Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №52, 2005
Түлхүүр үг: Макиавелизм, төрийн бүрэн эрх, нийгмийн гэрээ, жам ёсны эрх, эрхийн хувиарлалт, төрийн эрх чөлөө
Орчин үеийн улс төрийн онолын томоохон эх сурвалжийн тоонд Италийн сэтгэгч, улс төрийн онолч, философич, сэргэн мандалтын үеийн нийгмийн гарамгай зүтгэлтэн Никколо Макиавеллийн (1469-1527) улс төрийн үзэл бодлыг зүй ёсоор тооцон үздэг. Түүний улс төрийн онолын зарчмын үндэслэлүүд нь өнөөгийн улс төрийн ерөнхий онол, сургаалийн шууд суурь үндэс болдог тул судлаачид түүнийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж санал нэгтэй үздэг юм. Макиавеллийн зохиол, бүтээлүүдэд улс төрийн уг шинж, засаглал, төр, иргэний нийгмийн хоорондын харилцаа, элит, хошуучлагчийн асуудал, улс төрийн эрх мэдэл түүнийг тогтоон барьж, хэрэгжүүлэх арга зам, улс төрийн шийдвэр, улс төрийн дэглэм тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлт зэрэг улс төрийн шинжлэх ухааны суурь асуудлуудын талаар цэгцтэй үндэслэл, дүгнэлтүүд тусгалаа олсон байдаг. Өнөөгийн улс төрийн онолын системд түүний үзэл нь макиавеллизм хэмээх ерөнхий нэрээр алдаршжээ. Макиавелли зөвхөн философич, улс төрийн онолч байгаад зогсоогүй улс төрийн практик туршлагатай улс төрч, дипломатч байжээ. Тэрээр олон жилийн турш Флоренцид улс төрийн хариуцлагатай алба хашиж байв. Түүний энэ улс төрийн амьдралын практик, бодит баялаг туршлага нь өөрийнх нь улс төрийн үзэл бодолд нь гүнзгий тусгалаа олсон байдаг. Макиавелли хүн төрлөхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд анх удаа улс төр, улс төрийн амьдралын хүрээ, төр, төрийн мөн чанар, үндсэн шинж, улс төр, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг урьд өмнөх
сэтгэгчдээсээ зарчмын өөр байдлаар, шинэлэг үзэл, хандлагийн үүднээс системтэй авч үзэж, судалсанаараа онцгой ялгардаг. Тэрээр 1512 онд улс төрийн эргэлтийн дараа төрлөх Флоренц хотоосоо холгүйхэн мөрдөгдөн, баривчлагдаж, хоригдож явсан хүнд үедээ зохиол бүтээлийнхээ ихэнхийг туурвисан байна. Түүний гол бүтээлүүд гэвэл: “Эзэн захирагч”, “Тита Ливийн эхний арав хоногийн тухай эрэгцүүлэл”, “Цэргийн урлагийн тухай”, “Флоренцийн түүх” зэрэг юм.
Макиавеллийн улс төр, улс төрийн амьдралын үзэгдэл, үйл явцын уг шинж түүний хувиралт, өөрчлөлтийн тухай сургаал нь орчин үеийн улс төрийн онолын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрээр улс төрийн амьдралын хүрээг нийгэмтэй адилтгаж байсан урьдын хандлагаас татгалзаж, түүнийг нийгмийн амьдралын бусад салбаруудаас ялгагдах давтагдашгүй онцлог бүхий бие даасан салбар юм гэж үзэж байв. Тийм учраас энэ нь бурханы болон ёс зүйн хэм хэмжээнд бус харин өөрийн бодит хууль, жам ёсны дагуу өөрчлөгдөн хөгжиж байх ёстой гэж байлаа. Ингэснээрээ тэрээр улс төрийг олон жилийн туршид шашны номлолын хүрээнд явцууруулан тайлбарлаж байсан теологийн хандлагаас зоригтой ангижирч, түүнийг амьдралын тухайн түүхэн нөхцөл байдлын өөрчлөлт, хүмүүсийн бодит үйл ажиллагаа, шинжлэх ухааны судалгааны ажиглалт, дүн шинжилгээний үр дүнд бий болсон бодит баримтанд тулгуурлан тайлбарлах ёстой гэж үзэж байжээ. Макиавелли улс төрийг судлахдаа хошуучлагч, олон түмэн гэсэн хоёр субъектын үйл байдал, тэдгээрийн хоорондын харилцааны хүрээн дэх бодит баримтуудыг иш үндэс болгож байсанаараа улс төрийн үзэгдлийг танин мэдэх улс төрийн реализмын зарчмын үндсийг тавьсан юм. Макиавелли нийгэм болон улс төрийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүмүүсийн хувийн сонирхол юм гэж байв. Үүнтэй холбогдуулан тэрээр улс төр гэдгийг хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэхийг эрмэлзсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаа мөн гэж ойлгож байжээ. Тиймээс ч улс төрийн амьдралын шинж байдлын өөрчлөлт нь нийгэм дэх социал бүлгүүдийн ашиг сонирхол хэр зэрэг хангагдаж байгаагаар тодорхойлогдоно гэж тэр үзэж байсан юм. Улс төр нь бие даасан үзэгдэл мөнийн хувьд нийгмийн танин мэдэхүйн судалгааны тусгай объект болж байдаг. Үүнтэй уялдан улс төрийн үзэгдэл, үйл явцын бодит баримтуудыг гол судлагдахуунаа болгосон улс төрийн мэдлэгийн өвөрмөц хэлбэр зайлашгүй байх хэрэгтэй бөгөөд энэ нь шинжлэх ухааны мэдлэгийн системд харьцангуй бие даасан байр суурь эзлэх ёстой гэж Макиавелли үзэж байв. Тэр улс төрийн шинжлэх ухааны гол судлах зүйл нь зохиомол, хийсвэр зүйл бус, харин улс төрийн туршлагад үндэслэсэн бодит баримтууд тэр дундаа улс төрийн засаг, засаглал түүний хэв маяг, хэлбэр, хэрэгжүүлэх арга замын тухай асуудал юм гэж байв. Эндээс үзвэл Макиавелли улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн бие даасан байдлыг түүхэнд анх удаа тов тодорхой хүлээн зөвшөөрсөн сэтгэгч хэмээн зүй ёсоор үнэлэгддэг юм.
