А. Буяннэмэх
/СУИС-ийн багш/
Шинэ толь №51, 2005
Түлхүүр үг: Макс Веберийн онолын үзэл баримтлал
Нийгмийн амьдрал эрс хувиран өөрчлөгдөж, зах зээлийн харилцаа төлөвшин тогтнож буй өнөө үед энэ нөхцөл байдлыг гүнзгий ухаарах, тайлбарлах, үүгээр зогсохгүй үзэл баримтлалуудыг нь практик амьдралд хэрэгжүүлэх, онол арга зүйг сонгох шаардлага бидний өмнө нэгэнт тавигджээ.
Энэ шаардлагын дагуу олон эрдэмтэн судлаачид янз бүрийн онолын үүднээс санал бодлоо хэлж нийтэлж, зарим тохиолдолд нийгмийн практикт хэрэгжүүлэхийг оролдох боллоо.
Нийгмийн нарийн төвөгтэй, олон талт амьдрал, түүний өөрчлөлт хувиралыг үйл ажиллагааны онолын үүднээс тайлбарлах нь өрнөж буй үйл явцын үндсэн зүй тогтол, дотоод механизмыг нээн харуулах учир холбогдолтой. Үйл ажиллагааны онолын баримтлалууд нь анхлан гол төлөв өрнөдийн нийгэм судлал, социологийн хүрээнд боловсрогдсон.
Энэ онол аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж, эрс хурдассан XIX зууны үеэс түүний хөгжлийн онолын нэг гол үндэслэл болон төлөвшиж өнөөг хүрсэн юм.
Түүхийн талаас авч үзвэл баримтлалууд нь германы сонгодог философи, түүнийг баримтлагч шинэ кантч, шинэ гегельч үзэлтнүүд америкийн прагматизм, М.Вебер, В.Парето, XX зууны дунд үеэс Т.Парсонс, хуучин социалист гэгдэж байсан орны 70-80-аад оны үйл ажиллагаа онолын талынхан, социологийн үнэт зүйлсийн онолын төлөөлөгчид (П.Сорокины онолыг баримтлагчид), аж үйлдвэр-технократ технологийн детерминизмын онолын олон төлөөлөгчид, элитийн онолын төлөөлөгчдийн бүтээл туурвилуудад тусгалаа олж боловсрогдож ирсэн байна.
Энэ онол үзэл баримтлалуудын дундаас нийгмийн үйл ажиллагааны онолын үндсэн баримтлалууд тодрон гарч тус онолын олон эрдэмтэн философи, социологийн түүхэнд нэрээ хаджээ. Эдгээр мэргэдийн дотроос германы социологч, нийгмийн философич Макс Вебер онцгой байр суурийг эзэлдэг юм.
Товч намтар
Германы суут эрдэмтэн, социологич, нийгмийн философич, түүхч, М.Вебер 1864 оны4-р сарын 21нд Тюрингийн Эрфурт хотноо төржээ. Түүний эцэг хуульч мэргэжилтэй, үйлдвэр худалдаа эрхлэгч гэр бүлээс гаралтай хүн байв. Эх нь шашин шүтлэг болон нийгмийн олон асуудлыг сонирхон судалдаг өндөр соёл, боловсролтой хүн байжээ. Дашрамд хэлэхэд, түүний дүү Альфрет ахынхаа нэгэн адил эрдэм номын мөр хөөсөн нэрт эрдэм хүн байснаас гадна, мөн нийгмийн философич, социологич, эдийн засагч, нэрт судлаач байжээ. Тэрээр Прагийн болоод Гедиль Бергийн Их сургуулиудын профессороор ажиллаж түүх, соёлын асуудлыг сонирхдог байлаа.
Макс Вебер Фрабурк (1893-1896), Хайдельберг (1896-1898, 1902-1919), Мюнхений (1919-1920) Их сургуулиудад багшилжээ.
