![]()
Кэничи Икэда1
Өнөөдрийг хүртэл Ази тивийн хөгжиж буй орнуудын “Азийн уламжлалт үнэт зүйлс” болон либерал ардчиллын үзэл санаа нь хоорондоо зохицох эсэх тухай хэдэн зуугаар тоологдох маргаан, хэлэлцүүлэг өрнөсөөр ирсэн. Энэхүү асуултыг зөвхөн улс төр судлал зэрэг академик хүрээнд хэлэлцээд зогсохгүй олон нийтийн дунд ч хэлэлцсээр байна. Жишээ нь, 2020 оны наймдугаар сард Google хайлтын системээр “Азийн үнэт зүйлс” (Asian Values) гэсэн үгээр хайлт хийхэд 30 сая гаруй үр дүн гарсан (Google-н Япон хувилбараар хайхад 1.7 сая үр дүн гарсан) байдаг. Гэсэн хэдий ч энэхүү маргаанд хэн ч ялагч болоогүй бөгөөд сэдвийг улс төрийн оролцоо, ардчиллын тогтвортой байдал ба иргэдийн сэтгэл ханамж, эсвэл эдийн засгийн хөгжил зэргээр хязгаарлаж үзсэн ч тодорхой хариултад хүрээгүй байна. Энэ өгүүллийн үндсэн зорилго бол уг хэлэлцүүлгийг дараах хоёр талаас авч үзэж гүнзгийрүүлэн хэлэлцэхэд оршино. Үүнд: (1) Уламжлалт “Азийн үнэт зүйлс” (бид үүнийг “Уламжлалт нийгмийн үнэт зүйлс” (Traditional Social Values (TSV)) болон Либерал ардчиллын үнэт зүйлс (Liberal Democratic Values (LDV)) улс төрийн оролцоог тодорхойлох эсэх, (2) эдгээр үнэт зүйлсийн нөлөө, үр дагаварт тухайн нийгмийн институцийн хязгаарлалт, тухайлбал үндэсний төр засгийн институцид итгэх итгэл хэрхэн нөлөөлж байна вэ? Энэхүү судалгаагаар бид Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд дахь үнэт зүйлс, институцийн итгэлцэл, улс төрийн оролцооны нарийн төвөгтэй хамаарлыг тодруулахыг зорьсон юм.
Үнэт зүйлс, институцийн итгэлцэл, улс төрийн оролцоо
Энд авч үзэж буй уламжлалт нийгмийн үнэт зүйлс нь эцгийн эрхт ёсны (paternalistic) хандлага, иргэдийн зэрэг дэвийн харилцаат байдлыг үл тэвчих (hierarhial relations), “эв нэгдэл”-ийг (harmony) эрхэмлэх үзэлд тулгуурладаг. Өөрөөрхэлбэл, нийгмийн зэрэг дэвийн шаталсан харилцаа нь дээд албан тушаалтнууд доод тушаалтнаасаа давамгайлж, санал нэгдэхгүйг үл зөвшөөрөх зэрэг үзэл санааг, мөн доод тушаалтныхаа сайн сайхныг харгалзан үзэхийг онцолдог. Эцгийн эрхт ёсны үнэт зүйлстэй тогтолцоонд доод тушаалынхан удирдлагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, бусадтай эв зохицсон нийгмийн харилцаа байгуулах ёстой гэж үздэг бөгөөд ийм хандлага нь өдөр тутмын нийгмийн харилцаанд өргөн тархсан гэж үздэг. АБС нь ийм үнэт зүйлсийг эрх мэдэлд хүндэтгэл үзүүлэх, зөрчилдөөнөөс зайлсхийх, хамт олонч үзэл (хувь хүнийг бүлэгт захируулах) гэсэн хэмжүүрээр тодорхойлжээ (Chu ба Huang, хэвлэгдээгүй). Эдгээр үнэт зүйлс нь шууд утгаараа улс төртэй холбоогүй боловч “нийгмийн” уламжлалт үнэт зүйлс гэcнээс нь харахад либерал ардчиллын үнэт зүйлстэй зөрчилдөх талтай байдаг.
Либерал ардчиллын үнэт зүйлс нь иргэд хоорондын харилцан хүндэтгэл, улс төрийн байгууллагуудын харилцан хяналт дээр суурилсан системийг бүрдүүлж, олон янзын оролцогчдын дунд тэгш, нээлттэй хэлэлцүүлэг, зөвшилцлийг бий болгохыг зорьдог. Эдгээр үнэт зүйлийг тодорхойлохын тулд АБС-аар улс төр дэх эцгийн эрхт ёсны хандлага, зориудын эв зохицол, эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг эсэргүүцэх зэрэг нь либерал үнэт зүйлсийг үгүйсгэх тул үүнийг урвуу хэмжүүрээр ашигласан. АБС нь “ардчиллын үнэт зүйлс” гэх ойлголт олон нийтийн зүгээс хэт эерэгээр үнэлэгдэх магадлалаас зайлсхийхийн тулд либерал ардчиллын үнэт зүйлсийг шууд хэмжээгүй (Chu and Huang, хэвлэгдээгүй). Тиймээс асуултуудыг либерал бус чиглэлтэйгээр томьёолж, тухайн зүйлстэй санал нийлээгүй учир судалгаанд оролцогчийг “либерал ардчилагч” гэж ангилсан. Либерал ардчиллын үнэт зүйлсийн системд хандах хандлага нь олон нийтийн асуудал болон нийгмийн асуудлыг хэлэлцэх ёс зүйн хэм хэмжээ болж өгдөг. Өөрөөр хэлбэл, эдгээр үнэт зүйлс нь нийгмийн үнэт зүйлсээс илүүтэйгээр улс төртэй шууд холбоотой.
