Ч. Дагвадорж
/Эдийн засгийн ухааны дэд доктор, ХАБХЯ-ны ажилтан/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Нийгмийн хамгаалал, Тогтолцоо, Даатгал
Монгол улсын шинэ үндсэн хуулинд соёрхон тунхагласан “хүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах”-ын тулд захиран тушаах захиргаадлын системээс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийг зайлшгүй туулах болно. Энэхүү шилжилтийн үеийн өвөрмөц онцлог, язгуур шинж, зөрчил, бэрхшээлээр зөрчилдсөн нийгмийн хамгаалал, баталгаажлын шинэ тогтолцоо бүрэлдэх учиртай бөгөөд энэ удаадаа түүний зарим асуудалд анхаарлаа хандуулюу.
Захиран тушаах систем нь өөртөө тохирсон, өөрөө бүрэлдүүлсэн нийгмийн хамгааллын тогтолцоотой байсан. Тэр нь зах зээлийн нөхцөлд тохирох ч үгүй, шаардлагыг хангах ч үгүй. Яагаад гэвэл захиргаадлын үеийн нийгмийн хамгаалал нь алагчлал, гадуурхал, тэгшитгэл, бэлэнчлэл, хомсдолын аль алинийг агуулж байсан болохоор цагийн сорилтыг даалгүй, бүрдэл хэсгээрээ ч, бүтцийн элемэнтээрээ ч, механизмараа ч “гэмтэлд” оржээ. Үүний улмаас хүн амын, ялангуяа эмзэг давхрааныхан нийгмийн хамгаалал, баталгаагүй “шалдан үлдэж” зах зээлийн үед барьц алдаж, зутарч дордож, зовж бүдэрч явна.
Нийгмийн, тэр тусмаа бүтцийн хамралын үед хүн амын нийгмийн хамгаалал, баталгаажил алдагдаж, эд баялаг, орлого дахин хуваарилагдах нь зайлшгүй. Гэхдээ хүн амаа, хөдөлмөрчдөө, яланнгуяа эмзэг гэгдэх давхрааныхан “үнсэнд хаягдсан шалз” мэт болбол нийгмийн тогтвор алдагдаж аягүйтвэл зөрчил, тэмцэлд хүргэнэ. Ийм учраас алгуурлаж цаг алдалгүй, адгаж павчдалгүйгээр хүн амын нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог зугуухан, тэгэхдээ тууштай бүрэлдүүлэх хэрэгтэй байна.
Нэгэнтээ л бид хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг зорьж яваа юм бол түүнд нийцүүлэн нийгмийн хамгааллын номлол, үзэл баримтлал, бодлого юугаа нягтлан боловсруулж, амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд нэмэр болж юуны магад хэмээн зарим зүйл дээр тогтож ярьюу.
Юуны өмнө тэмдэглэхэд нийгмийн хамгааллын үйлчилгээний цар хүрээг зөв тогтоох нь чухал. Оросын эрдэмтэн доктор, профессор Л.С.Ражаницына нийгмийн хамгаалал бүх хүнийг хамрана гэж байхад дэд доктор Е.Г.Бөрницкая хүн амын зөвхөн эмзэг давхраануудыг хамрах ёстой гэж үзэж байх жишээтэй. Хоорондоо тэс өөр, хоёр туйл гэмээр үзэл бодлоос харахад нийгмийн хамгаалал тун нарийн нь мэдрэгдэнэ.
Нэгдэх санал бодол хэтэрхий ерөнхий, хоёрдахь нь авсаархан, цомхон, зориулалт, хаяг нь тодорхой мэт эхлэн санагдана. Сийрэгхэн ухаанаар хэрсүүхэн бодвол аль алинд нь эерэг, сөрөг талууд байна. Тэр болгоны нуршилгүйгээр өөрийн бодлоо шууд нэмэрлэхэд нэгдэх нь нэлээд нуруутай юм. Нийгмийн эмзэг давхраанууд болох хүүхэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнөр бүл, тахир дутуу хүмүүсийг гэхээсээ, хүн амаа бүхэлд нь нэн ялангуяа, ажил эрхлэгчдийг нийгмийн хамгаалал, баталгаатай болгох нь оновчтой бөгөөд ирээдүйтэй.
Захиргаадлын үеийн нийгмийн хамгаалал нь ихээхэн алагчлал, гадуурхалтай. Тодруулж хэлбэл, хүнд сурталтнууд нь эрх дарх эдэлдэг мөртлөө давхар, давхар хөнгөлөлт эдэлж байсан бол малчид, хоршоологчид болохоор “Хоёрдугаар зэргийн” хүмүүст тооцогдож, нийгмийн даатгал, хангамжаас гадуур, хүртэх юмаар дулихан үлддэг байваа.
