Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Архив > Шинэ толь №86 > ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

Academy edu.mn
Нийтэлсэн 2025-11-22
Хуваалцах
28 min унших
Хуваалцах

Loading

Эрик Ч. Ч. Чанг ба Юун-хан Чу1

Авлига нь дэлхий дахинд хамгийн хор хөнөөлтэй боловч шийдэгдээгүй асуудлын нэгд тооцогддог бөгөөд ноцтой үр дагавраас нь шалтгаалан янз бүрийн салбарт олон маргаан өрнүүлсээр байна2. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин зэрэг Азийн ихэнх улс орны дайны дараах түүх авлигын дуулиант хэргээр баялаг тул Ази дахь авлигыг ойлгохын ач холбогдол улам бүр хурцаар тавигдаж байна.

Чан ба Чу (Chang and Chu 2006) нарын бүтээл нь улс төрийн авлигын талаарх иргэдийн ойлголт болон Азийн ардчилсан орнууд дахь институцийн итгэлцлийн хоорондын хамаарлыг судлах анхны эмпирик хүчин чармайлтын нэг юм. Чан, Чу хоёр Азийн барометрийн эхний судалгааг ашиглан улс төрийн авлига нь институцийн итгэлцлийг ихээхэн алдагдуулж байгааг олж тогтоожээ. Тэд мөн улс төрийн соёл, сонгуулийн улс төрийн талаарх уламжлалт үзлийг няцааж, эдгээр нөхцөл байдлын хүчин зүйлүүд авлига-итгэлцлийн уялдаа холбоонд бага нөлөөлдөг болохыг харуулж байна. Хамгийн гол нь тэдний дүгнэлт авлига, итгэлцэл хоёрын харилцан хамаарлыг үгүйсгэж байна.

Энэхүү богино хэмжээний ажлын зорилго нь Азийн ардчилсан орнууд дахь улс төрийн авлига ба институцийн итгэлцлийн хоорондын хамаарлын талаарх Чан, Чу (2006) нарын судалгаатай дахин танилцах явдал юм. Бид эхлээд ном зохиолд улс төрийн авлигыг хэрхэн ойлгож, тодорхойлж байгаагаа товч тоймлон үзэх болно. Дараа нь бид АБС авлигын талаарх иргэдийн ойлголтыг хэрхэн хөнддөг талаар ярилцаж, Азийн ардчилсан орнуудын авлигын талаарх ойлголтын динамик өөрчлөлтийг эхний болон хамгийн сүүлийн үеийн (тав дахь судалгаа) хооронд харьцуулах болно. Эцэст нь бид өмнөх судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж(Chang and Chu 2006), АБС-ны хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нэмж шинэчлэх болно.

Авлигыг тодорхойлох нь

Транспэрэнси Интернэшнл (TI) байгууллагын мэдээлснээр авлига нь ихэвчлэн “итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах” гэж тодорхойлогддог бөгөөд нийгэмд хорт хавдар гэж үздэг3. Гэсэн хэдий ч энэхүү энгийн тодорхойлолтын цаана 2000 гаруй жилийн түүхтэй улс төрийн авлигын мөн чанарын талаарх урт удаан хугацааны эрдэм шинжилгээний мэтгэлцээн оршдог. Хамгийн чухал нь авлигын талаарх эрдэмтдийн үзэл баримтлал нь бүхэл бүтэн нийгмийн ёс суртахууны доройтлоос эхлэн эрх баригчид өөрсөддөө үйлчилдэг гажуудсан зан үйл хүртэл шилжсэнд оршино (Gardiner 2002; Warren 2004). Үүнтэй адил Жонстон (Johnston 1991, 2001) авлигын тухай ойлголт үүссэн түүхэн үйл явц нь маш зөрчилдөөнтэй бөгөөд улс төрийн олон хүчин, ашиг сонирхлын зөрчилдөөнөөр тодорхойлогддог гэж үздэг.

