С. Түмэндэлгэр
/МУБИС, доктор/
Шинэ толь №65, 2009
Түлхүүр үг : философи, Интерпретив хандлага, Позитивист, Шүүмжлэлт хандлага Феминист , Постмодерн
Удиртгал
1920-иод оноос эхлэн нийгэм судлаачдын хүрээнд нийгмийг байгалийг судалдагийн адилаар судалж болох эсэх талаар маргаан өрнөх болсон билээ. Энэхүү маргаан Монгол дахь нийгмийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хүрээнд 1990-ээд оны их өөрчлөлттэй зэрэгцэн орж ирсэн гэж хэлэхэд бараг хилсдэхгүй болов уу. Ийнхүү нийгмийн шинжлэх ухааны чанарын судалгааны хандлага хөгжих болсоноор чанарын судалгаа гэж юу болох талаар үнэн зөв хийгээд алдаа мадагтай ойлголтууд зэрэгцэх болжээ. Зарим судлаачид чанарын судалгаа бол хайгуулын судалгаанд хэрэглэгдэх нэгэн арга, бусад судлаачид тоон судалгааны үр дүнг баяжуулж буй хэрэг, тоон судалгааны баримтыг давхар нотолгоожуулж буй хэрэг гэх мэтчилэн ярилцаж, тэр бүү хэл зарим тохиолдолд ном, судалгааны бүтээлүүдэд бичигдсэн байх явдал гарч байна. Тоон ба чанарын судалгааны ялгаа заагийг олон зүйлээр тодруулан гаргадаг ч энэ удаад энэхүү өгүүллээрээ нийгмийн онолын хандлагын хувьд ямар ялгаа байдаг юм бэ гэдэг асуултад өөрийн судалсан ном, бүтээлүүдэд тулгуурлан өгүүлэхийг хичээлээ.
Тоон болон чанарын судалгаа нь мэдээлэл цуглуулах арга техникээрээ ялгагддаг төдий зүйл биш аж. Тоон болон чанарын судалгааны хандлагын ялгааг тодорхойлох нь хялбар биш бөгөөд нийгмийн онолын хандлагуудын ялгаатай холбоотой юм. Нийгмийн онолын хандлагуудын сэтгэлгээний хүрээ нь нийгмийн үзэгдлийг судлах тухай онолын мэдлэгийг бүтээж байдаг бөгөөд бусад хандлагуудын бүтээсэн мэдлэгтэй санал нийлдэггүй. Нийгмийн онолын хандлагууд нь нийгэм гэж юу болох, нийгэм хэрхэн оршин тогтнодог, нийгмийн үзэгдлийг хэрхэн судлах, түүнийг хэрхэн задлан шинжлэх зэргээрээ ялгагдана. Сонгодог онолчид нийгмийн ертөнц нь байгальтай төстэйгээр объективоор оршдог, түүнд түгээмэл, нийтлэг, дахин давтагддаг зүй тогтол илэрдэг тул түүнийг шинжлэх ухааны үүднээс судлах боломжтой гэдэгт итгэдэг байсан. Өнөөдөр шинжлэх ухаан бол мэдлэг бүтээх хамгийн оновчтой арга зам хэмээн хүлээн зөвшөөрөх болсон төдийгүй нийгмийг шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх болжээ. Үнэхээр та өдөр тутмын хэвлэлүүдэд гарч буй судалгаа шинжилгээ хийлгэх тухай зарыг хэвлэлээс долоон хоног тутам нэгийг олж харж чадах болов уу.
Харин өнөөгийн социологичид нийгмийн бодит байдлыг шинжлэх ухааны үүднээс судална гэдэг нь юу болох, үүнийг хэрхэн хийх ёстой вэ гэдэг асуудлаар маргалдаж байгаагийн илрэл нь онолын хандлагуудаас харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл, онолын хандлагууд нийгмийн шинжлэх ухаанчаар судлах мөн чанарыг өөрөөр тайлбарладаг бөгөөд тэр нь тоон болон чанарын судалгааны арга зүйн хандлага салбарлан хөгжих үндэс болж байгаа юм. Зарим нь байгалийг судалж буй физик, хими зэрэг шинжлэх ухаануудын адилаар, тэдгээрийн аргуудаас хуулбарлах замаар нийгмийг судалж болох ба аливаа үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс судлах явдал үүнээс өөрөөр байж болохгүй гэсэн санааг дэвшүүлдэг. Гэтэл бусад судлаачид хүний хийгээд нийгмийн оршихуй нь байгалийн оршихуйн мөн чанараас эрс ялгаатай тул байгалийг судалдагийн адилаар судлах ёсгүй гэсэн санааг дэвшүүлдэг. Уг асуудал нь зөвхөн социологичид төдийгүй философичдын дунд маргаан өрнүүлдэг бөгөөд философийн маргаанаас хальж социологичид өөрсдийн шинжлэх ухааны талаарх үзэл баримтлалдаа тулгуурлан судалгаа хийх альтернатив арга замуудыг хөгжүүлсэн нь нийгмийн онолын хандлагуудыг төлөвшүүлсэн юм.
