Д.Болд-Эрдэнэ
/Доктор (Ph.D), дэд профессор/
Шинэ толь №34, 2001
Түхүүр үг: Чингэс хаан, Төр улс, Их Монгол, Их Хуралдай,Бөө мөргөл, Ёс зүй, Чингэс судлал
Түүх шинжлэлийн нэг томоохон бие даасан салбар нь Их Чингис хааны үзэл, үйл ажиллагийг гол судлагдахуун болгодог Чингис хааны үзэл, үйл ажиллагааг гол судлагдахуун болгодог Чингэс судлал юм. Манай түүх судлаач, эрдэмтэд Их хааныгаа нарийвчлан судлах явдлыг үндэсний уламжлал, бахархалын түвшинд үзэж энэ чиглэлээр олон чухал сонирхолто асуудлыг дэвшүүлэн тэдгээрт хариу өгөхийг эрмэлзэх болсон нь сайшаалтай.
Чингэс судлал судлагдахууны хүрээ, багтаамжийн хувьд өргөн, судлах асуудлын агуулга нь олон талтай төвөгтэй нарийн шинжтэй юм. Тухайлбал, Чингэс судлалын хүрээнд Чингэс хааны түүх, намтар судлал, түүний ертөнцийг үзэх үзэл болон улс төрийн үзлийн төлөвшилт , цэрэг, байлдааны урлаг, Чингэсийн билэг сургаал судлал, Чингэсийн ёс зүйн болон эрх зүйн үзэл сургаал, дипломат ёс, гадаад харилцаа зэрэг онол түүхийн олон чухал асуудлыг хамруулан судлах бололцоотой юм. Энэ бүхэн нь тус тусдаа философи, улс төр судлал, түүх судлал, цэргийн шинжлэх ухаан, сэтгэл судлал, ёс зүйн судлал сурган, олон улсын харилцаа, удирдлагын ухаан зэрэг олон шинжлэх ухаануудын бие даасан тусгай судлагдахуун болдогийн зэрэгцээ тэдгээр нь дээрхи шинжлэх ухааны зааг уулзвараас хоорондоо шүтэлцэн уялдаж, судлал шинжлэлийн бүхэл бүтэц цогц чиглэлийг бүрдүүлдэг юм.
Чингэс судлалын салбарын нэг томоохон чиглэл нь Чингэсийн төрийг үзэх үзэл, түүний төлөвшилт ,хөгжлийн асуудал юм.
Одоогоор энэ чиглэлээр тусгайлан дорвитой судалсан зүйлгүй боловч манай түүхид өнгөрсөн хугацаанд эл асуудлыг судалгааныхаа хүрээнд ямар нэг хэмээгээр үзэж ирснийг үгүйсгэх аргагүй.
Чингэс хааны төрийг үзэх үзлийг судлан шинжлэхэд чухал хэрэглэгдэхүүн болох сурвалж бичиг, түүхэн баримт тэмдэглэл нэлээдгүй байдаг бөгөөд тэдгээрийн дотроос “Монголын нууц товчоо”, “Лувсанданзангийн “Алтан товч”, “ Шар тууж”, Саган сацэний “Эрдэнийн товч”, “Асрагч нэртийн тууж” “Гомбожавын “Чингис эзний алтан ургийн түүх Гангын урсгал нэрт бичиг оршив” , В.Инжиннашийн “Хөх судар”, “Персийн түүхч Рашид ад Динийн “Судрын чуулган” болон Монгол газар зорчин жуулчилж, тухайн цаг үеийн үйл явдлыг нүдээр үзсэн гадаадын жуулчилж, тухайн цаг үеийн үйл явдлыг нүдээр үзсэн гадаадын жуулчдын тэмдэглэл, дурдатгалуудыг онцлон тэмдэглэж болох юм.