Эдгээр динамик, зөрчилдөөнтэй үйл явцаар нөхцөлдсөн орчин үеийн ойлголтоор бол авлига нь эд баялаг, эрх мэдлийн хоорондын харилцааны гол цөмд байдаг улс төрийн эмгэг гэж үздэг (Friedrich 1966; Johnston 2001) ба олон эрдэмтэд авлигыг өөр өөр өнцгөөс тодорхойлохыг оролдсон юм (Gardner 2002). Эдгээрт дараах тодорхойлолт багтана: төрийн албан тушаалтан, тэдний улс төрийн эрх мэдэлд чиглэсэн төрийн албаны тодорхойлолт (public office definition); төрийн үүргийн бодит жишиг болох албан ёсны хуулиудад тулгуурласан эрх зүйн тодорхойлолт (legal definition), тухайн үйлдлийг олон нийтэд болон түүний ашиг сонирхолд хохирол учруулсан бол авлигад тооцсон нийтийн ашиг сонирхлын тодорхойлолт (public interest definition); мөн тухайн үйлдэл нь авлигатай эсэхийг тогтоох үүргийг олон нийтэд өгдөг олон нийтийн санаа бодлын тодорхойлолт (public opinion defintition). Гэсэн хэдий ч улс төрийн авлигыг хэрхэн хамгийн сайн тодорхойлох тухай маргаан шийдэгдээгүй хэвээр байна. Жишээлбэл, ерөнхийдөө авлига нь төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах явдал гэдгийг ихэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг ч ямар шалгуураар аливаа үйлдлийг урвуулан ашигласан гэж үзэх нь тодорхой бус байдаг. Төрийн албаны үүрэг, хувийн ашиг орлого гэж тооцогдох зүйлүүд ч мөн адил маргаантай байдаг (Johnston 2001; Kurer 2005). Товчхондоо, харамсалтай нь хэн ч эдгээр ойлгомжгүй байдлыг бүрэн тодруулж чадаагүй байна. Тиймээс бид авлигын талаар хэд хэдэн хэсэгчилсэн, маргаантай тодорхойлолттой үлдэж байгаа бөгөөд тэдгээр нь үзэл баримтлалын хувьд нарийн бөгөөд эмпирик байдлаар хэрэгжих боломжгүй аж (Johnston 1991). Филп (Philp 1997, 446) “улс төрийн авлигын нэг мөр тогтсон тодорхойлолт нь угаасаа төөрөгдүүлдэг” гэсэн дүгнэлтэд хүрч байна4.

Эдгээр асуудлыг хүлээн зөвшөөрч, улс төрийн авлига нь дараах үндсэн шинж чанаруудыг агуулна гэдгийг бид санал болгож байна. Нэгдүгээрт, хамгийн суурь түвшинд, улс төрийн авлига нь төрийн албан тушаалтнуудын улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх явдалтай холбоотой юм. “Бүх эрх мэдэл авлигад автдаг, туйлын эрх мэдэл нь хязгааргүй авлигад автдаг” гэсэн алдарт үгээр Актон (Acton) улс төрийн эрх мэдэл нь улс төрийн авлигын гол цөм нь байгааг харуулсан. Индонезийн Сухартогийн хэрэг дээр дурдсанчлан хөрөнгө шамшигдуулах нь ердийн жишээ юм. Улс төрийн эрх мэдлийг онцолсноор авлигыг компанийн луйвар, бизнесийн хулгай зэрэг хувийн хэвшилд тохиолддог бусад ёс зүйгүй эсвэл бүр хууль бус үлйдлээс ялгах боломжийг бидэнд олгодог. Хамаарч буй төрийн эрх мэдлийн түвшингээс хамааран бид авлигыг үндэсний хэмжээний авлига, орон нутгийн түвшний авлига гэж ялгаж болно. Эхнийх нь том бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнуудын (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын, парламетын гишүүн гэх мэт) хоорондын тайзны цаадах тохиролцоог хэлнэ5. Харин орон нутгийн түвшин гэдэг нь засаг захиргааны тэр түвшний төрийн албан хаагчид авлигад орооцолдсоныг илэрхийлнэ.

Бүр тодруулбал, энэ нь улс төрийн эрх мэдэл өөрөө биш харин авлигад хүргэдэг эрх мэдлийн тэгш бус эсвэл монополь байдал юм. Үнэн хэрэгтээ улс төрийн авлигын зах зээлийг бий болгож байгаа нь төрийн баялгийн хуваарилалтад төрийн монополь тогтсонтой холбоотой гэдгийг олон нийтийн сонголтын сургууль (public choice school) зүй ёсоор нотолж байна.6 Үндсэндээ хээл хахууль авагчийн өнцгөөс харвал, хэн нэгэн биш, харин албан тушаалтан нь төрийн үйлчилгээ үзүүлдэг учраас хүссэн зүйлсээ өөртөө авахын тулд хээл хахуульд оролцоход бэлэн байдаг (Gambetta 200).

Дээрх санааг өргөтгөөд авлигын хоёр дахь гол шинж чанар нь авлига нь нөөц баялгийг хүртэх хүсэлтэй этгээдүүд болон тэдгээр нөөцийг хянадаг улс төрийн албан тушаалтнуудын хооронд материаллаг ашиг тус, улс төрийн ашиг сонирхлыг хууль бусаар солилцох явдал гэдгийг бид санал болгож байна. Авлигын ердийн хэлбэр нь хээл хахууль (bribery) бөгөөд хээл хахууль өгөгч нь хууль бус төлбөр санал болгож, харин төрийн албан тушаалтнууд дүрмийг зөрчихөд нүдээ аниадагт оршино. Үнэн хэрэгтээ олон оронд авлигын гол хэлбэр нь хээл хахууль байж магадгүй гэж Жонстон (Johnston 2005)үздэг. Тэр ч байтугай хээл хахуулийг “авлигын бодит синоним” гэж нэрлэдэг. Үүний нэгэн адил Порта, Ваннуччи (Porta and Vannucci 1999) нар улс төрийн авлигыг улс төрийн зах зээл дээрх далд, хууль бус солилцооны нэг хэлбэр гэж үздэг бөгөөд хээл хахууль өгөгч болон төрийн албан тушаалтнууд өмчийн эрхийн хууль эрх зүйн бүтцийг гажуудуулах, төрийн баялгийг өөрсдөдөө ашигтайгаар хуваарилах зорилгоор хоорондоо тохиролцоход оршино гэжээ. Авлигын өөр нэг түгээмэл хэлбэр бол дарамтлан мөнгө нэхэх (extortion) явдал бөгөөд албан тушаалтнууд хууль бусаар өөрсдөө санаачлан төлбөр, шан харамж нэхэмжлэхийг эс тооцвол хээл хахуультай яг ижил шинж чанартай байдаг. Ван Клаверен (Van Klaveren 2002) үүний хүнд үр дагаврын талаар дуугарч, авлигыг “төрийн албан тушаалыг өөрийн бизнес гэж үзэж, орлогоо аль болох нэмэгдүүлэхийг эрмэлздэг” үзэгдэл гэж үзсэн байна.

