О.Тунгалаг
/“Тунгаамал төв” ТББ-ын гүйцэтгэх захирал/
Шинэ толь №78, 2015
Төрийн хэрэгт иргэдийн оролцоог хангах, иргэдийнхээ санал, хүсэлтийг авч, гаргаж байгаа шийдвэртээ тусгах асуудалд манай улс эртнээс анхаарч хуульчлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ асуудалд илүүтэй ач холбогдол өгдөг болсон нь сайн хэрэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардчилсан нийгэм бол сүүдрээ нуудаггүй давуу талтай гэж би хэлэх дуртай. Гэтэл албан тушаалтнууд нээлттэй нийгэмд сүүдрээ ч харахаас айдаг болжээ. Бид өөрсдөө ч “бидний сүүдрийг хүн харахгүй байна. Бидэнд сүүдэр ч байхгүй” гэж бодоод байгаа болохоос биш монголын хэрсүү ард түмэн та бидний сүүдрийг байтугай, хөшигний ар дахь драмыг ч нэвт шувт уншиж харж, эгдүүцэх нь эгдүүцэж, бухимдах нь бухимдаж, шоолох нь шоолж байна” ..гэж шүүмжлэн хэлсэн билээ.
Иргэдийн оролцоог хангах, иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахад эрх зүйн орчинг шинэчлэх, иргэний боловсролыг дээшлүүлэх, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, төвлөрлийг сааруулах, төрийн анхан шатны байгууллагад эрх мэдлийг шилжүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагыг хараат бус хэлбэрээр ажиллуулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөх шаардлагатай болно.
Одоо мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжид иргэдийн оролцоог хангах, тэдний зүгээс тавих хяналтыг сайжруулах, төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх чиглэлээр тодорхой зүйл, заалтууд тусгагдсан боловч, хэрэгжилт нь тийм ч хангалттай байж чадахгүй байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн хэрэгт иргэдийн оролцох, шаардлагатай мэдээллээр хангах эрхийг дараах байдлаар хуульчилсан байна. “Төрийн эрх мэдэл зөвхөн ард түмний мэдэлд байна, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.” гэж баталгаажуулж өгсөн билээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж тунхагласан байгаа.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолд “Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна. Төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжинэ. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ.Тэж заасан байна.
Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, гарсан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах, батлагдсан төсвийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанд нийтэд өгөх, төсвийн зарцуулалтыг тайлагнадаг болсон. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас авч хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод нээлттэй санал асуулга явуулж, хурал дээр гарсан саналыг хэлэлцэн тэргүүн ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгодог байхаар хуульчлагдсан нь иргэдийн оролцоог хангахад ихээхэн ач холбогдолтой шийдвэр болсон.
Шилэн дансны тухай хуульд байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр заасан нь иргэдийн зүгээс төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх журмын тухай хууль.Төрийн бус байгууллагын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай зэрэг хуульд иргэдийн оролцоог хангах чиглэлээр олон зүйл, заалтууд байгаа бөгөөд гагцхүү тэдгээрийг зөв хэрэгжүүлэхэд төрийн болон иргэний байгууллагууд санаачлага гарган ажиллах, иргэд өөрсдөө холбогдох хуулиудыг судалж, идэвх чармайлт гарган ажиллавал боломж их бий.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль зэрэг олон хуулиуд батлагдаж, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө иргэдийн саналыг авах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэний хяналтын идэвхжүүлэх талаар олон зохицуулалтуудыг шинээр баталгаажуулсан болно.