Ийнхүү нийгмийн онолын хандлагууд нь нь социал бодит байдлыг хэрхэн ажиглах, хэмжих, ойлгох, тайлбарлах өөрсдийн гэсэн аргуудтай бөгөөд өөрөөр хэлбэл, нийгмийн ертөнцийг харах өнцөг нь өөр өөр юм. Тэгэхээр тоон болон чанарын судалгаа нь нийгмийн бодит байдал гэж юу болох, нийгмийн бодит байдлыг харах, судлах харц, өнцөгөөрөө ялгаатай. Учир нь эдгээр арга зүйн хандлагуудын цаана нийгмийн онолын ялгаатай хандлагууд оршиж байгаа юм. Тодруулбал, позитивизмийн хандлага нь тоон судалгааны, харин интерпретив хандлага, шүүмжлэлт онол, постмодернизм, феминизм нь чанарын судалгааны арга зүйн үндэс болдог байна[1]. Позитивизмын хандлага нь дотооддоо ялгаа бүхий чиглэлүүдтэй бөгөөд бүтэц үүргийн онол, зөрчилдөөний онол зэрэг макро түвшний онолууд багтдаг[2]. Үүнийг зарим социологичид Баримт сэлтийн парадигмын тулгуур онолууд хэмээх нь бий. Бид энэ удаад тоон судалгааны онол арга зүйн үндсийн талаар хэлэлцэхгүй тул интерпретив хандлага, шүүмжлэлт онол, постмодернизм, феминизмд анхаарлаа хандуулъя.
Нэг. Интерпретив хандлага
Интерпретив хандлагад герменевтик, конструктивизм, этнометодологи, когнитивизм, феноменологи социологи, символик интеракционизмыг багтаан ойлгодог[3].
Интерпретив судлаачийн хувьд нийгмийн судалгааны зорилго бол. социал амьдралыг ойлгох, тайлбарлах, эдгээр ойлголт тайлбарыг хөгжүүлэх, мөн хүмүүсийн бодит орчин, энэ орчинд хүмүүс хэрхэн харилцаж байгаад анхаарлаа хандуулна Судлаач хүмүүсийн үйлдлийн утга учрыг тэдний нүдээр харахыг хичээдэг. Ийнхүү интерпретив судалгаа нь гадаад ажиглагдаж болохуйц зан үйлийг судлах бус харин үүний эсрэг утга учиржсан социал үйлдлийг судлах юм. Социал үйлдэл гэдэг бол субьектив утга учир агуулсан буюу зорилго, хандлагатай үйлдэл юм.
Позитивистууд нийгмийн бодит байдал нь хүний ухамсараас үл хамаарсан объектив мөн чанартай гэж үздэг бол үүний эсрэгээр интерпретив хандлага нь нийгмийн бодит байдал нь нээлтээ хүлээж байдаг объектив мөн чанартай бус, харин хүмүүсийн ухамсраар тодорхойлогддог, учир нь өдөр тутмын амьдралын харилцан үйлдлийнх нь явцад бүтээгдэж, хөгжиж байдаг хэмээнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн амьдрал нь хүмүүс түүнээс хэрхэн суралцаж, мөн ямар утга өгч байгаагаар тодорхойлогдон оршдог. Хүний гадаад зан үйл бол жинхэнэ социаль утга учрын шууд бус илэрхийлэл нь байдаг. Судлаач Блейзер 1980 онд хэвлүүлсэн номондоо гадаад харагдах байдлаас амьдралын дотоод утга учирт нэвтрэхийн тулд дохио зангаа, үг авиа, үйлдлийн утгыг ойлгохоос эхэлнэ хэмээжээ.
Позитивистууд энгийн мэдлэгийг шинжлэх ухааны мэдлэгээс доогуур хэмээн үздэг. Үүний эсрэгээр интерпретив судлаачид энгийн мэдлэг бол хүний өдөр тутмын амьдралыг удирдаж байдаг болохоор хамгийн чухал мэдлэгийн үндэс нь энгийн мэдлэг юм хэмээн үздэг. Хүмүүс энгийн мэдлэгээ байнга л хэрэглэж байдаг. Энгийн ойлголт нь хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох үедээ хэрэглэдэг ойлголтуудыг агуулдаг, иймээс энгийн мэдлэгийг ойлгох нь их чухал билээ. Хүмүүс дан ганц шинжлэх ухааны мэдлэг дээр тулгуурлан үйл ажиллагаагаа хийвэл өдөр тутмын амьдралаа явуулж чадахгүйд ч хүрэх юм. Хүмүүс энгийн мэдлэгийн үнэн зөв гэдгийг туйлын байдлаар хэлж чадахгүй ч, аливаа зүйлийг хийхдээ энгийн мэдлэгээ үнэн хэмээн үзэж үйл ажиллагаагаа хийдэг.