Улс төрийн үзэгдэл болох төр түүний мөн чанар, төрийн засаглалын зохистой хэлбэрийн тухай үзэл санаа нь Макиавеллийн улс төрийн онолын чухал үндэслэлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр төрийг “нийгэм” хэмээх ойлголттой шууд адилтгаж байсан урьдийн хандлагыг өөрчилж, түүнийг улс төрийн өвөрмөц байгууллага, бие даасан институт гэж үзэж байсан юм. Макиавелли “Государь” хэмээх бүтээлдээ энэ тухай бичихдээ: “Төр бол нийгмийн улс төрийн тодорхой байгууллага юм” (1.32) гэсэн байдаг. Тэр төрийн үүслийг хүний уг чанараас ургуулан тайлбарлахдаа зөвхөн байгалаас заяагдмал төдийгүй нийгмээс үүсмэл уг чанарын тухай хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өөдгүй муу чанар байгалаас төдийгүй нийгмийн амьдрал, үйл ажиллагааны явцад бий болдог бөгөөд тэдгээр нь хүмүүсийн хооронд байнга дайсагнал төрүүлж байдаг. Хүмүүсийн муу чанаруудыг хазаарлан барих шаардлага нийгэмд дэг журам, амгалан тайван байдлыг тогтоох механизм болох төрийг үүсэхэд хүргэсэн гэж үзжээ (2.144) Макиавелли төрийн зорилго юу вэ? гэсэн урьд өмнөх уламжлалт асуултанд хариу өгөхдөө: төр нь олон түмний сайн сайхан амьдралын нөхцөлийг хангах, шудрага ёс, эрх чөлөөг баталгаажуулах гэсэн ерөнхий асуудлыг зорилго болгохоосоо илүү эрх мэдлийг авах, хэрэгжүүлэх, төгөлдөржүүлэх зохистой арга замыг эрж сүвэгчлэх явдлыг юуны өмнө анхаарах ёстой гэж бичиж байв. Үүнтэй холбогдуулан тэрээр “Эзэн захирагч” (Государь) хэмээх бүтээлдээ” зорилго нь арга хэрэгсэлээ зөвтгөнө, улс төрийн бодлогод ёс зүйн хэм хэмжээг хайхрах хэрэггүй” гэсэн гол зарчмаа томъёолсон байдаг (3.112). Энэ нь улс төрийг ёс суртахуунаас зааглаж байсан түүний прагматик үзэл хандлагатай нь холбоотой байсан юм. Гэхдээ энэ зарчмаа тэрээр улс төр дэх ёс зүйгүй байдлыг туйлчлан зөвтгөх агуулгаар биш харин Итали орныг нэгтгэн, нэгдсэн төр улс байгуулах гэсэн цорын ганц зорилгод ашиглахыг санал болгож байсаныг тэмдэглэх хэрэгтэй.
Макиавелли төрийн засаглалын хэлбэрийн тухай асуудлыг улс төрийн онол, үзлийнхээ чухал бүрдэл хэсэг гэж үзэж байлаа. Тэрээр тиран, олигархи, охлократия хэлбэрийг сөрөг, муу хэлбэрт хамруулан үзэж байсан бол монархи, аристократи, демократийг эерэг, сайн хэлбэрт багтаан үзэж байсан юм. Гэхдээ тэр төрийн засаглалын тодорхой хэлбэрийг хэт туйлчлан үзэхээс болгоомжилж байжээ. Энэ нь Макиавеллийн төрийн аливаа хэлбэрүүд нь өөртөө тодорхой хэмжээний нөөц боломжинд суурилж байдаг. Энэ нөөц, боломж нь тодорхой цаг хугацааны туршид тухайн засаглалын хэлбэрийн үр ашигтай оршин тогтнож, оргилдоо хүрэх үндэс болон үйлчилж байсанаа үйлчлэл нөлөөллийн нөхцөлүүд нь өөрчлөгдөхийн хэрээр хүч боломж нь буурч, түүний бууран доройтох хүчин зүйл болдог тухай үзэлд нь суурилж байсан юм. Хэдий тийм боловч тэрээр өмнөх сэтгэчдийн гарган тавьж байсан төрийн зохистой, шилдэг хэлбэрийн тухай асуудлаас хол хөндий байж чадаагүй юм. Макиавелли уламжлалт энэ асуудалд хандахдаа Цицероны нэгэн адил төрийн засаглалын холимог хэлбэрийг чухалчлан үзэж байсан байна. Тэгэхдээ ухаан төгс, мэдлэг чадвар бүхий туршлагатай цөөнх язгууртнууд эрх мэдлийг барьсан демократ, аристократ, монархи төрийн хэлбэрүүдийн давуу талуудыг агуулсан төрийн засаглалын “холимог” бүгд найрамдах хэлбэрийг хамгийн зохистой, тогтвортой хэмээн үзэж байжээ. Харин төрийн засаглалын энэхүү хэлбэр оршин тогнож байгаа нөхцөлд түүнийг удирдан жолоодож байгаа элит, лидерүүдээс их зүйл шалтгаална. Тэд улс төрийн бодлогод эр зориг, шийдэмгий байдал, тайван хүлээцтэй, ухаалаг чанарыг юу юунаас ч илүү чухалчлах ёстой гээд түүнийгээ улс төрийн элитийн “арслан” ба “үнэг” шинж хэмээн хураангуйлан томъёолсон байдаг.
Францын улстөрийн философич, нийтлэлч Жан Боден (1530- 1596)-ны улс төрийн онолын үзэл санаа нь хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний өв санд хүндтэй байр суурь эзэлдэг юм. Тиймээс ч түүний улс төрийн үзэл санааг орчин үеийн улс төрийн онол, сэтгэлгээний ширгэшгүй нэгэн эх сурвалж гэж зүй ёсоор үздэг билээ. Жан Боден олон талын боловсрол, мэдлэгтэйн дээр улс төр, захиргааны ажлын арвин туршлагатай хүн байжээ. Тэр Тулузын их сургуульд эрх зүй, түүх судлахын зэрэгцээ одон орон, математик зэрэг байгалийн шинжлэлийн салбарт хүчээ сорьж байжээ. Ж.Боден өөрийн онолын мэдлэгийг төрийн захиргаа, шүүх хяналтын байгууллагад ажиллах явцдаа бататган .шалгаж байсан аж. Ж.Бодены амьдарч байсан үе нь Франц орны хувьд хамгийн эгзэгтэй цаг үе байжээ. Учир нь энэ үед тус оронд шашны католик болон протестант үзэл, урсгалын хооронд ширүүн зөрчил, тэмцэл явагдаж, энэ нь Францын улс төрийн амьдрал, үндэстний нэгдмэл байдалд хор уршиг тарьж байсан юм. Ийм нөхцөлд үзэл бодлын аядуу, төвч байр суурийг баримтлан хэрэгжүүлэх нь чухал байсан бөгөөд ийм байр суурийг онолын хувьд илэрхийлж байсан сэтгэгчдийн дотор Ж.Боден хамгийн алдартай нь байжээ.
Жан Бодены улс төрийн үзэл, онолын системд төрийн бүрэн эрхт байдлын тухай үзэл санаа онцгой байр суурь эзэлдэг юм. Тэрээр төрийн бүрэн эрхт байдлын тухай үзэл, онолоо 1576 онд туурвисан “Төрийн тухай зургаан ном” хэмээх бүтээлдээ цэгцтэй боловсруулан тавьсан байдаг. Тэрээр бүрэн эрхт байдал бол аливаа төрийн оршин тогтнохын суурь үндэс, бодит илэрхийлэл юм гэж үзэж байжээ. Тиймээс ч бүрэн эрхт байдал нь төрийн гол шинж, сүр хүч, амин сүнс нь юм хэмээн тэр батлаж байлаа. Хэрвээ бүрэн эрхт байдлаа алдсан нөхцөлд тухайн төрийг бие даасан гэж үзэх бололцоогүй юм. Төрийн бүрэн эрхт байдал нь тухайн төрийн хэлбэр ямар байхаас болон улс төрийн амьдралын цаг үеийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс үл хамаарагч, туйлын шинжтэй юм. Бүрэн эрх гэдэг нь түүнийхээр өөрөөсөө дээр болон эсхүл зэрэгцсэн аливаа засаглалаас бүрэн хамааралгүй, алив төрийн дотоодод нь зуршмал байдаг бүрэн эрх мэдэл, жам ёсны зайлшгүй шинж юм. Энэ утгаараа Ж.Боден бүрэн эрхт байдал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн өөрөөр хэлбэл легитимт шинжээ хангасан төрөөс хэрэгжүүлж буй туйлын болон байнгын шинжтэй эрх мэдэл юм. гэж үзэж байжээ. Тэрээр бүрэн эрх төрийн “туйлын болон байнгын эрх мэдэл” болохын хувьд төрийн гол шинж тэмдэг гээд бүрэн эрх төрийн хэнээс ч үл хамаарах тухайн улсын нутаг дэвсгэр дээр хууль бүтээх, хэрэгжүүлэх дээд эрх гэж байжээ. Төрийн бүрэн эрх нь нэгдмэл, хуваагдашгүй, байнгын, туйлын, зайлшгүй, болзолгүй, харъяалагдахгүй… (2.145) гэж байв.
