Э.Байгаль
/МУИС-ийн ХЗС-ийн багш, магистр/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Даяарчлалын үйл явц, Эрх зүйн хүрээний өөрчлөлт, Олон улсын гэрээ конвенци, Улс төр-Эдийн засгийн нээллтэй бодлого
Өмнөх нийгмийн үед манай улс зөвхөн социалист гэгдэх орнуудтай дипломат харилцаатай, гадаад эдийн засгийн харилцаа нээлттэй биш байсан учраас иргэд, хуулийн этгээд гадаадын элемент оролцсон иргэний эрх зүйн харилцаанд оролцох явдал туйлын цөөн, гадаад орны эрх зүйг хэрэглэх явдал шүүхийн практикт огт байхгүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, улс төр эдийн засгийн хувьд нээлттэй бодлого явуулж эхэлсэн билээ. Ингэснээр дэлхийн улс орныг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлалгүй дипломат харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд олноор байгуулагдаж байна. Түүгээр ч зогсохгүй иргэд, хуулийн этгээд хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, ажил гүйцэтгэх, тээвэр зуучлал, аялал жуулчлал зэрэг иргэний эрх зүйн бүхий л салбаруудаар гадаадын иргэд хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, дээрхтэй холбогдсон эрх зүйн харилцаанд оролцох явдал хурдацтай нэмэгдэж байна. Иймээс дээр дурьдсан гадаад элемент бүхий олон харилцааг зохицуулдаг олон улсын хувийн эрх зүйг нарийвчлан судлах шаардлага бидний өмнө тавигдаж байгаа юм.
Олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагддаг тодорхой харилцаануудын зэрэгцээгзэр түүний хэм хэмжээний бүрэлдэхүүний тухай асуудал чухал үүрэгтэй юм.
Ер нь олон улсын хувийн эрх зүй нь бие даасан эрх зүй, эсхүл аль нэг эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг болох эсэх талаар эрдэмтдийн дунд нэлээд маргаантай байдаг. Энэ талаар гурван чиг хандлага ноёрхож байна. Үүнд:
- Олон улсын хувийн эрх зүй нь олон улсын нийтийн эрх зүйн бүрэлдэхуүн хэсэг юм. Учир нь эдгээрийн эх сурвалж нь нэг, гүн гүнзгий харилцан шүтэлцээтэй гэж тайлбарладаг.
- Олон улсын хувийн эрх зүй нь дан ганц зөрчилдөөний хэм хэмжээнээс бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн харилцааг ямар улсын хууль тогтоомжоор зохицуулах ёстойг шийдвэрлэж өгснеөр олон улсын хувийн эрх зүйн уүрэг дуусгавар болдог гэж үздэг.
- Олон улсын хувийн эрх зүй нь дотоодын эрх зуйн бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, олон улсын шинжтэй иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг дотоодын иргэний эрх зүйн хэм хэмжээнээс бүрдэх учир дотоодын эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг юм.
Эдгээрээс хамаараад олон улсын хувийн эрх зүйгээр авч үзэх асуудал, түүний хэм хэмжээний бүрэлдэхүүний талаар эрдэмтэд, судлаачид өөр өөрөөр авч үздэг. Тухайлбал, Францид олон улсын хувийн эрх зүйгээр юуны өмнө харъяаллын тухай асуудлыг авч үздэг. Франц дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг дотоодын материаллаг эрх зүйд өргөн хүрээтэйгээр авч үздэг бөгөөд үүний дараагаар л хууль зүйн салбар дахь зөрчилдөөний эрх зүй болон зөрчилдөөн гэсэн хоёр бүрдлийг судалдаг. Л.Баттифоль, П.Лагарда нарын сурах бичгээс энэ тухай үзэж болно. Түүнд өгүүлснээр бол францын уламжлалт онолд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний бүрэлдэхүүн гэдэгт харъяаллын тухай хэм хэмжээ, гадаадын иргэдийн эрх, зөрчилдөөний хэм хэмжээ багтдаг.