Түүнээс гадна манай болон гадаадын Монголч эрдэмтдийн туурвисан түүх шинжлэлийн олон арван бүтээлч Чингэс хааны төрийг үзэх үзлийг судлан тодруулахад үнэтэй хэрэглэгдэхүүн болсоор байна. Тухайлбал, Ч.Жүгдэр, Д.Гонгор, Х.Пэрлээ, Ш.Нацагдорж, Н.Иншжамц, Ч.Далай. М.Санждорж, Т.Лувсанцэрэн, Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан, Э.Авирмад, И.Дашням болон гадаадын судлаачдын судлаачдаас Б.Я.Владимирцов, В.В.Бертольд , Л.Н.Гумилёв, С.Л.Тихвинский, В.А.Рязановский, Америкийн О.Латтимор, Жорж Вернадский, Германы Хайссиг,Австралийн О.Латтимор, Жорж Вернадский, Германы Хайссиг, Германы Хайссиг, Австралийн И.Рахевилтц, Францын Д.Оссон, Английн Ж.Ж.Саудерс, Японы Озова, Мураками, Такайши, Өвөр Монголын Сайшаалт зэрэг судлаачдын зохиол бүтээлдээ хийсэн санаа дүгнэлтүүд нь Чингэсийн ертөнцийг үзэх болон төрийн үзлийн төлөвшилтийн үндсэн асуудлыг тал бүрээс нь судлахад чухал ач холбогдолтой байна.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн төлөвшилт, хөгжлийн асуудал нь түүх шинжлэлийн болон улс төр судлалын ухааны зааг уулзвар дээр судлагдах томоохон судлагдахуун юм. Манайд Чингэс хааны төрийг үзэх үзлийг гол төлөв түүх судлалын талаас нь арай түлхүү судалсан гэж хэлж болно. харин улс төр судлал, төр эх зүйн онолын үүднээс нарийвчлан судалсан зүйл одоогоор алга байна. Чингэсийн төрийн үзлийн мөн чанар , онцлогийн асуудлыг улс төрийн шинжлэх ухааны талаас нь тусгайлан судлах нь төр ёсны уламжлал хийгээд улс төрийн онол судлалын талаасаа үлэмжхэн ач холбогдолтой юм. Монгол орон ардчилсан өөрчлөлтийн замаар эргэлт буцалтгүй замнах болж, ардчилсан улс төрийн тогтолцооны бүтцийн үндсийг бүрдүүлж, тэдгээрийн харилцаа шүтэлцээ, эрх мэдлийн зохистой хуваарилалт, тэнцвэрийг хангаж, төрийн удирдлагын оновчтой арга механизмыг идэвхтэй эрж хайж, сонгон хэрэгжүүлэхийг хичээж буй өнөө үед эл асуудлыг улс төр шинжлэлийн үүднээс ерөнхий болон тусгай онолын хүрээнд даацтай судлах шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Хэдийгээр Чингэс хааны төрийг үзэх үзлийн асуудал нь өнөөгийн цаг үеийн улс төрийн өөрчлөлтийн удирдлагуудтай шууд холбогдол багатай ч төрийг жолоодох урлаг, төрийн бодлогыг боловсруулах арга, тактикийн оновчтой хувилбарыг сонгох явцад улс төрийн түүхэн уламжлал талаасаа ямар нэг байдлаар шүтэлцэн уялдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.
Чингэс хааны төрийг үзэх үзлйн асуудал нь өнөөгийн цаг үеийн улс төрийн өөрчлөлтийн удирдлагуудтай шууд холбогдол багатай ч төрийг жолоодох урлаг,төрийн бодлогыг боловсруулах арга, тактикийн оновчтой хувилбарыг сонгох явцад улс төрийн түүхэн уламжлал талаасаа ямар нэг байдлаар шүтэлцэн уялдаж байгааг тэмлэглэх нь зүйтэй юм.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн судлагдахууны салбарт юуны өмнө түүний төрийн үзэл бүрэлдэн төлөвшихөд нөлөөлсөн нөхцөл, хүчин зүйл, хөгжлийн үе шат,учир шалтгаацлал, бүтэц бүрдэл, илрэх түвшин хэлбэр, дамжин хэрэгжсэн механиз, арга хэрэгсэл, үнэт зүйлсийн систем, тэдгээрийн шинж онцлог, харилцан хамаарал, уламжлал, шинэчлэл зэрэг өргөн хүхээтэй олон чухал асуудлыг анхааран судлах хэрэгтэй болж байгаа юм. Гэвч энэ бүгдийг гүйцэд шинжлэн үзэхийн тулд ихээхэн цаг хугацаа, хүч чармайлт, нарийн чимхлүүр ажи шаардагдах нь ойлгомжтой. Харин нэг удаагийн илтгэл, өгүүлэл төдийхнөөр энэ өргөн хүрээтэй асуудлыг нэг мөр авч үзэх бололцоогүй юм. Хэдий тийм боловч энэ удаа Чингэс хааны төрийг үзэх үзлийн мөн чанар, шинж, онцлогийн асуудлыг улс төр судлалын онолын үүднээс зарим нэг талаас нь тойм боловч тодруулан үзэхийг оролдон хичээсэн болно.
