Д.Лүндээжанцан
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №24, 1998
Ноёд, хатагтай нар аа
Иргэн хүн хүсэл зоригоо хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд явуулж буй үйл ажиллагааны боломжийн хүрээг эрх, эрх чөлөө гэдэг билээ. Хүний эрх, эрх чөлөөний асуудал нь ардчиллын амин гол сүнс нь байдаг бөгөөд дэлхий дахинд тогтсон жишигтэй байдаг. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхаглан бэхжүүлж өгсөн юм. Тодруулж хэлбэл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн, Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай пакт (1966)-уудад хүний эрхийн олон улсын стандартыг үндсэнд нь тогтоож өгсөн байна.
Ардчиллыг эрхэмлэдэг улс орон бүр өөр, өөрсдийн гол тулгуур хууль болох Үндсэн хуулиндаа энэхүү нийтлэг жишгийг удирдлага болгон, өөрийн орны онцлогт нийцүүлж, бие хүний эрх зүйн байдлыг тогтоодог байна
“Эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байх нь хүний салшгүй эрх бөгөөд түүнээсээ хагацах ёсгүй”, “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэсэн хүний салшгүй эрхийг тунхаглан зарласан олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнүүд болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал гарснаас хойш 50 жил өнгөрлөө
Монгол улсад энэ түүхэн чухал баримт бичгийг орчуулан нийтэлж, олон нийтийн хүртээл болгосноос хойш 10 жил болж байна.
Олон улсын эрх зүйн түүхэн баримт бичигт заасан хүний эрх эрх чөлөө, тэдгээрийг хэрэгжүүлэх баталгаа, механизмыг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заан бэхжүүлсэн юм. Өнөөдрийн манай бага хурлын гол зорилго бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үндсэн зарчмуудыг хууль, эрх зүйн салбарт хэрэгжүүлж байгаа байдал, хүний эрх, эрх чөлөөг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталгаатай хангах үүднээс хийж буй ажил, шийдвэрлэвэл зохих асуудалд анхаарлаа хандуулах явдал юм.
Монгол улс сүүлийн жилүүдэд хүний эрхийг хангах талаар өмнөх тогтолцооны үеийнхтэй харьцуулбал эргэлт гаргасан том алхам хийсэн гэдгийг дэлхийн ардчилсан улс орнууд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч, зохих ёсоор үнэлж байгаа билээ.
Гэвч хүний эрхийг хангах чиглэлээр дутуу, дулимаг анхаарч байгаа, доголдож байгаа зүйлүүд бий гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Энэ ч учраас хүний хувийн, улс төр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн хуулиудыг цаашид боловсронгуй болгож төгөлдөржүүлэх зарим чухал асуудлын талаарх илтгэлүүдийг өнөөдрийн бага хурлаар хэлэлцэх болно. Энэ нь манай бага хурлын ажил хэрэгч чанарыг дээшлүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн бага хурлыг Улсын дээд шүүх, Шихихутуг ХЗДС, УТБА-ийн Шинэ толь сэтгүүл хамтран зохион байгуулж байна.
Манай хурлын үйл ажиллагаанд УИХ-ын хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны удирдлага, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, гишүүд, Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүйн яамны хариуцлагатай ажилтнууд, хууль зүйн эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, оюутны төлөөлөгчид оролцож байгаад талархлаа илэрхийлж байна.
Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтын захирал, доктор Д.Бямбасүрэн нарын зэрэг манай улсын нэртэй эрдэмтэд тус бага хурлын ажиллагаанд оролцож байгаад талархлаа илэрхийлж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 50 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурлын ажиллагаа нээснийг мэдэгдье.
“Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 50 жил”
Г.Совд
“Шихихутуг” ХЗДС-ийн зөвлөх багш, Монгол улсын гавъяат хуульч, доктор, профессор
- Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал гэдэг хүн төрөлхтний түүхэн туршийн нийтлэг хүсэл мөрөөдөл, тэмцлийг баталгаажуулсан олон улсын эрх зүйн баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан юм.
Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах болсон урьдчилсан нөхцөл буюу хүний эрхийн төлөө бүх нийтийн тэмцлийг нэгэн зорилгод нэгтгэн хуульчлах бодит боломж нь дэлхийн хоёр дугаар дайн бүх нийтийн энх тайванч шударга ёсны төлөө тэмцэгч хүчний ялалтаар төгсөж Нэгдсэн Үндэсний Байгууллагыг байгуулсан явдал билээ.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг Хитлерийн эсрэг эвсэлд нэгдэж, даян дэлхийд энх тайван, ардчилал, шударга ёсыг эрхэмлэгч орнуудын хамтын хүчээр 1939-1945 онд боловсруулсан.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын дүрмийн анхны төслийг 1944 онд Америкийн Нэгдсэн Улсын Думбартон-Оксе хотод болсон бага хурлаар боловсруулж, 1945 оны зургадугаар сарын 26-нд Сан-Франциско хотын бага хурлаар 50 орон гарын үсэг зурж баталсан бөгөөд энэ дүрэм нь 1945 оны аравдугаар сарын 24нд хүчин төгөлдөр болсон юм. НҮБ-ын дүрмийн хүчин төгөлдөр болсон энэ өдрийг НҮБ-ын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал бол НҮБ-ын дүрмийн заалтыг хүний эрхийн салбарт улам тодорхой болгон хөгжүүлсэн олон улсын түгээмэл эрх зүйн тулгуур хэм хэмжээ мөн.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь оршил хэсэг, 30 зүйлээс бүрддэг. Тунхаглалын оршил хэсэгт бүх хүн төрөлхтөн, улс гүрнүүдээс хүний эрхийг хангах талаар гүйцэтгэх хүсэл эрмэлзэл, зорилтыг зарлан тунхаглажээ.
