М.Батсуурь
/МУИС-ийн ХЗС-ийн Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимийн багш, докторант/
Шинэ толь №52, 2005
Түлхүүр үг: Ардчилал, ард түмэн, шуурхай мэдээллэгч, хамгаалалт, хараат бус, хязгаарлалт, мэдээллийн чөлөөт байдал
- Ардчиллын тухай хэлэлцэх бүрд эртний Грекд бага хугацаанд боловч тогтож байсан улс төрийн дэглэмийн хэлбэр болох демократийн тухай хөнддөг. Энэ нь асуудлын эхлэх цэг болж өгдөг ч өнөөдөр бидний тэмүүлж буй ардчилал буюу либерализмын агуулгыг тэр бүр нээж чаддаггүй. Эхнийх нь ард түмний засаг хэмээх утгаар хэрэглэгдэж байсан бол удаах нь эрх чөлөөний дэглэм гэсэн агуулгаар тайлагддаг. Тиймээс либерализм нь уг чанартаа демокритыг багтаасан, түүгээр үл хязгаарлагдах өргөн ойлголт бөгөөд зөвхөн улс төрийн хэлбэр төдий зүйл бус, улс төрөөс үл хамааран хуулиар баталгаажсан эрх зүйн дэглэм хэмээн ойлгогдох болсон. Энэ агуулгыг Ч.Е.Финны: “ардчилал нь эрх чөлөөний үзэл бодлууд философийн төдийгүй түүхэн бэрх цаг үеийг туулан хөгжин боловсорч, хувь хүний эрхийг хангах чадвартай болсон тэр дэг журмуудад агуулагддаг. Товчоор энэ нь хуульчлагдсан эрх чөлөө юм”36 гэсэн үг оновчтой илэрхийлдэг. Эндээс бид “хүн бүрт төрөлхөөс заяагдсан, түүнгүйгээр угаас орчин үеийн хүн үл төсөөлөгдөх (хэрэв салгавал амьтнаас үл ялгарах) тэр амьдралынх нь утга учир болсон эрх чөлөөг хангаж, хамгаалж чадах эрх зүйгээр хэлбэржсэн дэглэмийг л ардчилал” хэмээн ойлгодог. Харин “өөрийн бодол санаанд итгэж, итгэл үнэмшилээ болгосон тэр зүйлээ шүтэн биширч, оюун санааны болон үнэ цэнэтэй маргаанд оролцож, тэдгээр үзэл санааг дүгнэн цэгнэж, өнгөрснийг ойлгож, одоод амьдарч, ирээдүйгээ төсөөлөх чадварыг эрх чөлөө” хэмээн тодорхойлдог.
- Удиртгахад. Хүн оюун ухаант амьтан болохын хувьд өөртөө зорилго болж амьдардаг бөгөөд үүний дүнд мэдээллээр байнга цангаж явдаг. Өөрөөр хэлбэл, чөлөөтэй ирэх мэдээллүүд нь хүний зорилгыг зөв залуурдах хүч байж чаддаг. Тиймээс мэдээллийг хүний оюуныг тэтгэгч амин дэм гэх бөгөөд тэдгээр нь хүний тархинд зөв системчлэгдэн мэдлэг болон суухын хирээр тухайн хүний гадаад ертөнцтэй харилцах чадвар нэмэгддэг учраас нэг ёсны хүний оршихуйн үндэс болдог. Нөгөө талаас, хүний ухамсар цэвэр оюунаараа асуудал шийдэх боломж хязгаарлагдмал байдаг бөгөөд “хариуцлагүйгээр чалчих дур хүсэл, өрсөлдөөн дэх ухамсаргүй хамгаалал, нууцлагдмал бас энгүүн бус зүйл хүсэмжлэх”38 сэтгэцийн хэв маяг хүнд байгалаас өгөгдсөн. Энэ утгаараа “хүн чөлөөтэй маргах, үндэслэгээ гаргах эрхээ хязгаарлуулсан тохиолдолд өөрийгөө хамгаалах төрөлх чанараа алдаж, алдаа төөрөгдөл бүхий аюулт байдалд хүрдэг. Үүний учир нь үг хэлэх эрхэнд хэнээс ч хамааралгүй сэтгэн бодох оюуны эрх чөлөө нь агуулагддаг”39.Дээрхээс үндэслэн Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүний дархан эрх хэмээн үздэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нийтийн маргаанд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх замаар нийгэмд үзэл бодлуудын чөлөөт ертөнцийгдэмжиж, олон ургалч үзлийн талбар бүтээх угтвар нөхцөл болдог. Харин үзэл бодол, ашиг сонирхол, оюун ухааны чөлөөт өрсөлдөөн нь ардчилсан эрх зүйт төрийн салшгүй суурь зарчим мөн. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүйгээр ардчилал өөрөө цэцэглэх боломжгүй.Түүх сөхвөл. “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь дундад зууны хэмжээлшгүй хаант засгаас орчин үеийн тоталитаризмыг хүртэл олон янзын хэлбэрээр илэрхийлэгдэж ирсэн үзэл бодлын дарангуйлалд барьсан хариу юм. Христос шашины ноёрхож байсан дундад зууны Европт зөвхөн лам хуваргууд бүх зүйлийн зөв бурууг шүүн тогтоох эрхтэй байв. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх нь шаардлагатай юм байна гэсэн ухамсрыг бий болгоход хэмжээлшгүй хаант засаглалын дураараа авирлах явдал хүчтэй нөлөө үзүүлсэн.”40. Тухайлбал, “XVIII зууны үед Ордны харуулууд Францын хаанд хүргүүлсэн нууц хуйвалдааны эсрэг дургуйцлээ илэрхийлж, олон нийтийн мэдээлэх эрх нь эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахыг эмчилж чадна хэмээн францын сэтгэгч Ш.Монтескье үзэж байв”41.Байгалийн шинжлэх ухаан хөгжиж шашныг шахаж эхэлсэн үеэс хаант засаглалын үзэл бодлын дарангуйлал улам хүчтэй болж эхэлсэн. Хаад ноёд өөрсдийгөө бүхнийг мэдэгч мэтээр өргөмжилж өөрийг нь болон түүний бодлогод гарсан алдаа дутагдлыг шүүмжлэхийг эрс хориглож байв42.Баталгаажсан нь. Үүнд хариу болж анх Францын хүний ба иргэний эрхийн тунхагийн 11 зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг түүхэнд анх тунхагласан юм43. Түүнээс хойшХүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 зүйлд: “Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, энэ эрх чөлөө нь аливаа хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн үзэл бодолтой байх, аливаа мэдээлэл ба үзэл санааг хил хязгаарыг үл харгалзан хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр эрж хайх, хүлээж авах болон түгээх эрх чөлөөг багтаадаг”44 хэмээн баталгаажуулсан бол Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын пактад:“1. Хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
- Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг багтаана”45 хэмээн заасан байдаг. НҮБ-ын 1946 онд баталсан тогтолдоо: “Мэдээллийн эрх чөлөө бол хүний үндсэн эрх бөгөөд НҮБ-ын эрхэм зорилго болсон бүх эрх чөлөөнүүдийн тулгын чулуу болдог”46 гэж энэ эрх чөлөөний ач холбогдлыг үнэлсэн бол Хүний эрхийн Европын шүүх: “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь (ардчилсан) нийгмийн амин чухал үндэс суурь бөгөөд түүний дэвшил хүн бүрийн хөгжпийн үндсэн нөхцөл болдог. Энэ нь зөвхөн эерэгээр хүлээж авдаг буюу аядуу төлөв агуулгатай төдийгүй төр засаг болон хүн амын аль нэг хэсэг рүү давшилсан, цочоосон, төвөг учруулсан “мэдээлэл” ба “үзэл санаа”-нд ч бас хамаатай. Ийм олон ургалч үзэл, бусдыг тэвчих чадвар, өргөн цар хүрээтэй сэтгэлгээгүйгээр ардчилсан нийгэм гэж байдаггүй” хэмээн тунхагласан байна. Харин Монгол Улс 1992 оны Үндсэн хуульд “Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: …
“Төр, засгийн газрыг хэвлэл мэдээлэл, ард түмэн нь чөлөөтэй шүүмжилдэг хэлцдэг байж чадвал эрх чөлөө цэцэглэн хөгжиж, төр, засаг өөрийн ард түмний өмнө хариуцлага хүлээдэг болно. Чөлөөт хэвлэл мэдээлэл бол төрийн албан тушаалтан өөрийн хийх үйлдэлдээ хариуцлага хүлээхийг ухамсарлуулдаг арга хэрэгсэл мөн.”51 Ямар албан тушаалтан, эрх мэдэлтэн дураар наргиж, хахуульд автсан үед мэдээллийн хэрэгсэл эрх мэдлийн хэтрүүлгийг шалгах чухал шүүлт болдог. Тиймээс улс төрийн өндөр албан тушаалтан хийгээд бусад мэдээллийн эх сурвалж байж болох хүмүүсийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж олгох үүднээс тэдний эрх зүйн баталгаанд ердийн иргэнээс өөр журам үйлчилдэг. Үүний учир нь төрийн өндөр албан тушаалтанд санаархагч хэн бүхэн ард түмний эрх мэдлийг шилжүүлэн авсан тохиолдолд хувь эрх чөлөөнөөс золиослох гэрээг үг дуугуй хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Т.Жефферсон “Олон нийтийн итгэлийг хүлээсэн хүн өөрийгөө тэдний өмч боллоо хэмээн үзэж болно”52 гэсэн нь бий. Эл үзэл АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрт анх биеллээ олж, өдгөө дэлхийн олон улс орны эрх зүйд суурь зарчим болон шингэсэн.
