С. Жаргалсайхан
/Удирдлагын Академийн Ахлах багш/
Шинэ толь №71, 2011
лийг хэлнэ. Микро соёл гэж шашин, угсаатны эсвэл нийгмийн аливаа жижиг бүлгийн үнэт зүйлс бэлгэдлийг хэлнэ.
Монголын эрдэмтэн судлаачид соёл гэдэг ухагдахууныг өргөн ба явцуу утгаар нь олон талаас нь тодорхойлсоор иржэ. Даяарчлалын өнөө үед дэлхий даяар өнөөдөр хэрэглэж байгаа макро ба микро соёлын ойлголтыг монголчууд эртнээс зааглан ялгасаар иржэ. Жишээлбэл, утга соёлын өв, аман болон бичгийн соёл, эд өлгийн соёл судлаачид өнөөдөр ч эдгээр нэр томъёог хэрэглэсээр байна[2]. Тухайлбал, номонд урлах чадвар бүхий хүнийг урчин гэж нэрлээд эдийн соёлыг бүтээх үйл явцыг урлахуй, хийж бүтээсэн юмыг үйлдэхүүн гэж нэрлэжээ. Үйлдэхүүнд юуны өмнө гэрийн зүйл, хувцасны анги, гоёл чимгийн зүйлийг оруулжээ.
Харин өнөөдөр бид “соёл” гэдэг нэр томъёогоор юуны өмнө нүүдлийн соёл иргэншлээс өвлөж авсан материаллаг ба материаллаг бус зүйлээ нэрлэх нь илүүтэй байгаа билээ. Гэтэл ноолуурын үйлдвэрүүдийн урлан бүтээж байгаа зүйлс бол мөн л өнөөгийн, шинэ зууны соёлын бүтээгдэхүүн билээ. Олон арван жилийн дараа бас л монголчуудын урлан бүтээх соёлын өв гэж судлагдах нь маргаангүй. Тийм учраас бид орчин үеийн маркетингийн онцлогийг илүү тусгаж байгааг нь харгалзан үзэж дэлхий даяар өргөн хэрэглэж байгаа макро соёл, микро соёл гэсэн нэр томъёонуудыг хэвшүүлэн хэрэглэх нь зөв гэсэн санаа бодолтой байгаа юм.
Амьдралын үнэт зүйлсээ хүн яаж олж авдаг вэ?
Хүний үнэт зүйлс, итгэл үнэмшил, үйл сэдэл, ер нь амьдралынх нь хэв шинжтөлөвших үйл явцыг нийгэмшил буюу соёлыг өөрийн хүртээл болгох үйл явц гэж нэрлэдэг. Төрсөн өдрөөсөө эхлээд хүүхдийн үнэт зүйлс бүрэлдэж төлөвшиж эхэлнэ. Хүний нийгэмших үйл явц амьдралынх нь турш үргэлжлэх бөгөөд нийгэмшлийн үр дүнд төлөвших шийдвэр төгс байдал, эр зориг, шулуун шударга зан, чиг зорилгоо тодорхойлох, арвич хямгач байдал зэрэг нь хэрэглээнд шийдвэрлэх хэмжээгээр нөлөөлдөг. Үнэт зүйлс нь хүмүүсийн худалдаж авч байгаа барааны өнгө, сав, баглаа, өнгө үзэмжтэй, эдэлгээтэй гэх мэт ойлголтонд нь ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг. Тэр ч байтугай худалдаа хийх дадал заншил, худалдагчтай харьцах харьцааны хэв загварт ч чухал үүрэгтэй.
Хэрэглэгчдийн нийгэмших үйл явц гэж хэрэглээтэй холбоотой мэдлэг, итгэл үнэмшил, зан үйлийн загварыг эзэмшинэ гэсэн үг юм. Өрнөдөд хийсэн анхны судалгаануудад юуны өмнө залуу хэрэглэгчийн зан үйлийг анхаарч байсан бол сүүлийн судалгааны үр дүнгээс харахад энэхүү үйл явц хүний амьдралын турш үргэлжилдэг ажээ.
Соёлын үнэт зүйлсийг өөрийн болгож авах гэсэн ойлголт их чухал юм. Хүүхэд ахуй цагаас нь тогтсон соёлын үнэт зүйлс зан үйлд нь, түүний дотор хэрэглэгчийн зан үйлд асар их нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, нохойн мах, түүхий загас гэх мэт өвөрмөц хоол идэж заншсан ард түмэн тэр дадал заншилдаа маш удаан хугацаагаар үнэнч хэвээр байдаг. Энэхүү дадал заншил зар сурталчилгааны нөлөөгөөр амархан өөрчлөгдөхгүй. Тухайлбал, Монголчуудын хооллох зан заншил ч гэсэн бусад олон үндэстнийхээс олон талаараа өвөрмөц билээ.
Тэр нь Монголын нэрт философич Ч.Жүгдэрийн бичсэнчлэн “Мал маллах явдал нэг ёсондоо урлаг мөн бөгөөд басхүү оюун сэтгэхүйг улам хөгжүүлж, улмаар малчдын өвөрмөц соёлыг бий болгосон бөлгөө” гэж бичсэн билээ. Малчдын энэхүү өвөрмөц соёл аж амьдралын бүхий л хэв маягт гүнзгий нөлөөлсөн бөгөөд өнөөдөр ч ялгаагүй монголын хэрэглэгчдийн зан үйлийг шийдвэрлэх хэмжээгээр тодорхойлсон хүчин зүйл хэвээр байна. Доктор Д.Дагвадорж дээр бидний ярьсан судалгаандаа Монголчуудын хоол хүнсний бүтцийг хэрэглэгчийн зан үйлийг судлах, маркетингийн стратегийг боловсруулахдаа хэрхэн харгалзаж үзэх талаар сонирхолтой дүгнэлт хийжээ. Малчдын хүнсний бүтээгдэхүүний худалдан авах шийдвэрт нөлөөлүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэн гаргаж, зорилтот маркетингийг хэрэгжүүлэх боломж бусад орнуудынхаас илүү хялбар байдаг ажээ.
Соёл, соёлын хэм хэмжээ хувьсан өөрчлөгдөж байдаг уян хатан шинжгүй ажээ. Чухам энэ мөн чанар нь соёлын хүчин зүйлийг маркетингийн бодлогод гярхай харгалзаж, хөгжүүлэх боломж олгож байгаа билээ. Соёлын үнэт зүйлс өөрчлөгдөх явцад хэрэглэгчийн зан үйлд гарах өөрчлөлтийн хандлагуудыг нарийвчлан судалж, ирээдүйн хөгжлийнх нь хэтийн төлөвийн талаар таамаглал дэвшүүлж маркетингийн бодлогод тусгах хэрэгтэй болж байна.