Тэдний гэрт тэр үеийн эрдэмтэн мэргэд, өндөр соёл боловсролтой хүмүүс зочилдог их нийтэч айл байсан байна. Тухайлбал, В.Дильтей, Т.Моммзен, Г.Трейчке, Г.Фонзибель, дараа нь түүнийг өрх тусгаарласны дараа гэрээр нь В.Видельбанд, Г.Зиммель, Г.Еллинек, Э.Трельч, В.Зомбарт, Ф.Теннис, Д.Лукач зэрэг эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн зэрэг олон хүн ирж санал бодол, эрдэм судлалын ололт амжилтаа харилцан солилцдог байв. Ийм ч учраас бага залуу байхдаа улстөрд шимтэх болжээ. Өөрийн улс төрийн үзэл бодлын хувьд либерал үзэлтэн болон төлөвшиж үндэсний либерал үзлийг илэрхийлж байлаа.
Хайдельбергийн Их сургуульд хууль зүйн ангид сурч байхдаа эдийн засаг, эдийн засгийн онолын түүхийг давхар судлав. “Дундад зууны үеийн худалдааны нийгэмлэгүүдийн түүхэнд” (1889), “Ромын газар тариалангийн түүх, түүний төрийн болон салбар эрх зүйн үр нөлөө” (1891) зэрэг анхны бүтээлүүд нь түүнийг дэлхийн алдартай судлаачдын зэрэгт шууд хүргэжээ. Ромын газар тариалангийн түүх зохиолдоо эртний газар эзэмшлийг нийгэм, улс төрийн хувирал, өөрчлөлт, гэр бүл, ахуй амьдрал, ёс суртахуун шашин шүтлэгтэй холбон тайлбарласан байна.
Хайдельбергийн их сургуульд профессороор 1891-1898 онуудад ажиллаж байхдаа сэтгэл санааны хүнд дарамтанд орсны улмаас хэсэг засварлаж 1919онд эргэж орсон юм.
1904 оноос В.Золбарттай хамтран Германы Социологийн “Нийгмийн ухааны нийгэм-улс төрийн бодлогын архив” сэтгүүлийн эрхлэгч болжээ. Энэ сэтгүүлд түүний алдарт бүтээл “Протестант ёс зүйн болон капитализмын амин сүнс” нь нийтлэгдэв (1905), дараа нь шашны судалгааны зэрэгцээ нийгмийн шинжлэх ухааны логик, арга зүйтэй холбоотой хэд хэдэн өгүүлэл, бүтээл гарсан байна.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа түүний гол гол бүтээлүүд болох “Дэлхийн шашны аж ахуйн ёс зүй” (1916-1919), “Улс төр бол мэргэшил мөн” (1920) зэрэг нь хэвлэгджээ. 1920 онд тэрээр нас барахад хамгийн гол бүтээлийн нэг “Аж ахуй хийгээд нийгэм” нь хэвлэгдэв.
М.Веберийн үзэл баримтлалын онцлог, нийгмийн үйлдэхүүний онол
Макс Вебер нь Карл Маркс лугаа нэгэн адил нийгмийн шинжлэх ухааны маш олон салбарт судалгаа явуулж, аль ч салбарт нь оргилд нь хүрсэн толь бичгийн хэмжээний эрдэмтэн болно. Түүний сонирхолыг нийгмийн философи, социологи, улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, шашин, ёс зүй гээд нийгмийн ухааны тун олон асуудал татаж байсан байна. Бүтээл туурвилууддаа ч энэ бүх асуудлыг хамран илэрхийлж, нийгэм шинжлэлийн ерөнхий суурь онолын нэг чиглэл болсон үйл ажиллагааны хандлагыг үндэслэсэн байна. Иймд түүний үзэл баримтлалын талаар ярихад өргөн олон асуудлыг хамрах хэрэгтэй болдог бөгөөд энэ нь нэг өгүүллийн хэмжээнд боломжгүй юм.
Бид энэхүү бэсрэг өгүүлэлд Веберийн зөвхөн социологийн онолын үндсүүдийг хөндөх оролдлого хийлээ.
Өөрийн судалгааны объектыг ойлгох явдал бол социологийг бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлээс ялгадаг гол онцлог гэж тэрээр үзсэн байна. Социологи нь түүний нэг адил бодгаль хүн болон бүлэг хүмүүсийн зан үйл судалдаг.
