Д.Бадамдаш
Шинэ толь №64, 2009
Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Алексис де Токвилийн дэвшүүлсэн санааг ургуулан, ардчиллын бэхжилтэд иргэний нийгмийн гол оролцогчид ялангуяа эвлэл холбоодын үүрэг нөлөө ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэж ирлээ. Жишээлбэл, Роберт Патнэм (1993) сайн дурын эвлэл холбоодын сүлжээ ихтэй иргэний нийгэмтэй байх нь ардчилсан институчлэлийн үйл ажиллагаанд ихээхэн эерэг нөлөөтэй болохыг баталжээ. Харин Майкл Фоли, Боб Эдуардс хоёр (1996) иргэний нийгэм нь авторитар төрийг эсэргүүцэхэд олон түмнийг дайчлах болон ерөнхийдөө “сайн үйлт” иргэдийг бий болгоход чухал үүрэгтэй гэж үзжээ. Ларри Даймонд (1999) бие даасан эвлэл холбоодоос бүрдэх иргэний нийгэм нь ардчилсан шилжилт болон цаашдын бэхжилтэд нь нөлөөлдөг тул ардчилалд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна. Жэймс Гибсон (2001) нийгмийн сүлжээ холбоо нь иргэний нийгмийн нэг чухал шинж болохын хувьд Орос оронд ардчиллын үзсэл санааг дэлгэрүүлэх, түгээхэд чухал үүрэгтэйг үзүүлжээ. Ийм үндэслэлийн үүднээс иргэнийн нийгмийг судлагч нар ардчиллын эрч хүч нь эвлэл холбоодын мөн чанар, нягтшилаас (Warren 2001) хамаардаг гэдэгтэй санал нийлдэг байна. Тиймээс тэдний үзэж байгаагаар ардчиллын чанар, бэхжилтийг тодорхойлогч хамгийн гол биш юм гэхэд нэлээд чухал хүчин зүйлд эрч хүч дүүрэн иргэний нийгмийг оруулдаг ажээ.
Энэ судалгаанд нийгмийн босоо шаталсан тогтолцоог дэмджэг үл итгэлцэлийн нийгэм-соёлын уламжлал хүчтэй байдаг Азид (Рикиуата 1995; Руе 2001) эвлэл холбоод нь ардчилагдах үйл явцад хэрхэн нөлөөлж буйг авч үзэх болно. Уг үр нөлөөг хэмжихээр Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Монгол, Тайланд, Индонез, Сингапур, Япон, Малайз зэрэг тус бүс нутгийн Юорныг сонгон авсан юм. Эдгээр орон нь улс төрийн нөхцөлийн хувьд хоорондоо нэлээд ялгаатай. Тухайлбал, Япон бол харьцангуй удаан хугацаанд ардчилал тогтсон бол Өмнөд Солонгос, Тайван, Монгол, Индонезид ардчилал дөнгөж бүрэлдэж байгаа юм. Филиппин, Тайланд хоёр мөн шинээр төлөвшиж буй ардчилсан дэглэмтэйд тооцогдож байснаа саяхнаас больсон. Харин Сингапур, Малайз, Вьетнам гурав ардчилсан дэглэмтэй биш. 2007 оны Фрийдом Хаусын илтгэлд (Freedom House 2007) Япон, Өмнөд Солонгос, Тайван, Монгол, Индонез зэрэг нь сонгуульт ардчилал бөгөөд чөлөөтэй гэж эрэмбэлэгдсэн байна. Улс төрийн болон иргэний эрхийн 7 оноогоор үнэлдэг уг судалгаанд Япон, Өмнөд Солонгос, Тайван тус бүр нь 1.5 оноо авсан байхад. Монгол 2.0, Индонез 2.5 оноо авчээ. Филиппинийг сонгуульт ардчилалтай, хагас чөлөөтэй буюу 3.0 оноогоор үнэлжээ. Малайз, Сингапур хоёр сонгуульт ардчилал биш бөгөөд хагас чөлөөтэй ангилалд буюу 4.0, 4.5 оноог тус тус авчээ. 2006 оны 9 сард гарсан цэргийн эргэлтээс хойш Тайландыг сонгуульт ардчилал гэж үзэхээ больсон бөгөөд 5.5 оноо буюу чөлөөтэй биш хэмээн дүгнэжээ. Харин Коммунист нам эрх барьж буй Вьетнамын хувьд сонгуулийн ардчилалд орохгүй бөгөөд чөлөөт бус буюу 6.0 оноо авчээ. Ардчиллын өнөөгийн түвшингийнх нь талаар янз бүрийн үнэлгээ өгдөг боловч ерөнхийдөө Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Индонез, Тайланд зэрэг оронд ардчилсан шилжилтийн үйл явцад иргэний нийгмийн үүрэг чухал нөлөөтэй байсныг хүлээн зөвшөөрдөг аж (Alagappa 2004; Diamond 1999).
Энэ судалгаанд эвлэл холбоод нь эдгээр Азийн орнуудын хувьд ардчиллыг дэмжихэд эерэг нөлөөтэй эсэхийг шалгаж үзнэ. Мөн, дараахь асуултад хариу авах болно. Үүнд: Эвлэл холбоодын гишүүн иргэд бусдыг харьцуулахад бусад иргэдэд илүү итгэж, харилцан туслалцах, үйлчлэлийн хэм хэмжээнд илүү итгэдэг эсэх, тэд бусдыг бодвол ардчиллыг илүү дэмжиж, авторитаризмыг илүү эсэргүүцдэг эсэх, улс төрийн амьдралд илүү идэвхтэй байдаг эсэх зэрэг болон бусад холбогдох асуудлыг 2005-2007 оны Азийн Барометр судалгааны хүрээнд авч үзэх болно.
Энэхүү судалгаа нь дөрвөн хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэгт, ардчиллыг бэхжүүлэхэд эвлэлдэн нэг дэх нь нийгэмшилтийн ямар үүрэг гүйцэтгэдэг тухай өмнө нь хийгдсэн онол, судалгааг тоймлон авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт, Ази дахь үндэсний хэмжээний эвлэл холбоодыг авч үзэх ба Ази голдуу ямар эвлэл холбоодод оролцох хандлагатайг тодорхойлно. Гуравдугаар хэсэгт, эвлэл холбоодод хамрагдах нь Азийн ард иргэдэд хандлагын болон зан байдлын хувьд ямар нөлөө үзүүлдэг болохыг үнэлнэ. Харин эцэст нь үндсэн дүгнэлтийг тодруулж, энэ нь либерал-олон эшт үзлийн уламжлал багатай
Азийн бүс нутагт ардчилал бэхжихэд ямар ач холбогдолтой болохыг хэлэлцэнэ.
Эвлэл холбоод ба Ардчилал
Хоёр зууны тэртээ туурвисан алдарт Democracy in Атеrica зохиолдоо Алексис де Токвиль (2000) эвлэл холбоодын эрч хүчтэй амьдрал нь Америкийн ардчиллын түлхүүр гэж үзэж байжээ. Тэрбээр, сайн дурын эвлэл холбоод нь хувь хүний эрх чөлөөг хамгаалж, олонхийн дарангуйллаас сэргийлж. “сайн үйлт” иргэдийг бэлтгэж ардчилалд хувь нэмрээ оруулдаг болохыг харуулжээ. Ялангуяа, эвлэлдэн нэгдэх нь хувь хүмүүст иргэнлэг сайн шинжүүдийг бий болгож иргэд хамтын хүсэл сонирхлоо хамгаалах боломжтой болгодгийг онцолж үзсэн нь сонирхол татаж байгаа юм.
Токвилийн үзлээс улбаалан өнөөгийн ардчилал судлаачид, онолчид эвлэлдэн нэгдэхийн соёлын үр нөлөөг чухалчлан үздэг байна. Тухайлбал, The Civic Culture бүтээлдээ Габриел Алмонд, Сидней Верба хоёр (1963) тогтвортой ардчилалд нийгмийн идэвх оролцоо хамгаас чухал болохыг онцолж үзжээ. Иргэдийн хам үйл хэрэг нь нийгмийн чиг хандлага, үнэмшлээс эх үндэстэй бөгөөд эдгээр нь сайн дураар эвлэлдэн нэгдэх явцад төлөвшиж тогтдог ажээ. Чухам эдгээр эвлэл холбоод нь хамтран ажиллах, харилцан туслалцах хэм хэмжээ, зуршилыг гишүүддээ бий болгож үүний үр дүнд иргэний оролцоо хам үйл хэрэгт нөлөөлдөг байна. Эвлэлдэн нэгдэх үйл явц нь бусдад хүлээцтэй байх үнэт зүйлс, ардчилсан институтцийг дэмжихэд нөлөөлдөг тул нийгмийн оролцоо идэвх нь ардчиллыг дэмжигч иргэд байх нэг гол үндэс гэж үздэг.
