![]()
Юн-хан Чу, Вэнь-чин Ү1
Ямар ч улс төрийн дэглэм оршин тогтнохын тулд иргэдийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдөх (legitimacy) шинж байдлаа хадгалах шаардлагатай байдаг. Тухайн дэглэм, улс төрийн эрх мэдлийг иргэд нь ухамсартайгаар хүлээн зөвшөөрч байвал тэр дэглэмийг легитим гэж үзнэ. Харин легитим байдал нь согогтой дэглэм ноёрхлоо хадгалахын тулд хүч хэрэглэх зэргээр албадлагын үйл ажиллагаанд илүү их нөөц, хүч зарцуулах шаардлагатай болдог бөгөөд энэ нь ард иргэдийн дэмжлэгийг улам бууруулж, дэглэм нь илүү эмзэг, нурж унах магадлалтай болно (Gilley 2006). Сонгууль бол улс төрийн удирдагчид ард түмнээсээ мандат авах хэрэгсэл байдаг тул ардчилсан дэглэм нь сонгууль явуулдаггүй эсвэл шударга бус сонгуультай өөр дэглэмүүдтэй харьцуулахад илүү легитим шинжтэй байдаг. Гэвч ардчиллын харьцуулсан судалгаанаас харвал удаан хугацааны туршид хариулт нэхсээр буй асуулт байна. Яагаад зарим ардчилсан бус улс орнууд иргэдийнхээ дунд ардчилсан улсуудаас илүү өндөр легитим шинж чанартай байна вэ? (Chang, Chu, and Welsh 2013; Chu, Pan, and Wu 2015; Nathan 2020)
Энэхүү нууцыг тайлах үүднээс бид энэ бүлэгт улс төрийн сэтгэлгээний онцолж буй үнэт зүйлс, ялангуяа уламжлалт Күнзийн үзэл болон Өрнийн либерал үзэл нь Азийн орнуудын иргэдийн улс төрийн дэглэмээ дэмжих хандлагад хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Бид улс төрийн дэглэмийн легитим шинж чанарын суурь нөхцлийн талаарх ялгаатай үзэл бодлыг Азийн Барометрийн тав дахь шатны судалгааны өгөгдөлд тулгуурлан авч үзэв. Ялангуяа, тогтсон болон шинэ тутам ардчилсан дэглэмтэй орнууд, холимог дэглэм, авторитар дэглэм зэрэг улс төрийн олон төрлийн тогтолцоотой 13 Азийн оронд дээрх хоёр уламжлалт үзлийн эмпирик хамаарлыг харьцуулан судаллаа. Судалгааны үр дүнд Күнзийн болон Өрнийн либерал уламжлалт үзлийн аль аль нь иргэдийн дэглэмээ дэмжих хандлагыг тайлбарлаж чаддаг болохыг тогтоов. Гэвч Күнзийн сургааль нь иргэдийн дэглэмээ дэмжих хандлагыг Өрнийн либерал үзлээс илүүтэй тайлбарлах хандлагатай байв. Ялангуяа Күнзийн соёл, түүхийн өв уламжлал гүнзгий шингэсэн Хятад, Япон, Солонгос, Тайвань, Вьетнам зэрэг оронд энэ уламжлал илүү хамаатай байна. Өөрөөр хэлбэл, Күнзийн сургааль нь иргэдийн улс төрийн хандлагыг төлөвшүүлэхэд болон дэглэмийн легитим шинж байдлыг хангахад чухал үүрэгтэй байна.
Энэ бүлэг улмаар дараах бүтэцтэй байна. Доорх хэсэгт дэглэмийн легитим байдлын онолын үзэл баримтлалуудыг авч үзнэ. Улмаар гурав дахь хэсэгт уг бүлгийн судалгааны загварыг танилцуулна. Сүүлийн хэсэгт дүгнэлт байна.
Онолын үзэл баримтлал
Легитим шинж чанар нь аливаа дэглэмийн тогтвортой байдалд маш чухал үүрэгтэй. Иргэд тухайн төр засаг нь тэдний өмнөөс эрх мэдэл хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх үед л дэглэм нь хууль ёсны буюу легитим шинжтэйд тооцогддог. Липсет (1959, х.86) үзэхдээ, дэглэмийн тогтвортой байдал нь “улс төрийн системийн үр ашигт байдал ба хууль ёсны байдал” хоёулангаас хамаардаг гэдгийг онцолжээ. Үр ашигт байдал (effectivness) гэдэг нь тухайн “улс төрийн системийн бодит гүйцэтгэлтэй холбоотой” бол, системийн легитим шинж байдал нь “улс төрийн систем нь үйлчилж буй улс төрийн институциуд тухайн нийгэмд хамгийн зохистой, хамгийн тохиромжтой гэсэн итгэлийг бий болгох, хадгалах чадамжтай байх”-ыг хэлнэ. Иргэд улс төрийн системийг легитим эсэхийг тухайн системийн “үнэт зүйлс нь өөрсдийнх нь гол үнэт зүйлстэй хэр зэрэг нийцэж” байгаагаас хамааруулан дүгнэдэг (Lipset 1959, х.86-87). Липсет (1959) легитим шинж чанарыг тодорхойлохдоо сонгууль эсвэл бусад улс төрийн институциуд заавал байх шаардлагатай гэж үзээгүйг тэмдэглэх хэрэгтэй. Харин түүний тодорхойлсноор иргэд тухайн улс төрийн систем нь тэдний үнэт зүйлсэд нийцэн хариу үйлдэл үзүүлж чадахуйц гэдгийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа эсэх нь гол шалгуур болдог аж.