Хуучин системийн дутагдлыг дахин давтахгүйн тулд, олон түмний дундах “нийтийн тогоонос” хувь хүртэх гэсэн сэтгэлгээ, зуршлыг өвлөхгүйн тулд ажил эрхлэгчдийнхээ нийгмийн хамгаалалт, баталгаажилтад тэргүүлэх учир холбогдол өгч чадвал нийгмийн мэзэг давхраагаа харж хандаж, өөд татах бололцоо нээгдэнэ. Түүнээс биш нийгмийн эмзэг давхраануудаа, дараа нь ажиллагчдаа нийгмийн хувьд хамгаалана, баталгаажуулна гэдэг ихээхэн эргэлзээтэй.
Манай улсын хүн амын нийгмийн хамгаалал, баталгаажлын тогтолцоо нь гурван талт, гурван бүрэлдэхүүнт, гурван зарчимт агуулгыг илэрхийлбэл зохимжтой санагдана. Гурван талт гэдэг нь төр засаг, аж ахуйн нэгж, бодгаль хүн тус бүр нийгмийн хамгааллынхаа талаар санаа тавьдаг, санхүүгийн эх үүсвэр бүрэлдүүлдэг, түүнээсээ алагчлал, гадуурхалгүйгээр зохих жухмын дагуу шударгаар хүртдэг байна гэсэн санаа юм. Гурван бүрэлдэхүүнт гэдэг нь а) даатгал, б) улсын тусламж, в) өглөг буяны сан гэсэн жтга санааг агуулна. Гурван зарчимт гэдэг нь а) шударга, б) үр ажигтай, в) хөдөлмөрийн үйл ажиллагаанд түлхэц өгөхүйцээр зохион байгуулагдахыг хэлнэ.
Хүн амын нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог бүрэлдүүлэхийн тулд татварын багц хуультай эн зэрэгцүүлэн даатгалын багц хуулийг боловсруулан баталгаажуулах хэрэгтэй. Татварын хуулиуд нь нийгмийн хамгаалалтын эх үүсвэрийн талыг нэлээд хэмжээгээр шийддэг бол даатгалын хуулиуд нь нийгмийн хамгаалалтын механизмг зүгшрүүлж өгнө.
Татвар нь хүн амын нийгмийн хамгаалалтад гэхээсээ улсын төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар ашиглагдаж буй үед татвар төлөгчид нь татвараас чөлөөлөгдөх, хөнгөлөлт үзэх, түүгээр ч зогсохгүй татвараас зайлсхийх, нуун дарагдуулахыг урьдал болгоно. Харин татвар нь нийгмийн даатгалаар агуулагжаад ирэхлээр нийгмийн чиг баримжаа, нийгмийн хамгаалалтын тал нь тодроод ирэхлээр татварын суурь нь ч, хэмжээ нь ч нэмэгдэх болно. Тэр чинээгээр нийгмийн даатгал, хангамж, хамгаалалт, баталгааны санхүүгийн эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ.
Одоо манайд зах зээлийн үеийн нийгмийн даатгалын анхны хууль, эрүүл мэндийн даатгалын хууль энэ оноос эхлэн мөрдөгдөж байна. Энэ бол анхны гараа. Тэгэхдээ ганцхан эрүүл мэндийн даатгалаар асуудал шийдэгдэхгүй. Үүнийг дагалдуулаад ажил эрхлэлт, тэтгэвэр, үйлдвэрлэлийн ослын гэх мэт даатгалын сүлжээг бүрэлдүүлэх эрх зүйн үндэс болох нийгмийн даатгалын багц хууль батлагдан гарлаа. Энэ хуулийг хэрэгжүүлж, нийгмийн баталгааны, ялангуяа ажиллагчдын дунд өнөөдрийн татвараас гар татаж чавдаглах биш, харин ирээдүйн амьдралаа даатгал, баталгаа болгохын төлөө шахалт шавдуулалтгүйгээр сайн дураараа даатгалд хамрагддаг урьдач нөхцөлийг бүрдүүлэх учиртай.
Хэдийгээр зах зээл тийш хөл тавиад нэгэн хоёр жилийн нүүр үзэж байгаа ч хүн амын дунд төрөх, үхэх үнэн гэсэн ойлголт байгаагаас бус, Франклины хэлсэнчлэн “хорвоод хоёрхон үнэн байдгийн нэг төрөх, нөгөө нь татвар төлөх үнэн” гэсэн сэтгэлгээ, зуршил, тэмүүлэл алга. Иймд татвар төлөх, даатгалд хамрагдах явдлыг нэг зоосны хоёр тал мэтээр үзэж түүнийгээ амьдралын, өдөр тутмын хэм хэмжээ болготол хүмүүсийн ухамсрыг өөрчилж, амжиргааг нь чинээлэгжүүлэх ёстой. Чинээлэг хүн л хэр баргийн татварт хотойдоггүй, харин ч нийгмийн өмнө хүлээх үүрэг, хүн болж төрсний нэр төрийн хэрэг хэмээн үзэж, нийгмийн хамгаалалтыг улам бүр хүртээмж, үр нөлөөтэй болгоно.