Жишээлбэл, Монголчуудын хэрэглэдэг хоол хүнс нэр төрлийн хувьд цөөн боловч зонхилох хэсэг нь бэлчээрийн мал, амьтад, байгалийн гаралтай учраас уураг, амин дэмээр баялаг юм. Энэ бол нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв заншлаа хадгалж үлдсэн малчдын хувьд зөв зүйтэй дүгнэлт юм. Гэвч улам бүр өсөн нэмэгдсээр байгаа хот, суурин газрын оршин суугчдын хооллох хэв маягт ихээхэн өөрчлөлт гарсаар байгаа билээ. Гэхдээ эдгээр өөрчлөлт дан эерэг чиглэлд хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү.
Монголчуудын хэрэглэж заншаагүй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь натурал биш, химийн аргаар хийсэн зүйлүүд байгаа билээ. Хүүхдийн хоол, хүнс л гэхэд хэт чихэрлэг зүйл давамгайлж байгаа бөгөөд хотын хүүхдийн нэлээд хэсэг чихрийн диатез өвчтэй болж байгааг эмч нарын судалгаа баталж байгаа юм. Тийм учраас хэрэглэгчдийн төлөө зах зээлийг хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн ашиг бодох биш, хэрэглээний бүхий л чиглэлүүдээр маркетингийн стратегичид тэргүүлэх үүрэгтэй болж байгаа гэсэн үг юм. Энэ нь өргөн утгаараа соёлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэсэн үг билээ.
Ийнхүү соёлын үнэт зүйлс хэрэглэгчийн зан үйлд төдийгүй, ерөөсөө хэрэглээний бүтцэд бүхэлд нь нөлөөлдөг байна. Тэгвэл одоо бараа худалдаж авах тухай шийдвэр гаргахад ямар дэс дарааллаар, яаж нөлөөлдгийг авч үзье.
Хэрэглэгчдийн зан үйлийн талаар дэлхийд тэргүүлэх эрдэмтэн гэж тооцогддог АНУ-ын Иллинойсын Их сургуулийн доктор Жеймс Ф.Энжелийн бүдүүвчийг авч үзье.
Бүдүүвч 1. Нийгмийн үнэт зүйлсийн эх сурвалж[3]
Хэрэглэгчдийн сэтгэл зүйд соёлын үнэт зүйлсийн ач холбогдлын тухай асуудлууд Шет, Ньюман, Гросс зэрэг эрдэмтдийн хэрэглээний үнэт зүйлсийн үзэл баримтлалд тусгалаа олжээ. Энэхүү онолоор бол бараа худалдаж авах тухай хэрэглэгчийн шийдвэрт тухайн барааг юунд, яаж хэрэглэх, мөн түүнчлэн нийгмийн, сэтгэл зүйн зэрэг үнэт зүйлсүүд чухал байдаг байна. Эдгээр хүчин зүйлүүд бие биенээсээ хамаарахгүйгээр бие даан үйлчилнэ.
Ийнхүү хэрэглэгчийн зан үйлийн асуудлууд хэрэглээний онол, практикийн асуудлуудыг тодруулахад нэн чухал ач холбогдолтой. Үндэсний соёл бол хууль эрх зүй, төрийн тогтолцоогоор дамжиж зах зээл дээрх нийлүүлэгчид ямар бараа борлуулж болохыг тодорхойлдог.
Соёлын гол гол үнэт зүйлс маркетингэд хэрхэн нөлөөлөх вэ? Жижиглэнгийн худалдаачид үнэндээ цөөн тооны бараанаас гол орлогоо олдог билээ. Тэр нь үндсэн нэр төрлийн бараа юм. Тэгвэл үүнтэй адил гол гол үнэт зүйлс гэж байдаг. Тэдгээр нь хүний үйл ажиллагааг ойлгоход гол түлхүүр болдог ба тийм ч учраас маркетингийн мэргэжилтнүүдийн сонирхлыг татдаг.
Бараа бүтээгдэхүүнийг яаж ашиглах ерөнхий хандлага, чиглэл тухайн нийгмийн үнэт зүйлсээс урган гардаг байна. Жишээлбэл, хоолонд ямар бүтээгдэхүүн хэрэглэх, хоолоо яаж хийх, хүнсний ямар төрлийг хооронд нь хольж болохгүйг хүртэл чиглүүлж өгдөг байна.
Үнэт зүйлс нь зах зээлийн зүй зохистой харилцааг зохицуулахад их үүрэгтэй. Зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн улс оронд бизнесийн байгууллагууд өөр хоорондоо харьцахдаа урьдчилан тохирсныхоо дагуу ажиллах магадлал өндөр байдаг бөгөөд аль нэг тал нь итгэл алдвал хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах товчоонд хандаж туслуулж болох ба улмаар шүүхэд ханддаг байна. Тэгвэл хөгжиж байгаа орнуудад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бүтцүүд сул хөгжсөн байдаг учраас хүмүүс аль болохоор газар зүйн хувьд ойр түншүүдтэй харилцахыг эрмэлздэг.
Хууль тогтоомж байлаа ч гэсэн эрх ашгаа хамгаалах баталгаа байдаггүй. Тэдгээр орны хөдөө аж ахуйн зах зээл дээр борлуулагч, худалдагчийн хооронд удаан хугацааны түншийн харилцаа тогтоох хэлбэр ихэд дэлгэрчээ. Тогтмол харьцдаг зуучлагчтайгаа урьдчилан тохирсон үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг ба тохиолдлын худалдаачидтай үнэ хаялцаж худалдаа хйидэг.
Ийм төрлийн хамтын ажиллагааг Гаити, Нигер, Филиппин зэрэг орны хөдөө аж ахуйн зах зээл дээр ажиглаж болно. Хамтын ажиллагааны энэ хэлбэр маркетингийн гол зорилго болж байгаа удаан хугацааны байнгын харилцаа тогтоож хөгжих чиглэлд бүрэн тохирч байгаа юм. Хамтын ажиллагааны ийм хэлбэр манайд ноолуурын арилжаан дээр хөгжиж эхэлж байна. 2001 оны зун Монголд анх удаа ноолуурыг үнэ хаялцуулан худалдсан нь цаашдаа ноолуурын үйлдвэрүүд, малчдад хэн хэнд нь ашигтай байж болох хамтын ажиллагааны хэлбэр юм.
Америкийн нийгмийн үнэт зүйлс ба хэрэглэгчид
Судлаачдын үзэж байгаагаар өнөөдөр АНУ өндөр хөгжилтэй хотожсон улс болсон ч нийгмийн үнэт зүйлс нь үлэмж хэмжээгээр хөдөө аж ахуйн гарал үүсэлтэй ажээ. Судлаачид АНУ-ын иргэдийн амьдралын үнэт зүйлсийг элбэг хангалуун байдал, ёс суртахууны зарчмууд (сайн, муу, ялгах), ажил хийх нь тоглохоос илүү эрхэмлэх зүйл, цаг хугацаа бол мөнгө, хөдөлмөр, өөдрөг үзэл, ажил хэрэгч чанар (америкийн мөрөөдөл), байгалийг эзэмдэх, тэгш эрх, хүн хүнээ хайрлах үзэл тодорхойлно.
