Ph.D Б. Намсрай
/Доктор, профессор/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Хүн ам, Өсөлт, Хөгжил
Өнөөдөр хүн амын өсөлтийн асуудал дэлхий дахины анхаарал татаж байна. Үүний жишээ бол энэ намар дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ Египетийн нийслэл Каирт энэ сэдвээр олон улсын бага хурал зохиосон явдал юм. Ер нь хөгжиж буй орнуудад хүн ам хурдан өсөж байгаа нь тэдгээр орны буурай хөгжлийн нэг шалтгаан болдог гэж эрдэмтэн судлаачид үздэг. Үнэхээр хөгжи буй олон оронд хүн амын тоо хурдан өсөж байгаагийн улмаас хөгжлийн аливаа дэвшил саармагдаж байдаг.
Нэлээд олон жилийн байдлаар харьцуулан үзэхэд хөгжиж буй орнуудад хүнсний үйлдвэрлэл хөгжингүй орнуудтай зэрэгцүүлэхэд бүхэлдээ арай илүү хурдацтай нэмэгдэж байгаа боловч хүн амын тоо хурдан нэмэгдэж байгаагийн улмаас нэг хүнд ногдох үйлдвэрлэл нь бага хурдацтай болж үйлдвэрлэлийн өсөлтөө чухамдаа “идчихдэг”.
Дэлхийн хүн ам хурдан өсөж байгааа нь хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас илэрч буй харьцангуй шинэ үзэгдэл. Христос мэндэлсэн буюу аргын тоолол эхлэх үед дэлхий дээр 300 сая хүн амьдарч байжээ. Олон удаагийн дайн байлдаан, өвчин тахал, байгалийн сүйрлийн улмаас олонтаа өсөж, буурсны дараа дэлхийн хүн ам гагцхүү 1500 гаруй жилд л сая хоёр дахин нэмэгдсэн ажээ. 1750 оны үеэс хорьдугаар зуун хүртэл дэлийн хүн ам ойролцоогоор 0,5 хувийн хурдацтай тасралтгүй өсөж ирсэн. Чингээд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэхийн тулд барагцаалбал 150 жил шаардагдах болов. 1900 оны орчимд дэлхийн хүн ам 1,7 тэрбум орчим байлаа. Энэ үеэс дэлхийн хүн амын өсөлтийн хувь дээшилсэн, гэхдээ 1950-иад он хүртэл 1 хувь, түүнээс хойш бүр 2 хувь байлаа. Ийм өсөлтийн үед дэлхийн хүн ам барагцаалбал 35 жилд 2 дахин нэмэгдэх болсон. 1950 оны үед 2,5 тэрбум байсан бол одоо эдүгээ түүнээс 2 гаруй дахин нэмэгдээд байна. Тэгэхдээ энэ өсөлтийн гол төв нь хөгжиж буй орнуудад байгаа бөгөөд харин хөгжингүй орнуудад хүн амын тоо үндсэндээ тогтвортой, зарим оронд буурах хандлагатай байна. Гэтэл хөгжиж буй оронд хүн амын өсөлт жараад оны үед 2,4 хувь байлаа. Одоо үед хоёр орчим хувь байна, ингэж бага зэрэг буурсан нь манай өмнөд хөрш Хятадын төрөлтийн хувь хоёр орчим хувь байгаа, бусад хөгжиж буй орных түүнээс арай дээгүүр байгаатай холбоотой.
1978 онд Лондон хотноо Роберт Мальтусын ном нийтлэгдэж, зохиогч, хүн ам геометрийн дэвшлээр буюу 1,2,4,8,16 гэсэн байдлаар өснө, харин хүнсний үйлдвэрэл арифметикийн дэвшлээр буюу 1,2,3,4,5 гэсэн байдлаар нэмэгдэнэ гэж нотолж байсан. Ингээд өлсгөлөн, өвчин тахал, дайн байлдаан зайлшгүй гарч, хүн ам, хүнсний үйлдвэрлэлийн хооронд тэнцвэр тогтоно, чингэхлээр хүмүүс өөрсдөө төрөлтийг хязгаарлаж, биеэ барих замаар хөгжлийн тэнцвэрийг бий болгоход санаа тавих ёстой гэж Мальтус үзэж байжээ. Тэгээд Мальтус хүнсний хангамж хүн амын өсөлтийг аяндаа зохицулна гэж үзэж байжээ. Их Британи болон өнөөдрий үйлдвэржсэн бусад орны хувьд энэхүү гутрангуй таамаглал зөвдсөнгүй. Тэр ч байтугай хөдөө аж ахуйн техник сайжирч боловсронгуй болсон, бордоо, машин өргөн хэрэглэсэн, хүнсний үйлдвэрлэл хүн амын өсөлтөөс давж, хүн ам өссөн боловч хүнсний хангамж сайжрах бололцоотой болсон.
