У. Туяа
/Доктор (Ph.D)/
Шинэ толь №66, 2009
Түлхүүр үг: Үндэстний цөөнх, хууль тогтоомж, эрх, судалгаа, хуулийн хамгаалалт
Хүн төрөлхтөн даяаршихын хирээр улс үндэстэн бүр түүний дотор үндэстний цөөнхийн хэл, соёл, өв уламжлалыг хадгалан үлдээх нь дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал, улс орон бүрийн төрийн бодлогын нэг хэсэг болж байна. Цөөнхийн талаар олон төрлийн тодорхойлолт, томъёолол байж болох авч, энэ дундаас үндэстний цөөнхийн тухай асуудлыг авч үзэж, судлах нь хүний эрхийн салбарт чухал ач холбогдолтой юм. Эндээс үндэстний цөөнх гэж хэн болох, үндэстний болон дотоодын эрх зүйд хэрхэн авч үзэх, хангах, хамгаалах чиглэлээр ямар механизмууд байдаг зэргийг тодорхойлоход олон бэрхшээл тулгардаг байна. Жишээ нь, зарим үндэстний цөөнх нь бие даасан автономи эрхтэй байхад, зарим нь амьдралын хэв маяг, хэл соёлоо хадгалан аж төрсөөр байдаг. Түүнчлэн зарим бүлгийнхий хувьд улс орныг тодорхой газар нутагт оршин тогтнож байдаг бол зарим цөөнхийн хувьд тархай бутархай амьдарч, зарим нь түүх соёлоо хадгалан хамгаалж, цаасан дээр буулган авч үлдсэн байхад нөгөө хэсэг нь амнаас ам дамжсан домог хэлбэрээр хадгалж үлдсэн байх ба мөн түүнчлэн түүхийн урт хугацааны явцад тухайн хүн амын дийлэнх бүлэгт ууссан зэрэг бэрхшээлүүдийг дурьдаж болно.
Үндэстний цөөнх гэдэг нь аль нэг үндэстний дотор оршиж байдаг угсаа гарвал, хэл соёлын хувьд олонхиосоо ялгаатай бүлэг юм. Тухайн үндэстний цөөнх нь олонхтойгоо адил эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь шаардагдах тэгш боломж, тэгш байдлыг бий болгох үүргийг төр хүлээдэг. Улс орнууд арьсны өнгө, хэл шашин шүтлэг, үндэс угсаа, яс үндэс, бэлгийн чиг баримжаагаараа ялгаран нийгэмдээ дийлэнх болдоггүй бүлэг хүмүүсийг цөөнх хэмээн ерөнхийд нь тодорхойлдог. НҮБ-ын ивээл дор олон улсын хамтын нийгэмлэг цөөнхийн эрхийн стандартыг томъёолж эхлээд байгаагийн үр дүнд 1992 оны 12-р сарын 18-нд “Хэл, шашин, угсаатны болон үндэстний цөөнхийн эрхийн НҮБ-ын Тунхаглал” батлагдсан байна.
Аль ч улсын хувьд олонх цөөнхүүд хоорондоо зохицон амьдрах явдлыг чухалчлан үздэг. Ийнхүү зохицон амьдрах үндэс нь хүн бүр эрх чөлөөгөө аливаа төрлийн ялгаварлал тэгш бус байдалгүйгээр эдлэх нөхцөлд бүрдэх нь ойлгомжтой. Энэ үзэл санаа нь хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын оршилд “хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр болон тэдний тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө шударга ёс, бүх нийтийн энх тайван үндэс мөнийг иш болгон” хэмээн тунхагласан.
Ихэнх улс орнууд хууль тогтоомждоо ялгаварлан гадуурхахгүй байх тэгш байх зарчмыг тусгасан байдагт ч хуулий хэрэгжүүлэх шатанд үндэстний цөөнхийн ялгаварлагдах байдал элбэг байдаг. Аливаа улс үндэстний цөөнхийн эрхийг хэрхэн хангаж, хамгаалж байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг нь хэрхэн шийдвэрлэж буй байдлаар тодорхойлж, зааж өгөх төдийгөөр хязгаарлагдах зүйл биш. Үүний тулд үндэстний цөөнхөө зөв тодорхойлж, дотооддоо амьдарч буй аливаа үндэстний цөөнхийн эрхийн хамгаалал ямар байгаа талаар судалгаа шинжилгээ хийж, засан сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулах шаардлагатай билээ. Үндэстний цөөнхийн эрхийн тухай асуудлыг тусгасан олонх гэрээ конвенцийг Монгол улс соерхон баталсан.
