Оохнойн Батсайхан Ph.D.,
Монгол Улсын төрийн соёрхолт
Монголчууд бид гурван зуу орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа. Манжийн эрхшээл, Зөвлөлт Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байж ирэв. Тэр үед түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан. Уг нь түүх гэдэг чинь энэ үндэстний уураг тархи, ой санамж нь юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстэний оршихуйн үндэс яах аргагүй мөн. Учир нь түүхээр дамжиж, монгол хүн бүрт амин шалгуур болсон identity гэж биднийг авч явдаг зүйлс суудаг юм. Түүхийг нь мартуулчихаар өнөөгийн бид нар гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Эссэн айраг шиг, нэг ойж түүхээ санаад, нэг санахаа болиод байгаа шиг. Түүх бол чиглүүлэгчийн үүрэгтэй юм. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал байдаг. Хэрэв та монгол бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Та ямар учгаар монголтой холбогдсоноо мэдэж байх нь таны үүрэг. Бусдаас ялгарах онцлог тэр болой. Түүхээ мэдэхгүй байх нь үндэстэн сөнөх аюултай. Орчин үеийн Монголын түүх, тухайлбал Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 оны Монголын түүхийг, тэр дундаа бидэнд эрх чөлөө олгоод эзэн хаанаар нь арван хэдэн жил суусан ч байшгүй муухайгаар доромжлуулж байсан Богд хааны түүхээс эхлэлтэй юм. Энэ бол Монголын орчин үеийн түүхийн эхлэл юм. 1921 оны ардын хувьсгалаас эхлүүлж, бүхнийг удирдан чиглүүлэгч МАХН-ын удирдлагаар явуулж байсан цаг саяхан. Арчиллын ачаар бид үнэн түүхээ зах зухаас нь мэдэж эхэлж байгаа нь сайн гэж бодно. Бид ядаж л зуун жилийн өмнөх түүхээсээ мэдэж, сурч, сургамж авч урагшилмаар байна.
Ингээд орчин үеийн Монголын эхлэлийг тавьсан 1911 оны үндэсний хувьсгалын тухай, тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн ачтан болох Богд хааны тухай товч өгүүлье.
Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Өнөөдрөөс 112 жилийн өмнө, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрний эрхшээлээс салж, 200 гаруй жилийн дараа бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг чинхүү сэтгэлээсээ хүсэмжилж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн үйл явдал болсон билээ. Энэхүү түүхэн үйл явдлыг санаачилж, оройлон зохион байгуулсан, удирдагч нь гарцаагүй VIII Богд Жавзандамба хутагт байлаа.
VIII Богд Жавзандамба 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч, чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн хүү болон мэндэлж, Богд гэгээнтний хойд дүрээр тодрон, тавхан настайдаа эцэг эх ах дүүсийн хамт хүний нутагт иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй нягт холбогдсон юм. Богдыг багаас нь төвд, монгол хэл бичиг, шашин болон дорно дахины ёс заншилд шавдуулан сургаж, монгол язгууртны жишгээр өсгөжээ. Тэрээр бага наснаасаа л хүүхдүүдтэй тоглон монгол айлд хонон өнжиж, монгол хүүхдүүдийн адилаар монгол ахуй зан заншил дунд идээшин өссөн бөгөөд багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Богд гэгээн нэлээд чөлөөт үзэл бодолтой, хэн нэгнээс хараат бус амьдрал зохион, бие даан шийдвэр гаргах чадвартай гэгээнтэн – залуу язгууртан болон төлөвшиж, залуу насандаа орос, хятад болон бусад гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ, Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг авчиран Монголын хээр талд хурдлуулж байжээ. Түүний энэ байдлыг зарим талаар хэтэрхий үрэлгэн зан гаргаж байна, ёс бус хүмүүст уруу татагдах вий хэмээн багш нар нь сэрэмжлэн монгол эхнэртэй болгохоор идэвхтэй оролдож байсан байдаг. Шарын шашны ёсоор шашны дээд дэв зиндаанд хүрсэн хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдгийн дагуу Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр албан ёсоор гэрлэж, Цагаан дара, эрдэнэ сэцэн ноён хэмээх цол өргөмжлүүлсэн байна. Гадаадын эрдэмтдийн тэмдэглэлд дурьдагдсанаар Богд гэгээн Дондогдуламтай сууснаас хойш үрэлгэн зангаа орхиж, бүхий л сэтгэл зүрхээ Монгол дах шашны хөгжил хийгээд монголчуудын сайн сайхны төлөөх үйлсэд зориулах болсон гэжээ. 1911 онд Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөгдөхөд түүний хатан Дондогдуламыг Улсын эх хэмээн өргөмжилж төрийн тамга бариулж байв. Тэд өөрсдийн үр хүүхэдгүй байсан ч Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор Монгол улсын төрийн сүлд дуу зохиосон алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар байжээ.
VIII Богд Монголд шарын шашныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан бөгөөд гавжийн дамжаа барихын тулд тус бүр долоон зуугаад хуудас таван дэвтэр номыг цээжилж байжээ. Богд гэгээн монгол, түвд, манж, хятад, уйгар таван хэлний толь бичгүүдийг сонирхож, зарлиг лүндэн буулган “Хааны бичсэн, нэмж тогтоосон манж үгний толь бичиг” хэмээх 40 дэвтрийг хөрвүүлүүлж байсан ба номын сандаа дорно дахины хийгээд дэлхийн олон улс орны ном зохиолыг цуглуулж байсан нь хэдэн арван үхэр тэргээр зөөгөөд ч үл барагдам байсныг үзсэн хүмүүс дурссан байдаг.