Хүн бүрийн заяагдмал эрхийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвныг сахин хамгаалахын үндэс мөн болохыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зорилгыг тодорхойлох иш үндэс болгосон юм. Энэ тухай тунхаглалын оршлын эхний хэсэгт “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх, эрх чөлөө, шударга ёс бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон,” гэж заасан байна.
Тунхаглалын оршлын хоёр дахь хэсэгт хүний эрхийг элдэв хэлбэрээр зөрчих нь олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлэн сөрөг үр дагаварыг буй болгож, нийтийг хамарсан балмад үйлдлүүдийг үүсгэдэг шалтгаан болсоор ирснийг таслан зогсоох эрмэлзлийг илэрхийлсэн байна.
Энэ зорилтыг Тунхаглалын оршлын хоёр дахь хэсэгт “Хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны жигшлийг төрүүлсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үг хэл, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөөтэй, айх аюулгүй, гачиглах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл хэмээн үзэж,” гэж заажээ.
Засаг, төрийн зүгээс явуулж байгаа харгис хатуу бодлого хэрэгжүүлэх нь хүн ардын эсэргүүцлийг төрүүлж эцсийн эцэст зэвсэг барин босож тэмцэхэд хүргэдэг тул хүний эрхийн эсрэг төр, засгийн хатуу ширүүн хүчирхийллээс хамгаалах зайлшгүй шаардлагатай бөгөөд хүний эрхийг хүндэтгэх талаар төр, засгийн бодлого нь зөвхөн аль нэг улсын дотоодод төдийгүй олон улсын хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх ач холбогдолтойг анхааран үзсэн байна.
Тунхаглалын оршил хэсгийн 3, 4 дэх хэсэгт “Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүрэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь зайлшгүй чухал гэдгийг анхааран, улс түмний хооронд, нөхөрсөг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх шаардлагатайг харгалзан,” гэж тодорхойлсон байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагад нэгдсэн улсууд тус байгууллагын дүрмээр тодорхойлсон хүний эрхийн тухай заалтуудыг улам нарийвчлан хуульчлах нь нийгмийн дэвшил, чөлөөт байдал, амьдралын нөхцлийг сайжруулахын чухал нөхцөл гэж үзжээ.
Энэ тухай Тунхаглалын оршлын 5 дахь хэсэгт “Нэгдсэн Үндэсний Байгууллагад нэгдсэн улс түмэн хүний үндсэн эрх, бие хүний нэр төр, үнэ хүндийг сахин хамгаалах, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхэд итгэл төгс байгаагаа дүрмэндээ нотолж, улам өргөн эрх чөлөөтэй нөхцөлд нийгмийн дэв амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхлах шийдвэрлэснийг харгалзан,” гэж заасан байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орнууд хүний эрхийг хамтын хүчээр хүндэтгэн сахих үүрэг хүлээсэн бөгөөд тэр үүргийг биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөний тухай нэг мөр нэгдсэн ойлголттой байх явдлын онцгой ач холбогдлыг удирдлага болгохын чухлыг онцлон үзсэн байна.
Тунхаглалын оршлын 6, 7 дахь хэсэгт “Гишүүн улсууд Нэгдсэн Үндэсний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахиулахад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн, энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөний мөн чанарыг нэг мөр ойлгох явдал нэн их ач холбогдолтойг харгалзан,” гэж заажээ.
Эдгээр нөхцөл байдлыг анхааран харгалзан үзсэний үндсэн дээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргаж, зарлан тунхаглаж байгаагийн зорилгыг дор дурьдсанаар тодорхойлжээ.
“Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс орон зорилтоо болгон дэвшүүлж, хүн бүр, нийгмийн нэгж, байгууллага болгон энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд эл тунхаглалын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх замаар эдгээр эрх, эрх чөлөөг хүндэтгэн мөрдөх явдалд дөхөм үзүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга замаар хүний эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс орны ард түмэн, тэдгээр улсын эрх мэдэлд байгаа нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард олны аль алинаар нь зохих ёсоор зөвшөөрүүлэн хэрэгжүүлэхийг зарлан тунхаглаж байна” гэжээ.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол олон улсын харилцаанд бүх нийтийн сахин биелүүлэх хүний үндсэн эрх, эрх чөлөөний хүрээг дэлхийд анх удаа тодорхойлсон олон улсын эрх зүйн хэм хэмжээ юм.
Энэхүү тунхаглалд бүх нийтээр хүндэтгэн сахих хүний эрхийн хүрээнд иргэний хувийн болон улс төрийн эрх, нийгэм, эдийн засаг, соёлын эрхүүдийг хамааруулан хуульчилсан байна.
