![]()
Эндрю Ж. Натан1
Азичуудын ардчилалд хандах хандлагын судалгаа оньсого ихтэй байдаг. Азийн барометрийн судалгаа (АБС) 2001 онд эхэлснээс хойш тус бүс нутгийн авторитар улсууд “институцид итгэх итгэл”-ээр ардчилсан усуудаас илүү гарч байгааг тогтмол олж тогтоосон. 2001-2016 оны дөрвөн судалгаа тус бүрд олон нийтийн зүгээс төрийн зургаан байгууллагад итгэх итгэлийн түвшин Япон, Тайваньтай харьцуулахад Хятад, Вьетнамд илүү өндөр байжээ. Хятадад чиглэсэн олон судалгаа Хятадын авторитар дэглэмийг олон нийт өндөр түвшинд дэмжиж байгааг баталж байна (Shi 2015; Dickson 2016; Tang 2016; Chen 2004).
Төр засаг нь удирдуулж буй хүмүүсийн зөвшөөрлөөр эрх мэдлийг атгадаг авторитар дэглэмүүд ямар учраас ардчилсан дэглэмээс илүү итгэл найдварыг тээх ёстой вэ? Үүний хариултын нэг хэсэг нь ардчиллын зарчмууддаа маш хатуу ханддаг, ардчиллын институцуудыг хатуу стандартад нийцүүлэхийг шаарддаг олон “шүүмжлэлт иргэд” ардчилсан нийгэмд байдагтай холбоно. (Norris 1999). Гэсэн хэдий ч авторитар дэглэмийн үед институцийн итгэлийн түвшин өндөр байгаа нь ийм дэглэмийг зөвхөн хэлмэгдүүлэлт, цензур, авлига, нийтийн эд хөрөнгийн өргөн хангамжаар тогтвортой байлгадаг гэсэн нийтлэг таамаглалыг үгүйсгэж, иргэдийн зүгээс ардчилсан бус засаглалыг илүүд үзэх хандлага нь ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.
Энэхүү тааврыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гаргана гэж найдаж, АБС-ны 2010 оны гурав дахь судалгаагаар дэглэмийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг (regime legitimacy) тусад нь хэмжиж эхэлсэн. Хэдийгээр институцийн итгэлийг дэглэмийн хүлээн зөвшөөрөгд хэмжүүр болгон ашигладаг ч энэ хоёр ойлголт ижил биш юм. Дэглэмийг легитим болгох үзэл баримтлалыг тодорхойлох хамгийн нөлөө бүхий оролдлогуудын нэг нь улс төр судлаач Дэвид Истон (David Iston) байсан бөгөөд тэрээр уг ухагдахууныг “сарнисан дэглэмийн дэмжлэг” (diffuse regime support DRS) гэж нэрлэж, үүнийг “эсэргүүцэж буй [дэглэмийн] үр дүнг хүлээн зөвшөөрөх, эсхүл тэдний сөрөг үр дагаврыг хүлээж авахад нь туслах таатай хандлага эсвэл сайн санааны нөөц” гэж тодорхойлсон (Easton 175, 444). Истон сарнисан дэглэмийн дэмжлэгийг хэмжихэд хэцүү байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн, учир нь энэ хандлага нь дор хаяж хоёр хэмжигдэхүүнтэй (түүнийг “итгэлцэл” болон “легитим” гэж нэрлэсэн) нарийн төвөгтэй байдагтай холбоотой, нөгөө талаас уг дэглэмийн байгууллагууд, албан тушаалтнууд, бодлогоос ялгахад хэцүү байдагтай холбоотой. Гэсэн хэдий ч АБС-ны гурав, дөрөв дэх судалгаа Истоны сарнисан дэглэмийн дэмжлэгийг тодорхой засгийн газрын институциуд, албан тушаалтнууд болон бодлогод хандах хүмүүсийн хандлагыг хойш тавьж, судалгаанд оролцогчид өөрсдийн улс орны улс төрийн системийн тухай, дэглэмийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг анхаарч үзэхийг оролдсон олон асуултаар