Авлигын үйлдэл болон зах зээлийн харилцаа хоёр үзэл баримтлалын хувьд ижил төстэй байдгаас үл хамааран энэ хоёрын хооронд нэг чухал ялгаа бий: зах зээлийн харилцаа нь Паретогийн (Pareto) үр ашигтай байдалд хүргэдэг бол авлига нь энгийн иргэдэд ихээхэн хор хөнөөлтэй сөрөг нөлөөллийг бий болгодог. Хамгийн чухал нь жирийн иргэд зүгээр л гэм зэмгүй хөндлөнгийн хүмүүс биш, харин тэд улс төрийн хууль ёсны эрх мэдлийн эх сурвалж болдог. Гамбетта (Gambetta 2002) энгийнээр тайлбарласнаар авлигын ердийн тохиолдол нь иргэдээс итгэмжлэгдсэн төрийн албан тушаалтны үйлдэх ёсгүй үйлдэл хээл хахууль өгөгчөөс хүссэн үед тохиолддог. Өөрөөр хэлбэл, улс төрийн авлигын гурав дахь гол шинж чанар нь төрийн албан хаагчид хууль бус үйлдлээрээ иргэдийн бүрэн эрхээс санаатайгаар урвадаг явдал юм.

Энгийн хэллэгээр бол хээл хахууль өгөгч ба албан тушаалтан хоёр хамтраад иргэнийг хуурч мэхэлснээр авлига бий болдог. Ялангуяа сонгогчид (зарчмууд) болон сонгогдсон албан тушаалтнууд (агентууд) хоорондын харилцааг загварчилсан “зарчим-агентийн” харилцааг ашиглавал авлига нь хувиа хичээсэн улстөрчид сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ажиллахын оронд өөрт нь итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашигласан зориудын эсэргүүцэгч оппортунизм, ёс суртахууны аюулт асуудал гэж үзэж болно. Үндсэндээ, улс төрийн авлига гэдэг нь төрийн албан хаагчид болон хээл хахууль өгөгчдийн хооронд зориудаар тохиролцсон, жирийн иргэдийг хохироож бие биедээ ашиг олох нэг хэлбэр юм.

Товчхондоо, аль ч тодорхойлолт авлигын нарийн төвөгтэй байдал, онцлогийг бүрэн илэрхийлж чадахгүй ч бид эрх мэдлийн тэгш бус байдлын илрэл, материаллаг ашиг ба улс төрийн ашиг тусын хоорондох хууль бус хамаарал, олон нийтийн итгэл найдвараас санаатайгаар урвах зэрэг улс төрийн авлигын зарим гол шинж чанаруудыг тодорхойлж чадна7. Одоо байгаа судалгааг өргөжүүлэн, энэ бүлэгт авлигыг үйл хөдлөл, харилцаа утгаар авч үзэн хөрөнгө шамшигдуулах, хээл хахууль авах, дарамтлах зэрэг нь авлигын гол хэлбэр гэж дүгнэж байна. Авлигын бусад төрөлд хамаатан садандаа давуу байдал олгох (nepotism) (мэргэжлийн ур чадварт бус харин төрөл төрөгсөд эсвэл нийгмийн хэлхээ холбоонд тулгуурлан төрийн албан тушаалд томилогдох), хууль тогтоох болон захиргааны түвшинд ашиг сонирхлын зөрчилтэй байх (хэрэгжүүлж буй бодлогын шийдвэрт хувийн сонирхлын оролцоотой байх), сонгуулийн луйвар хийх (санал худалдаж авах, айлган сүрдүүлэх замаар сонгуулийн үр дүнг өөрчлөх) зэрэг орно8.