Чингэсийн төрийг үзэх үзлийн бүрэлдэн төлөвших бодит нөхцөл, түүхэн үечлэл
Чингис хааны төрийг үзэх үзлийн үүсэл төлөвшилт нь урт удаан түүхэн үйл явц байсан бөгөөд энэ нь Монгол ахуй иргэншлийн өвөрмөц байдал,тус орны улс төрийн амьдралын тухайн цаг үеийн онцлог,өөрчлөлт хувьсгалын шинж,нийгмийн олон бүлгийн ашиг сонирхлын ялгарал, задралын явц, түүнээс үүдсэн улс төрийн тэмцэл, будлиан болон ард түмний аж амьдралын доройтол, Чингэсийн хувийн амьдралн зовлон зүдгээр, баяр гуниг, ялалт ялагдал, хатран зүтгэгч, эр зоригт сайн нөхдийн үлгэр дуурайлал, эрэмтэн мэргэд, ухаан төгөлдөр хүмүүсийн сургааль, зөвлөгөө өтгөс буурлын зан заншил, билэг сургаалын нөлөөгөөр төлөвшин бүрэлджээ. Эндээс үзвэл Чингэсийн төрийг үзэх үзэл нь зөвхөн бодгаль хүний өөрийнх нь сэтгэл зүйн онцлог, хувь хичээл зүтгэлтэй холбоотой биш олон хүчин зүйл, учир шалтгаацлын нөхцөлдсөн төвөгтэй нарийн үйл явц бйсан нь олгогдож байна.
Чингэс хааны улс төрийн үзэл, тэр дундаа төрийг үзэх үзэл бүрэлдэн тогтоход түүний өөрийнх нь хувийн шинж байдал, гачигдал зовлон, аливаад няхуур, шүүмжлэлтэй ханддаг зан чанарын онцлог нь чухал нөлөөтэй байжээ.
Есүхэй баатар Хонгирад аймгийн Дай Сэцэн гэгчээс бэр гуйчихаад буцах замдаа Татаруудад хорлогдон бие барсан 1170 оноос хойш захиргаа мэдэлд нь байсан овог аймаг, шадар нөхөд нь орхин одож, “сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй ….(3.48)” болсноор Тэмүжин Өүлэн эх, дүү нарын хамт амьдралын их бэрхшээлийг туулж, өлсөж даарах, өнчрөх зовохын гачаалыг амсах болсон нь түүний хувьд амьдралын хат сууж, ухаан бодол нь задарч ,үзэл санаа нь цэгцрэх анхны томоохон сорилт болжээ.
“Монголын нууц товцоо”-нд тэмдэглэснээр Өүлэн эх өөрийн биеэр туг барьж, мордоод орхиж нүүсэн иргэдийг буцаан авчирсан ч тэд нар нь уван цуван зайлцгааж, эх нь арга буюу хүүхдүүдтэйгээ үлдсэнээс хойш өнчрөн хоцорсон хүүхдүүдээ өсгөж тэжээх гэж зүдэрч яваа эхигээ хөрж өрөвдөх, амьдралын бэрхшээл, бутрал, сарнил, өрсөлдөөн мэтийг нүдээр үзэж, тэдгээрийн талаар эргэцүүлж бодох, түүнээс гарах арга зам, учир шалтгааныг сүвэгчлэх хэлбэрээр Тэмүжиний үзэл санаа төлөвших, улс төрийн буурь суурь суух үйл явц явагда байсан байна.