Төрийн бүрэн эрхт байдлын мөн чанарыг Ж.Боден хууль тогтоох явдалтай холбон тайлбарлаж байв. Дундад зууны турш хаан бол хууль гаргагч, шүүгч гэсэн ойлголт давамгайлсаар ирсэн. Жан Боден бүрэн эрхт байдлыг нэг буюу хэд хэдэн хүн хэрэгжүүлж болно хэмээн үзэж, хууль тогтоох тухай ойлголтыг гаргаж тавьсан нь дундад зууны уламжлалаас ангижран салсаны илрэл байв. (4.55) Энэ бүхнээс үзвэл Ж.Боденыг төрийн бүрэн эрхт байдлын тухай орчин үеийн онолын үндэс суурийг тавьсан сэтгэгчдийн нэг хэмээн зүй ёсоор үзэж болохоор байна.
Ж.Боден бүрэн эрхт байдлыг илэрхийлэгч төр нь эрх зүйн хүчин чадал бүхий хуулийг гаргадаг. Төрийн хууль эрх зүйн чадамжтай байхын гол баталгаа нь түүний бүрэн эрхт байдал юм. гэж тэр нотолж байжээ. Ж.Боден хуулийг бурханы, байгалийн, хүмүүсийн гаргасан буюу төрийн хэмээн ангилан үзсэн байдаг. Тэдгээрээс төрийн буюу эрх баригчдын тогтоосон хууль л төрийн бүрэн эрхт байдлыг илэрхийлж байдаг. Гэхдээ төрийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд бурханы, байгалийн хуулийг зөрчих эрхгүй юм. Үүнээс гадна хаан нэгэнт гаргасан бол өөрийн хууль болон бусадтай тохиролцон байгуулсан гэрээ, хэлэлцээрийг тэр бүр дураар өөрчлөх ёсгүй гэж үзжээ. Ингэснээрээ тэрээр төрийн эрх баригчдын эрхийг хязгаарлаж болох боломжийн тухай асуудлыг хөндсөн хэрэг юм. Ж.Боден төрийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдэд дараах хязгаарлалт байж болохыг зааж байв. Энэ нь: нэгдүгээрт, бүрэн эрхт эрх баригч Франц хаан ширээг залгамжлах журмыг өөрчлөх хууль ёсны эрхгүй, хоёрдугаарт, нийтийн өмчид халдах ёсгүй, гуравдугаарт Ерөнхий Штатын зөвшөөрөлгүйгээр татвар хураах, хууль ёсны учир шалтгаангүйгээр албат нарынхаа өмчид халдах учиргүй. (4.55) Энэ санаа нь төр болон түүний эрхийг хэрэгжүүлэгч этгээдийн эрх мэдэл, үйл ажиллагаанд зохистой хяналт тавих, эрх мэдлийг тэнцвэржүүлэн хувиарлах тухай онолын үзэл санаанд үнэ цэнэтэй эх сурвалж болж өгсөн юм.
Ж.Боден төрийн бүрэн эрхт байдлын тухай үзэл санааг цэгцтэй гаргаж тавихын зэрэгцээ төрийн хэлбэр тэдгээрийн зохист байдлын тухай асуудлыг мөн авч үзэж байжээ. Тэрээр төрийн хэлбэрүүдийн хаант, язгууртны болон ардчилсан төрийн тухай бичиж байсан бөгөөд тэдгээрийн хүрээнд хэрэгжиж болох бүрэн эрхт байдлын тус бүрийн онцлогийн талаар дурдаж байжээ. Ж.Бодены үзэж байсанаар хаант засаг нэг хүний бүрэн эрхийг, язгууртны төр цөөнх хэсэг бүлгийн бүрэн эрхийг, ардчилсан төр олон түмний дийлэнх хэсгийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэж байлаа. Тэдгээрээс төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч зохистой бөгөөд үр дүнтэй хэлбэр нь хаант төр байж болох юм хэмээн Ж.Боден үзжээ. Учир нь хаант засгийн үед засаглалын нэгдмэл байдал эрх баригч нэг хүнд дээр илүү хангагддаг гэж байв. Гэхдээ тэрээр хаант засгийн зарим сул талыг дурдаж үүнтэй холбоотойгоор засаглалын бусад хэлбэр нь тодорхой нөхцөлд тохирч болохыг ч бас тэмдэглэж байжээ. Ийнхүү төрийн бүрэн эрхт байдлын тухай Ж.Бодены үзэл санаа төрийн онолын сонгодог нэгэн үзэл, томъёолол болон өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй уламжлагдаж ирсэн байна.
Английн гарамгай философич, сэтгэгч Томас Гоббсын (1588- 1679) улс төрийн сургаал, номлол нь орчин үеийн либерал, неолиберал улс төрийн үзэл, урсгалын онолын тулгуур нэгэн эх сурвалж болж байдаг. Түүний төрийн тухай цогц сургаал, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, гэрээний онолын үндсэн зарчмууд нь хүн төрлөхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд тод ул мөрөө үлдээсэн билээ. Томас Гоббс олон талын мэдлэг, боловсролтой хүн байсан бөгөөд Оксфордод сурч байхдаа тухайн үеийн нөлөө бүхий сэтгэгчид болох Мерсенн, Гассенди, Декарт нарын үзэл, сургаалтай гүнзгий танилцсан байна. Тэрээр нэгэн үе Ф.Беконы гарын нарийн бичгийн даргаар ажиллаж, Галилей, Кеплер нартай ойр дотно танилцсан нь түүний улс төрийн үзэл бодлын төлөвшилтөнд нь томоохон нөлөө үзүүлжээ. Ер нь Томас Гоббсын ертөнцийг үзэх үзэл XVII зууны Английн хөрөнгөтний хувьсгалын нөлөөн дор бүрэлдэн төлөвшсөн байна. Тэрээр Францид нэг хэсэг цагаачлан амьдарч байгаад Англи дахь иргэний дайн дууссаны дараа эх нутагтаа эргэн ирж, Кромвелийн дэглэмийг үзэл суртлын хувьд үндэслэх үйл хэрэгт хүчин зүтгэж байжээ. Томас Гоббсын томоохон бүтээлүүд гэвэл: “Биесийн тухай”, “Хүний тухай”, “Иргэний тухай” гурвал түүнчлэн “Байгаль, улс төрийн хуулиудын элементүүд”, “Левиафан” зэргийг дурьдаж болно. Тэдгээрийн дотроос 1651онд нийтлүүлсэн “Левиафан” (Энэ нь шашны судар номонд гардаг далайн үлэмж биет, аймшигт амьтнийг тэмдэглэсэн нэр, түүнтэй тэрээр төрийг төлөөлүүлэн үзэж байв.) хэмээх бүтээл нь түүний хамгийн гол бүтээлд тооцогддог бөгөөд энэ бүтээлдээ тэрээр улс төрийн философийн үзэл бодлоо цэгцтэй томъёолон гаргаж тавьсан байдаг.