Энэ бүлэгт бид улс төрийн оролцоог хамааралтай хувьсагч, харин уламжлалт нийгмийн үнэт зүйлс, либерал ардчиллын үнэт зүйлс, институцийн итгэлцлийг хамааралгүй хувьсагч болгон авч үзсэн. Мөн эдгээр хоёр төрлийн үнэт зүйлс болон институцийн итгэлцлийн харилцан үйлчлэлийн нөлөөг шинжилнэ. Энд “институцийн итгэлцэл” гэж итгэлцэлийн ерөнхий түвшин буюу нийгмийн зүгээс дэмжлэг авдаг Засгийн газар, улс төрийн нам, парламент, гүйцэтгэх засаглал зэрэг олон төрлийн байгууллагад итгэх итгэлийн түвшин байна. Институцийн итгэлцэл нь нийгмийн капиталын нэг хэсэг буюу иргэд хоорондын итгэл, харилцан хүндэтгэл, тэдний сүлжээгээр дамжин хөгжиж буй нийгмийн тулгуур суурь юм.
Институцийн итгэлцэл нь улс төрийн оролцоонд нөлөөлөх үнэт зүйлстэй харилцан үйлчилж (уялдаж) байна. Уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн хүрээнд институцэд итгэх нь эцгийн эрхт ёсны хэлбэрээр шаардагдаж, институцээс гаралтай бодлого, журамтай санал нийлэхгүй байхыг үл зөвшөөрөх ба улс төрийн оролцоо нь либерал ардчиллынхаас ялгаатай байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, “Ёс суртахууны дадал хэвшлийн хувьд эцгийн эрхт ёсны үнэт зүйл нь удирдагчдаас ёс суртахууны хамааралтай байхыг чухалчилж, эв зохицлыг эрхэмлэх үнэт зүйл нь удирдагчдийн эсрэг байх, захирагдахгүй байх үйлдлийг сааруулдаг” (Ikeda 2013, 21). Тиймээс уламжлалт нийгмийн үнэт зүйлс нь эсэргүүцлийн жагсаал зэрэг улс төрийн оролцооны хэлбэрийг дэмждэггүй. Харин либерал ардчиллын үнэт зүйлстэй хүмүүсийн хувьд институцид итгэхгүй байдлыг эсэргүүцлийн жагсаалаар илэрхийлэх нь ёс суртахууны хувьд зөвшөөрөгдсөн, мөн ийм үнэт зүйлс нь сул байх үед илүү уламжлалт үнэт зүйлс нийтлэг тохиолддог гэж үздэг үү?
Энэ асуудлыг авч үзэхийн тулд эхлээд улс төрийн оролцоог ялгаатай авч үзэх хэрэгтэй. Розенстоун болон хамтран бичигчид (Rosenstone 1993) улс төрийн оролцоог сонгуулийн улс төрийн оролцоо болон төрийн улс төрийн оролцоо гэж ялгасан байдаг. Энэ бүлэгт бид төрийн улс төрийн оролцоонд төвлөрнө. Учир нь сонгуулийн улс төрийн оролцоо Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орон, бүс нутаг бүрээр харилцан адилгүй, маш өөр байж болзошгүй юм.
Бид Алмонд, Верба (Almond & Verba 1963) нарын түүхэн ач холбогдолтой судалгаанаас хойш ашиглагдаж ирсэн төрийн улс төрийн оролцооны хоёр дэд хэмжүүрийг хэрэглэж байна. Эдгээр нь өөр өөр зан үйлийн утга илэрхийлж болох юм. Улс төрийн оролцоо нь улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох (холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоо contact-type participation) эсвэл улс төрийн үзэл бодол, байр сууриа үйл байдлын түвшинд илэрхийлэх, заримдаа эсэргүүцлийн өнгө аястай байж болох (идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоо active-type partcipation) байдлаар илэрч болно.
Таамаг дэвшүүлэх нь
Эхлээд институцид итгэх итгэл ба үнэт зүйлсийн хоорондын хамаарал улс төрийн оролцооны хоёр хэлбэртэй хэрхэн уялдаж өөрчлөгдөхийг авч үзье. Үүний тулд улс орон, бүс нутаг бүрийн АБС-ны давтамжит судалгаанд суурилсан нийлбэр өгөгдлийн цэгэн диаграммыг харцгаая. Зураг 8.1 нь төв засгийн газарт итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн нийтлэг чиг хандлага өсөж байгааг харуулж байна2. Харин зураг 8.2 нь эсрэгээрээ, төв засгийн газарт итгэх итгэл буурах тусам либерал ардчиллын үнэт зүйлс нэмэгдэж байгааг үзүүлж байна. Нөгөөтэйгүүр, институцид итгэх итгэл нь улс төрийн оролцоотой тодорхой хамааралтай байна. Зураг 8.3 ба 8.4-аас үзэхэд холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоо нь засгийн газарт итгэх итгэлтэй эерэг хамааралтай, харин идэвхтэй хэлбэрийн улс төрийн оролцоо нь түүнтэй сөрөг хамааралтай байна. Эдгээр зурагт үндэслэн дараах дүгнэлтийг хийж болох юм: Холбоо тогтоох хэлбэрийн төрийн байгууллагын улс төрийн оролцоо нь уламжлалт нийгмийн үнэт зүйлсийг тусгаж байхад, идэвхтэй хэлбэрийн улс төрийн оролцоо нь либерал ардчиллын үнэт зүйлсийн хандлагатай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоо нь улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй харилцахад илүү нийцтэй бөгөөд уламжлалт үнэт зүйлсээр дэмжигддэг, иргэдийн хооронд (эрх мэдэлтэй болон эрх мэдэлгүй) зэрэг дэвийн шаталсан харилцаа (hierarchical) байж болохыг илэрхийлж байна. Харин идэвхтэй хэлбэрийн улс төрийн оролцоо нь либерал ардчиллын үнэт зүйлсээр өдөөгдсөн үйлдлээр дамжуулан итгэл даахгүй засгийн газрыг шахах зорилготой мэт харагдаж байна.
Энэхүү таамаг нь улс орон, бүс нутгийн судалгааны дундаж оноонд суурилсан цэгэн диаграммаас гарсан бөгөөд онолын хувьд эдгээр хэв маяг нь иргэний түвшинд тогтвортой илэрч байгаа эсэх, өөрөөр хэлбэл үнэт зүйлийн логиктой сэтгэлзүйн хувьд нийцэж байгаа эсэхийг тодорхой болгох нь чухал юм.