Позитивистууд нийгмийн шинжлэх ухааны онол нь дедуктив аксиом, теором, харилцан холбогдсон шалтгаант хуулиуд бүхий байгалийн шинжлэх ухааны хуультай адилхан байх ёстой хэмээн үздэг. Харин интерпретив хандлагынхаар онол маш дэлгэрэнгүй тайлбарлал, билэг тэмдгүүдийн утгын тайлбарлал байна. Өөрөөр хэлбэл, хийсвэрлэл, ерөнхийчлөл багатай, харин дэлгэрэнгүй тодорхойлсон бичлэг ихтэй байдаг. Нийгмийн хүрээний интерпретив шинжилгээ нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн өдөр тутмын утга учиртай үйлдлүүдийн дотоод харилцан холбоог тайлбарлан үзүүлсэн уран зохиолын тайлбарлал шиг байж болдог. Учир нь бусдын ертөнцийг уншигчдад нээж өгч буй хэрэг. Хэрвээ судлаач судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотоод ертөнцийг бусдад шууд ойлгомжтойгоор нээж чадах юм бол онол үнэн байна хэмээн тооцдог. Гэхдээ судлаачийн тайлбарлал нь хоёрдогч шинжтэй байдаг тул хэзээ ч тухайн судлагдаж байгаа хүний анхдагч үзэл санаатай тэнцэж чадахгүй, харин төстэй байж чадах юм[4].
Интерпретив чиглэл баримт, нотолгоог обьектив бус, төвийг сахисан бус, саармаг бус харин утга учрын системд оршиж байдаг, түүнээс хамааран уян хатан шинжтэй байдаг хэмээн үздэг. Иймээс баримтууд нь тодорхой нийгмийн хүрээний хүмүүсийн тайлбараас шалтгаалж байдаг тодорхой-агуулгатай нийгмийн үйлдлүүд юм. Субъектээс ангид объектив, шууд баримтыг нээх боломжгүй юм. Учир нь судлаачийн субъективизм нь хүмүүсийн зан үйл, үйлдлийг ойлгох тэр мөчөөс л хамт яригдах ба өөр судлаач өөрөөр тайлбарлах боломжтой байдаг. Яг үүнтэй холбоотойгоор судлаач өөрийн үнэлэмж, үзэл бодол, мэдрэмжээс ангид байж чадахгүй тул үүнийг судалгааны нэг хэсэг болгон авч үзэх хэрэгтэй хэмээн интерпретивистууд үздэг[5].
Хоёр. Шүүмжлэлт хандлага
Шүүмжлэлт хандлага позитивизмыг шүүмжилсэн интерпретив чиглэлийн шүүмжүүдийг хүлээн зөвшсөрөхийн зэрэгцээ өөрийн гэсэн онцлог санаануудыг дэвшүүлдэг. Нийгмийн шинжлэх ухаан дахь шүүмлэлт хандлага нь Карл Маркс /1818-1883/, Зигмунд Фрейд /1856-1939/ нарын бүтээлээс эхтэй бөгөөд Теодор Адорно /1903-1969/, Эрих Фромм /1900-1980/, Херберт Маркузе /1898-1979/ нар гүнзгийрүүлэн судалсан байна. Шүүмжлэлт хандлага нь зөрчилдөөний онол, феминист шинжилгээ, радикал психотерапийн онолуудтай холбоотойн зэрэгцээ 1920-иод оны Германы Франкфуртын сургуулийнхны боловсруулсан шүүмжлэлт онол гол санаануудыг нь боловсруулжээ. Шүүмжлэлт чиглэл позитивист чиглэлийг хүмүүсийн үйлдлийн утга учир, хүмүүсийн мэдрэмж, сэтгэлгээний чадварыг үнэлж чаддаггүй, хүмүүнлэг бус хэмээн шүүмжилдэг бөгөөд үүний зэрэгцээ интерпретив чиглэлийг хэт субъектив, харьцангуйг чухалчилдаг, нийгмийн бичил нөхцөл байдал, хүрээгээр хязгаарлагдан нийгмийн илүү өргөн хүрээний асуудлыг орхигдуулдаг хэмээн шүүмжлэнгүй ханддаг. Ерөнхийдөө нийгмийн ухаан дахь шүүмжлэлт хандлагыг хүмүүс өөрсдийн ертөнцийн нөхцөл байдлыг сайжруулахад туслахын тулд бодит байдлын үнэн нүүр царайг гаргах, бодит байдлын талаархи өнгөц төөрөгдлийг арилгах зорилготой хийгдэж байгаа шүүмжлэлт үйл явц хэмээн тодорхойлж болох юм[6].
Шүүмжлэлт судлаачид нэгд, нийгмийн харилцааг өөрчлөн хувиргах, шүүмжлэхийн тулд судалгааг хийдэг. Мөн эрх мэдэлтэй болон эрх мэдэлгүй хүмүүсийн хоорондын далд нууцлагдмал харилцаа, боломжийг илрүүлэхийг тулд судалдаг. Тэднийхээр нийгмийн судалгаа нь бодит байдлын талаархи домог буюу хуурамч дүр зургийг өөрчлөн, жинхэнэ үнэнийг илрүүлж, үүний тусламжтайгаар хүмүүсийн төлөө нийгмийг өөрчилж чадах аж.
