О.Өнөрцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: Хүний эрх, НҮБ, хүүхдийн эрх, түгээмэл тунхаглал, боловсрол, үйл ажиллагаанууд
Хүн амын боловсролын түвшин нь аливаа улс орны соёл, иргэншлийн гол үзүүлэлт, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болохын зэрэгцээ бие хүний төлөвшилтийн хэмжүүр болдог учраас дэлхийн олон орон боловсролын тогтолцоог боловсронгуй болгоход ихээхэн анхаарал тавьж байна. Ялангуяа, бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх явдал чухал ач холбогдолтойг дэлхий нийтээр онцлон тэмдэглэж байна[1]. Дэлхий дахин энэ мянган жилд баримтлах хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдээ нэгтгэн нэн даруй хэрэгжүүлбэл зохих “Мянганы хөгжлийн зорилтууд” хэмээн тодорхойлсон билээ.
“Хүний эрх” ба “боловсрол” хоёрын хоорондын харилцааг дараахь 3 хандлагаар дамжуулан судлаачид тодорхойлдог ажээ. Үүнд:
- “Сурч боловсрох эрх” (Right to Education)
Сурч боловсрох явдал нь хүний үндсэн эрх, эрх чөлөө мөн.
- “Боловсролоор дамжсан хүний эрх”
(Human Rights through Education)
Энэ нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, үзэл санааг боловсролын арга хэлбэрээр дамжуулан нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үйл явцыг тэмдэглэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, аливаа сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээ зэрэг бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн мөрдөх, дээдлэх хандлагыг тухайн шатны суралцагчдад бий болгоход эрмэлзэх явдал юм.
- “Боловсрол дахь хүний эрх”
(Human Rights in Education)
Боловсролын үйл ажиллагаа нь тухайн харилцаанд оролцогчдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрхээ эдлэх баталгааг хангах ёстой. Ялангуяа, сургалтын үйл явцад боловсролын харилцааны гол субъектууд болох сурагчид, хүүхэд, өсвөр үеийнхэн өөрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж, аливаа зөрчил, халдлага, дарамт, ялгаварлан гадуурхалт зэргээс ангид байх ёстой. Нөгөө талаас, сургалт, боловсролын үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэх, аливаа алагчлах хэлбэрүүдээс татгалзах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг дэмжих зэрэг хүний эрхийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэх ёстой гэж үздэг.
Боловсролын үүрэг, зорилго, ач холбогдлыг илүү гүн гүнзгий, өргөн утга агуулгаар авч үзэх тухай олон улсын хүний эрхийн баримт бичгүүд, олон улсын бодлого, хөтөлбөрүүдэд тусгасан байдаг.
Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлд[2]: «Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болгоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахин хамгаалах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой» хэмээн зааж өгсөн байдаг.
Мөн Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 29 дүгээр зүйлд[3]: Оролцогч улсууд хүүхдэд олгох боловсрол дараахь зүйлд чиглэх ёстой хэмээн үзэж байна:
(a) хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, авъяас билэг, оюуны болон биеийн чадавхыг бүрэн төгс хөгжүүлэх;
(b) хүний эрх, үндсэн эрх чөлөө болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмыг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх;
I эцэг эх, соёл, хэл, үнэт зүйлс, амьдарч байгаа улсынхаа болон төрсөн улс орныхоо үндэсний үнэт зүйлс болон өөрийнхөөсөө ялгаатай соёл иргэншлийг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэх;
(d) харилцан ойлголцол, энхийг эрхэмлэх, хүлцэн тэвчих, эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, аливаа ард түмэн, угсаатны болон шашны бүлэг, нутгийн уугуул иргэдийг хүндэтгэх үзлийг хүүхдэд төлөвшүүлж чөлөөт нийгэмд хариуцлагатай амьдрахад бэлтгэх;
