Б.Шатар
/Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга/
Шинэ толь №37, 2001
Орон нутаг дахь хууль зүйн албадыг бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах нь
Түлхүүр үг: Орон нутгийн шүүх байгууллага, Удирдлага зохион байгуулалт
Хууль зүйн албаны үүсэл хөгжлийн эхлэлийг 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан Монгол Ардын Засгийн Шүүх явдлын яам гэдгээр тогтоож 1981 онд 60 жил, 1991 онд 70 жилийн ойг тэмдэглэж, энэ оны эцсээр 80 жилийн ойг тэмдэглэж байна. Жил ирэх тутам тус албаны эрхлэх ажлын цар хүрээ өсөн нэмэгдэж, үүрэг хариуцлага нь өндөржиж ирсэн билээ.
- 1970 оноос хойш хууль зүйн албаны байгууллага улс ардын аж ахуйн эрх зүйн ажлыг эрхлэх гол чиглэлээр өөрчлөгдөн хөгжиж, ажлын хүрээ нь улам олон талтай болж ирлээ. 1972 онд Шүүх яамыг шинэчлэн байгуулж, түүнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг уламжлалт үүрэг дээр нь улс ардын аж ахуйн эрх зүйн болон хөдөлмөрчдийн хууль зүйн хүмүүжлийн ажлыг аргачилсан удирдлагаар хангах, нотариат, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн ажлыг зохион байгуулах үүргийг нэмж хариуцуулсан байна.
Төлөвлөлт-урамшууллын шинэ системийг өргөн нэвтрүүлж, эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилттой уялдан энэ салбарт эрх зүйн ажлыг өргөтгөн сайжруулах шаардлага сүүлийн жилүүдэд улам өсөн нэмэгдлээ. Энэ б”хнийг харгалзан төр, засгаас хууль зүйн албаны зохион байгуулалтыг салбар, салбар хоорондын болон нутаг дэвсгэрийн удирдлагын бүтцэд зохицуулан өргөтгөж үйл
ажиллагааг нь идэвхжүүлэх арга хэмжээ авч ирсэн байна. Ялангуяа, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 9, Сайд нарын Зөвлөлийн мөн оны 101 дүгээр тогтоолоор улс ардын аж ахуйн эрх зүйн ажлын байдалд дүн шинжилгээ хийж, түүнийг цаашид сайжруулах арга зам, хууль зүйн албаны байгууллагуудын гол зорилт, зарчим, журмыг нэгтгэн тодорхойлсон нь тус албаны хөгжилд онцгой ач холбогдолтой боллоо.
Эдгээр шийдвэрийн дагуу 1979-1980 онд аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаад, аж ахуйн гол гол салбарын яам, зарим төв байгууллагад хуулийн хэлтэс, тасаг байгуулж, томоохон үйлдвэрийн газруудад хуулийн зөвлөгч бий болгож ажиллуулав. Түүний үр дүнд улс ардын аж ахуйн зонхилох салбаруудад хууль зүйн албаны аппаратын зохистой үндэс тавигдлаа. Ийнхүү улс ардын аж ахуйн хууль зүйн алба нь салбарын болон нутаг дэвсгэрийн хууль зүйн алба, эрх зүйн ажлын аргачилсан удирдлагын байгууллага гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн хууль зүйн албаны систем бий болж ажилласнаар иргэд, байгууллагад үзүүлэх эрх зүйн үйлчилгээг өргөтгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг олон түмэнд шуурхай хүргэж, улмаар иргэдийн хуулийн мэдлэг, хууль хэрэглэх соёлыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарч эхэлсэн билээ. Түүнээс гадна хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах, салбарын эрх зүйн актыг цэгцэлж боловсронгуй болгох ажил жигдэрч, нийгмийн ихэнх харилцааг гол төлөв элдэв дүрэм, журмаар зохицуулдаг буруу хандлага аяндаа өөрчлөгдөж ирсэн юм.