Институцид итгэх итгэл ба улс төрийн оролцоо
Юуны өмнө институцид итгэх итгэл ба улс төрийн оролцооны хоорондын хамаарлыг авч үзье. Институцид итгэх итгэл нь улс төрийн оролцоонд хоёр боломжит замаар нөлөөлж болох юм. Нэгт, төрийн байгууллагад итгэх өндөр түвшний итгэл бүрдсэн нөхцөлд найдвартай гэж үнэлэгдсэн институцитэй хамтран ажиллах эсвэл түүнд хандах нь үр дүнтэй гэж ойлгогдох тул энэ нь улс төрийн оролцоог өдөөж, улмаар илүү найдвартай засгийн газрыг бий болгоход хүргэнэ. Хоёрт, эсрэгээр нь авч үзвэл, төрийн байгууллагад итгэл багатай нөхцөлд улс төрийн оролцоо нь итгэл даахгүй засгийн газрын эсрэг ситемийн гадна шаардлага дэвшүүлэх, эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлэх хэлбэрээр илэрч болно.
Итгэл ба оролцооны хоорондын хамаарал эсрэг чиглэлд тэлдэг боловч оролцооны хэлбэрүүд нь хоорондоо нийцтэй байж болно. Илүү тодруулбал, эхний зам нь институцид итгэх өндөр итгэл бүрдсэн нөхцөлтэй илүү нийцтэй бөгөөд энэ нь улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбогдох зэрэг үйл ажиллагаагаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, хүссэн улс төрийн болон улс төрийн бус үр дүнд хүрэхийн тулд систем доторх улс төрийн оролцогчдод хандахыг хэлнэ. Норрис (Norris 1999) энэ боломжийг 1990-ээд оны дунд үеийн Дэлхийн Үнэт Зүйлийн Судалгаанд (World Values Survey) хамрагдсан 44 улсын өгөгдлийн шинжилгээндээ институцид итгэх итгэлтэй холбон тодорхойлсон байдаг. Зураг 8.1-д үзүүлсэн цэгэн диаграмм ч үүнийг харуулж байна. Хэдийгээр энэ бүлэгт авч үзээгүй ч ийм төрлийн үйл ажиллагаа нь сонгуулийн улс төрийн оролцоонд ч тохиолдож болох бөгөөд жишээлбэл, эрх баригч намыг дэмжих, өөрийн дуу хоолойгоо хүргэх оролдлого хэлбэрээр илэрч болно.
Хоёр дахь зам нь итгэл даадаггүй засгийн газарт эсэргүүцлийн байр сууринаас хандсан улс төрийн оролцоо бөгөөд голчлон институцийн бус сувгаар хэрэгжинэ. Энэ нь институцид итгэх итгэлийг сэргээх улс төрийн оролцоо гэсэн утгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь засгийн газрын гадна талаас өөрчлөлт авчрах зөрчилт логик, чиг баримжаат улс төрийн оролцоо юм. Энэ хэлбэрийн оролцоо нь сонгуулийн үеэр саналын хайрцгаар эрх мэдлийг олж авах (сонгуулийн улс төрийн оролцоо), өргөдөл гаргах (улс төрчдөөр бус, харин гаднах институцийн оролцоо), итгэлгүйгээ шууд илэрхийлэх, эсвэл илүү радикал хэлбэрийн улс төрийн оролцоогоор тод илэрдэг. Өмнөх судалгаандаа Норрис (Norris 1999) нь институцид итгэх итгэл ба “эсэргүүцлийн чадавх” бүхий улс төрийн тодорхой төрлийн оролцооны хооронд сөрөг хамаарал байгааг олж тогтоосон. Үүнтэй төстэй байр суурь Чу болон Хуанг (хэвлэгдээгүй)-ийн “шүүмжлэлт ардчилсан үзэлтнүүд” гэсэн ойлголтод тусгагдсан байдаг. Ийм төрлийн иргэд Зүүн болон Зүүн Өмнөд Азид өргөнөөр тархсан нь Зураг 8.2-т үзүүлсэн цэгэн диаграммаас тод харагдаж байна. Ийм төрлийн иргэдийн оролцоо их байх тусам үндэсний засгийн газарт итгэх итгэл бага байна. Үүнтэй адил, Дэлхийн Үнэт Зүйлийн дөрөв дэх судалгааны (2000 оны орчимд хийгдсэн) өгөгдлийг ашиглан Ци ба Шин (Qi and Shin 2011) нар 43 улсад (Япон, Өмнөд Солонгос болон бусад хөгжингүй орнуудыг хассан) шүүмжлэлт ардчилсан үзэлтнүүдийн дунд өргөдөл, бойкот, жагсаал зэрэг улс төрийн идэвхтэй хэлбэрийн оролцоо өндөр түвшинд байгааг тогтоожээ.
Үнэт зүйлстэй харилцан үйлчлэхүй
Дээр дурдсан хоёр чиглэлийн хамаарал нь иргэдийн баримталж буй үнэт зүйлсээс хамаарна. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийн үнэт зүйлстэй нийцсэн байдлаар үйлдэл хийх хандлагатай гэж үзэж болно.
Нийгмийн капиталын онолын үүднээс авч үзвэл, либерал ардчиллын үнэт зүйлс нь улс төрийн оролцоог ерөнхийдөө дэмждэг гэж тооцогддог (Таамаг 1, Т1). Путнам (Putnam 1993, 2000)-ын онолын дагуу нийгмийн капитал нь бусдад болон институцэд итгэх итгэл, харилцан хариуцлага, иргэдийн хоорондын нийгмийн сүлжээнээс бүрдэх бөгөөд энэ нь ардчиллыг бий болгодог. Гэвч энэ нь иргэдийн оролцоог шаардана; өөрөөр хэлбэл, нийгмийн болон улс төрийн оролцоо хоёул хэрэгтэй бөгөөд энэ нь нийгэм, хамт олныг өрнүүлнэ.