(е) байгаль орчныг хайрлан хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх гэсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооны ерөнхий зөвлөмж No.1-д «Хүүхэд бүр өөрийн амьдралд шаардлагатай дадал чадвар, мөн өөрийн эрхээ эдлэх бололцоог өргөжүүлэх, хүний эрхийн үнэт зүйлсийг агуулсан соёлыг дэмжихүйц боловсролыг эзэмших эрхтэй» (2 зүйл) хэмээн заасан байдаг. Иймд боловсрол нь глобальчлал, шинэ технологи болон холбогдох бусад нөхцөл байдлаас үүдэн гарах өөрчлөлтүүдэд нийцүүлэн өөрийн амьдралаа тэнцвэртэй, хүний эрх, нөхөрсөг ёсонд тулгуурлан зохион байгуулах арга хэрэгсэл байх ёстой. (3 зүйл). Мөн Хүүхдийн Эрхийн Конвенцийн тайлбарт “бусдыг эрхээ эдлэхэд нь саад болохгүйгээр үл барам боловсролын үйл явцад бий болж буй үнэт зүйлсийг дэмжинэ. Энэ нь зөвхөн сургалтын хөтөлбөрөөр бус харин сургалтын үйл явц, арга зүйд болон сургалт явагдаж буй орчин зэрэгт агуулагдана.” Өөрөөр хэлбэл, хүний эрхийг агуулга дамжуулах болон дадлага туршлагын үйл ажиллагаагаар нэгэн зэрэг сургах ёстой бөгөөд сургуулийн тогтолцооны бүх түвшинд хэрэгжих ёстой. Энэ утгаараа суралцагч хүүхдүүдийн эрхэм зэргийг хүндэтгэж, эрх чөлөөг нь хангасан сургалтын үйл ажиллагаа нь «хүний эрхэд суурилсан боловсрол» юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлийн 26.1- д[4] “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.”, 26.3-д “Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.” Хэмээн одоогоос 60 орчим жилийн өмнө анх тунхагласан байна.
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 28 дугаар зүйлд[5]:
- Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээ авна:
(a) бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх;
(b) дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох;
I хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах;
(d) боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаархи мэдээллийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох;
(е) хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшинг бууруулах.
Мөн конвенцийн 29 зүйлд: «Оролцогч улсаас хүүхдэд олгож буй боловсрол нь дараахь зүйлд чиглэх ёстойг тохиролцож байна. Үүнд:
А. Хүүхдийг бие хүнийх нь хувьд болон түүний авъяас билэг, оюуны болон бие бялдрын авъяас чадварыг бүрэн төгс хөгжүүлэх,
Б. Хүний эрх, эрх чөлөө, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмыг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх,
В. Хүүхдийн эцэг эх, оршин сууж буй улс орны хийгээд өөрийн төрсөн улс орны өвөрмөц соёл, хэл, үнэт зүйл болон өөрийнхөөс нь ялгаатай соёл иргэншлийг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх,
Г. Чөлөөт нийгэмд бие биенээ ойлгох, эвсэн найрамдал, хүлцэн тэвчил, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд адил тэгш байж, аливаа улс түмэн, янз бүрийн арьстан үндэстэн хийгээд шашны бүлгүүд түүнчлэн уугуул нутгийн хүн ам өөр хоорондоо найрамдалтай байх үзлээр хүмүүжин ухамсартай амьдрах бэлтгэлийг хүүхдэд олгох,
Д. Байгаль орчныг хайрлан хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэхэд чиглэнэ» хэмээн зааж өгжээ.
Мөн боловсролын салбарт холбогдох бусад олон хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд олонтоо тусгагдаж ирсэн. Тухайлбал, ЮНЕСКО-гийн «Боловсрол бүх нийтэд» (1990), «Боловсролын талаархи Дакарын тунхаглал» (2000) зэрэг баримт бичгүүдэд боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх тодорхой зорилтууд тавигдаж ирсэн. Үүнээс улбаалаад «чанартай боловсрол» хэмээх ойлголт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн зөвхөн сурч боловсрох эрхтэй төдий биш, харин чанартай боловсрол эзэмших эрхтэй билээ. Чанартай боловсрол нь соёлын ялгаа заагийг хүлээн зөвшөөрөх, энхийг эрхэмлэх, хүчирхийллийг үл тэвчих, тогтвортой хөгжлийг бий болгох, амьдрах ухаанд сургах зэргээр орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхыг шаардаж байна. Эндээс чанартай боловсролын гол цөм нь хүний эрхэд суурилсан боловсрол юм хэмээн үзэх хандлага нэгэнт бий болж байна.