Позитивистуудын нэгэн адил шүүмжлэлт хандлагынхан реалист байр суурьтай. Тэд түүхэн реализмыг баримталдаг ба энэ нь нийгмийн бодит байдал нь социал, улс төр, эдийн засгийн болон бусад хүчин зүйлүүдээс хамааран тогтмол өөрчлөгдөж байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн бодит байдал байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд, энэхүү өөрчлөлт нь зөрчилдөөн, нийгмийн харилцаа, институтуудын хүчээр явагддаг. Ийнхүү тэд нийгмийн зөрчилдөөн, өөрчлөлтийн асуудалд гол анхаарлаа хандуулах бөгөөд нийгмийн институтжлэгдсэн харилцаан дахь зөрчил, парадоксыг судалдаг байна. Энэ дотоод зөрчил, парадокс нь нийгмийн бодит байдлын жинхэнэ мөн чанар нь юм хэмээн үздэг.
Позитивизм нийгмийн хүчин зүйл нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарсан хүний амьдралыг нөхцөлдүүлэн бий болгодог хэмээн үздэг бол шүүмжлэлт хандлага энэ үзлийг хүний үйл ажиллагааны үр дүнг уг хүнээс салгаж, гадны хүчин зүйлд шилжүүлж байна хэмээн шүүмжилдэг.
Энгийн мэдлэг бол бодит байдал дахь өөрийн хамгийн гол сонирхлын эсрэг байдаг алдаатай буруу төөрөгдөл, домог дээр тулгуурладаг харин жинхэнэ бодит байдал бол төөрөгдөл үлгэр домгийн цаана нь байдаг хэмээн энгийн мэдлэгийг ашиглах тухайд болгоомжлонгуй ханддаг. Гэхдээ тэд судлаач хүний субъектив санаа, энгийн мэдлэгийг судлах хэрэгтэй, учир нь эдгээр нь хүний зан үйлийг хэлбэржүүлж байдаг юм хэмээн үздэг. Гэхдээ энэхүү субъектив санаа, энгийн мэдлэг нь төөрөгдөл, худлаа санаагаар дүүрэн байдаг. Энэ худлаа төөрөгдөл, санаанууд нь эрх мэдлийн харилцаанаас хамааран тогтсон байдаг. Жишээ нь, эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдээс сул дорой гэсэн домог нь эцгийн эрхэт ёсны эрх мэдлийн бүтцээс хамаарсан тул энэхүү төөрөгдлийн цаана буй эцгийн эрхэт ёсны эрх мэдлийн харилцааг олж харах нь чухал гэж үздэг. Ийнхүү тэднийхээр социал бодит байдлыг олж харахад их хэцүү. Үүнийг харахын тулд судлаач өнгөц харагдах гадаад байдлыг гивлүүрийг сөхөж, бүтцийн учрыг тайлах хэрэгтэй болдог. Үүнд маш сайн нягт ажиглалт ч хангалтгүй байдаг. Учир нь гадаад байдлыг ажигласнаар учрыг олохгүй бөгөөд гадаад төөрөгдлийг сарниулан арилгаж чадахгүй. Өнгөрснийг харж, ирээдүйн асуудлуудыг хэлэлцэх, дотоод харилцаа холбоог турших, зөрчилдөөний эрч хүч, хугацааг ажиглах, өнгөц харагдах харилцааг гүнгийрүүлэн ойлгож чадахад чиглүүлэх онол судлаач хүнд хэрэгтэй байдаг.
Шүүмжлэлт хандлага хүмүүс материаллаг ертөнц, соёлын байгууламж, түүхэн нөхцөл байдлын нөлөөнд байдаг. Хүмүүс социал хууль, бүтэц, харилцааг өөрчилж чадах шинэ ойлголтуудыг боловсруулан гаргаж чадна хэмээснээр объективизм хийгээд субъективизмыг хослуулдаг.
Шүүмжлэлт хандлагын судалгаа нь эхлээд худлаа төөрөгдлийн цаадахь бодит байдлыг тодруулна, далд буй бүтцийг илрүүлнэ, харин үүнийхээ дараа хэрхэн өөрчилж болохыг тогтооно, улмаар ирээдүйн боломжит зорилгыг боловсруулан гаргах замаар хийгддэг тул үйл ажиллагааны судалгааны \action research\ шинжтэй.