хэмжихийг эрэлхийлэв. Бүлэг нь дөрвөн асуултаас бүрдсэн: респондент “Манай төрийн тогтолцоо урт хугацаандаа манай улсад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадвартай” гэж бодож байна уу?, “манай төрийн тогтолцоогоор бахархдаг”; эсвэл “манайх шиг тогтолцоо асуудалтай тулгарсан ч ард түмний дэмжлэгийг авах ёстой” гэж үзэж байна уу; эсвэл “ манай төрийн тогтолцоонд амьдрах нь дээр” гэснийг “Зөвшөөрч байна” болон “Зөвшөөрөхгүй” гэсэн хариултаас эхлээд “Үнэхээр санал нийлэхгүй” гэсэн дөрвөн хариултаас сонгоно. Энэ судалгаанд “мэдэхгүй”, “хариулахгүй” зэрэгийг төвийг сахисан гэж кодлосон юм. 2010-2016 оны хооронд өөр өөр улс орнуудад явуулсан судалгаануудаас бүрдсэн гурав, дөрөв дэх судалгааны нэгдсэн2 мэдээллийн багцад Зүүн болон Зүүн өмнөд Азийн авторитар дэглэмүүд бүс нутгийн ардчилсан дэглэмээс илүү олон нийтийн дэмжлэгийг авдаг гэсэн өмнөх зохиогчдын дүгнэлтийг баталж байна. Зураг 7.1ээс харахад ерөнхийдөө дэглэм хэр их авторитар байна төдий чинээ дэмжлэг нь хүчтэй ажээ3.

Авторитар хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг тайлбарлах нь
Яагаад зарим авторитар дэглэмүүд өндөр түвшний легитим шинж чанартай байдаг талаар нийтлэг дөрвөн тайлбар байдаг: төр засгийн эдийн засаг, улс төрийн гүйцэтгэл, суртал ухуулга, үндсэрхэг үзэл, соёл (Gilley 2009; Zhong and Chen 2013; Wong, Wan, and Hsiao 2011) зэрэгтэй үүнийг холбоно. ABS судалгаанд төр засгийн үйл ажиллагааны дөрвөн тусдаа хэмжүүр багтсан болно. Нэгдүгээрт, судалгаанд оролцогчдоос улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, сүүлийн жилүүдэд гарч буй ерөнхий хандлагыг тодорхойлж, мөн эдийн засаг хэдэн жилийн дараа ямар байх бол гэж бодож байгаагаа хэлэхийг хүссэн. Улс орны нийт эдийн засгийн гүйцэтгэл нь хүмүүст өөр өөр нөлөө үзүүлж, янз бүрээр үнэлэгдэх тул эдийн засгийн бодит гүйцэтгэлийн хэмжүүрийг загварт оруулаагүй болно. Хоёрдугаарт, респондентын “өрх гэрийнх нь эдийн засаг”-ын байдлыг ижил гурван асуултаар шалгадаг: “Танай гэр бүл өнөөдөр ямархуу байна, хэдэн жилийн өмнө сайн байсан уу, одоо муу байна уу, мөн хэдэн жилийн дараа ямар байх бол гэж та бодож байна вэ?” Дараа нь засаглалын үр ашиг, шударга байдлын талаарх асуултаар засгийн газрын улс төрийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг цуглуулдаг. Үр дүнтэй байдлын тухайд судалгаанд оролцогчдоос авлигатай тэмцэх, хууль дээдлэх, олон нийтийн өмнө хариуцлага хүлээх, улс орны өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудлыг Засгийн газар хэр сайн шийдэж байна гэх мэтээр үнэлгээ өгөхийг хүссэн. Эцэст нь, төр засаг нь хэр шударга ажилладаг талаар судалгаанд оролцогчдын үзэл бодлыг судалдаг өөр долоон асуулт оруулсан: тухайлбал, баян, ядуу хүмүүст адилхан харьцаж, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалдаг, хоол хүнс, хувцас, орон байр гэх мэт наад захын хэрэгцээгээ хангах баталгаатай юу? г.м.