Үндэстний цөөнх нь хүний эрхэд хамаарагдах бүхий л эрхийг эдлэхээс гадна өөрсдийн эдлэх ёстой эрхийг эдлэхийг шаарддаг байна. Үүнд:
- Эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах
- Өөрсдийн хэл соёлоо өвлөх, дамжуулах
- Шашнаа шүтэн бишрэх зан үйлээ үйлдэх эрхээ хамгаалуулах эрх нь хүний эрхээс ялгагдах гол эрхүүд нь болдог байна.
Энэхүү өгүүллийн хүрээнд үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийн талаар авч үзлээ.
Монгол улс хэдийгээр нэгдмэл төр, нэг хэл, соёлтой ч энд амьдарч буй ястан үндэстэн бүр тус тусын хэл соёлын өв уламжлал, үнэт зүйлстэй. Монгол Улсын хүн амын 4,4%-ийг казах үндэстэн эзэлж байна. Казакуудын ихэнх нь Баян-Өлгий аймагт амьдардаг бөгөөд мөн Ховд аймгийн хүн амын 10, Улаанбаатар хотын Налайх дүүргийн хүн амын 30 хувийг казах иргэд эзэлж байна[1]. Баян-Өлгий аймгийн хэмжээнд үндэстэн ястны 29 төлөөлөл оршин сууж байгаа ба нийт хүн амынх нь 88,7% -ийг казах үндэстэн, 7,2 %-ийн урианхай ястан эзэлж байна. Бусад үндэстэн ястны бүлгээс дөрвөд, баяд, буриад, тува, халх зэрэг ястан Баян-Өлгий аймагт байнга оршин суугаа хүний 0,02% буюу 1,8% байна[2].
1992 оны Монгол улсын Үндсэн хуулийн “хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох” тухай арвандөрөв дүгээр зүйлийн 2, “… хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөх” тухай наймдугаар зүйлийн 2-р заалтуудаар[3] үндэстний цөөнхийн төрөлх хэл, соёл, уламжлал, шашин, амьдралын хэв шинжийг өвлөн хадгалах, төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалан баталгаажуулсан байна. Мөн “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-оор “иргэдийг сурч боловсроход үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх”-ыг заасан бөгөөд эдгээр бодлого, зохицуулалт нь Монгол улсын боловсролын зорилго, зарчим, агуулгыг тодорхойлон баталгаажуулах үндэс, эх сурвалж болж Боловсролын тухай хуульд боловсролын зарчмуудад тусгалаа олсон байдаг[4].
Түүнчлэн Монгол улсын “Соёлын тухай” хуульд[5] “Эх хэл, бичиг үсгээ сурах, өвлөх, өвлүүлэх, хөгжүүлэх, элдэв халдлагаас сэрэмжлэн хамгалах тухай”, “Бага, дунд боловсролын тухай хуульд[6] “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж бичих, эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар эзэмшүүлэхээр заажээ. Мөн Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиар хүүхдийн төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа өвлөн эзэмших эрхийг хамгаалан баталгаажуулсан байна[7].1992 оны Монгол улсын Үндсэн хууль[8] болон Төрийн албан ёсны хэлний тухай хуулинд зааснаар[9] “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.” “Монгол улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна”.