Истон (1975) цааш нь дурдахдаа дэглэмийн легитим шинж чанар нь иргэдийн “өргөн хүрээний дэмжлэг”-ээс хамаарна гэж тэмдэглэжээ. Энэ үзэл баримтлал нь “тухайн объект ямар утга агуулж байгаа ба төлөөлж буйг” эсвэл “гишүүдийн эсэргүүцэж буй, эсвэл өөрсдийн хүсэл сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буй үр дагаврыг хүлээн зөвшөөрөх эсвэл тэвчих боломжийг олгодог эерэг
хандлага, сайнаар хандах хандлагын нөөц” гэдгийг тодорхойлдог (Easton 1975, х.444). Ийнхүү, өргөн хүрээний дэмжлэг нь хоёр хэлбэрээр илэрдэг буюу энэ нь итгэлцэл (trust) болон легитим шинж чанарт итгэх итгэл (belief) юм. Иргэдийн өргөн хүрээний дэмжлэг нь улс төрийн системийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй тул үүний янз бүрийн илрэлийг дэглэмүүдийн ялгаатай хэв маягийн хувьд харьцуулан судалсан байдаг. Өрнөдийн либерал улс төрийн үзлийн хувьд төр засаг нь улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд иргэдийн зөвшөөрлийг (consent) авах шаардлагатай юм. Тогтмол сонгууль явуулах нь иргэдийн зөвшөөрөл, тэднээс мандат авах нэг арга зам юм. Сонгуулиар иргэдийн дэмжлэг авч чадах боломжгүй улс төрчид, нам эвслүүд огцрох ёстой. Иймээс чөлөөтэй, шударга сонгуультай улс төрийн дэглэмүүд нь ардчилсан гэж тооцогддог бөгөөд чөлөөт, шударга сонгуульгүй ардчилсан бус дэглэмүүдээс илүү “легитим” гэж үзэгддэг. Гэвч олон нийтийн санаа бодлыг харьцуулсан судалгаанууд нь улс төрийн дэглэмийн дэмжлэгийн талаар нэгэн сонирхолтой тааврыг илрүүлсэн. Тухайлбал, зарим ардчилсан бус дэглэмүүд иргэддээ ардчилсан эрхийг олгодоггүй хэдий ч ардчилсан хөршүүдтэй нь харьцуулахад иргэдээсээ илүү их дэмжлэг авч чадаж байна(Chang, Chu, and Welsh 2013; Chu, Pan, and Wu 2015; Nathan 2020). Үүнийг тайлбарлахын тулд судлаачид гурван чиглэлийн судалгаа шинжилгээ боловсруулсан. Эхний онолын сургууль нь зарим ардчилсан улс орон бусад ардчилсан болон ардчилсан бус оронтой харьцуулахад дэглэмийн хувьд харьцангуй бага дэмжлэг авдаг нь шүүмжлэлт сэтгэлгээтэй иргэдээс (critical citizens) хамаардаг гэж тайлбарладаг (Norris 1999). Ардчиллын үнэт зүйл, зарчимд итгэдэг хүмүүс улс төрийн тогтолцоонд илүү шүүмжлэлтэй ханддаг ба энэ нь дэглэмийн дэмжлэгийн түвшин бага байхад нөлөөлдөг. Гэвч энэхүү онолын сургууль нь нэг чухал асуултад тайлбар өгч чадахгүй байна. Яагаад иргэдээ хүчирхийлэл, нухчин дарах заналхийлэл дор байлгадаг зарим ардчилсан бус дэглэмүүд иргэдээсээ илүү их дэмжлэг авч байна вэ?