Суртал ухуулгын үр нөлөөг хоёр хувьсагчаар хэмждэг. Үүнд, “Хэвлэл мэдээллийн хэрэглээ” нь судалгаанд оролцогчид дотоодын болон дэлхийн мэдээг хэр давтамжтайгаар дагаж, интернет ашигладаг болохыг харуулдаг. “Хэвлэл мэдээллийн итгэлцэл” судалгаанд оролцогчдыг мэдээллийн эх сурвалж гэж сонин, телевизэд хэр итгэж байгаагаар нь дүгнэдэг. ABS-ийг 14 оронд хэрэгжүүлсэн тул асуулгад суртал ухуулгын эх сурвалжийг илүү тодорхой тодорхойлсон улс орны онцлогтой асуултуудад хангалттай зай байгаагүй.
Үндсэрхэг үзлийг “үндэсний бахархал” гэж миний нэрлэдэг хувьсагчаар хэмждэг. Үүнийг, “Та [улсын] иргэн гэдгээрээ хэр бахархаж байна вэ?” болон “Боломж өгвөл та өөр улсад очиж амьдрах хүсэлтэй юу?” гэсэн хоёр асуултад респондентын дундаж оноогоор тооцдог. (Мэдээж хоёр асуултыг урвуу байдлаар шатладаг тул эхний асуултанд өндөр оноо авч, хоёрдугаарт нь бага оноо авсан хүмүүс хамгийн үндсэрхэг үзэлтэй байдаг.)
Эцэст нь соёлыг хоёр бүлэгт багтаан хэмждэг бөгөөд нэг нь уламжлалт нийгмийн үнэт зүйлсийг (УНҮЗ), нөгөө нь либерал ардчилсан үнэт зүйлсийг (ЛАҮЗ) үнэлдэг.
УНҮЗ-ийн есөн зүйлийг зөрчилдөөнөөс зайлсхийх, эрх мэдлийг хүндэтгэх, хувь хүнээс илүү бүлгийг илүүд үзэх хандлага зэрэг нь уламжлалт нийгэмд өргөн хэрэглэгддэг үнэт зүйлс гэж үздэг судалгааны олон зохиолын үндсэн дээр томъёолсон болно (Inkeles and Smith 1974). Санал асуулгад ерөнхий сонголтууд хамаарах бөгөөд улс төрийг дурдаагүй болно. ЛАҮЗ-ийн долоон зүйл нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалт зэрэг либерал-ардчилсан үндсэн зарчмуудыг дэмжихэд зориулагдсан болно. Эдгээр зүйл нь либерал-ардчилсан үнэт зүйлстэй зөрчилдсөн өгүүлэмжүүдийг агуулж байгаа тул санал нийлэхгүй байгаа нь ЛАҮЗ-ийг дэмжиж буйг илтгэнэ.
Хүснэгт 7.1-д үзүүлсэн регрессийн тэгшитгэлээр бусад хувьсагчдыг хянаж байх үед засгийн газрын гүйцэтгэл болон “сарнисан дэглэмийн дэмжлэг” (DRS) хоорондын хамаарал хүчтэй байна. Гүйцэтгэлийг үнэлэх дөрвөн хувьсагчийн дунд зарим үзүүлэлтүүд нь DRS-д хувь нэмрээ оруулдаг. Уламжлалт хүслийг үл харгалзан судалгаанд оролцогчид засгийн газрын бодлого нь өрх гэрийнх нь эдийн засгийн сайн сайхан байдалд хэр нөлөө үзүүлж буй нь статистикийн хувьд хэмжигдэхүйц харагдадгүй, харин гэр бүл нь сайн эсвэл муу байдал нь засгийн газраас бус өөрсдөөс нь хамаарч, өөрсдийгөө буруутгаж байгаа бололтой. Санал асуулгад оролцогчдын эдийн засгийн тал дээр анхаарч байгаа зүйл бол эдийн засгийн ерөнхий байдал юм. Гэвч ардчилсан болон автократ улсыг багтаасан арван дөрвөн улсын есөд нь иргэд эдийн засгийн үр дүнгээс илүү засгийн газрын шударга байдалд илүү их ач холбогдол өгдөг. Бүр авторитар дэглэмтэй байсан ч хүмүүс эдийн засгийн асуудлаас илүүтэй засгийн газар өөрсдөд нь жигд хандаж байгаа эсэхэд илүү анхаардаг. Мөн засгийн газрын үр ашгийн хувьсагч нь 10 орны дөрвөн гүйцэтгэлийн хувьсагчаас DRS-д хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь илүү чухал юм.