Томас Гоббсын улс төрийн үзлийн үнэт зүйлс нь уламжлалт жам ёсны эрх, нийгмийн гэрээний онолын гол зарчимд суурилж байжээ. Томас Гоббс төр үүсэхээс өмнө хүмүүсийн хоорондын харилцаанд байгалаас заяасан жам ёсны бүрэн эрхт ёс үйлчилж байсан бөгөөд энэ байдал нь тэдэнд оршин амьдрах тэгш боломж, бололцоог бий болгож байжээ. Гэвч хүмүүс өөрсдийн төрөлхийн мөн чанараас үүдсэн хувиа хичээсэн, атга муу санаа, шунахай сэтгэлийн улмаас энэхүү жам ёсны тэгш байдлаа “хүн хүндээ чоно” хэмээх харилцааны гол механизм болгон хэрэглэж, бие биедээ дайсагналцан, үл итгэлцэн, зөрчилдөхөд хүрчээ. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдал, нийтийн дайсагналцлыг бий болгон хүмүүсийн амьдрал, ахуйд бэрхшээл учруулах үндсэн хүчин зүйл болж байв. Хэдий тийм боловч хүн оюун ухаант амьтан болохоор өөрсдийн энэ замбараагүй байдлаас үүдсэн уршиг дагаварыг ойлгож, түүнийг даван туулж, амар тайван амьдрах, нэгдсэн нэг зохицуулалтыг бий болгох зохистой арга зам, механизмыг эрэн сүвэгчлэх бололцоотой. Энэ арга зам нь “тэдний хувьд нийтийн гэрээ, гол механизм нь төр юм” гэж “Левиафан” хэмээх бүтээлдээ бичиж байжээ. Эндээс үзвэл тэрээр төрийн үүслийн гол шалтгаан нь хүмүүсийн аюулаас зайлсхийж, чинээлэг, хангалуун амьдрах хүсэл тэмүүлэл юм. Энэхүү хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хооронд гэрээ, зөвшилцөлийг байгуулах үндэс суурь болно. Энэ гэрээ нь хүмүүсээс өөрсдийн итгэлийг хүлээсэн хэсэг бүлэг болон тодорхой удирдагч нэг хүнтэй хийх зөвшилцөл, итгэлцлийн хэлбэрээр хэрэгжинэ. Ингэж нийтийн гэрээний үндсэн дээр төр, засаг бүрэлдэн тогтдог гэж үзэж байв. Энэ тухай тэр бичихдээ: “…бүх нийтийн засаг байгуулахын тулд хүмүүс өөрсдийнх нь төлөөлөгч болж чадах нэгхүнийг, эсхүл бүлэг хүмүүсийг томилж, тэдний нэрийг баригч хүн нийтийн амгалан тайван, аюулгүй байдлын төлөө өөрөө, эсхүл бусдаар хийлгэж, түүний хариуцлагыг өөрөө хүлээж, бусад нь өөрийн хүсэл бодлоо төлөөлөгч нэгний хүсэл бодолд захируулан зөвшөөрөх ёстой. Энэ бол зөвшилцөл эсхүл нэгэн санаанаас илүү зүйл юм.” (5.45) гэжээ. Харин тэр нийгмийн гэрээнд эзэн хааныг хамруулаагүй нь сонин бөгөөд энэ нь угтаа эзэн хааны эрхийг нийгмийн гэрээгээр хязгаарлахаас зайлсхийж байсантай холбоотой бйж болох юм. Гоббсынхоор төрийн гол үүрэг, зорилго бол “хүмүүсийг гадны түрэмгийлэгчдээс болон бие биендээ учруулах шудрага бус явдлуудаас хамгаалж, тэдгээрт өөрсдийнх нь гар хөдөлмөрөөр бүтээсэн, эсхүл газар дэлхийн үр шимээр элбэг дэлбэг амьдарч болохуйц аюулгүй байдлыг хангаж өгөх…” (5.45) явдал юм. Энэ утгаараа хүмүүс нийтийн гэрээний дагуу жам ёсны гол эрхүүдээсээ сайн дураар татгалзаж, түүнийгээ төрд шилжүүлэн, итгэлээ өгч, түүнд бүрэн захирагдах ёстой. Ийм нөхцөлд төр өөрийн дээрх гол үүргээ хэрэгжүүлэх бололцоотой гэж тэр үзэж байжээ. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзвэл: Т.Гоббс тодорхой хүн эсвэл бүлэг хүмүүст төр, улсын мөн чанар орших бөгөөд “тайван байдал, бүх нийтийг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүхнийг хийх хариуцлага, эрхийг үүрсэн, олон тооны хүмүүсийн харилцан зөвшөлцсөний үр дүнд бий болсон нэгэн этгээдийг төр улс гэнэ.” (5) гэсэн төрийн тухай тодорхойлолтыг “Левиафан” хэмээх бүтээлдээ өгсөн байдаг.
Т.Гоббс төрийн хаант, язгууртны, ардчилсан хэмээх гурван хэлбэрийг онцлон үзсэн байдаг бөгөөд тэдгээрээс хэмжээгүй эрхт хаант засгийг төрийн засаглалын хамгийн зохистой хэлбэр гэж үзсэн байдаг. Хааны эрх мэдэл бол бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн легитимт (албан ёсны) шинжтэй зүйл бөгөөд төрийн хуулийн дээд хүчин чадал нь зөвхөн засаглагч гол этгээд болох хааны зарлиг, шийдвэрт оршдог. Тиймээс ч хааны нэгэнт гаргасан зарлиг, шийдвэр нь нийтээр зайлашгүй дагаж мөрдөх ёстой хууль юм гэж тэр нотлож байв. Гэхдээ хаант засаг нь хувьсгалт ардчилсан зарчимд суурилж байвал илүү үр нөлөөтэй байж болох юм гэж тэр үзэж байжээ. Бүх нийтийн тэгш байдал нь дайн, самуунд хүргэж болох тул түүнийг нэгдсэн нэг хүчэрхэг хаант засаглалын хүчээр даван туулах ёстой гэж байв. Т.Гоббс эрх зүйн тухай сургаалдаа жам ёсны эрх зүй ба жам ёсны хууль хоёрыг ялган үзсэн байдаг. Тэр “Левиафан” хэмээх бүтээлдээ энэ тухай бичихдээ: “жам ёсны эрх зүй (төрөлх эрх зүй, jus natural) нь бүх хүний өөрийгөө хамгаалан оршин тогтнохын тулд өөрийн хүч чадлаа хүсэл зоригийнхоо дагуу ашиглах эрх чөлөө юм. Харин жам ёсны (төрөлх) хууль (lex naturalis) гэдэг нь хүнд, хүний амь насанд халтай, эсхүл хэвийн амьдрахад нь саад учруулахуйц зүйлийг хийхийг хориглосон заавар, дүрэм журам юм.” (6.117) гэсэн байдаг. Ийнхүү Т.Гоббсын төр, эрхийн тухай сургаал нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа юм.