Хуульд заагдсан иргэдийн оролцоог хангах дээрх эрх мэдлийг иргэд хир зэрэг мэдэж, хэрэгжүүлж байна, эрх зүйн боломжоо ашиглах хүсэл, сонирхол тэдэнд аль хир байна, иргэдийн эрх зүйн мэдлэг ямар байгаа зэрэг нь өөрөө чухал асуудал юм. Эрх зүйн орчин хангалттай бүрдсэн боловч түүнийг иргэдэд сурталчилж, тайлбарлах ажил хийгдэхгүй, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн хүртээмж хангалттай биш, шаардлагатай мэдээллийг хэвлэл мэдээллээр хүртээмжтэй түгээхгүй байгаа зэрэг олон шалтгааны улмаас иргэдийн оролцоо харьцангуй муу байгаа нь судалгаанаас харагдаж байна.
- Хаанаас мэдээлэл авах талаар мэдлэггүй 68 хувь
- Мэдээлэл тараагддаггүй 70 хувь
- Хэрхэн оролцох талаар мэддэггүй 67 хувь
- Мэдээлэл авах талаар асуугаагүй 81хувь
- Төсвийн талаар мэдлэггүй 23 хувь
- мэдэх сонирхолгүй 13 хувь
Энэ дүн нь иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах, тэдний санал бодлыг төрийн байгууллагаас гарах шийдвэрт тусгах асуудал амьдралд хэрэгжихдээ харилцан адилгүй байгааг илтгэж байгаагаас гадна төрийн байгууллагаас хууль, тогтоомжийг сурталчлах, иргэдийн оролцоог хангах боломжийг бий болгох талаас нь илүү анхаарал хандуулахыг шаардаж байна.
Иргэдээ хамгийн ойр ажиллаж, тэдний саналыг сонсдог, иргэн, төрийн байгууллага хоёрын дунд гүүр болж ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид билээ. Хурлын байгууллага, төлөөлөгчид иргэдийн оролцоог хангах үүрэгтэй учраас энэ асуудлыг дэлгэрүүлэн тайлбарлая.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч иргэдийн оролцоог хангах чиглэлээр хэрхэн ажиллах вэ?
- Хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал санаачлах эрхээ хэрэгжүүлэх;
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлогч, тухайн орон нутаг ямар асуудалд гол анхаарлаа чиглүүлж, хөрөнгө мөнгөө юунд зарцуулах, ард иргэдийн хүсэл, сонирхлыг судалж, тэдний хүчийг нэгтгэн, үр ашигтай ажил зохион байгуулах тухай шийдвэрийг гаргах үүрэгтэй байгууллага. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад шат шатны Хурлын байгууллага, асуудал санаачилж, шийдвэр гаргуулах үүрэг бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүр дүгнэлт хийж, санаачлагатай ажиллах хэрэгцээ маш их байна. Энэ үүргийн хэрэгжилт шаардлагын түвшинд хүрэхгүй байгаатай олон хүн санал нэгдэнэ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал санаачилж оруулах, доод шатны Хурал, нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагаас асуудал оруулахаар тавьсан саналыг ажил хэрэг болгож, шийдвэр гаргуулах талаар төлөөлөгчид идэвх гарган ажиллах нь юу юунаас илүү чухал байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрх бүхий субъектуудын тоог нэмэгдүүлж өгсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан буюу тэргүүлэгчдийн хуралдаанд Хурлын Тэргүүлэгчид, ажлын хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэйн дээр, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно. Харин асуудал оруулахаар бол төсөлдөө холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.
Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд Тэргүүлэгчдийн хуралдаан буюу бусад хуралд асуудал санаачлан оруулахаа Хурлын даргад мэдэгдэж, материалаа бэлтгэж ирүүлэх хугацааг тодорхой зааж өгсөн байдгийг төлөөлөгчид болон бусад албан тушаалтнууд судалж мэдсэн байх шаардлагатай.
Хуралд асуудал оруулах эрхтэй гэсэн дээрх хуулиар олгогдсон эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид мөн асуудал оруулах санал тавих эрхээ тухайн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, доод шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн нийтийн хурал, баг, хорооны Засаг дарга нар, иргэдэд сурталчилж, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.