Дараагийн таамаглал бол либерал ардчиллын үнэт зүйлсийн нөхцөлд улс төрийн оролцооны эдгээр хэлбэр нь хувь хүн төр засагтаа итгэдэг бол холбоо тогтоох (contact-type) хэлбэрийн улс төрийн оролцоог (Т2), харин итгэдэггүй тохиолдолд идэвхтэй (active-type) хэлбэрийн улс төрийн оролцоог (Т3) дэмжинэ гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, холбоо тогтоох хэлбэрийн оролцоо ба үндэсний засгийн газарт итгэх итгэлийн их эсвэл бага түвшний хооронд харилцан үйлчлэл бий болно. Т1-д харсанчлан, либерал ардчиллын үнэт зүйлс нь ерөнхийдөө улс төрийн оролцоог дэмждэг. Илүү өндөр итгэл ба илүү хүчтэй либерал ардчиллын үнэт зүйлс нь холбоо тогтоох хэлбэрийн оролцоонд хандах магадлалыг нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ, төр засагт итгэл бага байх нь идэвхт хэлбэрийн оролцоотой холбогдоно. Төр засгийн эсрэг үйлдэл үргэлж амжилтад хүрэх албагүй боловч үнэт зүйлс нь үйлдэл хийхийг шаардана.
Бид уламжлалт нийгмийн (traditional social) үнэт зүйлсийн талаар юуг ойлгох ёстой вэ? Уламжлалт нийгмийн үнэт зүйлс нь улс төрийн оролцоотой шууд холбоотой бөгөөд энэ нь эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд/ удирдагчидтай холбогдох хэлбэрээр (Т4) илэрдэг. Үндэсний засгийн газарт итгэх итгэл өндөр байх нь холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоог улам бүр нэмэгдүүлнэ (Т5). Учир нь энэ нь эцгийн эрхт ёсыг (paternalism) өдөөдөг үнэт зүйлстэй илүү нийцэж байна гэж бид хардаг. Эсрэгээрээ, уламжлалт үнэт зүйлс нь идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоотой холбоогүй, эсвэл бүр түүнийг сааруулдаг (Т6). Учир нь, ийм төрлийн оролцоо нь институцийн гадуурх үйл ажиллагааг ихээр агуулдаг бөгөөд энэ нь удирдагчдаас ёс суртахууны хувьд хамаарах ёстой гэж үздэг уламжлалт үнэт зүйлстэй зөрчилддөг.
Өгөгдөл
Азийн Барометрийн 1-5 удаагийн бүх судалгааны өгөгдлийг шинжилгээндээ хамруулсан бөгөөд хувьсагч дутуу байгаа судалгаануудыг хассан3. Нийтдээ 55 улсын судалгааг шинжилгээнд ашигласан бөгөөд үүнд эхний судалгаанд 7, хоёрдугаарт 11, гуравдугаарт 13, дөрөвдүгээрт 14, тавдугаарт 10 улс тус тус багтсан. Судалгаанд хамрагдсан нийт респондентын тоо 61,953 байв.
Үндсэн хувьсагчдын талаар
Улс төрийн оролцоо: төр дэх улс төрийн оролцооны хоёр дэд хэмжээстийг ашигласан. Энэхүү хэмжүүрийг боловсруулахын тулд Азийн Барометрийн таван удаагийн судалгаанд нийтлэг байсан хувьсагчдыг үндсэндээ ашиглав.
Холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоо (CONTACTPA scale) нь судалгаанд оролцогчдоос сүүлийн гурван жилийн хугацаанд дараах үйлдэл хийж байсан эсэхийг асууж хэмжсэн: “Аль нэг түвшний сонгуульт албан тушаалтан эсвэл хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй холбоо барьсан эсэх,” “Дээд түвшний албан тушаалтнуудад хандсан эсэх,” “Засгийн газрын гаднах нөлөө бүхий бусад хүмүүстэй холбогдсон эсэх.” Идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоо (ACTIVEPA scale) нь дараах үзүүлэлтүүдээс бүрдсэн: “Бусадтай хамтран асуудал дэвшүүлсэн эсвэл өргөдөлд гарын үсэг зурсан эсэх,” “Жагсаал, эсэргүүцлийн цуглаанд оролцсон эсэх,” “Улс төрийн зорилготой хүч хэрэглэсэн эсвэл хүчирхийлэлд оролцсон эсэх.” Өгөгдлийг “нэг удаа,” “нэгээс дээш удаа,” “хэзээ ч биш” гэсэн гурван ангилалд нэгтгэсэн бөгөөд эхний хоёр ангиллыг эерэг хариулт болгон тооцсон4.
Төр засагт итгэх институцийн итгэл: АБС-нд институцийн итгэлийг дөрвөн шатлалтай хэмжүүрээр хэмжсэн бөгөөд энд олон байгууллагыг жагсаасан. Энэ бүлгийн зорилго нь төрийн улс төр дэх оролцоонд төвлөрөх учраас бид анхаарлаа нэг үзүүлэлтэд төвлөрүүлж, төр засагт итгэх институцийн итгэлийг дан хэмжүүр болгон ашиглав. Либерал ардчиллын үнэт зүйлс ба уламжлалт нийгмийн үнэт зүйлс:
Либерал ардчиллын үнэт зүйлсийг дараах таван үзүүлэлт бүрд дөрвөн шатлалтай урвуу хэмжүүрээр (inverted four-point scale) хэмжсэн. Үүнд: “Удирдагчид бол өрх гэрийн тэргүүнтэй адил; бид бүгд тэдний шийдвэрийг дагах ёстой,” “Нийгэмд тодорхой санааг хэлэлцэхийг зөвшөөрөх эсэхийг засгийн газар шийдэх ёстой,” “Хэрэв хүмүүс олон бүлэгт хуваагдвал нийгмийн эв нэгдэл алдагдана,” “Хэрэв хууль тогтоох байгууллагаас засгийн газрыг байнга хянаад байвал томоохон зүйлсийг тэд хийж чадахгүй,” “Хэрэв хүмүүсийн бодол санаа хэт олон янз байвал нийгэм эмх замбараагүй болно.”5
Нөгөө талаас, Уламжлалт нийгмийн үнэт зүйлс нь Азийн үнэт зүйлстэй холбоотой, өдөр тутмын нийгмийн нөхцөл байдалд илэрдэг үзүүлэлтүүдийн багц бөгөөд дараах таван үзүүлэлтийг тус бүр дөрвөн шатлалтай хэмжүүрээр хэмжсэн: “Эцэг эхийн шаардлага үндэслэлгүй байсан ч хүүхдүүд тэдний хүссэнээр хийх ёстой,” “Оюутан хүн багшийнхаа эрх мэдэлд эргэлзэж болохгүй,” “Гэр бүлийн төлөө хувь хүн өөрийн сонирхлыг хоёрдугаарт тавих ёстой,” “Хамтран ажиллагчид нь санал нийлэхгүй бол хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах ёсгүй,” “Үндэсний ашиг сонирхлын төлөө хувь хүний ашиг сонирхлыг золиослож болно.”
