Ц.Амарсайхан, А.Буяннэмэх
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Попперын үзэл санаа, Рационализм, Олон ургальч, Мэдлэгийн өсөлтийг, мэтгэлцээн
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-ийн үйл ажиллагааны хүрээнд мэтгэлцээний янз бүрийн хэлбэрүүд өргөн дэлгэрч, нийгэм-улс төрийн идэвхийг дээшлүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Мэтгэлцээн нь хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан байр сууриа тодорхойлох, өрсөлдөгчийн байр суурийг хүндэтгэх хүмүүсийн харилцааны хамгийн ардчилсан хэлбэр юм.
Орчин үеийн нийгмийн практикт өргөн дэлгэрсэн мэтгэлцээний онол-арга зүйн үндсийг К.Поппер боловсруулсан гзж үздэг. Тэгэхлээр мэтгэлцээнийг сонирхогч хүн бүр эл онол-арга зүйн үндэслэлүүдтэй танилцах нь зүйтэй юм. Түүний үзэл баримтлалыг зөвхөн шүүмжлэх талаас нь авч үзсэнээс бус, харин задлан шинжлэх оролдлого манай нийгэм судлалд хомс байна. Иймд манай өнөөгийн нийгмийн амьдралд учир холбогдолтой К.Попперын үзэл баримтлалыг өнгөц боловч тайлбарлах оролдлого хийв.
Карл Раймунд Поппер бол Австри, Английн гүн ухаан, логик, социологийн том төлөөлөгч юм. Тэрээр Австрийн Вена хотод 1902 онд төрсөн бөгөөд Венийн дугуйлангийн идэвхитэй гишүүн байсан. 1945 оноос Англид амьдрах болсон ба Лондоны их сургуулийн профессор, Лондоны эдийн засаг, улс төрийн ухааны сургуулийн гүн ухаан логик, эрдэм судалгааны аргын факультетын декан зэрэг албыг хашиж байв. К.Попперын үзэл баримтлал түүний шавь И.Лакатос, У.Бартли, Т.Кун, Ж.Агасси, Ж.Уоткинс, Х.Шпинер, Г.Альберт, П.Фейерабенд нарын зохиол бүтээлд тусгалаа олж хөгжсөн. Шүүмжлэлт рационализм Америк, Англи, Герман зэрэг оронд ихээхэн дэлгэрч XX зууны 2 дугаар хагаст дэлхийд нөлөө бүхий философийн урсгал болон төлөвшсөн байна. Ялангуяа, 1960 – 1980-аад оны үед энэ онолын нөлөө мэдэгдэхүйц их байсан юм. Учир нь тэрээр шинжлэх ухааны судалгааны гол асуудлыг арга зүйтэй холбон үзсэн бөгөөд тухайн үед хурцаар тавигдаж байсан коммунизмыг эсэргүүцэх онолын арга зүйг боловсруулсан гэж өрнөдийн улс төр судлаачид үзсэн юм.
Шүүмжлэлт рационализмын философийн гол зарчмуудыг К.Поппер Венийн дугуйлангийн гол төлөөлөгчидтэй маргах, хэлэлцэх явцад дэвшүүлсэн болно. Венийн дугуйлангийнхны баримталдаг гол зарчим болох верификацийн зарчмыг тэрээр эрс шүүмжилсэн юм. Логик позитивизм гэж нэрлэгддэг философийн урсгалын гол үзэл баримтлалууд Венийн их сургуулийн Индуктив ухааны философийн тэнхимд анх боловсрогдсон байна. М.Шлик, Бергман, О.Нейрат, Г.Хан, Ф.Вайсман, К.Гёдель, Ф.Кауфман, В.Крафт, Г.Фейгль, Ф.Франк, Гемпель, сүүлд А.Айер, Р.Карнап нарын судлаачид 1920-иод оны үед энэ дугуйлангийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж гол баримтлалуудыг томъёолсон болно.
К.Поппер верификацийн буюу нотлох зарчмын эсрэг фальсификаци буюу няцаах зарчмыг сөргүүлэн тавьжээ.