Харин хөгжиж буй орнуудын хувьд ялангуяа, Ази, Африкийн орнуудад Мальтусын сэрэмжлүүлэг батлагдаж байгаа мэт байна. Эдгээр орнууд тодорхой хэмжээгээр хүн амын занга гэдэгт орчихоод, түүнээс гарч чадахгүй байна. (1-р зураг) Хүн амын занга нь Мальтусын үндсэн бодол санаанд тулгуурласан бөгөөд капитал хомсдолын битүү тойрогтой төстэй бас нэгэн битүү тойрог агуулдаг. Үндсэн гол санаа гэвэл хүн амын өсөлтийн хувь, нэг хүнд ногдох орлогын түвшингийн хоорондын ижил чиглэлтэй хамаарал юм. Хүн ам тутамд ногдох орлого нэмэгдсэнээр хүн амын хангамж сайжирч бас хүн ам өснө. Хангамж доройтсоноор нас баралтын хувь өндөр болно.
Ийм нөхцөлд хэрэв ямар нэгэн орны үндэсний бүтээгдэхүүн өслөө гэвэл эхлээд хүн ам тутамд оногдох орлого нэмэгдэнэ. Ингэснээр хүн ам аяндаа өөрөө өснө, хүн ам өссөнөөр бас нэг хүнд ногдох орлого эргээд анхны түвшинд хүртлээ бурдаг. Хэрэв нэг хүнд ногдох орлого тодорхой түвшингээс доош буурч байвал хүнсний хангамж хүрэлцээгүйн улмаас хүн амын нас баралтын хувь нэмэгдэж, чингэснээр хүн амын тоо буурч, хүн ам тутамд оногдох орлого дахин нэмэгддэг. Энэ оронд эдийн засгийн өсөлтийн юм уу бууралтын явц явагдаж байгаагаас үл хамааран, нэг хүнд оногдох орлого ямагт тэнцвэрийн доод түвшинд очдог бөгөөд, чингэснээр тухайн орон хүн амын занга гэдэгт баригддаг. Нэлээд олон жилийн туршийн байдлаар авч үзвэл, эдийн засгийн өсөлттэй байсан урьдын жилүүдэд ч гэсэн, сүүлийн дөрөв таван жилийн үйлдвэрлэлийн уналтын байдлын аль алинд нь Монгол орны хүн амын амьдралын түвшин гоц гойд мэдэгдэхүйц дээшлэхгүй байгаа нь бас энэ занганы шинж тус оронд ч гэсэн үйлчилж иржээ гэж дүгнэх боломжтой юм. Ийм учраас энэхүү занганаа гарах бодлого боловсруулах шаардлагатай, үүний тулд дэлхий дахины хандлага, туршлага, нөхцөл байдлыг харгалзах ёстой, өөрийн орны байдалд, хоёр аврага хөршийн дунд оршдог учир Гулливерийн нөлөөний эерэг сөрөг талыг бодолцож, харгалзсан бодлого байх ёстой болов уу. Нэн цөөн хүн амаа өсгөнө гэдэг зорилгоор бас хэтэрсэн шаардлага эмэгтэйчүүдэд тавих ёсгүй гэдгийг ухаарч ойлгох нь чухал.
Хүн амын занганаас гарахын тулд хөрөнгө оруулалтын “их шахалт” (big push) гэдгийг ашиглан, хүн амын өсөлтөөс илүү үндэсний бүтээгдэхүүний өсөлтийн хувийг бий болгож, хүн ам тутамд оногдох орлого нэмэгдэж, ингэснээрээ хүн амын занганаас мултрах боломжтой юм. Капитал хомсдолтойн улмаас хөгжиж буй орон өөрийн хүчээр хөрөнгө оруулалтын ийм их чармайлт гаргах чадвар багатай байдаг болохоор хүн амын занга гэдгийг тайлбарлах зарчим, хандлагаас, бас гадаадаас капитал хөрөнгө оруулах, ялангуяа хөгжлийн тусламжийн үндэслэл үүдэн гарч байгаа билээ.
Зураг 1
Хөгжиж буй олон орны хувьд хүн амын занга буурай хөгжлийн хүрэлцээтэй тайлбар болдоггүй. Мэдээжээр, хүн амын өсөлт нь тооцоогоор хүн ам тутамд оногдох орлого нэмэгдэх явдлыг багасгадаг нь маргаангүй. Гэхдээ хүн ам өсөж л байвал хүн амын занганд түгжигдэнэ гэх нь эргэлзээтэй. Энэ нь тухайн орны нөөц баялгийн хангамжийн байдлаас хамаарна. Хүн ам сийрэг суурьшиж байгаа бол хөдөө аж ахуйн эдэлбэр газар элбэг байна гэсэн үг. Тэнд бүтээмж дээшлүүлэх их боломж байдаг. Усжуулалт, бордоо хэрэглэх, хөдөө аж ахуйн арга ажиллагааг сайжруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.