1964 онд АНУ-ын Дээд шүүхээс (New York Times v. Sullivan) хэвлэн нийтлэгчийн гүтгэлэгт өртөж нэр төрөө гутаагдсан хэмээн нэхэмжлэл гаргагч нь төрийн албан хаагчид болон улс төр, олон нийтийн зүтгэлтэн (Public official) буюу энэ хүрээнд багтах жүжигчин, зохиолч, TV нэвтрүүлэгч гэх зэрэг хүмүүс байвал нэхэмжлэгч өөрөө уг хэвлэн нийтлэгч тухайн мэдээллээ худлаа гэдгийг мэдсээр байж, цаанаа шууд санаа, зорилгыг агуулж хэвлэн нийтэлсэн гэдгийг шүүхийн өмнө нотолж чадахгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх тэрхүү нэхэмжлэлийг нь авч хэлэлцэх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Учир нь АНУ-ын Үндсэн хуулийн 1 дэх өөрчлөлтөөр нийгмийн зүтгэлтэний тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийн нээлттэй маргаан (шүүмжлэл) явуулах эрхийг хамгаалсан53 бөгөөд олон нийтийн анхаарал, хяналтад байнга байдаг, нийгмийн амьдралд голлох үүрэгтэй оролцдог эдгээр хүмүүстэй холбоотой аливаа мэдээллийн эрэлт хэрэгцээ олон нийтэд ямагт байдаг. 2-рт: аливаа хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээ үнэн зөвийгямарваа нэг мөрдөн шалгах, тагнах ажиллагаа явуулах эрхээр хангагдаагүй хэвлэн нийтлэгч өөрөө нотлох боломжгүй бас шаардлагагүй бөгөөд тухайн нийтлэлд дурдагдсан зүйл олон нийтийн санаа бодол бол түүнийг хэлэлцүүлгийн тавцанд гаргаж тавих нь сэтгүүлчийн зүй ёсны үйл ажиллагаа юм гэж үзэж ийнхүү ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө нийтлэгч, сэтгүүлчид нь бусдаас үзүүлэх аливаа дарамт, шахалт шүүн таслах үйл ажиллагааны халдлагаас хамгаалагдах эрхтэй болох тухай энэхүү шийдвэрээр анхлан тогтоосон. 3-рт: ардчилал дахь хэвлэл мэдээллийн нээлттэй хэлэлцүүлгийн эрх чөлөөг баталгаажуулж буй энэ шүүхийн шийдвэр нь сэтгүүлч, нийтлэгчдэд мэдээллийн эх сурвалжаа нууцлах,
бичигч өөртөө нууц нэр хэрэглэх болон энэ харилцаа нь шүүхээс хамгаалагдсан байхаар шийдэж, Public official нарын нэхэмжлэлээс сэтгүүл зүйн эрх чөлөө хамгаалагдах тухай зарчмыг тунхаглажээ54. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Үндсэн хууль нь ТВ-ийн шоу программ, тухайлбал, Saturday Night Show, Late Night Show Jay Leno, Late Night Show Wite David Letterman зэрэг нэвтрүүлгүүдийг нийтэд алдартай хүний шүүхэд мэдүүлэхээс хамгаалдаг. Учир нь тэдгээр нь зөвхөн зохиогчийн санаа бодлыг илэрхийлдэг55.