Making Democracy Work хэмээх бүтээлдээ Роберт Патнэм (1993), иргэний эвлэл холбоод нь ардчилсан засаглалтай нийгмийн капитал гэсэн ойлголтоор дамжин холбогддогийг Италийн орон нутгийн удирдлагын жишээн дээр тайлбарласан байдаг. Түүнийхээр сайн дурын эвлэл холбоодын нягт сүлжээ нь харилцан туслалцах, итгэх, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх замаар нийгмийн капиталыг бий болгож эргээд энэ нь ардчилсан инститциудын чанарыг сайжруулдаг ажээ. Нэгэн түвшинд байгаа эвлэл холбоод нь дотогш гадагш аль аль талдаа ардчилалд ээлтэй байна. Дотогш, гишүүд нь иргэний оролцооны чадвар, туршлагатай болохоос гадна ардчилсан хэм хэмжээ, үнэт зүйлсийг өөрийн болгож байдаг. Гадагшаа, эвлэл холбоод нь ардчилсан төрд иргэдийн сонирхлыг төлөөлж, илэрхийлэхэд нөлөөлж байдаг. Иргэдийн идэвх оролцооны энэхүү нийтлэг нь сүлжээ, итгэлцлэлийн хэм хэмжээ өөрөөр хэлбэл, нийгмийн капиталаар дэмжуулан ардчилсан удирдлагын чанарыг нэмэгдүүлдэг ажээ.
Voice and Equality хэмээх улс төрийн үйлдэцийн талаар хийсэн нэлээд өргөн хүрээний судалгаандаа Сидней Верба, Кэй Шлозман, Хэнри Брэйди (1995) нар улс төрийн оролцооны иргэний волюнтаризм загварыг дэвшүүлсэн юм. Иргэд хэд хэдэн шалтгааны улмаас идэвхгүй байдаг гэжээ. Юуны өмнө мөнгө, цаг хугацаа, иргэний чадвар зэрэг нөөц хүрэлцэхгүй байж болно. Дараагийн шалтгаан нь сэтгэлзүйн бэлтгэлийн хувьд хангалттай биш байж болно. Үүнд: улс төрийг хангалттай сонирхдоггүй, үйл ажиллагааны улс төрийн үр нөлөөд эргэлзэж байгаа гэх мэт. Мөн адил нэг чухал шалтгаан нь иргэд өөрсдийг нь татан дайчлах сүлжээнд идэвхтэй нэгдээгүй байж болно. Тэд дүгнэхдээ эвлэл холбоод нь улс төрийн оролцоонд нөлөөлдөг улс төрийн ур чадвар, нөөц, бололцоог бий болгодог гэж онцолжээ.
Ларри Даймонд (1999, 242) гуравдагч давалгааны ардчиллын онцлог шинжүүдийг шинжлэхдээ ардчиллын бэхжилтэд эвлэл холбоодын нийгэмшүүлэх үүргийг тэмдэглэсэн байдаг. Тэрбээр, иргэний нийгэм нь ардчиллын бэхжилтэд “оролцооны зуршил, сонирхол ур чадварыг хүн ардад бий болгоод зогсохгүй ардчилсан улс төрийн соёлын илүү гүнзгий үнэт зүйлс болох хүлээц, аядуу байдал, зөвшилд хүрэх эрмэлзэл, эсрэг үзэл бодолд хүндэтгэлтэй харьцах зэргийг бий болгох замаар” нөлөөлдөг ажээ.
Ардчиллыг хөгжүүлэхэд эвлэл холбоодын үзүүлэх үүрэг ач холбогдлын талаар хийсэн өмнөх судалгаа, онолуудыг нэгтэн дүгнэхдээ Марк Уоррэн (2001) эвлэл холбоод нь төлөвшлийн, олон нийтийн санаа бодлын, инстутчлэлийн гэсэн гурван чиглэлээр эерэг нөлөөтэйг тогтоожээ. Гишүүдийн дунд ардчилсан чиг баримжааг бий болгодогоороо эвлэл холбоод нь төлөвшлийн нөлөөтэй байхад олон нийтийн санаа бодол, бүлгийн үнэлгээ, үзэл бодол тогтоход болон шууд олон нийтийн шийдвэр гаргаж, хэрэгжүүлснээр инстутчлэлийн нөлөө үзүүлдэг ажээ.
Гэхдээ энэ судалгаанд эвлэл холбоодоос хувь хүмүүст үзүүлж буй нийгэмшилтийн, төлөвшилтийн нөлөөг анхаарах юм. Учир нь эдгээр нөлөөний талаар Токвилийг дэмжигчид онцлон тэмдэглэдэг билээ. Төлөвшлийн нөлөө нь эвлэл холбоод нь ардчиллыг дэмжигч иргэдийг бэлтгэж, тэднийг ардчилсан иргэний ур чадвар, чиг хандлагын хүрээнд бэлтгэж боловсруулж өгдөг сургууль болдог гэж үздэг (van Deth, Maraffi, Newton nad Whiteley 1999). Товчхондоо, эвлэл холбоодод хамрагдах нь “харилцан туслалцах хэм хэмжээ, иргэнлэг сэтгэл, нийгмийн итгэлцлийг дэмжиж, хамтын сайн сайхны төлөө нэгдсэн зорилгод үйл ажиллагаа явуулахад татан оролцуулах нийгмийн харилцааны сүлжээг бий болгож өгдөг” (Edwards, Foley and Diani 2001, 17).
Иймд нийгмийн идэвх оролцоо нь ардчилсан иргэнлэг хүмүүнийг бий болгодог хэмээн судалгааны таамаглалаа дэвшүүлсэн болно. Шинжилгээний хүрээнд ардчилсан иргэнлэг нийгмийг хандлага, үйл хөдлөлийн гэсэн хоёр хэмжээсээр авч үзэв. Хандлагын хэмжээст нийгмийн итгэлцэл, харилцан туслалцах хэм хэмжээ, ардчиллыг дэмжих, авторитаризмыг эсэргүүцэх зэргийг хамруулна. Харин үйл хөдлөлийн хэмжээст улс төрийн идэвх оролцооны олон төрлийг багтааж авч үзлээ. Ардчилсан иргэнлэг нийгмийн эдгээр хэмжээстэй холбогдох хэрээрээ эвсэл холбоодыг ардчилалд бэлтгэдэг сургууль гэж үзэж болох юм. Тэгэхээр, эвлэл холбоод нь Азийн хувьд ардчиллын сургуул ь болж чаддаг уу? Тус бүс нутагт, гишүүн бусчуудыг бодвол эвлэлдэн нэгдэгсэд ардчилсан иргэнлэг хүмүүсийн шинж чанарыг илүүтэй тээж чадаж байгаа юу? Эвлэл холбоод нь энэ бүс нутагт ямар замаар ардчилалд нааштай нөлөө үзүүлэх боломжтой вэ?
Эвлэл холбоодын гишүүнчлэл
Энэ хэсэгт хувь хүмүүс нийгмийн бүлгүүдэд нэгдсэн байдлыг задлан шинжилж Ази дахь эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшинг тодорхойлох юм. Сүүлийн хориод жилийн хугацаанд ардчиллагдах үйл явцын хүрээнд тус бүс нутаг тужид нь нийгмийн янз бүрийн бүлгүүд олноороо бий болсон билээ (Аlagappa 2004). Хэдий ийм бүлгүүд олноор бий болсон нь жирийн иргэдийн дунд эвлэл холбоодод хамрагдах байдал эрс нэмэгдсэн гэсэн үг биш юм. Тэгэхээр хувь хүмүүсийн эвлэл холбоодод хамрагдсан түвшинг шалгаж тогтоохгүйгээр эдгээр нийгмийн бүлгийн гишүүнчлэл нь нийгмийн өргөн далайцтай хамарсан гэж үзэх боломжгүй юм.
Гишүүнчлэлийн түвшинг хэмжихийн тулд судалгаанд оролцогч- доос ямар нэгэн байгууллага, албан бүлгийн гишүүн байсан эсэхийг лавласан болно. Хариултын хувилбарыг санал болгоогүй бөгөөд тэд өмнө нь гишүүн байсан хамгийн чухал гурван бүлгийг нэрлэхийг хүссэн юм. Харин эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшинг хэмжихийн тулд World Values санал асуулга зэрэг нэртэй судалгаанд оролцогчдод бүлгийн жагсаалтаас сонгох хаалттай асуулт хэлбэрээр судалгаа авдаг байна. Ийнхүү манай судалгаанд хамгийн чухал гурвыг нэрлүүлснээр, дээрх болон бусад хаалттай аргаар авдаг судалгаануудтай харьцуулахад хариултын хувилбар нь Азийн Барометр судалгаанд харьцангуй цөөн тоотой гарч байгаа юм. Гэвч нөгөө талаар тус судалгаанд гишүүдийг идэвхтэй, идэвхгүй, шинэ хуучных гэж ялгаж үзээгүй болно.
Хүснэгт 1-д хүн ардын нийгмийн бүлэгт эвлэлдэн нэгдээгүй, нэг бүлэгт орсон эсвэл хоёр болон түүнээс дээш бүлэгт багтдаг гэсэн байдлаар ангилж үзэв. Судалгаанд хамрагдсан улсуудаас Япон эвлэл холбоодын гишүүнчлэлээр хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 10 хүний 7 нь (72%) доод тал нь ямар нэг бүлэгт харьяалагдаж байна. Коммунист дэглэмтэй Вьетнам улс (59%) удаалж, харин хуучин коммунист дэглзмийн үед төрөөс олон түмнийг дайчилдаг тогтолцоотой байсан Монгол улс нэлээд зайтай боловч гуравдугаар байранд (33%) оржээ. Үүний дараа Малайз (32%), Индонез (31%), Тайван (29%), Филиппин (25%), Тайланд (24%), Өмнөд Солонгос (24%) дараалсан байна. Бидний урьдчилан таамаглаж байсны дагуу Сингапур хамгийн бага буюу 10 хүний 1 нь л (10%) ямар нэг бүлгийн гишүүнчлэлд багтаж байна. Иймд эвлэл холбоод нь ардчилсан чиг баримжаа, оролцооны ур чадварыг бий болгох сургуулийн үүрэгтэй гэж үзэхэд Азийн олон орны хувьд иргэдийн маш бага хувь нь л эвлэл холбоодод хамрагдаж байгаа нь ингэж үзэх үндэслэлийг сулруулж байна.