Зүүн болон Зүүн өмнөд Азийн авторитар дэглэмүүд нь засаглалын хоёр хувьсагч (үр ашиг, шударга байдал) дээр ардчилсан хөршүүдээсээ илүү өндөр оноо авах хандлагатай байдаг бөгөөд энэ нь авторитар улс төрийн тогтолцоог хүчирхэгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Гэсэн хэдий ч авторитар дэглэмүүд ардчилсан орнуудаас авлига, эрх мэдлээ урвуулан ашиглахад илүү өртөмтгий байдгийн хэрээр энэ дүгнэлт нь авторитар дэглэмд урт хугацааны аюул занал учруулж байгааг харуулж байна. Ардчилалтай адил авторитар дэглэмийг иргэд нь харж, үнэлдэг бөгөөд тэд өөрсдийн улс орны засгийн газруудыг үр дүнтэй, шударгаар ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй, сонгуульд саналаа чөлөөтэй өгч чадахгүй байсан ч гэсэн хүлээлттэй хэвээр байна.
Суртал ухуулгын хувьд, регрессийн шинжилгээгээр иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэглээний эрч хүч нь DRS-д бараг ямар ч нөлөө үзүүлэхгүйг харуулж байна (Зөвхөн Камбож, Хятадад статистик ач холбогдолтой харилцаа байдаг бөгөөд энэ нь бага). Хамгийн их нөлөөлсөн хувьсагч нь хэвлэл мэдээллийн итгэлцэл бөгөөд энэ нь гурваас бусад бүх улсад статистикийн хувьд эерэг (гэхдээ мөн бага) нөлөө үзүүлдэг.

Энэ нь ардчилал болон авторитар тогтолцооны өөр өөр динамикийг илэрхийлж байгаа байх. Хэвлэл мэдээлэл олон төрөл байдаг бөгөөд засгийн газрынхаа талаар байнга шүүмжилдэг ардчилсан орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл нь төр яагаад ийм зүйл хийгээд байдгийг илүү сайн ойлгоход тусалдаг. Хэвлэл мэдээлэл нь засгийн газрын мэдэлд байдаг, эсвэл дор хаяж засгийн газрын нөлөө их байдаг авторитар тогтолцоонд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийн нөлөөлөл нь засгийн газрын суртал ухуулгад автсан иргэдийн зүгээс дэглэмдээ тархсан дэмжлэг (DRS) үзүүлэх магадлал өндөр байгааг харуулж байна.
Үндсэрхэг үзэл буюу үндэсний бахархал нь Камбож, Филиппинээс бусад бүх оронд DRS-д ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Ардчилсан болон авторитар системийн аль алинд нь эх орноороо бахархаж, өөр улсруу нүүх хүсэлгүй байгаагаа илэрхийлдэг иргэд дэглэмийгээ дэмжиж байгаагаа бусдаас илүү илэрхийлж байна.