Хэлэлцүүлгийн индэр байх үүрэг
Мөн хэвлэл мэдээлэл нь төр хийгээд ард түмний хооронд олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх индрийн үүрэг гүйцэтгэж, илүү боловсронгуй бодлого боловсруулж, шийдвэр гаргахад чиглэх ёстой. Үнэхээр мэдээлэл нээлттэй байж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж чадах аваас Томас Жефферсоны хэлсэнчлэнээр: “энэ тохиолдолд үнэн хэвлэл хоёр нэгдэж чаддаг”. Америкийн сэтгүүлч Бил Моерс 1990-ээд оны эхээр “хэвлэл нь иргэдийг олон нийтийн талбайд татан оролцуулж, нийгмийн чухал асуудлыг хэлэлцэх байдлыг идэвхжүүлж, хамт олны ярилцлагын соёлыг бий болгох нь зүйтэй”56 гэснээс үзэхэд шинэ ардчиллын үед хэвлэл мэдээлэл нь захиргаадалтын үед бий болгож чадаагүй иргэний соёлыг бий болгох, хэлэлцэх ярилцах уламжлалыг бий болгоход хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байдгаа илэрхийлжээ57.
Ялангуяа яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг зэргээс шалтгаалан цөөнх болон хавчигдаж, тусгаарлагдсан хэсэгт санал бодлоо хуваалцах боломж олгох ёстой. Энэ боломжийг
ямар ч дарамт шахалтаар хавчиж болохгүй. Үүнийг Европын хүний эрхийн комисс анх хууль зүйн шинжлэх ухаанд оруулж ирсэн. Тодруулбал, 1960-аад оны үед норвегийн нэгэн “сэтгүүлч”-ийг өөрийн хийсэн нэвтрүүлэгг “аппартеид бодлого сурталчилсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шүүх ял оноосон боловч Европын хүний эрхийн комиссоос: 1-рт, сэтгүүлчдийн сэдвийн эрх чөлөөг хязгаарлах эрх байхгүй буюу сэтгүүлчдэд аливаа хийж буй нэвтрүүлгийнх нь сэдвийн агуулгаар ял ногдуулж болохгүй. 2-рт, тухайн нэвтрүүлгийн зорилго нь аппартеид бодлого баригчдыг өөхшүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчилах аливаа зорилго агуулаагүй, зөвхөн нийгэмд буй бодитой мэдээллийг үзэгчдэд хүргэхийг зорьсон. 3-рт, энэхүү нэвтрүүлэг нь 10 цагаас хойш гарсан буюу өөрөөр хэлбэл, хүн амын боловсролтой хэсэгт зориулсан цагт гарсан гэсэн үндэслэлүүдийг гарган тавьсан нь тухайн үндэсний шүүхэд хэрэглэх зөв зарчим болж, энэ үндэслэлээр тухайн сэтгүүлчийг цагаатгасан билээ58.
Аливаа цөөнх хэсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийн хэлэлцүүлгийн талбарт дуудна гэдэг нь тэдний санал бодлыг нийгмийн асуудлын талаархи мэдээллийн урсгалд оруулж, тэр нь цаашдаа нийгмийн зөвшилд нөлөөлөх, нийгмийн шударга буй байдлыг арилгахад томоохон хувь нэмрээ оруулдаг.
Шуурхай мэдээлэгч байх үүрэг
Үүний зэрэгцээ хэвлэл мэдээлэл нь нийгмийн анхаарлыг шаардлагатай цэг рүү цаг алдалгүй татаж байх ёстой. Ингэснээрээ тухайн улсад тулгарч буй бэрхшээлийг хуримтлуулалгүйгээр арга хэмжээ авахуулах хоточ нохойн нэг шуурхай үүргээ гүйцэтгэж буй хэрэг. Тухайлбал, нобелийн шагналт А.Сен “чөлөөт мэдээлэл нь тухайн орныг өлсгөлөнгийн аюулаас хамгаалах хамгийн чухал анхааруулах систем”59 хэмээн тэмдэглэжээ. Үнэхээр хэвлэл мэдээлэл нь
засгийн газрын үйл ажиллагааг хянахаас гадна үндэсний хэмжэнд тулгарсан томоохон асуудлуудыг түргэн шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болж ирсэн.