Мөн Япон, Вьетнамаас бусад орны хувьд олон давхар гишүүнчлэлтэй хүмүүс маш цөөхөн хувьтай байна. Энэ үзүүлэлт Өмнөд Солонгост гэхэд л 1/10 буюу 11%, Индонезид 11%, Малайзид 11%, Тайван 10%, Монгол 9%, Филиппин, Тайландад 1/20 буюу 5% байна. Өмнөхийн адилаар Сингапур мөн л хамгийн доогуурт орж байна. Өчүүхэн бага буюу 2% нь л хоёр болон түүнээс дээш байгууллагад эвлэлдэн нэгддэг байна. Харин үүний эсрэгээр Японд бараг тал шахам буюу 45% нь Вьетнамд 24% нь олон бүлэгт эвлэлдэн орсон байна. Азийн ихэнх орны хувьд нэг бүлэгт багтагсдын тоо олон бүлэгт харъяалагдагсадын тооноос илт давуу байна. Харин ганцхан Японы хувьд үүний эсрэгээр олон бүлэгт харъяалагдагсад нэг бүлэгт нэгдэн орсон хүмүүсийн тооноос их байгаа юм. (Хүснэгт 1-ийг үзнэ үү)
Эндээс үзэхэд Япон, Вьетнамаас бусад Азийн орны иргэд нь эвлэлдэн нэгдэх хандлага сулхан болохыг харж байна. Ардчилсан шилжилтийн үед иргэний нийгмийн хөдөлгөөн маш идэвхтэй байсан Өмнөд Солонгос, Филиппин, Тайландын хувьд ч гэсэн жирийн иргэдийн олонхи нь иргэний нийгмийн бүлгээс ангид байж ирсэн байна. Иргэний нийгэм авторитар удирдлагыг эсэргүүцэхэд өргөн олныг дайчилж байсан Тайван, Индонезийн хувьд ч гэсэн нийгмийн оролцооны түвшин доогуур байна. Энд дурдагдан буй улсуудад жирийн иргэдийн 2/3 гаруй нь ямар нэгэн бүлэгт эвлэлдэн нэгдээгүй байна. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хязгаарлагдмал байдаг Сингапурт 10 хүний 9 нь ямар ч бүлэгт багтдаггүй ажээ. Ази даяар иргэний нийгмийн бүлгүүд олноор бий болж байсан ч гэсэн эдгээрт иргэдийн оролцоо хязгаарлагдмал аж. Ардчилагдах үйл явцын хүрээнд иргэний нийгмийн бүлгүүд олноор үүссэн ч Азийн жирийн ард иргэд нь албан болон албан бус байдлаараа салангид тусгаар хэвээр байна[1].
Мөн уг хүснэгтэд эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшин нь тухайн улсын ардчилсан болон эдийн засгийн хөгжлийн түвшинг шууд илэрхийлэх үзүүлэлт биш юм. Иймэрхүү нөхцөлийг Дальтон (2006) Азийн орнуудыг шинжлэхдээ ажиглаж байжээ. Тухайлбал, эдийн засаг, ардчиллын түвшингээрээ доогуур Монгол, Индонези дэх эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшин нь Өмнөд Солонгос, Тайванаас өндөр байгаа юм. Вьетнам, Японы хувьд ардчилал, эдийн засгийн хөгжлийн түвшингээрээ эрс ялгаатай боловч, эвлэлдэн нэгдэх түвшин нь ижил гарчээ. Үүнээс үзэхэд институтчлэлийн ардчилал, эдийн засгийн хөгжилтэй байх нь Азийн хувьд хүчирхэг иргэний нийгмийг бий болгодог гэж үзэх нөхцөл биш.
Эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшингээс илүү жирийн иргэд эвлэлдэн нэгдэж буй нийгмийн бүлгийн хэв маягийг тодорхойлох нь илүү чухал асуудал байдаг (Stolle 2003; Maloney and Rossteutscher 2007). Азийн хүн ардын хувьд ямар төрлийн нийгмийн бүлэгт хамгийн ихээр нэгдэх, мөн ямарт нь хамгийн цөөхөн тоотой нэгдэж байгааг тодруулах нь сонирхолтой юм. 2-р хүснэгтэд, сууц өмчлөгчдийн холбоо, үйлдвэрчний эвлэл, улс төрийн нам, шашны бүлэг, спорт чөлөөт цагийн гэх зэрэг 19 төрлийн нийгмийн бүлэгт гишүүнээр элссэн тархалтыг үзүүлсэн болно. Азийн хувьд хамгийн их гишүүнчлэлтэй бүлэг нь улс бүрт ялгаатэй байна. Тухайлбал, Японы иргэдийн 2/3 (64%) сууц өмчлөгчдийн болон хөршийн холбоонд ордог байна. Үүний дараа (27%) спорт, амралтын клуб, холбоодод гишүүнээр элсдэг байна. Өмнөд Солонгосын эвлэлдэн нэгдэгчдийн хувьд харьцангуй тодорхой хувь буюу 45% нь хүмүүсийг холбодог төгсөгчдийн холбоонд багтдаг байна. Удаад нь шашны бүлгүүд (24%), төрөлх орон нутгийн болоод омгийн холбоодод (24%) багтаж байна. Харин Тайваньд дөрөвний нэг нь спорт, амралт чөлөөт цагийн клубууд (27%), мөн шашны бүлэгт харъяалагдаж байхад Монголын хувьд дийлэнхолонхи буюу 75% улс төрийн намд харъяалагдаж байгаа нь тухайн оронд Коммунист дэглэм нэлээд урт хугацаанд тогтнож байсантай холбоотой болов уу. Хэрэв улс төрийн бүлгүүдэд харъяалагдах нь гишүүдэд улс төрийн ур чадвар хөгжүүлэхэд нөлөөлдөг гэж үзвэл Монголын эвлэлдэн нэгдэгчид бусад Азийн ардчилсан орнуудыг бодвол илүү улс төрийн идэвх оролцоотой байх ёстой бизээ. Индонезид Лалын шашин хамгийн хүчирхэг нөлөөтэй бөгөөд талаас илүү нь (51%) шашны ямар нэг бүлэгт харъяалагдаж байдаг. Нэлээд хувь (39%) нь сууц өмчлөгч болон хөршийн холбоодод харъяалагдаж буй нь айл хотлын харилцан туслалцаа, асуудлыг олноор хэлэлцэж ирсэн уламжлалтай нь холбоотой (Руе 2001). Харин Филиппинд дөрөвний нэг нь (29%) шашны бүлэгт, мөн адил дөрөвний нэг нь (25%) шашны чиглэлийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагад багтажбайна. Сингапурын цөөхөн хувьтэй эвлэлдэн нэгдэгчдийн нэлээд нь 36% нь шашны бүлэгт элссэн байхад дөрөвний нэг буюу 24% нь сууц өмчлөгч болон хөршийн холбоодод ордог байна. Малайзид тавны хоёроос илүү хувь (43%) улс төрийн намд, тавны нэг (22%) хөршийн нийгэмлэгт орж байна. Харин Тайландад талаас илүү (58%) нь хөршийн холбоодод, 36% нь фермерийн болон газар тариалангийн эвлэлд багтаж байна. Вьетнамын эвлэлдэн нэгдэгчдийн 37% нь хөрш, хотлын холбоонд багтаж 29% фермер, тариаланчдын холбоонд элсэж байхад гуравт нь улс төрийн намд (25%) харъяалагдаж байна. (Хүснэгт 2-ийг үзнэ үү)
Бүхэлдээ Азийн ихэнх оронд адилсалтай холбоотой нийгмийн бүлэгт хамрагдах нь хамгийн түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сонирхол гэхээсээ илүү үзэл суртлын, шашны зэрэг бусад төрөлх болон анхдагч шинж чанартай холбоотой адилсалыг онцолдог байна. Иймэрхүү адилсалтай холбоотой бүлгүүд бүлгийнхээ дотоод эв санааны нэгдлийг бэхжүүлэх буюу нийгмийн капиталын “сүүдэртэй тал”-ыг төлөвшүүлэх хандлагатай. (Newton 1999; Putnam 2000; Warren 2001; Putnam and Goss 2002). Жишээлэхэд, Өмнөд Солонгосын эвлэлдэн нэгдэгчид ихэвчлэн нэг сургууль, нэг нутаг, нэг омог зэрэг нийтлэг адилсалд тулгуурлан эвлэлддэг ажээ.