Т.Гоббсын нэгэн адил орчин үеийн либерал улс төрийн үзэл, номлолын онолын нэг гол эх сурвалж нь Английн улс төрийн томоохон философич, гарамгай онолч, сэтгэгч Жон Локкын (1632-1704) улс төрийн үзэл, сургаалийн өв уламжлал мөн билээ. Судлаачид түүнийг өнөөгийн либерал улс төрийн үзлийн онолын “загалмайлсан эцэг” гэж үздэг нь ч санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь Ж.Локкын улс төрийн үзэл санааны төвд хүний эрх, эрх чөлөө түүнтэй харьцах төрийн үүргийн тухай асуудал онцгой байр суурь эзлэж байдагтай холбоотой байж болох юм. Түүнчлэн түүнийг парламентат ёс, үндсэн хуульт ардчиллын эх үндсийг тавихад томоохон хувь нэмэр оруулсан сэтгэгч гэж зүй ёсоор үнэлэн үздэг. Ж.Локкын философи, улс төрийн үзэл бодлыг орчин үеийнхэний олонх нь ойлгон хүлээж авдагтай холбогдуулан Б.Рассел “Өрнөдийн философийн түүх” хэмээх бүтээлдээ Ж.Локкыг “бүх философчдоос хамгийн азтай нь” гэж үнэлэсэн байдаг. (7.624). 1632 онд Англид өмгөөлөгчийн гэр бүлд төрж, өссөн тэрээр тухайн үедээ анагаах ухааныг судалж, дахин сэргэлтийн үеийн нийгмийн нэрт зүтгэлтэн гүн Шефтсберийн гэрийн эмч байсан гэдэг. Тэд хамтдаа 1683 онд гадаадад цагаачлан амьдарч байгаад Англи дахь 1688-1689 оны хөрөнгөтний хувьсгалын дараахан эх орондоо эргэж ирсэн байна. Локк тухайн үеийн нийгмийн улс төрийн үйл явцад идэвхтэй оролцож байсан бөгөөд өөрийн зохиол бүтээлүүддээ Английн нийгмийн ноёрхогч хоёр ангийг эвлэрүүлэх хууль, журмыг онолын хувьд үндэслэхийг эрмэлзэж байжээ. Тэр үед Англид вангийн засаглалыг хязгаарлаж, засаглалын парламентын хэлбэрийг бий болгон, авторитар дэглэмийг унагаж, шашны эрх чөлөөг хангахад чиглэсэн улс төрийн эрс шинэтгэлийн үйл явц хэрэгжиж байжээ. Энэ бүх бодит үйл явц түүний улс төрийн үзэл бодлын төлөвшилтөнд нь гүнзгий ул мөрөө үлдээсэн байна. Ж.Локк философи, улс төрийн нэлээд олон зохиол бүтээл туурвиснаас “Хүний оюун ухааны тухай туршлага” (1690), “Төрийн удирдлагын тухай хоёр шашдир” (1690), “Христ шашны ухаалаг чанар”, “Хүмүүжлийн тухай зарим санаа” (1693), “Бишрэлийг тэвчих тухай захидлууд” (1685-1692) зэрэг бүтээлүүд нь алдартай юм.
“Төрийн удирдлагын тухай хоёр шашдир” хэмээх бүтээлдээ тэрээр өөрийн улс төрийн үзэл баримтлалаа бүрэн цэгцтэй хэлбэрээр томъёолон тавьсан байдаг. Локкын улс төрийн үзэл санаа нь Гоббсын нэг адил жам ёсны байдлын тухай онолын зарчимд суурилж байсан юм. Гэхдээ тэрээр жам ёсны тухай асуудлыг Гоббсоос өөрөөр төсөөлж байсан юм. Локк жам ёсны байдал гэдгийг хүмүүст байгалиас заяасан төрлөхийн зүйл мөн гэж үзээд түүнийг хүн хэрэгтэй гэж үзсэн зүйлээ бусдын хүсэл зоригоос үл хамааран хийх чөлөөт байдал юм гэж ойлгож байжээ. Тиймээс ч жам ёсны байдлын үед хэдийгээр хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах тусгай институт (төр) байгаагүй ч тэдний хооронд эмх журамгүй, үл ойлголцох, шудрага бус, дайсагналцсан байдал ноёрхож байгаагүй харин ч хүмүүс энэ нөхцөлд илүү эрх чөлөөтэй, ёс журамтай, тэгш, шудрага, амар амгалан амьдарч байсан юм гэж үзэж байснаараа Гоббсоос ялгагдаж байжээ. Гэхдээ энэ үед бүх зүйл бас сайн сайхан байсангүй, хүмүүсийн хоорондын харилцааны хүрээнд зохистойгоор шийдвэрлэвэл зохих багагүй асуудал хуримтлагдаж байсныг Локк хүлээн зөвшөөрч байсан юм. Тухайлбал хүмүүсийн хоорондын харилцаанд атгаг муу санаа байгаагүй ч зарим үед хоорондоо зөрөлдөх, өөрт заяагдсан бодит жам ёсны эрхээ хамгаалах, хэрэгжүүлэх чадвар хүмүүст харилцан адилгүй байсан юм. Чухам энэ үед тэдгээр асуудлыг зохистой шийдвэрлэж чадах тусгай байгууллага хэрэгтэй болсон бөгөөд энэ нь түүний үзэж байснаар төр байсан юм. Энэ утгаараа Локкынхоор төр нь жам ёсны байдлын нөхцөл дэх хүмүүсийн хоорондын харилцааг улам боловсронгуй болгох, энэ хүрээнд хуримтлагдсан зарим бэрхшээлтэй асуудлыг зохистойгоор шийдвэрлэх зайлшгүй шаардлагын үр дагавар байжээ. Тэрээр нийгмийн гэрээний онолыг баримталж байсан боловч хүмүүс хоорондын гэрээ, зөвшилцөлийн үндсэн дээр хамтран аж төрөх хэлбэр болсон нийгмийг эхлээд бий болгосон, дараа нь хамтын итгэлцлийн үндсэн дээр улс төрийн тусгай институт болох төрийг бий болгосон юм гэж бичиж байв. Тэр Гоббсын нэг адил нийгмийн гэрээнд эзэн хааныг хамруулаагүй нь түүний эрх мэдлийн хүрээнд хүмүүсийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж болох зарим нэмэлт, илүү эрх мэдэл олгохоос болгоомжилж байсантай холбоотой юм.
Ж.Локк хүн бүр төрсөн цагаасаа л жам ёсны салшгүй эрхтэй байсан гэж үзээд энэ эрхийн системд амьд явах, эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгө эзэмших эрх хамгийн чухал нь юм гэж байв. Тэр дундаа өмчийн эрх чөлөө бол хүний хамгийн нандин эрх юм. Хувийн өмч нь хүн бүрийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон бөгөөд энэ нь нийгэм, төр бий болохоос бүр өмнө оршин байсан. Хувийн өмч бол хүр бүрийн сайн сайхан амьдралын цорын ганц үндэс юм. Тиймээс түүнд хэн ч хөндлөнгөөс халдах эрхгүй. Ер нь хувь хүний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг хэмээн тэр үзэж байжээ. Эндээс үзвэл Локк хүний бүрэн эрх чөлөө гэдгийг хүн өөрийн эд хөрөнгө, бодол санаагаа бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хуулийн хэм хэмжээний хүрээ заагт нийцүүлэн хэн нэгний нөлөө шахалтаар бус, хэнээс асуухгүйгээр зохицуулан захирах хэлбэр гэж ойлгож байсан юм. Хүмүүс төрд захирагдах нь зүй ёсны боловч ингэлээ гээд төрөлх эрхээсээ тэд татгалзах ёсгүй. Харин ч төрийн гол үүрэг нь хүмүүсийн төрлөх эрхийг хамгаалан түүнийг бодитой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Төр бол ард түмний итгэл хүлээсэн төлөөлөгч юм гэж байв. Ийнхүү Локк төрийн эрхийг үлэмжхэн хязгаарлах талд байсан ч төрийн зарим зохицуулан зохион байгуулах үүргийг хүлээн зөвшөөрч байсан билээ. Энэ нь юуны өмнө иргэдийн амь нас эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэг юм. Хүний эрх, эрх чөлөөг илүү хангахад л төр хэрэгтэй. Үүнээс үзэхэд Локк төрд зөвхөн арбитрийн үүргийг ногдуулж байжээ. Хувь хүмүүс эрх чөлөөгөө хэтрүүлэн ашиглаж, бусадтай зөрчилдөх үед төр маргааныг шийдвэрлэх бөгөөд үүний дараа хүмүүсийн хэрэгт оролцох ёсгүй юм. (8.66- 67) Хэрвээ төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрвэл дотроо үйл ажиллагаа нь хямарч, задрах нөхцөл бүрддэг. Ийм тохиолдолд нэгэнт итгэл алдсан төр, засгийг ард түмэн сольж, өөрчлөх бүрэн эрхтэй юм хэмээн Локк бичиж байжээ.