Эдгээр нь бусад ард түмний ч үнэт зүйлсийн цөм болдог боловч бас тодорхой хэмжээний ялгаа зөрөө байна. Жишээлбэл, эрдэмтэд Америк ба Канадын иргэдийн үнэт зүйлсийг өөр хооронд нь харьцуулсан арга зүйн хувьд санаа авууштай юм.
Нийгмийн гол гол зүйлс харьцангуй тогтвортой боловч бүхэлдээ хувьсан өөрчлөгддөг ажээ. Маркетингийн мэргэжилтнүүд зах зээлийн бүх хүрээг хамарч байгаа “шилжилтийн” үнэт зүйлсийг анхаарч судлах хэрэгтэй болж байна. Үнэт зүйлсэд өөрчлөлт ороход хэрэглэгчдийн зар сурталчилгаанд хандах хандлагад өөрчлөлт ордог.
Үнэт зүйлсийн тогтвортой шинж чанар нь гэр бүл, шашин, сургууль гэсэн соёлын гурвалтай холбоотой. Харин хувьсан өөрчлөхөд нь нөлөөлөх хүчин зүйл гэвэл дайн, самуун, амь зуухын төлөө тэмцэл гэх мэт амьдралын бодит нөхцөл байдаг. Үнэт зүйлсэд засгийн газар ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчтэй нөлөөлдөг. Хувь хүний үнэт зүйлс бол тухайн хүний амьдралын байр суурь, боловсрол, нэг үеийнхний хүчтэй нөлөөн дор төлөвшинө.
Хүснэгт 1. Үнэт зүйлсийн ялгаа (АНУ, Канадыг харьцуулсан нь)[4]
Өрнөдийн үнэт зүйлсэд гарч байгаа өөрчлөлтийг эрдэмтэд судалжээ. Энэ нь манай эрдэмтэн судлаач төдийгүй хөгжлийн асуудлыг сонирхдог ямарч мэргэжлийн хүмүүст арга зүйн хувьд сонирхолтой байж болох юм гэсэн үүднээс судалгааны үр дүнг дорх бүдүүвчээр харуулав.
Хүснэгт 2. Өрнөдийн соёл иргэншил: үнэт зүйлсийн өөрчлөлт[5]
Хүний амьдралын мөчлөгүүдийн тухай ойлголтын тусламжтай нийгмийн үнэт зүйлс хэрхэн өөрчлөгдөх талаар таамаглал дэвшүүлж болно. Ийм таамаглалууд маркетингийн стратегийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. Ерөнхийдөө бол үнэт зүйлс нь үе үеийнхний хувьд мэдэгдэхүйц өөр өөр байдаг байна. Энэ талаар судлаачдын дунд эсрэг тэсрэг хоёр үзэл байдаг. Нэг хэсэг нь залуу үе ахмадуудаасаа үнэт зүйлсийг өвлөн авч цааш үргэлжлүүлэн хөгжүүлдэг гэж үзэж байхад нөгөө нэг хэсэг нь хүн залуу насныхаа үнэт зүйлсдээ насан туршдаа үнэнч байдаг учраас нийгмийн үнэт зүйлс нь үе үеийнхний өвөрмөц шинжийг агуулж байдаг гэж үздэг байна.
- Соёлын гурвалын нөлөө, хандлага
Гэр бүл, шашин, сургууль гурав бол нийгмийн үнэт зүйлс залуу үеийнхэнд уламжлагдан өвлөгдөх үндсэн институтууд болдог. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй. Дээрх институтууд хувьсан өөрчлөгдөхөд хэрэглэгчдийн үнэт зүйлсэд бас өөрчлөлт орно. Энэ нь дэлхий нийтийн хандлага гэдэг нь сүүлийн жилүүдэд улам бүр ажиглагдаж байгаа билээ. Эдгээр чиглэлд америкийн судлаачдын хийсэн судалгааны дүгнэлтүүдийг авч үзье.
6 нас хүртлээ хүүхэд гол төлөв гэртээ хүмүүждэг байсан бол одоо эцэг эхчүүдийг хүүхэд асрагч, цэцэрлэг, хэвлэл мэдээллйин хэрэгсэл орлох болжээ. АНУ-д 1960 онтой харьцуулахад хүүхдээ ганцаараа хүмүүжүүлж байгаа ганц бие эхчүүдийн эзлэх хувь 8-22 хүртэл өсчээ. Эмээ, өвөөтэйгээ хамт амьдардаг хүүхдийн тоо улам цөөрч байна. Гэр бүлийн хүрээний эдгээр шинэ үзэгдлүүдэд бизнесийн салбар ямар хариулт өгөх ёстой вэ? Америкийн бизнес эрхлэгчид гэр бүлийн асуудлыг тооцон ажиллахыг чармайдаг байна. АНУ- ын агаарын тээврийн том компаниудын нэг Delta Air-lines ахмад насны зорчигчдод зориулж тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байна. Хүүхдийнхээ хуриманд оролцсоноор танайх гэр бүлээрээ цугларах болно гэх мэт зар сурталчилгаа зохион байгуулдаг байна. Red Roof Inns зочид буудлын сүлжээ хуриманд уригдсан эцэг эх, хамаатан саданд үнэ хямдруулан үйлчилдэг ажээ.
Америкийн компаниуд гэр бүлийн асуудалд илүү анхаарах болж, ажиллагсдынхаа хүүхдүүдэд зориулж хүүхдийн төвүүд байгуулж, гэр бүлийн хүмүүсийг нь компанийхаа зарим ажилд оролцуулж, оюутан хүүхдүүдийнх нь сургалтын зардлыг дааж, гэр бүл, хүүхдийн асуудлаар зөвлөгөө өгдөг төвүүд байгуулан ажиллаж байна.