Авторитаризмын үед DRS өндөр байдгийн эцсийн байж болох тайлбар бол соёл юм. УНҮЗ болон ЛАҮЗ аль аль нь ихэнх оронд DRS-д хүчтэй нөлөө үзүүлдэг боловч тэдгээрийн үр нөлөө нь эсрэг байдаг. Мьянмар, Тайвань хоёроос бусад бүх оронд дэглэмийн төрлөөс үл хамааран уламжлалт үнэт зүйлсийг баримталдаг иргэд өөрсдийн амьдарч буй дэглэмийнхээ хуульт ёсны байдалтай илүү нийцсэн байх хандлагатай байдаг. ҮНҮЗ-тэй холбоотой асуултуудаар дамжуулан илэрхийлж буй хандлагууд нь (зэрэг дэвийн шатлалыг хүлээн зөвшөөрөх, эрх мэдлийг дээдлэх) улс төрийн тогтолцоо нь ямар хэлбэртэй, хэрхэн ажиллаж байгаа, суртал ухуулга нь хэр үр дүнтэй, эсвэл эдгээр иргэд үндэстнээрээ хэрхэн бахархаж байгаагаас үл хамааран одоо байгаа улс төрийн тогтолцоог ийм хандлагатай иргэд дэмжихэд хүргэдэг. ЛАҮЗ-ийн нөлөө нь эсрэгээрээ байна. Тайландаас бусад бүх оронд либерал-ардчилсан үнэт зүйлстэй иргэд засгийн газраа шүүмжлэх хоёрын хооронд статистикийн хувьд чухал хамаарал илэрсэн. Энэ нь ардчилсан эсвэл авторитар дэглэмтэй, бусад бүх хувьсагчдыг тогтмол барьж байгаа эсэхээс үл хамааран үнэн юм. Гэхдээ ЛАҮЗ-ийн нөлөө нь дэглэмийн төрлүүдэд ижил жигд биш байдаг. Дунджаар хүн амын дундах ЛАҮЗ-ийн нийлбэр нь авторитар системийн үед дэглэмийн тархсан дэмжлэгийг (DRS) хүчтэй доош нь татдаг нь ардчилсан улсаас ялгаатай байна.
Мэдээжийн хэрэг, ЛАҮЗ-ийн хандлагын кластер нь дарангуйлагч орнуудаас ялгарч ардчилсан орнуудад илүү өргөн тархсан байдаг. Жишээлбэл, ЛАҮЗ-ийн долоон асуулт бүрийг дэмжиж буй дундаж нь Японд нийт респондентын 63.4 хувьтай байгаа бол Мьянмарт 24.2 хувь, Хятадад 34.4 хувь байна. Гэвч ЛАҮЗийг баримталдаг хүмүүс ардчилалд бус авторитар дэглэмийн дор амьдардаг бол засгийн газраас хөндийрөх магадлал өндөр байдаг тул либерал-ардчилсан үнэт зүйлсийн тархалт нь ардчилсан орнуудад бус харин авторитар дэглэмүүдэд илүү аюул учруулж байна.
Авторитаризмын сонголтын дилемма
Азийн авторитар дэглэмүүд легитим байдлыг бий болгохын тулд гүйцэтгэл хэрэгжилт, соёлын аль алинаас нь хамааран сонголтын бэрхшээлтэй тулгардаг. Хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийн өндөр үнэлгээ авахын тулд ардчилсан болон авторитар дэглэмүүд өөрсдийн нийгмийг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь бидний судалгаагаар боловсролын өндөр түвшин, хотжилтоор хэмжигддэг. Гэвч эдгээр бодлого нь соёлын үнэт зүйлсийг өөрчлөхөд хүргэдэг. Филиппин, Вьетнамаас бусад бүх оронд ЛАҮЗ болон боловсролын түвшин, мөн хотжилтын хувьсагчийг хэмжсэн арван хоёр орны наймынх нь хотын оршин суугчдийн хооронд мэдэгдэхүйц эерэг хамаарал байна4. Эдгээр хандлага залуучуудын дунд илүү ажиглагдаж байна: есөн улсад ЛАҮЗ нь нас залуу байхтай холбоотой байдаг. ЛАҮЗ өсөх тусам УНҮЗ буурч, уг соёлын өөрчлөлтийг дагаад дэглэмийн тархсан дэмжлэг буурч байна.
Гэхдээ энэ дүгнэлтийн үр дагавар нь хоёр төрлийн дэглэмийн хувьд өөр байна. Зөвхөн авторитар тогтолцоонд л ЛАҮЗ нь өөр төрлийн дэглэмийг хүсэмжлэхийг өдөөж байдаг. Үүнийг хоёр хэмжүүрээр харуулж болно. ABS нь авторитаризмаас хөндийрөхийг (Detachment from Authoritarianism) дарангуйллын гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эсэхээр үнэлдэг: “Парламент, сонгуулиас салж, хүчтэй удирдагч бүхнийг шийддэг байх ёстой”, “Зөвхөн нэг улс төрийн нам сонгуульд нэр дэвшиж, албан тушаалд очих эрхтэй байх ёстой”, “Улс орныг цэрэг арми удирдах ёстой” гэсэн асуултад5 эерэг хариулт өгч буй эсэхээр үүнийг тодруулна. Авторитар болон ардчилсан дэглэмийн аль алинд нь либерал үзэлтэй иргэд авторитар хувилбаруудад татагддаггүй. Үнэн хэрэгтээ аль ч бүлэг өөрт байгаа зүйлийнхээ эсрэг авторитар хувилбарыг илүүд үзэхгүй байна.