Монгол улсын Засгийн газраас баталсан “Хүүхдийн хөгжил, хамгаалалыг сайжруулах үндэсний хөтөлбөр”, БСШУ-ын сайдын тушаалаар баталсан “Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэх бодлого” зэрэг бодлогын баримт бичигт үндэсний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах талаар тэдний онцлог хэрэгцээнд тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тус тус тусгажээ. Харин үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр тусгайлан гаргасан төрийн бодлогын баримт бичиг нь БСШУЯ-аас дунд хугацаанд буюу 2006-2012 онд хэрэгжүүлэхээр баталсан “Казах хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөр” байна. Уг хөтөлбөрийн зорилго нь Казах хүүхдийн боловсрол эзэмшихэд хэл соёлын ялгатай байдлаас шалтгаалан үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах замаар тэдэнд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байна.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн төрийн хууль, бодлого нь бүхэлдээ хүн бүрийн түүний дотор үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилж байна. Гэвч үндэстний цөөнхийн хүүхдүүдэд хэл соёлын ялгаатай байдлаас үүдэн сурч боловсроход бэрхшээл учирсаар байна. Судалгаанаас үзэхэд эх хэлээрээ харилцах, мэдээлэл авах эрхийн хамгаалалт, зохицуулалт хангалтгүй байна.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа
Монголын үндэсний цөөнхийн сурч боловсрох эрхийн хүрээнд эрдэмтэн судлаачид ардын боловсрол, түүний үүсэл, хөгжлийн ололт амжилтын талаар судалгаа хийж, нэгэн сэдэвт бүтээл туурвисан нь цөөнгүй. Тухайлбал, Г.Цэрэндорж, “БНМАУ- д бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгасан нь”, Т.Жамьянжав “Ардын боловсролын системийг боловсронгуй болгох талаар МАХН-аас явуулсан бодлого”, А.Абдикерин “Баян- Өлгий аймгийн ардын боловсрол” зэрэг зохиол бүтээлийг дурьдаж болно. Эдгээр бүтээлийн ихэнх нь боловсролын салбарын үүсэл, олсон ололт амжилт, тоон үзүүлэлт баримт материал зэргийг эмхлэн цэгцэлж, нэгтгэн дүгнэсэн байдаг боловч тухайн цаг үе нийгмийнхээ нөхцөл байдлаас хамаарч зөвхөн сургууль, байгууллагын хүрээгээр хязгаарлаж байсан бөгөөд үндэсний цөөнхий боловсрол эзэмшихтэй холбоотой тусгайлсан судалгаа бараг байдаггүй гэж хэлж болно. Харин А.Абдикермийн “Баян-Өлгий аймгийн ардын боловсролын түүх” бүтээлд төр засгаас Монголын баруун хязгаарт үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх талаар бичиж тэмдэглэсэн байна. Тухайлбал, уг бүтээлд 1921 оны хувьсгалын эхний жилүүдэд казак, урианхай ард түмний бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байдлыг арилгасан талаар хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн тэмдэглэсэн байна.
Хувьсгалын анхны жилүүдэд казах, урианхай ард түмэн харанхуй бүдүүлэг, хүн амын 99,9 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, зөвхөн казах, урианхай баян чинээлэг айлын хүүхдүүд шашны ном зааж байснаас гадна казах хүүхдүүдийг хуучин араб бичигт сургадаг цөөн тооны медерес (сургууль) байв. Иймд Алтайн хязгаарт ардын сургууль байгуулах, ард түмнийг бичиг үсэгтэн болгох зорилгоор 1927 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуулийн багш Ц. Намсрай Ардыг гэгээрүүлэх яамны сайдын томилолтоор 70 өртөө газрыг 21 хоног мориор туулж Алтайн урианхайн чуулганы төв Сагсайд томилогдон иржээ. 1927 оны намар одоогийн Алтанцөгц сумын ”Хөх мод” хэмээх газар “Алтай-хааны чуулганы тамгын дэргэдэх сургуулийн танхим” нэртэй 25 хүүхэдтэй, 2 багш, 3 эсгий гэртэй бага сургууль (Одоогийн “Алтангадас” одонт Өлгий хотын 10- жилийн 2-р сургууль) нээгдсэн энэ хязгаарын боловсролын байгууллагын ууган голомт юм. 1929 оны намар “Акбалашик” гэдэг газар анхны казах бага сургууль (Одоогийн М.Зайсановын нэрэмжит “Алтангадас одонт Улаанхус 10-жилийн дунд сургууль) Зөвлөлт Казахстаны мэргэжилтнүудийн шууд оролцоотойгоор байгуулагдаж байжээ. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсан анхны өдрүүдээс Зөвлөлт Казахстаны ендөр мэргэжилтэй боловсон хүчнийг урьж, сургуулиудын материалаг баазыг бэхжүүлэх, хичээл хүмүүжлийн ажлыг сайжруулах, шинэ сургууль байгуулан тохижуулах, хичээлийн програм боловсруулах, сурах бичиг, гарын авлага бэлтгэх, хуучин бичгээр хичээлж байсан сургуулиудыг шинэ үсэгт шилжүүлсэн зэрэг өргөн хүрээтэй ажил хийж багагүй амжилтанд хүрч байжээ.