- Хууль зүйн албаны аргачилсан удирдлагын байгууллага болох Шүүх яамны бүтэц, зохион байгуулалт цаг үеийн аяс, нийгмийн хөгжил даган тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж ирлээ. Тухайлбал, 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар зарлигаар Шүүх яамыг татан буулгаж, мөн өдрийн 17 дугаар зарлигаар Хууль зүй, арбитрын яам байгуулсан. Тус яамыг Монгол улсын Засгийн газрын 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Хууль з’/йн яам болгосон. Түүнчлэн Хууль зүйн яамны бүтцийг Засгийн газрын 1994 оны 24, 1996 оны 182, 1997 оны 151, 2000 оны 21 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөн боловсронгуй болгож байсан. Харин Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яам болгон өөрчлөн зохион байгуулсан.
- Хууль зүйн албаны орон нутгийн байгууллага ч тухайн цаг үеэ даган бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж байсан юм. Тухайлбал, Сайд нарын Зөвлөлийн 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар тогтоолоор аймаг, хотод Хууль зүй, арбитрын хэлтэс байгуулж, Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний 24 дүгээр тогтоолоор аймгийн дээрх хэлтсийг Хууль зүйн хэлтэс, мөн өдрийн 25 дугаар тогтоолоор нийслэлийн дээрх хэлтсийг Засаг даргын дэргэдэх Хууль зүйн газар болгон өөрчилсөн билээ.
Харин Засгийн газрын 1993 оны 64, 65 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо аймгуудын Хууль зүйн хэлтэс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хууль зүйн газрыг тус тус татан буулгаж хууль зүйн албыг орон нутгийн байгууллагагүй болгосон байна. Хэдийгээр бүтцийг нь өөрчилсөн ч Хууль зүйн яам тус албаны үүргийг орон нутагт ямар албан тушаалтан хэрхэн гүйцэтгэх талаар тодорхой зөвлөмж боловсруулж 1996 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсний гадна 1998 онд Хууль зүйн сайд, шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад ажил хариуцуулах тухай” 262 дугаар тушаал, захирамжаар хууль зүйн албаны үүргийг гүйцэтгэх 3-4 төрийн албан хаагчийн орон тоон дээр мэргэжлийн хуульчид ажиллуулах чиглэл өгч байсан болно. Тэр ёсоор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хууль зүйн албаны ажлыг цаг үеийн шаардлагын дагуу тодорхой албан тушаалтанд хавсруулан гүйцэтгүүлсэн энэхүү арга хэмжээ нь дайвар үүргийн хэлбэрээр үйлчилж бүх нийтийн эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэх, иргэдэд эрх зүйн соёлыг эзэмшүүлэх, хууль тогтоомж тайлбарлан таниулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг хангахад бодит үр дүнгээ өгөхгүй байгаа нь орон нутгийн ажлыг шалгаж зааварлах явцад тодорхой ажиглагдаж байлаа.
Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамны орон нутгийн байгууллага болох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийг байгуулах асуудал нь нийгэм, улс төр, эрх зүйн шинэчлэл, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой, зохион байгуулалтын шинжтэй, зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсныг үндэслэн тус яам Засгийн газарт 2000 оны 10 дугаар сард энэ талаар асуудал боловсруулж оруулсан юм.
Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газарт, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтэс тус тус байгуулсан бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээрх тогтоолуудыг үндэслэн Хууль зүйн хэлтэс байгуулах, боловсон хүчнээр бэхжүүлэх асуудлыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэсэн. Ер нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнээр гол төлөв өмнө нь хуулийн хэлтэст ажиллаж байгаагүй хүмүүс шинээр томилогдсон учраас ажлыг нь зөв эхлүүлэх, цаашид улам жигдрүүлэх, үр дүнг нь дээшлүүлэх асуудал чухал байгаа юм.
- Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж ирүүлсэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дүрмийг Засгийн газраас баталж өгөөгүй ч, манай Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын харъяа газар, хэлтсүүдийн ажиллах ерөнхий чиглэлийн талаар аргачилсан зөвлөмж боловсруулж орон нутагт хүргүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн яам ч аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дүрмийн төслөө мөн адил хүргүүлсэн байна билээ. Энэ материалуудыг ашиглан Хууль зүйн хэлтэс нь өөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, ажлын зохион байгуулалтыг тодорхой тусгасан дүрмээ боловсруулж аймаг, нийслэлийн Засаг даргаараа батлуулан мөрдөж байгаа нь зүйтэй байна. Харин зарим аймгийн Хууль зүйн хэлтсийн дүрмийг Тамгын газрын дарга баталсан явдлыг буруу гэж үзэж байна. Цаашдаа энэ дутагдлыг залруулна биз ээ.
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь манай зөвлөмж, өөрийн дүрмийнхээ дагуу орон нутгийн засаг захиргаанд мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх, хууль тогтоомжийн гарын авлага материал, мэдээллээр хангах чиглэлээр дор дурдсан ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнд:
- Хууль тогтоомжийн системчлэл, мэдээллийн ажил эрхэлнэ. Ингэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоолын бүртгэл-лавламжийн фонд бүрдүүлж, түүнийгээ ашиглан Тамгын газрын ажилтнууд, байгууллага, иргэдэд лавлагаа өгөх, шинээр гарсан хууль тогтоомжийн талаархи мэдээллээр хангах зэргээр ажиллана.
Шүүх яамнаас 1980-1990 оны хооронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бүх аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаад хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн боломжийн фондтой болж байгууллага, иргэдэд хуулийн асуудлаар лавлагаа, зөвлөгөө өгч хэвшээд байсан. Гэтэл Засгийн газрын 1993 оны 64, 65 дугаар тогтоолоос хойшхи 7 жилийн хугацаанд энэ ажил эзэнгүйдэж, ихэнх аймаг фондын материалаа архивт шилжүүлэх, заримыг хаяж үрэгдүүлэх зэргээр дахин ашиглах боломжгүй шахам болгосныг шинээр байгуулагдсан Хууль зүйн хэлтсүүд сэргээн тордож, 1990 оноос хойшхи хууль тогтоомжоор баяжуулж байгаагаас гадна Хууль зүй, дотоод хоргийн яамнаас бүх хэлтсүүдэд тарааж өгсөн CD, уян дискэнд бичсэн фондын материалаас лавлагаа, зөвлөгөө өгч байна. 2001 оны эхний 9 сарын байдлаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсүүд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн фондоосоо 788 байгууллага, 7887 иргэдэд лавлагаа өгч, эрх зүйн туслалцаа үзүүлсэн байна. Цаашдаа Хууль зүйн хэлтсүүд энэхүү бүртгэл-лавламжийн фондоо шинэ шинэ материалаар цаг тухайд нь баяжуулж байгууллага, иргэдийг энэ чиглэлийн мэдээллээр байнга хангах, улмаар сум, дүүргийг тодорхой хэмжээний бүртгэл-лавламжийн фондтой болгох талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.
- Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна. Үүний тулд Тамгын газрын ажилтнууд, төр, захиргаа, аж ахуйн байгууллагын ажилчин, албан хаагчдад шинээр батлагдан гарсан хууль тогтоомжоор тусгай хөтөлбөрийн дагуу хичээл заах, хуулийг тайлбарлан таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ер нь хуулийн сургалт, сурталчилгааг аймаг, нийслэлийн Засаu даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс тухайн нутаг дэвсгэртээ гардан хариуцах үүрэгтэй учраас энэ ажилд төр, захиргаа, хууль, хяналтын байгууллагын удирдах ажилтнууд, мэргэжлийн сэхээтнүүдийг идэвхтэй, бүтээлч оролцуулах хэрэгтэй.
