Д.Сугар
/Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
Шинэ толь №24, 1998
Түлхүүр үг:
- Хүний эрхийн дотроос өмчлөх эрх нь хамгийн гол, жам ёсны төрөлх эрхэд хамаарна. Бүр эртний сэтгэгчид өмч анх бий болохдоо хувийнх биш нийтийнх байсан бөгөөд харин хувь хүмүүс өөрийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд нийтийн өмчөөс тодорхой хувиа тусгаарлах замаар хувийн өмч бий болсон гэж үзэж байв.
Аристотель нийтийн өмчийг нийгмийн гишүүдэд “хуваарилж” хувийн өмчийг хүлээн зөвшөөрснөөр нийгмийн харилцаа бүхэлдээ сайжирч, хүн бүрийн ашиг сонирхол нь өөр өөр салбарт хуваагдан нийгмийн зөрчил үүсгэх үндэсгүй болно гэж үзсэн байх юм. Ийнхүү хүн хувьдаа өмчтэй байх ёстой, энэ нь нийгэмд ашигтай байдаг тухай сургааль төлөвшжээ.
- XVII, XVIII зууны үед төрөлх буюу жам ёсны эрх зүйн онолыг үндэслэгчид Гуго Гроций, Жан Жак Руссо нарын сэтгэгчид “эрх чөлөө, тэгш байдал, хувийн өмч нь хүний салшгүй эрхэд хамаарна” гээд Гроций эрх зүйн эх сурвалж нь хүний язгуур чанарт нь шингэсэн хүний мөнхийн үнэн ба шударга ёс, хүний өмчид халдахаас цэрвэж, амалснаа биелүүлэх эрмэлзэл зэргээс эхлэлтэй учир энэ эрхийг тодорхой хүн буюу хэсэг бүлэг хүний субъектив санаагаар бүтээх боломжгүй гэжээ. Үүний материаллаг үндэс нь хүн эхээс адилхан төрдөг бөгөөд хүн төрөлхтөнд зориулсан ертөнцийн баялгаас хүртэх адилхан эрхтэй байх маш энгийн ойлголтоос үүсэлтэй байж болох юм. Энэ нь ялгаатай байх тэнцүү эрхийн байдлын суурь болсон юм.
Төрөлх эрх нь хууль тогтоогчдын бүтээдэг эрх зүйгээс дээгүүр оршин байх нийтийн шударга ёсны туйл дээд хэмжүүр болдог гэж үзжээ. Ийнхүү эрх чөлөө тэгш байдал, хувийн өмч хүний салшгүй эрхэд хамаардаг гэж үзсэнээрээ хууль зүйн Сэтгэлгээнд түүхэн дэвшилтэт үүрэг гүйцэтгэжээ.
3.Харин хүн бүр өмчтэй байх салшгүй эрхийг хүн бүр тэгш, адилхан өмчтэй байх гэсэн утгаар нь биш эрх чөлөөт хүмүүсийн тэгш байдал буюу бодгалиудын эрх чөлөөний Нийтлэг тэгш хэмжээ гэдгээр нь ойлгодог. Хүн бүр өмчлөх адилхан эрхтэй боловч өмчтэй болох нөхцөл, өмчийг бий болгох чадвар нь байгалиас адилгүй заяадаг болохоор хүн бүр янз бүрийн хэмжээний өмчтэй байх нь зайлшгүй.
Эртний Ромын эрх зүйд хувийн өмчийг дайчлах ойлголт байгаагүй бөгөөд орчин үеийн улам глобальчлагдаж байгаа Нийгмийн хөгжлийн явцад хувийн өмчийг хуульд заасан үндэслэлээр нийгмийн ашиг сонирхлын үүднээс төр НӨХӨН олговортойгоор дайчлан авах тухай ойлголт гарч ирсэн.
4.Хүний эрх, үндсэн эрх чөлөөг нэгтгэн тодорхойлсон “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь хүний эрхийн салбарт дэлхийн улс түмний баримтлах үндсэн удирдамж болж ирлээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтран өмчлөх эрхтэй. Хэний ч хөрөнгийг дураар хураан авч болохгүй гэж заасан нь хүний өмчлөх эрхийг ХХ зууны хөгжлийн түвшинд бүх нийтээр хүлээн зөвшөөрч, энэ зарчмыг дэлхийн улс орнуудад үндэснийхээ хууль тогтоомжид тусган баталгаажуулсан. Тухайлбал, америкийн хүний эрх, үүргийн тунхаг (1948)-ийн 23, 36, Европын хүний эрх, эрх чөлөөний тухай Конвенц (1954)-ийн 1 дүгээр Протоколын 1, Америкийн хүний эрхийн Конвенц (1954)-ийн 21, Африкийн хүн, ард түмний эрхийн Харт (1981)-ийн 14, 29 дүгээр зүйлд хүний өмчлөх эрх, өмч хөрөнгийг нь хууль бусаар хураан авахгүй байх баталгаа, өмч эзэмшигчийн татвар төлөх үүрэг зэргийг тусгасан байдаг. Ардчилсан олонхи орны Үндсэн хуульд энэ зарчим тусгагдсан. Онолын гол үндэс нь хүн өмч, хөрөнгө эзэмших эрхтэй, гэхдээ энэ эд хөрөнгө нь хууль ёсоор шударга замаар уг эзэмшигчийн эзэмшилд очсон байх ёстой гэсэн санаа юм.