Түүнчлэн, татаруудын Таргудай Хирилтугийн гэнэтийн дайралтаар Тайчуудад олзлогдон зовж явахдаа сайн хүмүүс нөхдийн тус дэмийг мэдэх болсон нь эв нэгдэл, хамтын хүчин чармайлтын учир зүйг ойлгон мэдрэхэд чухал түлхэц болон байна.
Чингэсийн төр ёсны үзэл санааны үнэт зүйлс бүрэлдэхэд Өүлэн эх хүүхдүүдийн хамт зовж зүдэрч байсан ч амьдралын хүнд бэрх сорилтын өмнө өвдөг сөхөрсөнгүй, харин ч тэднийгээ уг гарлыг нь мэдүүлж, зориг тэвчээртэй, өөртөө итгэлтэй байхад сургаж, жинхэнэ язгууртны хүмүүжлээр хүмүүжүүлж байлаа.
Сурвалж бичигт өгүүлснээр тэрээр нэгэн удаа таван хүүхэддээ тус бүрд нь нэжгээд сум өгч хугалуулах гэхэд эс хугалав гэнэ. Үүнээс үүдэн эвтэй найртай, эв нэгдэлтэй байсан цагт юунд ч дийлдэхгүйг хүүхдүүдийнхээ ой тойнд нь ортол сэнхрүүлэн нэгдлийг ойлгон ухаарахад шууд нөлөөлсөн байна.
Чингэсийн төрийг үзэх үзэл бүрэлдэн төлөвшихөд үнэнч сайн нөхөд, ухаан төгс хамтран зүтгэгч эрдэмтэн мэргэдийн туслалцаа дэмжлэг, сургаал номлол нь жинтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэмүжин Бөртэ үжинтэй ханилан сууж, Сорхон шар,Боорчи Зэлмэ, Тоорил ван, Жамуха нартай нөхөрлөсөн үеэс улс төрийн үзэл төлөвшин бүрэлдэх үйл явцад нь шинэ шат эхэлжээ. Тэмүжиний улс төрийн зорилго, үзлийн гол зүйл нь бутарч сарнисан Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, цаашилбал Монгол туургатныг нэгэн захиргаанд нэгтгэн хүчирхэг нэгэн улс байгуулах явдал байсан юм. Энэ их хээргийг гүйцэлдүүлэхэд үнэнч сайн анд байсан Хэрэйдийн Тоорил ванд бараалхан түүнд Бөртийн хар булган дахыг өргөн барьж, харгалзан тэтгэхийг гуйжээ. Ван хаан Тоорил бэлгийг хүлээн авч “Булган дахны чинь хариуд бутарсан улсыг чинь бөөгнүүлж өгье, хар булган дахны чинь хариуд хагацан улсыг чинь хамтатгаж өгье, цэрээ цээжинд байлга, бөөрөө бөгсөнд байлга (3.61-62)” гэсэн байна. Энэ үед Тэмүжин Боорчи, Зэлмэ нартай үнэнч нөхдүүд болсон байв.
Тэмүжин Тоорил хан,Жамуха цэцэн нартай хүч хавсран тухайн үедээ хүчирхэг байсан Мэргидийг буулган авч, анхны томоохон ялалтаа байгуулсан нь хамаг Монголыг нэгтгэх үйл хэргийн анхны гараа болжээ. Үүнээс хойш Тэмүжингийн сүр хүч, эрх чадал нь нэмэгдэн, жагсаж, нийлж ирэх анд нөхөд олширсон нь түүний туйлы зорилгоо хэрэгжүүлэх үйл хэрэг нь хялбар бүтэх гол нөхцөл болжээ.