Дээрхээс үзэхэд олон нийтийн хэвлэл мэдээлэл нь энх тайвныг сурталдан хамгаалагчийн үүрэг биелүүлэх төдийгүй төр хийгээд түүний албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянадаг ард түмний хоточ нохой байж, төр ба ард түмэн хоёрын хооронд олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх индрийн үүрэг гүйцэтгэн, илүү боловсронгуй бодлого боловсруулахад анхаарах замаар ардчиллыг дархлаажуулах чиг үүргийг амжилттай гүйцэтгэдэг институт мөн.
4. Олон нийтийн хэвлэл мэдээлэл нь дээрхи үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн баталгаа шаарддаг. Иймд ардчилсан улс орнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг үндсэн хууль хийгээд ердийн хуулиар хамгаалсан байдаг60.
Хамгаалал
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжин хэрэгждэг процессийн шинжтэй эрх чөлөө юм. Тодруулбал, нийгмийн улс төрийн, хувийн хийгээд бизнессийн аль чиглэлийн ямар ч мэдээллийг агуулж байсан түүнд зорилго хийгээд хэлбээрээс үл хамааран адил хэмжээнд хамгаалахыг шаарддаг. Эрх зүйн хамгаалал нь үр нөлөөтэй байхын тулд эрх зүйн зарчмуудыг тусгасан байх
шаардлагатай байдаг. Ардчилал, үндсэн хуульт ёс төлөвшсөн улс орнууд хийгээд олон улсын хүний эрхийн байгууллагуудаас эдгээр зарчмуудыг тунхагласан бөгөөд эдгээрийг баталгаажуулсан тохиолдолд ардчилал хийгээд эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээлэл нь чухал хэрэглүүр болж чадна хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь дараахь зарчмуудаар илэрдэг.
- Хараат бус байх зарчим
Хэвлэлийн эрх чөлөөний нэг үндсэн баталгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл аливаа төр, нам, улс төрийн хүчин, бизнесийн бүлэглэл хийгээд хэвлэл эзэмшигчээс удирдлага, зохион байгуулалт, санхүү хийгээд үйл ажиллагааны хувьд хараат бус байх зарчимд агуулагддаг. Нэн ялангуяа, төрөөс хараат бус байх нь ард түмний хоточ нохой байж, төрийн үйл ажиллагааг төрийн зүгээс дарамт шахалтгүйгээр нийтэд мэдээлэх байдлаар ил тод нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэн шүүмжлэх боломжийг олгоход чиглэдэг ардчиллын суурь зарчим мөн. Тийм учраас ардчилсан улс орнууд хийгээд олон улсын байгууллагуудаас батлан гаргасан эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдаг. Харин хараат бус байх зарчим институтын хувьд хараат бус байх, үйл ажиллагааны хувьд хараат бус байх, санхүүгийн хувьд хараат бус байх, хянан шалгах явдлаас хамгаалагдах гэсэн үндсэн хэлбэртэй байдаг.
- Олон эшт үзлийн зарчим
Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нь ардчиллыг харуулах чухал үзүүлэлт болдог. Америкийн нийтлэлч Уайтын “Эрх чөлөөт орны сонин хэвлэл их сайндаа бус, харин туйлын олон үзэл бодлыг илэрхийлдэгээрээ нэн найдвартай, ашигтай байдаг… Чухамдаа энд тооны олонд л баталгаа нь байгаа юм”61 хэмээн тэмдэглэсэн бий. Тиймээс олон нийтийн хэвлэл мэдээллийн тоог өсгөх, ингэснээрээ нийгэмд хэлэлцүүлгийн
олон индэр бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх нь шууд олгогдсон үүрэг мөн.
Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог өсгөхөд тэдгээр байгууллагыг бүртгэх журам ихээхэн нөлөө үзүүлдэг. Лиценз авах шаардлага нь мэдээллийн чөлөөтэй урсгалыг ноцтойгоор боймолж болзошгүй учраас түүнийг ардчилсан улс орнууд аль болох татгалздаг62. НҮБ-ын Хүний эрхийн хороо “Энэ нь хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдахад хүргэж болзошгүй учраас ийм хяналт тогтоохоос хамгаалж, үр дүнтэй арга хэмжээ авах ёстой”63 хэмэн тэмдэглэжээ. Мөн цөөн тоогоор гардаг хэвлэлийг бүртгэлээс чөлөөлөх ёстой гэж үздэг64. Лапсевич ба Беларус улсын хоорондох маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт “200 хувь ширхэгтэй хэвлэлээ бүртгүүлэхийг зохиогчоос шаардах нь хэт төвөгтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд харшилсан хэрэг бөгөөд ардчилсан нийгэмд зохистой гэж зөвтгөх боломжгүй зүйл”65 гэжээ.