- 3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын байгууллага нь иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах, олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутагдэвсгэрдэхтөрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах үүргээ хэрэгжүүлэх;
Хурлын төлөөлөгчид тогтсон хугацаанд иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, хэлэлцэгдэж байгаа хууль, бусад шийдвэрийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авч холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг тогтмол хийж байх үүрэгтэй. Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас шалтгаалж, эдлэх ёстой эрхээ бүрэн эдлэхгүй байх, эрх ашиг нь хохирох асуудал гаргахгүй байх талаас нь төлөөлөгчид санаа тавин ажиллах учиртай.
- сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах;
- Иргэдийн баяр тэмдэглэлт арга хэмжээг хамтран зохион байгуулах;
- төлөөлөгчийн нэрэмжит ажлыг зохион байгуулах;
- нийтээр дагаж мөрдөх, иргэдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийн төслөөр санал авах;
- иргэдийг холбогдох байгууллагын шагналаар шагнуулахаар уламжлах;
- иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох албан 9. тушаалтанд асуулга, асуулт тавих, хариуг авах; 9.зарлагдсан төслийг хэрэгжүүлэхэд иргэдэд зохих туслалцаа дэмжлэг үзүүлэх гэх мэт.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба төлөөлөгчөөс холбогдох албан тушаалтанд тавьсан асуулт, асуулгын хариуг сонсох журмыг боловсруулан батлуулж, асуулгын хариуг сарын тодорхой нэг өдөр сонсдог байвал сонирхсон байгууллага, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох боломжоор хангагдана гэж үзэж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж байгаа хэлбэрүүд:
Нутгийн өөрөө удирдах байгууллагаас иргэдийн оролцоог хангах талаар ажиллаж байгаа арга хэлбэр сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж байгаа бөгөөд иргэдийн саналыг авч, тухайн засаг захиргааны нэгж жил бүрийн төсвөө баталдаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах, түүний гүйцэтгэлд хяналт тавих ажилд иргэдийн оролцох оролцоо шинэ шатанд гарсан гэж хэлж болно.
- Иргэний танхим, мэдээллийн самбар, цахим хуудсаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, авах;
- Санал асуулга зохион байгуулах;
- Хурлын болон төлөөлөгчийн “Нээлттэй хаалганы өдөр’’, “Нээлттэй цаг” арга хэмжээг явуулах;
- Иргэний зөвлөл, Хяналтын зөвлөл байгуулан ажиллуулах;
- Үнэлгээ хийх ажилд иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагыг оролцуулах;
- Хамтарсан ярилцлага, санал солилцох уулзалтыг зохион байгуулах;
- Жагсаал, цуглаан, хэвлэлийн бага хурал хийх;
- Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Цахим хуудас, мэдээллийн бусад хэлбэрээр иргэдийн санал, хүсэлтийг хүлээн тодорхой цаг хугацаанд авдаг байх;
- Саналын хайрцаг, дэвтэр ажиллуулах;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон тэргүүлэгчдийн хуралдаан, бусад хурал, зөвлөлгөөнд иргэдийн төлөөллийг урьж оролцуулах;
- Нээлттэй утас ажиллуулах;
- Үзэсгэлэн гаргах, яармаг худалдааг зохион байгуулж иргэдийг оролцуулах
- Төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, гэрээ байгуулж зарим ажлыг гүйцэтгүүлэх;
- Фокус ярилцлага зохион байгуулах гэх мэт.
Иргэд, төрийн бус байгууллагууд Хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа хэлбэрүүд:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд асуудал оруулахаар санал тавих;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхэд оролцох, иргэд, төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр дүнг тусгайлан сонсдог байх;
- Баг, хорооны иргэдийн нийтийн Хурлууд нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагын тайланг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэх;
- Иргэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцож, үг хэлэх;
- Хурлаас гарах шийдвэрийн төсөлд санал өгөх, гарсан тогтоолтой танилцаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох;
- Архивын материалтай танилцах боломжтой байх.