Хүний хувийн эрх дотор юуны өмнө хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхийг тунхаглалын 3 дугаар зүйлд заажээ. Түүнчлэн, тунхаглалын 4 дүгээр зүйлд хэнийг ч боолчлол буюу бусдын бэрхшээлд байлгах ёсгүй, боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглосон юм. Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур эсхүл нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг тунхаглалын 5 дугаар зүйлээр хориглосны гадна 9 дүгээр зүйлд хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй гэж хуульчилсан юм. Түүнчлэн, хүний хувийн эрхийн ангилалд тунхаглалын 12 дугаар зүйлд заасан хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууц, эсхүл нэр төр, алдар хүндэд нь дураар халдах ёсгүй. Тэгж оролцох, тийнхүү халдах гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. Тунхаглалын 8 дугаар зүйлд Үндсэн хууль, бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй. 10 дугаар зүйлд хүн бүр эрх үүргээ тодорхойлуулах, эрүүгийн ял тулгавал тэр нь хэр зэрэг үндэслэлтэй болохыг тогтоолгохын тулд тухайн хэргийг бүрэн тэгц эрхийн үндсэн дээр, ил тод байдлаар, шударга ёсны бүх шаардлагын дагуу бусдын нөлөөнд автагдахгүй, гагцхүү хуульд захирагдах, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. 11 дүгээр зүйлд: 1) Гэмт хэрэгт яллагдаж буй хүн бүр өөрт нь тулгасан хэргийг өмгөөлүүлэх буюу өөрөө өмгөөлөх бүрэн боломжтойгоор шүүх хурлаар ил хэлэлцэн таслаж, хуулийн дагуу гэм буруутай нь тогтоолгох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй. 2) Тухайн үед үндэсний хууль тогтоомж буюу олон улсын эрх зүйн дагуу гэмт хэрэгт эс тооцогдож байсан аливаа үйлдэл хийсэн буюу хийгээгүйг үндэслэж хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн, гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тогтоож болохгүй гэсэн заалт нь хүний хувийн эрхийн хүрээнд хамаарч байгаа юм.
- Энэхүү тунхаглалд хүний хувийн эрхээс гадна хүний улс төрийн болон иргэний эрх, эрх чөлөөг өргөн хүрээтэй тунхаглан зарласан юм. Үүнд юуны өмнө хүний чөлөөтэй сэтгэх, шүтэх, өөрийн үзэл бодолтой байх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнүүд хамаарна. Тунхаглалын 18 дугаар зүйлд хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шүтэж бишрэх, сүсэглэх эрхтэй, энэ нь шашин шүтлэг буюу үзэл бодлоо өөрчлөх эрх, ганцаараа буюу бусадтай хамтран нийтийн болон хувийн журмаар шашин шүтлэг, үзэл бодлоо өөрчлөх эрх, ганцаараа буюу бусадтай хамтран нийтийн болон хувийн журмаар шашин шүтлэг, үзэл бодлоо заан түгээх, мөргөл хийх, сургааль гүйцэтгэх, шашны хийгээд зан үйлийн бусад ёслол үйлдэх эрхийг хамаарна. Тунхаглалын 19 дүгээр зүйлд: хүн бүр өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үүнд үзэл бодлоо ямар ч хориг цээргүй баримтлах, аливаа үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан боломжтой арга замаар эрэн сурвалжлах ашиглах, түгээн дэлгэрүүлэх эрх багтана. 20 дугаар зүйлд .
- Хүн бүр тайван замаар сайн дураар хуран цугларах, эвлэлдэн нэгдэх эрхтэй;
- Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгvй гэж заасан байна. Түүнчлэн:
- Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй;
- Хүн бүр улс орондоо төрийн алба хаших эрхтэй;
- Ард түмний хүсэл зориг бол засаг, засаглалын үндэс мөн. Энэ хүсэл зориг нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх үндсэн дээр саналыг нууцаар хураах, эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно гэж тунхаглалын 21 дүгээр зүйлд заасан байна. Тунхаглалын 18-21 дүгээр зүйлийн дээрх заалтууд нь хүний улс төрийн эрхийн үндсэн институтуудыг хуульчлан тодорхойлсон байна.
Тунхаглалын 13-17 дугаар зүйлүүдэд хүн бүрт иргэний хувьд эдлэх эрхүүдийг заасан байна. Тунхаглалын 13 дугаар зүйлд:
- Хэн боловч улс орны дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгон авах эрхтэй.
- Хэн ч бай, аль ч улс орныг, түүний дотор эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.
14 дүгээр зүйлд:
- Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугатаж өөр улс оронд орогнох боломжийг эрэлхийлэх, тийнхүү орогнох эрхтэй.
- Улс төрийн бус гэмт хэрэг үйлдсэн, эсхүл НҮБ-ын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдэлж үл болно.
15 дугаар зүйлд:
- Хүн бүр иргэний харъяалалтай байх эрхтэй.
- Аль ч хүний иргэний харъяаллыг буюу харъяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн хасах эрхгүй.
16 дугаар зүйлд:
- Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдэлнэ.
- Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн харилцан зөвшөөрөлцсөн нөхцөлд гэрлэж болно.
- Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй гэж тус тус заажээ.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний эдийн засаг, нийгэм соёлын эрхийг хувь хүний нэр төрөө хамгаалж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн тунхаглан зарласан нь Тунхаглалын 22 дугаар зүйлд хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бөгөөд нэр төрөө хамгаалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын талын эрх дархаа тухайн улс орны хүчин чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх эрхтэй гэсэн заалтаар суурилан дараах зүйлүүдэд тодорхойлсон байна.
Тунхаглалын 23 дугаар зүйлд:
- Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах эрхтэй.
- Хүн бүр ямар ч ялгаваргүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.
- Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй;
- Хүн бүр эрх ашгаа хамгаалуулах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу нэгдэх эрхтэй.
24 дүгээр зүйлд: хүн бүр ажлын цагийг зохистойгоор хязгаарлахыг шаардах, цалинтай тогтмол амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.
25 дугаар зүйлд:
- Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгмийн ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй, ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.
- Эх нялхас онцгой асрамж туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан болон бутач хүүхэд ялгаагүй нийгмээр адилхан хамгаалуулна.