Ийнхүү хүүхдэд ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлс нь төлөвшин хөгжихөд гэр бүлийн нөлөө асар чухал байдаг. Г этэл Монголд өнөөдөр гэр бүлийн хүрээнд олон төрлийн сөрөг үзэгдлүүд гарах болжээ. Гэр бүл салалтын улмаас эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо 2005-2007 онд 4.5- 12.2 болж өсчээ.[6] Гэр бүлийн таагүй нөхцөл байдлаас болж гэрээсээ дайжиж гудамжинд амьдарч байгаа 6000 хүүхэд (францын буяны Fraternite Notre Dame байгууллагын мэдээгээр) бүтэн өнчин 4197 хүүхэд, хагас өнчин 57395 хүүхэд үндсэндээ эзэнгүй шахуу, нийгмийн үнэт зүйлс нь төлөвшихөд гэр бүлийн нөлөө огт байхгүй эсвэл тун сул нөхцөлд өсөж байна.[7]
Өнөөдөр монголын залуусын хувцасны шалгарсан загвар солонгос байдлыг илтгэж, охид бүсгүйчүүд маань үс засалт, нүүр будалтаараа автсан киноныхоо дүрүүдтэй ижилсэхийг эрмэлзэж, айл гэрийн тавилгын сонголт солонгос киног дуурайж, өдөр тутмын яриа, мэндчилгээндээ солонгос үг хэрэглэж, элдэв баяр тэмдэглэлт үйл явдалаар солонгос хоолонд орж, хүүхдүүдийн сонсох дуу нь солонгос болж хувиран, түүнийг нь сэргэлэн дуучин хамтлаг нь овжиноор ашиглан солонгос чиг хандлагыг барин уран бүтээл туурвиж, солонгос суваг, нэвтрүүлэг дэлгэрч бидний өдөр тутмын амьдралд солонгос соёлын нөлөө улам ихсэж байна.
Шашны нөлөө суларч байна. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар шашны нийгэмд эзлэх байр суурь, нөлөө суларч байна. Өрнөдийн судлаачид шашны байгууллагууд зах зээлийн харилцаа, маркетингэд ямар чиглэлээр эерэг нөлөө үзүүлж болох талаар судалж сонирхож байна. Тэдний үзэж байгаагаар хэрэглэгчдийн үнэт зүйлс улам бүр олон янз бол, хувь хүний үнэт зүйлс олон ургальч үзэл хөгжих хандлагатай байгаа учраас шашны нийгэмд үзүүлэх нөлөө аажмаар суларч хүний зан үйлд ч төдийлөн нөлөөлж чадахаа больжээ. Жишээлбэл, хулгай хийхийг нүгэл гэж үзэж шашинтай холбохоо больсноос болж өндөр хөгжилтэй улсуудад өөрөө үйлчлэх дэлгүүрүүдэд хулгай хийх явдал өсөн нэмэгдэж байна гэж үзэж байна.
Манай улсад шашин ба маркетинг гэсэн судалгааны чиглэл хөгжөөгүй байна. Ийм чиглэл байтугай ерөөсөө орчин үед Буддын шашин монголын нийгэмд ямар нөлөө үзүүлж байгаа, нийгмийн үнэт зүйлс төлөвшихөд ямар үүрэгтэй байгаа, түүний эерэг ба сөрөг талууд гээд амьдралд ажиглагдаж байгаа олон чиглэлээр хариулт өгөх цаг болжээ. Нэг талаас 90-ээд оноос монголчууд уламжлалт шашнаа хөгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн ба ихэнх хүн өөрийгөө шүтлэгтэй гэж үзэх болсон ч тэр нь хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг хөндөж чадахгүй, мухар сүжгийн хэлбэрээр илүү дэлгэрэх болжээ.
Монголчуудын уламжлал шашнаас гадна өөр шашин, жишээлбэл, Христ, Бахай гэх мэт шашны нөлөө дэлгэрч байгаа зэрэг нь шашны шинэчлэл шаардлагатай болсныг харуулж байгаа ч байж болох юм. Өнөөдөр бизнест амжилт олох эсэхээ Бурхандаа даатгаж мөргөх болсон нь маркетингийн мэргэжилтнүүдэд ч нэгийг бодогдуулах ёстой болж байна. Бизнестээ амжилт олох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, маркетингийн асуудлаа боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ нийгэмд өндөр байгаа боловч харин туслалцаа авч болох бизнесийн зөвлөгөө өгдөг мэргэшсэн байгууллагууд үгүйлэгдэж байна гэсэн үг юм.
Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нийцүүлэн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тухайн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам батлан, түүний дагуу 13 нэр төрлийн материал бүрдүүлэн авч шашны ажлын хэсэг тухайн зөвшөөрөл хүссэн болон хугацаа сунгуулах байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцан ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэнээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулан асуудлыг шийдвэрлүүлдэг байна. Хэдийгээр ингэж хууль журмын дагуу зөвшөөрөл олгодог ч огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа Христийн зарим сүм ч байна. Тэгэхээр ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байж болзошгүй шашны байгууллагуудад хяналт тавихын зэрэгцээ харийн үзэл номлолыг хүлээн зөвшөөрөхөд хэм хэмжээ байх хэрэгтэй.
Хувийн буддын сүм хийдийн тоо ихэссэнээр шашныг бизнесийн арилжааны байгууллага болгон хувиргаснаар төв хийдтэйгээ зөрчилдөх явдал ч гарч байна. Шинээр буддын сүмийг нээхдээ төв гандан тэгчилэн хийдээс зөвшөөрөл авдаг байх ядаж ИХТ-ын гандан хийдтэй ярилцаж шалгуур гаргах хэрэгтэй.
Боловсролын тогтолцоонд өөрчлөлт гарч байна. Нийгмийн үнэт зүйлс төлөвшдөг өөр нэг чухал институт бол боловсролын тогтолцоо юм. Боловсролын тогтолцоонд дэлхий даяар гарч байгаа үндсэн өөрчлөлт бол багш төвтэй сургалтаас татгалзаж сурагч төвтэй хэлбэрийг дээдлэх болсон, нөгөөтэйгүүр аль ч насны хүмүүст зориулсан албан бус боловсролын хэлбэрүүд ихэд дэлгэрч байна.
Манай оронд ч ялгаагүй боловсролын хөгжлийн дээрх шинэ хандлагууд хөгжиж байгааг бид мэдэж байна. Бидний ихээхэн орхигдуулж байгаа нэг чухал чиглэл бол хэрэглэгчдийн соёлыг төлөвшүүлэх асуудал юм. Бидний ярьдаг амьдрах ухаанд суралцах нь хэрэг дээрээ хүн бүр маркетингийн анхан шатны мэдлэгтэй болж, хэрэглээний соёлд суралцах явдал юм.
Энэ ажлыг бүр цэцэрлэгээс, нэн ялангуяа дунд сургуулиас эхлэх хэрэгтэй бөгөөд сургууль бол зөвхөн мэдлэг, мэдээлэл өгдөг байгууллага биш, бас нийгмийн үнэт зүйлс төлөвшин бүрэлдэхэд нөлөөлөх, туслалцаа үзүүлэх хүмүүжлийн байгууллага гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй байгаа юм. Бизнесийн байгууллагуудад энэ чиглэлд хийх юм их байна. Ирээдүйн хэрэглэгчдээ төлөвшүүлэх ажилд бизнес эрхлэгчид өөрсдөө бас оролцох хэрэгтэй болж байгаа юм.