AБС-ны хүрээнд авлигыг хэмжихүй

Хууль бус, нууцлагдмал шинж чанартай учраас авлигыг ажиглахад туйлын хэцүү байдаг. Фишман ба Голдэн (Fisman and Golden 2017) нарын дэвгүүлж байгаагаар бол авлигын үйлдэлд оролцогчид нотлох баримтыг нуун дарагдуулахын тулд үргэлж нэмэлт арга хэмжээ авдаг. Тэд бэлэн мөнгийг илүүд үздэг бөгөөд эл үйлдлийн дэлгэрэнгүй мэдээллийг цаасан дээр үлдээдэггүй, эсвэл шаардлагатай үед нуугдмал компаниуд болон оффшор дансуудыг ашигладаг. Улмаар улс төрийн авлигыг хэрхэн үр дүнтэй хэмжих нь эрдэмтдийн хувьд олон арван жилийн турш туйлын сорилт болоод байна. Эрт үеийн судалгаанууд нь хэвлэлийн мэдээ, шүүхийн бүртгэл гэх мэт “зугаатай” материалд тулгуурласан байдаг. Харин эдгээр материалууд нь авлигын талаарх мэдээллийн хагас дутуу, бүрэн бус эх сурвалж юм. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь таамаглал эсвэл ташаа мэдээлэлд үндэслэсэн байж болох тул үнэн зөв байдаггүй. Тэд мөн улс төрийн болон арилжааны зарим далд нөлөөллийн улмаас өрөөсгөл байж болно. Шүүхийн бүртгэл нь ялын асуудалд голлон анхаарч, прокурорын шүүсэн брдит хэргүүдийг оруулдаггүй тул асуудалтай байж болно. Тэд мөн прокурорын идэвх зүтгэл, нөөц бололцоо, шүүхийн шударга байдал, үр ашигтай байдал, төр дэх шүүхийн тэргүүлэх чиглэл, тэр ч байтугай шүүхийн салбар дахь намчирхсан байдал (Chang and Golden 2007; Dincer and Johnston 2017) зэрэг олон эргэлзээ төрүүлэх хүчин зүйлээс үүдэн бэрхшээлтэй байж болно. Хамгийн чухал нь, авлигатай холбоотой гэгддэг буурай хөгжилтэй эсвэл авторитар дэглэмтэй орнуудад хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдлын түвшин буюу эдгээр хэмжүүрүүдийн хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл нь нэлээд хязгаарлагдмал байж болно. Өөрөөр хэлбэл, найдвартай хэмжилт хийх шаардлагатай улс орнуудад эдгээр хэмжилт нь харин найдвартай биш байж болно.

Эдгээр уламжлалт аргуудын хязгаарлагдсан байдлыг харгалзан одоогийн ихэнх судалгаанууд авлигыг хэмжих судалгааг ашиглах болсон хийгээд АБС нь Азийн улс орнуудын улс төрийн авлигын талаарх бидний ойлголтыг олж авах хүчирхэг эмпирик хөшүүрэг болж байна. Тухайлбал, энэ нь судлаачдад улс төрийн авлигын янз бүрийн хэлбэрт шууд нэвтрэх боломжийг олгодог хэд хэдэн зүйлийг санал болгож байна. Үүнд, үндэсний хэмжээнд авлигын талаарх иргэдийн ойлголтыг бодитой болгохын тулд АБС нь үндэсний төр засгийн түвшинд авлига, хээл хахууль хэр өргөн тархсан талаар судалгаанд оролцогчдоос асуужээ. Үүний зэрэгцээ, орон нутгийн хэмжээнд мөн авлигын талаарх иргэдийн ойлголтыг хэмжихийн тулд АБС нь орон нутаг/хотын захиргаанд авлига, хээл хахууль хэр өргөн тархсан талаар судалгаанд оролцогчдоос асууж байна. Зүйл бүрийг 1-4 гэсэн хэмжүүрээр оноодог бөгөөд 1 нь “бүх хүн авлига авдаг”, 4 нь “ бараг тийм хүн байхгүй” гэсэн утгыг илэрхийлнэ. Эцэст нь, АБС авлигын талаарх ойлголтоос гадна иргэдийн авлигатай холбоотой бодит жишээг судалж, “Та болон таны таньдаг хэн нэгэн улстөрч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн албан хаагчийн авлига, хээл хахуулийн үйлдлийн биечлэн гэрч болж байсан уу?” гэж асуудаг. Хэрэв респондент “тийм” гэж хариулсан бол хоёртын хариултыг 1 гэж кодлодог.