Бас нэг сонирхол татаж буй зүйл нь Өрнөдийн ардчилсан орнуудад ердийн хэм болсон үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллага, бизнесийн холбоод зэрэг эдийн засгийн сонирхолд хөтлөгдсөн иргэний нийгмийн үйл ажиллагаа Азийн хувьд хамгийн бага хэмжээнд өрнөж байна. Түүнчлэн, байгал орчин, хүний эрх зэрэг олон нийтийн зорилготой төрийн бус байгууллагын гишүүнчлэл ч бас маш бага түвшинд байгаа нь сонирхолтой юм. Энэ нь Азийн нэр хүндтэй иргэний нийгмийн бүлгүүд нь гишүүнчлэлийн хувьд дорвитой хүрээ хамарч чадаагүйг харуулж байгаа юм. Мөн Ази дахь иргэний нийгмийн бүлгүүд нь хүмүүсийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх гэхээсээ илүү тэдний хооронд холбоо тогтоох чиглэлд үйлчилж байна. Ийм төрлийн бүлгийн үйл ажиллагаа нь иргэнлэг хэм хэмжээ, ардчилсан үнэт зүйлсийг хөгжүүлэхэд нөлөө багатай байдаг.
Дараагийн шатанд эдгээр нийгмийн бүлэгт ямар хүмүүс харъяалагдаж байна, бүх нас, нөхцөл, хандлагатай хүмүүс жигд эвлэлдэж байгаа эсэх, эвлэл холбоодын гишүүнчлэл нь хүйс, нас, боловсрол, ангийн тэгш бус байдлыг тусгаж байгаа зэргийг судалсан бөгөөд хүснэгт 3-т судалгаанд хамрагдан буй Азийн орнуудын хүн ам зүйн шинжээр нь эвлэл холбоодын гишүүнчлэлийн тархалтыг авч үзэв. Японы хувьд 35-64 насны бөгөөд дээгүүр болон орлого өндөртэй хүмүүс эвлэлдэн нэгдэх хандлага хамгийн хүчтэй байна. Харин ийм хандлага Өмнөд Солонгосын 35-64 насны, эдийн засгийн идэвхтэй хүн амын дунд ажиглагдаж байхад Тайваньд 55-64 насныхан эвлэлдэн нэгдэх хандлага хамгийн өндөр гарчээ. Монголд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодвол эвлэл холбоодод гишүүн байх нь элбэг байна. Харин Индонезид дээд боловсролтой хүмүүс эвлэлдэн нэгддэг бол Филиппинд 65 болон түүнээс дээш насныхан, хамгийн өндөр орлоготой иргэд ийнхүү эвлэл холбоодод элсэх хандлага өндөр байна. Сонирхолтой нь Сингапурт хүн ам зүйн болон орлогын шинжээр ямар нэгэн онц ялгаа ажиглагдсангүй. Малайзид 35-65 насныхан, мөн түүнээс дээш насныхан илүү их эвлэлдэн нэгддэг байхад Тайландад 55-65 насныхан болон хамгийн бага орлоготой иргэд ийнхүү эвлэлддэг ажээ. Вьетнамын хувьд 45-65 болон түүнээс дээш насны, мөн дундаас дээгүүр болон хамгийн өндөр орлоготой иргэд холбоодын гишүүнчлэлд их хамрагдаж байна. Бусад орнуудаас нэлээд онцгойрч байгаа нь Тайландад хамгийн бага орлоготой, боловсролын түвшин доогуур иргэд эвлэлдэн нэгдэх хандлага өндөр гарч байна. (Хүснэгт 3-ыг үзнэ үү)
Нийгмийн оролцоо нь хүйсийн хувьд ихэнх Азийн орнуудад ялгаагүй байгаа боловч Өмнөд Солонгос, Монгол хоёрын хувьд эмэгтэйчүүд харьцангуй оролцоо багатай байна. Бас нийгэм эдийн засгийн байдал өндөр байх тусам гишүүнчлэлийн түвшин мөн адил өндөр гарахгүй байгаа нь сонирхолтой юм. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Филиппинд өндөр боловсролтой, илүү чинээлэг иргэд нийгмийн бүлэгт оролцох эвлэлдэх хандлагатай байхад Тайландад үүний эсрэгээр боловсрол, орлогын түвшин доогуур иргэд эвлэлдэн нэгдэх хандлага өндөр байна. Харин Тайвань, Сингапурт гишүүнчлэлийн тархалтад боловсрол, орлогын түвшин онцын нөлөөгүй байна. Ерөнхийдөө, боловсролыг түгээх, орлогыг нэмэгдүүлэх нь Азид хүчтэй иргэний нийгмийг төлөвшүүлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж болох юм.
Эвлэлдэн нэгдэхийн үр нөлөө
Энэ хэсэгт эвлэл холбоод нь Азийн ардчилалд ямар эерэг нөлөө үзүүлж болохыг авч үзлээ. Токвилийн уламжлалыг баригч судлаачид эвлэл холбоод нь ардчиллын сургууль болдог гэж үздэгийг өмнө дурьдсан билээ. Тэдний үзлээр эвлэл холбоод нь ардчиллыг дэмжигч иргэний шинж чанар болох харилцан итгэлцэл, хүлцэхүйн үзэл, ардчилсан легитим шинж, нийгмийн улс төрийн ур чадварыг төлөвшүүлдэг гэж нотолдог. Ийм нөлөө Азийн орнуудын хувьд хэр зэрэг байдаг вэ? Энэ асуултад хариулахын тулд эвлэл холбоод нь гишүүдийнхээ чиг хандлага болон үйл байдалд хэрхэн нөлөө үзүүлдэгийг шалгаж үзлээ[2].
Иргэний сайн шинжүүд (civic virtues)
Эвлэл холбоодод гишүүн байх нь хандлагын хувьд иргэний сайн чанарыг төлөвшүүлдэг гэдэг. Холбоод нь гишүүддээ харилцан итгэлцэл, харилцан туслалцах хэм хэмжээг суулгадаг. Нийгмийн капиталыг дэмжигч судлаачид эвлэл холбоод бол нийгмийн итгэлцлийн үндсэн эх сурвалж гэж үздэг (Putnam 2000; Hooghe and Stolle 2003). Иргэний сайн шинжийг бий болгож байгаа эсэхийг шалгахын тулд холбооны гишүүнчлэл болон нийгмийн итгэлцэл (social trust)3, харилцан туслалцах хэм хэмжээтэй (norm of reciprocity)[3] хамаарал байгааг шалгалаа.
4-р хүснэгтэд хоёр хувьсахуунт харилцааг илэрхийлж байна. Нэгдүгээрт, Азийн орнууд дахь холбоодын гишүүнчлэлийн түвшин болон нийгмийн итгэлцлийн хоорондын харилцаа янз бүр байна. Япон (.089), Өмнөд Солонгос (.078), Тайван (.078) Монгол (.035) зэрэг оронд нэлээд эерэг боловч маш сулхан харилцаа байна. Харин саяхан цэргийн эргэлт явагдсан Тайландад энэ хамаарал хамгийн өндөр байна (0.114). Харин үүнээс ялгаатай нь Филиппин, Индонез, Сингапур, Малайз, Вьетнамд ийм хамаарал ажиглагдсангүй. Иймд нийгмийн капиталын нөлөө нь Азид тийм ч жигд нөлөөтэй биш аж. Зарим Азийн оронд эвлэл холбоодын гишүүн байх нь бусад иргэдэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхгүй байна.
Хоёрдугаарт, Азийн улсуудад эвлэл холбоодын гишүүнчлэл болон харилцан туслалцах хэм хэмжээнд харилцан хамаарал бага байгааг харж болно. Харин гагцхүү Индонезид сулавтар (.040) боловч эерэг хамаарал ажиглагдлаа. Тэгэхээр Азид бүхэлдээ эвлэлдэн нэгдэгчид нь бусадтай харьцуулахад харилцан туслалцах хэм хэмжээнд илүү итгэдэг зүйл алга байна. Иймд мөн л нийгмийн капиталын нөлөө Азид бас л алга байна гэж хэлж болно. Эвлэл холбоодод гишүүн болон гишүүн бус бүхий л иргэд “өөртэйгөө яаж харьцахыг хүснэм бусадтай тэгэж харьцах” гэсэн алтан дүрмийг баримталдаг ажээ. Азийн орнуудад эдийн засаг, ардчиллын хөгжлийн ялгаанаасаа үл хамааран ийм нийтлэг харилцан туслалцах хэм хэмжээг баримталдаг байна. (Хүснэгт 4-ийг үзнэ үү)
Базаж хэлэхэд Азийн орнуудын хувьд эвлэл холбоод нь гишүүддээ сайн иргэний чанарыгбий болгоход үзүүлэх боломжит[4] нөлөөлөл нь янз бүр байна. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Монгол, Тайландад холбоод нь харилцан туслалцах хэм хэмжээг бус харин харилцан итгэлцлийг бий болгоход нөлөөлдөг байхад Индонезид эсрэгээр харилцан итгэлцэл бус харин харилцан туслалцах хэм хэмжээг суулгадаг аж. Филиппин, Сингапур, Малайз, Вьетнамд эвлэл холбоод нь энэ хоёрыг төлөвшүүлэхэд огт нөлөөгүй байдаг аж.