Үндэсний соёл
Хэрэглэгчийн бараа худалдаж авах шийдэлд соёлын хүчин зүйл асар их нөлөөтэй байдаг. Чухам ийм учраас хэрэглээний салбарыг соёлын үүднээс судлах шаардлага гарч байгаа билээ. Энэ талаар монголын эрдэмтэд ч тэмдэглэж байна. Доктор Д.Дагвадорж “Монголын эдийн засаг, бизнесийн удирдлагын ухааны судалгаанд соёлын чиглэл хөндөгдөөгүй шахам байгаа юм”[8] гэжээ.
Соёл бол нийгмийн ухамсрын бодит байдалтайгаа зохицох хэлбэр гэж тодорхойлж болно. Нийгмийн байгууламжуудын, өөрөөр хэлбэл, шашин, сургууль гэсэн соёлын гурвал, мөн түүнчлэн амьдралын бодит байдлын нөлөөн дор хүмүүжиж төлөвшсөн хүмүүсийн онцлог шинж чанар соёлын түвшингээрээ илрэлээ олно. Америкийн судлаач Г.Хофстеде (Gert Hofstede, Culture’s Conseguenses: International Differences in Work-Related Values, Beverly Hills, Calif, Sage Publications, 1984) улс үндэстнүүдийн соёлын үнэт зүйлсийн харьцуулсан судалгаа хийж, наад зах нь 66 улс үндэстний хувьд дорх дөрвөн үндсэн зарчим үйлчилж байгааг нээж тодорхойлжээ. Үүнд:
- Өөрийн хүчинд тулгуурлах үзэл ба хамтач үзлийн харьцаа. Өөрийн хүчинд тулгуурлах үзэл бол ихэнх нийгмийн хувьд хүмүүс бие биентэйгээ харьцах харилцааны үндсэн зарчим болж байна. АНУ, Европын улс орнуудад, жишээлбэл, өөртөө тулгуурлах үзэл маш өндөр түвшинд хүрчээ. Тэгвэл Тайвань зэрэг оронд хамтач үзэл илүү хөгжсөн байна.
- Тодорхой бус байдлаас зайлсхийх үзэл, зан үйл. Амьдралд бишгүй тохиолдох тодорхой бус байдал, хоёрдмол утгатай зүйлд улс үндэстнүүд өөрийнхөөрөө хандах соёлыг төлөвшүүлжээ. Зарим улс оронд ёс жаягаар зохицуулж байхад заримд нь өөр байр суурь, нийтийн жишигт тэрслэх үзэлд харьцангуй хүлээцтэй хандаж сурчээ.
- Эрх мэдлээс зай барих эрмэлзэл. Энэ нь эрх мэдэлтнүүд, нийт ард түмний хоорондын харилцан ойлголцлын түвшингээр тодорхойлогдоно. Үүнд эрх мэдлийн төвлөрөл, ижил тэгш бус нийгмийн байр суурьтай хүмүүсийн хоорондын харилцан үйлчлэл, засгийн эрх баригчдаас хүмүүсийг урамшуулах урамшлын тогтолцоо чухал үүрэгтэй.
- Хүйсийн үндсэн шинж төрх. Энэ хүчин зүйл нь тухайн нийгэм уламжлалт ёсоор эмэгтэй, эсвэл эрэгтэй хүний шинж чанаруудыг хэрхэн үнэлэх үнэлгээнээс хамаарна. Жишээлбэл, эрэгтэй хүний уламжлалт шинж чанар бол эр зориг, амжилт олох хүсэл эрмэлзэл, материаллаг амьдралыг цогцлон бүрдүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл байхад эмэгтэй хүний уламжлалт шинж чанарт ойр дотны хүмүүс, хүрээлэн байгаа орчныхоо талаар санаа тавих, амжилт олж чадахгүй байгаа хүмүүсийг дэмжих явдал гэж үздэг байна.
Өрнөдийн орнуудад Хофстедегийн судалгааны үр дүнг маркетингэд өргөн ашиглаж байна. Эдийн засагчид соёлын талаарх түүний үзэл баримтлал зах зээлийг сегментчилэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг байна.
Үе үеийнхний хэрэглээний сэдлийг судлах нь Хэрэглэгч бол амьдарч буй орчныхоо бүтээгдэхүүн нь юм. Насанд хүрээд хүн бага, залуу насандаа хийж чадаагүй зүйлээ хийхийг хүсдэг. Тийм учраас хэрэглэгчдийн зан үйлийг гүнзгий ухаарахад хүний амьдралын өөр өөр мөчлөгүүдийн онцлог шинжийг үе үеийнхний амьдралын туршлагыг судлах замаар таньж мэдэж болно.
Үе үеийнхний зан үйлд дүн шинжилгээ хийх. Энэ нь хэрэглэгчдийн судалгаанд өргөн хэрэглэгддэг арга юм. Түүхэн тодорхой нөхцөл байдал, хүний амьдралын мөчлөгүүдийг онцлог үнэт зүйлс, зан үйлд нь хэрхэн нөлөөлж ирснийг бодит материал дээр тулгуурлан судалж гаргана гэсэн үг юм. Америкийн судлаачид хэрэглэгчдийн зан үйлийн нийтлэг онцлогийг үе үеийнхний зан үйлийг өөр хооронд нь харьцуулан судалж тодорхойлжээ. Ийнхүү Америкийн хэрэглэгчдийг дайнаас өмнөх үед төрсөн хэрэглэгчид, дайны дараах үед төрсөн, “өөрөө өөрийгөө бүтээ” гэсэн зарчим баримталдаг, хүн амын өсөлт онцгой өндөр байсан 50-60-аад онд төрсөн хүмүүс, мөн түүнчлэн Икс (үл мэдэгдэх, бүрэн танигдаагүй гэсэн утгаар) үеийнхэн (60-аад оны сүүлч үе, 70-аад онд төрсөн хэрэглэгчид) гэж гурав хуваажээ.
Үе үеийнхэн давтагдашгүй түүхэн тодорхой үед амьдардаг ба дэлхий дахинаа болон тухайн улс оронд болж өнгөрсөн түүхэн онцгой үйл явдлуудын нөлөөн дор хүмүүсийн үнэт зүйлсэд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, тэр нь улмаар хэрэглэгчийнх нь хувьд зан үйлд нь нөлөөлдөг байна. Жишээ нь, америкийн ахмад үеийнхний төлөвшилд 30- аад оны Их хямрал үнэт зүйлсэд нь асар их нөлөөлж тэр үеэс улс орныхоо аюулгүй байдал, эх оронч үзэл, аж амьдралын материаллаг баталгаа зэрэг суурь үнэт зүйлс хүчтэй төлөвшиж хөгжсөн ба дараа дараагийн үеийнхэнд ч шууд бусаар нөлөлсөн ажээ.