Хоёр дахь онолын сургууль нь аливаа дэглэмийн легитим шинж чанар нь улс төрийн системийн “оролт” гэхээсээ илүү “гаралтын” үйл явцаар тодорхойлогдож тогтвортой хадгалагддаг гэж үздэг (Chu, Pan, and Wu 2015). Ардчилсан бус дэглэмүүд иргэддээ чөлөөт, шударга сонгуулиар дамжуулан сонголт хийх боломжийг олгохгүй ч эдийн засгийн сайн сайхан байдал, сайн засаглалыг амжилттай хүргэж байвал улс төрийн дэмжлэг нь өндөр байна. Үүний зэрэгцээ ард иргэдийн хяналт, ардчилсан төлөөллийг хангадаг институцийн зохион байгуулалт нь ардчилсан орнуудыг эдийн засгийн тааруу үзүүлэлт, муу засаглалаас сэргийлэх дархлаа болж чаддаггүй тул энэ нь иргэдийн дэмжлэг буурахад хүргэдэг. Гурав дахь онолын сургууль нь соёлын үүрэг рольд төвлөрдөг бөгөөд дэглэмийн легитим байдлын түвшин нь улс төрийн системийн үйл ажиллагаа болон иргэдийн нийтлэг улс төрийн хандлагаар дэмжигддэг гэж үздэг. Энэ соёлд тулгуурласан (culturalist) хандлага нь легитим шинж чанарын тухай Өрнөдийн үзэл баримтлалыг Зүүн Азийн улс төрд шууд тусган авч үзэх тал дээр шүүмжлэлтэй ханддаг (Chu 2013). Энэ хандлагаар бол зарим улс төрийн дэглэмүүд иргэдээсээ илүү өндөр дэмжлэг авдаг нь дуулгавартай захирагддаг иргэд олон байдагтай холбоотой. “Ази үнэт зүйлс” гэсэн хэлэлцүүлэг нь энэ хандлагын нэг чухал өргөтгөл буюу үргэлжлэл болдог. Люсиан Пай (Lucian Pye, 1985, 1999)-ийн үзснээр Зүүн Азид эцэг эхийн эрх мэдэл давамгайлсан болон дээдээс-доодоос гэсэн харилцаа оршсоор байх ба энэ нь нийгмийн эдийн засгийн модернизацийн явцад устаж арилахгүй. Мөн нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт нь хувь хүний тогтворгүй байдлын мэдрэмж үүсгэхээс гадна эрх мэдлээс хамаарах шинэ хэлбэрийг бий болгодог. Хантингтоны (Huntington, 1997) үзсэнээр Күнзийн сургааль нь хувь хүний эрх ашгаас илүү бүлгийн эрх ашгийг, хувь хүний эрх чөлөөнөөс илүү улс төрийн эрх мэдлийг, хувь хүний эрхээс илүү нийгмийн үүрэг хариуцлагыг дээдэлдэг. Түүнчлэн, Күнзийн сургааль нь нийгмийн зохицол (harmony), хамтын ажиллагааг чухалчилж, зөрчилдөөнөөс зайлсхийдэг, нийгмийн дэг журмыг сахиулахыг эрхэмлэдэг, зэрэг дэв бүхий (hierarchical) нийгмийн бүтэцтэй байхыг дэмждэг. Тиймээс, Күнзийн сургааль нь энэ бүс нутагт ардчиллын хөгжлийг дэмжихгүй гэж Хантингтон дүгнэсэн (Huntington, 1997). Гэсэн хэдий ч, авторитар дэглэмийн үедээ Күнзийн сургаалийг чухалчилж ирсэн Тайванийн улс төрийн хөгжил нь Күнзийн үзэл нь Өрнөдийн ардчилсан үнэт зүйлстэй зэрэгцэн орших боломжтойг, улмаар иргэдийн дэглэмийн дэмжлэгийг төлөвшүүлэхэд нөлөөлж болохыг харуулж байна.
Күнзийн сургааль ба энгийн иргэдийн улс төрийн үнэт зүйлсийн хоорондын хамаарлыг судалсан судалгаанууд нь Азийн олон оронд, ялангуяа хүйтэн дайны үеэр эдийн засгийн шинэчлэл хурдацтай өрнөсөн бүс нутагт, Күнзийн үнэт зүйлс нь иргэдийн дэглэмийн дэмжлэгийг тайлбарлахад чухал үүрэгтэй байж болохыг харуулж байна. Ту (Tu, 1996) “Күнзийн эрдэмтэн бөгөөд албаны хүн” гэдэг ойлголт нь Зүүн Азийн нийгмийн сэтгэлзүйн соёлын бүтцэд одоо ч үйлчилж байна гэж дурдсан байдаг. Шин (Shin, 2011) нь Күнзийн сургааль бүхий Зүүн Азийн орнуудын иргэд эцгийн эрхт меритократ засаглалд илүү ойр, эрх чөлөөнөөс илүү эдийн засгийн сайн сайхан байдлыг эрхэмлэдэг, ардчиллыг процедурын (procedural) биш утга агуулга (substantive) талаас ойлгодог болохыг харуулсан. Ши болон Лу (Shi and Lu, 2010) нарын судалгаагаар Хятадын иргэдийн хувьд “ардчилал” гэх ойлголт нь либерал ардчиллын үзэл суртлын хүрээнд тайлбарлагддаг утгатай нийцдэггүй бөгөөд харин Күнзийн үнэт зүйлс болсон “асран хамгаалагч төр”-ийн ойлголттой илүү нийцдэг болохыг тогтоожээ. Тодруулбал, олон хятад хүн “ардчиллыг” ард түмний төр засаг гэхээсээ илүүтэй “ард түмний төлөөх засаг” болон “шилдэг
элитийн засаг” гэж ойлгодог. Иймээс, өнөөгийн Хятадын засгийн газар нь ард түмний хэрэгцээг хангаж байгаа л бол жирийн иргэдийн нүдэнд ардчилсан, хууль ёсны гэж тооцогддог (Lu & Shi, 2014). Эдгээр судалгаа нь соёлын чиг баримжаат судалгааны хүрээнд дэглэмийн бодит легитим байдал нь энгийн иргэдийн хадгалан дээдэлж ирсэн уламжлалт үнэт зүйлстэй гүн холбоотой гэдгийг харуулж байна. Иймээс, Азийн олон улс орнууд Күнзийн үнэт зүйлсийн нөлөөнд автсан байдаг учраас бид энэ бүлэгт Күнзийн үнэт зүйлс нь дэглэмээ дэмжих иргэдийн хандлагыг тайлбарлах гол хүчин зүйл гэж үзэж байна.