26 дугаар зүйлд:
- Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны
- болон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог байвал зохино. Хүн бүр заавал анхан шатны боловсролтой байх шаардлагатай. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээмжтэй байх ёстой, авъяас чадварыг нь үндэслэн хүн бүрт дээд боловсрол эзэмших боломжийг адилхан олгох ёстой.
- Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болгоход чиглэгдэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн НҮБ-аас энх тайвныг сахин хамгаалах талаар явуулж байгаа үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.
- Бага насны хүүхдийн боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдэлнэ.
27 дугаар зүйлд:
- Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийг бахдах, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.
- Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны үр шимийг хүртэж, ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй гэж заасан байна.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тоочиж зарлан тунхагласан бүх эрх, эрх чөлөөний хамгийн гол удирдамж болох үндсэн зарчим нь адил тэгш эрхтэй байх зарчмыг тунхаглалын 1, 2, 7 дугаар зүйлүүдэд зарлан тунхагласан байна.
1 дүгээр зүйл: Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг. Оюун ухаан, нандин чанар заяасан хүн гэгч өөр хоорондоо ахан дүүгийн үзэл санаагаар харьцах учиртай.
2 дугаар зүйл: Хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг ямар ч ялгаваргүйгээр, арьс өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүний харъяалдаг улс орон буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй буюу олон улсын статус ямар ч байлаа гэсэн тэрхүү нутаг дэвсгэр нь тусгаар тогтносон, бусдын асрамжинд байгаа, өөртөө захиргаагүй буюу бүрэн эрхтэй байдал нь өөр ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан хүнийг ялгаварлаж үл болно.
7 дугаар зүйл: Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаваргүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд аливаа үйлдэл, ялгаварлан гадуурхах явдал, тэгж ялгаварлах аливаа турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй гэж тус тус заажээ.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зарласан хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангах нөхцөл, нийгмийн баталгаа нь улс орны дотоодод эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх нийгмийн байгууламж, гадаад орчин нь олон улсын харилцааны тааламжтай журам дэглэм байх ёстой. Энэ тухай Тунхаглалын 28 дугаар зүйлд: Хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй гэж заажээ.
Хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдлүүлэх нийгмийн байгууламж гэдэг бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байх ёстой. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бол онолын хувьд нийгэмд хүний эдлэх байр суурийг хамгийн өндөрт тавих, Тэдний эрх, эрх чөлөө, чөлөөт хөгжил, сайн сайхан аж байдлыг эрхэмлэн дээдлэх хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд бүтээсэн үнэт зүйл бүхнийг хүний төлөө зориулсан нийгмийн байгуулал байх учиртай.
Тунхаглалд зарласан хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж, аж төрөх боломжийг хангах олон улсын дэг журам гэдэг бол олон улсын хооронд бүрэн итгэлцэлд үндэслэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлсний үндсэн дээр бүх нийтийн энх амгалан байдлыг буй болгох явдал юм.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрх, үндсэн эрх чөлөө бүр эргэх холбоондоо хүн бүрт тодорхой үүрэг буй болгодог. Жишээ нь, хүн амьд явах эрхтэй тул бусдын амийг хайрлах, хамгаалах үүрэгтэй болдог.
Энэ бүгдийг хураангуйлан хүний үндсэн үүргийг Тунхаглалын
- Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй өв тэгш хөгжлийг хангана.
- Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг хууль зүйн дагуу зөвшөөрөн хүндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх, ардчилсан нийгэмд байдаг хэв журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон хязгаарлалтад л захирагдана.
- Эдгээр эрх, эрх чөлөөг НҮБ-ын зорилго зарчимд харшлуулан эдлэх ёсгүй.
- 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан явдал бол тэр үед оршин байсан нийгэм, эдийн засгийн янз бүрийн байгуулалтай орнууд хүний эрхийг хамгаалах салбарт хамтран ажиллах боломжийг нээсэн олон улсын харилцааны онцгой чухал үйл явдал болсон байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол заавал биелүүлэх хуулийн хүчин чадал агуулаагүй зөвлөмжийн чанартай баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, улс орнууд нэгдэн орох буюу соёрхон баталж Үндсэн хуулийн адил хүчинтэй болгодоггүй юм.
Гэхдээ түүний оршин үйлчилж ирсэн олон жилийн туршлагаас үзэхэд түүний заалт бүр хэрэгжиж байх асар их ёс зүйн болон улс төрийн хүчин чадалтай болохоо батлан харуулж, бүх нийтэд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны стандарт болсон учир улс орнууд дотоодын хууль тогтоомждоо Тунхаглалын үзэл санаа, зарчмуудыг хүндэтгэлтэйгээр өөрсдөө хүлээн авч хуульчлах боллоо. Үүний хамгийн ойрын жишээ бол Монгол Улсын 1992 онд баталсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөний тухай хуульчилсан заалтууд юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь олон улсын харилцаанд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны гол үндсэн эх сурвалжийн хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тул түүнтэй нийцүүлэн заалт бүрийг нь улам тодорхой болгосон хүний эрхийн тухай маш олон гэрээ, конвенциудыг НҮБ-аас батлан гаргаж тэдгээр нь дэлхийн орнууд соёрхон баталж буюу нэгдэн орж заавал биелүүлэх хуулийн хүчинтэй үйлчилж байна. Эдгээрийн тоонд юуны өмнө түгээмэл тунхаглалын хамт хүний эрхийн цомог болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1966 онд баталсан Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт, түүний нэмэгдэл протоколууд орно.