Чанг ба Чу (Chang and Chu 2006) нарын дагуу бид авлигын талаарх иргэдийн ойлголтыг онцлон анхаардаг. Хүснэгт 10.1-д Азийн ардчилсан 10 оронд үндэсний төр засгийн түвшний ихэнх албан тушаалтнууд эсвэл бараг бүгдээрээ авлигад идэгдсэн гэж үздэг судалгаанд оролцогчдын хувийг хүснэгтэд үзүүлэв. Хэд хэдэн сонирхолтой ажиглалтууд байна. Нэгдүгээрт, эхний ээлжинд Азийн ардчилсан эдгээр арван орны дээд түвшин дэх авлигын талаарх иргэдийн ойлголт янз бүр байгаа мэт харагдаж байна: Австралийн иргэдийн тавны нэг хүрэхгүй хувь нь үндэсний төр засгаа авлигад идэгдсэн гэж үздэг бол Монголын иргэдийн 80 гаруй хувь нь тийм гэж боддог. Хоёрдугаарт, иргэдийн авлигын талаарх ойлголт мэргэжилтнүүдийн дүгнэлттэй яг таарч байна. Хүснэгт 10.1-ийн хоёр дахь эгнээнд Транспэрэнси Интернэшнл (ТИ) байгууллагаас нийтэлсэн 2019 оны Авлигын төсөөллийн индексийг (АТИ) оруулсан бөгөөд АБС болон АТИ-ийн авлигын төсөөлөл нь Тайвань, Тайландын тохиолдлыг эс тооцвол нэлээд хэмжээнд хамааралтай болохыг харуулж байна.9 Эдгээр хоёр ердийн биш тохиолдлыг хэрхэн тооцох талаар нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлагатай. Гэсэн хэдий ч Тайландад популизм нэмэгдэж, Тайвань дахь намуудын дэмжигчдийн хүчтэй хуваагдал нь энэ хоёр улсын авлигын талаарх иргэдийн ойлголт, шинжээчдийн үнэлгээний хоорондын зөрүүний бага ч гэсэн тайлбар болж чадна гэж таамаглаж болно. Эцэст нь хэлэхэд, хэрэв бид АБС-ны тав дахь судалгааны үеийн авлигын талаарх иргэдийн ойлголтыг эхний судалгаатай харьцуулбал Япон, Филиппиний иргэд үндэсний төр засгийн түвшинд авлигын байдал сайжирч байгааг харж болох бол Азийн бусад ардчилсан орнуудын (Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань) иргэд авлигын нөхцөл яльгүй өөрчлөгдсөн гэж харж байна. Үнэн хэрэгтээ Тайванийн иргэд үндэсний төр засгийн улс төрийн авлига улам дордсон гэж үздэг. Орон нутгийн түвшний авлигад анхаарлаа хандуулбал, Хүснэгт 10.2 нь орон нутгийн түвшний авлигын дүр зураг нь үндэсний түвшнийхтэй адил байгааг харуулж байна.

Хүснэгт 10.1 Азийн ардчилсан улсууд дахь үндэсний түвшний улс төрийн авлига

Хүснэгт 10.2 Азийн ардчилсан улсууд дахь орон нутгийн түвшний улс төрийн авлига

Азийн ардчилсан орнууд дахь улс төрийн авлига ба институцид итгэх итгэл

Авлига нь итгэлцэлд шууд халдсан үзэгдэл юм. Роуз-Акерман, Палифка (Rose-Ackerman and Palifka 2016) нар энэ санааг давтаж, ТИ-ийн авлигын тодорхойлолтын гол санаа нь үл итгэл хүлээх эрх мэдэл гэж үздэг. Төрийн албан хаагчид итгэмжлэгдсэн эрх мэдлээ зориудаар урвуулан ашиглаж, төрийн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд бүрэн эрх нь сэвтэж, итгэлцлийн харилцаа алдагддаг. Хамгийн сонирхолтой нь, Гамбетта (Gambetta 2002) сонгогчид болон төрийн албан хаагчдын хоорондын итгэлцлийн харилцаа нь авлигачдад хүсч буй нөөцийг хуваарилах эрх мэдлийг тэдэнд өгдөг гэж үздэг. Хэрэв энэ итгэлцлийн харилцаа анхнаасаа байхгүй байсан бол төрийн албан хаагчидад авлигын үйлдэл үйлдэх эрх мэдэл, боломж ч байхгүй байх байсан. Гэтэл төрийн албан хаагчид хууль бус үйлдэл хийснээрээ иргэдийн итгэлээс урваж байна. 2006, 2014 онд Тайландад болсон төрийн эргэлт, Тайвань, Өмнөд Солонгост болсон олон нийтийн жагсаал нь иргэд авлигад идэгдсэн улстөрчдөдөө итгэх итгэлээ хэрхэн алдаж болдгийн тод жишээг харууллаа.

Чан, Чу нар ерөнхийдөө улс төрийн авлига нь институцид итгэх иргэдийн итгэлийг бууруулж, Азийн залуу ардчиллын нягтралыг харилцан уялдаатай гурван түвшинд алдагдуулдаг гэж үздэг. Нэгт, хандлагын түвшинд (attitudinal) авлига нь ардчиллын үндсэн зарчмыг зөрчиж, улмаар улс төрийн институцид итгэх иргэдийн итгэлийг бууруулдаг. Жишээлбэл, авлигын замаар төлөөс төлдөг иргэд л төрийн үйлчилгээг авах боломжтой болдог тул авлига нь улс төрийн тэгш байдлын тухай ойлголтыг алдагдуулж байна. Хоёрт, институцийн (institutional) түвшинд авлига нь улс төрийн институциудын хөгжилд саад учруулдаг, учир нь ашиг олох боломж гардаг тул улс төрийн институцийг сонирхлыг нэгтгэх бус харин тэр боломжийн эрэлд чиглэсэн сонгуулийн машин болгон хувиргадаг. Үүний үр дагаварт жирийн иргэд бодлого боловсруулах үйл явцаас хөндийрч, ардчиллын зарчимд тууштай хандахаа больж эхлэнэ. Эцэст нь, бодлогын үр дүнгийн (policy outcomes) түвшинд авлига нь төр засгийн үйл ажиллагааг улам дордуулж, олон нийтийн эрэлт хэрэгцээг хангах чадварыг нь бууруулдаг. Улмаар иргэд үр ашиггүй төрийн ажилд илүү их мөнгө төлөхөд хүрч, ардчилсан төрд итгэх итгэлээ алддаг.