Күнзийн улс төрийн үзлийн гол элементүүд
Энэ бүлэгт бид Күнзийн улс төрийн үзэлд (Chu, 2016) онцолсон дараах дөрвөн гол элементийг тодорхойлж байна: (1) Иргэдэд материаллаг сайн сайхан байдлыг хүргэхүй – үүнд эдийн засгийн хөгжил дэвшлийг бий болгох, үндсэн хэрэгцээг хангах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, хүний аюулгүй байдлыг хамгаалах зэрэг багтана. (2) Ард иргэдийн сэтгэлд нийцсэн, итгэлийг хүлээсэн хэрэгцээ шаардлагыг нь хангагч засаглал. (3) Иргэдийн итгэл, хүндлэлийг олсон найдвартай, итгэл даах төрийн удирдлага. (4) Ард иргэдээс эрхээ олж авсан засаглал нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг, хуулийг сахидаг, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалздаг, нийгмийн янз бүрийн
давхарга, гарал үүслээс үл хамаарч хүмүүстэй тэгш, шударгаар харьцдаг.
Күнзийн үзлийг Өрнөдийн либерал үзлээс ялгаж буй эдгээр дөрвөн элемент нь дэглэмийг дэмжих иргэдийн хандлагыг бүрэн тайлбарлахад хангалттай эсэхийг авч үзэхтэй холбогдоно. Күнзийн улс төрийн үзэлд онцолсон эдгээр элементүүд нь дэглэмийн хууль ёсны байдлыг тогтвортой хадгалахад чухал боловч, зарим нь эдгээрийг заавал байх ёстой, зайлшгүй шаардлагатай зүйлс биш гэж мэтгэлцэх
нь бий. Ялангуяа, Өрнөдийн либерал улс төрийн онол нь ардчилсан тогтолцооны дүрэм, үйл явцыг (жишээлбэл, өрсөлдөөнт сонгууль, засаглалын хуваарилалт) бүрдүүлж хэрэгжүүлэх нь Күнзийн онолд дурдсан дөрвөн элементээс ч илүү чухал гэж үзэх нь бий. Гэсэн ч, Күнзийн болон Өрнөдийн либерал үзэл нь дэглэмээ дэмжих иргэдийн хандлагын тухайд харилцан бие биенээ үгүйсгэж эсвэл зөрчилддөг гэсэн ойлголтыг бид энд дэвшүүлээгүйг онцлох нь зүйтэй. Мөн энэ бүлэгт дурдсан Күнзийн улс төрийн үзлийн элементүүд нь зөвхөн Күнзийн үзлээр хязгаарлахгүй юм. Дэлхийн бусад орнууд, ялангуяа Скандинавын орнууд ч бодлогын бодит үр дүн, засаглалын чанар, хамтын сайн сайхныг чухалчилдаг.
Энэхүү бүлгийн зорилго нь Күнзийн үзэл зонхилдог Азийн улс орнуудад иргэдийн улс төрийн үнэт зүйлс болон дэглэмийг дэмжих хандлагыг Күнзийн үзэл хэрхэн төлөвшүүлж буйг онцлон харуулах явдал юм. Күнзийн үзлийн нөлөөнд автаагүй бусад оронд ч дээрх элементүүдийг адилхан эрхэмлэдэг байж болно. Иймээс, Күнзийн ба Өрнөдийн либерал үзлүүд нь харилцан нөлөөлж, зарим тохиолдолд давхцаж, иргэдийн улс төр, соёлын үнэт зүйлс болон дэглэмийг дэмжих хандлагад зэрэгцэн нөлөөлж байдаг. Жишээлбэл, аль аль үзэл нь авлигатай тэмцэх, хуулийг сахин биелүүлдэг засаглал, иргэдэд шударга, тэгш хандах хандлагын ач холбогдлыг чухалчилдаг. Бид энэхүү асуудлыг эмпирик дүн шинжилгээний хэсэгтээ авч үзнэ. Дараагийн хэсэгт бид Азийн Барометрын хамгийн сүүлийн судалгааны мэдээллийг ашиглан 13 орны өгөгдөлд дүн шинжилгээ хийж Азид өрнөж буй дэглэмийн легитим байдлын талаарх мэтгэлцээнийг авч үзнэ. Бид иргэдийн дэглэмийг дэмжих хандлагыг судлахдаа жирийн иргэдийн байр суурь, үнэт зүйлсд төвлөрдөг. Учир нь улс төрийн легитим шинж нь ард түмний сэтгэл зүрхнээс урган гардаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны улс төрийн систем нь легитим эсэхийг дүгнэн шүүх эрх нь зөвхөн жирийн иргэдэд бий.