Нийгмийн хамгаалал, баталгаажлын тогтолцоонд улсын тусламж, дэмжлэг чухал байр эзлэнэ. Даатгалын ногдол, үр дагавар нь даатгалтайгаа шууд хамааралтай, өөрөөр хэлбэл, хэн даатгуулна, тэр даатгалын сангаас хувь хүртэнэ. Харин улсын тусламж нь улсын төсвөөс шууд хуварилагдах учир хэн болзол хангана, тэр түүнээс хувь хүртэх болно. Ажилгүйдэх, ядуурах, гэр бүлээс салах, олон хүүхэд төрүүлэх зэрэг “болзол” хангах хангалттай үндэслэл болно.
Нийгмийн даатгалаас улсын тусламжийн ялгагдах онцлог нь татаасын шинжтэй өгөөд байвал хүртээд байх сонирхлыг төрүүлэхээс биш, хуримтлуулах, арвижуулах сонирхлыг хувь хүнд тэр бүр бий болгодоггүйд оршино. Тодруулж хэлбээс- “нийтийн тогооноос” ахиухан аягалуулах зарчимд тулгуурлана. Иймд улсын тусламжийг үзүүлэхдээ ухаалаг хандахгүй бол өглөгийн эзэн, эсвэл харамчийн шавхруу мэтээр төсөөлөгдөх тал бий.
Улсын тусламжыг юу юунд зориулахыг одоогоор таахад хэцүү, юутай ч атугай ажилгүйдэх, ядуурах, олон хүүхэд төрүүлэх, эмчлүүлэх, түүнчлэн нийгмийн даатгалын нэмэлт арга хэмжээ болгон хэрэгжүүлж болно. Улсын тусламжийг шууд мөнгө эсвэл биет бүтээгдэхүүний хэлбэрээр, мөн нөхвөр, татаас маягаар олгож болно. Хэлбэр тус бүр өөрийн гэсэн давуу, бас сөрөг талтай. Жишээ нь, биет бүтээгдэхүүнээр тусламж үзүүлэхэд хаягласан эзэндээ хүрдэг сайн талтай ч чухамхүү ямар тусламж авах сонголтыг хаадаг. Тэгвэл мөнгө нь сонголт хийх боломжийг дээшлүүлдэг. Тэгэхдээ тусламжинд биш шал өөр зүйлд зарцуулагддаг, үрэгддэг. Тусламжинд гэхээсээ бусдын хэрэгцээ, цалингийн нэмэгдэлд очдог тохиолдол цөөнгүй.
Улсын тусламжийг нэг удаа болон тасралтгүй, бөөнөөр болон хэсэгчлэн түүнчлэн буцалтгүй байдлаар үзүүлж болно. Тэр бүхэн нь улсын тусламжийн зориулалт, хамрах хүрээ, сонголт, давхардлаас шалтгаална. Хүн амын нийгмийн хамгаалал, баталгаажлын тогтолцоонд Засгийн газрын бус өглөг буяны сангууд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Энэ нь нэг талаас, монгол хүний өглөгч зочломтгой шинжээс, нөгөө талаас, зах зээлийн “хоёр туйл” болох баян ядуугийн зааглалаас хамаарч, түүгээр нөхцөлдөнө.
Засгийн газрын бус өглөг буяны сангууд нь чөлөөт үйл ажиллагаатай, хараат бус байдалтай байдаг онцлогтой. Нийгмийн даатгал, хангамжийн хийгээд улсын тусламжийн хөтөлбөрүүдийн санхүүжилт нь үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ, улсын төсвийн алдагдал, гадаад худалдааны үлдэгдлээс шууд хамаарч хэлбэлзэлтэй байдаг бол Засгийн газрын бус сангуудынх нэлээд тогтвортой, хязгаарлагдмал үйлчилгээтэй байдаг. Санхүүжилт дотоодын төдийгүй гадаад эх үүсвэртэй. Гэхдээ энэ нь сангийн данс “улайхгүйн” баталгаа огт бишээ.
Энэрэнгүй хийгээд нигүүлсэнгүй сэтгэлийн илэрхийлэл болсон тусламж, дэмжлэгийн цаана янз бүрийн учир шалтгаан, зорилго, ашиг сонирхол халхлагдаж байдаг нь нууц бишээ. Гэлээ ч гэсэн олон улсын болон аль нэг улсын доторх өөр өөр байгууллагаас тусламж, дэмжлэг авахаас цааргалзах эрхтэй. Тэр тусмаа ядуурал хямарч нүүрлэсэн энэхэн үед.