Төрийн бодлогын хэрэгжилт, казах иргэдийн сурч боловсрох болон эх хэлээрээ харилцах, мэдээлэл авах эрхийн өнөөгийн байдлыг шинжпэхдээ энэ хүрээнд олон улсын болон үндэсний түвшинд өмнө нь хийсэн судапгааны тайлан болон Баян- Өлгий, Ховд аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн иргэдээс авсан эмпирик судалгааны дүнд тулгуурлав.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийгхүн бүрийн сурч боловсрох эрх түүний дотор үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийн хүрээнд ойл гож, энэ чиглэлээр зарим нэг бодл ого, зохицуул алт байгааг бид дээр авч үзсэн. Харин энэ чиглэлээр тусгайлан хийсэн судалгаа маш цөөн[10] байгаагийн дотор Их Британий Хүүхдийг Ивээх сангийн захиалгаар 2005 онд хийсэн “Казах хүүхдийн боловсролын байдлын дүн шинжилгээ” томоохон байрыг эзэлж байна.
“Казах хүүхдийн боловсролын байдлын дүн шинжилгээ” судалгааны тайлангаас үзхэхэд 7-оос дээш насны казах иргэдийн 0,8% нь бичиг үсэгг тайлагдаагүй байгаа нь бусад иргэдээс 1,2% иар илүү байна. Сургууль завсардалт Баян- Өлгий аймагт улсын дунджаас 3 дахин илүү байгаа бол сургалтын чанарын хувьд хангалтгүй байгаа нь элсэлтийн шалгалтын удаа дараагийн дүнгээс харагдаж байна. Тус аймагт 2005-2006 оны хичээлийн жилд сургуульд элссэн хүүхдийн 4/1 нь 7 настай байсан нь улсын хэмжээнд 2000- 2007 оны хичээлийн жилд сургуульд элссэн хүүхдийн 62,9 % -ийг эзэлж байна. Казахууд нь Монголын үндэстний цөөнхийн хамгийн том бүлэг бөгөөд нийт хүн амын 4,4%, 0-14 насны хүүхдийн 5%-ийг тус тус бүрдүүлж байна. Судалгаагаар казах иргэдийн боловсролын байдалд нөлөөлж байгаа дараахь хүчин зүйлсийг тодорхойлсон байна. Үүнд:
- Үндэстний цөөнхийн онцлогийг харгалзсан тодорхой бодлого, үйл ажиллагаа дутмаг байдал
- Хэл соёлын ялгаатай байдал
- Төвөөс алслагдсан байдал
- Багшлах боловсон хүчний бэлтгэл, нөөц.
Бодит байдал дээр сургалт хэр явагдаж буйг судлаач М.Бахытгүл Дэлүүн сумын “Болашах” бага сургуулийн жишээн дээр авч үзсэн байна. Уг сургуулийн 1-5 дугаар ангид нийт 70 сурагч суралцдаг бөгөөд 7 багш, 4 туслах ажилтантай сургалт, хүмүүжлийн ажлыг явуулж байна. Х.Нургүл багштай 5-р ангийн 16 сурагч “Эх орон ба үндэсний түүхийн товчоон” хичээлийг багштайгаа нийлээд дундаа ганц сурах бичигтэй явуулж байна. Энэ сурах бичиг нь сүүлийн гурван жилд ганцаараа хэрэглэгдэж буй гэнэ. Тус сургууль өвлийн цагт мөсөө 50 км-ийн холоос зөөдөг тул усны хүрэлцээ муу, иймээс дотуур байрны сурагчид хувцсаа угаах боломжгүй, бэга ангийн сурагчид улирлын сүүлээр гэрээсээ авчирсан цэвэр хувцас нь дууссан тул хир даасан хувцастай суухаас аргагүй болдог байна. Усанд орох тухай ярих ч боломжгүй[11] гэжээ.
“Казах үндэстний эрх XXI” судалгааны хүрээнд Баян-Өлгий аймагт нийт 1054 хүн оролцуулан хийсэн асуулгын судалгаанд оролцогчид үндэстний цөөнхид тулгамдаж буй хамгийн эхний гурван асуудлын (хамгийн олон оролцогч тэмдэглэснээр авав) хоёрт эх хэлээрээ сурч боловсрох эрхээ хэрэгжүүлэх асуудал тулгамдаж буйг тэмдэглэсэн байна. Мөн дээр дурьдсан магистрын ажлын хүрээнд хийсэн судалгаанд оролцсон төрийн албан хаагчид, багш нар, суралцагчдаас (11-р ангийн сурагчид) казах хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ тэгш байдлаар /хэл соёлын онцлог, шашны үзэл, зан үйл зэргээр ялгаваргүй/ хүрч байгаа эсэх талаар тодруулахад дараахь байдлаар хариулсан байна.