5.Монгол улсын Үндсэн хуульд өмчлөх эрхийг хүний үндсэн эрхэд хамааруулан, энэхүү эрхийг баталгаатай эдлэхийг заасан юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэснээр өмчийн эрхийн орчин үеийн хөгжлийн ололтыг бүрэн тусгасан гэж хэлж болно. Үндсэн хуулийн энэхүү заалт нь Иргэний хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд улам баталгаатай болж өнөөгийн чөлөөт иргэний төлөвшилтөд чухал байр эзэлж байна.
6.Юуны өмнө өмчлөх эрхийн тухай ойлголтыг гаргаж тавихын тулд өмч, өмчлөх эрх, өмчийн эрх зүй гэсэн ухагдахууныг тайлбарлах шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Аль ч нийгмийн эдийн засгийн үндэс нь өмч байж ирсэн бөгөөд өмч гэдэг бол хууль зүйн утгаараа эд юмсыг тодорхой этгээдэд хамаатуулан тухайн эд юмсын хувьд уг этгээдээс эдлэх туйлын эрхийг бусад нь хүлээн зөвшөөрөх явдлаар илэрдэг нийгмийн өвөрмөц харилцаа юм. Өөрөөр хэлбэл, өмч нь ойлголтын хувьд хийсвэр зүйл.
Өмчлөх эрх гэдэг нь материаллаг баялгийг өмчлөгч этгээдээс эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхийн нийлбэр юм.
Өмчийн эрх зүй гэдэг нь өмчлөгчөөс өмчлөх эрхээ хэрэгжүүлэх явцад үүсэх нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний цогц болно.
- Өмчлөх эрхийг хамгаалах ингэснээрээ хүний эрхийг зохих түвшинд байлгах хууль зүйн арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах нь чухал болж байна.
Ромын эрх зүйд эд хөрөнгө дээр хязгааргүй ноёрхлоо тогтоох гэдэг нь өмчлөгчийн хүсэл зоригийн гадуур гуравдагч этгээд тухайн өмчлөлийн зүйлд ямар ч харилцаатай байж болохгүй гэсэн утгаар авч үзэж байв. Энэ эрхээ эд хөрөнгө хууль бус эзэмшлээс буцааж авахыг шаардсан нэхэмжлэл (rei vindicatio), өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байгааг арилгахыг шаардсан нэхэмжлэл (actio negatorio) гарган хамгаалж байсан ба үүнээс гадна эзэмшлийн хил хязгаарыг тогтоолгох (actio finium regunderum), өмчлөх эрхэд аюул учирч байгааг сэрэмжлүүлэх нэхэмжлэл (actio aguae pluviae аrсеndае)-ийн тухай бид мэднэ. Эдгээр зарчим нь орчин үеийн өмчийн эрх зүйн зохицуулалтад уламжлагдан иржээ. Монгол улсын Иргэний хуулийн 154, 156 дугаар зүйлд дээрх өмчлөгчийн шаардах эрхийг тусгасан бөгөөд шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн дийлэнхи нь хуулийн эдгээр заалтыг үндэслэн өмчлөгчөөс өөрийн өмчлөх эрхээ хамгаалуулахаар гарсан байдаг.
Өмчлөх эрхийг хамгаалах гол институт ардчилсан, хараат бус шүүх байна. Хууль зүйн яамнаас иргэний эрх судлаачид, Японы эрдэмтэдтэй хамтран 1995 онд нийслэлийн 5 дүүргийн шүүхэд шийдвэрлэсэн иргэний 5000 гаруй хэргийг судлахад иргэний хэргийн зүйлчлэл, оролцогч талуудыг буруу тогтоох, зээлийн гэрээнд анз, хүүг хамтатган хэрэглэх зэрэг алдаа гаргаж байна гэж эдгээр судлаачид үзсэн байна.
Тэрчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд А компани хөрөнгийг хураах шийдвэртэй байхад Б компани хөрөнгийг хураах, барьцаа болгосон хөрөнгө байсаар байтал барьцаа болгоогүй хөрөнгийг битүүмжлэх зэрэг алдаа гаргаж байгаа хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийн хэмжээнд авч уа ёстой. Хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг зохих ёсоор хуваарилахгүй байгаа нь эд хөрөнгийн эрх өөрөөр хэлбэл хүний эрхийг ноцтой зөрчиж байгаагийн жишээ болж байуа. бид бүх зүйл хэвийн байгаа мэт тайван сууж байна.
- Ромын эрх зүйн өмчлөх эрх гэдэг ойлголт нь тухайн эд юмс дээр хязгааргүй ноёрхлоо тогтоох утгаар авч үзэж байсан тул хязгаарлалт гэдгийг хүлээн авдаггүй, харин өмчлөх зарим бүрэн эрхийг нь хязгаарлахыг зөвшөөрч байжээ. Орчин үеийн нийгмийн хөгжлийн шаардлагаар нийгмийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндэслэлээр өмчлөх эрхийн агуулгад нэлээд ноцтойгоор халдахаас аргагүй тохиолдол байна. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль зэрэг хууль тогтоомжид өмчлөх эрх эдлэх субъект болох гадаадын улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол газар өмчлөгч бус болохоор заасан. Энэ нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлд “энэхүү пактаар хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн эрхийг өөрийн иргэн бус хүмүүст ямар нэг хэмжээгээр олгохоор тодорхойлж болно” гэж заасантай нийцэх юм.
- Гэсэн ч хувийн өмчийн эрхэд халдах нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой. Манай өнөөгийн нөхцөлд тэгш эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэгт гол анхаарлаа хандуулдаг атал өмчлөх эрх зөрчигдөж байгаа асуудлыг хүний эрхийн хэмжээнд ярихгүй байна. Өдөр тутам тулгарч буй амьдралын тохиолдол бүрт тодорхой хандаж хүний үндсэн эрхтэй холбон тайлбар дүгнэлт өгч байх нь цаашид хүний эрхийг баталгаатай хангах нэг нөхцөл юм.
Үүнийг улам ойлгомжтой болгох зорилгоор дараах жишээг дурдаж болох юм.
Нийгмийн санд татвараа төлж байх үед нь хүчинтэй байсан хуулийн дагуу тэтгэвэрийн хэмжээг бууруулах нь өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдэл биш юм.
Эзэмшигчээс газрыг нь хариу төлбөртэй хураан авчихаад уг газар дээрх барилга угсралтын ажлыг тодорхой хугацааны дотор эхлүүлэхгүй бол энэ нь хүний эрхийг зөрчсөн хэрэг болно.
Банкинд байгаа хадгаламжийн мөнгөний хүүгий нь төлж болох хэмжээгээр индексжүүлсэн тохиолдолд л эргэлтэд оруулбал хүний эрх зөрчсөнд тооцогдохгүй байх учиртай.
Зогсоолгүй газар машинаа орхисон тохиолдолд машиныг нь замын цагдаагийнхан зөөж аваачин тодорхой хугацаанд хадгалаад, торгууль тавин буцааж олгох нь өмчлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг биш.
Нийгмийн сонирхлын үүднээс өмч хөрөнгө, орлогод татвар ногдуулах нь өмчлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэдэгт санал нэг байгаа юм.
Түүнчлэн анх өмчилж авсан арга нь хууль бус байсан гэдгийг шүүх нотолбол төр уг өмчийг хэзээ ч хүчээр булаан авах эрхтэй байдаг нь хүний эрх зөрчсөн зүйл болохгүй, харин нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэн тогтооход чухал ач холбогдолтой.
- Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд өмчлөх эрхийг өргөн агуулга, багтаамжтайгаар тодорхойлсон юм. Үйлчилж байгаа Иргэний хуулийн 87 дугаар зүйлд “өмчлөгч нь өмчлөлийн зүйлийг хуулийн хүрээнд бүрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гээд зөрчилдсөн тохиолдолд хуулиар хамгаалах зарчмыг заасан юм. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхэд шинжлэх ухааны бүрэн гүйцэд тодорхойлолт өгөх зорилт тавиагүй, харин хувийн өмч дээр үндэслэгдсэн зах зээлийн эдийн засгийн харилцаа хөгжих нөхцөл бүрдүүлэх прагматик зорилгоор хандсан юм.