Либерал ардчиллын үнэт зүйлсийн хэмжүүр болон уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн хэмжүүрийн хоорондын хамаарлын коэффициент нь бүх түүврийн хэмжээнд -0.37 байсан бөгөөд энэ нь тийм ч өндөр биш байв..
Бусад хувьсагч
Дотоод улс төрийн үр нөлөө (internal political efficiacy EFFIC): Дотоод улс төрийн үр нөлөө нь улс төрийн оролцоог зохицуулдаг нь тодорхой зүйл. Өөрийгөө улс төрийн чадвартай гэж үзэх нь оролцооны утга учир, үр дүнтэй холбоотой байдаг (Niemi, Craig, and Mattei 1991). Дотоод үр нөлөөг хоёр үзүүлэлтээр хэмжсэн: “Би өөрийгөө улс төрд оролцох чадвартай гэж боддог,” “Заримдаа улс төр, төрийн үйл ажиллагаа маш төвөгтэй санагддаг тул над шиг хүн юу болж байгааг үнэхээр ойлгож чадахгүй юм шиг байдаг” (урвуу оноолт үзүүлэлт).
Улс төрийн сонирхол (political interest PINTERES): Улс төрд сонирхолтой байх нь улс төрийн оролцоог өдөөдөг хүчин зүйл гэдгийг хэлэх шаардлагагүй биз. Энэ хувьсагчийг ашигласнаар үнэт зүйлс болон төр засагт итгэх итгэлийн талаарх таамаглал улс төрийн сонирхлын түвшинг давхар хянасны дараа ч хүчин төгөлдөр хэвээр байгаа эсэхийг шалгасан.
Бусдад итгэх ерөнхий итгэл (general trust in others WVSTRUST): Ерөнхий итгэл нь нийгмийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, ардчиллыг хэрэгжүүлэхэд чухал хүчин зүйлсийн нэг юм. Хүн өөрийн нийгмийн сүлжээн дэх хүмүүст төдийгүй, үл таних хүмүүст ч итгэж чадахгүй байгаа нь улс төрийн оролцоог хамтын үйл ажиллагаа хэлбэрээр өдөөхгүй. АБС нь Дэлхийн үнэт зүйлийн судалгаатай адил үүнийг дараах үзүүлэлтээр хэмждэг: “Та ерөнхийдөө ихэнх хүмүүст итгэж болно эсвэл хүмүүстэй харьцахдаа маш болгоомжтой байх ёстой гэж боддог уу?”
Хүн ам зүйн хүчин зүйлс (demographic factors): Хүйс, нас, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хот суурин газар оршин суух (орон нутаг ба суурин газрын харьцуулалт) зэрэг хүчин зүйлсийг хяналтын хувьсагч болгон ашигласан.
Судалгаа бүрийн 2-р түвшний хувьсагчид (судалгааны жил болон улс/ бүс нутаг): Бид улс төрийн, институцийн болон эдийн засгийн хүчин зүйлсийг хянахын тулд Freedom House Index болон нэг хүнд ногдох ДНБ-ийг ашигласан. Үүнээс гадна, либерал ардчиллын үнэт зүйлс болон уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн дундажийг 2-р түвшний тэгшитгэлд оруулсан. Судалгаа бүрд хэмжигдсэн энэ нэгтгэсэн түвшний үнэт зүйлс нь улс/судалгааны дундаж үнэт зүйлсийн улс төрийн оролцоонд үзүүлэх харьцангуй нөлөөг харуулахаас гадна, судалгаануудын хоорондох үнэт зүйлийн дундажийн зөрүүг хянаж, 1-р түвшний үр нөлөөг илүү нарийвчилсан байдлаар тодорхойлох боломжийг олгодог.
Дүн шинжилгээ
Шаталсан (hierarchical) шугаман загварыг (Raudenbush ба Bryk 2002) ашигласан бөгөөд 1-р түвшин нь хувь хүний хариулт, 2-р түвшин нь тухайн жил болон улс/бүс нутгаар хийсэн судалгаа байсан. Энэ нь улс болон хувь хүний түвшний хариултын ялгааг тусад нь шинжлэх боломжийг олгодог. Үнэт зүйлс, төр засагт итгэх итгэл болон хувь хүний улс төрийн оролцооны хоорондын хамаарал гол анхаарлыг татаж байна. Улс төрийн оролцооны хоёр хамааралтай хувьсагч нь Пойссон (Poisson) тархалттай байсан тул түүнд тохирсон шинжилгээ хийгдсэн6.
Үр дүн
Холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцооны үр дүнг хүснэгт 8.1 болон 8.5д харуулсан. Зурагт хүснэгтийн үр дүнд үндэслэсэн нэмэлт (post hoc) симуляцийн шинжилгээг харуулж, харилцан үйлчлэлийн нөлөөг багтаасан үр нөлөөг дүрсэлсэн болно.