Энэ талаарх Бельгийн эрдэмтэдийн онол нь Францын хуульчдын уламжлалт хандлага дээр суурилсан. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй судалгааны ажлуудад, ялангуяа Р.Гигогийн бүтээлд шинж чанарын хувьд нийтийн дэг журам, олон улсын хувийн эрх зүй болон нийтийн эрх зүйн харилцан хамаарлын тухай асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Мөн Италийн хуульч Т.Балариногийн үзэл нь Францын олон улсын иргэний эрх зүйн ойлголттой маш ойролцоо юм. Тэрээр мөн л харъяаллын асуудал, гадаадын иргэдийн эрхийг авч үзэж, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын гэрээний асуудалд ихээхэн анхаарал хандуулжээ.
Германы хуульчид олон улсын иргэний эрх зүйг зөрчилдөөний хэм хэмжээгээр авч үздэг байсан. Харин германы судлаач Г.Кегель нь өөрийн сурах бичигтээ олон улсын хувийн эрх зүйн гол судпагдахуун болох зөрчилдөөний хэм хэмжээний талаар маш дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд материаллаг хэм хэмжээний талаар ч тодорхой хүрээнд дурьджээ. Үүнээс гадна олон улсын хувийн эрх зүйн түүх, гадаадын эрх зүйг хэрэглэхтэй холбоотой асуудлууд, үүргийн эрх зүй, гэр бүл, өв залгамжлалын эрх зүй, олон улсын иргэний процессын эрх зүй болон олон улсын нийтийн эрх зүйн тодорхой асуудлуудыг авч үзсэн байна. Тэрээр “Олон улсын хувийн эрх зүй бол олон улсын зөрчилдөөний эрх зүй юм. Олон улсын зөрчилдөөний эрх зүй нь янз бүрийн улсуудын материаллаг эрх зүйг хэрэглэх явдлыг зохицуулна”[1] гэж бичжээ.
Английн онолч Дайси Моррис, Чешира Норт нарын үзэл нэлээд нэр хүндтэй. Тэд бүтээлээ цэвэр зөрчилдөөний асуудлаар хязгаарлаагүй, харин олон улсын хувийн эрх зүйн салбар дахь материаллаг хэм хэмжээг уялдуулах асуудалд анхаарлаа тодорхой хэмжээгээр хандуулжээ. Ер нь англи, америкийн судлаачдын бүтээлд зөрчилдөөний асуудал, шүүхийн харъяаллын тухай асуудал, өөрөөр хэлбэл гадаад элемент бүхий эрх зүйн харилцааны ямар маргаан нь дотоодын шүүхээр шийдэгдэх, ямар нь өөр улсын шүүхээр шийдэгдэх вэ гэдгийг авч үздэг.
Хятадын судлаач Ияо Хуанг, Рен Лишенг нар олон улсын хувийн эрх зүйг гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтын бүхий л асуудлыг хамруулсан олон улсын хувийн эрх зүйн нэлээд өргөн хандлагаар авч үзсэн байна. Харин судлаач Хан Депей олон улсын хувийн эрх зүйг гагцхүү зөрчилдөөний эрх зүй гэж үззж байсан байна.
Үнэндээ, түүхийн үүднээс авч үзвзл олон улсын иргэний эрх зүй нь дан ганц зөрчилдөөний хэм хэмжээ гэж нэрлэгдэж ирсэн байна. Энэхүү зөрчилдөөний хэм хэмжээ нь тухайн харилцааг ямар улсын хууль тогтоомжоор зохицуулахыг заадаг болохоос шууд хариултыг агуулдаггүй хэм хэмжээ юм. Харин оросын эрдэмтдийн үзэл баримтлал нь олон улсын хувийн эрх зүй зөвхөн зөрчилдөөний эрх зүйгээр илэрч болохгүй гэсэн үзэлд тулгуурладаг байв.