Хэдийгээр төвд хүн байсан ч Богд гэгээнтэн монгол улсын шашны тэргүүний хувиар ч, энэ л нутагт өсч торнин ээнэгшин дассан хувь хүний хувиар ч Монгол улсын тусгаар тогтнох үйл явцад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Монголд өөрийн амьдралын 50 шахам жилийг өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч Яков Шишмарев 1885 онд монголчуудын талаар бичихдээ: “Халхчууд монголын олон овгуудын дотор өөрийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд хэрэв Монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болбол халхчууд тэргүүлэх нь гарцаагүй. Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх монголчууд, халимгуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж буй явдал” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Анхдугаар богд Занабазараас хойш хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулан Монголд суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан хэдий ч Хутагтын нэр хүнд нөлөө Монгол нутагт хүчтэй байжээ. 1893 оны зун болсон Долоон хошуу даншиг наадмын дараа монголын толгой ноёд, VIII Богд гэгээний хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсч буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан бол 1900 онд Богд гэгээн өөрийн хоёр шадар туслахаа Орос улс руу мөнгө зээлэх нэрийн дор нууцаар илгээж, хэрэв монголчууд үндэсний тэмцэл өрнүүлбэл оросууд туслах эсэхийг тандан мэдүүлсэн байдаг. Богд Жавзандамба хутагт 1909 онд тэнгэрийн цаг болов хэмээн лүндэн буулгаж, эл цагийг алдаж болохгүйг бүх монголчуудад сонордуулав.
1911 оны 7 дугаар сард Богд гэгээний “Цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор ноёдын нууц зөвөлгөөн Богд ууланд болж, тус зөвлөгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөж, Орос явах элчид чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилжээ. Энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав болон алтан ургийн хан, ноёд, номт мэргэн лам нар байлаа. 1911 оны 10 дугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Добданов В. Котвичид бичсэн захидалдаа Монголын улс төрийн байдлын тухай “Халхын амьдралын ирээдүйн бүх боломж ганцхан Богд хааны гарт байна” хэмээж байлаа.
Орос улсаас тусламж гуйхаар явсан төлөөлөгчид ажлаа амжилттай гүйцэтгэн Хүрээнээ эргэж ирсний дараа албан ёсоор түр засгийн газар “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” хэмээн 1911 оны 11 дүгээр сарын 30-нд ил гарч, түүний даргаар Түшээ гүн Чагдаржав Богд гэгээний зарлигаар томилогдож, Манжийн дэглэм эцэс болж, Монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд– соёмбо үсэгтэй далбаа намируулсан билээ. Мөн өдөр Хүрээнд сууж байсан Манж амбан Сандод “Монгол хязгаараас хөөн гаргах бичиг”-ийг хүргэж өгсөн байна. Ийнхүү хөөгдсөн Манжийн сүүлчийн амбан сайд түшмэдийн хамтаар 1911 оны 12 дугаар сарын 4-нд Хүрээнээс гарч, Хиагт хүртэл өртөөгөөр орос казак цэргээр харгалзуулан хүргэгдэж, улмаар цааш хил нэвтэрсэн байдаг.
VIII Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр түүний оргил болж, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлав. Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын засгийн газрыг таван яамтай эмхлэн байгуулж, тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, гүн Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар тохоон тавьж, жараас далан настан бүрд гурван лан, наяас ерэн настан бүрд зургаан лан, ерээс зуун настан бүрд есөн лангийн хишиг хүртээжээ.
Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр монголчуудын дунд шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв. Богд Жавзандамба Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйн илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж Алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэлүүд нөлөө үзүүлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.
Богд Жабзундамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж, хааны зарлигаар Дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад өвөр монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг .
Шашны тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр ордоны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд бээр бүхий л монголчуудын хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн. Түүнийг амьд ахуйд нь Богд хаанд төрийн бүх сайд, ноёд, бүр Ардын намын дарга цэрэг хүртэл өчиж мөргөдөг байсан нь нууц биш.
Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.
1920 –иод он гарлаа. Богд хааныг хэрэггүй гэж үзэв. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924
онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёдууд бүгд алга болов. Бурханы шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ.
Ийм явдал Зөвлөлт Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ. Арай ядан 1990 онтой золгож, ардчилсан хувьсгал биднийг сэрээв.
1924 оны 5 дугаар сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт таалал төгссөнөөс хойш 87 жилийн дараа, 1911 онд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсаны 100 жилийн ойг Ардчилсан Монгол Улсын төр 2011 онд албан ёсоор тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Олуулаа болцгооё” хэмээсэн алдарт илтгэл тавьж байв. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний баярын өдөр болгон улс даяар тэмдэглэх болсон билээ. Шинэ жилийн уур амьсгалд дарагдаад хүн бүр мэдэхгүй ч байж магад, уг нь монголчуудын хувьд хамгийн үнэ цэнэтэй баяр яах аргагүй мөн билээ.
2019 онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын зарлигаар тэмдэглэж, Богд хаанд зориулан олон улсын хурал төрийн ордонд зохион байгуулж, хааны дурсгалд зориулан хөшөө босгосон юм. Түүхийн парадокс гэмээр зүйл болж, социализмын жилүүдэд хамгийн ихээр муулж байсан МАХН (МАН)-ын Засгийн газрын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Богд хааны хөшөөг нээж байв. Улмаар хэдхэн сарын дараа Богд хааны эхлэлийг нь тавьсан Орчин үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тэрээр сонгогдсон билээ.
Шинэ толь №85