Түүнчлэн, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1965 онд баталсан Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенци, 1969 онд баталсан Нийгмийн дэвшил, хөгжлийн тунхаглал, 1973 онд баталсан Апартеидийн гэмт хэргийг таслан зогсоож шийтгэх тухай конвенци, 1974 онд баталсан Өлсгөлөнг устгах тухай түгээмэл тунхаглал, 1975 онд баталсан Шинжлэх ухаан, техникийн дэвшлийг энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан байдлын ашиг сонирхолд ашиглах тухай тунхаглал, 1979 онд баталсан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж харилцах аливаа хэлбэрийг устгах тухай конвенци, 1984 онд баталсан Эрүү шүүлт болон хүмүүнлэг бишээр хатуу хэрцгий харилцаж, хүний нэр төрийг гутаах, яллахын эсрэг конвенци зэрэг маш олон чухал гэрээ, конвенциуд бүх нийтийг хамран үйлчилж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон нь
С.Төмөр
УИХ-ын гишүүн, хууль зүйн ухааны дэд доктор, дэд профессор
50 жилийн тэртээ НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шудрага ёс бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон” батлан зарласан түүхтэй.
Монгол улсад өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеэс иргэд, улс төрчид, хуульчид хэн бүхний анхаарал татсан олон асуудлын нэг, тулгуур асуудал бол Монгол дахь хүний эрх, эрх Чөлөө түүний цаашдын төлөв, хувь заяаны тухай байсан юм. Тийм ч учраас Үндсэн хуулийн төсөл боловсруулах явцад уг асуудлыг хэрхэн тусгах олон улсын эрх зүйн актууд ялангуяа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгах, тэдгээрийг хөгжүүлэх механизм ямар хэлбэр, төрөл тогтолцоотой байх зэрэг олон цоо шинэ асуудал тулгарч байсан билээ. Энэ илтгэлийн гол агуулгад орохын өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал олон улсын эрх зүйн бусад актад байдаг зарим нэг ойлголтын талаар саналаа солилцъё гэж бодсон юм.
Хүний эрх, иргэдийн эрх гэсэн энэ хоёр категори нэг асуудлаас эхтэй боловч өөр ойлголтууд юм. “Хүний эрх” нь хүний жам ёсны эрхээс харин “иргэний эрх” нь хүний позитив эрхээс үүсэлтэй юм. Хүний эрх бол бүх хүнд байх бөгөөд тухайн хүн хаана амьдарч байгаа эсэхийг үл харгалзан тухайн улсын иргэн мөн эсэхээс үл хамааран төрөхөөс нь нэгэн адил заяасан байна. Харин иргэний эрх нь тухайн улсын иргэний харъяалал бүхий хүний эдэлж байхаар хуулиар тогтоож олгосон эрх, эрх чөлөөний нэгдэл юм.
Иргэний эрх– нь хүмүүсийн хоорондын эрх тэгш байдлыг хягаарласан өөрийн онцлог бүхий механизмаас бүрддэг. Энэ нь тухайн улсад амьдарч аж төрдөг ч түүний харъяат иргэн биш хүмүүсийн эрх чөлөөний хүрээ нь хязгаарлагдмал байдгаар тодорхойлогдоно.
Хүн ямар ч улсад хэдий хугацаагаар ч гэсэн оршин байгаа ч тэрээр эрх чөлөөтэй хэвээр байж дэлхий нийтийн хийгээд өөрийн харъяат улс мөн оршин байгаа улсынхаа өмгөөлөл хамгаалалд байна. Энэ бол тунхаглалын гол үзэл санаа. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн эрх, эрх чөлөө гэдэг бол төрийн хууль зүйн дээд хамгаалалтанд байдаг эрх чөлөөний төрөлхийн боломжийг илэрхийлсэн хүний хамгийн чухал, үндсэн тулгуур эрх, эрх чөлөө юм. Эдгээр нь үндсэн хуулийн эрх зүйн харилцааны үндсэн элемент юм. Энэхүү харилцаа нь хүн бүрийн үндсэн болон бусад эрх, эрх чөлөөг төр баталгаатай хамгаалах үүргийг хүлээсэн нөхцөлд төр болон хүний хооронд үүсдгээрээ онцлог юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал нь 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний хэд хэдэн үндсэн асуудлыг цоо шинээр дэвшүүлэн тавих нөхцөл боломжийг бий болгосон юм гэж хэлж болно. Үүнд:
Нэгдүгээрт. Хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ангич байр сууринаас хандах үзэл баримтлалаас татгалзсан явдал Нийгмийг дотор нь мөлжигч, мөлжигдөгч, хөрөнгөтөн пролетари гэж зааглан бие биенийх нь эсрэг сөргүүлэн тавьдаг марксист номлолоос ангижрах бодитой боломжийг бий болгов. Ингэснээр нийгмийн зарим хэсэг, бүлгийн эрх, эрх чөлөөг хасах, хязгаарлах энэ утгаар хүнийг ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах явдлыг устгах чухал нөхцлийг бүрдүүлсэн юм.