Иргэдийн оролцоо сул байгаагийн гол шалтгаан нь иргэд оролцох эрхтэйгээ мэддэггүй, оролцох учраа олдоггүй, мэдсэн ч оролцохыг хүсдэггүй байдагтай холбоотой. Мөн иргэдийн зүгээс төрийн байгууллагад итгэх итгэл суларсан, тэднийг оролцуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Тамгын газрын зүгээс санаачлага гаргаж ажиллахгүй байгаатай ч холбоотой юм.
Цаашид яаж ажиллах вэ?
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд хуралдааныхаа дэг, бусад журмаа шинэчлэх ажлыг хийх шаардлагатай байгаа юм. Ялангуяа Хурлын ил тод, үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах зүйлийг тусгах.Үүнд:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр иргэд чөлөөтэй орж, ажиглах нөхцлийг бүрдүүлэх, явуулын хуралдаануудыг зарим асуудлаар зохион байгуулах;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд иргэд асуудал оруулж хэлэлцүүлэх эрхийг хангах талаар хуралдааны дэгд тусгаж хэрэгжүүлэх, нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, иргэдийн саналыг авах ажпыг зохион байгуулах;
- Хуралдааны тов, хэлэлцэх асуудал, иргэдийн саналыг хэдийд сонсох, хэзээ санал хураах зэргийг урьдчилж мэдээлж байх;
- Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдуулж хуралдаанаас өмнө нээлттэй хэлэлцүүлэг хийх, иргэдийн саналыг авах хурал, цуглааныг зохион байгуулах, саналын хайрцаг ажиллуулах;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлтэй сонирхсон иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл танилцах боломжийн талаар дотоод журмандаа тусган хэрэгжүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх чиг үүргийг бий болгож, тэдний эрэлт, хэрэгцээг хангахуйц мэдээллийн санг бүрдүүлэх;
- Цахим мэдээллээ архивладаг, орсон өөрчлөлтийг хугацаа алдалгүй нэмж тусгадаг байхаас гадна иргэдээс ирж байгаа мэдээллийг цэгцэлдэг, санал, гомдлын биелэлтийн талаар иргэдэд буцаж хариу өгдөг байх;
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын судалгааг гаргаж, тэдгээртэй хамтарч ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагааг нь орон нутгийнхаа хөгжилд чиглүүлэх;
- Иргэний танхимын ажиллагааг тогтмолжуулж, байнгын мэдээлэл түгээж байх;
- Мэдээллийн яармаг, үзэсгэлэнг тогтсон хугацаанд нээн ажиллуулж байх;
- Иргэний нийгмийн байгууллагаар зарим төрийн ажил, үйлчилгээнд мониторинг хийлгэх, түүнд зарцуулах зардлыг төсөвтөө тусгах;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тойрогт нь тогтмол хугацаанд ажиллуулдагжурамтай болж, түүнийгээ мөрдүүлж ажиллах, төлөөлөгчдөөр иргэдэд мэдээлэл хийлгэж хэвшүүлэх, төлөөлөгчдийн үйл ажиллагаанд иргэдээр үнэлгээ өгүүлдэг болох;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан, Засаг даргаас гаргасан шийдвэрийг иргэд, байгууллагад хүргэдэг, тогтмол сурталчилдаг өдөртэй байх шаардлагатай гэж үзэж байна.
Ингэж ажилласнаар нутгийн удирдлагаас гаргах шийдвэрийн чанар сайжирч, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, ардчилал бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангах нөхцөл бүрдэж төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэний нийгмийн зүгээс хяналт тавих бодит нөхцөл нэмэгдэнэ. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд ахиц гарах, төрийн албанд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, ашиг хонжоо олох, эдийн болон эдийн бус хэлбэрээр давуу ашигтай байдал болгох зэрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажилд тодорхой түлхэц үзүүлэх юм.
О. Тунгалаг-КАС-Улс төрийн Боловсролын Академийн
Зочин багш. 2015.12.06