Засгийн газрын 1996 оны 117 дугаар тогтоолоор гэрээний үндсэн дээр өмгөөлөгчдийг хуулийн сургалт, сурталчилгаанд хамруулахаар заасныг үндэслэн Хууль зүйн сайд, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 1996 оны 120/20 дугаар хамтарсан тушаалаар “Эрх зүйн сургалт зохион байгуулах, хууль тогтоомж сурталчлах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Өмгөөлөгчдийн зөвлөлийн хооронд
байгуулах үлгэрчилсэн гэрээ” баталж мөрдүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гэтэл Засгийн газрын дээрх тогтоол, уг гэрээг хэрэгжүүлэх ажил сүүлийн жилүүдэд мартагдсан явдалд дүгнэлт хийх цаг болжээ. Хуулийн сургалт, сурталчилгааны ажилд орон нутагт байгаа өмгөөлөгчдийн энэ их нөөц хүчийг ашиглахгүй байгаа нь буруу юм. Аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл ч гэсэн энэ ажилд мэргэжлийн хуульчдаа оролцуулах талаар санаачилга гаргахгүй байгааг зөвтгөх арагүй.
Нөгөө талаар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохиож байгаа сургалт, семинарт Хууль зүйн хэлтсийнхэн, хуулийн зөвлөгчдөөс гадна Тамгын газрын болон хуулийн байгууллагын ажилтнууд, аймгийн төвийн ойролцоох сум, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг оролцуулж байх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар ахнаарч, томилолтын мөнгөний асуудлыг хуулийн сургалт, сурталчилгааны зардлаас гаргаж байх нь зүйтэй гэж үзэж байна. Албан тушаалтан, мэргэжлийн сэхээтэн, иргэдийн хуулийн мэдлэг, хууль хэрэглэх соёлыг дээшлүүлснээр хууль зөрчих аливаа харш үзэгдлээс бид зайлсхийж чадах болно, үүнд л хуулийн сургалт, сурталчилгааны ач холбогдол оршино.
- Орон нутгийн засаг захиргаанд эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Ингэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийн төслийг хянаж хуульд нийцүүлэн гаргах, сумын Засаг даргын гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай дүрэм, журам, заавар боловсруулж Засаг даргаар батлуулан мөрдөх, Тамгын газрын ажилтнуудад хуулийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх хэлбэрээр орон нутгийн засаг захиргаанд үйлчилнэ.
Хууль зүйн хэлтэс нь Засаг даргын хуулийн зөвлөх учраас юуны өмнө тус хэлтсийг чадварлаг, ажилсаг, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж орон тоо ёсоор нь ажиллуулах, хэлтсийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэхэд Засаг дарга нар анхаарах ёстой. Түүнээс гадна Хууль зүйн хэлтсээсээ мэргэжпийн туслалцаа авч сурах хэрэгтэй. Хууль зүйн хэлтэс нь Засаг даргын гаргах захирамжийн төсөлд виз, санал, дүгнэлт өгч байгаа нь Засаг даргыг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж
байгаа хамгийн нэр хүндтэй ажил юм. Үүнийг Засаг дарга нар зөв ойггож батлан гаргах бүх захирамж, дүрэм, зааврын төслөө заавал Хууль зүйн хэлтсээр дамжуулж хэвших шаардлагатай байна. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн энэ оны 9 сарын эрх зүйн ажлын мэдээнээс үзэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нар 4140 захирамж гаргасны 81,9 хувийг буюу 3390-ийг Хууль зүйн хэлтэс үзэж виз өгсөн байна. Үлдсэн 750 захирамж тус хэлтсийн оролцоогүйгээр батлагдан гарчээ.