Локкийн улс төрийн философийн үзлийн системд төрийн засаглалын эрхийг зохистой хуваарилах тухай үзэл санаа чухал байр суурь эзэлдэг. Ингэхийн тулд тэрээр төрийн засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, холбооны гэж зааглан үзэхийг санал болгож байсан юм. Локкийн үзэж байсанаар хууль тогтоох засаглал нь бүх нийтээр дагаж мөрдөх хуулийг батлан гаргадаг. Эндээс нэгэнт батлан гаргасан хууль дээд хүчинтэй байдаг утгаараа хууль тогтоох засагалал нь засаглалын бусад салаа мөчрүүдийг өөртөө захируулдаг. Хэдий тийм боловч түүний эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байжээ. Үүнтэй холбогдуулан Локк хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах дөрвөн гол нөхцөлийг зааж өгсөн байдаг. Үүнд: нэгдүгээрт, хуулийн заалт бүх хүмүүст адил тэгш хэрэглэгдэх ёстой; хоёрдугаарт, хууль хэрцгий байх бус, харин хүний сайн сайхны тусын тулд зохиогдсон байх учиртай; гуравдугаарт, хууль тогтоох байгууллага ард олны зөвшөөрөлгүйгээр татварыг нэмэгдүүлэх эрх мэдэлгүй; дөрөвдүгээрт, хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх ёсгүй эдгээр юм. Үүгээр Локк засгийн газар, парламентын эрх мэдэлд халдаж болзошгүйг анхааруулахын зэрэгцээ, парламентын эрх хэмжээний хил хязгаар нь хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгө гэдгийг онцлон үзжээ. (8.67) Энэ утгаараа парламентад ард түмэн хяналт тавих болоцоотой байх ёстой аж. Гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглалын батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Харин холбооны засаглал нь төрийн гадаад харилцаа, аюулгүй байдлыг эрхлэнэ. Төрийн засаглалын эх сурвалж нь засгийн газар бус, ард түмэн юм. Хууль, эрх чөлөө хоёр бие биенээ үгүйсгэх биш харин нөхцөлдүүлэх ёстой. Хууль нь нийтийн хүсэл зоригийг илэрхийлж, ард түмний жам ёсны эрх чөлөөг хамгаалан, өргөтгөж, баталгаажуулж байдаг гэж Локк үзэж байжээ. Эндээс үзвэл Локкийн улс төрийн үзэл санаа нь орчин үеийн либерализм, Үндсэн хуульт ардчиллын онолын гол эх сурвалж болж байдаг нь тодорхой харагдаж байна.
Орчин үеийн Үндсэн хуульт ардчиллын онолын сэтгэлгээний хөгжилд Францын соён гэгээрүүлэгч, философич, улс төр, эрх зүйн томоохон онолч, сэтгэгч Шарль Луй Монтескье (1689- 1755) үлэмжхэн хувь нэмэр оруулсан юм. Тэр зөвхөн онолч байсан төдийгүй улс төрийн тухайн түүхэн тодорхой бодит нөхцөл байдлыг сайтар ухаарч чадсан олон талт практик мэдлэг бүхий улс төрч байсан юм. Монтескье хууль, эрх зүйн өндөр боловсролтой хүн байсан тул Францын шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хаших болоцоог түүнд олгож байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Францын улс төрийн амьдралыг практик учир зүйн талаас нь гүнзгий танин мэдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрээр 1729-1731 он хүртэл Англид оршин амьдарч байхдаа Английн төрийн байгууламжийг нарийвчлан судлаж байсан байна. Түүний бүтээл туурвилын өв сан арвин юм. Тухайлбал “Персийн захидлууд” (1721), “Ромчуудын мандалт, сүйрэлтийн шалтгааны тухай тунгаан бодох нь” (1734), “Хуулиудын оюун санаа” (1747) зэргийг дурьдаж болох юм.
Монтескьегийн улс төрийн философийн үзэл санаа 1747 онд хэвлэгдсэн “Хуулиудын оюун санаа” хэмээх бүтээлд нь цэгцтэй томъёологджээ. Тэрээр энэ бүтээлдээ төр, эрхийн үүсэл, хуулийн оюун санааны эх үндэс нь юу болох, төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх арга, зарчим, төрийн засаглалын хэлбэр зэрэг улс төрийн философийн онолын хүрээний амин чухал асуудлыг авч үзсэн байдаг.
Монтескье хүмүүст эрх чөлөө тэр дундаа улс төрийн эрх чөлөө зайлашгүй хэрэгтэй. Түүнийг төр, улсын болон иргэд, хувь хүний төвшинд хангаж болно. Харин улс төрийн эрх чөлөөг зохистой, шудрага хууль, эрх мэдэл нь бодитой хуваарилагдсан төрийн байгууллага хэмээх хоёр гол зүйлийг бүрдүүлж байж гэмээн жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх учиртай юм гэж үзэж байв. Тэрээр улс төрийн эрх чөлөө гэдгийг хүн болгон юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш, харин энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн бүхнийг хийх эрх юм.
Хууль бол хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, тэдний улс төрийн эрх чөлөөг хангах гол нөхцөл нь болдог. Хууль нь байгалийн жам ёсны болон хүний өөрийнх нь боловсруулсан хууль гэж хоёр үндсэн хэлбэртэй байдаг. Байнга тогтвортой үйлчилж байдаг байгалийн төрөлх, жам ёсны хууль гэдэгт тэрээр хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай холбоотой үйл ажиллагаа болох амар тайван амьдрах, хоол хүнсээ базаах, бусад хэрэгцээгээ хангах, бие биедээ харилцан туслах гэх мэт үйл ажиллагааг зохицуулах хэм хэмжээг багтаан үзсэн байна. Хүмүүс байгалийн хуулийг дагаж мөрддөг боловч өөрсдийн хувийн байдал, ухамсараасаа болж түүнийг байнга зөрчиж байдаг. Үүнтэй холбоотойгоор хүмүүс өөрсдийнхөө энэ алдааг засамжлах үүднээс тогтвортой бус үйлчлэх хуулийг боловсруулж гаргаж ирэх хэрэгтэй болдог. Хуулийг хүмүүс санаанаасаа зохиодоггүй. Хууль бол Монтескьегийн үзэж байснаар ерөнхий утгаараа юмс үзэгдлийн мөн чанараас урган гарсан зайлшгүй харилцаа юм. Хуулийн гол цөм нь түүний агуулгыг бүрдүүлэгч оюун санаа бөгөөд энэ оюун санаа нь “…бүхий л хүмүүсийг удирддаг хүн төрөлхтний оюун ухаан учраас тухайн үндэстэн бүрийн төрийн болон иргэний хууль нь энэ оюун ухааныг хэрэглэж бүй тодорхой нөхцөл нь болж байдаг.” (9.168) Өөрөөр хэлбэл, хуулийн сюун санааны гол бүрдэл нь шудрага ёс, ухамсарт байдал, хууль тогтоомж юм.