Эмпирик анализ
Күнзийн үзэл ба дэглэмийг дэмжих хандлагын талаарх онолоо шалгахын тулд бид 13 орныг хамарсан Азийн Барометрийн тав дахь шатны судалгааны мэдээллийг ашиглалаа. Үүнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Япон, БНСУ, Малайз, Монгол, Мьянмар, Филиппин, Тайвань, Тайланд болон Вьетнам багтсан болно. Дэглэмийг дэмжих хандлагыг хэмжихдээ бид оролцогчдоос өөрийн орны төрийн тогтолцооны давуу гэж үзэж буй зүйлс, бахархал, итгэлийг асуух дөрвөн асуултыг боловсруулсан. Үүнд, улс төрийн дэглэмээ дэмжих иргэдийн хандлагыг дараах дөрвөн асуултаар хэмжсэн: 1) Урт хугацаанд авч үзвэл, манай төрийн тогтолцоо улс орны тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадвартай; 2) Ерөнхийд нь хэлэхэд, би төрийн тогтолцоогоороо бахархдаг; 3) Манайх шиг тогтолцоо, асуудалд орсон ч гэсэн, ард иргэдийн дэмжлэгийг хүртэх эрхтэй; 4) Би өөр ямар ч төрийн
тогтолцооноос илүүтэйгээр одоогийн өөрийн орны тогтолцоонд амьдрахыг илүүд үзнэ. Эдгээр асуулт бүрийн хувьд оролцогчид мөн дөрвөн хувилбараас нэгийг сонгож хариулна: “бүрэн санал нийлж байна,” “зарим талаар санал нийлж байна,” “зарим талаар санал нийлэхгүй байна,” “огт санал нийлэхгүй байна.” Дэглэмийн легитим байдлын талаарх асуултуудад оролцогчдын өгсөн хариултад үндэслэн тухайн улсын иргэдийн хэдэн хувь нь хариулахдаа “бүрэн санал нийлж байна” эсвэл “ер нь санал нийлж байна” хэмээн хариулсныг тооцоолсон. Зураг 5.1-д улс орнуудын улс төрийн дэглэмийг дэмжиж буй иргэдийн тархалтыг харуулав. Зураг 5.1-с ерөнхий хандлагыг харвал бүрэн ардчилсан Зүүн Азийн дөрвөн улс болох Япон, БНСУ, Тайвань, Монголын дэглэмээ дэмжих иргэдийн хандлага харьцангуй доогуур байна. Харин Австралийн иргэд дээрх дөрвөн улсаас илүү өндөр дэмжлэгийн хувийг үзүүлж байна. Түүнчлэн авторитар эсвэл холимог дэглэм бүхий бусад улс орны иргэд ч дэглэмээ илүү ихээр дэмждэг байна. Ялангуяа Хятад, Филиппин, Вьетнамын иргэдийн дэмжлэг хамгийн өндөр хувьтай байгааг онцлох хэрэгтэй.
Зураг 5.1 Азийн орнууд дахь дэглэмийн дэмжлэг

Эх сурвалж: Азийн Барометрын судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Дэглэмийг дэмжих хандлагыг хэмжсэн дээрх дөрвөн асуултын хариултад үндэслэн бид судалгааны хүчин зүйлийн шинжилгээ (Exploratory Factor Analysis, EFA) ашиглан нийлмэл индекс боловсруулсан. Эдгээр дөрвөн асуултад зориулсан Кронбахын альфа статистик нь 0.81 байгаа нь тухайн асуултууд дэглэмийг дэмжих хандлагыг нийлбэрээр найдвартай хэмжиж байгааг илтгэнэ. Зураг 5.2-д улс орон
бүрийн дундаж оноог (mean) харуулсан. Зураг 5.2-н индексийг харахад БНСУ, Тайвань, Монгол, Япон, Малайзад дэглэмийг дэмжих үзүүлэлт сөрөг байгаа бол үлдсэн найман оронд энэ үзүүлэлт эерэг байна. Энэ ялгаатай дүр зураг нь таавар болоод буй дараах асуудлыг онцлож байна. Яагаад Хятад, Сингапур, Вьетнам зэрэг авторитар дэглэмтэй орнуудад өөрийн дэглэмээ дэмжиж буй иргэдийн үзүүлэлт өндөр байна вэ?