Үндэстний цөөнхийн хувьд хэл нь зөвхөн хүүхдийн боловсролын асуудал биш, энэ нь мэдээлэлтэй байх, нийгэм хамт олны харилцаа, оролцооны асуудал юм. Казах иргэдийн дунд үр дүнтэй харилцааг хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх энгийн нэгэн алхам бол казах хэлний хэрэглээг өргөтгөх явдал. Гэтэл тус аймагт казах хэл ээр сургалт явуулдаг сургуулиудыг эс тооцвол энэ хэлний хэрэглээний асуудал анхаарал татаж байна. Баян-Өлгий аймгийн хэмжээнд казах хэл дээр гардаг хэвлэл байхгүй бөгөөд аймгийн ТВ-ийн үйл ажиллагаа зогссон байна. Аливаа мэдээллийг өөрсдийнх нь мэддэг хэлээр өгөхгүй бол олон нийтэд хүрэх, сургалт мэдээлэл, нийгмийн халамжийн үр ашиг зорьсон зорилгодоо хүрэхэд саад учрах нь дамжиггүй. Өгч буй мэдээллийн агуулга арга хэлбэр нь үндэстний соёл, хэлний хувьд нийцтэй, эцэг эх, хүүхдүүдэд танил байвал уг мэдээлэл сургалт илүү үр дүнтэй байна.
Казах хүүхдүүдийн чанартай боповсрол эзэмшихэд нөлөөлөх зүйл бол Монгол хэлий гхоёр дахь хэл болгон сурах боломжийг бий болгох тал дээр зохих анхаарал тавихгүй байгаа явдал юм. Мөн багш бэлтгэх асуудалд бага анхаарч байна. Багш хичээлээ монгол хэлээр үр дүнтэй зааж, сурагчдын монгол хэлээр харилцах чадвар болон бусад хичээлээр зохих чадварыг өндөр түвшинд эзэмшихэд нөлөөлнө. Нөгөө талаас, монгол хэл сайн эзэмшсэн багш байгаа сургалтын материалыг ашиглах замаар өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх боломжтой болно. Казах сургуулиудын казах багш нар нь өөрсдөө казах сургууль төгссөн, монгол хэлийг ашиглах боломж нөхцөл муутай, казах орчинд амьдардаг хүмүүс байна. Баян-Өлгий аймгийн БСТ-д 11 арга зүйч ажилладаг бөгөөд бүгд үүний дотор монгол хэлний сургалт хариуцсан арга зүйч нь ч казах үндэстэн байна. Багшлах боловсон хүчинтэй холбогдож бас нэг анхаарал татаж буй асуудал нь багш нарын үндэстний цөөнхтэй ажиллах, сургалт явуулахдаа тэдний онцлог хэрэгцээ шаардлагыг харгалзах мэдлэг ур чадвар хангалттай бус байгаа явдал мөн.
Үндэстний цөөнхийн хувьд эх хэлээрээ мэдээлэл авах, харилцах эрхийн хэрэгжилт манай улсад тэр бүр судлагдаагүй сэдэв байна. Судалгааны хүрээнд Цэнгэл сумын иргэдтэй хийсэн ярилцлагад оролцогчдын цөөн хувь нь монгол хэл дээр хэвлэл захиалдаг бөгөөд ихэнх оролцогчид казах хэл дээр хэвлэл байхгүй, аймгийн Т\/ суваг гардаггүй талаар ярьсан бөгөөд хамгийн сүүлд казах хэл дээр гарсан сонин, хэвлэл нь сонгуулийн (2008 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын) үеэр гарсан сурталчилгааны материал байсныг хэлж байсан нь эх хэлээрээ мэдээлэл авах, харилцах боломж Цэнгэл сумаар жишээлээд үзэхэд боломжгүй байгаа нь харагдаж байна. Толбо сумын иргэдийн хувьд ч иргэд сонин сэтгүүл, ном гэж юу байдгийг бараг мартсан гэж ярьж байжээ.
Казах үндэсний ард иргэдийг мэдээллээр хангах тусгайлсан бодлогын хүрээнд дараахь асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа нь судалгааны явцад хийсэн ярилцлага болон ажиглалтаас харагдаж байна. Үүнд:
- Радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж иргэдийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах, тэдний дуу хоолойг сонсох ажлыг зохион байгуулах
- Баян-Өлгий аймагт казах, монгол хэл дээр сургалт явуулдаг дээд боловсролын байгууллага, сургууль болон сургуулийн салбар байгуулахыг дэмжих
- Тус аймагт хэрэгжүүлэх төрөлх хэл болон төрийн хэлний бодлогыг тодорхойлох зэрэг болно.