Хүснэгт 8.1-ээс харахад, улс төрд сонирхолтой байх болон дотоод улс төрийн үр нөлөө нь 1-р түвшинд хувь хүний холбоо тогтоох хэлбэрийн төр дэх улс төрийн оролцоог нэмэгдүүлэх таамаглалтай нийцэж байна. Хүн амын хүчин зүйлсийн нөлөө нь орон нутагт амьдардаг иргэд, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, эрэгтэйчүүд, өндөр настнууд болон илүү өндөр боловсролтой хүмүүст илүү өндөр гарсан. Ерөнхийдөө энэ нь улс төрийн оролцооны талаарх өмнөх судалгааны үр дүнгүүдтэй гол төлөв нийцэж байна.
2-р түвшинд нэг хүнд ногдох ДНБ-ийн нөлөө тодорхой илрээгүй. Үүний адил Freedom House Index-ийн нөлөө ч ажиглагдсангүй. Нэгтгэсэн түвшний үнэт зүйлсийн нөлөө ч мөн илрээгүй.7
Харилцан үйлчлэлийг багтаасан таамаглалтай холбоотойгоор либерал ардчиллын үнэт зүйлс нь статистикийн хувьд ач холбогдолтой түвшинд хүрээгүй (мөн дангаараа нөлөө үзүүлэх тал дээр ач холбогдолтой биш байсан). Харин уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн нөлөө нь статистикийн хувьд мэдэгдэхүйцээр эерэг хамааралтай гарсан. Төр засагт итгэх итгэлийн дан нөлөө илрээгүй. Төр засагт итгэх итгэл ба либерал ардчиллын үнэт зүйлсийн харилцан үйлчлэл нь бага зэрэг сөрөг чиг хандлага үзүүлсэн. Зураг 8.5 (зүүн хэсэг) нь либерал ардчиллын үнэт зүйлс ба төр засагт итгэх итгэлийн хоорондын хамаарал ач холбогдлын түвшинд хүрээгүй (p =.18) болохыг харуулж байгаа ч, таамагласны дагуу либерал ардчиллын үнэт зүйлс нь холбоо тогтоох үйлдлийг дэмжих чиглэлд хөдөлсөн байна.


Нөгөөтэйгүүр, зураг 8.5-д (баруун хэсэг) үзүүлсэнчлэн уламжлалт үнэт зүйлсийн өндөр түвшин нь дангаараа холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоог мэдэгдэхүйцээр нэмэгдүүлсэн боловч төр засагт итгэх итгэлтэй харилцан үйлчлэлийн нөлөөгүй байв.
Таамаглалын зөв эсвэл бүтэлгүйтлийн хувьд Т1, Т2 болон Т5 илрээгүй бөгөөд зөвхөн Т4, өөрөөр хэлбэл уламжлалт нийгмийн үнэт зүйлийн дан нөлөө л илэрсэн. Зураг 8.6-д үзүүлснээр ялгаа тийм ч их биш боловч уламжлалт үнэт зүйлсийн (TSV) дээд 25 хувь болон доод 25 хувийн хооронд тогтвортой ялгаа байгааг харж болно. Доод түвшний TSV-тэй бүлгийн холбоо тогтоох хэлбэрийн оролцоо нь ойролцоогоор 5 хувиар бага байна.


Идэвхт хэлбэрийн улс төрийн оролцооны үр дүнг Хүснэгт 8.2 болон Зураг 8.6д үзүүлэв. Графикууд нь харилцан үйлчлэл бүхий нэмэлт (post hoc) симуляцийн аргаар үр дүнг дүрсэлж байна.
Манай таамаглалтай шууд холбоогүй ерөнхий үр дүнгийн хувьд улс төрд сонирхолтой байх болон дотоод улс төрийн үр нөлөө нь 1-р түвшинд идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог нэмэгдүүлсэн нь төр дэх холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцооны талаарх таамаглаж байсан дүгнэлттэй нийцэж байна. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, эрэгтэйчүүд болон боловсролтой хүмүүс зэрэг хүн ам зүйн хүчин зүйлс нь идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоонд илүү нөлөөлөх хандлагатай байна. 2-р түвшинд нэг хүнд ногдох ДНБ-ийн нөлөө сул болов эерэг байсан бөгөөд эдийн засгийн хувьд илүү боломжтой респондентуудын идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоо нэмэгдсэн байна. Харин Freedom House Index-ийн нөлөө статистикийн хувьд ач холбогдолтой бөгөөд сөрөг гарсан. Учир нь бага оноо нь улс төрийн эрх, эрх чөлөөний илүү өндөр түвшинг илэрхийлдэг тул систем илүү либерал байх тусам идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог илүү дэмждэг болохыг харуулж байна. Эдгээр үр дүнгийн аль нь ч гэнэтийн зүйл биш юм. Хэдийгээр Freedom House онооны оронд “дэглэмийн төрөл” гэх салангид хувьсагчаар шинжлэх өөр хувилбар бий боловч бид аль алиныг илэрхийлдэг улс төрийн эрх болон иргэний эрх чөлөөг индексжүүлсэн тасралтгүй хувьсагчийг улс төрийн оролцоог тайлбарлах бие даасан хувьсагч болгон ашиглах нь илүү тохиромжтой гэж үзсэн тул сүүлийнхийг нь ашигласан.
Эцэст нь, нэгтгэсэн түвшинд үнэт зүйлсийн ямар нэг нөлөө илрээгүй.8 Таамаглалын хүрээнд либерал ардчиллын үнэт зүйлс нь өндөр ач холбогдолтой байсан бөгөөд идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог дэмжинэ. Харин уламжлалт нийгмийн үнэт зүйлсийн хувьд ямар ч нөлөө ажиглагдсангүй. Төр засагт итгэх итгэлийн хувьд ямар ч нөлөө илрээгүй боловч харилцан үйлчлэлийн хувьсагчдыг хасахад статистикийн хувьд ач холбогдолтой бөгөөд сөрөг нөлөөтэй гарсан. Өөрөөр хэлбэл, итгэл бага байх нь идэвхтэй хэлбэрийн улс төрийн оролцоог өдөөсөн байна.