Тэгвэл дэлхийн дайны дараа 50-60-аад онд төрсөн хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйлсэд иргэний эрх, тэгш эрхийн тухай асуудлууд анхаарлынх нь төвд байдаг. Бас тэд бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад хүний төлөө анхаарал халамж тавих хэрэгтэй гэж үздэг ажээ. Хэрэглэгчдийн хувьд энэ үеийнхэн биеийн тамираар оролдох, шинжлэх ухааны үндэстэй хооллох гэх мэт эрүүл аж төрөх ёсыг бусад хүмүүсээс илүү эрхэмлэдэг, хүрээлэн буй орчны асуудлуудыг сонирхдог байна. Энэ үеийнхний үнэт зүйлс өнөөдөр америкийн нийгэмд зонхилох үнэт зүйлс болж хэрэгжиж байгаа билээ.
Микро соёл ба угсаатны зүй
Хэрэглэгчдийн зан үйлд микро соёл буюу нийгмийн тодорхой бүлэг болох шашны ба угсаатны бүлгийн үнэт зүйлс, амьдралын хэм хэмжээ бас чухал нөлөө үзүүлдэг. Нийгмийн жижиг бүлгүүдийн үнэт зүйлсийг угсаатны зүйн загварууд гэдэг ба тэдгээр нь амьдралын бүхий л хүрээ, хэрэглээний хүрээнд ч хамаардаг.
Угсаатны бүлгүүдийн бараа сонголтод, юуны өмнө худалдан авах чадавхи нөлөөлдөг. АНУ-д жишээлбэл, ази гаралтай хүмүүс угсаатны бусад бүлгүүдтэй харьцуулахад орлогын түвшин илүү өндөр байдаг.
Соёлын олон янз байдал
АНУ, Орос, Сингапур зэрэг улсуудад соёлын олон янз байдал, тэгш эрхийг хүлээн зөвшөөрч хөгжүүлдэг. Хүн ямар угсаатны бүлэгт хамаарч байгааг үндэсний ба шашны ялгаа, газар зүйн байршил, биеийн төрх галбираар тодорхойлохоос гадна тухайн хүн өөрийгөө ямар угсаатан гэж үзэж байгаагаар тодорхойлно. Соёлын гол шинж бол гэртээ ямар хэл дээр ярьдгаас шалтгаална. АНУ-д 54 угсаатны бүлэг амьдардаг ба англи хэлээс гадна хятад, испани хэл хамгийн их дэлгэрчээ. Хүн амын 26 хувь нь Англиас, 26 хувь Германаас гаралтай хүмүүс байдаг байна.
Америкийн маркетингийн мэргэжилтнүүд угсаатны зүйн үүднээс африк гаралтай, латин-америк гаралтай, ази гаралтай худалдан авагчдын зах зээлийн сегментүүд гэж ерөнхийд нь хувааж ажилладаг байна.
Монгол бол хэл яриа, удам гарлаараа хоорондоо ижилдүү нэгэн төрлийн угсаатны олон ястнаас бүрдсэн нэг үндэстний улс юм. Одоо манай оронд 20 гаруй ястан оршин суудаг бөгөөд хүн амын 95 хувийг монгол угсаатан эзлэх ба цөөн тооны төрөг угсаатан (казак, тува) байдаг (Х.Нямбуу, Монголын угсаатны зүй, УБ, 1992, 20 дахь тал). Улаанбаатар, Ховд хотод нэн ялангуяа олон угсаатан ястан төвлөрөн сууж байна. Монголд угсаатны зүйн шинжлэх ухаан нэлээд хөгжсөн ба гадаадын монгол судлаач нар ч олон ном, зохиол туурвижээ.
Манай оронд зах зээлийн харилцаа гүнзгийрэн хөгжих тусам маркетингийн мэргэжилтнүүдэд угсаатны тухай мэдлэг, мэдээлэл шаардлагатай болох ба ялангуяа угсаатны шинжээр нь зах зээлийн сегментийг тодорхойлоход чухал юм.
- Монголын хэрэглэгчдийг соёлын үүднээс судлах нь
Соёлын хүчин зүйлүүд хэрэглэгчдийн зан төлөвийг судлахад чухал ач холбогдолтой билээ. Тэгвэл соёлын хүчин зүйлүүд монголын хэрэглэгчдийн судалгаанд яаж холбогдох вэ?
Нүүдэлчдийн өвөрмөц соёл иргэншил монголчуудын амьдралын бүх хүрээнд гүнзгий нөлөөлсөөр ирснийг эрдэмтэн судлаачид нэгэнт нотолчихсон билээ. Академич М.Төмөржав, доктор Н.Эрдэнэцогт нарын “Бэлчээрийн монгол мал”, “Монголын нүүдлийн мал аж ахуй”, “Монголын нүүдэлчин” гэсэн гурамсан бүтээл нь нүүдлийн соёл иргэншлийг судалсан суурь бүтээл боллоо. Хүн, мал, байгаль хоорондын харилцан шүтэлцээ нь нүүдэлчдийн соёлын уг үндэс гэдгийг иж бүрнээр харуулжээ. Нүүдэлчдийн соёл иргэншил нь бүрэн дүүрэн судлагдаагүй, монголчууд төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд чухал ач холбогдолтойд тооцогдох монгол судлалын нэг чухал чиглэл юм. Энэ талаар хийх ажил асар их хэвээрээ бөгөөд нүүдэлчдийг хэрэглэгчийнх нь хувьд судлах чиглэл бол маркетингийн мэргэжилтнүүдийн нэг чухал зорилт юм.
Нүүдэлчдийн соёл нь өнөөдөр ч монголчуудын үнэт зүйлс, зан үйлд гүнзгий нөлөөлсөөр байгаа билээ. Байгаль дэлхийгээ хайрлан дээдлэх үзэл, мал аж ахуйг хаягдалгүй технологиор эрхэлдэг арвич хямгач дадал заншил, төрөө сүсэглэн дээдэлдэг үндэсний уламжлал, хүнийг байгальтай салшгүй холбоотой авч үздэг үзэл баримтлал зэрэг нь нүүдлийн соёл иргэншлийн соёлын үндэс юм.
Нүүдэлчдийн соёл иргэншил өнөөгийн монголын хэрэглэгчдийн зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг судлахад хүний талаарх нүүдэлчдийн үзэл ойлголт, уламжлал заншлыг нарийвчлан судлах шаардлагатай байгаа билээ. Нүүдэлчид хүнийг авч үзэхдээ -төрөх, даахь авах, эрийн цээнд хүрч гэрлэн өрх тусгаарлах, хүүхдүүдээ шинэ өрх болгох, өөд болох зэрэг амьдралын мөчлөгүүдээр хандаж сурсан бөгөөд өдөр тутмын амьдралдаа гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө тулгуурладаг уламжлал, сууц, хувцас, бичиг үсэг, шашин шүтлэг, баяр наадам, ардын урлагаа олон зуун жилээр хэвээр нь хадгалан хамгаалсан туршлага нь өнөөдөр ч монголчуудын үнэт зүйлс, зан үйлийн цөм хэвээр байгаа билээ. Өргөн уудам орон зайд байгалийн хуулиар амьдарч сурсан ард түмний зан заншил суурин үндэстнийхээс тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Нүүдэлчдийн дээрх үнэт зүйлсийг дээр бидний ярьсан бас чухал байдаг. Жишээлбэл, өөрийгөө ажиглаж, өөртөө дүгнэлт хийх чадвартай хүмүүс орчин тойрныхоо нөхцөл байдал, хүмүүсийн улам бүр хотжих үйл явц руу хөгжиж байна.