Мөн түүнчлэн сум, дүүргийн Засаг дарга нар батлан гаргасан захирамжаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст ирүүлж хянуулах үүрэгтэй боловч бас л энэ асуудалд хангалтгүй ханддаг юм байна. Хууль зүйн хэлтсүүдийн энэ оны 9 сарын эрх зүйн ажлын мэдээнээс үзэхэд сум /нийслэлийн дүүргүүд орохгүйгээр/-дын Засаг дарга нар 14128 захирамж гаргасны 55,5 хувь буюу 7846 захирамжаа Хууль зүйн хэлтэст ирүүлж хянуулжээ. Эдгээр хянасан захирамжийн 14,5 хувь буюу 1140 захирамж хууль зөрчсөн байсныг илрүүлж өөрсдөөр нь засуулсан байна. Тэгвэл үлдсэн 6282 захирамжийн хэд нь хууль зөрчсөн байх билээ гэдгийг бодох хэрэгтэй. Иймд сум, дүүргийн Засаг дарга нар батлан гаргасан захирамжаа аймаг, нийслэлд ирүүлж хянуулдаг журмыг мөрдөж сурах, харин аймаг, нийслэл нь хянаж хэвших хэрэгтэй юм.
- Орон нутгийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж зааварлана. Энэ ажлыг зохион байгуулахдаа орон нутгийн засаг захиргаатай хамтран тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ямар хуулийн хэрэгжилт доголдож байгааг тогтоож тэр дагуу хамтарсан шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөх, биелэлтэд нь хяналт тавих зэргээр ажиллах ёстой. Тодорхой хугацаа өнгөрмөгрц үр дүнг тооцож, дараагийн арга хэмжээг төлөвлөх замаар хяналт шалгалтыг тогтмол хийж байх нь чухал байдаг. Ялангуяа, хувийн болон хамтарсан үйлдвэрүүдэд Хөдөлмөрийн хууль, худалдаа, үйлчилгээний газруудад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль зэрэг бидний өдөр тутмын амьдралд мөрдөж байгаа хуулиуд ихээр зөрчигдөж байна. Энэ чиглэлд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсүүд илүү анхаарал хандуулж ажиллавал зохино.
- Сумдын хууЛь зүйн албаны ажлыг удирдан чиглүүлнэ. Юуны өмнө сумдын Засаг даргын Тамгын газрын даргаас эрхлэн гүйцэтгэж байгаа нотариатын ажил, сумын Засаг даргын Тамгын газраас хариуцан зохион байгуулж байгаа хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг тус тус шалган зааварлах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, гарын авлага материалаар хангах зэргээр орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нотариатын тухай хуульд зааснаар орон нутагт нотариатын үүрэг гүйцэтгэгчээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилладаг. Энэ хүн нэгдүгээрт мэргэжлийн хуульч биш учраас алдаж эндэх нь элбэг, хоёрдугаарт сонгуулийн үр дүнгээс шалтгаалж тодорхой хугацааны дараа өөрчлөгддөг учраас нотариатын ажилд зүгширч чадахгүй зэрэг бэрхшээл тохиолдоно. Иймд Хууль зүйн хэлтэс аймагт ажиллаж байгаа нотариатчийг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын нотариатын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хичээл заах, гарын авлага материалаар хангах зэрэгт ашиглаж, тэдэнтэй хамтран ажиллаж байвал зохино. Өөр нэг анхаарах асуудал Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хийх нотариатын үйлдлийг нэрээр нь тогтоож өгөх шаардлагатай байна. Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн ажил тодорхой биш учраас алдаа гаргах, эсхүл эрх хэмжээгээ хэтрүүлэх зэргээр иргэд, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох явдал гарч байгаад анхаарах хэрэгтэй.