- Мэдээллийн чөлөөт байдлын зарчим
Мэдээлийн чөлөөт байдлын зарчим нь төрийн байгууллагын мэдээллийн санд чөлөөтэй нэвтэрч шаардлагатай мэдээллийг авах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах хийгээд санаатайгаар гүтгэн доромжилсноос бусад тохиолдолд шүүхээс хамгаалагдах, албан тушаалтны сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үүргийг баталгаажуулах зохицуулалтуудаар дамжин хэрэгждэг. “19 зүйл байгууллага” олон улсын байгууллага энэ хэм хэмжээг хэд хэдэн зарчмаар томъёолсон66. Үүнд:
- Дээд зэргээр нээлттэй байх
- Хэвлэн нийтлэх үүрэг
- Нээлттэй засаглалыг дэмжих
- Хязгаарлалтыг аль болох бага байлгах
- Мэдээлэл олж авахад туслах
- Зардал (бага байх)
- Нээлттэй хурал
- Мэдээллийг нээлттэй болгох жишиг тогтоох
- “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах
Мэдээллийн эрх чөлөө нь төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрхийг багтаагаад зогсохгүй мэдээллийг хүртээмжтэй болгох үүргийг төрд ногдуулдаг67. Энэ нь засгийн газрын мэдэлд байгаа бүх төрлийн архив, мэдээллийн тогтолцоонд хамаатай68.
Ардчилсан улс оронд төр хийгээд түүний байгууллага нь нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг гаргаж, үүнд хамаараагүй бусад мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ төрийн нууцад хамаарах асуудал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц байж гэмээн хамгаалагдана. “Үндэсний аюулгүй байдалд учруулах болон хууль ёсны бусад зорилго нь мэдээлэлтэй байх гэсэн олон нийтийн ашиг сонирхолоос илүү байхаас бусад тохиолдолд мэдээллийг нээлттэй болгох нь зүйтэй. Учир нь олон нийтийн ашиг сонирхол байнга давамгайлдаг”69.
Харин хувь хүнд эрх зүйн илүү дархлаа тогтоодог. Энэ нь “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдалтай” холбоотой байдаг. Гэхдээ хувь хүн өөрийн тухай мэдээллийг нээлттэй болохыг зөвшөөрсөн тохиолдолд ямар нэгэн болзол тогтоолгүйгээр мэдээллийг нээлттэй болгож болдог. Мөн олон нийтийн мэдээлэл хүртэх ашиг сонирхол нь хувь хүний хамгаалагдсан нууцыг
задруулахад учирч болох хохирлоос давамгайлж байвал мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай хэмээн үздэг. Ингээгүй тохиолдолд хувь хүний нууцын тухай хууль нь мэдээллийн чөлөөт байдал хийгээд эрэн сурвалжлах явдлыг ноцтой хязгаарладаг.
- Сэтгүүлчийг хамгаалах зарчим
4.1 Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах. Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь ардчилсан ёсны чухал баталгаа бөгөөд онцгой эрх хэмээн үздэг. Энэ эрхийг хууль зүйн институт болгон дархлаажуулахын хирээр олон нийтийн зүгээс сэтгүүлчид итгэж мэдээлэл өгөх идэвхийг сэргээдэг. Ялангуяа нуугдмал хууль бус үйлдлийг илрүүлж, нээлттэй болгох замаар нийгмийн цэвэршлийг бий болгодог. Энэ нь эргээд ардчилсан ёсны шаардлагад нийцдэг.
Австри, Герман, Шведийн сэтгүүлчид харилцан итгэлцэж, олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй байдаг. Шведийн хэвлэлийн эрх зүйн зохицуулалтад хэрэв аль нэг мэдээлэл нь олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц байвал, тухайлбал аюултай гэмт хэрэгтэн, эсхүл алан хядах юм уу барьцаалан заналхийлэгчдийн тухай биш бол төрийн байгууллага, албан тушаалтан, цагдаагийн байгууллага сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжаа нэрлэхийг албадсан ямар нэгэн арга хэмжээ авахыг хориглосон байдаг70.