Хэлний бэрхшээл нь казах хүүхдийн сурах боломжийг хязгаарлаад зогсохгүй бас казах ард түмний мэдээлэл харилцааны хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Мэдээллийн шинжтэй ихэнх материалууд монгол хэл дээр боловсруулагдаж тараагддаг. Казах хэл дээр ч мөн ийм мэдээлэл, сургалтын хэрэгцээ их байдаг нь тодорхой боловч түүнд зориулсан төсөв мөнгө алга байна. Хэлний бэрхшээлээс болж мэдээллээс хоцорч, үр шимийг нь хүртэж чадахгүй, эрхээ эдлэж чадахгүй байгаагаас болж эрүүл мэнд, хоол хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн талын мэдлэг боловсрол, ажил хэргээ сайжруулах боломжоос хоцрогдож байна. Иймээс казах эх хэлний боловсролыг чанаржуулах төдийгүй казах хүүхдийг төрийн албан ёсны хэлээр ярьж бичиж сургахад онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд казах хүүхдүүдэд сурч боловсрох суурь чадамжийг төрөлх хэлээр нь олгох явдал чухал юм. Энэ асуудлыг боловсролын шинэчлэлийн хүрээнд оновчтой шийдэж өгч чадахгүй бол казах хүүхдүүдэд эх орондоо дараагийн шатны боловсрол эзэмших, шаардлагатай мэдээллээр хангагдах, хөгжих тэгш боломжоо алдахад хүрч болзошгүй. Дээрх судалгаанд оролцсон иргэдийн 47.5 хувьд нь монгол хэл мэдэхгүй болон монгол хэлний мэдлэг дутмагаас болж ямар нэгэн хүндрэл, бэрхшээл хааяа болон байнга тохиолдож байна. Тухайлбал, хэл мэдэхгүйн улмаас өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаггүй /казах нь монголоор, бусад нь казахаар/ (нийт 62.2 хувиас, 65.4 хувь нь казах, 38.7 хувь нь цөөнхийн доторх цөөнх), албан байгууллагаар үйлчлүүлэхэд, бага болон их дээд сургуульд хүүхдүүд хэл мэдэхгүйн улмаас эрхээ эдэлж чадахгүй байгаа бэрхшээл хамгийн их хувийг эзэлж байна. Үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээ сурах боломжийг 22.4 хувь нь, монгол хэлийг сурах боломжийг 39.0 хувь нь, гадаад хэл сурах боломжийг 76.5 хувь нь дунд зэрэг буюу түүнээс доош гэж мэдэгдэж байна.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ харилцах эрхийн хүрээнд хөндөгдөх нэг томоохон асуудал бол шүүх үйл ажиллагаанд эх хэлээрээ оролцох эрх юм. Энэ талаар Монгол улсын Үндсэн хуульд:[12]
- Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
- Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно хэмээн заажээ.
Хуулийн хамгаалалт, заалт хэрхэн хэрэгжиж байгааг “Казах үидэстний эрх XXI” судалгааны хүрээнд газар дээр нь судалгаа хийж үзэхэд эх хэл дээрээ мэдүүлэг өгөх явдал хүндрэлтэй байдаг байна. Учир нь аймгийн цагдаагийн хэлтэст орон тооны орчуулагч байхгүй, тухайн хэлний багш нарыг оролцуулаад мэдүүлэг авдаг. Гэтэл энэ нь зарим талаар хүлээн зөвшөөрөгдөх үндэслэлгүй болох тохиолдол гардаг байна. Хөдөө сумдад бол бүр бэрхшзэлтэй бөгөөд ихэвчлэн сумын сургуулийн багш нарыг оруулдаг гэнэ. Өөр нэг бэрхшээл нь хуулийг казах хэл рүү хөрвүүлэхэд гардаг бөгөөд “шүүгч”, “нэхэмжлэгч”, “хүний эрх” гэх мэт мэргэжлийн үг хэллэгийг хүмүүс казах хэл дээр ойлгодоггүй байна. Иймээс нэр томъёоны тайлбар гаргах хэрэгцээ гарч байна.