Түүнээс гадна зарим сумдад боловсон хүчний хүрэлцээ, шаардлагыг харгалзан нотариатч томилон ажиллуулж байгаатай уялдан тухайн суманд нотариатын үүрэг гүйцэтгэгчийн хэрэглэж байсан нотариатын баталгааны 6 төрлийн тусгай тэмдгийг аймгийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл зарим сумдын Засаг дарга нар энэ талаар санаачлага гаргахгүй үл тоомсорлосон байдлаар хандах, эсхүл хэн нэгэн өрсөлдөгч гарч ирсэн мэтээр ойлгох зэрэг цөөн боловч зөрчил байгаад Хууль зүйн хэлтэс анхаарч, цаашид ийм дутагдал гаргуулахгүй байх талаар шаардагдах арга хэмжээ авбал зохино. Харин суманд ажиллаж байгаа хуульчдыг хуулийн сургалт, сурталчилгаанд идэвхтэй оролцуулах талаар сумын Засаг даргын зүгээс ч, Хууль зүйн хэлтсийн зүгээс ч санаачлага гаргаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй.
- Иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн асуудал эрхлэнэ. Сумдын Засаг даргын Тамгын газраас хариуцан хийж байгаа иргэний гэр бүлийн 8 төрлийн бүртгэлийн байдлыг шалгах, мэдээ судалгааг хянах зэргээр мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөх, гарын авлага материал болон холбогдох хууль тогтоомжийн талаархи мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Энэ ажилтай холбогдуулж анхаарах 2 асуудал байна. Нэгдүгээрт сумын Засаг даргын Тамгын газрын тодорхой нэгэн ажилтанд иргэний гэр бүлийн 8 төрлийн бүртгэл, шилжих ходөлгөөний асуудлыг хариуцуулахыг нэгдсэн журмаар зохицуулах хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх сумдын Засаг даргын Тамгын газрын дарга дээрх асуудлыг хариуцдаг байхад заримд нь Засаг даргын орлогч, заримд нь хөдөлмөрийн асуудлыг зохицуулдаг мэргэжилтэн гэх мэтээр янз бүрийн хүмүүс хариуцаж байгаа юм. Хоёрдугаарт “БНМАУ-ын иргэний паспорт”-ыг “Монгол Улсын иргэний үнэмлэх”-ээр солих ажил улсын хэмжээнд явагдаж байгаа учраас сумдын Засаг даргын Тамгын газраас энэхүү нийтийг хамарсан арга хэмжээг шуурхай, оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх нь зүйтэй.
- Аймаг, хотын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн бүтцийг өөрчилж, аймаг, хотын Хууль зүйн хэлтэс болгох нь орон нутгийн хууль зүйн албаны чиг үүргээс урган гарч байгаа юм. Тус хэлтэс нэгдүгээрт, аймгийн Засаг даргын батлан гаргах захирамжийн төсөлд виз, санал, дүгнэлт өгдөг, сумдын Засаг даргын батлан гаргасан захирамжийг хянадаг. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн орон нутгийн байгууллагын ажлыг уялдуулан зохицуулж мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг. Гуравдугаарт, Хууль зүйн хэлтэс аймаг, нийслэлийн Засаг даргын нэрийн өмнөөс шүүх, прокурор, өмгөөлөх, нотариатын байгууллагатай харилцах асуудлыг зохицуулдаг. Энэ гурван үндэслэлээр Хууль зүйн хэлтсийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцээс гаргах нь оновчтой гэж үзэж байна.
Хууль зүйн хэлтсийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүнээс урган гарч байна. Иймээс аймаг, нийслэлийн хууль зүйн хэлтсийн дүрмийг шинэчлэн боловсруулж, Засгийн газар юм уу эсхүл Хууль зүй, дотоод хэргийн сайд баталж, мөрдүүлэх нь өнөөгийн шаардлагад нийцэх болно.
Хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах асуудлын талаар
1993 онд баталсан “Засгийн газрын тухай” Монгол улсын хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Хууль зүйн яамны гүйцэтгэж байсан үндсэн үүрэг дээр улсын архив, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түймэртэй тэмцэх асуудал, иргэний харъяалал, цагаачлалын асуудал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал техникийн хангамж, үйлчилгээ, Засгийн газраас шүүх, прокурорын байгууллагатай харилцах асуудал, цагдаа, мөрдөн байцаах, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал зэргийг нэмж хариуцуулсан юм. 2000 оны 8 дугаар сарын 3-нд баталсан “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол улсын хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үүргээс гадна улсын хил хамгаалалтын асуудлыг шинээр хариуцуулсан болно.