4.2 Сэтгүүлчийн ажил үүрэгтэй нь холбогдуулж эрүүгийн хариуцлагад татахгүй байх. Хуулийн дарамт, түүнээс үүдсэн айдас болгоомжлолын дунд ажиллаж байгаа сэтгүүлч шударга бус, хариуцлагагүй үйл ажиллагааны мөрөөр мөшгиж, нийгмийн элдэв ялзрал, гажуудлаас нийгмийг хамгаалах үүргээ биелүүлэх боломжгүй байдаг. Тиймээс эрүүгийн хуулиар сэтгүүлчийг ажил мэргэжилтэй холбогдуулан шийтгэхийг таслан зогсоох нь ардчилсан ёсны зарчим болдог. Нөгөө талаас, хуулийн ийм заалтыг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хүмүүсийг шүүмжлэлийг хязгаарлаж, олон
нийтийн хэлэлцүүлгийг зогсоох зорилгоор буруу зорилгод хэрэглэх боломжтой байдаг. Сэтгүүлч өөрийн мэдээллийг худлаа гэдгийг мэдсээр байж, хохирол учруулах зорилгоор зориуд шууд санаатайгаар тарааснаас бусад тохиолдолд эрүүгийн шийтгэл ногдуулахгүй байх зарчмыг баталгаажуулах нь хэвлэлийн эрх чөлөөг хангах нэг арга мөн.
4.3 Олон нийтийн зүтгэлтэн (Public official) хийгээд нийтэд алдартай хүн (Public Figure)-ий шүүхэд хандахаас хамгаалуулах эрх. Улс төрийн өндөр албан тушаалтан хийгээд нийтэд алдартай бусад хүмүүсийн талаархи мэдээлэл нь нийтэд нэн шаардлагатай байдаг учраас тэдгээр хүмүүс өөрсдөө мэдээллийн эх сурвалж болдог. Тиймээс тэдний талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж олгох үүднээс тэдний эрх зүйн баталгаанд ердийн иргэнээс өөр журам үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, хэвлэн нийтлэгчийн гүтгэлэгт өртөж нэр төрөө гутаагдсан хэмээн нэхэмжлэл гаргагч нь төрийн албан хаагчид болон улс төр, олон нийтийн зүтгэлтэн (Public official) буюу энэ хүрээнд багтах жүжигчин, зохиолч, TV нэвтрүүлэгч, бизнес эрхлэгч гэх зэрэг хүмүүс (Public Figure) байвал нэхэмжлэгч өөрөө уг хэвлэн нийтлэгч тухайн мэдээллээ худлаа гэдгийг мэдсээр байж, цаанаа шууд санаа, зорилгыг агуулж хэвлэн нийтэлсэн гэдгийг шүүхийн өмнө нотолж чадахгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх тэрхүү нэхэмжлэлийг нь авч хэлэлцэх ёсгүй байдаг71. Энд хамаарах улс төрч буюу олон нийтийн зүтгэлтэн гэдэгт төрийн аль нэг удирдах албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон этгээдийг ойлгодог. Харин нийтэд алдартай хүн нь бүлэг ба хэсэгчилсэн гэсэн хоёр зэрэглэлтэй байдаг72. Тиймээс Олон нийтэд алдартай хүний хувийн болон гэр бүлийн амьдралтай холбоотой мэдээллийг хэвлэн нийтэлсний төлөө хариуцлага хүлээдэггүй. Олон нийтэд алдартай хүнд хувийн нууц гэж байхгүй бөгөөд байх ч ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг73.
