О.Баттулга
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Албан тушаал, Ёс бус үйлдэл, Коррупци, Ядуурал, Олон түмэн, Нийгэм
Олон жилийн турш төрийн албан хаагчийн ёс бус үйлдэл нь хэвийн зүйл мэт ойлгогдож иржээ. Аливаа албан тушаалтныг энгийн хүмүүстэй харьцуулахад амин хувьдаа ашиг хонжоо олох нэн таатай боломж эдэлдэг байна. Ийм ч учраас, одоогоос нэгэн зууны өмнө Лорд Актон “Эрх мэдэл кор-рупцийг төрүүлнэ, үнэмлэхүй эрх мэдэл нь үнэмлэхүй коррупцийг бий болгоно” гэжээ.
Өөрсдийн коррупцийн үйлдлээ хэзээ ч илрэхгүй гэж итгэсэн олон дарангуйлагчийг зөвхөн энэ зуунаас дурьдаж болно. Одоогоос олон арван жилийн өмнө төрийн жолоо атгагч ноёд, дээдэсд нэр хүндээ хэрхэн дээшлүүлэх, эрх сүрээ хэрхэн батжуулах, буруу хазгай. болчимгүй үйлдлээс болж нэр сүрээ сэвтүүлэхээс хэрхэн зайлсхийх талаар мэргэн зөвлөгөө, сургамж өгснийх нь төлөө Макиавеллийг буруутгаж байж билээ.
Хувийн ашиг завшаан, шан харамж байхгүй юм бол төрийн өндөр албан тушаалд тэмүүлэх хэрэг юун билээ?
Нийгмийн зүтгэлтний үйл ажиллагааны шударга зарчмыг зөрчсөнийх нь төлөө тэднийг буруутган яллах практик бол харьцангуй саяхны зүйл юм. Соёл иргэншлийн нэгэн аз юундаа байна вэ гэвэл нийгмийн зүтгэлтнээс албан тушаалаа ашиглах нь зайлшгүй тохиолдох хувь заяа заавал байх албагүйд оршино.
Ийнхүү урвуулан ашиглахын эсрэг хууль тогтоомж гаргаж, албан тушаалаас нь огцруулж, хүнд зэм шийтгэл оногдуулдаг уламжлал бэхэжсээр ирэв Албан тушаалтны ёс суртанхуунгүй үйлдэл нь нийтийн жигшил төрүүлж, улс төрийн намтарт нь цэг тавьж, булшинд орсон хойно нь ч ичгүүртэй байдал нь үл арилах ёс заншил олон улс оронд байдаг байна.
Ямар ч нийгэмд нийгмийн удирдах зүтгэлтнууд давуу эрх, илүү хангамж эдэлдэг. Ингэж хүндлүүлж бөөцийлүүлсэн албан тушаалтнууд нь хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ албан тушаалынхаа алдар хүнийг өндөржүүлж, нийгэм олондоо тус хүргэхийг эрмэлзэх ёстой.
Хамгийн нэр хүндтэй, мэргэн цэцэн, шударга, зүтгэлтэй, үнэнч хүн л төрийн зүтгэлтний албан тушаалын өндөрлөгийг эзлэх ёстой.
Ийм хүмүүс нийтийн үйл хэргийг зөв мэргэн, чин шударга үнэнч сэтгэлээр хөтлөн явуулж үйл ажиллагаагаа нийгэм, хамт олондоо тайлагнаж байх ёстой. Эдгээр хүмүүс нь зөвхөн хуулиа дээдлэн мөрдөж, түүнийг яв цав, чин шударга хэрэгжүүлэхийг гол болгон ажиллаваас зохилтой. Тэднийг хийж бүтээсэн сайн үйлсээр нь үнэлэн дүгнэж, дурсан хүндэлж байдаг. Итгэлийг хөсөрдүүлэх, ов мэх гаргах, урваж буруулах, догшин хэрцгий, ёс бус ааш авир гаргаваас тэднийг зэмлэн яллана.
Гэсэн хэдий боловч албан тушаалаа урвуулан ашиглаж завших нь нэлээд түгээмэл дэлгэрсэн үзэгдэл бөгөөд энэ нь уг албанд тохирох хүнийг олж тавиагүйтэй ч, мөн төрийн эрх мэдэлд хүрмэгцээ түүнийг өөртөө ашигтайгаар ашиглах сонирхол нь хүчтэй байдагтай ч холбоотой юм.
Коррупцийг зөвхөн үүгээр ерөнхийлөн дүгнэж ч болохгүй үзэгдэл дээд, доод түвшингийн, ил ба далд дэлгэрсэн ба өвөрмөц онцлог, нийтэд мэдэгдэж болсон буюу урьд хойшид сонсогдоогүй шинэ гоц гойд гэх мэт олон хэлбэрээр илэрч болдог.