Хоёрдугаарт. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын нэг чухал үндэс нь улс төр, үзэл суртлын олон ургальч үзэл баримтлалыг Монгол улсын түүхэнд анх удаа хүлээн зөвшөөрч төрийн гол хуулиар баталгаажуулсанд оршино. Ингэснээр иргэн хүн өөрийн гэсэн үзэл баримтлалтай байж, улс төрийн болон бусад үзэл санааг өөрийнхөөрөө шүтэж, ойлгох амьдралдаа хэрэглэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хууль 1924 оных шиг хүн амынхаа төдийгүй, нэгэн ангийн зөвхөн нэг хэсэг байсан “жинхэнэ ард”-ын эрх чөлөөг бус, 1960 оны Үндсэн хууль шиг улс орны хүн амыг анги давхрагаар нь ялгаварлан зэрэглэсэн эрх дархыг бус, харин хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэн тодорхойлж, өргөн дэлгэр баталгаа тогтоосноороо чанарын ялгаатай гэж үзэх бүрэн үндэстэй.[1]
Гуравдугаарт, Эрх зүйн субъектын хувьд хүн-Нийгэм-төртэй харилцах харилцаанд баримтлах чиг хандлагад үндсэн арга гаргаж анх удаа “хүний эрх” гэсэн улс төр, эрх зүйн шинжтай категорийг Үндсэн хуулийн түвшинд хүлээн зөвшөөрөв. Энэ нь тодорхой хүн бүрийн өөрийн нь эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Ингэснээр социалист төрийн “хамт олны субъект” буюу бүх хүн нэг үзэл баримтлалтай, дан ганц улс төрийн үзэл сурталтай байх зарчимд тулгуурласан номлолоос татгалзах нөхцлийг бүрдүүлсэн юм. Энэ хамт олонч зарчмын ач холбогдол нь иргэний нийгмийн таатай нөхцлийг бүрдүүлэх өөрөөр хэлбэл, хүн тус бүрийн эрх, эрх чөлөө Тэдгээрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л бүрдэнэ. Ерөөсөө энэ зарчмын онцлог шинж бол тус оронд эрх зүйт ардчилсан төртэй иргэний нийгэм байгуулах эдийн засгийн шинэ тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, төрийн нэгдмэл механизмыг бүрдүүлэх, нийгмийн янз бүрийн бүлгийн ашиг сонирхлыг тодорхой зөвшилд хүргэх нөхцөл бүрдүүлэх явдал юм. Гэхдээ ашиг сонирхлын зөвшилд хүрэхдээ төрийн болон бусад ямар нэг хэлбэрийн хүчирхийллийг хэрэглэнэ гэсэн хэрэг биш, харин уг асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг харгалзан үзнэ гэсэн зарчмаар тодорхойлогдож байна.
Дөрөвдүгээрт. Хүний эрхий түгээмэл тунхаглалын бас нэг онцлог шинж бол хувь хүний ашиг сонирхлоос төрийнх нь давуу байдаг гэсэн зарчмаас татгалзсан явдал юм. Энэ Тунхаглалын оршил хэсэгт зааснаар хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах явдал зон олны жигшлийг төрүүлсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс итгэл үнэмшилтэй, эрх чөлөөтэй, айх аюулгүй амьдрах нөхцлийн гол үндэс нь, баталгаа нь болж байгаа юм. Ингэхлээр төр бол Нийгэм болон иргэд, хувь хүний өмнө үүрэг хариуцлага хүлээдэг нийгмийн төлөөлөгч юм. Үндсэн хуулиар төр, иргэний харилцан биенийхээ өмнө эрх эдлэх, үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг тогтоов.
Бие хүний ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд үндэслэсэн хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтох үйл хэрэг нь В.Фон Гумбольдтын хэлснээр “төрийн эрх мэдлийн хэр хэмжээг тодорхойлох” явцад бий болсон гэж хэлж болно.
Хүний эрх чөлөөтэй байх эрх нь төрийн өмнө хүн хамгаалалтай байх явдлаар баталгаажна. Энэ нь иргэд улс төрийн үйл явцад оролцох замаар хэрэгжинэ. Ер нь эрх чөлөө, эрх тэгш байдал нь зөвхөн ардчилсан үндсэн хуулийн байгуулалтын зарчимд тулгуурлана. Ардчилал бол иргэний болон улс төрийн эрх, эрх Чөлөө төлөвшин хөгжих явцад л бодитой байх ёстой. Эрх тэгш байх зарчим өөрөөр хэлбэл, хүн бүр хуулийн өмнө адил байх, сонгуулийн тэгш эрх, төрийн алба хаах явдал хүний эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн байх болно. Хүний эрхийн нэг онцлог бол ямагт эрх чөлөө, тэгш эрх, аюулгүй байдал, улс төрийн эрх өөрөөр хэлбэл бие хүнээс төртэй шууд, шууд бус байдлын харилцаанаас хамааралтай байна. Олон түмэн төрд нэгддэг. Тийм учраас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэхдээ нийгмийн сайн сайхны ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой. Төрөөс бие хүний эрхийг хамгаалахдаа олон нийтийн ашиг сонирхлыг баталгаатай хамгаалах үүрэгтэй.
Үүний зэрэгцээ төр Үндсэн хуулийн хүрээнд төрийн хуулиар бие хүний эрхийг хязгаарлах бодит боломжоор хангагдсан байх Тунхаглалын үзэл санааг манай эрх зүйн тогтолцооны нэг гол зарчим болгон Үндсэн хуулиар хуульчлав. Энэ нь:
- Хүний эрхийг хамгаалах хүрээ
- Үндсэн хуулиар шууд болон бусад хуулиар тогтоосон хязгаарлалтууд
- Эдгээр хязгаарлалтын хэмжээ хязгаар гэсэн үндсэн 3 түвшингээр тодорхойлогдож болох юм.
Энэ бүхнийг үндэслэн манай Үндсэн хуулиар төр бол нэг талаас хүний эрхийн баталгаа, нөгөө талаас түүний эсрэг зогсдог хүчин байна гэсэн хэм хэмжээний зарчмыг үндэс болгосон гэж үзэж байна.