Энд бид Чан, Чу нарын (2006) хийсэн гол дүгнэлтийг АБС-ны судалгааны тав дахь давтамжид тулгуурлан үргэлжлүүлж байна. Зөвхөн Зүүн Азийн ардчилсан таван орныг (Япон, Филиппин, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань) хамарсан эхний судалгаатай харьцуулахад тав дахь судалгаа нь Азийн таван ардчиллыг (Австрали, Энэтхэг, Индонез, Малайз, Монгол) нэмж хамарч байна. Үндсэндээ тав дахь судалгаа нь Зүүн Азиас гадна Өмнөд Ази, Далайн орнуудад хамрах хүрээгээ үр дүнтэйгээр өргөжүүлсэн. Мөн эхний судалгаа 2001-2003 онд хийгдсэн бол тав дахь нь тун саяхан дууссан юм. Тиймээс 20 орчим жилийн дараа улс төрийн авлига, институцийн итгэлцлийн динамик харилцаа өөрчлөгдсөн эсэхийг харах сонирхолтой байх болно.

Чан, Чу хоёрын дүгнэлтийн дагуу энд хамааралтай хувьсагч нь институцид итгэх иргэдийн итгэл юм. Эхний судалгаанд ерөнхийлөгчийн засаглал (эсвэл парламентын тогтолцооны ерөнхий сайд), шүүх, засгийн газар, улс төрийн намууд, парламент, нийтийн алба, цэрэг, цагдаа, орон нутгийн засаг захиргаа зэрэг улс төрийн байгууллагуудад иргэд хэр итгэж байгаа тухай асуултыг оруулсан. Зүйл бүрийг 1-6 гэсэн хэмжүүрээр үнэлдэг бөгөөд 1 нь “огт итгэдэггүй”, 6 нь “бүрэн итгэдэг” гэсэн утгыг илэрхийлдэг. Бид хувь хүний онооны дунджийг авч, байгууллагын итгэлцлийн нийлмэл хувьсагчийг бий болгодог.

Бие даасан гол хувьсагч нь өмнө дурдсанчлан авлигын талаарх иргэдийн төсөөлөл юм. Бид авлигын талаарх төсөөллийн нийлмэл хувьсагчийг бий болгохын тулд үндэсний болон орон нутгийн авлигын талаарх иргэдийн төсөөллийн дундажийг дахин авч үздэг. Нэмж дурдахад, Чан, Чу хоёртой бүрэн нийцэхийн тулд бид тэдний судалгаанд ашигласан ижил давхар хувьсагчуудыг (covariates) хянадаг бөгөөд институцийн итгэлцлийг харгалзан үздэг. Эдгээр давхар хувьсагчид нь иргэдийн эдийн засгийн талаарх үнэлгээ, тэдний ардчилалд сэтгэл ханамжтай байдал, шударга байдал, нөлөөлөл ба эрх чөлөөний талаарх тэдний төсөөлөл юм. Мөн бид хувь хүмүүсийн (хүйс, нас, субъектив нийгэм эдийн засгийн талаарх үнэлгээ, боловсрол) ялгаатай байдлыг харгалзан үзэхийн тулд хүн ам зүйн ижил хувьсагчдыг оруулсан болно.

Хүснэгт 10.3-т тооцоолсон үр дүнг харуулав. Хүснэгт 10.1, Хүснэгт 10.2ыг давтан Загвар 1 нь улс орон бүрийн онцлог болон кластер стандарт алдааг нэгтгэсэн түүврийн нэгдсэн үр дүнг харуулж байна. Мөн Загвар 2-оос Загвар 11-д улс орон бүрийн тооцоолсон үр дүнг харуулав. Бидний харж байгаагаар авлигын талаарх ойлголтын коэффициентүүд бүх загваруудад сөрөг гарч буй бөгөөд мэдэгдэхүйц байна. Коэффициентийн хэмжээ нь авлига болон байгууллагын итгэлцэл хоёрын хооронд мэдэгдэхүйц байгаа бөгөөд хамаарал ихтэй байгааг 128 | Шинэ толь №86харуулж байна. Урьдчилсан судалгааны дүн шинжилгээгээр төсөөлж буй авлигын байдал, өнөөгийн эдийн засгийн үнэлгээ, ардчиллын сэтгэл ханамж зэрэг нь иргэдийн институцийн итгэлд нөлөөлөх хамгийн чухал хөдөлгөгч хүчин зүйл болохыг харуулж байна. Товчхондоо, эндээс гарсан дүр зураг нь Чан, Чу нарын судалгааг баталж байгаа бөгөөд улс төрийн авлига нь институцийн итгэлцлийг “ялзруулах” нөлөө үзүүлж байгааг дахин нотолж байна.