Одоо шинээр боловсруулж байгаа иргэний шинэ хуульд энэ зарчмыг үргэлжлүүлэн өмчлөх эрхийн агуулгыг өргөтгөж эрх өмчлөх (барилга байгууламж барих эрх), хөрш зэргэлдээ хөрөнгө өмчлөгчдийн тухай ойлголтыг бий болгож, шударга өмчлөгчдийн эрхийг хамгаалах, өмчлөх эрх үүсэх үндэслэлийг нарийвчлан тогтоож, өмчлөгч этгээд өөрийн эрхээ хэрэгжүүлэхдээ хөршийн болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл зөрчих хязгаарлалт, өмчлөгч өөрийн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах, эд хөрөнгө олж авах, зөрчигдсөн эрхийг сэргээх, дундын өмч зэрэг ойлголтыг бүхэлд нь хянан үзэж орчин үеийн ойлголтод нийцүүлж тусгасан болно.
- Харин өмчлөх эрхэд шинжлэх ухааны бүрэн тодорхойлолт ӨГӨХ нь судлаачдын гол зорилго байх. Өмчлөх гэдэг нь юуны өмнө эд хөрөнгийн талаар хүмүүсийн хооронд үүсэж байгаа харилцаа бөгөөд түүний хууль зүйн хэлбэрийг өмчлөх эрх гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хоорондын харилцаагаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхүүдийн нийлбэр цогц гэж ойлгомоор байна. Энэ нь өмчлөх эрхийг эзэмши ашиглах захиран зарцуулах гэсэн гурван үндсэн бүрэн эрх бүрдэнэ гэж бидний ярьж сурсантай тохирох байх. Эзэмших эрх гэдэг нь хуулийн дагуу тухайн эд хөрөнгийг өөрийн мэдэлд байлгаж түүнийг эзэмших боломж юм. Ашиглах эрх гэдэг хуулийн дагуу өөрийн эзэмшилд байгаа хөрөнгийг ашиг түүний орлого, үр шимийг хүртэх бололцоо юм. Захиран зарцуулах эрх гэдэг нь тухайн хөрөнгийн хувь заяа шийдвэрлэх эрхийг өмчлөгчид олгож буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өмчлөгч тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, түрээслэх, барьцаалах эрхтэй байна. Захиран зарцуулах эрх нь өөртөө тухайн хөрөнгийг устгах эрхийг мөн агуулдаг.
- Гэхдээ Англи-Америкийн эрх зүй дэх компани, үнэт цаасны зах зээлийн ойлголт дэлхий нийтийн загвар болон бидний амьдралд хүртэл орж ирж байгаа нөхцөлд энэ урсгалын зарим судлаачид эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээс гадна өмчийн эрхэд хяналт тавих, өмчийг удирдах гэх мэтээр энэхүү бүрэн эрхийг 12-13-д хүргэсэн байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Дэлхий дахинчлал глобалчлалын өнөө үед улс үндэстэн дамнасан корпораци, хэдэн зуун мянган хувьцаа эзэмшигчтэй том компаний хувьцаа эзэмшигч аливаа этгээд дээр дурдсан сонгодог утгаар өмчилж байна гэх үндэс алга. Хувьцаат компаний өмчлөгч нь хувьцаат компани хэмээх хуулийн этгээд, харин хувьцаа худалдаж авсан хүмүүс нь үүргийн эрхээр энэхүү өмчтэй холбогдож дамжсан хэлбэрээр, дүрмийн санг өөрчлөх, захирлыг томилох зэргээр өмчийн хувь заяаг шийдвэрлэхэд оролцож байна. Орчин үеийн энэхүү асуудлыг олон улсын түвшинд судлан нэг мөр болгож сургалт, практикт ашиглах шаардлага ч бий боллоо.
- Хэрэв бид зах зээлийн эдийн засгийн харилцааг эргэлт буцалтгүй сонгож авсан юм бол түүнтэй холбогдсон онол, практикийн сонгодог зарчмуудыг тэр түвшинд нь хүлээж авахаас өөр аргагүй. Улсын өмчтэй байх үеийн “право хозяйственного управления”, “полное хозяйственное ведение” зэрэг хуучин ойлголтоосоо эрс салж, “trust”, “agency” зэрэг томъёоллыг жинхэнэ утгаар нь оруулж ирэхгүйгээр дээрх асуудлыг тайлбарлаж чадахгүй нь улам тодорхой болж байна. Бид иргэний эрх зүйн тогтолцоог сунгаж тэр чиглэлээр үндэсний хууль тогтоомжийн тогтолцоо хөгжиж байгаа нь үнэн боловч прагматик зорилгын үүднээс англи-саксоны эрх зүйн тогтолцооноос шаардлагатай зүйлийг зохих хэмжээгээр авч таарах байх.