Позитивистууд дэвшүүлсэн таамаглалаа дахин давтан шалгах замаар онолыг шалгах бөгөөд гарган үр дүнг хуулийг батлах баримт болгон ашигладаг. Интерпретив судлаач хүний зан үйлийн утгын систем, дүрэм журам тухайн хүнд ямар нөлөөтэйг шалгах баримтыг хайдаг. Харин шүүмжлэлт хандлага хүмүүст өөрсдийн ертөнцийг ойлгох, өөрчлөхөд туслах нөөц бололцоог олоход туслах баримтыг бий болгодог. Шүүмжлэлт хандлагын судлаач далд байдаг жинхэнэ бодит нөхцөл байдлыг сайн тодорхойлоод улмаар энэ мэдлэгээ нийгмийн харилцааг өөрчлөхөд ашигладаг тухай өмнө өгүүлсэн бөгөөд сайн онол нь хүмүүст дадлага туршлагыг зааж, тэдэнд өөрсдийнх нь түүхэн үүргийг ойлгуулдаг, уг онолыг энгийн хүмүүс ашиглан өөрсдийн амьдралаа дээшлүүлж чадаж байх нь чухал гэж үздэг. Тэд нийгмийн бодит байдлыг өөрчлөгдөмтгий гэж үздэгтэй холбоотойгоор нийгмийн онол нь тасралтгүй засварлагдаж байдаг үйл явц юм хэмээдэг. Ийнхүү мэдлэг тасралтгүй үргэлжлэх үйл явцаар өсөн нэмэгдэж, буруу ташаа алдаанууд нь багасаж байдаг[7].
Шүүмжлэлт хандлага судлаач болоод судалгаанд оролцогчдын хоорондын болоод шинжлэх ухаан болоод өдөр тутмын амьдралын зайг ойртуулахыг хичээдэг. Тэрээр өөрийн дэвшүүлсэн баталгаагаа тухайн нөхцөлд туршиж, улмаар энэ үйл явцыг өөрчлөхийг хичээх сувгуудыг хайх замаар үүнийгээ хийдэг.
Энэ хандлага нэг талаас баримтууд нь субъектын ухамсраас бие даасан байдалтай байдаг, гэхдээ тэдгээр нь үнэлэмж, онолын хүрээнд тайлбарлагдаж байдаг хэмээн баримт ямар байх ёстой вэ гэдэг талаар шүүмжлэлт онолынхон объективизм ба субъективизмыг хамтад нь дэвшүүлдэг.
Онолын тусламжтайгаар шүүмжлэлт чиглэлийн судлаач шинэ баримтуудыг олж илрүүлэн, жирийн зүйлүүдээс жинхэнэ чухал баримтуудыг ялгаж чаддаг. Онол судлаачид хаанаас баримт хайхыг зааж, олсон баримтуудаа хэрхэн тайлбарлахыг чиглүүлж байдаг нэг төрлийн газрын зураг юм хэмээн үзсэнээрээ судалгаа тодорхой дедуктив, хийсвэрлэгдсэн үзэл санаанаас эхлэхийг нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэд бүх онолууд гол түлхүүр баримтыг ойлгох, нээхэд бүгд ашигтай бус байдаг.
Шүүмжлэлт хандлага позитивизмын үнэлэмжээс чөлөөт байх зарчмыг үлгэр хэмээн үздэг. Мөн энэ хандлага интерпретив хандлагыг релятивист /бүх зүйл харьцангуй, туйлын зүйл гэж байхгүй хэмээх үзэл/ үзлийг ч шүүмжилдэг. Ийнхүү тэд үнэлэмжийн нөлөөллийг хасах боломжгүй гэж үздэг.
Гурав. Феминист судалгаа
Феминист судалгааг феминист онолын төлөв байдлыг хэрэглэдэг феминист эмэгтэйчүүд явуулдаг. Феминист судлаачид нийгмийн шинжлэх ухаанын хөгжилд эрэгтэй эрдэмтдийн давамгайлах байр суурийг илэрхийлсэн чиг хандлагыг засахын төлөө дуу хоолойгоо өсгөх оролдлогыг хийж байдаг. Энэ чиглэл эмэгтэйчүүдийн суралцах, туршлага нь эрэгтэйчүүдээс өөр байдаг гэсэн үзэл санааг илэрхийлсэн Эмэгтэйчүүдийн танин мэдэх арга замууд нэртэй /Беленки, Клинчи, Голдбергер, Тарюл нар. 1986/ бүтээлүүдээс эхтэй билээ[8].
Феминист судалгаа нь ердийн мэдлэгийн төлөв байдлаас ялгаатай субьектив туршлага болох эмэгтэйчүүдийн хүчтэй мэдлэг дээр тулгуурлан хийгддэг[9]. Нэлээдгүй феминист судлаачид позитивизм бол эрэгтэйчүүдийн үзэл суртал хэмээн шүүмжилдэг. Тэд позитивизмыг эрэгтэйчүүдийн өрсөлдөөн, орчиндоо давамгайлах, орчноо хянах баримтуудыг онцлон судалдаг чиглэл хэмээдэг. Харин үүний эсрэгээр феминист чиглэл нь эмэгтэйчүүдийн байр суурь, асуудлуудад анхаарлаа хандуулна. Тэд социал бодит байдал бол хоорондоо итгэл үнэмшил, үүрэг хариуцлагаараа холбогдсон хүмүүсийн харилцаа холбоо гэж үздэг. Феминист судлаачид социал бодит байдлын өдөр тутмын субъектив, ойр дотно харилцааны талыг онцлон судалдаг аж.