Попперын баримтлалд гол байрыг эзэлдэг фальсификацийн зарчмыг Д.Баттөмөр багш няцаах зарчим гэж оновчтой тодорхойлсон66 байна. Тэгэхлээр верификацийг түүний эсрэг нотлох зарчим гэж нэрлэж болох юм.
Попперын өөрийнх нь хэлснээр анх марксит үзлийг эсэргүүцэн шүүмжлэхийн тулд няцаах зарчмыг томъёолсон байна. К.Попперын марксизмыг шинжлэх ухаанд харш номлол гэдгийг харуулахыг зорьжээ. Марксизмыг баримтлагчид нийгмийн амьдралын олон баримтаар марксит сургаал батлагдаж нотлогдож байна гэж үздэг нь түүнийг гайхшруулсан байна. Иймд тэрээр энэ онолын эсрэг энэ гайхалтай нөхцөл байдлыг нь ашиглахаар шийджээ. К.Попперын үзсэнээр шинжлэх ухааны онол нь бүх баримтуудтай тохирох албагүй, харин жинхэнэ шинжлэх ухааны онол байхын тулд зарим баримтуудыг үгүйсгэх, тэдэнтэй тохирохгүй байх явдал юм. Боломжит баримт үйл явдлыг гаргахгүй байх чадвар нь тухайн онолыг шинжлэх
ухаанч шинжтэй болгоно. Хэдий чинэээ олон боломжит баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ, онол нь төдий чинээ шинжлэх ухаанч байна. Өөрөөр хэлбэл, онол хэдий хэр няцаагдаж байна, энэ хэр шинжлэх ухаанч шинжтэй байдаг.
Марксизм нийгмийн амьдралын бүх баримтыг тайлбарлахад бэлэн байдаг, гагцхүү энэ онолтой тохирохгүй үйл явдал байна гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. Ийм учраас К.Поппер марксизмыг шинжлэх ухаанч бус догматик номлол хэмээн нэрийдсэн байна.
К.Попперын энэ байр суурийг өнөөдөр эргэж харахад зарим зүйлийг тодруулах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Юуны өмнө, тэрээр үзэл суртлын тэмцэл хурцадсан үед амьдрач байсан бөгөөд тухайн нийгмийн шаардлагын дагуу үзэл бодлын онцлогтой уялдан марксист онолыг эсэргүүцсэн нь илэрхий. Гэвч тухайн үед нь К.Попперын марксизмын эсрэг үзлийг шүүмжилсэн судлаачид цөөнгүй байсан юм. Жишээ нь, Английн философич М.Корнфорт “нээлттэй нийгэм болон нээлттэй философи” зохиолдоо марксизмын догматик шинжийн тухай К.Попперын санааг олон тооны жишээ баримтаар няцаасан байдаг.
Олон ургальч үзлийн үүднээс авч үзвэл марксизм, Попперын шүүмжлэлт рационализм болон бусад олон үзэл баримтлал зэрэгцэн орших нь өнөөгийн нийгмийн философийн хэм хэмжээ болсон байна. Энэ бүх онол хүн төрөлхтний сэтгэлгээний санд зохих хувь нэмрээ оруулж байдаг. Үүний нэг тод илрэл нь орчин үеийн мэтгэлцээний үндэс болсон шүүмжлэлт рационалист философийн арга зүй юм.
- Эрдэм шинжилгээний судалгааны логик. Лондон. 1959,
- Объектив мэдлэг. Oxford 1948,
Дээр бид К.Попперын арга зүйн үндсэн баримтлал нь верификацийн (нотлох) зарчмыг эсэргүүцэж фальсификацийн (няцаах) зарчмыг шинжилгзэ судалгааны төвд тавьсан явдал гэсэн билээ. Неопозитивизмын верификацийн зарчим нь тодорхой онол буюу өгүүлэмж шинжlэх ухааны утгыг илэрхийлэх эсэхийг тогтоодог. Үүн дээрээ тулгуурлан неопозитивизм нэгэнт тогтсон бэлэн мэдлэгийн бүтцийг судалдаг юм. Өөрөөр хэлбэл, верификаци нь статик шинжтэй гэж болно, тэгвэл фальсификаци нь динамик шинжтэй бөгөөд энэ нь мэдлэгийг түүний хөгжилд нь авч үзнэ гэсэн үг юм.