Ерөнхийдөө, иргэнлэг сайн чанарыг төлөвшүүлэхэд эвлэл холбоодын нийгэмшилтийн үүрэг Азийн орнуудын хувьд нэлээд хязгаарлагдмал байна. Зарим орны хувьд эвлэл холбоодын гишүүнчлэл нь хүн ардад итгэх итгэлтэй холбоотой байдаг[5]. Энэ нотолгоо нь нийгмийн бүлгийн хүрээнд бусадтай хамтран ажилласан туршлага нь нийгмийн капиталыг бий болгох хандлагатай гэсэн үзлийг дэмжиж байгаа мэт байна. Хэдий тийм авч, Азийн орнуудын эвлэлдэн нэгдэгчдийн түвшин нь нийгмийн капиталын бас нэг чухал тулгуур болох харилцан туслалцах хэм хэмжээнд нөлөөгүй байгааг анхаарах хэрэгтэй юм.
Дэглэмийн талаарх чиг баримжаа (Regime orientateions)
Эвлэл холбоод нь ардчилсан лэгитимчлэлд итгэх, авторитар дэглэмийг үл хүлээн зөвшөөрөхөд чухал нөлөөтэй гэж үздэг. Тиймээс эвлэл холбоодоос дэглэмийн талаархи чиг баримжаанд үзүүлэх нөлөөллийг шалгахын тулд эвлэл холбоодын гишүүнчлэл болон ардчиллыг дэмжих[6] болон авторитар засгийг эсэргүүцэх[7] үзэлд үзүүлж буй нөлөөг шинжилж үзлээ.
Хоёр хувьсахуунтай хамаарлыг үзүүлсэн хүснэгт 5-д Азийн ихэнх оронд эвлэл холбоодын гишүүнчлэл болон ардчиллыг дэмжих хоёрын хооронд хамаарал байхгүйг харуулж байна. Эвлэлдэн нэгдэгчид бусад хүмүүсийг бодвол ардчиллыг илүү ихээр дэмжих хандлагатай нь харагдахгүй байна. Харин Япон (.079), Филиппин (.074), Малайзид (.073) эерэг боловч маш сулхан хамаарал харагдаж байна. Зүүн Азийн хамгийн урт насалж буй ардчилсан дэглэм болон Зүүн Өмнөд Азийн хагас чөлөөт эдгээр улсад эвлэл холбоод нь гишүүдээ ардчилсан лэгитимчлэлд сургаж байгаа ажээ. Харин Өмнөд Солонгос, Тайвань, Монгол, Индонез зэрэг азийн шинээр ардчилагдсан оронд эвлэлдэн нэгдэгчид нь бусадтай харьцуулахад ардчиллыг дэмжих хандлага нь илүү байж чадахгүй байна.
Хоёрдугаарт, Японоос бусад ихэнх Азийн орнуудад ардчиллыг дэмжих үзэлд эвлэл холбоодын гишүүнчлэл нөлөө байхгүй байна. Харин Японы хувьд эвлэл холбоодын гишүүнчлэл нь авторитар засгийг эсэргүүцэхэд нөлөөтэй аж. Авторитар дэглэмээс ардчилалд шилжиж буй ихэнх Зүүн Азийн орнуудын хувьд эвлэл холбоодын гишүүнчлэл нь авторитаризмыг эсэргүүцэхэд онцын нөлөөгүй байна. Эдгээр оронд эвлэлдэн нэгдэгч болон бус ялгаагүй иргэний болон цэргийн дарангуйллыг адил хэмжээнд эсэргүүцэж байна. Нийгмийн бүлэгт оролцохгүй байх нь арторитар дэглэмийг эсэргүүцэх хүчийг сулруулахгүй юм. (Хүснэгт 5-ыг үзнэ үү)
Товчхондоо, эвлэл холбоодын гишүүнчлэлээс дэглэмийн талаархи чиг баримжаанд үзүүлэх нөлөө нь улс бүрт харилцан адилгүй байна. Ардчилсан дэглэмтэй Өмнөд Солонгос, Тайвань, Монгол, Индонезийн хувьд болон ардчилсан бус Сингапур, цэргийн эргэлт гарсан Тайланд улсад онцын нөлөө байхгүй байна. Эдгээр оронд эвлэлдэн нэгдэгсэд нь ардчиллыг дэмжих болон авторитаризмыг эсэргүүцэхэд бусдаас онцгой нөлөөгүй байна. Хагас чөлөөт орнууд болох Филиппин, Малайзид эвлэл холбоодын гишүүнчлэл нь ардчиллыг дэмжихэд нөлөөлж буй боловч авторитаризмыг эсэргүүцэх үзэлд нөлөөгүй байна. Харин коммунист дэглэмтэй Вьетнамд энэ нь дэглэмийн талаархи чиг баримжаанд онцын нөлөөгүй байна. Гэтэл ардчиллыг гадны шахалтан дор анх тогтоосон Япон орны хувьд холбоодын гишүүнчлэл нь ардчиллыг дэмжих болон авторитаризмыг эсэргүүцэхэд нөлөөлдөг байна.
Бүхэлдээ эвлэл холбоодын гишүүнчлэл нь ардчилсан легитимчлэл болон авторитаризмыг эсэргүүцэхэд хамгийн голлогч эх үүсвэр гэх нотолгоо хангалтгүй байна. Иймд дэглэмийн талаархи чиг баримжаанд үзүүлж байгаа нөлөөлөл нь маш хязгаарлагдмал. Эдгээр дүн нь Азид эвлэл холбоод нь ардчилсан үнэт зүйлс, итгэл үнэмшлийг сургах сургалтын бааз болдоггүйг харуулж байгаа юм.
Улс төрийн идэвх
Эвлэл холбоодын дараагийн нөлөө нь үйл хөдлөлд чиглэсэн байдаг гэж үздэг. Эвлэл холбоод нь улс төрийн ур чадвар, нөөц, бололцоог бий болгож ингэснээрээ улс төрийн оролцоо идэвхэд нөлөөлж байдаг гэж үздэг. Улс төрийн идэвхид үзүүлэх эвлэл холбоодын нөлөөг нягталж үзэхийн тулд бид түүний улс төрийн сонирхол[8], сонгуульд оролцох[9], сонгуулийн кампанит ажил[10], холбоо харилцаа тогтоох[11], эсэргүүцлийн үйл ажиллагаа[12] зэрэг улс төрийн оролцооны дөрвөн хэлбэрт хэрхэн нөлөөлж буйг тусгайлан авч үзлээ.
6-р хүснэгтэд хоёр хувьсахууны харилцааг үзүүлэв. Юуны өмнө, эвлэл холбоодын гишүүнчлэл улс төрийн сонирхлын хооронд эерэг холбоо байгаа бөгөөд Азид эвлэлдэн нэгдэгсэд нь бусдыг бодвол улс төрд сонирхож, төр засгийн талаарх мэдээ мэдээллийг анхааран ажиглаж байдаг ажээ. Нийгмийн бүлэгт хамрагдах нь улс төрийн мэдээллийг илүү ихээр авч ингэснээр улс төрийн талаархи сонирхлыг өөгшүүлдэг аж. Улс төрийн нам нь хамгийн түгээмэл эвлэлдэн нэгдэх хэлбэр болдог орнууд болох Вьетнам (.202) Малайз (.183) Монгол (.152)-д энэ харилцаа их хүчтэй байна.
Хоёрдугаарт, сонгуульд санал өгөх, холбоодын гишүүнчлэлийн түвшин хамаарал тус бүс нутагт ялгаатай аж. Өмнөд Солонгос (.072), Тайвань (.072), Монгол (.055), Япон (.058) зэрэг оронд сулавтар хамаарал ажиглагдаж байна. Дөнгөж ардчилал нь унаад байсан Тайланд (.048), ардчилсан бус Вьетнам (,050)-д мөн л сулхан хамааралтай нь харагдлаа. Харин шинээр ардчилагдаж буй Индонез, тогтворгүй ардчилалтай байгаа Филиппин улсад холбоодын гишүүнчлэлийн түвшин сонгуулийн оролцоонд нөлөөгүй байна. Харин Сингапурт гишүүнчлэл, сонгуулийн оролцоо нь урвуу (-.051) хамааралтай байгаа нь сонирхолтой юм. Гэтэл хөрш Малайзид нь эвлэл холбоодын гишүүнчлэл нь сонгуулийн оролцоонд хамгийн хүчтэй нөлөөтэй байгаа аж (.141).
Гуравдугаарт, холбоодын гишүүнчлэл нь улс төрийн оролцооны хамгийн энгийн хэлбэр болох улс төрийн кампаний үйл ажиллагаатай нягт холбоотой байгаа нь Азийн ихэнх оронд нийтлэг аж. Эвлэлдэн нэгдэгчид бусадтай харьцуулахад кампанит ажил, цуглаанд оролцож, бусдыг ятгах итгүүлэх үйл ажиллагаанд хамрагдах хандлага хамгийн хүчтэй байна. Ардчилсан бус дэглэмүүдтэй харьцуулахад ардчилсан дэглэмүүдэд нь энэ харилцаа илүү хүчтэй ажиглагдаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгос (.153), Тайвань (.112), Монгол (.231), Индонез (.113), Япон (.086), Филиппин (.102), хүчтэй байхад Сингапур(.034), Тайланд (.045), Вьетнам (.074) зэрэг оронд харьцангуй сул байна. Харин Малайзид л (,270)хамгийн хүчтэй хамаарал харагдаж байна. Монгол, Малайзийн эвлэн нэгдэгсдийн олонхи нь улс төрийн намын гишүүнчлэлээ илэрхий мэдэгдэж байсан нь энэ хамаарал эдгээр оронд хамгийн хүчтэй мэт харагдуулсан байх боломжтой.