Феминист судлаачид феминист бус судалгааг эрэгтэй судлаачдын давуу тал, соёлын итгэл үнэмшил, хүйсийн үзлийн үр дүн хэмээгээд тэд эрэгтэйчүүдийн асуудал дээр төвлөрдөг, эрэгтэйчүүдийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг, уламжлалт хүйсийн дүр дээр тулгуурласан мэдлэгээ бүх хүмүүсийн мэдлэг болгон ерөнхийлөн боловсруулдаг хэмээн шүүмжилдэг.
Судлаачид болон шинжлэх ухааны нийгэмлэг нь жендерийн нөлөөтэй соёлын агуулгаас хамаарч байдаг. Жендер нь соёлд маш өргөн хүрээний нөлөө үзүүлдэг бөгөөд мөн итгэл үнэмшил, үнэлэмжийг хэлбэршүүлдэг, иймээс нийгмийн судалгаанаас жендерчлэгдсэн соёлын нөлөөг хялбархан арилгаж чадахгүй.
Феминист судлаачид судлаж байгаа хүмүүстэйгээ харилцаанд орж, хамтран ажилладаг тул объектив шинжийг агуулахгүй. Феминист судлаач ярилцлага авч буй хүмүүстэй өөрийн амьдралын туршлага, мэдрэмжээ хуваалцах замаар тэдний туршлагыг ойлгохыг хичээж байдаг. Энэхүү процесс нь судлаач болоод судлуулагчийн хооронд хувийн харилцааг бий болгоход ихээхэн цаг хугацааг шаарддаг. Шуламит Рейнхарз /1992:263/ “феминист судалгааны хамгийн гол шинж бол судлаачийн амьдрал, судалгааны төсөл хоёрын хоорондын зайг арилгаж, албан болон албан бус харилцааг хооронд нь нийлүүлэх явдал байдаг” гэжээ[10].
Феминист судлаач нь тоон шинжилгээ болон туршилтаас зайлсхийдэг. Энэ чиглэлийн эрдэмтэд нэг дагнасан аргыг ягштал хэрэглэх нь тун ховор, харин тэд олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн чанарын судалгааны аргууд, тохиолдол /кейс/ судлалыг голлон хэрэглэдэг.
Уг хандлага нь оршин буй нийгмийн системдээ эргэлзэн шүүмжлэн авч үзэх постмодерн загвартай нягт холбогдож байдаг. Энэ хандлага нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд мөлжлөгийн шинжтэй бус, найрсаг байдлаар хамтарсан харилцааг үүсгэх үүднээс судлаач нь объектив байх гэсэн гол зарчмыг хоёрдугаарт тавьж, судалгааг өөрчлөгч болгон авч үздэг. Дээр бүгдээс харахад феминист судалгаа нь шүүмжлэлт онол, интерпретив хандлага, постмодернизмын үзэл санаатай тодорхой санаануудаараа нэгтгэдэг бөгөөд гагцхүү эмэгтэйчүүдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаагаараа ялгагдах юм.
Судлаач Ладер уг хандлагын гол баримтлалын талаар өөрийн саналаа дэвшүүлсэн. Феминист судлаачид нь хүйсийг-жендерийг гол зарчим, хүчин зүйлс болгон судална. Түүнийг тойрсон бүхий л зүйлийг томруулдаг шилээр харах явдал гэж үзсэн. Тэгэхээр феминист судалгааны асуудал бол бидний ухамсар оюун санаан дахь жендерийн дүрийн талаарх ойлголт, баримтлал юм. Тэгэхээр эцсийн дүндээ нийгэмд эрэгтэйчүүдтэй харьцуулбал тэгш бус нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүдийн байр суурийн талаарх анзаарагдахгүй болж харагдахаа байсан, жинхэнэ бодит зүй тогтлоос гажсан дүр төрхийг л илрүүлэх явдал юм[11]. Тэд эрэгтэй эмэгтэйчүүдийн харилцааны дотоод гүн рүү нэвтрэх үүднээс шат дараалсан ярилцлагыг судлаач өөрийн санаа бодлоо илэрхийлэн, харилцагч нөгөө хүнээ дэмжсэн байдлаар ярилцах диалогийн хэлбэрээр явуулахыг дэмждэг. Мөн тэд үнэлэмжийн нөлөөллийг арилгах боломжгүй, тэр бүү хэл позитивист судалгаа нь эцгийн эрхэт соёлоор тодорхойлогдсон байдаг гэж үздэг тул судалгааг явуулж буй судлаач судалгааны явцад үзүүлэх өөрийн хувийн хариу үйлдлээ тооцох ёстой гэсэн санааг дэвшүүлдэг билээ.
Мөн тэд эмэгтэйчүүдийн амьдралын бодит байдлыг илрүүлээд зогсохгүй хүмүүсийн ойлголтод хэрхэн нөлөө үзүүлэн өөрчилж болох вэ гэдгийг судлаач өөрийн үүрэг гэж үзсэнээрээ шүүмжлэлт онолтой холбогдоно.