Нийгэм, төр, хууль гурав нь харилцан намааралтай боловч үүсэл бүрдэлтийн хувьд адилгүй юм. Хүмүүс нийгмээрээ амьдрах явцад тэдний хамтын амьдралын зайлшгүй хэрэгцээгээр төр бий болоход хүрсэн. Төр бол нийгмийн хөгжлийн түүхэн тодорхой шатанд өөрөөр хэлбэл, хүмүүс өөр хоорондоо эд хөрөнгө, өмчөөсөө болж дайсагналцах, хэсэг бүлэг хүмүүс нийтийн үйлсийг зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэх болсон тэр үед үүссэн. Ийм үед хүмүүс хоорондын дайн, дайсагналцалыг намжаах зорилгоор хэлэлцээ хийж, зөвшилцөхөөс өөр аргагүйд хүрч, хүчээ нэгтгэдэг ба ийнхүү төр үүсдэг байна. Төрийн гол зорилго нь нийгэм дэх хүмүүсийн хооронд бий болсон сөргөлдөөнийг арилгах, нийтийн хүчийг ашиглан хүмүүсийн хоорондын маргааныг хууль, эрх зүйн тусламжтайгаар шийдвэрлэх явдал юм. Монтескье төрийг гэрээт нийгэм хэмээн үзсэн ба энэ бол дур зоргын гэрээ зөвшилцөл бус, харин нийгмийн хөгжлийн бодит хүчин зүйлсийг тодорхойлсон шаардлага бүхий зүй ёсны түүхэн үзэгдэл хэмээн үзжээ. (6.126)
Төр үүссэнээр эрх зүй буюу хууль үүссэн. Хүмүүс эхэн үедээ сул дорой, аймхай байж, бие биетэйгээ тэгш эрхтэй байхыг эрмэлзэж байжээ. Харин хүмүүс нийгэмд амьдарч, нийгэмшсэний дараа тэд энэ сул байдлаа аажмаар алдах болж, ингэснээр тэдний дундах тэгш эрх мөн алдагдаж, ард түмэн ба эсрэг талын дунд хоёр талын дайн эхэлдэг, чухам энэ үес улс хоорондын харилцааг тодорхойлогч хууль (олон улсын эрх зүй), засаглал, удирдлагын харилцааг тодорхойлогч хууль (улс төрийн эрх зүй), иргэд хоорондын харилцааг тодорхойлогч хууль (иргэний эрх зүй) бий болдог байна. (9.167)
Монтескье төрийн засаглал ын хэлбэрийн асуудлыг хөндөж авч үзсэн нь сонирхол татдаг. Тэрээр төрийн засаглалын хэлбэрийг бүгд найрамдах, хаант, дангаар ноёрхох (диспоти) хэмээн ялгаж үзсэн байдаг. Бүгд найрамдах засгийн үед төрийн засаглалын эрх мэдэл ард түмэнд болон тэдний нэг хэсгийн гарт (язгууртан) төвлөрдөг бол хаант засаг нь хуульд үндэслэсэн нэг хүний ноёрхол бөгөөд гол тулгуур нь тайж угсаатан, гол зарчим нь нэр хүнд юм. Дарангуйлах засаг нь хаант засгийн адилаар мөн нэг хүний засаглал боловч айдас, дураар авирлах, хуулийг үл тоомсорлох явдлыг түшиглэсэн төрийн гажуудсан хэлбэр болдогоороо түүнээс ялгаатай хэмээн үзжээ. Төрийн хэлбэр болон улс төр, эрх зүйн амьдрал адилгүй байх нь тухайн улс орон бүрийн түүхэн нөхцөл байдал, газар зүйн орчин, нутаг дэвсгэрийн хэмжээ, байгаль, цаг уур, хөрсний онцлог, нутгийн хүн ардын эрхэлж буй аж ахуй, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, угсаатны онцлог, зан заншил зэрэгтэй холбон тайлбарласан байдаг. Ингэж үзснээрээ тэрээр улс төр дэх газар зүйн хандлага, чиглэлийн үндэс суурийг тавьсан сэтгэгч хэмээн үнэлэгддэг юм.
Монтескьегийн улс төрийн философийн үзлийн системд төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилан, тэнцвэржүүлэх арга, зарчмын тухай үзэл санаа онцгой байр эзэлдэг. Тэрээр Локкын үзэл санааг хөгжүүлж, Английн улс төрийн системийн бодит туршлагыг нэгтгэн дүгнэж, төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх онол, зарчмын үндэс суурийг тавьсан юм. Ард түмэн эрхээ хэрэгжүүлж, төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавихын тулд засаглалын эрх мэдлийг харилцан тэнцвэржүүлэх замаар зохистой хуваарилах хэрэгтэй. Ингэхийн тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээн зааглан ялгах ёстой. Хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид хэрэгжүүлэх ба тэд зөвхөн хуулийг батлах төдийгүй биелүүлэхэд нь үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Харин гүйцэтгэх эрх мэдлийг хаан, шүүх эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон шүүгчид хэрэгжүүлнэ. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектүүд харилцан хамааралтай тэгэхдээ харьцангуй бие даасан байж, бие биедээ хяналт тавьж, эрх мэдлээ харилцан тэнцвэржүүлэн хуваарилсан байх ёстой. Энэ нь аль нэг эрх мэдэл хэт давамгайлах, эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэрэмжлэх нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн тэр бичиж байжээ. Засаглалын эрх мэдлийг хуваарилах тухай түүний онолын баримтлал нь орчин үеийн үндсэн хуульт ёсны гол тулгуур үзэл болж, улс төрийн амьдрал, практикт хэрэгжсэн билээ. Тухайлбал, түүний энэ үзэл санаа 1787 оны АНУ-ын, 1791 оны Францын үндсэн хуулийн болон 1789 оны “Хүний ба иргэний эрхийн тунхаглал”-д тусгалаа олсон байдаг. Ийнхүү Монтескьегийн улс төрийн философийн дээрх санаа дүгнэлтүүд нь орчин үеийн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний сонгодог нэгэн өв болж, мөнхөд оршин үйлчлэх болсон юм.
Жан Жак Руссо (1712-1778) Францын улс төр, эрх зүйн философийн томоохон төлөөлөгч, сэтгэгч энэ хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээжээ. Ж.Ж. Руссо өөрийн улс төр, эрх зүйн философи сэтгэлгээний их өвөө “Хүмүүсийн хоорондын тэгш бус байдлын гарал үүсэл, үйл явцын тухай”, “Нийгмийн хэлэлцээрийн тухай буюу улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх бүтээлдээ уламжлан үлдээсэн байдаг. Түүнийг судлаачид нийгмийн гэрээний болон иргэний нийгэм, төр, иргэний харилцааны онолын сонгодог үндэслэлийг цэгцтэй боловсруулан тавьсан сэтгэгч гэж өндөр үнэлдэг юм.