Тэрхүү зан үйлийг тодорхойлогч гол зүйл нь үйлдэхүй болж байдаг. “Үйлдэхүй гэдэг нь үйлдэл хийж байгаа бодгалиуд нь өөрсдийн үйлдлээ субъектив утгатайгаар явуулж буй зөвхөн тэр зан үйлийг нэрлэнэ” гэсэн байна. Түүний үзсэнээр социологи нь “ойлгодог” болохдоо түүний судалгааны гол объект болсон бодлогын үйлдэхүйн нь (үйлдэл) ухамсарлагдсан байх явдал мөн. Ингэхлээр М.Веберийн социологийн онолд ойлгохуйн зарчим нийгмийн үйлдэхүйн ойлголттой салшгүй холбогдож байна.
Үйлдэхүйг тодорхойлохдоо Вебер, зөвхөн түүний ухамсар, зорилгот чанарыг авч үзээд зогсоогүй, мөн үйлдэхүйн хамтарсан хамтын ажиллагааны шинжийг дурьдсан байдаг.
Энэ хамтарсан хамтын (бусдын үйлдлийг тооцох) шинж нь үйлдэхүйг нийгмийн шинж чанартай болгодог гэж үзжээ.
Орчин цагийн эрдэмтэн судлаачид Веберийн энэ үндэслэл дээр тулгуурлан нийгмийн үйлдэхүйн бүтцийг тодорхойлохдоо:
- Нэгдүгээрг. Үйлдэхүйн[1] субъект, объектын хоорондын харилцаа буюу юмстай харилцах, юмсын үйл ажиллагаа.
- Хоёрдугаарт: Субъект-субъектын хоорондын харилцаа буюу харилцахуй, харилцамж, хамтын үйл ажиллагаа хоёрын нийлбэр цогц[2] гэж үзсэн нь бий.
Тухайлбал Оросын эрдэмтэн В.Н.Сагатовский нийгмийн үйл ажиллагааны анхдагч бүтцийг 5-0, 8-5-ийн хоёр харилцааны нийлбэр гэж бичсэн байна. Нийгмийн үйлдэхүйн ойлголт дээр тулгуурлан М.Вебер нийгмийг бүхэлд нь дүрслэн үзүүлж, нийгмийн үзэгдэл юмсын нарийн холбоог харуулахыг оролджээ. Социологийн шинжлэх ухааны үүднээс нийгмийг шинэчлэн судална гэдэг бол тэр нийгмийн бүтцийн үндэс болж байгаа нийгмийн үйлдэхүйн олон хэлбэрүүдийг судлана гэсэн үг юм. Тэрээр нийгмийн үйлдэхүйн үндсэн 4 хэлбэрийг ангилсан байна. Үүнд:
- Зорилгот-Рационал үйлдэхүй,
- Үнэлэмжит-рационал,
- Аффект,
- Уламжлалт гэж хуваасан байна.
1.Уламжлалт үйлдэхүй*. Энэ нь зан заншил, удаан хугацаанд тогтсон зуршил дээр тулгуурласан үйлдлүүд байдаг. Хүмүүсийн өдөр бүр хийж байдаг үйлдэл, зан аашийн илрэлүүдийг энд дурьдаж болох юм.
2.Аффект үйлдэхүй. Хүмүүсийн сэтгэл хөдлөлтэй холбоотой илрэх үйлдлүүд, Гадаад өдөөгчид хариу өгөхдөө ямар нэгэн хязгаарлах хүчин зүйлийг тооцохгүй байж болно. Гомдох баярлах, өшөө хорслоо тайлах, зугаацах зэрэг олон үйлдлийг тоочин хэлж болно.
- Үнэлэмжит-рационал үйлдэхүй. Энэ үйлдэхүй нь ёс зүй, гоо зүй, шашин болон бусад тодорхой нэгэн нийгмийн хэм хэмжээ, үнэлэмжийн тогтолцоон дээр тулгуурласан үйлдэл юм. Өөрийн үүрэг хариуцлага, нэр төр, сайн сайхан, сүсэг бишрэл, ер нь аливаа нэг юмны “чухал” болохыг ухамсарласан зан үйлийг хэлдэг байна.