Хүн амын занганы нөлөө нь бас хэрэглэж буй технологиос хамаарна. Хэрэв үйлдвэрлэлийн үр дүн нь хүн амаас илүү хурдан нэмэгдэж байвал техникийн дэвшил занганы үр нөлөөг саатуулах буюу даван туулах боломж олгодог.
Түүнчлэн, эцэст нь тэмдэглэхэд, гутрангуй үзэл бодлын эсрэг, хүн амын тодорхой нягтралтай байдлын үеэс эхлэн тээвэр, холбоо, эрүүл мэнд, боловсролын бүтээмж сайтай дэд бүтцийн тогтолцоог санхүүжүүлэх боломжтой болдог гэсэн санааг сөргүүлэн тавьж болно. Хэт сийрэг үед дэд бүтэц хөгжүүлэх санхүүжилт нэлээд төвөгтэй байдаг. Дэд бүтцийг хөгжүүлэх нь өрөө хөнщгжлийн чухал урьдач нөхцөл байдаг.
Хүн амын занга, Мальтусын хэдийнээ нотолсон үндэсний бүтээгдэхүүний өсөлт болон хүн амын өсөлтийн ижил чиглэлийн хөдөлгөөн заавал байх албагүй. Зарим судлаач (жилээлбэл, А.О.Хиршман) орлогын тодорхой түвшингээс эхлээд үндэсний бүтээгдэхүүний өсөлт хүн амын өсөлтөд шахалт үзүүлдэг гэж үздэг. Энэ нь үйлдвэр хөгжсөн орон, түүнчлэн шинэ үйлдвэржсэн орнуудын жишээгээр харагдаж байна. Эдгээр оронд хүүхэд хямд ажиллах хүчний үүрэг гүйцэтгэх, өндөр настай эцэг эхээ асрах баталгаа болох явдал хйош тавигдсан байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс сайжирснаар хүүхдийн эндэгдэл их багассан. Ингэснээр төрөлт бага байхад ч удам угсаа залгамжлах баталгаа бий болдог. Чинээлэг байдал дээшилснээр бас хүүхдийн хүмүүжил, боловсрол, хувцас хоол унданд зарцуулах зардал өсдөг, чингэснээр эцэг, эхчүүл цөөн хүүхэдтэй байхыг эрмэлздэг.
Хүнсний үйлдвэрлэл, хүн амын өсөлтөөс хоцорч, чингэснээр зохицож тохирох хямралд заавал хүргэдэг гэсэн Мальтусын нотолгоо, түүнийгол цөмийг сүүлийн үед эрдэмтэд судлаачид дахин сөхөх болсныг тэмдэглэмээр байна. Энэхүү шинэ мальтусианизмын сонирхолтой жишээ бол, Д. Медоуз болон бусад зохиогчдын 1972 онд нийтлүүлсэн “Өсөлтийн хязгаар” гэдэг судалгаа буюу Ромын клуб гэдгийн илтгэл юм. Энэ судалгаанд 1900 оноос 1970 он хүртэлх хугацааны тоо баримтанд тулгуурлаж, хэд хэдэн янзын хэмжигдэхүүн, тухайлбал, түүхий эдийн нөөц, хүн ам тутамд оногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хүн ам, хүрээлэн буй орчны бохирдол зэргийн 2100 он хүртэлх өөрчлөлтөнд урьдчилсан үнэлгээ өгөх дэлхийн загварыг боловсруулсан юм. Энэ загвараас нэлээд гутрангй прогноз харагдаж байгаа бөгөөд тухайлбал, хүн ам тутамд оногдох хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөц үлэмжхэн буурах, түүнчлэн хүрээлэн буй орчны бохирдол ихээхэн нэмэгдэх прогноз гарсан юм.
1994 оны Каирын бага хурлын ерөнхий үзэл санаа бас дэлхийн хүн амын эрс хурдан өсөлт дэлхийн хамтын нийгэмлэг болон улс үндэстэн бүрийн анхаарлын төвд байх ёстой гэдэгт чиглэгдсэн байна. Гэр бүл төлөвлөлтийн асуудал анхаарал татах болж байна. Үүнээс Монгол Улс ч бас өөрийн нөхцөлд тохирсон дүгнэлт хийх ёстой.