Дүгнэлт хийхээсээ өмнө төсөөлөлд суурилсан хэмжилт нь эцсийн дүндээ авлигын бодит байдлыг бус зөвхөн түүний талаарх иргэдийн төсөөллийг тусгадаг гэдгийг анхаарах нь зүйтэй. Селигсон (Seligson 2006)-ын хэлснээр авлигын талаарх төсөөлөл нь авлигын бодит байдлыг үнэн зөв тусгаж байгааг нотлох баримт байхгүй. Үүнтэй адилаар Трейсман (Treisman 2007) өргөн хэрэглэгддэг төсөөлөлд суурилсан хэмжилт нь авлигыг бус харин авлигын шалтгааны талаарх респондентуудын ойлголтод тулгуурлан бүтээдэг гэж үзэж байна. Мөн уг хэмжилтийн субъектив шинж чанар нь системчилсэн алдаа, өрөөсгөл байдалтай зайлшгүй холбогдож улс төр, эдийн засгийн үр дагаврыг авлигатай холбон тайлбарлаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж, бусад хүчин зүйлстэй зөрчилдөж магад. Чан, Керр (Chang and Kerr 2017) нар төсөөлөлд суурилсан авлигын хэмжилтийн хэвийх байдлын эх үүсвэрийг цаашид тодорхойлсон. Тэд оролцогч-оролцогч бус тогтолцоог (insider-outsider framewoork) санал болгож, респондентуудын авлигын талаарх төсөөлөл нь хэрхэн бүрдэж буй нь тэдний оролцогч эсвэл оролцогч бус статусаас ихээхэн хамаардаг гэж үздэг. Өөр статус бүхий хүмүүсийн хоорондын ялгааг хоёр хэмжүүрээр гаргадаг: зардал-үр ашгийн хэрэглүүр (cost-benefit instrumentality) ба нөлөөнд автсан дүр төрх (affective identity). Иргэдийн авлигын талаарх төсөөлөл нь сонгуульт албан тушаалтнуудын клиентелист сүлжээнд тэд харьяалагддаг эсэх, тухайн албан тушаалтантай аль нэг намын эсвэл угсаатны харьяалалтай эсэхээс хамаарч тодорхойлогддог болохыг тэд харуулж байна. Өөрөөр хэлбэл, Чан, Керр нар төсөөлөлд суурилсан авлигын хэмжүүр нь респондентын хэрэглүүр эсвэл дүр төрхийн хандлагаас шалтгаалдаг болохыг харуулж байна. Эдгээр асуудлыг анхаарч үзэхийн тулд бид дүгнэлтийг тодорхойлолт ба учир шалтгааны үүднээс тайлбарлахдаа болгоомжтой байх хэрэгтэй юм.