ОХУ-д 1940 онд И.С.Перетерсково, С.Б.Крылова нарын олнн улсын хувийн эрх зүйн сурах бичиг хэвлэгдсэний дарап олон улсын иргэний эрх зүйн талаар шинэ хандпага гарч ирсэн Энэ хандлагыг баримтлагчид олон улсын хувийн эрх зүй нь үндэсний хууль тогтоомжид тусгагдсан зөрчилдөөний хэм хэмжээ, гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг зохицуулсан хэм хэмжээг агуулахын зэрэгцээгээр мөн гадаад элемент бүхий эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн хэм хэмжээг агуулна гэж үздэг. Өөр үзэл баримтлалууд ч бас хөгжиж байсан. Тухайлбал, болгарын эрдэмтэн Ж.Сталев олон улсын хувийн эрх зүйн үүрэг, мөн чанарын тухай өөрийн бүтээлдээ тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн байна. Үүнд, олон улсын хувийн эрх зүй нь зөвхөн тухайн харилцааг хэн зохицуулах вэ гэдгийг тодорхойлно. Иймээс олон улсын хувийн эрх зүйн бүрэлдэхүүнд материаллаг эрх зүйн хэм хэмжээ огт орохгүй бөгөөд харин зохицуулалтын цорын ганц арга болох зөрчилдөөний арга л ашиглагдана гэжээ. Иймэрхүү маягаар материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь олон улсын хувийн эрх зүйн бүрэлдэхүүнд ордог эсэх нь маргаантай байсаар байв.
1950-иад оны дундуур Унгарын судлаач Х.Витман, Л.Рецей болон оросын нэрт олон улсын эрх зүй судлаач Л.А.Лунц нарын хооронд маргаан үүсчээ[2]. Энэхүү маргааны гол сэдэв нь Х.Витманы дэвшүүлсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь олон улсын иргэний эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн санаа байжээ. Уг маргааны явцад Л.А.Лунц олон улсын хэлэлцээрийн хүрээнд уялдуулан нэг мөр болгож буй материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь олон улсын хувийн эрх зүйн бүрэлдэхүүнд орно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ингэж оросын судлаачдын бүтээлд олон улсын иргэний эрх зүйн тухай ойлголт нь зөрчилдөөний эрх зүйгээр хязгаарлаг-дахгүй гэсэн үзэл ноёрхож эхэлжээ.
Олон улсын хэлэлцээр байгуулах замаар бий болдог зохицуулалтын материаллаг эрх зүйн аргын үүрэг өсөн нэмэгдэж байгаа нь олон улсын амьдрал дахь даяарчлал, тэр тусмаа тухайн асуудал дахь интеграцийн процесстой нягт холбоотой. Аж ахуйн амьдралын даяарчлалын процесс нь худалдаа, тээвэр, бусад бүс нутгийн болон түгээмэл түвшний салбарууд дахь материаллаг эрх зүйн хэм хэмжээг уялдуулах /нэг мөр болгох/ үйл явцыг түргэсгэжээ. Ингэж уялдуулсан материаллаг хэм хэмжээний гол ач холбогдол нь зохицуулалтын бүхэл бүтэн системийг бий болгодог. Энэ хэм хэмжээ нь олон улсын хувийн эрх зүйн салбарт өргөн ашиглагддаг бөгөөд түүний үүрэг улам өсөж байгаа юм.
Материаллаг эрх зүйн аргын онцлог нь гадаад элемент бүхий эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг шууд тодорхойлж, нийтлэг дүрэм журмыг бий болгоход оршино. Эдгээр дүрэм журмыг агуулсан эрхийн хэм хэмжээг олон улсын хувийн эрх зүйн номлолд шууд хэм хэмжээ, эсхүл материаллаг эрх зүйн хэм хэмжээ гэж нэрлэдэг.
Материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь:
- Олон улсын гэрээ, конвенци
- Гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулахад тусгайлан чиглэгдсэн дотоодын хууль тогтоомжид агуулагддаг.
Бусад орны туршлагаас харахад, ялангуяа хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудад дор дурьдсан харилцааг зохицуулахад чиглэгдсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг агуулсан үндэсний хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байна.