- Зорилгот-рационал үйлдэхүй. Ийм үйлдэлийг өмнөө зорилго тавин, тодорхой хэрэгслэлийн тусламжтайгаар түүнийг хэрэгжүүлж, үр дүнг нь байнга “хүлээдэг” бодгаль явуулдаг байна.
М.Веберийн үзснээр зорилгот-рационал үйлдэхүй бол нийгмийн үйлдэхүйг төлөөлж чадах үйлдэхүй болж байна. Рационал гэдэг үгийг монголчилбол оновчит, зүй зохистой гэж ойлгогдоно. М.Веберийн өөрийнх нь үзэж байснаар нийгэмд үйлдэхүйн хэлбэрүүд нь “цэвэр” байдлаар хэзээ ч байдаггүй, гарч буй үйлдэл, зан үйлдлийн илрэлүүд нь ямагт олон үйлдэхүйн “холимог” болж байна гэж дурдсан байдаг. Эдгээр үйлдэхүйн хэлбэрүүд нь нийгмийн бүтцийг зөвхөн арга зүйн хувьд тодорхойлдог, өөрийнх нь хэлснээр идеал “цэвэр” хэв маягууд болно. Идеал хэв маягийн тухай ойлголт бол түүний социологийн онолын нэг гол ойлголт болоод зогсохгүй, нийгмийн амьдралыг судлах арга зүй нь болдог юм.
Нийгэм түүний бодит байдлыг ойлгохын тулд түүхэн бодит үзүүлэлтүүдийн онолын загварыг бүтээх явдал чухал юм. Онол бодлын байгууламжууд нь бодит байдалд “цэвэр” хэлбэрээр бараг тохиолддоггүй нь абсолют хоосон орон зайд явагдаж буй физик химийн үйл явц, урвал шиг ойлгогдож болно гэж тэр бичжээ. Ингэхлээр “капитализм”, “сүм хийд”, “дундад зууны хотын аж ахуй”, “эдийн засгийн солилцоо” нь зорилгот рационал үйлдэхүйн энэ бүхэн идөал “цэвэр” хэв маягууд байжээ.
Оросын эрдэмтэн К.Х.Момджян нИЙГМИЙн үйлдэхүйн үйл ажиллагааны энгийн, ерөнхий хэлбэр гэж үзээд нийгмийн үил ажиллагаа гэдэг нь “ерөнхийгөөс тодорхойд” шилжих зарчмаар авч үзвэл, нийгмийн үйлдэхүй, хамтын үил ажиллагаа, нийгмийн үйлдвэрлэлийн салбар хүрээ, (эдийн засаг, улс төр, социал, оюуны амьдрал) нийгмийн амьдрал, түүх зэрэг олон хэлбэртэй болох тухай бичсэн байна. М.Вебөр нийгмийн үйл ажиллагааны хамгийн энгийн хэлбэр болсон нийгмийн үйлдэхүйг анхлан тодорхойлсон судлаач тул энэхүү онолыг үндэслэгч гэж зүй ёсоор тооцогддог билээ. Хэрэв формацийн онолоор нийгмийн амьдралыг харилцаануудын нийлбэр цогц маягаар төсөөлдөг бол нийгмийн үйл ажиллагааны онолыг баримтлагчид нийгмийн амьдралыг үйл ажиллагааны бүхэл бүтэн тогтолцоо гэж үздэг ажээ. Манай нийгэм шинжлэлд шинжлэх ухааны олон ургальч үзэл төлөвшиж байгаатай холбоотой нийгмийн хөгжлийн зүй тогтлыг зөвхөн формацийн онолоор бус бас үйл ажиллагааны онолоор авч үзвэл нийгмийн бодит хөгжилд нөлөөлөх онолын хүчин зүйл болох нь дамжиггүй.
[1] М. Вебер Избранные произведения. М., 1990.12 дахь тал ‘° Мөн тэнд, 13дахь тал
[2] ‘ Деятельность: теории, методологмя, проблемы -М. 1990. 80 дахь тал