Энэ үзэгдэл нь мэдээжээр бүх л улс оронд удирдлагын бүх түвшинд түгээмэл бөгөөд төр, нийгмийн бүх хүрээг хамарна. Албан тушаалаа урвуулан ашиглахтай тэмцэх хянах арга зам нь хэлбэрийн төдий, өнгөц, түр зуурын ур ашиг багатай байх нь олонтаа учраас энэ үзэгдлийн үндэс гүн гүнзгий, нийгмийг ялзруулан халдварлуулах нөлөө нь их, арилган устгах бараг боломжгүй юм.
Нөгеө талаар, улс төрийн бодлогын чин эрмэлзлэл, ардчилсан ёс, хувь хүмүүсийн шударга үнэнч зүтгэлийн хүрээнд энэ хорт үзэгдлийг хязгаарлаж байдаг.
Албан тушаалыг урвуулан ашиглахдаа хамгийн дадамгай нь улс төрийн зүтгэлтнүүд байдаг болохоор тэдний үйл ажиллагааны хэм хэмжээг хуулиар нарийн тогтоосон байдаг.
Албан тушаалаа урвуулан ашиглах нь амьдралд элбэг тохиолддог ч, энэ нь заавал байж байх хэм хэмжээ, зүй тогтол мөн үү биш үү?
Цөөн тооны ардчилсан улсыг эс тооцвол, ихэнх тохиолдолд ийм үзэгдэл ердийн хэм хэмжээ болжээ. Гэхдээ албан үүргээ шударга биелүүлэгч, нийгмийн итгэлийг даагч тийм зүтгэлтэн маш олон яагаад зарим нь олдсон боломжийг ашиглах хүслээ дийлэх чадваргүй байхад, зарим нь ийнхүү найдвартай, үнэнч шударгаараа байдаг вэ?
Зорилго л биелж байвал ёс суртахуун бол ёс төдий яриа болохоос авдаг цалин биш гэх мэт үзэлд ноёрхох байр суурь тавьж өгвөөс шударга боловч хүнд хүчир зүтгэлээрээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн оронд хэлхээ холбоогоо ашиглах, дээд зиндааныхаа хүмүүсийн өмөг түшигт дулдуйдан булхайтай үйлдлээ зөвтгөх, халхлах хандлага ямагт байх юм.
Ядуурал нь ямар ч нийгмийг эмзэг болгодог төдийгүй буруу зан үйл үржих хөрс болно. Эрэлт хэрэгцээ бүрэн ханrагдсан нөхцөлд ханган нийлүүлэгчид дамлах боломжгүй, худалдан авагчид ч шударга бус замаар бараа таваар эрж хайх шаардлагагүй болно.
Ядуурал удаан үргэлжилвэл, ханган нийлүүлэгчид нь эн тэргүүнд, өөрт хэрэгтэй албан тушаалтанд нөлөөлнө. Ядуу буурай улс оронд, өргөн хэрэглээний бараа таваар, ажил үйлчилгээгээр засгийн газар нь хангаж чадахгүй, ажил үйлчилгээ эрхлэгчдэд хүрэлцэхүйц хэмжээний цалин өгч чадахгүй нөхцөлд, ядуурлыг өчүүхэн ч болов гэтлэн гарах найдвар төрүүлэх ямар ч арга замаас ухрах аргагүй байдал бүрэлдэн тогтоно. Төлөвлөлт, урамшуулалт нь зах зээлийн тогтолцоог эвдэж, далд бизнес, хууль бус гүйлгээ, наймаа, хар зах нийгэмд ноёрхлоо тогтооно.
Албан тушаалтан нь гаргах буюу гаргасан шийдвэрээрээ хэн нэгний аз завшаан, үгүйрэл хоосролыг тодорхойлж чадах учраас коррупцид өртөх магадлал ихтэй. Хичнээн өндөр тушаал эзэлнэв, төдийчинээ нөлөөлөл их байна.
Үүний зэрэгцээ, хэрэв ард нийт нь улс төрийн шийдвэр гаргахад оролцдоггүй, автократ удирдлагатай, нэг намын тогтолцоо зэрэг нь өнгөцхөн харахад эзэн биегүй мэт боловч, жинхэнэ эзэд нь далд нуугдмал байж, нийгмийн дээд давхаргынхан худал хэлж, хууран мэхэлж ард олон нь тэр жишээг даган дууриана. Засгийн эрх баригчид худал хэлж, хуурч мэхлэн, хулгайлж, идэж эхэлвэл ард олон мөн л тэгнэ.
Засаг төрийн удирдлага нь солигдож шинэчлэгдсэн тохиолдолд ч шинээр гарч ирэгчид нь хэн нэгэн хүнд хариу барих, тусыг ачаар хариулах, найр тавих шаардлага гарч бүлгийн ашиг сонирхолд автаж байдаг. Ийнхүү удирдлагын тогтолцооны гаж буруу технологи ба хувь хүний зан авир, төрх нь бас нэг нөлөөлөх хүчин зүйл болдог байна. Харин сөрөг, өрсөлдөгч хүчин зүйл үйлчилж байх нөхцөлд, хувь хүмүүс, байгууллага, нийгэм, олон улсын байгууллага дахь ес бус ажиллагааны түвшин эрс ялгаатай болж ирнэ.