XXI зуунд Монголын түүхэнд анх удаа хот, суурин газар амьдардаг хүмүүсийн тоо хөдөө амьдардаг хүний тооноос илүү боллоо. Энэ нь Монголчуудын аж амьдралд гарч байгаа нэг үндсэн хувьсгал гэж хэлж болохоор өөрчлөлт юм. Хотжилтын гол шалтгаан бол сүүлийн арваад жил хөдөөнөөс жил бүр олон мянган хүн нүүдэллэн хот, суурин газруудад суурьшин амьдрах болсонтой холбоотой.
2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор анх удаа монголчуудын шилжин суурьших байдлыг судалж гаргалаа. Монголчууд төрсөн нутгаасаа хот руу, бас хотоос гадаад руу (ялангуяа сүүлийн жилүүдэд) түр ба бүрмөсөн шилжин суурьшиж амьдарсаар ирсэн жинхэнэ утгаараа нүүдэлчдийн удам болох нь харагдлаа. 2000 оны байдлаар нийт 404477 хүн буюу хүн амын 17 хувь нь төрсөн нутгаа сэлгэн өөр газар суурьшин амьдарсан хүмүүс байна. Энэ нүүдэл цаашид ч үргэлжлэх хөгжлийн хандлага ажиглагдаж байгаа билээ. Хүн амын хөгжилд гарч байгаа өөрчлөлтүүд, хүн амын энэхүү шилжилт хөдөлгөөн нь хэрэг дээрээ монголчуудын амьдралыг шинэ зуунд тодорхойлох шинэ үзэгдэл болох гэж байна. Тиймээс монголчуудын ахуй амьдрал яаж өөрчлөгдөх, нүүдлийн соёл иргэншил шинэ зуунд яаж хөгжих, хөдөө, хотын ялгаа заагийг яаж зохицуулах зэрэг олон асуултанд судалгааны үндэслэлтэй хариулт өгөх ёстой билээ.
Монголын хэрэглэгчдийн зан үйлийн судалгаа бол энэ чиглэлд хийх ёстой судалгааны нэг чухал чиглэл юм. Ийнхүү өнөөдөр оршин суугаа газар, амьдралын хэв маягаараа үлэмж ялгаатай.
- Хөдөө орон нутагтаа амьдарч байгаа хөдөөгийн хэрэглэгчид
- Хот суурин газрын хэрэглэгчид гэсэн хоёр том бүлэг байна.
Энэхүү хоёр том бүлгийг дотор нь бас аймаг, сумын төв, суурин газар амьдарч байгаа хэрэглэгчид, нийслэл Улаанбаатар ба томоохон хотуудад амьдарч байгаа хэрэглэгчид гэж хувааж болно. Эдгээр дөрвөн бүлэг хэрэглэгчдийн зан үйл эцсийн эцэст хэрэглээний зах зээлийг тодорхойлж байгаа билээ. Тиймээс хөдөө, хотын хэрэглэгчдийн ижил төстэй ба ялгаатай талуудыг нарийвчлан судлах нь хэрэглэгчдийн судалгааны үндсэн объект юм. Ингэж тус бүрд нь зан үйлийг тодорхойлох шинжүүдийг гаргаж ирснээр маркетингийн стратегийг боловсронгуй болгох, зах зээлийн сегментүүдийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Нүүдлийн ба суурин соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн асуудлууд, хот, хөдөөгийн хүн ам зүйн судалгаа, олон соёлын харьцуулсан судалгаанууд монголын хэрэглэгчдийн зан үйлийг судлах онол, арга зүйн үндэс болох юм.
Хөдөөгийн хэрэглэгчид бол нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс, зан үйлийг хотынхонтой харьцуулахад илүү уламжлан хадгалж байна. Сууц, гэрийн тавилга, хувцас, хүнс, мал аж ахуйд шаардлагатай хэрэгслүүд үндсэндээ нэлээд хэвшмэл, хотынхонтой харьцуулахад нэр төрөл цөөн. Нэлээд хэсгийг нь өөрсдөө хийдэг. Нүүдлийн соёл иргэншлээс урган гардаг тансаг хэрэглээтэй. Цагаан сараар гангарах хөөрөг, торго, дурдан, наадмаар гангарах морь, морио чимэх мөнгөн ба бусад үнэт зүйлээр хийсэн хэрэгслүүд, эмэгтэйчүүдийн алтан эдлэл гэх мэт хэрэглээний зүйлүүдийг сонирхдог нь үндсэндээ хэвээрээ. Орчин үеийн эд зүйлээс гангардаг болсон зүйлүүд машин, мотоцикл гэх мэт. 2001 оны 8 дугаар сард жишээлбэл, “Да хүрээ” техникийн зах дээр ОХУ- ын УАЗ маркын машины борлуулалт бусад маркийнхаас илүү сайн байжээ.
Учир нь орон нутгийн наадмын үеэр түрүүлсэн бөх, морьдыг шагнахаар дээрх төрлийн машин худалдан авагчид олширчээ. ОХУ-д үйлдвэрлэсэн машины гол худалдан авагчид нь хөдөөнийхөн байдаг гэнэ. Тэдний худалдан авах чадвар намрын улиралд сайжирдаг[9] гэж хэвлэлд бичжээ.
Малчин хэрэглэгчдийн онцлог бол өдөр тутмын хэрэгцээ нь олон төрөл биш, баяр наадам гэх мэт онцгой үед гар татдаггүй үрэлгэн сэтгэлгээтэй. Гэхдээ хөдөөгийн хэрэглэгчдийн зан үйлд ч даяарчлалын нөлөө тусаж байгаа нь ойлгомжтой. Наад зах нь хүнсний хувьд дан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж сурсан ба сүүлийн жилүүдэд импортоор орж ирсэн гадаадын чанаргүй гурил, хэт чихэрлэг зүйлийг дагнан хэрэглэх болсон нь нүүдэлчдийн хооллох заншилтай зөрчилдөж байгаа билээ.
Нүүдлийн мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн байгаль, цаг ууртайгаа зохицолдсон байсан учраас эрүүл байхын тулд европынхон шиг, жишээлбэл, амин дэмийг нь тооцоолж суух ч шаардлагагүй хоол хүнсний тийм хэв заншилтай хүмүүс өнөөдөр экологийн хувьд цэвэр биш хүнс хэрэглэх болж байгаа юм. Тиймээс хөдөөгийн хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахдаа гагцхүү хямд үнэ, худалдааны байгууллагын ашгийг хэрхэвч бодож болохгүй байгаа юм.
