Р. Эрдэнэбаатар
/Түүхч, ТЗУХИ-ийн багш/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг:(Төрийн түшээд, Ёс заншил, Угсаа залгамжлах, Манж ба Ар Монгол, Засаг захиргаа, Боловсон хүчин)
Дэлхийн нүүдлийн соёл иргэншилт олон улсаас Монголчууд анх түрүүн төрийнхөө гал голомтыг бадруулсан, төрт ёсны 2200 жилийн баялаг уламжлалтай ард түмэн учраас төрийн боловсон хүчин сурган бэлтгэх талаар өөрийн гэсэн сургуультай, дадлага , туршлагатай байсан нь маргаангүй билээ. Гагцхүү эргэх түүхийн хуудсанд энэхүү уламжлалын асуудал янз бүрийн түвшинд тавигдаж, басхүү гаднын хорт бодлогоос сэргийлэхийн тулд нэлээд нууцлагдаж байсны улмаас түүхийн ном сударт үлдэж хоцорсон нь тун бага ажээ.
Дэлхийн олон улсын түүхийг мөшгөн үзвээс олон арван зууны турш төр засгийг удирдах хэрэгт сурвалжит гаралтай хүмүүсийг угсаа залгамжлах ёсонд тулгуурлан авч хэрэглэж байсан нь ажиглагддаг. Монголчуудын өвөг Хүннү гүрнээс эхлэн монголын эртний улсуудын хувьд ч мөн иймэрхүү байв. XII зууны эхээр байгуулагдсан Хамаг Монголын ханд улс төр барих угсаа гаралтай хүүхдүүдийг багаас нь нууцлан бэлтгэж эрийн цээнд хүрэхээр нь хурилдайгаар тодруулан сонгодог байсан уламжлалтай байсан ажээ.
Харин 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан төрийн түшээ нарыг сонгон томилохдоо олон жил тогтсон заншлыг зорилготойгоор өөрчилсөн байна. Тэрээр өөрийн төрөл төрөгсөд болох “алтан ургийнхандаа” өгөөмөр их шан хүртээж газар нутаг, хувь өмч талбин олгосон боловч тэндээс төрийн их хэрэгт татан оруулсан нь цөөхөн байдаг. Чингис хаан төр , засгийг эрхэм сайнаар засах гол нөхцөл нь эрдэмтэй, ухаантай, итгэлтэй хүмүүсээр төрийн алба хашуулах явдал гэдгийг сайтар ойлгож байсан учир төрийн түшээ нарыг олж сонгоход ихэд анхаарч байв. Тиймээс ч төрийн түшээ нарын сонгохдоо сурвалж угсааг нь голчлох бус харин хүмүүсийн үнэнч сэтгэл, эр зориг, ухаалаг чанарыг голлон хөхүүлж монголын төрд шударга зүтгэсэн хэнийг боловч адил тэгшээр үзэж төрийн түшээ болгодог байжээ.
Их Монгол улсын төрийн албанд гован буюу ерөнхий сайдаас эхлэн есөн өрлөг, сэцдийн зөвлөл, түмт, мянгатын сайд, ноёдоор Чингис хааны үнэнч андууд болон монголын төрийн өмнө гавьяа байгуулж, шударга, сайнаар зүтгэсэн жирийн иргэд олноор томилогдсон алба хашиж байлаа.
Хонь хариулагч Дэгэй, модны дархан Хүчүгүр зэрэг олон жирийн иргэдийг мянгатын ноён болгожээ. Монголын төрийн алдарт зүтгэлэн Зэлмэ, Боорчи, Сүбээдэй, Мухулай нар ч угсаа сурвалжаар тодорсонгүй, гавьяа зүтгэлээр дэвшсэн хүмүүс ажээ.
Ийнхүү Чингис хааны үед соёрхогдон сонгогдсон төрийн түшээ нар нэг ёсондоо монголын төрийн элит болж, тэдгээрийн үр удам нь монголын төрийн албыг угсаа залгамжлан хаших болсон нь хожмын түүхээс харагддаг. Тэгэхлээ монголын төрийн цөмийг бурдүүлсэн Чингис хааны бодлого нь хойшдоо төрийн боловсон хүчин тодруулах байнгын бодлого болж чадаагүй бөгөөд зөвхөн шинэ тутам нэгтгэн байгуулагдсан улсын төрийн түшээ нарын шинэ угсаа залгамжлалыгл эхлүүлсэн хэрэг байжээ. Их хааны үед төрийн түшээгээр тодорсон хүмүүсийн үр удам эцгийнхээ албыг үргэлжлүүлдэг байсан тул тэдгээрийг, бэлтгэж, сургадаг уламжлал байсан нь тодорхой билээ.
Чингис хаан үр, ач нараа эрдэм мэдлэгтэй, ухаалаг төрийн зүтгэлтэн болгохын тулд багаас нь бэлтгэж тусгай багш нараар эрдэм ном заалган төр, цэрэг засах хэргийг удирдахдаа өөрийн дэргэд дагалдуулан сургаж байсан ажгуу. Их хааны хөвгүүдээс Зүчи, Тулуй нар монголын алдартай жанжид болон тодорч, Цагаадай “Их засаг” хуулийг нэвтэрхий мэддэг байсны хувьд улс орондоо төрийн хууль цаазыг дээдлэн сахихын үлгэр жишээг үзүүлж байсан бол хаан ширээ залгах Өгэдэй нь төр, цэргийн эрдэмд тэгшхэн боловсорч хаан эцгийн байгуулсан улсыг төвшин сайнаар удирдаж байлаа. Чингис хааны ач хүү Хубилай нь төр засах ухааныг гаргуун сайн эзэмшиж, монголын төрт ёсонд “хоёр ёсон” хэмээх онолыг бий болгон “сэцэн хаан” хэмээн алдаршиж явжээ. Энэ мэтийн олон жишээг дурдаж болох агаад Чингисийн дараагийн хаадын үед ч үр хүүхдээ төрийн албанд сургах үйл явц тасарсангүй, харин ч боловсронгуй болж байсан нь маргаангүй бизээ. Үүний нэгэн адил Монголын төрийн томоохон түшээ нарын үр хүүхэд нь эцгийнхээ зэрэг, тушаалыг угсаа залгах учир тэд мөн л тодорхой хэмжээгээр бэлтгэгдэн төр засах ухаанд суралцан боловсорч байсан нь ойлгомжтой.
Энэ цагаас хойш Монгол төрийн түшээ нарын бүтэц, бүрэлдэхүүн, угсаа залгамжлалд онцын өөрчлөлт оролгүй 300-400 орчим жил үргэлжилжээ.
1691 ондонд Халх Монгол манжийн захиргаанд орсноос эхлэн монголын төрийн боловсон хүчин бэлтгэх acyудалд ихээхэн өөрчлелт оржээ. Манж нар монголчуудын төр захиргааны дээд эрхийг барьж түүнийгээ Бээжинд байгуулагдсан Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам болон Улиастайн жанжны газар, Их Хүрээ, Ховдын сайдын газруудаар дамжуулан хэрэгжүүлж байлаа. Гэхдээ Улиастай, Их Хурээ, Ховдын жанжин, Сайдын газруудын аппаратын ноёд, түшмэдийн тал орчим хувь нь монголчууд байсны дээр гүйцэтгэх тушаалтнууд нь монголчууд байжээ. Түүнчлэн манж нар нь монголын дотоод хэрэгт шууд биеэр оролцохоос болгоомжилж байснаас орон нутгийн төр, засаг захиргааны (аймаг, хошуу, сум) газарт нэг манж хүнийг ажиллуулдаггүй байв. Энэ нь гаднаас нь харахад орон нутгийн төр, захиргааны бух эрхийг монголчуудын гарт олгосон мэт харагддаг байжээ.
Манжийн хаанаас аймгийн чуулган дарга, жанжин нарт хэнийг томилох, засаг ноёдод хэргэм зэрэг шагнах ба залгамжлуулах, тайж нарт зэрэг олгох гэх мэт төр, захиргааны хамгийн том боловсон хүчний aсуудлыг гартаа авч төвлөрүүлсэн байдаг.
Манж улс 1728 онд халхын 4 аймгийг аймгийн хаад захирч байсныг болиулж тэдгээр хаадын эрх мэдлийг бууруулан аймгийн дээд эрхийг аймгийн чуулганд өгч чуулганы даргаар хошууны засаг ноёдыг ээлжээр томилох журам тогтоожээ.
Аймгийн хаадын эрх хэмжээг хассан нь аймгуудыг захирах хумүүсийг өөрсдөө сонгож тавьж тэднийг шууд гартаа атгах манжийн төрийн бодлого байлаа. Аймгийн хаад хэвээр байвал тэдний хөвгүүд нь үө залгамжлан тэр аймгийг захирах болох бөгөөд улмаар өөрийн харъяат хошуудыг нэгтгэн манжийн эсрэг тэмцэх явдал гарч болзошгүй байжээ.
Аймгийн чуулганд чуулган дарга, дэд дарга, түшмэл 4, жинхэнэ бичээч 4, туслах бичээч 4, аймгийн жанжны газар, туслах жанжин, хэвэй, түшмэл 2, бичээч 2 байснаас гадна тахар, зарлага, хөтөл үйлчлэгч хүмүүс ажилладаг байв. Халхын 4, дөрвөдийн 2 аймгийн чуулганы аппаратад нийтдээ 200 орчим хүн ажиллаж байжээ.
Энэ үед Монголын засаг захиргааны үндсэн нэгж нь хошуу байв. 1691 онд халхын 8 хошуу байсан бол манжийн төрөөс түүнийг улам жижиглэн олшруулах бодлого явуулснаар XХ зууны эхээр 86 хошуу болж үүн дээр Дөрвөдийн 16 хошуу, Алтай урианхай, Хөвсгөл нуурын урианхай, Тагна урианхайг оролцуулан нийтдээ 120 гаруй хошуутай байжээ. Хошууг Чингисийн удмын тайж язгуурт хүн үe уламжлан захирах бөгөөд засаг ноён гэж нэрлэж байв. Хошууны аппарат буюу хошуу тамгын газарт туслагч, захирагч, мээрин, залан Хэмээх дөрвөн дэс түшмэл, жинхэнэ, туслах, сурах бичээч 4-8 хүртэл, тахар, зарлага 2 орчим тоотой байсан боловч зарим хошуунд 10 гаруй ч байжээ.
Засаг ноён хошууныхаа төр, захиргааны бүх хэргийг гардан эрхэлж элдэв зарга заалхайн хэргийг шүүн таслах хууль цаазны эрх үүрэгтэй байжээ. Хошууны засаг ноёныг нас барахад ахмад хөвгүүн нь уг хэргэм зэргийг залгамжлан хошууг үe улиран захирах хуультай. Ахмад хөвгүүн нь ухаан мэдрэл муу зэрэг тусгай шалтгаанаар тэнцэхгүй бол бусад хөвгүүдээс нь залгамжилна. Хэрэв өөрийн үр хүүхэдгүй бол ойр төрлийн тайжид буюу мөн тайжийн хөвгүүнийг үрчлэн авч хэргэм зэрэг залгамжлуулдаг журамтай байжээ. Хошууны туслагч нь засаг ноёны туслах нь бөгөөд хошууны тамгыг гардан хариуцна. Ийм учраас заавал засаг ноёны ойр төрлийн том тайж хүн байдаг. Тэрээр тамгын газрын бүх түшмэл, бичээч нарыг захирч удирдана. Засаг ноёныг өөр ажилд томилогдон явах буюу эзгүй байх үед нь түүнийг орлон хошууг захирна. Захирагч нь хошууны засаг захиргааны талын ажлыг, мээрин залан .нар нь хошууны санхүү, цэргийн хэргийг эрхэлсэн тушаалтан хүмүүс юм.
Засаг ноёныг манжийн төрөөс мэдэж угсаа залгамжлуулах ба туслагчийг хошууны засгийн өргөн мэдүүлснээр манжийн төрөөс батлана. Хошууны захирагч, мээрин, заланд хошууны засаг ноён нэр дэвшуүлж аймгийн чуулганаар байгуулдаг. Эдгээр түшмэд нь эрдэм чадвартай бол угсаа харгалзахгүй тул жирийн ардын дундаас гарагсад цөөнгүй байв.
Хошууны аппаратад 15-20 орчим хүн ажилладаг байсан гэж үзвэл нийт Монгол даяар 2500 орчим хүн хошууны төр, засаг захиргааны хэргийг эрхлэхэд оролцдог байжээ. Хошууны дотоод бүрэлдэхүүний гол салбар нь сум хэмээх нэгж юм. Энэ нь засаг захиргааны нэгж боловч зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг нь цэргийн шинж чанартай байв. Сум нь 18- 60 насны 150 эрийн тоогоор байгуулагдаж манжийн өртөө харуул цэргийн албыг бие болон хөрөнгөөр хааж гуйцэтгэх гол үүрэгтэй байв. Суманд сумын занги, хүнд (орлон хөөгч) 1, бошго (зарлага) 6 хүртэл байна. Сумын албан тушаалтныг бичиг үсэгтэй эсэхийг харгалзан хошууны засаr ноёны тушаалаар томилно. Монголд 250 гаруй сум байсныг тооцвол нийт 2000 орчим хүн сумын ажлыг эрхлэхэд оролцож байв.
XҮII-XIX зууны үеийн Монголын төр, засаг захиргааны ажлыг эрхлэн явуулахад ойролцоогоор 5000 орчим хүн хамрагдаж байсан бололтой. Энэ үед Монголын хүн ам 500-600 мянга орчим байсан гэж тооцвол 100 хүнд нэг төр, захиргааны ажилтан нөөгдөж байна.
Энэ үеийн монголын төрийн боловсон хүчнийг ажил эрхлэх байдлаар нь 2 үндсэн хэсэгт хувааж болох юм. Үүнд эхний хэсэни Чингисийн шууд удмын тайж нараас сонгогдсон угсаа залгамжлан хошуу захирах засаг ноёд, төрийн алба хашдаггүй боловч монголын төрийн томоохон албанд хэрэгцээтэй үед нь шууд томилогддон тайж нар, засаг бус ван, гүн орно. Энэхүү сүүлчийн бүлэг хүмүүс нь зэрэг хэргэмээ угсаа залгамжлуулах боловч эрхэлсэн албаа үе залгуулдаггүйгээрээ засаг ноёдоос ялгаатай юм. Эхний хэсэгт хамаарагдах дээрх сурвалжтанууд монголын төр захиргааны элитэд тооцогдож бүхий л чэхал, том албыг хашдаг төрийн боловсон хүчин буюу тэдгээрийн нөөц болж байжээ. Эдгээр нь манжийн төрөөс олгодог чин ван, жүн ван, бэйл, бэйс, түшээ гүн, гүнгийн хэргэмээр шагнагдаж тодорхой тооны хамжлага захирч цалин, пүнлүү авдаг байв. Түүний дээр тайж нарыг 4 зэрэгт хамруулан үзэж Чингисийн удмын тайж нарыг төрөл тайж гэж тусад нь үзэж тэргүүн болон дэд зэрэг олгох ба Хасар, Бэлгүүнтэйн удмыг харьяа тайж хэмээн гурав, дөрөвдүгээр зэрэг олгодог байжээ.
Монголын төрийн боловсон хүчний хоёр дахь хэсэгт туслагч, захирагч, мээрин, залан, занги хэмээх түшмэд орно. Эдгээр нь төр, захиргааны албыг газар дээр нь гардан гүйцэтгэгч, олон түмэнтэй өдөр бүр харьцдаг хамгийн олон тоотой хүмүүс байв. Түшмэдийн зарим нь тайж гаралтай хүмүүс байсан боловч олонхи нь бичиг үсэн сайтай, нутаг усандаа нэр хүндтэй жирийн ардыг засаг ноёны саналаар томилдог байжээ. Түшмэд нь хэргэм зэргээ өвлүүлэхгүй агаад эрхэлсэн албаа үр хүүхэддээ залгамжлуулдаггүйгээрээ засаг ноёноос ялгаатай юм. Гэвч түшмэлийн ажлыг удаан хугацаанд, олонхи тохиолдолд насан эцэслэтлээ гүйцэтгэдэг байлаа.
Хошуу, тамгын бичээч нах, манжийн захиргааны өлбаны нөөц боловсон хүчин нь болж байв. XYIII зууны 70-аад рнррс эхлэн манж нар засаг захиргааны албыг хаагч, бичээч нарын бэлтгэх зорилгоор нэлээд хэдэн сургуулийг байгуулсан байна. Үүний дараахнаас аймгууд чуулганыхаа дэргэд сургуулиуд байгуулж аймаг, хошууныхаа төр, захиргааны боловсон хүчнийг өөрсдөө бэлтгэх болсон ажээ.
1911 онд манжийн дарангуллыг түлхэн унагаасны дараа Богд хаант Монгол улсын төрөөс засаг захиргааны хуваарийг өөрчлөөгүй бөгөөд хошуудын засаг ноёд, засаг бус гүнгийн цол хэргэм, зэргийг хэвээр нь хэрэглэх шийдвэр гаргажээ. Иймээс төр, захиргааны боловсон хүчин хуучин хэвээр үлдэж харин дээд удирдлагын хувьд харь гүрэнд бус Богд хаан болон шинэ засаг төрдөө үйлчлэх болсон байна.
Хянасан : Е. ТЭМҮҮЖИН