Гэхдээ Тэмүжин бусдын дэмжлэг, үнэнч нөхдийн тусыг авч түүний үр шимийг үзэхийн зрэгцээ хувийн ашиг завшаан, түр зуурын олз ашигт хөтлөгдөн нөхөр журмын ёсыг умартан өөрөөс нь санаа бууруулах болсон зарим хүмүүсийн (Тоорил,Жамуха,Алтан,Хучар) тарыг таньж, тэндээс сайн муу, үнэнч ба үнэнч бусын ялга заагийг таних болсон нь түүний улс төрийн үзэл бүрэлдэн төлөвшихөд танин мэдэхүйц нөлөө болсон байна.
Тэмүжин (Чингэс)-ий улс төриийн үзэл бүрэлдэн төлөвшихөд Мухулай, Чингай, Шихихутаг,Үсэн өвгөн, Чуу мэргэн (Елюй Чуцай), Тататунга зэрэг ухаалаг хүмүүсийн цэцэн цэлмэг үг сургаал, оновчтой заавар зөвлөгөө нь бодитой нь тус нэмэр болсон аж. Түүнчлэн “Их хурилдай”, “Цэцдийн зөвлөл”-ин шийдвэрээр дамжин илэрч байсан хамтын оюун санааны их нөлөө нь Чингэсийн улс төрийн үзлийн төлөвшил хөгжилд тодорхойлогч учир холбогдолтой байсан байна.
Чингэс хааны төрийн үзэл нь Монгол орны улс төрийн амьдралын тухайн цаг үеийн ээдрээтэй орчин нөхцөл, түүний хүрээн дэх зөрчил, тэмцлийн бодит тусгал болж байв.
Ард олноо амаржуулж, улс гэрээ төвшитгөн,нийгэм дэх сонирхлын ялгарлын хүрээн дэх төвөөс зугтах хандлагыг сааруулан, төвд тэмүүлэх хүчийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийгэм дэх олон ашиг сонирхлыг нэгтгэн зохицуулж, нэгдмэл нэгэн захиргаанд бат журмаар улс орноо жолоодох,аюулгүй байдлыг нэгдмэл хүчээр хамгаалахад чиглэсэн улс төрийн хүнд хэцүү тэмцэл өрнүүлэх явцад Чингэс хааны төрийн үзэл бүрэлджээ.
Чингэс хамаг Монголыг сэргээн байгуулж, түүнийг толгойлох болсноор үзэл бодлоо хязгаарлахыг бодсонгүй. Бага ахуй наснааасаа өнчрөл зовлон зүдгүүр, хоосрол, атаархал хонзогнолын гай гамшгийг амсаж, бутран сарнисан овог аймаг ханлигуудын сөргөлдөөн хүн амын ядуурал, аж ахуйн доройтол , гадны хүчний өнгөлзлөг, дээрэм тонуул зэргийг бие сэтгэлээрээ мэдэрч, энэ бүхнийг даван туулж, дэвшил хөгжилд хүрэхэд Монголчууудын хүчийг нэгтгэн хүчирхэг улс байгуулах нь зүйтэй зорилгодоо хүрэхийн тулд өөрт саад болж байсан улс төрийн олон бүлэг, бүлэглэлийн эсрэг хүнд хэцүү тэмцэл явуулж, бэрхийг үзэж хатуужжээ.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их ,бага 32 удаагийн дотоодын дайн тулаан хйиж, Монгол угсааны нийт 81 аймгийн нэгтгэн төвхнүүлж, (5.94) “ хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх” их үйл хэргээ гүйцэлдүүлсэн юм.
Чингэсийн улс төрийн үзлийн философи бүрэлдэн тогтоход Монгол ахуй, иргэншил, сэтгэлгээний бодит тусгал болсон бөө мөргөлийн ёс, тэнгэр шүтлэгийн үзэл нь оюун санаа- танин мэдэхүйн түлхүүр үндэс нь болжээ.