К.Попперынхоор мэдлэгийн хөгжил буюу өөрийнх нь томъёолсноор мэдлэгийн өсөлт гэдэг нь нэг таамаглал нөгөөгөөр солигдох үйл явцыг хэлнэ. Хуучин онол, таамаглал няцаагдах зарчмаар шинэ онол, таамаглалаар солигддог. Мэдлэгийн өсөлтийг К.Поппер дараахь байдлаар схемчилж үзүүлжээ.
Р1 – эхний асуудал
ТТ – дэвшүүлж буй онол, тэр нь хэд хэдэн хувилбартай байж болно. ТТ1,ТТ2, ТТ3 гэх мэт
ЕЕ – онолыг шүүмжлэн хэлцэх, төөрөгдлийг давах
Р2 – шинэ асуудал
Ингэхлээр шинжлэх ухаан асуудлаар эхэлж асуудлаар төгсдөг байна.
Онол таамаглал дэвшүүлэх үйл явц нь оролдох, алдах замаар явагдана. Шинжлэх ухааны арга шүүмжлэлт арга, оролдлого алдааны арга, бидний төөрөгдлийг илрүүлэхийн тулд хатуу ширүүн шүүмжлэлд өртөх ёстой зоримог таамаглал дэвшүүлэх арга болно67.
Ийм учраас шинжлэх ухааны арга нь К.Попперын үзсэнээр олон онолын байнгын өрсөлдөөн, энэ дундаас хамгийн шилдэг онолын шалгаралтай салшгүй холбогдоно. Тухайн асуудлыг тайлбарлах хүч, агуулгаараа илүү онол бусад онолоос шалгарч үлддэг.
Хэдийгээр К.Попперын үзэл баримтлалд субъектив, өрөөсгөл хандлага, сонгодог идеализмтай холбоотой тал ажиглагддаг боловч түүний дэвшүүлсэн шинжпэх ухааны арга зүйн асуудлын үнэ цэнэ нь маргаангүй юм. К.Попперын олон үзэл бодлыг уралдуулж түүний дотроос шилдэг сайныг шалгаруулах тухай үзэл санаа орчин үеийн мэтгэлцээний олон хэлбэрийн үндэс болж өгсөн байна.
Манай оронд К.Попперын мэтгэлцээн хөтөлбөрийг 1993 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-ээс үндэслэсэн байна. Тэр нь монголын хүүхэд залуучуудад нийгэмд идэвхтэй байр суурь эзлэх эрмэлзлэл бий болгох, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж өөрийн үзэл санааг батлах, хамгаалах, бусдын санаа бодлыг сонсож хүлээцтэй хандах, няцаах болон шийдвэр гаргах чадвар эзэмшүүлснээр тэдний хэл ярианы болон харилцааны соёлыг дээшлүүлэх зорилготой.
Нийгэмд өрнөж буюу аливаа үйл явцад дүн шинжилгээ хийж тодорхой тооны хүмүүсээс бүрдсэн баг тухайн асуудлаар өөр нэг багтай үзэл бодлоороо уралдан, асуудалд өөр өөрийн байр сууринаас хандаж, итгэл үнэмшил төрүүлэх нь мэтгэлцээнийг өрнүүлэх үндэс болдог. Мэтгэлцээн нь асуудалд тодорхой шийдэл дэвшүүлснээр мэтгэлцээний хүрээг тодорхойлж, дэвшүүлсэн шийдлийг нотлогч ба няцаагч талууд өөрийн дэвшүүлж байгаа нотолгоо, жишээ баримтуудаар итгүүлэн үнэмшүүлж, олонхийн саналыг өөрийн талд авахыг гол зорилгоо болгодог.
Энэ хөтөлбөрт оролцсоноор хүүхэд, залуучууд асуудлыг олон талаас нь харж тодорхой сэдвээр уншиж, судалгаа хийх, логиктой сэтгэж, өөрийн бодол саналыг ойлгомжтой цэгцтэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэж хамтран ажиллах үйл явцад суралцдаг юм.
Мэтгэлцээнийг явуулах гурван үндсэн зарчим байдаг.
- Суралцахын тулд маргах, суралцах нь ялалт байгуулахаас илүү чухал.