Дөрөв. Постмодерн судалгаа
Постмодерн судалгаа нь урлаг, хөгжим, уран зохиол, соёлын шүүмжлэлт үзлийг багтаасан контенпрери ертөнцийг танин мэдэх, тайлбарлах томоохон постмодерн хөдөлгөөний нэг хэсэг юм. Энэ үзэл баримтлалын гол санаа нь мэдлэг бол өнөөдрийн ертөнцийн бодит нөхцөлийн хүрээнд буюу анги, арьстан, хүйс зэргийн олон талт төлөв байдлын хүрээнд бүтээгддэг гэсэн санаа юм. Энэ чиглэл хүмүүнлэгийн чиглэлээс эхтэй бөгөөд Витгенштейн, Сартр, Ницще, Хайдеггер нарын үзэл санаа, анархизм, нихилизм, экстенциалист философиуд нь эх сурвалжууд нь болдог. Посмодернизм нь модернизмаас татгалзсан татгалзал юм. Энэхүү хандлагыг Ж.Деррида, Фуко, Лиотард, Жироукс нар хөгжүүлсэн[12]. Нийгмийн бодит байдал нь шатлал, эрх мэдэл, тэрхүү шатлал дахь хувь хүмүүст тавих хяналт, хэлэн дэх утгын олон янз байдлыг багтаадаг хэмээн үздэг.
Тэд хэлний олн янз байдал, маргиналь хүмүүс, бүлгүүдийг анхааран судалдаг ба нийгмийн нөхцөл байдлын талаар бусад хандлагууд хайхрамжгүй хандсан асуудлуудыг дахин нарийвчлан авч үзэх ёстой хэмээдэг. Шаталсан байдлыг гадна талаас нь нуун дарагдуулсан давамгайлал, эсэргүүцэл, тогтворгүй байдал, зөрчилт байдлыг дахин авч судлахыг чухалчилдаг. Постмодернизм нь нэг ерөнхий тодорхойлолтоос илүүтэй өөр хоорондоо холбогдсон Дэд тодорхойлолтууд боловсруулахыг илүүд үзнэ[13].
Посмодернизм гадаад үзэгдэх өнгөн хэсгийг хуулан авах замаар дотоод нууцлагдмал бүтцийг илрүүлэн гаргадаг гэснээрээ шүүмлжлэлт хандлагатай холбогдоно. Интерпретив хандлагын нэгэн адил хийсвэрлэлд итгэдэггүй бөгөөд судлаач сайн дүрслэх тайлбарлалаас өөр юуг ч хийж чадахгүй, бүх тайлбарлал ижилхэн ач холбогдолтой байдаг хэмээн үздэг.
Судлаачийн тайлбарлал нь жирийн хүмүүсийн тайлбараас илүү ч биш, дутуу ч биш, тэр нь түүний туршлагыг л харуулдаг гэж үздэг. Гэхдээ постмодерн чиглэл интерпретив болон шүүмжлэлт хандлагаас нийгмийн шинжлэх ухаанд эрс шинэчлэлийг хийхийг оролддогоороо ялгагдана. Зарим постмодерн онолууд социал бодит байдлыг шинжлэх ухааны үүднээс судлах боломжгүй хэмээн үздэг. Учир нь постмодернистууд системтэй эмпирик ажиглалт, мэдлэг нь цаг хугацааны туршид хуримтлагдан бий болдог, түгээмэл шинжтэй гэдэгт итгэдэггүй. Энэ чиглэлийн эрдэмтэд тухайн хүмүүсээс хамаарсан мэдлэгийн олон янз байдал зэрэгцэн оршдог хэмээн үздэг. Судлаач Паулин Розенау үнэнийг эмх цэгц, дүрэм журмаар тодорхойлогдсон үйлдлээр логикт тулгуурладаг олдог бөгөөд үнэн нь рационал байдал[14] хэмээн үзэх модернизмын үзэл санаанд сөргөөн асуултуудыг дэвшүүлсэн байдаг.
Постмодернизм судалгааны дүнг унших үед судлаач, зохиогч нь нуугдмал байж болохгүй. Ингэж нууцлагдмал биш байх нь тайланг ямар нэгэн салаа утгагүйгээр бусад ойлгоход ач холбогдолтой. Иймээс постмодерн судалгааны ажил нь урлагийн бүтээлтэй адилхан байдаг аж. Постмодернизм нь бусдад ташаал төрүүлэх, сонирхол, хариултыг төрүүлэхийг зорьж байдаг. Постмодерн тайлангууд нь театрчилсан, илэрхийлэл бүхий, жүжигчилсэн илэрхийллийн хэлбэрүүдтэй байдаг. Кино, жүжиг, зөгнөлт хэлбэрээр тайлангууд бичигдэнэ.
Постмодернистууд судлаачийн бүтээсэн социал ертөнцийн тухай мэдлэг нь хүмүүст эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүллээс илүү хөгжмийн зохиол, хошин шог хэлбэр зэрэг урлагийн бүтээлээр илүү хүрнэ гэж баталдаг. Тухайн хүний тухай түүхийг уншаад уншигч өөрийн амьдралдаа өдөөгч болгон хэрэглэх нь постмодернизмын гол санаа байдаг. Постмодернистууд позитивист мэдлэгийг ашиглан хүмүүсийг хянах бюрократи хэлбэр, эрх мэдлийн харилцааг хүчирхэгжүүлж байгаа явдлыг эсэргүүцдэг.