Хүн амын нийгмийн хамгаалалт, баталгаажлын тогтолцоо нь олон бүрэлдэхүүн, өвөрмөц зохион байгуулалт, янз бүрийн хүмүүст үйлчилдэг болно. Хамгийн гол нь зөв үйлчилгээ, механизмтай байх ёстой. Тийм байх эсэх нь нийгмийн хамгаалалт нь тулгуур зарчмаа хэр барьж, яаж ажиллаж байгаагаас шалтгаална.
Захиргаадлын болон шилжилтийн үеийн туршлагаас ажиглахад нийгмийн хамгаалал, баталгаажлын зарчим алдагдаж, бүр эсрэг үйлчилгээтэй, урвуу үйлдэлтэй болсон ч байдаг. Тухайлбал, нийгмийн хамгаалалд шударга зарчим зөрчигдөхлөөр алгасал, давхардал, алагчлал, гадуурхал, хүлээгдэл, тэгшитгэл цөөнгүй тохиолддог. Жишээлбэл, захиргаадлын үед нийгмийн хамгаалалтад орох хүнийг бус, харин албан тушаалтан, алдар цолтныг нийгэм хангамжийн хөрөнгө, үйлилгээгээр бөөцийлдөг байв. Одонг хүртэл тэтгэлэг дагалддаг байсан.
Нийгмийн хамгаалалтын үр ашигт зарчим алдагдахлаар нийгмийн халамж, хамгааллын хөрөнгийн нэлээд хэсэг нь яам, тамгын газрын аппаратыг санхүүжүүлэхэд зориулагддаг. Энэ ч ойлгомжтой. Гэтэл захиргаадлын үед олон мянган охид хөвгүүдийг улсын зардлаар ТМС-д сурган, хөдөлмөрт бэлтэгсэн. Гэтэл тэдний нэлээд нь ялангуяа, ХАА болон барилгын мэргэжлээр төгсөгчид нь газар үзэх, дараагийн сургуулийн бэлтгэл анги болгох, хангамж хөнгөлөлтийг эдлэх зэргээр хандаад, сурчихаад мэргэжлээрээ ажиллахгүй байв. Тун саяхны жишээ гэхэд орон тооны цомхотголд орсон хүнд 3 сарынх нь цалинг олгодог зарим нь цалингаа бөөнөөр нь аваад, дараахан нь ажилд орсон, зарим нь арай өөрөөр хандсан.
Нийгмийн хамгаалал эцсийн дүндээ хөдөлмөрийг урамшуулахад чиглэгдэх ёстой. Гэтэл түрүүчийн ТМС-ийн жишээ, саяхны тэтгэврийн хууль нь хөдөлмөрийн бус түр зуурын амьжиргааны орлогыг урамшуулсан. Зарим бүтэлгүй залуус ТМС-д төдийгүй их дээд сургуульд яваад, улсын хөрөнгөөр жаал суралцаад, их завсарлага, чөлөө аваад төгсөхөө больчихоод, туулайчлаад зогсохгүй цагаачлан амьдарч байсан.
Ажилгүйдлийг бууруулах зорилгоор Засгийн газраас нэлээд хөрөнгө гаргасан. Тэр нь ажлыг бий болгохоосоо мөнгө үржүүлэх, хүүлэх, зээлдэхэд зориулагдсан. Ийм жишээ олныг дурьдахаа азнаж, санаа авахад илүүдэхгүй нэгэн жишээгээр энэ өгүүллийг төгсгөе. Нэг үе гэр бүло салахад буруутнаас нь, гол төлөв эцгээс нь тэтгэлэг авдаг байв. Тэр үед “эцэг тогтоолт” гэдэг нэр томъёо үүссэн ч амьдралд нэлээд өөр, голчлон хүүхдийн тэтгэвэргүй, дагуул, дагавар, нуугдмал хүүхэдтэй хоцрох нь элбэгжүү. Харин зарим нэг жаатайхан эмэгтэй өндөр цалинтай эрээс ахиухан тэтгэвэр авах, өөрөөр хэлбэл, нэгээс байрыг, нөгөөгөөс цалинг, гуравдахаас хөрөнгө салгаж байв. Тэгэхлээр хүүхдийн тэтгэмж нь хүүхдийг тэтгэхэд бус, харин зарим эмэгтэйг “жаалуулах” гэр бүлийг салгах, сарниулах үйлчилгээтэй болчихдог нь сонин бөгөөд сургамжтай.
Хянасан Е. ТЭМҮҮЖИН