Ерөөс аливаа боловсрол нь хүний эрхийн зөрчил, эрсдлээс сэргийлэх, тэгш байдал, тулхтай хөгжлийг дэмжих, ардчилсан тогтолцооны шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмэр оруулж байдаг нийгмийн оюуны соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ. Ялангуяа, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүн бүрийг нийгэмд оролцох, хөгжих боломжийг хамгаалахын тулд хүний болон хүүхдийн эрхийн боловсрол нэн чухал ач холбогдолтой гэдэг дээр дэлхий нийт санал нэгдэж байна. Хүний эрхийн боловсрол нь нийгэм дэх шударга бус зүйлийн эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болохынхоо хувьд чөлөөт, ардчилсан, хариуцлагатай, зүй ёсны нийгмийг бүтээн байгуулах нэгэн үндэс болдог. Тийм ч “учраас “хүний эрхийн боловсрол бол бүх хүнд зайлшгүй хүртэх ёстой суурь боловсрол” хэмээн үзэх хандлага дэлхий нийтэд тогтож буй. Сургуулиуд нь хүний эрхийн боловсролыг дэмжихийн тулд одоогийн албан боловсролын тогтолцооны олон бүрэлдэхүүн хэсгүүдэд өөрчлөлт хийх шаардлагатай болно. Сургуулийн хөтөлбөрүүдэд хүний эрхийн хичээлийг оруулах буюу өөр бусад хичээлүүдтэй нэгтгэн интеграцчилах, одоогийн ашиглаж буй сурах бичгүүдийг хүний эрхийн стандартад нийцүүлэн шинэчлэх, мөн хүний эрхийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг болон бусад сургалтын материалуудыг боловсруулах, сургуулийн дүрэм журмыг хүний эрхийн зарчмуудад нийцүүлэн өөрчлөх зэргээр хүний эрхийн соёлыг сургуулийн орчинд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж болно. Мөн уг хичээлийг үзэж буй суралцагчдын нас, тэдгээрийн нийгмийн оролцоо, ойлгоцын түвшнээс хамааран олон талт байдлаар зохион байгуулж болно.
Дэлхий нийтийн хүний эрхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн авч үзвэл Монгол улсад хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхийн тулд албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролын үр дүнтэй, цогц хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Хүний эрхийн боловсрол нь иргэдийн дунд мэдээлэл түгээх, сургаж чадваржуулах, оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг тул шилжилтийн үеийн нийгмийн зүй ёсыг тогтоох хүчирхэг арга хэрэгсэл болж өгнө. Тиймээс хүний эрхийн боловсролыг олгохын тулд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй.
- Олон нийтийн дундах хүний эрхийн мэдлэг ойлголт, чадварыг нэмэгдүүлэх сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
- Хүний эрхийн олон улсын стандартын хэрэлжилтийг өөрийн орны нөхцөлд тодорхойлох, түүнд үнэлгээ шинжилгээ хийх арга зүй, удирдамжийг боловсруулах
- Нийгэмд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, энэ талаар үндэсний хэмжээний санал санаачлага, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
- Бага, дунд болон дээд боловсролын түвшинд хүний эрхийн боловсролыг оруулах, одоогийн хөтөлбөрүүдэд интеграцичлах замаар нэвтрүүлэх,
- Дээрхи боловсролын хөтөлбөрүүд нь шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны чадвар, асуудал шийдвэрлэх, хүчирхийллийн бус арга замыг сонгох зэрэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байх
- Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүн судлаачдын чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, сурталчлах
- Хүний эрхийн боловсролын нөөц, эх сурвалж хэрэглэгдэхүүнийг боловсруулах, олон нийтийн болон боловсролын байгуулагад түгээх
- Хүн бүхэнд хүртээмжтэй, ямар нэгэн хязгаарлалтгүй мэдээлэл олж авахуйц мэдээлэл харилцааны дэд бүтцийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа нь өнөөгийн хүний эрхийн боловсролын төлөв байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, багш мэргэжилтнүүдийн чадвар бололцоон дээр тулгуурлан албан ба албан бус боловсролын тогтолцоонд зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хандлагыг баримталбал зохино.