Монгол улсын хууль зүйн албаны төв байгууллага буюу аргачилсан удирдлагын байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яам мөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны анхан шатны нэгж нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс буюу нутаг дэвсгэрийн хууль зүйн алба юм. Ийнхүү тус яам нь анхан шатны нэгжээрээ дамжуулан аймаг, нийслэлийн Засаг даргатай болон сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагуудын харъяа орон нутгийн байгууллагатай ажил төрлийн холбоотой, харилцан мэдээлэлтэй ажиллах боломжоор хангагдаж байгаа юм.
Иймээс Хууль зүйн хэлтэс нь засгийн газраас хүргүүлсэн зөвлөмж, өөрийн дүрмийнхээ дагуу орон нутгийн хууль, хяналтын байгууллагатай дор дурьдсан чиглэлээр харилцаж хамтран ажиллана. Үүнд:
- Аймаг, нийслэлийн Засаг даргаас шүүх, прокурор, нотариат, өмгөөлөх байгууллагатай харилцах асуудлыг төлөөлөн явуулна. Өөр өөрийн хуулиар үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн байгууллагатай орон нутгийн засаг захиргааны нэрийн өмнөөс харилцах асуудлыг зохион байгуулж, тодорхой асуудлаар хамтран зохиох ажлын чиглэлийг тогтоож зохицуулна.
Энэ талаар зохиох ажлын гол санаа, чиглэлийг 2001 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо болсон шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн семинар дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тавьж хэлэлцүүлсэн “Сахилга, хариуцлага, дэг журам тогтоох ажлыг хуульчид, хуулийн байгууллагаас эхлэе” илтгэлд тодорхой тусгасан байгаа болно. Түүнээс гадна хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулсан “Зөвлөлгөөний шийдвэр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий Прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дарга бөгөөд Хуульзүйн сайдын 2000 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 17/63/99 дүгээр захирамж, тушаалыг мөрдөж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
2.Хууль зүй, дотоод хэргийн сайд эрхлэх асуудлын хүрээндээ Засгийн газрын агентлагийн орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж уялдуулан зохицуулна. Энэ арга хэмжээний хүрээнд орон нутгийн засаг захиргаанаас зохиох ажилд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох боломжийг өргөтгөх чиглэлээр ажиллана. Энэ асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаас гадна тухайн орон нутгийн агентлагийн дээд шатны байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын батлан гаргасан эрх зүйн актаар зохицуулж байна. Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 71 дүгээр тушаалаар баталсан “Хилийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, ХЦУГ-ын харъяа хилийн хороо, ангийн харилцан ажиллах журам”-ыг нэрлэж болно. Уг журмыг хэрэгжүүлэх талаар хил орчмын аймгуудын хууль зүйн хэлтсүүд харилцан адилгүй ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Увс аймгийн хууль зүйн хэлтэс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлиг болон дээрх журмын дагуу хил хамгаалалтанд туслах хүчний орон тооны бус зөвлөлийг аймаг, сумдад байгуулж ажлын чиглэл өгснөөс гадна хилийн зөрчил, малын хулгайн сүүлийн 5 жилийн байдалд судалгаа, дүн шинжигээ хийж, хилийн сумдын удирдлага, хилийн хороо, застав, хилийн төлөөлөгчийн газар,
ТЕГ-ын Увс аймаг дахь салбар, цагдаагийн хэлтэс, шүүх, прокурорын байгууллагын саналыг авсны үндсэн дээр 2001-2004 онд хилийн зөрчил, малын хулгайтай тэмцэх ажлын төлөвлөгөө гаргасан холбогдох газруудад хүргүүлж биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хилийн бүс зурваст оршин суугчдыг хот айлын хамгаалалтад оруулах журам гаргаж, хилийн застав бүрийн чиглэлээр 14-30 хот айлын зохион байгуулалт хийж хилийн сум, суман, зурваст оршин суугч иргэдийн хооронд гэрээг шинэчлэн байгуулжээ. Хил орчмын бусад аймгийн хууль зүйн хэлтсүүд энэ мэтээр санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг сануулахад илүүдэхгүй.