Маркетингэд баримтлах ёстой стратеги бол үнэ тийм хямд биш ч гэсэн цэвэр, чанартай бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг уламжлалаа сэргээх шаардлагатай байгаа билээ. Урьд өмнө хэрэглэж заншаагүй барааны талаар хэрэглэгчдийг мэдлэгтэй болгох, өдөр тутмын хэрэглээгээ тансаг хэрэглээнээс илүүд үзэх хэв маягийг хэвшүүлэн сурталчлах шаардлага байгаа юм. Эцсийн эцэст хэрэглэгчдийн энэхүү сонголтоос хүн ардын эрүүл мэнд, бас зах зээлийн чанар чансаа ихээхэн хэмжээгээр шалтгаалах юм.
Хот, суурин газрын хэрэглэгчдийн зан үйлд дэлхийн бусад том хотуудын хэрэглэгчидтэй ижил, төстэй шинж чанар улам бүр давамгайлах болж байна. Гэхдээ нийслэл хот, том хотууд, аймаг, сумын төв, тосгодын хэрэглэгчдийн хооронд ялгаа байгаа нь ойлгомжтой. Цаашдаа бизнесийн ба судалгаа, шинжилгээний байгууллагууд мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болж хэрэглэгчдийн тухай бүхий л мэдээллийг хадгалж, тогтмол судалж, хүчээ нэгтгэн ажиллах хэрэгтэй байна.
Хэрэглэгчдийн ер нь маркетингийн судалгаанд макро ба микро соёл гэсэн ухагдахуунуудыг нэвтрүүлж хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа юм. Арга зүйн энэ зарчим бол бидэнд “соёл” гэсэн ухагдахууныг хүний үйл ажиллагаатай холбосон орчин үеийн хандлагаар хэрэглэж сурахад
хэрэгтэй юм. Энэхүү шинэ хандлага нь ялангуяа маркетингэд их тохирч байгаа юм.
Хүснэгт 3. Монголчуудын хүсэж мөрөөдөж байгаа зүйлс[10] (хувиар)
90-ээд онд эхэлсэн улс төр, эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд монголчуудын үнэт зүйлс шинээр бүрэлдэн төлөвшиж байгаа бөгөөд дээрх хүснэгтээс харахад эрүүл мэнд, ажил эрхлэлт, чинээлэг амьдрал үнэт зүйлсийн тогтолцоонд гол цөм нь болж байгааг харж болно.
Хүмүүсийн дээрх нийтлэг хүсэл мөрөөдлөөс хэрэглээний үнэт зүйлс бүрэлдэн төлөвшинө. Монголын хэрэглэгчдийн зан үйлийн судалгааны нэг чухал чиглэл бол хэрэглээний үнэт зүйлсийг тодорхойлох, төлөвшүүлж хөгжүүлэх, маркетингийн стратегийг боловсруулж, төлөвлөх, зар сурталчилгаагаар хангах зэрэг асуудлууд юм. Жишээлбэл, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, хэрэглээний бараанд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг гол шалгуур болгож байгаа нь монголын хэрэглэгчдийн үнэт зүйлсийн нэг болж төлөвшиж байна.
Хэрэглэгчдийн үнэт зүйлсийг тодорхойлсноор нийгэмд хэрэгцээтэй байгаа бараа үйлчилгээг иж бүрнээр тодорхойлж болно. Энэ нь юуны өмнө бодлого боловсруулахад их хэрэгтэй. Жишээлбэл, Монголд эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь маркетингийн бусад чиглэлүүд, өөрөөр хэлбэл, монголчуудын хооллох заншил, хотжилтын нөхцөлд уламжлалт нүүдэлчдийн амьдралаас өвлөн авсан хооллох зан заншилдаа өөрчлөлт оруулах шаардлага, хүн амд эрүүл аж төрөх ёс, шинжлэх ухааны үндэстэй хооллох хэв заншлыг бизнесийн ба бизнесийн бус байгууллагуудаар дамжуулан төлөвшүүлэх, гадаадаас импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахдаа зөвхөн ашиг хөөцөлдвөл цаашдаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болж байгаа, эх орны үйлдвэрийн байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагуудад маркетингийн удирдлагыг боловсронгуй болгоход онцгой анхаарах гэх мэт онол ба практикийн шинжтэй олон асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Эдгээр олон асуудалд хариулт өгч, амьдралд хэрэгжүүлж байж л хэрэглэгчийн төлөө үйлчилдэг маркетингийн орчин үеийн дэвшилт хэлбэрүүдийг улс орондоо хөгжүүлж чадах билээ.
Монголд хэрэглэгчдийн зан үйлийн тухай шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хэрэглээний соёлыг судлах, сурталчлах, зар сурталчилгааг боловсронгуй болгох чиглэл бүх нийтийн анхаарлын төвд байх ёстой байна. Соёлын нөлөөн дор төлөвших хүний зан үйлүүдээс дорх чиглэлүүдээр судалгаа, сургалт өгүүлэгдэж байна.
Монголд нэлээд давшингуй хөгжиж байгаа нь юуны өмнө төрөл бүрийн сургалт, бас хувцаслалт зэрэг юм. Харин хэрэглэгчдийн зан үйлийн төлөвшил, ер нь өргөн утгаараа маркетингэд хамгийн холбогдолтой.
- Хооллох соёл
- Цаг хугацааны талаарх ойлголт, цаг барих соёл
- Ажил хөдөлмөрийн дадал заншил
Эдгээр чиглэлүүдийг юуны өмнө дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй байгаа юм. Ер нь маркетингийг хялбаршуулсан байдлаар дунд сургуульд заах шаардлага амьдралаас урган гарч байгаа билээ.
[1] Hazel Rose Markud and Shinobu Kitayama, Culture and the Self: Implications for Cognition, Emotion and Motivation, Psychological Review 98 (1991), 224-253
[2] Л.Сономцэрэн “Монголын эдийн соёл, ардын урлагийн зүйлчилсэн тайлбар толь” УБ,1992
[3] Джеймс Ф.Энжел, Роджер Д.Блэкуэлл, Пол У.Минниард “Поведение потребителей” Изд. Питер Ком, С-Петербург., 1999
[4] Seymour Martin Lipset, continental Divide: The Values and Institutions of the United States and Canade (New York: Routledge, 1999)
[5] Joseph T.Plummer, “Changing values”, Futurist 23 (January-Febraury 2002), 10.
[6] Монгол Улс ХХ1-р зуунд, УБ., 2007, 19 дэх тал.
[7] Хүйсийн мэдээлэл 2007, № 2.
[8] Иш татсан зохиолын 21-дэх тал
[9] Монголын мэдээ, 2005 оны 8-р сарын 3
[10] Хүний хөгжлийн илтгэл, УБ., 2003