаарх төсөөлөл
Зураг 9. Ардчиллын хэрэгжилтийн талаарх төсөөлөл
Зарим дүгнэлт
Ардчиллын бэхжилтэд эдийн засгийн хөгжлийн нөлөөлөл бол ойрын (short-term) хүчин зүйлс гэж үздэг. Алсын (long-term) хүчин зүйлсэд үнэт зүйлсийн төлөвшил чухалд тооцогддог байна. Эндээс үзвэл Монголд өнөөдөр:
• Эдийн засгийн ядмаг хөгжил ардчиллын хөгжилд сорилт болж байна. Хоорондоо хамаарал бүхий хос шилжилтийн талаар иргэд ассиметр үнэлгээтэй байна.
• Ардчилал ба эдийн засгийн хөгжлийг хооронд нь ялгаж салгаж байгаа нь чухал. Эдийн засаг нь муу байсан ч ардчиллыг зөв гэж үзэж буй хувь харьцангуй хэвийн байна.
• Гэхдээ, аж амьдрал нь сайжрахгүй бол ардчилалд итгэх итгэл буурах хандлагатай байна.
• Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй нь. • Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна.
• Ардчиллын хэмжүүр дотроос авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Энэ нь ардчиллын хөгжлийг саатуулна. • Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх хариуцлагын тогтолцоо хамгийн их үгүйлэгдэж байна.
• Төр засаг дахь авлига, хээл хахуулийн талаарх төсөөлөл ба ардчилалд итгэх иргэдийн итгэл хоорондоо урвуу хамааралтай нь тод илэрч байна.
Ном зүй
• Adam Przeworski., Democracy and the Market: Political and Economic Reforms in Eastern Europe and Latin America / Adam Przeworski, Cambridge University Press, 1991.
• Fish, Steven (1998) “Mongolia: Democracy Without Prerequisites.” Journal of Democracy 9(3).
• Fish, Steven (2001) “The Inner Asian Anomaly: Mongolia’s Democratization in Comparative Perspective.” Communist and Post-Communist Studies 34. • Fritz, Verena (2002) “Mongolia: Dependent Democratization.” Journal of Communist Studies and Transition Politics 18(4).
• Larry Jay Diamond., Thinking about Hybrid Regimes // Journal of Democracy.- 2002.- №2.- 13 Х.31.
• Mina Sumati., Stabilizing Democracy in Mongolia. // Taiwan Journal of Democracy.- №No. 2.- 18 Х.47–72.
• Richard Pomfret., Transition and Democracy in Mongolia // Europe-Asia Studies.- 2000.- №1.- 52 Х.149–154.
• Seymour Martin Lipset. Some Social Requisites of Democracy: Economic Development and Political Legitimacy // American Political Science Review.- 1959.- №1.- 53 Х.69–105.
• Stephan Haggard, Robert R. Kaufman Democratization during the Third Wave // Annual Review of Political Science.- 2016.- №1.
• Paula L. W. Sabloff, “Why Mongolia? The Political Culture of an Emerging Democracy,” Central Asian Survey 21, no. 1 (March 1, 2002): 19–36, https://doi. org/10.1080/02634930220127928.
• Carsten Q. Schneider and Philippe C. Schmitter, “Liberalization, Transition and Consolidation: Measuring the Components of Democratization,” Democratization 11, no. 5 (December 1, 2004): 59–90, https://doi.org/10.1080 /13510340412000287271.
• www.academy.edu.mn
• www.asianbarometer.org/publications
• www. freedomhouse.org/Mongolia
• Institutions, Human Capital and Development | NBER. //www.nber.org/papers/ w19933
- www.academy.edu.mn ↩︎
- www.asianbarometer.org/publications ↩︎
- Эрдэм шинжилгээний энэ хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуультай хамтран 2023 оны
5-р сарын 24-ний өдөр зохион байгуулж, Монголын Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэсэн
болно. ↩︎ - Seymour Martin Lipset, “Some Social Requisites of Democracy: Economic Development and Political
Legitimacy,” American Political Science Review 53, no. 1 (1959): 69-105. ↩︎ - Institutions, Human Capital and Development | NBER //www.nber.org/papers/w19933. ↩︎
- (Fish, 1998; Fritz, 2002; Sabloff, 2002; Schneider & Schmitter, 2004)”DOI”:”10.1353/
jod.1998.0044”,”ISSN”:”1086-3214”,”issue”:”3”,”page”:”127-141”,”source”:”Project MUSE”,”title”:”Mongolia: Democracy Without Prerequisites”,”title-short”:”Mongolia”,”volume”:”9
”,”author”:[{“family”:”Fish”,”given”:”Steven Michael”}],”issued”:{“date-parts”:[[“1998”,7,1]]}}},{“id
”:”o8Rpsxa7/nOHqmxEL”,”uris”:[“http://zotero.org/users/1996319/items/87RM6KJ3”],”itemData”:
{“id”:845,”type”:”article-journal”,”abstract”:”Mongolia is one of the most remarkable outliers in the
post-communist universe as regards democratization. It contradicts assumptions from modernization
theory, and explanations based on previous democratic episodes or geographical location. It also
contradicts those hypotheses that lay an emphasis on ‘modes of transition’ as well as those that stress the
importance of the early replacement of political elites. Moreover, Mongolia has not just embarked on
transition, but so far is the only post-communist country east of the Baltic states to have consolidated
democracy. This unypical achievement was arrived at in several stages throughout which external and
internal, actor-centred and structural factors took on favourable combinations. In particular, external
democracy promotion has mattered to an unusual degree in Mongolia. It has interacted with two other
crucial factors: (1 ↩︎ - Seymour Martin Lipset, “Some Social Requisites of Democracy: Economic Development and Political
Legitimacy,” American Political Science Review 53, no. 1 (1959): 69-105. ↩︎ - Stephan Haggard and Robert R. Kaufman, “Democratization during the Third Wave,” Annual Review
of Political Science 19, no. 1 (2016): sec. 8.5-8.6. ↩︎ - www. freedomhouse.org/Mongolia ↩︎
- Larry Jay Diamond, “Thinking about Hybrid Regimes,” Journal of Democracy 13, no. 2 (2002): 31. ↩︎
- Adam Przeworski, Democracy and the Market: Political and Economic Reforms in Eastern Europe and
Latin America (Cambridge: Cambridge University Press, 1991). ↩︎ - Richard Pomfret, “Transition and Democracy in Mongolia,” Europe-Asia Studies 52, no. 1 (2000):
149-154. ↩︎ - Mina Sumaadi. Stabilizing Democracy in Mongolia. Taiwan Journal of Democracy, Volume 18,
No. 2: 47-72 ↩︎