Одоо Цагдаагийн ерөнхий газартай хамтран ийм эрх зүйн акт гаргаж ажлаа эхлээд байна. Ийнхүү хамтарсан юмуу зөвшилцөж юхиролсон байдлаар эрх зүйн акт гаргаж хэрэгжүүлэх нь хамтын ажиллагааны уялдаа холбоог улам сайжруулах болно.
3.Орон нутгийн цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, хил хамгаалах, гал түймэртэй тэмцэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг эрхэлнэ. Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөө, хуваарийн дагуу жилд 1-2 байгууллагын ажлыг Тамгын газрын мэргэжлийн алба, хүмүүстэй хамтран шалгаж, заавар зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нь үнэлгээ-шинжилгээ хийж, шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, тодорхой шийдвэр гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
4.Нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг хууль сахиулах ажлыг зохицуулах үүрэг хүлээнэ.
Түүнчлэн шүүх эрх мэдлийн болон хууль хамгаалах байгууллагууд тус тусын чиглэлээр болон хамтын хүчээр хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж зааварлах, хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэх зэргээр хууль сахиулах арга хэмжээ авдаг.
УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн үгэндээ: “Нийгэмд сахилга, дэг журмыг чанд сахиулах, бүх шатанд хариуцлагын тогтолцоог боловсронгуй, үр дүнтэй болгохыг сонгогчид биднээс хүсэн хүлээж байна. …Архидан согтуурахтай хийх тэмцэлд ямар нэг тайвшрал, хүлээлт, цөхрөлт, эрч далайцыг бууруулах санаа, оролдлого хэрхэвч байж таарахгүй” гэж онцлон тэмдэглэсэн. Ер нь нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх нь бүгд л хууль сахиулах арга хэмжээний хүрээнд хийгддэг ажил билээ.
Тиймээс хууль зүйн алба, шүүх эрх мэдлийн болон хууль хамгаалах байгууллагуудаас хууль сахиулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өнөөгийн тавигдаж байгаа шаардлагын хэмжээнд хүргэх нь чухал байна.
Хамгийн гол нь хууль сахиулах арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөө, графикийн үндсэн дээр хамтын хүчээр оновчтой зохион байгуулж хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, нэр хүндтэй, ач холбогдолтой байдгийг анхаарлын төвд байлгаж, энэ ажлын арга барилыг өөрчилж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч нь Засаг дарга, нарийн бичгийн дарга нь Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, гишүүд нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар байдаг. Иймээс Засаг даргын хуулийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг хууль зүйн хэлтэс тус зөвлөлийн өдөр тутмын ажлыг эрхлэн хариуцаж төр, захиргаа, хууль, хяналтын байгууллагаас дэг журам бэхжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх талаар зохиох ажпыг уялдуулан зохицуулж, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль сахиулах арга хэмжээг нэгтгэн төвлөрүүлж, үр дүн, ололт дутагдлыг харилцан мэдээлж хэвшвээс зохих хэмжээний ахиц, дэвшил гарах болно.
Ингэж ажиллаваас хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, сахилга, хариуцлагыг өндөржүүлэх талаар аймаг, нийслэлийн хууль зүйн алба, хууль, хяналтын байгууллагууд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамтын ажиллагаагаа улам сайжруулж чадна гэж баттай хэлэх байна.