4.4. Олон нийтийн санаа бодлыг тусгасан мэдээлэл нийтэд цацсаны төлөө уучлал гуйж, залруулга хийхгүй байх. Сэтгүүлч нь нийтэд шаардлагатай аливаа мэдээллийг эрэн сурвалжлахдаа хуулиар олгогдсон гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Түүний зэрэгцээ эрэн сурвалжлах явцад олсон мэдээллийнхээ үнэн зөвийг нотлохын тулд шүүн таслах бүрэн эрхийг эдэлдэггүй. Тиймээс ардчилсан улс орнуудад сэтгүүлч олон нийтийн хэлэлцүүлгийн индэр байх үүднээс нийгэмд байгаа тодорхой үзэл бодлууд, тэдгээрийн тухай мэдээллийг дамжуулсныхаа төлөө хариуцлага хүүлээхгүй байх зарчмыг нэвтрүүлсэн. Мөн үүнтэй уялдаж олон нийтийн санаа бодлыг тусгасан мэдээллийг нийтэд цацсаны төлөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уучлал гуйх, залруулга хийх үүрэггүй байдаг. АНУ-ын эрх зүйд “хариуцагчийг хариу нийтлэхийг хүчээр тулгах эрх хохирогчид байхгүй”74 гэсэн зарчим үйлчилдэг.
Хязгаарлалт
“Үндсэн эрх чөлөөг баталгаажуулна гэдэг нь хэмжээ хязгааргүй эрх чөлөөг эдлүүлнэ гэсэн үг биш.”75 Аливаа эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг нь ардчиллын нийтлэг хууль.
“Үндсэн эрхийн хязгаарлалт нь үндсэн хуулийн бусад харилцан шүтэлцээ бүхий хэм хэмжээнээс урган гардаг. Үндсэн эрхийн өөр хоорондын ба тэдгээрийн үндсэн хуульт байгууламжийн хоорондын харилцан шүтэлцээнээс бий болж буй үндсэн эрхүүдийн харилцан холбоо ба өрсөлдөөнөөс тэдгээрийг тэнцвэржүүлж, хязгаар заагийг нь зөв тогтоох, улмаар өөр хоорондоо зөрчилдөж буй эрх чөлөө, эрхүүдийг зохицуулах үүрэг урган гардаг.”76 Гэхдээ энэ хязгаарлалт нь тодорхой үзэл бодлын эсрэг чиглэсэн бус, харин эрх зүйн тодорхой үнэлэмжийн эсрэг, ялангуяа ардчилал хийгээд
үндсэн хуульт ёсны үндсэн зарчмын эсрэг чиглэсэн тохиолдолд хэрэглэгддэг. Тодруулбал, “зүй ёсны хууль хэдийгээр үг үсгийн хувьд хязгаарлаж байгаа мэт боловч үнэн чанартаа эрх чөлөөт, ардчилсан төр дэх үндсэн эрхийн ач холбогдлыг нэмэгдүүлж, тэдгээрийг хязгаарлаж буй шинж чанараараа өөрийнхөө үйлчилгээг мөн хязгаарлаж байгаа”77 хэмээн ойлгодог.
Энэ хязгаарлалт нь агуулгаар дамжин илэрдэг. Тухайлбал, садар самууныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь өсвөр үеийнхэний хөгжилд муугаар нөлөөлж болзошгүй учраас улс орон бүр хязгаарлалт тогтоодог. Мөн үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууц болон бусад зарим ашиг сонирхолын үүднээс мэдээллийн чөлөөт урсгалыг олон улсын эрх зүйн дагуу хязгаарлаж болдог78. Гэхдээ хязгаарлалт нь тодорхой байх шаардлагатай. Хэт ерөнхийлсөн хориглох заалтууд нь бусад эрх чөлөөний үнэлэмж хийгээд зарчимд харшилж болох аюултай байдаг.
- Дээрхээс үзэхэд олон нийтийн хэвлэл мэдээлэл нь энх тайвныг сурталдан хамгаалагчийн үүрэг биелүүлэх төдийгүй төр хийгээд түүний албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянадаг ард түмний хоточ нохой байж, төр ба ард түмэн хоёрын хооронд олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх индрийн үүрэг гүйцэтгэн, илүү боловсронгуй бодлого боловсруулахад анхаарах замаар ардчиллыг дархлаажуулах чиг үүргийг амжилттай гүйцэтгэдэг институт.
Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд төр хийгээд бусад улс төрийн нам, бизнесийн бүлэглэлээс хараат бус байх, олон эшт үзлийг дэмжиж, мэдээллийн чөлөөт байдлын зарчмыг баталгаажуулж, сэтгүүлчийг эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах нь ардчилсан эрх зүйт төрийн үүрэг учраас эдгээр зарчимтай уялдуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дархлаажуулах нь манай улсын хууль зүйн шинжлэх ухааны тулгамдсан асуудал мөн.