Тавдугаарт, Үндсэн хуулийн үзэл баримтлалд Тунхаглалын 1 дүгээр зүйлд заасан “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг. Оюун ухаан нандин чанар заяасан хүн гэгч өөр хоорондоо ахан дүүгийн үзэл санаагаар харьцах учиртай” гэсэн үзэл санаа шууд тусгалаа олсон билээ. Энэ нь нийгмийн аливаа харилцаанд төр, иргэн адил тэгш оролцох боломжийг бүрдүүлэх хууль зүйн чухал баталгаа болж байгаа юм.
Зургаадугаарт. Манай Үндсэн хуулиар анх удаа “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Энэ нь манай эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх хэмжээ, зарчим, гэрээ болох хууль зүйн үндэслэлийг тогтоосон чухал алхам болов. Үүний зэрэгцээ төр Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосноос гадна өөрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн болон түүнийг хэрэгжүүлэхэд оролцдог байгууллагуудын үйл ажиллагаагаар уламжлан хүний эрхийг хамгаалах, түүнийг хэрэгжүүлэх үүргийг биелүүлдэг. Энэ бол эрх зүйт хүмүүнлэг төрийн мөн чанар юм.
Тунхаглалын үзэл санааны гол чиг хандлага нь хүний хувийн эрх чөлөөг үндэсний хууль тогтоомжоор хуульчлан баталгаажуулахад анхаарал хандуулсанд байдаг гэж үзэж байна. Эрх зүйн онолын хувьд иргэний хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөө гэдэг нь хүн төрийн хүсэл зоригоос ул хамааран өөрийн шийдвэрийг гаргах хүний улс төр- эрх зүйн шинжтэй боломж юм гэж хэлж болно. Хүний шүтэн бишрэх, чөлөөтэй үг хэлэх, өөрийн үзэл бодолтой байх, чөлөөтэй шилжин суурших зэрэг эрх чөлөө бол хүний хөгжлийн түүхэнд эртнээс уламжлалтай ажээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгчдийг хорьж шийтгэх замаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах явдал мөн л бусдаасаа нэн эртний уламжлалтай гэж үздэг байна. Ингэснээр манай Үндсэн хуулиар хүн өөрийнхөө гэм буруугүйг нотлох замаар мэтгэлцэх, эрүү шүүлт тулгах замаар хүлээлгэсэн мэдүүлэг, нотлох баримтыг хүчингүйд тооцуулах арга үүсгэх, бие даасан хараат бус шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болтол гэм буруугүй гэж үзэх зэрэг эрхийг баталгаатай эдлэх хууль зүйн баталгааг бий болгов.
Хүний хувийн улс төрийн эрх, эрх чөлөө нь бусдаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Энэ нь:
- Мөн чанараараа хүний өөрийнх нь эрх, эрх чөлөө өөрөөр хэлбэл, иргэний харъяалалтай ямар нэг холбоогүй байдаг.
- Эдгээр нь тухайн хүний төрөлхийн шинжтэй түүнээс салгаж болдоггүй эрх юм.
- Мөн хүний амь нас, эрх, эрх чөлөө нэр төр, алдар хүндийг хамгаалах, хүний хувийн амьдралын бусад төрөлхийн эрхийг хамгаалахтай холбоотой эрх, эрх чөлөөг хамаардаг.
Тунхаглалын 3-5 дугаар зүйлд зааснаар хувийн үндсэн эрхийн нэг нь хүн амьд явах, эрх чөлөөтэй байх, хувийн халдашгүй дархан байх” эрх юм. Эдгээр нь цогцолбор асуудал. Хүний бусад эрхийн суурь үндэс нь болдог. Уг асуудлыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “хүн амьд явах эрхтэй байх”, 13-д “халдашгүй чөлөөтэй байх, эрх, эрх чөлөө, тэдгээрийг хэрэгжүүлэх, хамгаалах” эрх зүйн баталгааг хуульчлан тогтоож Тунхаглалын заалт, үзэл санааг төрийн гол хуульдаа шууд тусгасан. Хүн амьд явах болон бусад эрхийг зөрчсөн тохиолдолд төрийн цээрлэл хүлээлгэх, тухайлбал цаазаар авах ялыг хэрэглэх онцгой нөхцлийг манай Үндсэн хуулиар тогтоосон.
Хүн чөлөөтэй сэтгэн бодох, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байна. Хүн чөлөөтэй сэтгэн бодох эрх чөлөөний гол агуулга бол улс төр, шашны болон бусад төрлийн үзэл суртлаас ангид байж юу бодож сэтгэх, шүтэх, итгэх нь тухайн хүний хувийн хэрэг, эрх чөлөө нь байх ёстой гэсэн Тунхаглалын үзэл санааг манай Үндсэн хуулиар хуульчлан тогтоов. Үүний зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, гэрлэлтээ цуцлуулах, шашин буюу үзэл бодлоо өөрчлөх эрх, ганцаараа буюу бусадтай хамтран нийтийн болон хувийн журмаар шашин шүтлэг, үзэл бодлоо заан түгээх, мөргөл хийх, сургаал гүйцэтгэх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх эрхийг Тунхаглалд тодорхойлон тусгасан байна. Төрөөс шашны байгууллага тусдаа байх бөгөөд шашны нэгдэл, байгууллагуудыг улс төрийн зорилгод ашиглахыг хориглосон байна.