Дөрөвдүгээрт, эвлэл холбоодын гишүүнчлэл нь мөн холбоо харилцаа тогтоох үйл ажиллагаанд чухал нөлөөлдөг болох нь Индонез (.270), Монгол (.244), Япон (.197), Өмнөд Солонгос (.159), Малайз (.318), Вьетнам (.389), Филиппин (.188) орны жишээн дээр илэрхий байна. Харин Тайвань (.085) Сингапур (.095) хоёрт харьцангуй сул боловч ач холбогдолтой байна.
Гагцхүү Тайландад л ийм хамаарал огт байхгүй ажээ. Эвлэл холбоодын гишүүн байх нь төрийн албан тушаалтан, улс төрийн нам, төрийн бус байгууллагын зүтгэлтнүүдтэй холбоо тогтооход нааштайгаар нөлөөлдөг байна. Индонез, Монгол, Филиппин, Малайз, Вьетнамд энэ хамаарал хүчтэй байгаа нь тэдгээр оронд тогтсон эзэн-үйлчлүүлэгчийн сүлжээ (patron-client) хүчтэй (Зайдагтай холбоотой байж болох юм (Руе 2001).
Tавдугаарт, Азийн ихэнх оронд эвлэл холбоодын гишүүнчлэл болон эсэргүуцлийн үйл ажиллагаа хоёрын хоорондох хамаарал сул боловч ач холбогдолтой байна. Өмнөд Солонгос (.057), Тайвань (.046). Монгол (.095), Индонез (.084), Япон (.084) зэрэг чөлөөт орнуудаас гадна хагас чөлөөт Филиппин (.061), Сингапур (.024), Малайз (.079)-д ийм байдал харагдлаа. Харин Тайланд, Вьетнамд ийм холбоо ажиглагдахгүй байна. Нийтлэг ажиглагдсан зүйл бол хэдий эсэргүүцлийн үйл ажиллагаа нь иргэний нийгмийн үйл ажиллагааны нэг үндсэн хэлбэр боловч, нийгмийн бүлэгт оролцох нь энгийн улс төрийн үйл ажиллагаа болох кампанит ажил, холбоо харилцаа тогтооход илүү нөлөөлж байгаа бөгөөд эсэргүүцлийн үйл ажиллагаа зэрэг ердийн бус улс төрийн үйл ажиллагаанд бага нөлөөтэй байгаа юм. (Хүснэгт 6-г үзнэ үү)
Үүнээс үзэхэд судалгаанд хамрагдаж буй Азийн орнуудад холбоодын гишүүнчлэл нь иргэдийн үйл хөдлөлд эерэг нөлөөтэй юм. Өмнөд Солонгос, Тайвань, Монгол зэрэг шинээр ардчилсан орон, Япон зэрэг тогтсон ардчилсан оронд эвлэл холбоодын гишүүнчлэл нь улс төрийн сонирхол, 4 төрлийн улс төрийн үйл ажиллагаанд нэлээд нөлөөтэй байна. Хагас чөлөөт Малайз, чөлөөт бус Вьетнамд энэ хамаарал бас байна. Индонез, (Филиппин хоёрт улс төрийн сонирхол, сонгуульд оролцохоос бусад улс төрийн үйл ажиллагааны төрөлд чухал нөлөөтэй байна. Харин Тайландад улс төрийн сонирхол, сонгуульд оролцох, кампанийн үйл ажиллагаанд нөлөөтэй боловч холбоо харилцаа тогтоох, эсэргүүцлийн үйл ажиллагаанд нөлөөгүй юм. Хагас чөлөөт Сингапурт сонгуулийн оролцооноос бусад төрөлд нөлөөтэй байна. Харин дэглэмээсээ үл хамааран ихэнх Азийн оронд эвлэл холбоодын гишүүнчлэл нь холбоо харилцаа тогтоох үйл ажиллагаанд хамгийн их нөлөөтэй нь юм.
Эдгээр дүгнэлт нь иргэний нийгмийн бүлэгт оролцох нь Азид улс төрийн оролцоог өөгшүүлж байдаг болохыг харуулж байна. Бүлэгт хамрагдах, сайн дураараа оролцох, хам үйл хэрэг нь улс төрийн оролцоонд дайчлах нөөц бололцоо, ур чадварыг бий болгодог аж. Өөрөөр хэлбэл, манай судалгааны дүнгээс эвлэл холбоод нь мэдээлэл, сүлжээ, ур чадварыг төлөвшүүлснээр улс төрийн оролцоонд бэлтгэдэг бааз нь болж өгдөгийг харуулж байгаа юм. Азийн ардчилсан орнуудын хувьд эвлэл холбоодын гишүүнчлэл нь иргэдийн үйл хөдлөлд хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйл юм. Ардчилсан бус орнуудын хувд ч гэсэн эвлэл холбоод нь улс төрийн идэвхийг сэргээж байдаг ажээ.
Олон хувьсахуунт шинжилгээ
Энэ хэсэгт нас, хүйс, боловсрол, орлого зэрэг хяналтын хувьсахуунтай хамт, эвлэл холбоодын гишүүнчлэл нь хандлага болон үйл хөдпөлд ямар нөлөөтэйг авч үзнэ. Эдгээр хувьсахуунд хамгийн бага квадраттай энгийн регрессийн шинжилгээ хийж ардчилсан иргэнд эвлэл холбоодын гишүүнчлэл нь ямар бие даасан нөлөөтэйг тодорхойлно. 7-р хүснэгтэд олон хувьсахуунт регрессийн шинжилгээний дүнд бий болсон статистик, бета, стандартчлагдсан регрессийн коэффициентүүдийг харуулж байна.
Эхлээд ардчилсан иргэдийн хандлагад үзүүлэх нөлөөг авч үзье. Нэгдүгээрт, судалгаанд хамрагдсан 10 орны 5-д нь эвлэл холбоодын гишүүнчлэл нь итгэлцэлд үл хамаарах нөлөө үзүүлж байна. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Монгол зэрэг чөлөөт оронд эвлэлдэн нэгдэгчид бусадтайгаа харьцуулахад нийгмийн итгэлцэлд илүү нааштай нөлөөлдөг байна. Харин Индонезид үүнээс өөр. Үүний эсрэгээр Филиппин, Сингапур, Малайз зэрэг хагас чөлөөт орон, чөлөөт бус Вьетнамд эвлэлдэн нэгдэгсэд нь бусадтай харьцуулахад нийгмийн итгэлцэлд илүү онцгой нөлөө алга байна.
Хоёрдугаарт, Азийн 10-аад орны зөвхөн нэг буюу Японд л харилцан туслалцах хэм хэмжээнд эвлэл холбоодын үл хамаарах нөлөө ажиглагдав. Хамрагдаж буй үлдсэн орнуудын хувьд эвлэлдэн нэгдэгсэд харилцан туслалцах хэм хэмжээнд нөлөө багатайг харуулав.
Гуравдугаарт, Япон, Монгол, Филиппин, Малайзид эвлэл холбоодын гишүүнчлэл нь ардчиллыг дэмжихэд чухал нөлөөтэй байгаа юм. Өмнөд Солонгос, Тайвань, Индонез зэрэг шинэ ардчилалсан орон, Сингапур, Тайланд. Вьетнам зэрэг ардчилсан бус оронд эвлэлдэн нэгдэгсэд бусадтай харьцуулахад нь ардчилсан легитимчлэлд илүү ихээр хувь нэмэр болохгүй байгаа нь харагдлаа.
Сүүлд нь хэлэхэд Индонез, Тайландаас бусад тохиолдолд эвлэл холбоодын гишүүнчлэл нь авторитар дэглэмийг эсэргүүцэхэд онцгой нөлөөгүй аж. Харин Тайландад ардчилал нуран унахад эвлэлдэн нэгдэгчид авторитар засгийг эсэргүүцэхэд чухал нөлөө үзүүлжээ. Мөн ардчилал бэхжиж буй Индонезид эвлэл холбоодын гишүүнчлэл нь сөрөг нөлөөтэй байгаа нь сонирхолтой юм. Бусадтай харьцуулахад эвлэлдэн нэгдэгсэд авторитаризмыг юэргүүцэх үзлийг сулруулдаг аж.
(Хүснэгт 7-г үзнэ үү)
Одоо харин үйл хөдлөлд үзүүлсэн нөлөөг тодорхой авч үзье. Юуны түрүүнд, судалгаанд хамрагдсан Азийн улс бүрт эвлэл холбоод нь улс төрийн сонирхолд чухал нөлөөтэй нь харагдав. Хагас чөлөөт, болон чөлөөт бус гэгдэх Сингапур, Малайз, Гайланд, Вьетнамд энэ нөлөө бүр ч хүчтэй байгаа нь сонирхол татаж байна.
Хоёрдугаарт, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг 6 улсад энэ нь сонгуулийн оролцоог өөгшүүлж байна. Малайзиас бусад тохиолдолд энэ нөлөө нь сулавтар байгаа юм. Харин Сингапурт бүр эсрэг нөлөөтэй нь тэмдэглүүштэй. Эвлэлдэн нэгдэгсэд нь бусадтай харьцуулахад сонгуульд оролцох нь бага байх хандлагатай аж.