Хүний эрхийн боловсролын гол зорилго нь иргэний нийгмийгтөлөвшүүлэх, түүний үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах чадвартай, эрх үүргээ ухамсарласан иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг.
Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт зааснаар хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа нь дорх зарчмууд дээр тулгуурладаг.
(a) Иргэний, нийгэм эдийн засгийн, соёлын болон хөгжих эрхийг оролцуулан бүх эрхийн түгээмэл, харилцан хамааралтай, салшгүй байх зарчмуудыг хэрэгжүүлэх;
(b) Аливаа ялгааг хүлээн зөвшөөрөх, арьс өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн ба бусад үзэл бодол, үндэстэн угсаатны ба нийгмийн гарал байдал, бие сэтгэцийн эрүүл мэнд болон бусад шинж байдалд үндэслэсэн ялгаварлан гадуурхах байдлыг эсэргүүцэх, тийнхүү эсэргүүцэн үзэх байдлыг хүндэтгэн дэмжих;
I Ядуурал, хүчирхийлэл, мөргөлдөөн, ялгаварлан гадуурхах зэрэг хүний эрхтэй холбогдон үүсэж байгаа асуудалд анализ хийхийг дэмжин, хүний эрхийн стандартад нийцүүлэн шийдвэрлэх;
(d) Аливаа бүлэг, хувь хүмүүс өөрийн эрх, эрх чөлөөний хэрэгцээг мэдрэх, тийм боломжтой болох талаар гэгээрүүлэх;
I Янз бүрийн соёлын нөхцөл байдалд хүний эрхийн зарчмуудыг тохируулан нийцүүлэх, улс орон бүрийн нийгэм, түүхийн хөгжилд хамааруулан оруулах,
(f) Хүний эрхийгхамгаалахад чиглэсэн олон улсын баримт бичиг, механизмуудыг үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд хэрэглэх мэдлэг чадварыг бий болгох;
(g) Хүний эрхийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээг агуулсан сургалтын оролцооны арга зүйг хэрэглэх;
(h) Оролцоог эрхэмлэж, хүний эрхийг хэрэгжүүлж, хүний эрхэм сайн чанарыг хөгжүүлэхэд чиглэсэн айдас ба хүслээс ангид сургалтын орчинг бүрдүүлэх;
(i) Суралцагчды нөдөр тутмын амьдралтай нягт холбоотой байж, хүний эрхийг хийсвэр номлох биш тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын нөхцөл байдалд бодит үйл хэрэг болгох арга замын тухай үзэл бодлыг дэмжих зэрэг болно.
Ашигласан материал:
- George T. Andreopoulos and Richard Pierre Claude, (1997) Human Rights Education for the Twenty-First Century University of Pennisylvania, Philadelphia
- Nancy Flowers (1998) Human Rights; Here and Now Human Rights Educator’s Network, Amnesty International USA
- Flowers, N. and Rudelius Palmer, K. (2000, July 25).An introduction to human rights education.
- UN OHCHR Teaching human rights: Practical activities for primary and secondary school. UN Publication, 2004
- Vishwanath D. Karad Eds, (1999) Human Rights Education, Social Changes and Human Values, Balwant Printers, F.C.Road, Pune
- HURIGHTS OSAKA (1999) Human Rights Education in Asian Schools Vol.9 Bunseido,
- Felisa Tibbits, (1997) HREA Evaluation in the HRE Field: Getting Started The Hague: Netherlands
[1] Монгол улсын Засгийн газар, “Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх үндэсний хөтөлбөр” УБ. 1995.
[2] Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дугаар, I боть, х. 10, Улаанбаатар, 2004.
[3] Хүүхдийн эрхийн тухай конвенц. Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дугаар, I боть, х. 71, Улаанбаатар, 2004.
[4] Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дугаар, I боть, х. 10, Улаанбаатар, 2004.
[5] Хүүхдийн эрхийн тухай конвенц. Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дугаар, I боть, х. 71, Улаанбаатар, 2004.