Ном зүй

  • Chang, Eric C. C., and Miriam A. Golden. 2007. “Electoral Systems, District Magnitude and Corruption.” British Journal of Political Science 37 (1): 115-137. http://www.jstor.org/stable/4497282.
  • Chang, Eric C. C., and Nicholas N. Kerr. 2017. “An Insider-Outsider Theory of Popular Tolerance for Corrupt Politicians.” Governance 30 (1): 67-84. doi:10.1111/gove.12193.
  • Chang, Eric C. C., and Yun-han Chu. 2006. “Corruption and Trust: Exceptionalism in Asian Democracies?” The Journal of Politics 68 (2): 259-271. doi:10.1111/j.1468-2508.2006.00404.x.
  • Dincer, Oguzhan, and Michael Johnston. 2017. “Political Culture and Corruption Issues in State Politics: A New Measure of Corruption Issues and a Test of Relationships to Political Culture.” Publius: The Journal of Federalism 47 (1): 131-148. doi:10.1093/publius/pjw026.
  • 142 How Asians View Democratic Legitimacy
  • Fisman, Raymond, and Miriam A. Golden. 2017. Corruption: What Everyone Needs to Know. New York: Oxford University Press.
  • Friedrich, Carl J. 1966. “Political Pathology.” The Political Quarterly 37 (1): 7085. doi:10.1111/j.1467-923x.1966.tb00184.x.
  • Gambetta, Diego. 2002. “Corruption: An Analytical Map.” In Political Corruption in Transition: A Skeptic’s Handbook, edited by Stephen Kotkin and Andrбs Sajу, 33-56. Budapest: Central European University Press.
  • Gardiner, John. 2002. “Defining Corruption.” Chap. 2 in Political Corruption: Concepts and Contexts, edited by Arnold J. Heidenheimer and Michael Johnston, 25-40. Piscataway, NJ: Transaction Publishers.
  • Johnston, Michael. 1991. “Historical Conflict and the Rise of Standards.” Journal of Democracy 2 (4): 48-60. doi:10.1353/jod.1991.0052.
  • —. 2001. “The Definitions Debate: Old Conflicts in New Guises.” Chap. 2 in The Political Economy of Corruption, edited by Arvind K. Jain, 11-32. New York: Routledge.
  • —. 2005. Syndromes of Corruption: Wealth, Power, and Democracy. New York: Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511490965.
  • Van Klaveren, Jacob. 2002. “Corruption as a Historical Phenomenon.” Chap. 5 in Political Corruption: Concepts and Contexts, by Arnold J. Heidenheimer and Michael Johnston, 83-94. Piscataway, NJ: Transaction Publishers.
  • Kurer, Oskar. 2005. “Corruption: An Alternative Approach to Its Definition and Measurement.” Political Studies 53 (1): 222-239. doi:10.1111/j.1467- 9248.2005.00525.x.
  • Mauro, Paolo. 1995. “Corruption and Growth.” The Quarterly Journal of Economics 110 (3): 681-712. doi:10.2307/2946696.
  • Philp, Mark. 1997. “Defining Political Corruption.” Political Studies, 436-462. https://journals.sagepub.com/doi/pdf/10.1111/1467-9248.00090.
  • —. 2002. “Conceptualizing Political Corruption.” Chap. 3 in Political Corruption: Concepts and Contexts, by Arnold J. Heidenheimer and Michael Johnston, 41-58. Piscataway, NJ: Transaction Publishers.
  • Porta, Donatella Della, and Alberto Vannucci. 1999. Corrupt Exchanges: Actors, Resources, and Mechanisms of Political Corruption. Piscataway, NJ: Transaction Publishers.
  • Rose-Ackerman, Susan. 1999. Corruption and Government: Causes, Consequences, and Reform. New York: Cambridge University Press. doi:10.1017/ cbo9781139175098.
  • Rose-Ackerman, Susan, and Bonnie J. Palifka. 2016. Corruption and Government: Causes, Consequences, and Reform. 2nd. New York: Cambridge University Press. doi:10.1017/cbo9781139962933.
  • Seligson, Mitchell A. 2006. “The Measurement and Impact of Corruption Victimization: Survey Evidence from Latin America.” World Development 34 (2): 381-404. doi:10.1016/j.worlddev.2005.03.012.
  • Treisman, Daniel. 2007. “What Have We Learned About the Causes of Corruption from Ten Years of Cross-National Empirical Research?” Annual Review of Political Science 10 (1): 211-244. doi:10.1146/annurev.polisci.10.081205.095418. Warren, Mark E. 2004. “What Does Corruption Mean in a Democracy?” American Journal of Political Science 48 (2): 328-343. doi:10.1111/j.0092-5853.2004.00073.x.
  1. Eric C. C. Chang is Associate Professor of Political Science at Michigan State University. His primary areas of interest are comparative political economy, comparative political institutions, and democratization. ↩︎
  2. Сүүлийн үеийн судалгаагаар улс төрийн авлига нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, эдийн засгийн тэгш бус байдлыг нэмснээр нийгмийн тайван байдлыг алдагдуулж, хууль ёсны байдлыг хямралд хүргэнэ гэжээ. (Mauro 1995; Rose-Ackerman 1999). ↩︎
  3. See https://www.transparency.org/en/what-is-corruption. ↩︎
  4. Уоррен (Warren 2004, 329) мөн авлигын стандарт тодорхойлолт “орчин үеийн ардчилсан орнуудаас хэт хөгжсөн” гэж санал болгож байна. Тэрээр цааш нь авлигын өнөөгийн тодорхойлолт нь нормативын хувьд статик, хувиа хичээсэн, төр төвтэй, ёс суртахууны оронд үйл хөдлөлд анхаарлаа хандуулдаг, ардчиллын чадавхийг хамарч чаддаггүй зэрэг хэд хэдэн аналитик сул талуудтай гэж үзэж байна. ↩︎
  5. Үндэсний хэмжээний авлига нь ихэвчлэн их хэмжээний мөнгөтэй холбоотой байдаг тул заримдаа “их авлига” гэж нэрлэдэг бөгөөд мөнгөний эрэглтийн хэмжээ хамаагүй бага байдаг тул орон нутгийн түвшний авлигыг ихэвчлэн “жижиг” авлига гэж нэрлэдэг. ↩︎
  6. Япон дахь Локхидийн дуулиан эсвэл Өмнөд Солонгос дахь Ханбогийн дуулианаас харахад засгийн газрын эрх мэдлийн монополь байдал, зах зээлд хөндлөнгөөс оролцдог нь Азийн олон ардчилсан орнуудын авлигын улс төрийн үндэс болдог. ↩︎
  7. Филп (Philp 2002) мөн авлигын хэд хэдэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг онцлон тэмдэглэсэн байдаг: энэ нь төрийн эрх мэдлийг хамардаг, олон нийтийн итгэлийг зөрчиж, нийтийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулдаг, гуравдагч этгээд өөр аргаар олж авах боломжгүй бараа, үйлчилгээг хүртэх замаар тэдэнд ашиг тустай байдаг. ↩︎
  8. Илүү дэлгэрэнгүй хэлэлцүүлгийг Rose-Ackerman and Palifka (2016) номын 1.1-ээс үзнэ үү. ↩︎
  9. Хэрэв Тайвань, Тайландыг хасвал 2019 оны АТИ ба АБС-5 хоорондын корреляци -.69 болно. (АТИ өндөр байх нь авлига бага байгааг илэрхийлнэ). ↩︎

Academy edu.mn 2025-11-22 2025-11-22
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЗҮҮН БОЛОН ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНД ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛС БОЛОН АЗИЙН УЛАМЖЛАЛТ ҮНЭТ ЗҮЙЛС ЯЛГААТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА УУ?

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?