- Экспорт, импортын үйл ажиллагаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа
- Гадаадын шууд хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрийн эрх зүйн байдал, техникийн гэрээ хэлцэлүүд
- Уул уурхайн концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ
- Гадаадын иргэдийн эрх зүйн байдал, тэдгээрийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх
- Иргэн, гэр бүл, хөдөлмөр, иргэний процессын салбарт гадаадын иргэд, байгууллагуудын эдлэх эрх, хүлээх хариуцлага гэх мэт.
Иймэрхүү хэм хэмжээний тоо сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байна. Тухайлбал, Австрид олон улсын иргэний эрх зүйн тухай хууль 1978 оны 6 дугаар сарын 15-нд батлагдаж гарчээ. Энэхүү хуульд хувийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, өв залгамжпалын эрх зүй, өмчийн эрх, материаллаг бус баялаг, үүргийн эрх зүй, хөдөлмөрийн гэрээ, гэм хор учруулснаас үүдэн гарах үүрэг гэх мэт олон асуудлыг нарийвчлан тусгасан байна.[3]
БНХАУ-д 1985 оны 3 дугаар сарын 21-нд олон улсын аж ахуйн гэрээний тухай хууль батлагджээ. Энэ хууль нь хятад улсын байгууллага, гадаадын гэрээ байгуулагчидтай гадаад худалдааны болон гадаад эдийн засгийн бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулахад хэрэглэгддэг. БНХАУ-ын хууль тогтоомжид хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж, мөн түүнчлэн гадаадын бүрэн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эдийн засгийн онцгой бүсийн эрх зүйн журам, технологи дамжуулах зэрэг эрх зүйн журмыг тодорхойлдог бүлэг бий.
Манай улсын хувьд олон улсын хувийн эрх зүйн харилцааг зохицуулдаг тодорхой хууль тогтоомж бий. Тухайлбал, 2002 онд батлагдсан Монгол Улсын Иргэний хуулийн жардугаар бүлэг нь олон улсын хувийн эрх зүйн харилцааг зохицуулахад тусгайлан чиглэгдсэн байна. Үүнээс гадна Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай Монгол улсын хууль /1993/, Монгол улсын иргэд гадаадад зорчих, цагаачлах тухай хууль /1993/, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол улсын хууль /1993/, Харъяатын тухай хууль /1995/, Гадаад худалдааны арбитрын тухай /1995/, Технологи дамжуулах тухай /1998/, Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай /2001/ зэрэг хуулиуд сүүлийн жилүүдэд батлагдан гарсан билээ. Харин олон улсын хувийн эрх зүйн тухай тусгайлсан хууль батлан гаргах зорилгоор хуулийн төсөл боловсруулан зохих шатны байгуулагаар хэлэлцүүлсэн боловч цаг үеийн шаардлага байхгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан байдаг. Харин тусгайлсан олон улсын хувийн эрх зүйн тухай хууль гаргах нь шаардлагагүй гэж үзэж байгаа нөхцөлд иргэний хууль дахь олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй, нарийвчлалтай болгох шаардлагатай юм. Шинээр батлагдсан Иргэний хуульд ч зохицуулагдаагүй үлдсэн зарим асуудал байна. Тухайлбал, олон улсын хувийн эрх зүй дэх хариу хязгаарлалтын асуудал, зөрчилдөөний хэм хэмжээ буцааж заасан, гуравдагч орны эрх зүйг заасан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, түүнчлэн
Гэр булийн хуульд гэр бүлийн эрх зүйн харилцааг зохицуулахад шаардлагатай зарим зөрчилдөөний хэм хэмжээ агуулагдаагүй байна. Иймээс бусад улс орны олон улсын хувийн эрх зүйн талаарх хууль тогтоомжийг харьцуулан судалж, дээр дурьдсан асуудлыг зохицуулсан заалтыг юуны өмнө нэмж оруулах нь зүйтэй юм.
[1] Gerhard Kegel .Internationales Privatrechtt, Muenchen.,1997. S.20
[2] 7 Колл.авторов. Современные проблемы в МЧП, М., 1994. стр 94.
[3] Wolfgang Riering , IPR gezetze in Europa, Muenchen.., 1997., s 82