Харин авторитар тогтолцоонд амьдарч буй ЛАҮЗ-ийг дэмжигчид өөр хувилбарыг олж хардаг. ABS нь ардчилсан дэглэмийг илүүд үзэх (Democratic Regime Preference) шинж чанаруудын талаар дөрвөн асуулт асууж хэмждэг (тухалбал, “Засгийн газар бол бидний ажилтан юм, ард түмэн төрд юу хийхийг хэлэх ёстой” гэж хариулж байна уу, эсвэл “Засгийн газар бол эцэг эх шиг тул тэд бүхнийг шийднэ “ гэж үзэж байна уу?) Улс төрийн бүх төрлийн тогтолцоонд ЛАҮЗ-ийг баримтлагчид либерал ардчилалтай холбоотой дэглэмийн шинж чанарыг илүүд үздэг. Энэ нь өөрөө гайхмаар зүйл биш юм, учир нь ЛАҮЗ болон дэглэмийн шинж чанарууд нь хоорондоо маш төстэй байдаг. Гэвч үр дагавар нь ардчилсан системийн тогтвортой байдалд урам зориг өгч, дарангуйлагч тогтолцооны хувьд урам хугарах болно. Ардчилсан системийн хувьд иргэд байгаа байдалдаа сэтгэл хангалуун биш боловч өөр бусад хувилбарыг хүсэмжилдэггүй бол авторитар дэглэмд ЛАҮЗ тархах тусам ардчилсан дэглэмийн шинж чанарыг илүүд үздэг.
Хятад улс Күнзийн сургаалийг сэргээх, үндсэрхэг үзлийг сурталчлах кампанит ажил явуулж байгаатай адил авторитар дэглэмүүд өөрсдийгөө хүндлүүлэх зэрэг үнэт зүйлсийн элэгдлийг удаашруулахыг оролдож магадгүй юм. Эдгээр хүчин чармайлт нь залуу, илүү боловсролтой иргэд эх орныхоо уламжлал, ололт амжилтаар бахархаж, эх орныхоо амжилтад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй атлаа хувийн амьдралдаа хувь хүн гэдгээ бататгах, хувийн болон эд хөрөнгийн эрхээ хамгаалах, гадаад ертөнцийг танин мэдэхийг эрмэлздэг нэгэн төрлийн давхар сэтгэлгээг тэдэнд бий болгож байна. Гэсэн хэдий ч, УНҮЗ-ээс холдож, ЛАҮЗ-руу шилжих шилжилт үргэлжилсээр байгаа бөгөөд дэглэм нь нийгмийг шинэчлэхэд илүү дэвшилттэй ажиллах тусам уг шилжилт илүү хурдан явагддаг. Зүүн болон Зүүн өмнөд Азийн авторитар дэглэмүүдэд итгэх өндөр итгэл, дэглэмийн тархсан дэжлэгийн (DRS) оноо нь тэднийг оршин тогтнох сорилтоос үүрд хамгаалахгүй.
Жич. Энэ нийтлэл нь “Авторитар хуульт ёсны оньсого”-ын товчилсон хувилбар юм. Journal of Democracy 31(1) (2020 оны 1-р сар), 158-168, 10.1353/jod.2020.0013.
Ном зүй.
- Chen, Jie. 2004. Popular Political Support in Urban China. Washington, D.C.: Woodrow Wilson Center Press. http://www.sup.org/books/title/?id=6944.
- Dickson, Bruce J. 2016. The Dictator’s Dilemma: The Chinese Communist Party’s Strategy for Survival. Chap. 5, 214-262. New York: Oxford University Press.