Гуравт, Вьетнамаас бусад тохиолдолд эвлэл холбоодод багтах нь кампанит үйл ажиллагаанд оролцоход нөлөөлдөг. Малайзид энэ нөлөө хамгийн хүчтэй илэрч байгаа юм. Эвлэлдэн нэгдэхийн кампанит үйл ажиллагаанд оролцоход үзүүлэх нөлөө нь түүний сонгуулийн оролцоонд үзүүлж буй нөлөөнөөс хавьгүй их байна. Харин төр нь сонгуулийн оролцоог зохион байгуулдаг коммунист Вьетнамд, эвлэл холбоодын гишүүнчлэл нь кампанит ажлын оролцоонд нөлөөгүй аж.
Дөрөвт, Японоос бусад Азийн орнуудын хувьд эвлэл холбоод нь холбоо харилцаа тогтооход чухал нөлөөтэй байгаа юм. Монгол, Индонез, Филиппин, Малайз, Вьетнам өндөр байгаа нь Зүүн Азийн улс төрд нийтлэг байдаг улс төрийн эзэн үйлчлүүлэгчийн холбоог харуулж болох юм. Холбоо харилцаа тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө нь сонгуульд оролцох, кампанит үйл ажиллагаанд оролцоход үзүүлж буйгаас өндөр юм.
Тавд, судалгаанд хамрагдан буй Азийн 10 улсын наймд нь эвлэл холбоодын үр нөлөө нь эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэлээд жинтэй аж. Монгол, Индонезид илүү хүчтэй нөлөө ажиглагдаж байгаа бөгөөд Малайзид ийм нөлөө харагдахгүй байна. Тайланд, Вьетнам зэрэг чөлөөт бус оронд эвлэл холбоод нь эсэргүүцлийн үйл ажиллагаанд нөлөө багатай. Гэвч сонгуулийн оролцоонд үзүүлж байгаагаас эсэргүүцлийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө нь хүчтэй боловч, кампанит ажил, холбоо харилцаа тогтоох ажилд үзүүлж буйгаас сулхан байна.
Эдгээр судалгааны дүнгээс үзэхэд эвлэл холбоодын гишүүнчлэл нь хандлагын шинжүүд болох иргэний сайн чанар, ардчилсан легитимчлэлд үзүүлэх бие даасан нөлөө багатай юм. Харин сонгуулийн болоод сонгуулийн бус оролцооны үйл хөдлөлд үзүүлж буй нөлөө нь илүү бодитой, бие даасан шинжтэй байна.
Хураангуй ба дүгнэлт
Сүүлийн арваад жилийн хугацаанд ардчиллын чанар, бэхжилтэд иргэний нийгэм чухал үүрэгтэй хэмээн анхаарч иржээ. Ялангуяа, Токвиллийн уламжлалыг баригчид буюу Нео Токвиллийн урсгал холбоод нь ардчиллын сургалтын бааз нь болдог гэж үздэг. Тэд иргэний нийгэм нь ардчилсан иргэдийг бэлтгэдэг зуршилыг дэмждэг гэж үздэг. Олон эшт үзлийн уламжлал, бие даасан байдал сул Азид Токвиллийн энэ санаа биеллээ олж чадах уу? Азийн ард түмнүүд нийтийн зорилго, сонирхлын төлөө эвлэлдэн нэгдэж, хам үйл хэрэг явуулах хандлага хэр байдаг вэ? Ази даяар эвлэл холбоод нь ардчиллын сургалтын бааз нь болж чадах уу зэрэг асуултад хариу авах үүднээс 2005-2007 оны Азийн Барометр судалгааны тоо баримтыг ашиглан эвлэл холбоодын гишүүнчлэлийн тувшин, түүний ардчиллыг дэмжигч хандлага, үйл хөдлөлд үзүүлэх нөлөөг дүгнэж шинжиллээ.
Нэн тэргүүнд, эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшин нь улс бүрт адилгүй юм. Чөлөөт гэгдэх улсуудад энэ түвшин нь хагас чөлөөт болон чөлөөт бус орнуудаас заавал дээгүүр байх албагүй. Өнгөрсөн хориод жилийн хугацаанд ардчилагдах үйл явцын хүрээнд иргэний нийгмийн бүлгүүд ихээр бий болсон ч, Азийн дийлэнх хүн ард үүнд оролцоогүй хэвээр үлджээ. Эвлэл холбоодын гишүүнчлэлийн ерөнхий түвшин нь тухайн улсын эдийн засаг, улс төрийн хөгжлийг тусгадаггүй болохыг анхаарууштай. Эвлэл холбоодын хамарч буй өнөөгийн хүрээг харвал, Азийн олон оронд хүчирхэг иргэний нийгэм хөгжүүлэх нөөц бололцоо бий.
Хоёрт, мөн Азийнхны хамгийн түгээмэл элсдэг ниймгийн бүлгийн хувьд ялгаатай дүр зураг харагдаж байна. Гэвч ерөнхийдөө, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, бизнесийн холбоо зэрэг эдийн засгийн сонирхлын бүлгүүд хамгийн түгээмэл биш байна. Харин шашны, үзэл суртлын, төрөлх адилсалтай холбоотой түүнийг бэхжүүлэх нийгмийн бүлэг хамгийн түгээмэл гишүүнчлэлтэй байдаг ажээ.
Гуравт, холбоодын гишүүнчлэл нь анги, боловсрол, нас, хүйс зэрэг нийгмийн тэгш бус байдлыг тусгадаггүй байна. Азид эвлэл холбоодын гишүүнчлэл нь нийгэм эдийн засгийн байдлыг дагаж нэмэгддэггүй боловч зарим оронд мөнгө, боловсролтой байх нь нийгмийн бүлэг дэх оролцоог дэмждэг.
Дөрөвт, иргэнлэг чанарт үзүүлэх эвлэл холбоодын нөлөөлөл хязгаарлагдмал. Нийгмийн капиталын онолыг дэмжигч эрдэмтдийн нотолдог шиг эвлэл холбоодын гишүүнчлэл нь Азийн бүх биш зарим оронд л нийгмийн итгэлцэлтэй холбогддог байна. Улмаар ихэнх Азийн оронд харилцан туслалцах хэм хэмжээтэй огт холбоогүй аж. Бүлгийн гишүүнчлэлийн ерөнхий улсын түвшин болон нийгмийн итгэлцэл холбоогүй байна.
Тавд, Латин Америкийн ихэнх орнуудаас ялгаатай нь Азийн ихэнх улсадэвлэлхолбоодньардчиллыгдэмжигчболонавторитаризмыг эсэргүүцэгч чиг баримжааг бий болоход нөлөөлдөггүй байна (Booth and Richard 1998). Эвлэлдэн нэгдэгсэд нь бусадтай харьцуулахад ардчиллыг илүү дэмжих, авторитэризмыг илүү эсэргүүцэх хандлагатай болдоггүй аж. Рассел Дальтон (2006) Азид гишүүнчлэл, ардчиллыг дэмжих хандлага хоёрын хоорондын холбоо сул бөгөөд байрыг нь солиход энэ хамаарал бүр сулхан юм гэжээ. Нэгэнт л үл оролцох нь ардчиллыг дэмжих явдал, авторитаризмыг эсэргүүцэх үйлдэлийг бүтэлгүй болгохгүй л бол эвлэл холбоодын гишүүнчлэлийн доогуур түвшин нь тус бүс нутагт ардчилал бэхжих чухал тулгуур чулуу болохгүй юм.
Эцэст нь хэлэхэд эвлэл холбоодын гишүүнчлэл нь ардчилсан, ардчилсан бус орнуудын ардчиллыг дэмжигч үйл хөдлөлд нөлөөтэй ажээ. Ардчилсан бус орнуудад ч гэсэн эвлэл холбоод нь улс төрийн сонирхлыг хөхиүлж байдаг. Цаашлаад эдгээр Азийн оронд кампанит ажил, холбоо харилцаа тогтоох, эсэргүүцлийн үйл ажиллагаа зэрэг улс төрийн оролцоог урамшуулдаг. Улс төрийн оролцоог дэмжих хирээр эвлэл холбоодын гишүүнчлэлийн нийгмийн тэгш бус байдал нь эмэгтэйчүүд, ядуус, боловсролын түвшин доогуур иргэдийн улс төрийн тэгш бус байдлыг илэрхийлдэг.
Хураангуйлж хэлэхэд, Ази даяар иргэний нийгмийн бүлгүүдэд иргэд маш хязгаарлагдмал түвшинд оролцож хамрагдаж буй. Ийнхүү оролцох нь иргэнлэг чанар, ардчиллыг дэмжигч болон авторитаризмыг эсэргүүцэгч чиг баримжаа бий болоход нөлөөлөхгүй боловч, улс төрийн идэвхийг сэргээсэн улс төрийн ур чадвар, мэдээллийг өгдөг байна. Өөрөөр хэлбэл, хэрэв эвлэл холбоод нь ардчилалд эерэгээр нөлөөлдөг гэж үзвэл энэ нь иргэний сайн чанар, ардчилсан үнэт зүйлс, итгэл үнэмшлийг бий болгох бус харин оролцооны нөөц бололцоо, ур чадварыг бий болгох замаар нөлөөгөө үзүүлдэг ажээ. Ази даяар эвлэл холбоод нь илүү сайн үйлт иргэдээр бус харин илүү идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх замаар ардчилалд сайнаар нөлөөлөх боломжтой. Хэрэв эвлэл холбоодыг ардчиллын сургууль гэж үзэхүл ардчилсан үнэт зүйлс, итгэл үнэмшлийг суулгадаг биш харин иргэдийн улс төрийн оролцоонд түлхэх замаар бэлтгэдэг сургууль гэж үзүүштэй.