Нийгмийн удирдах зүтгэлтнүүдээ зохих ёсоор өрсөлдүүлэн сонгодог, хангалттай цалин пүнлүү тавьж олгодог, тэдгээр нь үйл хэргээ ил тод хөтөлдөг, нийгэм хамт олондоо тайлагнадаг нийгэмд коррупци ялгаатай, хязгаартай болж ирэх ёстой. Коррупцид автах хүчний эсрэг, түүнд эсэргүүцэл үзүүлэх хүчин үйлчилж эхэлнэ. Ийм хүчин зүйлүүд нь юу вэ гэвэл нээлттэй, төлөөллийн төрийн тогтолцоо, үндэсний бахархал хийгээд уламжлалт ёс заншил, даацтай эдийн засаг, шударга хуваарилалтад чиглэсэн татварын бодлого, иргэний бат суурьтай соёл иргэншил, төрийн албаны ягштал мөрдөх хууль, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн зүтгэлтний ёс бус үйлдэлийг үл тэвчих нийгмийн ухамсар эдгээр болно.
Ёс бус үйлдлийг тэвчин хийсэн сонголтын үнэ цэнэ газар бүрт өөр байна.
Коррупцид гүн идэгдсэн нийгэмд ийм сонголт хийснийхээ төлөө тохилог амьдрал, хувийн сайн сайхнаа алдаж болно. Харин коррупцитай тэмцдэг, түүнийг үгүйсгэдэг нийгэмд бол зөв үйлийг дагах нь харьцангуй хялбар. Нийгмийн зүтгэлтнүүд чухам ямар сонголт хийх нь тухайн нийгэмд ёс бус зуршил газар авах уу, эсхүл хүрээ хязгаар нь хумигдан хорогдох уу гэдгийг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Албан тушаалтны ёс бус үйлдлийг хянах нь нэн түвэгтэй. Ёс бус үйлдлийн эсрэг дархлал хэнд ч байхгүй. Гэлээ ч, хэд хэдэн улс оронд ийм хяналтыг нэгэнт тогтоожээ. Ёс бус үйлдэл, нэн ялангуяа коррупцийг таслан зогсоох, тэмцэх, хянахад холбогох мэргэжлийн хүмүүс санаа бодол, арга туршлагаа солилцох олон улсын хурал, зөвлөлгөөн нэгэнт тогтмолжив. Коррупцитай хийх тэмцэл нь түүнийг илрүүлэх өвөрмөц арга, мөрдөх, нотлох ба-шийтгэх зэргээр хязгаарлагдах ёсгүй. Энэ тэмцэлд нийгэм бүхлээрээ орох ёстой бөгөөд хууль сахиулах байгууллагынханд найдан орхиж болохгүй.
Юунаас эхлэх вэ гэвэл, улс төрийн бодлого, тэмцэл дэх бохир, бусармаг ажиллагааг зогсоох, ял зэм оногдуулахад ямар нэгэн ялгаварлал, тэгш бус байдал, хоёрдмол жишиг байж болшгүй юм. Ийм байдал удирдлагын дээд түвшинд төлөвшихгүй бол доод шатанд амжилттай хэвшинэ гэж горьдох үндэсгүй.
Олон түмэн нь ёс бус буруу үйлдэл гэж юу болохыг түүнтэй хаанаас ямар дэмжлэг авч тэмцэхийг тодорхой мэдэж байх ёстой. Ийм боловсролыг гэрт нь олгож, сургуульд нь үргэлжлүүлэн лавшруулж, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр батжуулж өгвөл зохино.
Коррупцид хамгийн их өртөмтгий татвар, гааль, банкныхны хувьд олон түмэн илүү мэдрэмжтэй, илүү эмзэг ханддаг байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нь тухайн нийгэмд гүйцэтгэж буй үүрэгтээ тохирсон цалингаар хангагдсан байх нь чухал.
Тэмцлийг хаа нэгтэй, ямар нэгэн салбараас эхэлж, дараа дараачийн алхамд түлхэц өгч, дотоод эрч хүчийг хуримтлуулж, зоригжуулах ёстой. Хичнээн шаргуу хичээвч. коррупцийн үндэс гүн, өргөн тархмал, бүгшмэл, нийтэд нь устган зайлуулахад нэн бэрх. Гэвч үүнийг багасгаж, хязгаарлаж, зуршил болсон зүйл байсныг зөвхөн ганц нэг тохиолдох баримт төдий болгон багасгаж, бүх нийтээрээ эвлэрэн дассан зүйл байсныг ул тэвчих, жигших ёстой зүйл болгон багасгаж болох билээ.
Хянасан Б. АРИУНБАЯР