- Easton, David. 1975. “A Re-Assessment of the Concept of Political Support.” British Journal of Political Science 5(4): 435-457. http://www.jstor.org/ stable/193437.
- Gilley, Bruce. 2009. The Right to Rule: How States Win and Lose Legitimacy. Chap. 2, 29-57. New York: Columbia University Press.
- Inkeles, Alex, and David Horton Smith. 1974. Becoming Modern: Individual Change in Six Developing Countries. Cambridge: Harvard University Press.
- Norris, Pippa. 1999. Critical Citizens: Global Support for Democratic Government. Oxford: Oxford University Press.
- Shi, Tianjian. 2015. The Cultural Logic of Politics in Mainland China and Taiwan. Chap. 5, 107-146. New York: Cambridge University Press. doi:10.1017/ CBO9780511996474.
- Tang, Wenfang. 2016. Populist Authoritarianism: Chinese Political Culture and Regime Sustainability. New York: Oxford University Press. https://oxford.universitypressscholarship.com/view/10.1093/acprof:o so/9780190205782.001.0001/acprof-9780190205782.
- Wong, Timothy Ka-ying, Po-san Wan, and Hsin-Huang Michael Hsiao. 2011. “The Bases of Political Trust in Six Asian Societies: Institutional and Cultural Explanations Compared.” International Political Science Review 32 (3): 263-281. doi:10.1177/0192512110378657.
- Zhong, Yang, and Yongguo Chen. 2013. “Regime Support in Urban China.” Asian Survey 53 (2): 369-392. doi:10.1525/as.2013.53.2.369.
- Andrew J. Nathan is Class of 1919 Professor of Political Science at Columbia University. He studies the politics and foreign policy of China, political participation and political culture in Asia, and the international human rights regime. Nathan’s books include Chinese Democracy (1985), The Tiananmen Papers (2001), China’s Search for Security (2012), Will China Democratize? (2013), and China’s Influence and the Center- Periphery Tug of War in Hong Kong, Taiwan and Indo-Pacific (2021). ↩︎
- Гурав дахь судалгаа (2010-12) нь 13 улсыг, дөрөв дэх (2014-16) нь 14 улсыг хамруулсан. Энэ судалгаанд зориулж би эдгээр хоёр судалгааны өгөгдлийг нэгтгэн судалгаанд үргэлж тохиолддог санамсаргүй хэмжилтийн алдааг багасгах чадвартай улс орны томоохон түүврийг бий болгосон. Хоёр судалгааг нэгтгэх нь одоогийн судалгааны хувьд зөвшөөрөгдөхүйц юм, учир нь DRS-ийн түвшин өөрчлөгдсөн ч тэдгээрийн тодорхойлогч хүчин зүйлүүд нь хоёр давтамжит судалгааны хоорондох хэдхэн жилийн дотор бараг өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Нэгдсэн өгөгдлийн багцад 40,103 респондент хамрагдсан байна. ↩︎
- Улс орнуудыг 2013 онд Freedom House-аас авсан онооны дагуу зүүнээс баруун тийш эрэмбэлсэн. DRS нь -2.89-аас +1.92 хүртэлх хүчин зүйлийн оноо юм. Зураг 7.1-д 0-ээс доош оноо авсан нь хуульт ёсны хямралыг илтгэх албагүй. Оноог энгийн харьцуулсан гэж тайлбарлах нь дээр; өндөр оноо нь бага онооноос илүү хүчтэй дундаж DRS-ийг илтгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн нийтлэлийн онлайн хавсралтаас авах боломжтой. ↩︎
- ABS нь Хонг Конг, Сингапурын бүх оршин суугчдыг хотын оршин суугчид гэж үздэг тул энд хотын хувьсагч гэж оруулааагүй ↩︎
- Гурав дахь судалгаанд дөрвөн асуултын хоёрыг л Хятадад хэрэглэсэн; Гурав дахь судалгаанд Мьянмар хамрагдаагүй; Дөрөв дэхд Вьетнамд уг асуултуудыг ашиглаагүй. ↩︎