Өмнөх хэсэгт өгүүлсэнчлэн бид энэхүү сонирхолтой зөрүүтэй үзэгдэлд дараах байдлаар хариулж болох юм. Азийн орнуудад Күнзийн үзлийн үнэт зүйлс нь дэглэмийг өндөр хэмжээнд дэмжих байдлын тайлбар болж болох юм. Энэ хэсгийн үлдсэн хэсэгт бид Азийн 13 оронд хийсэн тав дахь шатны АБС-ны өгөгдөлд үндэслэн дэглэмийн дэмжлэг болон дэглэмийн хэрэгжилтийн онцлог, үзүүлэлтүүдийг Күнзийн болон Өрнөдийн либерал үзлээр онцолдог шалгууртай хэрхэн уялдаж байгааг судална. 1-рт, эдгээр 13 улсыг Күнзийн сургаалийг баримталдаг эсэхээр нь хоёр бүлэгт хуваалаа. Япон, Солонгос, Тайвань, Хятад, Вьетнамыг Күнзийн сургаальтай нийгэм гэж ангилсан. Үлдсэн найман улсыг “Бусад/Күнзийн бус” гэж ялгасан. 2-рт, судалгааны асуултуудыг аль үзлийн Күнзийн, Өрнөдийн либерал (эсвэл хоёулангаар нь) үнэ цэнийг илэрхийлж байгаа эсэхээр нь гурван ангилалд хуваалаа. Хүснэгт 5.1-д Күнзийн болон Өрнөдийн либерал үзлийн үнэт зүйлсийг нэгтгэн харуулж байна.
Зураг 5.2 Азийн орнууд дахь дэглэмийн дэмжлэг (the Mean Score – дундаж оноо)

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Хүснэгт 5.1 Күнзийн болон/эсвэл Өрнөдийн либерал үзлийн онцолдог үнэт зүйлс

Эх сурвалж: Зохиогчид боловсруулсан.
Бид улс төр, соёлын янз бүрийн үнэт зүйлсийг тусгасан асуултуудын хариултыг [-2, +2] шатлалтай, таван ялгаатай онооны түвшинд хөрвүүлэн кодлосон. Өндөр оноо нь тухайн үнэт зүйлтэй илүү санал нийлж байгааг илэрхийлнэ. Мөн “мэдэхгүй” гэх мэт төвийг сахисан хандлагыг 0-ээр илэрхийлсэн юм. Зураг 5.3– 5.4-д Күнз болон Өрнөдийн либерал үзлийн үнэт зүйлсийн талаарх оролцогчдын хариултын улс орнуудын дундаж оноог харууллаа. Тухайлбал, Зураг 5.3-д Күнзийн нөлөөтэй орнууд хүний аюулгүй байдал, төрийн үйлчилгээ, үндсэн хэрэгцээг хангах, байгууллагад итгэх итгэл зэрэг Күнзийн үнэт зүйлсийг илүү чухалчилдаг бол Күнзийн нөлөө багатай орнууд эдгээрийг бага үнэлэх хандлага ажиглагджээ. Харин Зураг 5.4-д Күнзийн нөлөөтэй орнууд иргэний эрх чөлөө, нийтийн эгэх хариуцлага, улс төрийн өрсөлдөөн, иргэдийн оролцоо зэрэг либерал үнэт зүйлсийг Күнзийн нөлөө багатай орнуудаас бага үнэлдэгийг харьцуулан харуулсан байна. Эдгээр үр дүн нь Күнзийн/Күнзийн бус нийгэм болон Күнзийн/Өрнөдийн либерал үнэт зүйлсийн ангилал гаднаасаа харахад төдийгүй дотоод логик, тууштай байдлын хувьд ч үндэслэлтэй болохыг харуулж байна.
Хүснэгт 5.1-д дурдсан гурван төрлийн үнэт зүйлс дээр тулгуурлан дэглэмийг дэмжих индексийг регрессийн шинжилгээнд хамруулсан. Энэхүү регрессийн загварыг Күнзийн нөлөөтэй болон нөлөөгүй орнуудын хоёр өөр түүвэрт тус тусад нь ашигласан юм. Мөн бид судалгаанд оролцогчдын хүн ам зүйн шинж чанар болон уламжлалт улс төрийн үнэт зүйлс, хамтач үзэл, эрх мэдлийг хүндэтгэх хандлага, зөрчилдөөнөөс зайлсхийх байдал, улс үндэстэндээ үнэнч байх зэрэг соёлын үнэт зүйлсийг ч мөн шинжилгээнд оруулсан.
Зураг 5.3 Азийн орнуудын Күнзийн үзлээр онцлогдсон үнэт зүйлс

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Зураг 5.4 Азийн орнуудын Өрнөдийн либерал үзлээр онцлогдсон үнэт зүйлс

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Хүснэгт 5.2-ийн 1 ба 2-р загварт тооцооллын үр дүнг үзүүлэв. Үр дүнгээс харахад Күнзийн үзлээр онцлогдсон үнэт зүйлс нь Күнзийн болон Күнзийн бус нийгмүүдийн аль алинд нь дэглэмийн дэмжлэгтэй эерэг хамааралтай байна. Түүнчлэн, зарим үнэт зүйлс буюу олон нийтийн үйлчилгээний хүртээмж, үндсэн хэрэгцээг хангах, институцийн итгэлийг Күнзийн нөлөөтэй орнууд илүү онцолж байна. Хамгийн чухал нь, Өрнөдийн либерал үзэлд онцолдог үнэт зүйлс болох хэвтээ эгэх хариуцлагын тогтолцоо (horizontal accountability), ил тод байдал, эрх чөлөөг хамгаалах, улс төрийн өрсөлдөөн, иргэдийн эрх мэдэл зэргийг Күнзийн сургаальтай орнуудын хувьд (1-р загвар) статистик ач холбогдолгүй гарсан байна. Харин эсрэгээрээ Күнзийн нөлөөгүй орнуудад (2-р загвар) хэвтээ эгэх хариуцлагын тогтолцоо болон эрх чөлөөг хамгаалах үнэт зүйлс нь статистик хамааралтай байна. Эдгээр үр дүн хоёр үндсэн дүгнэлтийг бий болгож байна. Нэгдүгээрт, Күнзийн сургаалийн үнэт зүйлс нь Күнзийн нөлөөтэй болон Күнзийн нөлөө багатай Азийн орнуудын аль алинд нь дэглэмийн легитим байдалд зайлшгүй чухал юм байна. Хоёрдугаарт, Өрнөдийн либерал үзлээр онцолдог үнэт зүйлс нь Күнзийн нөлөөтэй орнуудад иргэдийн дэглэмээ дэмжих хандлагад харьцангуй бага хамааралтай байна.