Өмгөөлөгчийн асуудалд гардаг бэрхшээл нь аймгийн хэмжээнд 2 албан ёсны өмгөөлөгч байдаг, яллах дүгнэлтийг орчуулж өгдөггүй, үүнийг аль байгууллага орчуулах вэ гэдэг маргаантай холбоотой. Шүүх орчуулах ёстой гэж байгаа ч яллах дүгнэл гийг прокурор гаргаж байгаа болохоор прокурор орчуулах ёстой гэж боддог. Прокурорын байгууллагаа сорчуулж өгдөггүй болохоор ер нь бол өмгөөлөгчдөд нь тайлбарлаж өгөх үүргийг өгөөд орхидог байна. Аймгийн шүүх нь нэг орчуулагчтай, ачаалал их байдаг. Гэхдээ энэ хүн нь албан ёсны зөвшөөрөл аваагүй. Прокурор орон тооны орчуулагчтай. Хуулийг орчуулахдаа зүйл заалтыг орчуулаад орхих биш хэрхэн ойлгох талаар тайлбарыг хийж өгөх нь зүйтэй. Шүүх хурал ерөнхийдөө бол монгол хэл дээр явагддаг боловч монгол хүн оролцоогүй тохиолдолд казах хэл дээр явагддагийг судалгаанд оролцогчид хэлж байна. Энэ тохиолдолд шүүхийн нарийн бичгийн дарга шууд синхрон орчуулж тэмдэглэлийг монгол хэл дээр бичдэг. Алдаа гаргахыг үгүйсгэхгүй байна. Ер нь бол орчуулагч, хэлмэрчтэй холбоотой асуудал их байдаг. Жишээ нь, яг одоогийн байдлаар тэд ярих, сонсох эрхтний согогтой нэг хүнтэй холбоотой хэрэг гацаанд орсон тухай ярьж байв. Хүчингийн хэрэгт холбогдсон юм. Энэ залуу ээжтэйгээ ойр зуурын юмыг дохио зангаагаар ярьдаг. Дохионы хэл сураагүй. Ээж нь болохоор хуулийн нарийн зүйлийг орчуулж хэлж чадахгүй гээд байгаа. Өмнө нь бас нэг тува хүүхэд хүчингийн хэрэгт холбогдоод ял аваад явсан. Тэр үед шүүхэд орж ирээд би монголоор ойлгохгүй гэсэн. Аав нь тува хэлээр хэлмэрчлээд хэргийг шийдэж байсан. Энэ мөн л зөрчилд орох болоод байгааг ярилцлагад оролцогчид мэдэгдэж байжээ.
Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн талаар цаашид ямар бодлого, үйл ажиллагаа явуулбал зохистой талаар хамгийн олон хувийн саналыг дараах шийдлүүд авсан байна (бусад шийдлүүд нь 0.2-9.1 хувийн санал авчээ) Үүнд:
- Төр засгаас зохион байгуулалттай ажил хийж, биелэлтэнд нь хяналт тавих (14.5 хувь)
- Цөөнхийн онцлогг тохирсон бодлого явуулах (12.2 хувь)
- Өв соёлоо хадгалах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх (11.2 хувь)
- Эрх зүйн мэдээлэл өгч, гарын авлага тарааж байх (10.3 хувь)
Үндэстний цөөнхийн зүгээс эх хэлээрээ харилцах, сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бодлого, тусгайлсан хөтөлбөр боловсруулан ажиллахад ач холбогдол өгч буй тал ажиглагдаж байгаа боловч “Үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийн талаарх төрийн бодлогод хийсэн шинжилгээ” сэдэвт магистрын ажлын хүрээнд хийсэн судалгаанаас үзэхэд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн талаар иргэд төдийгүй төрийн албан хаагчид, боловсролын байгууллагын ажилтан багш нар ч тодорхой мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчид болон багш нараас “Казах хүүхдийн боловсрол ба хөгжлийн асуудлыг сайжруулахад чиглэсэн төрийн тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэх талаар танд мэдээлэл байна уу?” гэж асуухад дараахь хариултыг өгсөн байна.
Казах үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийн хүрээнд хийсэн судалгаануудаас дараахь дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
- Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг хүн бүрийн сурч боловсрох эрхийн түүний дотор ундэстний цөөнхийн сурч боловсрох эрхийн хүрээнд ойлгож, энэ чиглэлээр зарим нэг бодлого, зохицуулалт хийж байгаа нь тэр бүр шаардлага хангахгүй байгааг судалгаа харуулж байна.
- Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг төрийн хэлний боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой авч үзсэн тусгайлсан зохицуулалт шаардлагатай байна. Ийм тусгайлсан бодлого, зохицуулалт үгүйгээс казах хүүхдүүд эх орондоо үргэлжлэн суралцах бололцоогүй болох магадлал өндөр байна.
- Казах иргэдийн боловсролын түвшний статистик тоо баримт одоогоор алга байна.
- Эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг хангах үүднээс сүүлийн жилүүдэд монгол сурах бичгүүдийг орчуулан сургалтад хэрэглэж буй нь сайшаалтай боловч монгол хүүхдүүдэд зориулан, тэдний уламжлал, үнэт зүйлс, амьдралын контекстэд тулгуурлан боловсруулсан сурах бичгийг тэр хэвээр нь орчуулах нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байгааг судалгаа харууллаа.
- Орон нутагг байнга оршин суудаг, ялангуяа малчид эх хэлээрээ мэдээлэл авах боломж туйлын хомс бараг байхгүй гэж үзэхэд болохуйц байна.
Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдүүлэг өгөх эрх, шаардлагатай бол шүүх ажиллагааг орчуулагчтай явуулах зохицуулалтын хэрэгжилтийн талаар хийх дүгнэлт:
- Үндэстний цөөнх казах, тува иргэдээс эх хэл дээрээ мэдүүлэг өгөх эрх бүрэн хэрэгжихгүй байгааг судалгаа харуулж байна.
- Шүүхийн орчуулгатай холбоотой асуудлыг хүний болон санхүүгийн нөөцийг хамруулан иж бүрэн авч үзэх шаардлагатай байна.
Ашигласан эх сурвалж:
Бодлого, эрх зүйн баримт бичиг
- Монгол улсын Үндсэн хууль
- Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоол/
- Боловсролын тухай хууль, 2002 он
- Бага, дунд боловсролын тухай хууль, 2002 он
- Соёлын тухай хууль, 1996 он
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996 он
- Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он
Судалгаа
- Хүн ам орон сууцны тооллого. ҮСГазар, 2001 он
- Казах хүүхдийн боловсролын байдлын шинжилгэз. Английн Хүүхдийг ивээх сан., 2005 он
- Казах үндэстэн XXI судалгааны тайлан, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Хүний эрх, ардчиллын судалгааны төв., 2009 он
- Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд мониторинг хийх, орон нутгийн боловсролыг дэмжих судалгааны тайлан (Баян-Өлгий аймаг). БСШУЯ, АХБ, 2009
[1] Их Британий Хүүхдийг ивээх сан, Канад сан, “Казах хүүхдийн боловсролын байдлын шинжилгээ”, Судалгааны тайлан, УБ хот, 2005
[2] Баян-Өлгий аймгийн хүн ам орон сууцны улсын тооллого 2000 он
[3] Монгол улсын Үндсэн хууль, 1992, Төрийн мэдээлэл
[4] Монгол улсын Боловсролын тухай хууль. 2002, http://mecs.pmis.gov.mn/
[5] Монгол улсын “Соёлын тухай” хууль, 5.14-р зүйл
[6] Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хууль, 2002, 4.1.1,6.1.1 http://mecs.pmis.gov.mn/
[7] Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 6.2
[8] Монгол улсын Үндсэн хууль, 8.1
[9] Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 5.1
[10] ХЭҮК, НҮБХЭДКГ, “Үндэстний цөөнхийн эрх” судалгааны тайлан. УБ.2005. (цаатан иргэдийн эрхийн хэрэгжилт), Их Британий Хүүхдийг ивээхсан, Канадсан, “Казах хүүхдийн боловсролын байдлын шинжилгээ’’, Судалгааны тайлан, УБ хот, 2005, ДБ, ШЭЗШТ, “Монгол дахь казах үндэстний цөөнхийн харилцаа холбооны хэрэгцээ”, судалгааны тайлан, 2008 оны 3-р сар, “Үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийн талаарх төрийн бодлогод хийсэн шинжилгээ” Магистрын ажил, УТБА. Магистр Г.Отгонбилэг, удирдагч У.Туяа (Рh.D), 2008 он
[11] ДБ, ШЭЗШТ, “Монгол дахь казах үндэстний цөөнхийн харилцаа холбооны хэрэгцээ”, судалгааны тайлан, 2008 оны 3-р сар. 4 тал
[12] Монгол улсын Үндсэн хуулийн тавин гуравдугаар зүйл