Руссогийн улс төрийн үзлийн системд хоорондоо харилцан хамаарал бүхий иргэний нийгэм, төрийн үүсэл, нийгмийн гэрээний онол чухал байр суурь эзэлдэг. Тэрээр хүмүүс төр үүсэхээс өмнө хамтаараа амьдарч, бие биетэйгээ тэгш харилцан, цэвэр ёс суртахуунтай байсан бөгөөд хамтын энэ харилцаа нь итгэлцэл, эв найрамдалд суурилж байсан. Харин баялаг хуримтлагдан, баян ядуу, дээдэс, доодосын ялгаа гарснаар тэдний хоорон дахь урьдын тэгш байдал алдагдан түүнээс үүдэн хүмүүсийн хоорондын ашиг сонирхолын ялгаа гүнзгийрэн, шийдвэрлэхэд төвөгтэй зөрчилтэй асуудлууд гарах болсон юм. Хүн төрөлхтөн энэ бэрхшээлтэй асуудлыг зохицуулахын тулд төр хэмээх байгуулалыг бий болгоход хүрсэн. Төр үүсэнээр өмнө дурдсан төвөгтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэж, зохицуулах вэ гэдэгдээр Руссо иргэний нийгмийн бүтцийг бүрдүүлэн, иргэд төрийн хооронд байгуулан баталгаажуулсан нийгмийн гэрээний үр дүнд сая зохистой шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм гэж үзжээ.
Төрийн оршин тогтнох үндсийн үндэс бол нийгмийн гэрээ юм. Нийгэм дэх тэнцвэртэй байдлыг хангахад “гэрээний эрх зүй” голлох үүрэгтэй. Гэрээ бол хүмүүсийн хоорондын харилцааны хамгийн сонгодог хэлбэр, өөрөөр хэлбэл, эрх зүйн хэлбэр юм.
Чухамдаа нийгэмд гэрээг үйлчлүүлж чадсанаар тэрхүү нийгэмд итгэлцэл сайн сайхан байдал бий болно. Хүмүүс өөр хоорондоо гэрээ байгуулдагийн адил нийгмийн хэмжээний гэрээ байх ёстой хэмээн Руссо үзэж байлаа. (6.131) Тэрхүү нийгмийн гэрээг байгуулсанаар хүмүүс өөрийн хувийн сонирхол, эрх ашгаа нийтийн хүсэл зорилгод захируулж, нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн харилцаанд үндэслэсэн хамтын удирдлага бүхий хүмүүсийн цогц нийтлэг, бүхэл бүтэн “иргэний нийгэм”-ийг бий болгох бололцоотой болно. Иргэний нийгэм бол иргэд хамтаараа нэгэн бүхэл цул болж, хамтын харилцааны тэгш, шудрага зарчмыг хэрэгжүүлж буй “ бүгд найрамдах улс”, “улс төрийн байгуулал” юм. Бүгд найрамдах улс буюу улс төрийн байгуулалын нийт гишүүдийг хамтаар нь “ард түмэн” гээд харин тус тусад нь “иргэд” буюу “харъяат” гэж нэрлэнэ. Тэдгээр нь чухамдаа нийгмийн гэрээг хэрэгжүүлэгч субъект буюу хуулийн этгээд юм. Руссогийн үзэж байснаар нийгмийн гэрээний гол зорилго бол “холбооны гүшүүн хүн бүрийн болон тэдний өмч хөрөнгийг бүх нийтийн хүчин чармайлтаар хаацайлан хамгаалдаг тийм холбооны хэлбэрийг байгуулах явдал” (10.161-162) юм. Нийгмийн гэрээгээр хамтын ёсонд харш бүхнийг хуульчан хориглож, өмч хөрөнгийн харьцангуй тэгш байдалыг ханган, баян ядуугийн хэт ялгарлыг саармагжуулах бүх нөхцөлийг тусган баталгаажуулсан байх ёстой гэж байлаа. Нийгмийн гэрээний тухай Руссогийн сургаалаас үзэхэд “Нийгмийн гэрээ нь “улс төрийн байгуулал” (төр)-д бүх гишүүдээ захирах хязгааргүй эрх мэдлийг олгодог бөгөөд нийтийн хүсэл зоригт чиглэгдсэн энэхүү засаглал нь тухайн ард түмний нэгдмэл, салшгүй, хуваагдашгүй тусгаар тогтнол” мөн аж. (6.134)
Ард түмний бүрэн эрх нь тэдний эрх, эрх чөлөөгөөр баталгаажих бөгөөд энэ зөвхөн нийтийн сонирхолын хүрээнд л хэрэгжих ёстой. Ерөнхий эрх чөлөө гэдэг нь ерөнхий сонирхол, харин бүх нийтийн эрх чөлөө гэдэг нь хэсэг хүмүүсийн сонирхол, бодгаль эрх чөлөөг нэгтгэсэн нийлбэрийг хэлнэ. Түүнчлэн ард түмний бүрэн эрх нь нийгмийн гэрээний мөн чанараас урган гарч, хууль бүтээх явдлаар илэрдэг. Хууль бол Руссогийн үзэж байснаар бүх нийтийн хүсэл зоригийг илэрхийлсэн акт юм. Учир нь нийтийн хүсэл зориг нь хувийн үйл хэргийг илэрхийлж чадахгүй. Хуулийн хэрэгсэл нь үргэлж нийтийн чанарыг агуулж байдаг. Хуулийг цаг үетэй нь нийцүүлэн тогоох нь чухал юм. (6.134-135) Руссо хуулийг улс төрийн (үндсэн), иргэний, эрүүгийн, зан заншил, ёс горимын буюу нийтийн санаа бодлыг илэрхийлсэн хууль хэмээн ангилан ялгаж тэдгээрийн тус бүрийн онцлог үүргийг зааж өгсөн байдаг.
Хууль тогтоох засаглал бол ард түмний хүч чадлын илэрхийлэл юм. Хууль тийм чухал биш, харин хууль тогтоох засаглал нь тухайн төрийн “зүрх” нь болдог. Өөрөөр хэлбэл, төр нь хуулиар бус, хууль тогтоох засаглалаар амилж, “амьдарч” байгаа юм. Ингэж үзсэнээрээ тэрээр төлөөллийн засаглалын үүргийг бууруулсан байдаг. Түүнчлэн ард түмний бүрэн эрхийг хуваагдашгүй гэснээрээ Руссо засаглал хуваарилалтын зарчмыг төдийлөн анхаарч үзээгүй байна. Ингэж Руссогийн улс төрийн үзэлд зөрчилтэй хийгээд сул талууд байсан хэдий ч түүний үзэл санаа ард түмний сайн сайхан байдлын тухай, хүмүүнлэг гэгээлэг үзлийн үндэс болж, шудрага бус, дур зоргоор авирлах, амин хувиа хэт хичээх үзлийн эсрэг тэмцлийн билэг тэмдэг болсоор байдаг юм.
Үргэлжлэл бий.
Ашигласан ном, материал
- В.А. Мальцев. Основы политологии. М., 1998.
- Ё.Довчин. Улс төр судлал. Уб., 2002.
- Макиавелли Н. Избранные сочинения. М., 1982.
- “Шинэ толь” сэтгүүл. 1995. №4.
- Евролын философи, улс төр, эдийн засаг, социологийн судалгаа, сургалтын зарим асуудал (зуны сургуулийн семинарын эмхтгэл). Уб., 1999.
- Д.Лүндээжанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа. Эрх зүйн философи. Уб., 1998.
- Б.Рассел. История западной философии. М., 1959.
- П.Доржсүрэн. “Жон Локкийн улс төрийн үзэл баримтлал”. Шинэ толь. 1994. №2.
- Монтескье Ш. О духе законов. Избранные произведения. М., 1958.
- Руссо Ж.Ж. Об общественном договоре или принципы политического права. М.,