Хүний хувийн амьдрал, захидал харилцаа, орон байр халдашгүй дархан байх эрх чөлөөг Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон нь манай нийгмийн харилцаанд оролцдог бүх субъектийн хууль зүйн гол үндэслэл болж байна. Уг эрх чөлөөг баталгаатай хангах хууль зүйн үндэслэлийг холбогдох хуулиудаар тогтоосон бөгөөд тухайлбал, орон байранд үзлэг, нэгжлэгийг зөвхөн хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх, хүн бүр хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад тохиолдолд хувийн бүх л амьдралын асуудал халдашгүй байхаас гадна түүний хувийн болон гэр бүлийн амьдралд хууль бусаар оролцох, түүний нэр төр, алдар хүндэд нь халдахаас хамгаалах, хамгаалуулах эрхтэй байхаар тогтоов. Түүнчлэн хуульд заасан үндэслэлээс гадуур урьдчилан мэдэгдэлгүйгээр эсхүл зөвшөөрөөгүй тохиолдолд нь хэнийг ч мөрдөх, фото болон кино зургийг нь авах үг яриаг нь бичлэг хийж авахыг хориглоно гэж уг Үндсэн хуульд заажээ.
Хүн чөлөөтэй зорчих, оршин суух газраа сайн дураар сонгох, мөрдөлт мөшгилтөөс зугтаж өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх, тийнхүү орогнох эрх чөлөөтэй байх үндэслэлийг Тунхаглал болон Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн пактад заасан үндэслэлийн дагуу манай Үндсэн хуулиар тогтоов. Иргэн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад тохиолдолд үндэсний нутаг дэвсгэрийн ямар ч хэсэгт чөлөөтэй оршин суух, зорчих эрхтэй. Аливаа нэг хязгаарлалтыг улс төрийн зорилгоор тогтоохыг хориглосон явдал Тунхалалын үзэл санаа манай Үндсэн хууль бусад хуульд тусгалаа олсон болно. Гэхдээ улс төрийн бус гэмт хэрэг үйлдсэн, эсхүл НҮБ-ын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж байгаа тохиолдолд дээрх эрхийг эдэлж үл болно гэж Тунхаглалын 14 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл Үндсэн хууль болон бусад хуульд хуульчлагдсан болно.
Хүний эрхийн нэг төрөл хэсэг нь нийгэм, соёлын эрх, тухайлбал нийгмийн гишүүний хувьд нийгмээс хангамж авах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм соёлын эрх дархаа тухайн улс орны хүчин чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх, хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах, адил хэмжээний хөлс авах эрхтэй байх ёстой гэж Тунхаглалд заасан байдаг. Мөн эх, Нялхас, онцгой асрамж, туслалцаа авах, сурч боловсрох, Нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны үр шимийг хүртэж, ашиг сонирхлоо хамгаалуулах зэрэг эрхтэй байх үзэл санааг манай Үндсэн хууль, түүнд үндэслэсэн бусад хуулиар нарийвчлан тогтоов. Тунхаглалд хүний эрхийн үндсэн агуулгыг тодорхойлсон байх бөгөөд тухайлбал, үүнд:
- Бүх хүн төрөхөөсөө эрх чөлөөтэй, хэн ч тэдний жам ёсны эрхийг хязгаарлах, салгах эрх байхгүй.
- Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний жам ёсных нь болон хууль ёсных нь эрхийг үл хөндөх, хор хохирол учруулахгүй байх, бүхий л боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Ийм учраас хүний эрх, эрх чөлөө нь хязгааргүй байж, болохгүй бөгөөд энэ нь бусад хүний мөн л тийм эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг нь Тунхаглалын гол үзэл санаа юм.
- Хүний эрх, эрх чөлөөний хязгаарлах үндэслэл, журмыг зөвхөн төрийн хуулиар хязгаарлана. Хэрэв хууль ардчилсан шинжтэй байж, хэрэгжих боломжтой бол эрх чөлөө, эрх зүйн дэг журам нь өөр хоорондоо эсрэг тэсрэг зүйлс биш байж чадсан нөхцөлд л Тунхаглалын энэ үзэл санаа бодит зүйл болж хэрэгждэг байна.
- Хүн эрхийнхээ хүрээнд чухам юуг хийж болохыг зөвшөөрөх үндэслэл нь өөрөө хүний эрхээр уламжлан тодорхойлогдох ёстой ажээ. Хүний эрхийг (хуульчлан) бэхжүүлэх нь хүн өөрийн боломжийг ямар ч эрх нь эрх чөлөөний агуулгыг зөрчихгүй байх ёстой гэдгийг ухамсарлахад нь туслах зорилготой байна.
- Хүний эрхийг хязгаарлах нь ардчилсан нийгэмд бүх нийтийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэсэн байх ёстой. Хэрэв төр, нийгмийн зүгээс хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа бол тэр улс, Үндсэн хууль ардчилсан шинжгүй болох нь тодорхой.
- Хүний Үндсэн үндсэн эрх, эрх чөлөө нь түүний үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой байх зарчим нь Тунхаглалын үзэл санааны нэг тулгуур үндэслэл болсон.
- Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх орон эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг хуу дагуу зөвшөөрөн хүндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх, ардчилсан нийгэмд байдаг хор журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтад л захирагдана.
Уг илтгэлийг “Тунхаглалын ямар ч зүйл ангийг аль нэг улс орон, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа ажиллагаа явуулах, тийм үйлдэл хийх эрх бололцоо олгож байгаа мэтээр мушгин ойлгож болохгүй” гэсэн үгээр төгсгөе.
[1] Б.Чимид. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал. Шинэ толь, 1995, N94, 10 дахь тал.