Харилцан үйлчлэлийн нөлөөний хувьд төр засагт итгэх итгэл ба либерал ардчиллын үнэт зүйлсийн нөлөө нь сөрөг бөгөөд статистикийн хувьд ач холбогдолтой байв. Зураг 8.6 (зүүн хэсэг) нь таамагласны дагуу либерал ардчиллын үнэт зүйлс болон төр засагт итгэх итгэлийн хоорондын хамаарал, өөрөөр хэлбэл уг итгэлцэл бага байх ба либерал ардчиллын үнэт зүйлс хүчтэй байх нөхцөл нь идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог өдөөж байгааг харуулж байна. Харин эсрэгээрээ, либерал ардчиллын үнэт зүйлс сул байхад улс төрийн оролцоо төр засагт итгэх итгэлийн түвшнээс үл хамааран доогуур хэвээр байна. Нэмж дурдахад, уламжлалт нийгмийн үнэт зүйлийн дан нөлөө болон төр засагт итгэх итгэлтэй харилцан үйлчлэлийн нөлөө аль аль нь илрээгүй (Зураг 8.6 баруун хэсэг).
Таамаглалын хувьд Т1 ба Т3 баттай байна. Мөн уламжлалт нийгмийн үнэт зүйлийг үгүйсгэсэн (ямар нэгэн ач холбогдолтой зөрүү байхгүй гэж таамагласан) Т6 мөн ажиглагдлаа.
Хэлэлцүүлэг ба үр дагавар
Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орон, бүс нутгийг өргөн хүрээнд хамарсан, 20 жилийн урт хугацааны мэдээлэлтэй таван удаагийн Азийн Барометрийн судалгаа нь бидэнд либерал ардчиллын үнэт зүйлс болон уламжлалт нийгмийн үнэт зүйлийн утга учир, тэдгээрийн улс төрийн оролцоонд үзүүлэх нөлөөг судлах үнэлж баршгүй боломжийг олгож байна.
Бид уламжлалт нийгмийн үнэт зүйлс нь төр дэх холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоонд дэмждэг ганц нөлөөтэй болохыг тогтоосон бол либерал ардчиллын үнэт зүйлс нь төр дэх идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог харуулж, төр засагт итгэх итгэлтэй харилцан үйлчилж байв. Системд итгэх итгэлгүй байх нь Зүүн болон Зүүн Өмнөд Азийн хэмжээнд либерал ардчиллын үнэт зүйлсийг баримталдаг хүмүүсийн идэвхт хэлбэрийн улс төрийн оролцоог өдөөж байна. Хэдийгээр бид үнэт зүйлс болон төр засагт итгэх итгэл нь улс төрийн оролцоонд ялгаа гаргадаг болохыг харуулсан ч, тэдгээрийн нөлөөний хэмжээ нь заавал нийт оролцооны түвшинг хүчтэй өөрчилнө гэсэн үг биш гэдгийг тэмдэглэх нь чухал. Зураг 8.5 болон 8.6-аас харж байгаачлан үнэт зүйлийн ялгаа нь нийт дүр зургийн хувьд тийм ч их биш байна. Мөн энд илэрсэн статистикийн ач холбогдол нь түүврийн хэмжээ маш их байсантай холбоотойгоор ач холбогдолтой болж харагдсан байж болох тул үр дүнг тайлбарлахдаа болгоомжтой байх шаардлагатай.
Гэсэн хэдий ч, энэ бүлгийн үр дүн ямар үр дагавар, нөлөөтэй вэ? Хамгийн чухал нь, улс төрийн тогтолцоо, соёл, шашны уламжлалын хувьд ихээхэн ялгаатай Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт үнэт зүйлсийн улс төрийн оролцоонд үзүүлэх нийтлэг нөлөө илэрсэн явдал юм. Энэ нь заавал тэмдэглэхүйц үр дүн биш ч ардчиллын практикт бүх нийтийн утга учир бүхий дүгнэлт гэж үзэж болох юм. АБС-ны нэг зорилго нь Азийн дотоод дахь олон янз байдал, ялгаатай байдлыг үл харгалзан иргэдийн улс төрийн амьдрал дахь нийтлэг шинжүүдийг олж тогтоох явдал байсан. Энэ судалгааны үр дүн нь тэр зорилгын төлөө хийсэн нэгэн жижиг алхам юм.
Ном зүй
- Almond, Gabriel A., and Sidney Verba. 1963. The Civic Culture: Political Attitudes and Democracy in Five Nations. Princeton: Princeton University Press. http:// www. jstor.org/stable/j.ctt183pnr2.
- Chu, Yun-han, and Min-hua Huang. Unpublished. “Four Orientations to Democracy.” (2011)
- Ikeda, Ken’ichi. 2013. “Social and Institutional Trust in East and Southeast Asia.” Taiwan Journal of Democracy 9 (1): 13-45. http://www.tfd.org.tw/export/ sites/ tfd/files/publication/journal/dj0901/002.pdf.
- Niemi, Richard G., Stephen C. Craig, and Franco Mattei. 1991. “Measuring Internal Political Efficacy in the 1988 National Election Study.” American Political Science Review 85 (4): 1407-1413. doi:10.2307/1963953.
- Norris, Pippa. 1999. Critical Citizens: Global Support for Democratic Government. Oxford: Oxford University Press.
- Putnam, Robert D. 2000. Bowling Alone: The Collapse and Revival of American Community. New York: Simon & Schuster. https://scholar.harvard.edu/ robertputnam/ publications/bowling-alone-collapse-and-revival-americancommunity.
- Putnam, Robert D., Robert Leonardi, and Raffaella Nanetti. 1993. Making Democracy Work: Civic Traditions in Modern Italy. Princeton: Princeton University Press. http://press.princeton.edu/titles/5105.html.
- Qi, Lingling, and Doh Chull Shin. 2011. “How Mass Political Attitudes Affect Democratization: Exploring the Facilitating Role Critical Democrats Play in the Process.” International Political Science Review 32 (3): 245-262. doi:10.1177/0192512110382029.