Энэ бүлэгт Күнзийн нөлөөтэй орон бүрийн иргэдийн дэглэмээ дэмжих хандлага болон Күнзийн үнэт зүйлсийн хоорондын хамаарлыг судаллаа. 3-аас 7-р загвар дээрх тооцооллын үр дүнг харууллаа. Тухайлбал, 3 болон 7-р загварын үр дүнгээс харахад Күнзийн сургаальд онцолдог бүх үнэт зүйлс статистикийн хувьд ач холбогдолтой гарсан ба Хятадын тухайд эдгээр үнэт зүйлс нь дэглэмийг нь дэмжих хамгийн хүчтэй хүчин зүйл болж байна. Мөн Күнзийн нөлөөтэй таван орны хувьд институцэд итгэх итгэл болон засгийн газрын хариу үйлдэл үзүүлэх чадварыг бүгд чухалчилдаг нь харагдаж байна. Түүнчлэн, Өрнөдийн либерал үзэлд онцолсон үнэт зүйлсийн ихэнх нь эдгээр Күнзийн нөлөөтэй орнуудад иргэдийн дэглэмээ дэмжих хандлагын хувьд статистик хамааралгүй байгааг тэмдэглэх нь
зүйтэй. Дүгнэж хэлбэл, Күнзийн нөлөөтэй Азийн орнуудад иргэдийн дэглэмээ дэмжих байдлыг бий болгоход Күнзийн үзлийн онцолдог улс төрийн итгэл, засгийн газрын хариуцлагатай байдал зэрэг үнэт зүйлс нь либерал үзэлд онцолдог үнэт зүйлсээс илүү чухал нөлөөтэй болохыг олж тогтоолоо.
Хүснэгт 5.2 Дэглэмийг дэмжих сурвалжууд, нийлмэл түүвэр (Азийн барометрийн тав дахь шатны судалгаа)



Дүгнэлт
Иргэд нь засгийн газраа түлхэн унагаах биш, харин дэмжихийг илүүд үзэж байвал тухайн улс төрийн дэглэм нь хүлээн зөвшөөрөгдсөн буюу легитим шинжтэй гэж үзнэ. Энэ бүлэгт бид Күнзийн сургаальд тусгагдсан үнэт зүйлсийг эрхэмлэдэг иргэд улс төрийн дэглэмээ илүү дэмжих хандлагатай гэж үзсэн болно. Хятад, Япон, Солонгос, Тайвань, Вьетнам зэрэг Күнзийн сургаальтай орнуудад энэ хамаарал илүү хүчтэй ажиглагдаж байна. Тодруулбал, институцид итгэх итгэл, засгийн газрын хариуцлагатай байдал зэрэг Күнзийн сургаалийн онцолсон үнэт зүйлс нь хариуцлага, улс төрийн өрсөлдөөн, эрх чөлөөг хамгаалах зэрэг Өрнөдийн либерал уламжлалын үнэт зүйлсээс илүүтэйгээр иргэдийн дэглэмээ дэмжих байдлыг тайлбарлаж байна. Эдгээр үр дүн нь Күнзийн улс төрийн онолын нийгэм, түүхэн ач холбогдол нь зөвхөн Күнзийн нөлөөтэй орнуудаар хязгаарлагдахгүй, Күнзийн нөлөөгүй Азийн орнуудад ч хамаатай болохыг харуулж байна. Гэхдээ Өрнөдийн либерал үзэл Азид иргэдийн дэглэмээ дэмжих байдлыг тайлбарлахад тохирохгүй гэж маргах зорилгогүй бөгөөд Күнзийн сургааль нь Өрнөдийн үзлийг орлох ёстой гэж ч үзээгүй. Харин ч эсрэгээрээ иргэдийн улс төрийн үнэт зүйлс ба хандлагыг тайлбарлахад эл хоёр үзэл харилцан бие биенээ нөхөх үүрэгтэй гэж үзэж байна. Өрнөдийн либерал үзэл нь улс төрийн системийн “оролт” ба “үйл явц”-ыг чухалчилдаг бол, Күнзийн сургааль нь “гаралт” ба “бодит үр дүн”-г онцолдог (Chu, Pan, and Wu 2015). Энэ бүлэгт авч үзсэн Күнзийн үнэт зүйлс, ялангуяа иргэдийн хамтын сайн сайхныг эрхэмлэх үзэл нь зөвхөн Күнзийн сургаалиар хязгаарлагдахгүй, барууны зарим бүс нутагт ч түгээмэл байдаг. Жишээлбэл, Скандинавын орнууд засаглалын чанар болон ардчиллын бодит үр өлөөг онцлон үздэг. Энэ бүлгийн дүгнэлтийн хувьд зөвхөн Азийн улс орнуудад дэглэмийн легитим байдлын соёлын үндсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, хувь хүний сайн сайхнаас илүү хамтын сайн сайхныг чухалчилдаг Күнзийн сургаальтай төстэй үнэт зүйлс бүхий бусад орныг судлахад ч мөн цаашид ашиглаж болох юм.