Дүгнэлт
Чанарын судалгааны онолын гол үндэслэлүүдийг дэвшүүлж буй дөрвөн хандлагын талаар дээр товч авч үзлээ. Ерөнхий хийсвэр үзэл баримтлалуудад тулгуурлан бодит байдлыг тогтсон арга загварын дагуу судлаад эргээд ерөнхий хийсвэр үзэл баримтлалуудыг бүтээж буй позитивист судалгаа бол үнэн хэрэгтээ объектив байх өөрийн зарчмыг онолын хийсвэр үзэл баримтлалуудаас судалгааг эхлүүлэх замаар гээж байгаад арга зүйн асуудал үүсэж байгаа юмаа хэмээн эдгээр хандлагууд санал нэгддэг. Түүнчлэн нийгмийн бичил хэсэг, хүмүүүсийн өдөр тумын амьдралын судлах замаар тэдгээрийн зан үйл, үйлдлийн утгыг ойлгох замаар харьцангуй онолыг бүтээх тухай интерпретив хандлага, нүдний өмнө байх худлаа төөрөгдөл, домгийн цаана оршин буй жинхэнэ бодит байдлыг нээн илрүүлэн улмаар хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад анхаарч буй шүүмжлэлт хандлага, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн давамгайллаас хамаарсан бодит байдлын цаадах эмэгтэйчүүдийн асуудлыг нээн илрүүлж, тэдгээрийн нийгмийн байр суурийг ахиулах, тэдний талаархи ойлголтыг өөрчлөх хүсэл эрмэлзэл бүхий феминистууд, нийгмийн бодит байдал бол янз бүрийн бүлгүүдээс тогтдогийн адилаар олон талт ертөнцийг тогтсон хэв жаягийн дагуу бус урлагийн бүтээлүүдээр илэрхийлэх тухай дэвшүүлсэн постмодернистууд нь өөр хоорондоо дэвшүүлж буй үзэл хандлагаараа өөр өөр байгаа ч, бодит байдлыг судлах чанарын судалгааны хандлагыг зөвтгөж буйгаараа нийтлэг юм.
Ном зүй
- Bloland, H.G. 1995. Postmodernism and Higher Education, Journal of Higher Education. 66, 521-559
- Creswell J.W 1998. Qualitative inquiry and research design: Choosing among five traditions. SAGE publications
- Denzin, K. K., Lincoln Y.S (eds), 1994. Handbook of qualitative research. Thoussand Oaks, CA: Sage
- Morrow, R.A., Braown, D.D. 1994, Critical theory and methodology. Thoussand Oaks, CA: Sage
- Neuman L.W. Social research metods:qualitative and quantitative approaches. 1991 Chapter4
- Olesen, V. 1994. Femisims and qualitative research. In Denzin, K. K., Lincoln Y.S (eds), Handbook of qualitative research. Thoussand Oaks, CA: Sage: 158-174
- Reinharz S. 1992. Feminist methods in social research. New York: Oxford Press
- Rosenau, P.M. 1992. Postmodernism and Social Sciences: Insights, inroads and intrusions. Princeton, NJ: Princeton University Press.
[1] Creswell J.W 1998. Qualitative inquiry and research design: Choosing among five traditions. SAGE publications: 78
[2] Neuman L.W. Social research metods:qualitative and quantitative approaches. 1991.
Chapter 4
[3] Neuman L.W. Social research metods:qualitative and quantitative approaches. 1991 Chapter 4
[4] Neuman L.W. Нийгмийн судалгааны арга зүй нь чанарын болон тоон хандлагыг тодорхойлдог. 1991 оны 4-р бүлэг
[5] Мөн тэнд
[6] Morrow, R.A., Braown, D.D. 1994, Critical theory and methodology. Thoussand Oaks, CA: Sage
[7] Neuman L.W. Social research metods:qualitative and quantitative approaches. 1991 Chapter 4
[8] Creswell J.W 1998. Qualitative inquiry and research design: Choosing among five traditions. SAGE publications: 83
[9] Оlesen, V. 1994. Femisims and qualitative research. In Denzin. KK, Lincoln Y.S (eds), Handbook of qualitative research. Thoussand Oaks, CA: Sage: 158-174
[10] Reinharz S. 1992. Feminist methods in social research. New York: Oxford Press
[11] Creswell J.W 1998. Qualitative inquiry and research design: Choosing among five traditions. SAGE publications: 84
[12] Bloland, H.G. 1995. Postmodernism and Higher Education, Journal of Higher Educa-tion. 66, 521-559
[13] Neuman L W. Social research metods.qualitative and quantitative approaches, 1991 Chapter 4
[14] Rosenau, P.M. 1992. Postmodernism and Social Sciences: Insights inroads and intrusions. Princeton, NJ: Princeton University Press.