Азийн ихэнх орны ардчилсан шилжилтэд иргэний нийгмийн бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэсэн боловч судалгааны дүнгээс харахад эвлэл холбоодын нягтрал болон ардчиллын бэхжилтийн хооронд хүчтэй холбоо тогтоогдоогүй юм. Нэлээд тооны эвлэл холбоод нь иргэнлэг чадвар, ардчилалд чухал чиг баримжааг төлөвшүүлдэггүй тул ардчиллыг бэхжүүлэх үр нөлөөгүй байж болно (Bell 1998; Warren 2001). Эвлэл холбоодын ардчилалд үзүүлэх нөлөө нь тэдгээрийн мөн чанар, туршлагаас ихээхэн хамааралтай. Азид эвлэл холбоод нь ардчилалд яагаад ийнхүү хязгаарлагдмал нөлөөтэй байгааг харуулахын тулд бид эвлэл холбоодын тоо буюу гишүүнчлэлийн түвшингээс илүү ихийг судалж үзэх шаардлагатай.
[1] Эдгээр улсуудад эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний талаар иргэд нь өөр өөр ойлголттой байгаа нь тэдний иргэний нийгмийн бүлэгт оролцох түвшинд нөлөөлөх хандлагатай байна. 2005-7 оны Азийн Барометр судалгаанд хүмүүс ямар нэгэн айдасгүйгээр эвлэлдэн нэгдэх боломжтой гэж үзэж буй хүмүүсийн хувь Японд 57%, Өмнөд Солонгост 64%, Тайванд 77%, Монголд 79%, Филиппин 65%, Тайланд 69%, Индонез 90%, Сингапур 46%, Малайз 71%, Вьетнамд 65% гарсан юм.
[2] Эвлэл холбоодын гишүүнчлэлийг респондентууд аливаа нэг нийгмийн бүлэгт хамрагдаж байгаа эсэхээр хэмжив. Уг хэмжүүр нь хоёр хариулттай: 0 гишүүнчлэл байхгүйг, 1 дор хаяж нэг бүлэгт харъяалагддаг болохыг хэлнэ. Тэгэхээр дор хаяж ямар нэг бүлэгт харъяалагдана гэдэг нь иргэний нийгмийн чухал үзүүлэлт бөгөөд судалгаанд орсон Азийн орнуудын хувьд олон давхар гишүүнчлэлтэй тохиолдол нэлээд хязгаарлагдмал юм. Гэсэн хэдий ч олон гишүүнчлэлийг тусгаж буй үзүүлэлт нь давхардсан адилсал, нөлөөг тогтооход хэрэгтэй.
[3] Нийгмийн итгэлцэл гэдгийг дэлхий нийтэд гол төлөв нэг үндсэн асуултаар хэмжиж ирсэн. Үүнд, Та ихэнх хүмүүст итгэдэг үү, эсхүл хүмүүстэй харилцахадаа энэ талаар болгоомжтой байх ёстой юу? гэсэн асуултаар тодорхойлж, нэг бол 0 (хүмүүстэй харьцахдаа болгОомжтой байх) эсхүл 1 (ихэнх хүмүүст итгэж болно) гэсэн хариулт авна.
[4] Харилцан туслалцах хэм хэмжээг мөн нэг асуултаар шалгасан болно. Үүнд. бэрхшээлд орсон хүмүүс туслах нь эргээд танд хэзээ нэгэн цагт асуудалд орох үед хүмүүст туслана гэдэгт итгэдэг үү? Хариулт 0 (огт санал нийлэхгүй), 3 (итгэлтэй байна) гэсэн үзүүлэлтийн хооронд хэлбэлзэх юм.
[5] Гэвч эвлэлдэн нэгдэгсдийн түвшин нь тухайн улсын хэмжээнд нийгмийн итгэлцэлтэй холбоогүй юм. Хэрэв ингэж үзвэл илүү их эвлэлдэн нэгдэгчидтэй улсад иргэдийн итгэлцэл өндөр байна гэж үзэж болохгүй юм.
[6] Ардчиллыг дэмжиж буй түвшинг хэмжихдээ дараахь хоёр асуулт асуусан болно. Нэгд, Та дараахь гурван бодомжийн алинтай нь санал нийлэх вэ 1/ ардчилал нь ямар ч нөхцөлд бусад дэглэмийн хэлбэрээс үргэлж илүүд байдаг, 2/ зарим нөхцөлд авторитар засаглал нь ардчиллаас илүү байж болох юм 3/ над шиг хүмүүсийн хувьд ардчилсан, ардчилсан бус дэглэм байх нь хамаагүй. Хоёрт, дараахь бодомжуудын аль нь таны үзэл бодолд илүү нийцэх вэ? 1/ Ардчилал манай нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай 2/ ардчилал манай нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх чадваргүй. Энэ хоёр асуултын ардчиллыг дэмжиж буй хариултууд нь 3 оноотой үзүүлэлт болох бөгөөд нийтдээ 0(ардчиллын дэмжлэг байхгүй) 2 (ардчиллыг бүрэн дэмжинэ) хоёрын хооронд хэлбэлзэнэ.
[7] Авторитар дэглэмийг эсэргүүцэх хандлагыг дараахь хоёр асуултаар тодорхойлов. Үүнд, 1/ “Бид парламент, сонгуулийг халж, нэг хүчтэй удирдагчтай байх ёстой”, 2/ “Арми улс орныг удирдах ёстой” гэсэн бодомжуудад санал нийлж буй эсэхийг лавласан болно. Хариулт нь 0 (ямар ч эсэргүүцэл байхгүй), 2 (бүрэн эсэргүүцэлтэй) гэсэн 3 шатлалтай оноогоор илэрхийлэгдсэн болно.
[8] Улс төрийн сонирхлын түвшинг дараахь хоёр асуултаар хэмжиж үзсэн болно. Үүнд: 1/ “Та өөрийгөө улс төрд хэр зэрэг сонирхолтой гэж боддог вэ” 2/ Улс төр, төр засгийн талаарх мэдээллийг та хэр тогтмол анхаарч сонирхдог вэ? Эдгээр асуултыг хариулт нь бүхэлдээ 0 (оролцоо бага) 2 (оролцоо өндөр) гэсэн дүнд хэлбэлзэх юм.
[9] Энд улсын хэмжээнд хамгийн сүүлд болсон сонгуульд оролцсон эсэхийг лавласан бөгөөд 0 (оролцоогүй) 1 (оролцсон) гэсэн хоёр хариулттай.
[10] Кампанит ажлын оролцоог мөн хоёр асуултаар шалгаж үзсэн бөгөөд нэгд, сүүлийн томоохон сонгуульд ямар нэгэн кампанит ажлын уулзалт, цуглаанд оролцсон эсэхийг лавласан. Хоёрт, мөн сонгуульд аливаа нэг нэр дэвшигч, улс төрийн намын төлөө санал өгөхийг бусдад уриалж, итгүүлэх үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг лавласан болно. Хариулт нь 0-2 шатлал бүхий 3 үзүүлэлттэй гарах юм.
[11] Холбоо харилцаа тогтоох үйл ажиллагааг дараахь дөрвөн асуултаар тогтоосон болно. Өнгөрсөн гурван жил дараахь үйлдлийг хувийн, гэр бүлийн, орчин тойрны, төрийн албан хаагч, бодлоготой холбоотойгоор нэг удаа, нэгээс дээш удаа эсхүл огт хийгээгүй эсэх: 1/ Төрийн албан хаагчтай холбоо тогтоосон 2/ Сонгуульт албан тушаал, хууль тогтоох байгууллагын гишүүнтэй холбоо тогтоох 3/ улс төрийн нам, бусад байгууллагын төлөөлөгчидтэй холбоо тогтоосон, 4/ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн зүтгэлтэнтэй холбоо тогтоох зэрэг болно. Эдгээр асуултын хариулт нийлээд 0 (байхгүй) 4 (бүгд) гэсэн 5 шатлалтай үзүүлэлт болох юм.
[12] Эсэргүүцлийн үйл ажиллагааг мөн дараахь гурван асуултаар нягтлав. Үүнд: Өнгөрсөн гурван жилд биечлэн дараахь үйл ажиллагаанд нэг удаа, нэгээс дээш удаа оролцсон болон огт оролцоогүй эсэх, 1/ Засгийн байгууллагад, татвар, шимтгэл төлөхөөс татгалзсан, 2/ Бусадтай хамсан тодорхой асуудлыг анхааруулах, эсхүл өргөх бичигт нэгдэх, 3/ жагсаал, эсэргүүцлийн цуглаанд оролцсон. Хариулт нь 0 (байхгүй) 3 (бүгд) гэсэн 4 шатлалтай үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ.