Ph.D Б. Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №1, 1993
Түлхүүр үг: Шилжилтийн эдийн засаг, Эдийн засгийн транзиц, Эдийн засгийн реформ, Зах зээлийн эдийн засаг, Харьцуулсан шинжилгээ
1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр болсон өргөн олны идэвхжил, хөдөлгөөн, энэ хөдөлгөөний явцад гарч ирсэн улс төрийн шинэ хүчин, Монгол улсын шинэ Үндсэн хууль, түүнд заасан Монгол улсыг хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замналд оруулах тухай үндэслэл, гадаад олон орон, дэлхийн олон улсын байгууллагатай харилцаа холбоо тогтоосон, хувийн өмч бий болж өргөжиж байгаа зэрэг олон шинэ үзэгдэл өнөөдрийн Монголын нүүр царайг тодорхойлж байна. Энэ бол Монголын нийгэм, эдийн засгийн хуучин социалист орнуудын нэгэн адил шилжилтийн үедээ оршин байгааг нотолж байна. Энэ шилжилтийн үед улс орны амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагийн зэрэгцээ гүн гүнзгий урхаг уршиг бүхий сөрөг үзэгдэл илэрч байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн хэмжээ уналтанд орж, ажилгүйдэл өсч, мөнгөний ханш унаж, юмны үнэ өсч, экологийн бохирдол газар авч, орлогын ялгаа ихэсч, хүн амын ядуу дорой хэсгийн аж байдал ноцтой хүндэрч, гэмт хэрэг өсч байна. Энэ нь шилжилт шаналгаатай, зөрчил бэрхшээлийн дунд хэрэгжиж байгааг харуулж байна. Үүнийг ойлгох, тусгах сэтгэлгээ ч харилцан адилгүй байгаа олон ургалч үзэл илэрхий сөргөлдөх шинж ажиглагдаж байна. Нэн хямралт байдал эдийн засгийн салбарт нэн хурцаар илэрч байна. Нэг үгээр хэлбэл, эдийн засаг нэн хүнд эмгэг өвчинд нэрвэгдээд байна.
Үүнээс яаж гаргах вэ, эдийн засгийг хэрхэн илааршуулж хэвийн байдалд оруулах вэ гэдэг асуудал хүн бүрийн сэтгэлийг хөндөж байна. Гэхдээ нам, улс төрийн хүчин болон хуучинсаг хүчний үзэл баримтлал, олон түмний өдөр тутмын ахуйн сэтгэлгээнд харилцан адилгүй байдлаар энэхүү бодит байдал тусч, үүнээс үүдэн үзэл баримтлал, бодлогын зөрөө гарч байна.
Дэлхийн эдийн засгийн ном зохиолд орчин үеийн эдийн засгийн хэв маягийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу захиран тушаах эдийн засаг, зах зээлийн эдийн засаг буюу гэрээ хэлцлийн эдийн засаг гэсэн хоёр хэв маягийн загварыг ялгаж заагладаг. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгааг үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа боловч өнөөдрийн хямралт байдлын шалтгааныг дээр дурдсан хүчин, хүн ам харилцан адилгүй байдлаар оношлон тогтоож байна.
Өнөөдрийн эдийн засгийн гүнзгий хямралд объектив ба субъектив шалтгаан аль аль нь байна гэж үзэж болох юм. Объектив шалтгаанд юуны өмнө Монголын эдийн засаг 70 шахам жилийн турш коммунист номлолын ёсоор хувийн өмчийг үгүйсгэж, үүний улмаас бүхэлдээ хөдөлмөр, үйлдвэрлэлийн чармайлт үр дүн багатай болж, нэлээд олон жилийн хугацаанд авч үзвэл ахиц дэвшил байсан боловч Монголын эдийн засаг нэг орноос хараат байдалд орж, гадаад худалдааны 85 хувь нь хуучин ЗХУ-д оногдож байсан бөгөөд ЗХУ өөрөө задран унасан явдал Монголын эдийн засаг, хүн амын аж амьдралд ноцтой цохилт учруулсан. Нөгөө талаар хуучин Зөвлөлт Улс цэргийн талаар аварга хүчтэй орон байсан боловч эдийн засгийн хувьд Өрнөдийн хөгжингүй орнуудаас үлэмж хоцрогдсон байсан учир эргээд Монголын эдийн засаг хөгжлийн харьцангуй доод түвшинд баригдаж байхад хүрсэн билээ. Энэ нь хямралын гүнзгийрэлтэд тодорхой нөлөө үзүүлсэн. Түүнчлэн үйлдвэрлэн бүтээгчид эдийн засгийн эрх чөлөөгүй байснаас улс төрийн тоталитар дэглэм нь үйлдвэрлэл, худалдаа хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлээгүй. Үүний эдийн засгийн бүтэц нэн хоцрогдмол байдлаар олон жилийн турш хэвээр хадгалагдсан. Ялангуяа орчин үеийн электрон зэрэг дэвшилтэт салбар, үйлчилгээ, үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц хөгжөөгүй учир үйлдвэрлэлийн уналтаас сэргэж гарах, гадаадын хөгжингүй орнуудтай шууд хамтран ажиллах боломжийг олгохгүй байна. Бидэнд тулгарч буй өнөөдрийн эдийн засгийн хямрал бол бүхэлдээ системийн хямрал юм. Олон жилээр бэлтгэгдсэн “урт долгионы” хямрал бололтой. Зүйрлэж өгүүлбэл 1929-32 оны дэлхийн их депресстэй төстэй үзэгдэл юм.
Үүнээс гадна төр засгаас явуулж буй бодлогын алдаа, ерөнхий үзэл баримтлал нь хямралт байдлын субъектив шалтгаанд хамаарч болох юм. Тухайлбал, Д. Бямбасүрэнгийн засгийн газрын арга хэмжээ нь зах зээлийн эдийн засгийн ид шид, гайхамшигт хэтрүүлэн шүтэж, зах зээлийн харилцаа аяндаа бүхнийг шийднэ гэсэн тал руу хэлбийж байсан бол П. Жасрайн засгийн газар “төрийн зохицуулалт” гэдэг нэрийн дор ерөнхийдөө эдийн засагт хутгалдан орох чиглэл баримжааг голлоод байгаагаас хямралт байдал удаан үргэлжилж баримжааг голлоод байгаагаас хямралт байдал удаан үргэлжилж болзошгүй юм. Зах зээлийн эдийн засаг нь өөрийн давуу талын зэрэгцээ сөрөг талтай байдаг. Энэхүү давуу ба сөрөг талын хоорондын зааг ялгаа, харьцааг зөв харгалзсан баримтлал, бодлого чухал ач холбогдолтой. Түүнчлэн хүн амын сэтгэл зүй, учир ойлгохгүй байдал, бэлэнчлэх сэтгэлгээ тогтсон, амьдрах чадвар алдагдсан, нам улс төрийн хүчний үзэл баримтлал бүрэн дүүрэн цэгцрээгүй зэрэг олон субъектив хүчин зүйл хямралд нөлөөлж байж болох юм. Нөгөө талаас, зах зээлийн эдийн засагт шилжих үеийн бэрхшээлийг дөвийлгөн, хуучин бүх зүйл сайн сайхан байсан, харин 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш л бүх зүйл болохоо байлаа, энэ бүхэн хямралд орсны шалтгаан гэх туйлшрууулж үзэх явдал ч дайралддаг. Монголд ардчилсан өөрчлөлт гарч, зах зээлд шилжих анхны алхам хийгдэж, бэрхшээл зөрчилтэй боловч өмч хувьчлагдаж, хуучин тоталитар дэглэм нурж, цоо шинэ хууль цаазын үндэс тавигдаж байгааг УИХ-ын гишүүн М.Зэнээ “ард түмнээ өлсгөлөнд оруулсны ой, гуйлга гуйлгадаг болгосны ой, өмчийг сүйтгэсний ой, гэмт хэрэг өсгөсний ой, эцэг эхээ алж хядсаны ой, төр засгаа түлхэж унагасны ой, залуу үеэ архичин, дамчин болгосны ой, эм тариагүй өвдөж зовсны ой, хэсэг нь баяжиж, хотлоороо ядуурсаны ой, хууль дүрэмгүй болгосны ой” (“ҮГ” 1993.3.10-20, N7) хэмээн үнэлж, хуучин бүх юм сайхан байсан гэж буй нь хэдэн арван жилийн турш гажуудал, тоталитаризмын хор уршгийг олж харахгүй буюу олж харахыг хүсэхгүй байна.
Аливаа эдийн засгийн нийгэм бол хөдөлмөрийн хувааьт тулгуурлаж байдаг. Ийм эдийн засгийн нийгэм бүрт үйлдвэрлэлийн зорилтыг шийдвэрлэх зохицуулалтын асуудал, үйлдвэрлэлийн хүчин зүйлс болох хөдөлмөр, түүхий эд, капиталыг хэн ашиглаж байгаа тухай ашиглалтын / аллокаци / асуудал, баялагын хуваарилалтыг хэн шийдвэрлэж байгаа тухай хуваарилалтын – асуудал, хөдөлмөр эрхлэгсдийг, ажлаар хэрхэн хангаж тэр нь эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа тухай ажил эрхлэлтийн болон хөгжлийн асуудал, аж ахуйн субъектууд баялаг, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн эрэлт, нийлүүлэлтийн тухай мэдээллийг хэрхэн олж авдаг тухай мэдээллийн асуудалтай тулгарч байдаг. Эдгээр үндсэн асуудлыг албан ёсоор зохицуулж байдаг дүрэм, журам, байгууллага, механизмын нийлбэр цогцсыг эдийн засгийн байгуулал гэж нэрлэдэг. Эдийн засгийн байгуулал нь дэлхийн улс оронд өчнөөн олон янз байж болно. Эдгээр олон янзын хэлбэрийг системчлэх, өөрөөр хэлбэл, түүний гол шинжийг ялган зааглаж, ингэж тодорхойлсон үндсэн хэв маягийг бүхэл бүтэн системд оруулах зорилт зах зээлийн эдийн засгийн ухаанд тулгардаг. Үндсэн хэв маяг гэдэг нь сэтгэлгээний хийсвэр загвар бөгөөд бодит байдалд тэр чигээрээ оршин байх албагүй юм. Эдийн засгийн байгууллын үндсэн хэв маягийг эдийн засгийн систем гэж нэрлэдэг. Эдийн засгийн байгууллын элемент хэрхэн үйлчилж байгаагаар нь төвлөрсөн удирдлагатай аж ахуйн коллективист байгуулал, зах зээлийн аж ахуйн либералист байгууллын элемент гэж ангилдаг. Энэхүү ангилал нь манай Монголын өнөөдрийн эдийн засгийн шилжилтийг ойлгоход арга зүйн ач холбогдолтой гэж үзээд бид ХБНГУ-ын профессор Райнэр Олтены зах зээлийн эдийн засгийн ухааны номонд байгаа төвлөрсөн удирдлагатай эдийн засаг, зах зээлийн аж ахуйн ялгаатай шинжийг харуулсан бүдүүвчийг танилцуулж байна.
Шинж чанар | Төвлөрсөн удирдлагатай аж ахуй, хамтын байгуулаллын элемент | Зах зээлийн аж ахуй либерал байгууллын элемент |
1. Эдийн засгийн үйл явцын төлөвлөлт ба удирдлага | Төвлөрсөн төлөвлөлт, удирдлага. Аж ахуйн үйл явцыг төрийн байгууллага зохицуулж хянадаг. | Тус тусдаа байгаа аж ахуйн субъект төвлөрсөн бус байдлаар төлөвлөнө. Аж ахуйн үйл явцыг зах зээл өрсөлдөөн удирдаж, зохицуулж хянана. |
2. Үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх өмч | Хамт олны өмч, социалист өмчийн байгуулал | Хувийн өмч, хувийн капиталист өмчийн байгуулал |
3. Төлөвлөлт зохицуулалтын байгууллын зарчим | Захиран тушаах, систем эрэмбэлсэн байгуулал. Субординацийн зарчим, дээд, доод байгуулал | Гэрээний систем, эрэмбэлсэн бус байгуулал, зохицуулах координацийн зарчим, тэгш эрхт байдал |
4. Аж ахуйн субъектийн чөлөөтэй хөдөлмөрлөх эрх | Хууль, захирамж хориглолтын замаар хувь хүн бүрийн шийдвэр гаргах, зохион байгуулах үйл ажиллагаа явуулах орон зайг ихээхэн хязгаарладаг. | Эрх зүйн хүрээнд аж ахуйн субъектийн чөлөөтэй хөдлөх харьцангуй өргөн эрх нь ажил эрхлэх, үйлдвэр, худалдаа хийх эрх чөлөөгөөр хангана. |
5. Хяналтын систем | Торгууль цээрлэл бүхий захиргаа, улс төрийн байгууллага, банкны системээр дамжуулан төр улс төрийн хяналт тавина. | Санхүүгийн болон иргэний эрхийн цээрлэл бүхий өрсөлдөөний болон хяналтын систем үйлчилнэ. |
6. Үнийн систем | Төрийн захиргааны үнийн систем | Зах зээлийн чөлөөт үнийн систем |
7. Мөнгө банкны систем | Улсын банкны нэгдмэл системээр мөнгө зээлийн хангамж хэрэгжинэ. Засгийн газарт захирагдсан төв банк байна. | Улсын биш банкуудын үйлдвэр худалдааны системээр мөнгө зээлийн хангамж хэрэгжинэ. Засгийн газраас хараат бус бие даасан төв банк байна. |
8. Хөрөнгө оруулалтын шийдвэр | Хөрөнгө оруулалтын төрийн шууд удирдлага | Үйлдвэр худалдааны эздийн хөрөнгө орууллалтын чөлөөтэй шийдвэр |
9. Мэдээллийн систем | Хүнд сургалт, мэдээллийн систем, төрөөс тогтоосон үнэд тулгуурласан үйлдвэрийн газрын тайлан тооцоо | Зах зээлийн мэдээллийн систем, зах зээлийн үнэ, зардалд тулгуурласан үйлдвэрийн газрын тайлан тооцоо |
10. Сэдэл шалтгийн систем | Үзэл суртлын торгуулийн, цээрлэлийн материаллаг бус сэдэл шалтгийн систем | Хувийн өмч ба өрсөлдөөнд тулгуурласан материаллаг урамшууллаар дамжуулан зах зээлийн дагуу шууд бус макро удирдлага |
11. Эдийн засгийн бодлогын зэмсэг хэрэгсэл | Шууд тушаах, хориглох, хувийн төлөвлөгөөнд хүнд сурталд захиргаадлаар оролцох микро удирдрлага | Эрэлт, нийлүүлэлт, зах үнэ материаллаг урамшууллаар дамжуулан зах зээлийн дагуу шууд бус макро уридрлага |
12. Улс төрийн үндсэн байгууллага | Нэг намын систем үнэн хэрэгтээ дарангуйллын үндсэн байгуулал | Олон намын систем ардчиллын үндсэн байгуулал |
Өнөөдрийн Монголын эдийн засгийн байдлыг ойлгохын тулд дээрх хоёр өөр байгуулын хооронд шилжилт явагдаж хуучин байгуулал нь бүрэн дүүрэн нурж гүйцээгүй, шинэ байгуулал нь бүрэн зүгширч төлөвшөөгүй, үр дүнгээ өгөх цаг хугацаа нь болоогүй байгаагийн улмаас эдийн засаг бүхэлдээ хямралд нэрвэгдэж байгаа бөгөөд энэ үйл явц нь хүн амын янз бүрийн бүлгийн оюуны сэтгэхүйд өөр өөрөөр тусаж байна гэж үзэж болох юм. Үүний дээр төр засгийн авч буй арга хэмжээ зарим талаар тууштай биш тодорхой үзэл баримтлал дутагдаж байгаагийн зэрэгцээ олон жилийн турш тогтсон гадаад орчин эрс өөрчлөгдөж, ямар нэгэн байдлаар аргацаан торгоож байсан хуучин Зөвлөлт улсын эдийн засаг хямралд нэрвэгдсэн нь Монгол оронд нэн хүндрэлтэй байдлыг бий болгов. Ийм учир эдийн засаг хямралд нэрвэгдсэн гол шалтгаан бол Монголын эдийн засаг нэг орны хараат байсанд оршиж байна. Энэ нь Монголын эдийн засагт хуучин ЗХУ онц эрхтэй ноёрхож байснаар илэрдэг. Ийм гүнзгий хямралд орсон нь бүхэлдээ Монгол орон 70 шахам жилийн турш коммунизмын туршилтын талбар болсонд оршиж байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлийн талаар үндэсний эрх ашгаа дээдэлсэн үзэл баримтлал байгаагүй, байх ч боломжгүй байсантай холбоотой юм.
Эдийн засаг эрүүл хэвийн байхыг харуулдаг хэд хэдэн чухал шинж байдаг. Тухайлбал, үнэ тогтвортой байх, эдийн засгийн жигд өсөлттэй байх, ажил эрхлэлт харьцангуй өндөр түвшинд байх, гадаад эдийн засаг тэнцвэртэй байх явдал бөгөөд эдгээр нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой, бие биеэ нөхцөлдүүлж байдаг тул эдийн засгийн онолын ном зохиолд түүнийг шидэт дөрвөн өнцөг гэж нэрлэсэн байдаг. Үүнээс гадна орлогын жигд хуваарилалт, байгаль орчны экологийн таатай байдлыг нэмээд сүүлийн үед шидэт зургаан өнцөг гэж ярьдаг болжээ. Гэтэл эдгээр асуудал манай эдийн засагт цөмөөрөө урвуугаар эргэсэн байгаа учир бид гүн гүнзгий хямралын тухай ярьж байна.
Хямралт байдлын илрэх үндсэн хэлбэр нь дээр дурдсанаар үйлдвэрлэлтийн уналтын хэлбэр болж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүн болон зарим чухал нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр уналт хэрхэн явагдаж байгаа жишээг хүснэгт, графикаар харуулав.
Хүснэгт 1.
Бүтээгдэхүүний нэр | |||||
Он | ҮНБ 1986 оны зэрэгцүүлэх үнээр сая төгрөг | Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл сая.квт.цаг | Дулааны эрчим хүч мян.гкал | Нүүрс олборлолт мян.тонн | Зэсийн баяжмал мян.тонн |
1988 | 8835.7 | 3544.1 | 8605.8 | 357.7 | |
1989 | 9360.8 | 3568.3 | 6818.5 | 8044.5 | 352.8 |
1990 | 9111.7 | 3347.9 | 7311.4 | 7157.0 | 354.1 |
1991 | 8345.1 | 3228.6 | 8054.0 | 7036.8 | 257.4 |
1992 | 7421.8 | 2406.7 | 7977.4 | 5977.5 | 300.2 |
Төгрөгийн худалдан авах чадвар тасралтгүй буурч, инфляци хүчтэй явагдаж, мөн чанартаа гиперинфляцийн шатанд хүрч судлаачдын тооцож байгаагаар сүүлийн гурван жилийн дотор гол нэрийн барааны үнэ барагцаалбал 10 дахин нэмэгдлээ. Баталгаагүй олгосон зээлийн хэмжээ их нэмэгдсэн нь мөнгөний тогтолцоог хүндрүүлсэн байна. Инфляцийг эрдэмтэд мансууруулах бодистой адил аюултай үзэгдэл хэмээн үздэг билээ. Ажил эрхлэлтийн түвшин эрс буурч, одоогийн байдлаар албан ёсоор бүртгэгдсэн 50 мянга гаруй ажилгүйчүүд байна. Залуу нь ахимаг настайгаа, боловсролтой нь боловсрол багатайгаа, эрүүл нь эмгэг хуучтайгаа түрж шахаж байдаг нь жам ёсны үзэгдэл учир тодорхой хэмжээний ажилгүйдэл байх нь эдийн засгийг эрүүл байлгах хэвийн үзэгдэл юм. Гэвч ажилгүйдэл хэт ихсэх нь бас эдийн засгийн эмгэг өвчний шинж болно. Гадаад эдийн засгийн тэнцвэр олон жилийн турш алдагдаж ирсэн нь нэн хурцаар илэрч, ялангуяа бүтцийн хямрал энд ихээхэн уршиг дагавартай байна. Тухайлбал,сүүлийн жилүүдэд манай экспортын уламжлалт барааны үнэ эрс буурч, харин бензин, шатах тослох материал зэрэг импортын гол нэрийн барааны үнэ өссөн нь байдлыг нэн хүндрүүлсэн байна. Гэхдээ Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн болж, тэдгээр байгууллагын тусламж дэмжлэгийг хүлээж, харилцаа холбоотой болсноор эдийн засгийн хямралын уршиг дагаварыг хөнгөвчилж, түүнчлэн манай орны хувьд нэн чухал ач холбогдолтой мэргэжлээр хүмүүс сургаж бэлтгэснийг тэмдэглэх ёстой. Зах зээлийн хөгжингүй орнуудад 300 гаруй хүний мэргэжлийг дээшлүүлсэн байна. Хандивлагч орнуудаас 1991-1992 онд 190 орчим сая долларын тусламж авч хэрэгжүүлсэн байна. Ийм дэмжлэг туслалцаа байгаагүй бол, дан ганц “өөрийн хүчинд тулгуурласан” бол Монгол энэ хүнд хэцүү хямралын эхний жилүүдэд л бүрэн сүйрэлд орох байлаа. Энэ нь бас манай гадаад харилцаанд дэлхийн соёл иргэншилт орнууд, ялангуяа АНУ, Япон, Герман мэтийн өрнөдийн хөгжингүй орны нөлөө, үүрэг роль ихсэх хандлагыг ч илэрхийлж байна. Энд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн дотор, эдгээр түргэн хөгжлийн гайхамшиг, түүний дотоод шалтгаан ихээхэн учир холбогдолтой байна. Эдгээр хөгжингүй орнууд ч хоорондоо өрсөлдөөнтэй, бас орон бүр өвөрмөц онцлог, загвараар хөгжиж байгаа нь учир холбогдолтой юм.
Үүнтэй холбогдуулан америкийн менежмент, зохион байгуулалтын онолын нэрд гарсан төлөөлөгчдийн нэг Г. Эмерсоны нэгэн сонирхолтой санааг дурдмаар байна. Тэрбээр “Бүтээмжийн арван хоёр зарчим” гэдэг номондоо:
“Япончуудын бие, цус, тархины онцгой чанар нь тэднийг америкийн аж үйлдвэрийнхний аюултай өрсөлдөгч болгож байгаа юм биш, япончууд ядуу учраас мөнгө ч биш, япончуудад ховор хомс байдаг учраас тоног төхөөрөмж ч бус, Японд бараг байхгүй учраас байгалийн баялаг ч бус, харин өндөр бүтээмжийн бололцоо олгодог зохион байгуулалтын тэрхүү хэв маягт бид хараахан хүрч чадаагүй, гэтэл япончууд түүнд хүрсэн, гагцхүү энэ учраас японы аж үйлдвэр бидний аюултай өрсөлдөгч болжээ” гэж бичсэн байдаг.
Өнөөдөр байдал олон талаар өөрчлөгдсөн ч гэсэн жишээлбэл, тэр үед Японыг мөнгөгүй гэж үзэж байсан бол өнөөдөр АНУ-д өдөр бүр 100 сая доллар зээлдүүлдэг орон болсон, түүнчлэн орчин үеийн электроникийн орон болсон зэрэг өөрчлөлт гарсан боловч бүтээн үйлдвэрлэх чадамжаараа дэлхийн гайхамшиг болж байгааг 60 гаруй жилийн өмнөөс угтан харж бичсэн мэт санагддаг юм. Ийм өвөрмөц онцлог потенциал бүхий орнуудтай хамтран ажиллаж, тэднээс суралцах нь монголчуудын хувьд амин чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ аварга том хөршүүдийн хооронд хавчуулж, тэдний түрэлтэнд олон арван жилийн турш байнга ухралт хийж, аль нэгнийх нь давамгайлалд ямагт өртөж ирсэн Монгол орны хувьд хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд урьд харилцаа холбоо бараг байгаагүй Өрнөдийн орнуудтай харилцах түншлэл чухал байр суурь эзлэх ёстой. Энэ талаар хийгдсэн анхны алхмуудыг улам лавшруулан, эдийн засгийн бат бэх үндэс суурьтай болгох нь ирээдүйд зохих үр шимээ өгөх нь дамжиггүй.
Ингэхдээ ер нь өрнөдийн хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад туслах дараах хэдэн гол чиглэлийг барьж байдаг болохоор Монгол улс ч бас эдгээр чиглэлийг голлон тууштай ашиглах ёстой болов уу. Энэ чиглэл нь 1-рт, ядуу зүдүү байдалтай тэмцэх, хөдөөгийн бүс нутгийг хөгжүүлж, хүнсний хангамжийг сайжруулах, ажилгүйдэлтэй тэмцэх явдал юм. Эдгээр нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой асуудал. 2-рт, нэг чухал чиглэл бол эрчим хүчний баазыг бэхжүүлэх, импортоос аль болох бага хамаарах, гадаад валютын ачааллыг багасгах асуудал энд хамрагдаж байна. Нефтийн импортоос хамаардаг орнууд их өрөнд орж байгааг харгалздаг бололтой. 3-рт, хүрээлэн буй орчин, экологийн асуудал онцлог анхаарал татдаг бөгөөд энэ нь нийтийг хамарсан глобал асуудал болж, экологийн хор хохирол нэн өргөн хүрээтэй болсонтой холбоотой юм. 4-рт, хамтын ажиллагааны чухал чиглэл бол боловсролын асуудал юм. Боловсролгүйгээр хөгжих бололцоогүй гэдгээс энэ чиглэл шалтгаалж байна. Монгол орны хувьд шинжлэх ухааны ач холбогдлыг бүхэлд нь анхаарч ирсэн боловч эдүгээ нийгмийн шинжлэх ухаан, ялангуяа эдийн засгийн шинжлэх ухаан, түүний сургалт гүн гүнзгий хямралд нэрвэгдсэн байна. Нөгөө талаас ажилтныг шилж сонгохдоо түүний эрдэм боловсролыг нь бус харин өөр шалгуур хэрэглэж тухайлбал, нэлээд олон жилийн өмнөх нэгэн чухал баримт бичигт дурдсанчлан “ёсыг тэрслэн, журмыг мартаж, эрдэмтэнг аглага, зусар бялдуучийг ойр болгон үзэж” ирсэн нь нэлэнхүйдээ хямралын гүнзгий ангалд унахад ихээхэн түлхэц болсон юм. Ийм учраас боловсролын салбарт хөгжингүй бусад оронтой нягт хамтран ажиллах нь бүхэлдээ улс орны сэргэн мандалтанд үнэлж баршгүй ач холбогдолтой. Тусламжийн гол зарчим нь хөгжиж буй улс орон өөрөө өөртөө туслахад нь туслах явдал гэж үздэг. Дүрслэн өгүүлбэл, загасаар тэжээгээд байх нь гол биш, харин загас барьж сургахад гол зүйл оршино гэж үздэгийг бид ямагт анхаарч байх нь зүйтэй юм.
С. Боулес, Р. Эдвардс нарын бичсэнээр “Урт хугацааны зогсонги байдлаас гаргахад эдийн засгийн болон улс төрийн хоёр нөхцөл шаардлагатай байдаг. Үүнд: 1-рт, суурь эдийн засгийн болон нийгмийн бусад институт байгууламжид үндсэн өөрчлөлт явагдаж, нийгмийн амжилт олох хуримтлалын шинэ бүтэц тогтох нь чухал байдаг. 2-рт, институт байгууламжийн хууль зүйн болон нийгмийн инерци хөшүүн байдгийг даван туулах хангалттай хүчний улс төрийн шинэ давамгайлсан эвсэл байж, хуримтлалын нийгмийн шинэ бүтэц бүрэлдэхэд дэмжин хөнгөвчилж байх ёстой” гэсэн нь Монголын эдийн засгийн шинэчлэлийн мөн чанарыг ойлгоход арга зүйн ач холбогдолтой юм.
Эдийн засгийн хямралын байдлаас гарахад юуны өмнө зах зээлийн эдийн засгийн харилцааг тууштай хөгжүүлэх, түүнд тохирох зөв бодлого явуулах нь чухал юм. Энд юуны өмнө мөнгөний бодлого, өрсөлдөөний бодлого, гадаад эдийн засгийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр асуудлаар бие даасан тусгай илтгэл хийгдэх учир энд дэлгэрэнгүй авч үзсэнгүй.
Хүн төрөлхтний жам ёсны замд нийлэх ерөнхий хандлагад чиглүүлэн эдгээр бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ бол юуны өмнө зах зээлийн эдийн засгийн харилцаанд тууштай шилжих гэсэн үг бөгөөд энэ шилжилтийн явцад эдийн засгийн байгуулал, дэг журам үндсээрээ өөрчлөгдөнө. Энэхүү өөрчлөлт нь тоймлож, хэлбэл дараах хэдэн гол хандлагыг хамарч байна. Үүнд :
- Үйлдвэрлэлийн төвлөрсөн шийдвэрээс үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төвлөрсөн бус шийдвэр гаргадаг байгуулалд шилжих үйл явц явагдаж байна. Удирдлагын субординацийн зарчмын оронд координаци чухал болж байна.
- Үйлдвэр, аж ахуйн газрууд хоршиж нэгдэхээс илүүтэй харин өөр хоорондоо өрсөлдөх замаар үйлдвэрлэл, хэрэглээг бие биетэй нь уялдуулан зохицуулах зарчим давамгайлах чиглэл, хандлага гарч байна.
- Бүтээмжийг урамшуулах, хүмүүсийн сэдэл шалтгийн (мотиваци) асуудал өөрчлөгдөж байна. Хуучин хүчтэй байсан материаллаг бус үзэл суртлын урамшуулал мотивацийн оронд материаллаг урамшуулал – хувийн өмчтэй болох мотиваци илүү ач холбогдолтой болж байна.
- Үйлдвэрлэлийг жолоодох, хуваарилалтыг хамарч буй үнэ бүрэлдэн тогтох асуудалд зарчмын өөрчлөлт орж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны аргаар тогтоодог үнийн оронд өрсөлдөөний үнэд шилжих үйл явц явагдаж байна. Гэхдээ заримдаа хэт монополист зах зээл (ганц нэгхэн том үйлдвэрийн газар үйлдвэрлэгч буюу хэрэглэгч болж байдаг) эсвэл заримдаа дэндүү бүр полиполист зах зээл (жишээлбэл, бараг адилхан бараатай тохиролцооны дэлгүүр г.м) байгаа нь эрэлт нийлүүлэлтийн аль алины талд өрсөлдөөн буй болгох, түүний дагуу үнэ тогтворжих үйл явцыг өнөөгийн шатанд нэн түвэгтэй болгож байна. Ийм учраас эдийн засагчдын мансууруулах бодистой зүйрлэдэг инфляци үргэлжилж эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байна.
- Хамтын буюу нийгмийн өмчийн оронд хувийн өмч эдийн засагт хошуучлагч үүрэгтэй болох ёстой. Бэрхшээл саадтай учирч байгаа боловч хувьчлах үйл явц бүхэлдээ урагшилж, ахиц дэвшил гарч байна. Эргэлзэж тээнэгэлзсэн, цаг хугацаа алдсан, учир үл ойлгосон, далимдуулж завшсан зэрэг сөрөг, эерэг олон үзэгдлийг агуулсан зөрчилтэй үйл явц байлаа. Гэвч хүмүүс эдүгээ хувийн өмчийн ач холбогдлыг ойлгож байна. Чинээлэг, хөрөнгө капиталтай үйлдвэр худалдааны эзэд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгож байна.
Эдгээр таван гол чиглэл бол Монголын эдийн засаг дэлхийн эдийн засгийн түгээмэл жам ёсонд ойртоох хандлагын илрэл болох юм.
Зах зээлийн эдийн засаг бол бас өө сэвгүй, бүхнийг аврагч ид шидтэй зүйл биш ээ. Түүнд бас зах зээлд монополь ноёрхолоо тогтоож, түүнийг ашиглах эрмэлзэл, капитал мөнгөний эзэн, биеийн хүчин үнэлэгч ажилчны тэнцвэргүй байдал, уг системийн дотоод тогтворгүй байдал, экстренал зардал буюу хүрээлэн буй орчинд хохирол учруулах аюул занал, хэрэглэгчдийн эрх ашгийг хууран мэхлэх, элдэв аргаар хохироох хандлага зэрэг зохисгүй үзэгдэл байдгийг зах зээлийн эдийн засгийн ухаан нотолж байдаг. Ийм учир шилжилтийн үед ч гэсэн эдгээр сөрөг үзэгдэл, дангаар ноёрхлын эсрэг чиглэсэн бодлого, нийгмийн шударга ёсны бодлого, эсрэг чиглэсэн бодлого, нийгмийн шударга ёсны бодлого, коньюнктурын өсөлтийн бодлого, экологийн бодлого нарийн сайн боловсорсон байх шаардлагатай. Германы нэрт онолч Вильгельм Репкегийн “Эдийн засгийн хэмжүүр нь хүн байдаг, харин хүний хэмжүүр нь түүний бурхан тэнгэрт хандах харилцаа байдаг” гэсэн гүнзгий утгатай үндэслэл ийм бодлого боловсруулахад зарчмын ач холбогдолтой юм.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ
– Райнэр Олтен. Зах зээлийн эдийн засгийн ухаан, УБ
– Г. Эмерсон. Двенадцать принципов производитеьности. “Экономик”
- 1972, стр-21
– 1921 оны ардын хувьсгалын түүхэнд холбогдох баримт бичгүүд.
1917-1921, УБ 1957, 80 дахь тал
– S. Bowles, Edwards, Understanding capitalism :
Competition, and change in the U.S economy, p 360-362