Талархал
Энэ бүлгийг Chu, Yun-han-ны “Sources of Regime Legitimacy in Confucian Societies” хэмээх өгүүллийг үндэслэн шинэчлэн найруулсан болно (Journal of Chinese Governance 1, №2, 2016: 195–213). Зохиогчид Азийн Барометрын тав дахь шатны судалгааны өгөгдлийг ашиглан эмпирик хэсгийг шинэчилсэн юм.
Ном зүй
- Chang, Alex, Yun-han Chu, and Bridget Welsh. 2013. “Southeast Asia: Sources
of Regime Support.” Journal of Democracy 24 (2): 150-164. - Chu, Yun-han. 2013. “Sources of Regime Legitimacy and the Debate over the
Chinese Model.” China Review 13 (1): 1-42. - —. 2016. “Sources of Regime Legitimacy in Confucian Societies.” Journal of
Chinese Governance 1 (2): 195-213. doi:10.1080/23812346.2016.1172402. - Chu, Yun-han, Hsin-hsin Pan, and Wen-chin Wu. 2015. “Regime Legitimacy in
East Asia: Why Non-democratic States Fare Better Than Democracies.” Global
Asia 10 (3): 98-105. - Easton, David. 1975. “A Re-assessment of the Concept of Political Support.”
British Journal of Political Science 5 (4): 435-457. - Gilley, Bruce. 2006. “The Meaning and Measure of State Legitimacy: Results for
72 Countries.” European Journal of Political Research 45 (3): 499-525. doi:10.1111/
j.1475-6765.2006.00307.x. - Huntington, Samuel P. 1997. “After Twenty Years: The Future of the Third
Wave.” Journal of Democracy 8 (4): 3-12. - Lipset, Seymour Martin. 1959. “Some Social Requisites of Democracy: Economic
Development and Political Legitimacy.” American Political Science Review 53 (1):
69-105. doi:10.2307/1951731. - Lu, Jie, and Tianjian Shi. 2014. “The Battle of Ideas and Discourses
Before Democratic Transition: Different Democratic Conceptions in
Authoritarian China.” International Political Science Review 36 (1): 20-41.
doi:10.1177/0192512114551304. - Nathan, Andrew J. 2020. “The Puzzle of Authoritarian Legitimacy.” Journal of
Democracy 31 (1): 158-168. - Norris, Pippa. 1999. Critical Citizens: Global Support for Democratic Government.
New York: Oxford University Press. - Pye, Lucian W. 1985. Asian Power and Politics: The Cultural Dimensions of
Authority. Cambridge, Massachusetts: Harvard University Press. - —. 1999. “Civility, Social Capital, and Civil Society: Three Powerful Concepts
for Explaining Asia.” Journal of Interdisciplinary History 29 (4): 763-782. - Shi, Tianjian, and Jie Lu. 2010. “The Meanings of Democracy: The Shadow of
Confucianism.” Journal of Democracy 21 (4): 123-130. - Shin, Doh Chull. 2011. Confucianism and Democratization in East Asia. New
York: Cambridge University Press. - Tu, Weiming, ed. 1996. Confucian Traditions in East Asian Modernity: Moral
Education and Economic Culture in Japan and the Four Mini-Dragons. Cambridge,
Massachusetts: Harvard University Press.
- Yun-han Chu was Distinguished Research Fellow in the Institute of Political Science at Academia Sinica
and Professor of Political Science at National Taiwan University. He was the founder of the Asian
Barometer Survey and specialized in the politics of Greater China, East Asian political economy, and
democratization. He was the Coordinator of the Asian Barometer Survey, regional network of survey
on democracy, governance, and development, covering more than eighteen Asian countries. He also
served on the editorial board of the Journal of Democracy, China Review, Journal of Contemporary
China, International Studies Perspectives, Journal of Chinese Political Studies, China Perspective, China:
An International Journal, and Journal of East Asian Studies. He was the author, coauthor, editor, and
coeditor of seventeen books.
Wen-chin Wu is an Associate Research Fellow of the Institute of Political Science at Academia Sinica
(IPSAS), Taiwan. His research focuses on comparative and international political economy, comparative
authoritarianism, and Chinese politics. Dr. Wu has published in Democratization, International Studies
Quarterly, Journal of Contemporary China, Political Communication, among others. ↩︎