- Шударга байх, хүмүүс зөвхөн үнэнийг л мэдэхийг хүсдэг.
- Өрсөлдөгчөө хүндэтгэх зарчим.
Маргаанаар үзэл бодлын аль нь хүмүүст илүү хэрэгтэй вэ гэдгийг шалгаруулдаг учраас дэвшүүлсэн шийдлийг зөв үндэслэлтэй жишээ баримтаар нотлох нь хамгийн зөв арга юм.
Асуудлыг хоёр талаас нь авч үзэх нь мэтгэлцээнд тэмцээний эхний нэг үед нотлох, дараагийн үед няцаах тал болно гэсэн үг юм. Мэтгэлцээнд нэг баг нотлох ба няцаах тал болон тоглодог нь асуудлыг эерэг ба сөрөг талаас нь харж үнэлж сурахад оршино. Мэтгэлцээнд асуудлыг хоёр талаас нь авч үзэх нь шүүхийн үйл ажиллагаатай төстэй юм аа. Нэгд, шүүх ажиллагаанд яллагч ба өмгөөлөгч хоёр тал оролцдог. Хоёрт. Эдгээр талуудын үг хэлэх боломж ижил байдаг. Мэтгэлцэгчид муу шийдлийг дэмжиж хортой үзэл бодлыг хамгаалах ёсгүй. Асуудлын сөргөлдөөнт талуудыг нягтлан авч үзсэний эцэст санаа бодлоо таниулах нь чухал. Асуудлын эерэг ба сөрөг нотолгоо дэвшүүлж нотолгоонуудыг сонссоны дараа шүүхийн шийдвэр гаргадагийн адил зөв шийдвэр гарах дадлыг эзэмшүүлэх ач холбогдолтой юм. Мэтгэлцээнд оролцсоноор дараахь чадваруудыг эзэмшдэг бөгөөд энэ нь бидний итгэл найдварыг төрүүлж байгаа шинэ зуунд ардчилалд суралцах хэрэгсэл болж байна.
- Бүтээлч сэтгэлгээний чадвар бол санаа бодлоо томъёолон тодорхойлж, хамгаалах үйл явц юм. Энэ чадвар нь асуудлыг ойлгож учир шалтгааны уялдаа холбоотой нотолгоо дэвшүүлэхэд ач холбогдолтой. Хийсвэр санаа бодол болон бодитой асуудлын хоорондох уялдаа холбоог гаргаж бусдын үзэл бодолд анализ хийхэд туслана.
- Судалгаа хийх чадвар нь мэтгэлцэгч судалгаа хийж мэдээлэл олж авна гэсэн үг. Асуудлыг сайн нотлохын тулд сайн дэмжлэг хэоэгтэй байдаг. Нотолгоо энгийн логик холбоогоор дэмжлэг болохуйц жишээ, тоо баримт, ишлэл олж авах нь зайлшгуй чухал. Ингэснээр дэвшүүлж буй нотолгоо үнэмшилтэй болно.
- Өөр нэг чадвар бол үр нөлөөтэй илтгэх, зохион байгуулалттай байх явдал юм. Дэс дараалалтай, эмх цэгцтэй илтгэл байх нь мэтгэлцээнд өөртөө итгэл төгс байхыг харуулна.
- Бас нэг чухал чадвар нь ярих болон сонсох чадварыг хамт ашиглаж сурах явдал юм. Хэрэв эсрэг талаа бүрэн сонсоогүй тохиолдолд тэдний дэвшүүлсэн нотолгоонуудыг бүрэн няцаах боломжгүй юм. Учир нь дэлхийн хамгийн сайн шилдэг илтгэгчид сайн сонсогчид байсан байна.
К.Попперын арга зүйд тулгуурласан мэтгэлцээний хөтөлбөр нь дэлхийн 26 орон, түүний дотор Монголд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр оронд нийгэм улс төрийн маргаантай олон асуудлаар эх хэлнээ болон англи хэл дээр мэтгэлцээн явуулж байна. Энэ нь ардчилал бэхжиж, тодорхой үзэл баримтлал бүхий бие хүн төлөвшихөд зохих үүрэг гүйцэтгэж байна.