- Raudenbush, Stephen W., and Anthony S. Bryk. 2002. Hierarchical Linear Models: Applications and Data Analysis Methods (Second Edition). Thousand Oaks, CA.: Sage Publications. https://us.sagepub.com/en-us/nam/hierarchicallinear-models/ book9230.
- Rosenstone, Steven J., and John Mark Hansen. 1993. Mobilization, Participation, and Democracy in America. New York: Macmillan Publishing Company.
- Ken’ichi Ikeda (Ph.D.) has been a professor in the Department of Media, Journalism and Communications at Doshisha University, Kyoto, Japan since April 2013, after 21 years of teaching at the University of Tokyo. He is interested in social/political participation, voting behavior, and the mediated effects of Internet use on political behavior. He published books such as Political Discussion in Modern Democracies: A Comparative Perspective in 2010 (co-editor, Routledge), Social Networks and Japanese Democracy in 2011 (with Sean Richey, Routledge), and International Encyclopedia of Political Communication in 2015 (3 Volumes, associate editor, Wiley- Blackwell), and Contemporary Japanese Politics & Anxiety Over Governance in 2023 (single authored, Routledge). In Japanese, he published more than 20 books in these 30 years. ↩︎
- Тайлбар: JP: Япон, HK: Хонконг, SK: Өмнөд Солонгос, CH: БНХАУ (Эх газрын Хятад), MO: Монгол, PH: Филиппин, TW: Тайвань, TH: Тайланд, ID: Индонези, SG: Сингапур, VN: Вьетнам, CB: Камбож, ML: Малайз, MY: Мьянмар. Дугаарууд нь судалгаа хийгдсэн онуудыг илэрхийлнэ. ↩︎
- Хувьсагч дутуу байсан судалгаанууд: Монголын хувьд эхний судалгааны (насны мэдээлэл), Камбож болон Хонконгийн хувьд хоёр дахь судалгааны (идэвхт оролцоо)-ны мэдээлэл шинжилгээнээс хасагдсан. Харин тав дахь судалгааны Энэтхэг ба Австралид Азийн барометрийн анхны судалгаа хийгдсэн учир, шинжилгээнд нийцтэй байдлыг хангах зорилгоор мөн хассан. Иймээс, тав дахь судалгааны шинжилгээнд хамрагдсан улс нь Япон, Өмнөд Солонгос, Монгол, Филиппин, Тайвань, Тайланд, Индонези, Вьетнам, Малайз, Мьянмар юм. ↩︎
- Азийн барометрийн тав дахь судалгаанд улс төрийн оролцооны хувьсагч нь оролцооны давтамжийг илүү нарийвчлан хэмжсэн боловч эхний дөрвөн судалгааны хэмжүүртэй тааруулахын тулд нэгтгэн боловсруулсан. ↩︎
- Хэрэв бид LDV-ийн энэхүү хэмжүүр болон дараагийн TSV хэмжүүрийн дундаж утгыг ашиглавал (өөрөөр хэлбэл, хариулт дутуу тохиолдолд тухайн хариултыг орхин дундажийг тооцох), бүх хувьсагч бүрэн бөглөгдсөн өгөгдлийн санг ашигласантай харьцуулахад зорилтот түүврийн хэмжээ 10 хувиар нэмэгдэх тул бид дундаж утгыг ашигласан. ↩︎
- Анализийн горимыг доор үзүүлэв (хамааралтай хувьсагчид CONTACTPA болон ACTIVEPA). Түвшин-1 Загвар E(DEPENDENTij |βj ) = λij log[λij ] = ηij ηij = β0j + β1j *(LDVij ) + β2j *(TSVij ) + β3j *(GOVTRUSTij ) + β4j *(WVSTRUSTij ) + β5j *(PINTERESij ) + β6j *(EFFICij) + β7j *(GOV_LDVij ) + β8j *(GOV_ TSVij ) + β9j *(URBANij ) + β10j *(EMPLOYEDij ) + β11j *(GENDERij) + β12j *(AGEij ) + β13j *(EDUCATIOij ) Level-2 Model β0j = γ00 + γ01 *(WAVEj ) + γ02 *(LDVj ) + γ03 *(TSVj ) + γ04 *(GDP_CAPj )+ γ05 *(FREEDOMj ) + u0j β1j = γ10 + u1j β2j = γ20 + u2j β3j = γ30 + u3j β4j = γ40 β5j = γ50 β6j = γ60 β7j = γ70 + u7j β8j = γ80 + u8j β9j = γ90 β10j = γ100 β11j = γ110 β12j = γ120 β13j = γ130 LDV, TSV, GOVTRUST, WVSTRUST, PINTERES, EFFIC, GOV_LDV, GOV_TSV, AGE, EDUCATIO бүлгийн дундаж (mean) утгын эргэн тойронд төвлөрсөн. WAVE, LDV, TSV, GDP_CAP, FREEDOM нийт дундаж утгын эргэн тойронд төвлөрсөн. Хүснэгт 8.1 болон 8.2 тогтмол үр нөлөөг харуулсан. Гэхдээ (энд харуулаагүй боловч) хоёр HLM шинжилгээ хоёуланд нь бид тогтмол гишүүн, LDV, TSV, төр засагт итгэх итгэл, мөн итгэлцэл ба хоёр үнэт зүйлийн харилцан үйлчлэлийн нэр томьёог санамсаргүй нөлөөлөл болгон оруулсан. Бүх нөлөөлөл нь 0.001 түвшинд статистикийн хувьд ач холбогдолтой гарсан. ↩︎
- Азийн барометрийн хамгийн сүүлийн судалгаанд холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцоо өссөн харагдаж байгаа боловч энэ нь өмнөх судалгаанд хамааралтай хувьсагчдын зарим нь дутуу байсантай холбоотой хийсвэр үр дүн гэж үзэж байна. ↩︎
- удалгааны нөлөөний хувьд ч мөн адил шалтгааны улмаас холбоо тогтоох хэлбэрийн улс төрийн оролцооны шинжилгээнд гарсан шиг статистикийн ач холбогдолтой дүн илэрсэн. ↩︎