Тэнгэр шүтлэг нь эртний Монголчуудын хэзээнээсээ баримтлан дагаж байсан үзэл,үнэлэмжийн гол шүтээн болж байлаа. Чингэс хаан мөнх тэнгэр, газар эхийг дээдлэн шүтэж байсан. Тэгэхдээ гол нь тэрээр тэнгэр шүтлэлийг ихэд эрхэмлэн, амжилт ялалт ,сүр хүчнийхээ аз хийморь ч түүнтэй холбон үзэг байжээ.
Алтан товчид өгүүлснээр Чингэс Гурван Мэргид ,Татар аймгийг байлдан ялаад Бурхан Халдун дахь тэнгэрийн овоондоо ирж, мориноосоо бууж тэнгэр эзэндээ мөргөхийн тулд тохмоо дэлгэж тавиад бүсээ тайлж, малгайгаа аван өвдгөө дарж: “Эрэмгий сайнааараа эзэн эс боллоо би. Эцэг тэнгэрээс заяатай боллоо би. Гайхамшигтай сайнаар эзэн эс боллоо би. Хөх тэнгэр эцгээс заяатай боллоо би. Хан тэнгэр эцгийнөршөөлөөр харь дайсныг дарлаа би (6.57-58)” хэмээн мөргөж байжээ. Тэр үед Чингэс бөө мөргөлийг шүтэ байсан нь тухайн цаг үетэйгээ шууд холбоотой байв. Учир нь бөө мөргөлийн ёс нь эзэн хааны нэр хүндийг өргөх, гал голомтыг ариун байлгах , улсын туг сүлдыг тахиж тайх, хиййморь сэргээх, уул ус овоо тахих, мэргэ төлөг үйлдэх зэрэгт ихээхэн тохиромжтой байжээ. Түүнээс гадна энэ нь олон шашны нөлөө Монголд хэт ихэсвэл нэгдэл нягтралд тус болохгүй гэдгийг ойлгож байсан. Чингэсийн улс төрийн үзэл бодлын гол үнэлэмжтэй холбоотой байсан юм. Тэгэхдээ Чингэс хаан бөө мөргөлийг сохроор шүтэж байсангүй. Харин түүнийг шинэ агуулгаар баяжуулан сйажруулах хэлбэрээр хэрэглэж байсан нь түүний улс төрийн үзэл онолын оюун санааны үндсийг тодотгон баримжаалахад чухал ач холбогдолтой байдаг билээ.
Дээр тэмдэглэсэн бүхнийг нэгтгэн эргэцүүлж үзвэл Чингэсийн төрийг үзэх үзэл бүрэлдэн тогтох үйл явцын хөгжлийг дараах түүхийн он дарааллаар үечлэн зааглаж болохоор байна.
Энэ нь нэгдүгээрт, Чингэсийн улс төрийн болон төрийг үзэх үзлийн үүсэн бүрэлдэх эхэн үе. Энэ үеийг он цагийн хувьд 1170-1189 оноор зааглан үзэж болох юм. Энэ үед Тэмүжин эцгээс өнчрөн амьдралын зовлон зүдгүүрийг туулан хатуужиж, хэрсүүжин бойжих явцад Хамаг Монголын нэгдлийг сэргээх тэмцлийг цөхрөлтгүй явуул улмаар, Хамаг Монголын хаанаар өргөмжлөгдсөн билээ. Энэ нь Тэмүжин (Чингэс)-ий хувьд улс төрийн хат сууж, үзэл бодол нь зүгшрэн, төрийг төвшитгөх их үйл хэргийг эхлүүлсэн хүнд хэцүү тэмцлийн он жилүүд байсан юм.
Хоёрдугаарт,Чингэс хаань төрийг үзэх үзлийн бүрдэлт, төлөвшилтийн дунд үе буюу шилжилтийн үе. Энэ үеийг он цагийн хувьд 1189-1206 оноор зааглан үзэж байна. Энэ үеийн гол онцлог нь Чингэс хааны төрийг үзэх үзэл төгс хэлбэрээр төлөвшин бойжих үйл явцын завсрын онцгой үе болж байсанд оршино. Энэ үед Чингэс хаан Монгол угсааны эв нэгдлийг ханган бататгаж, туурга тусгаар нэгдмэл нэг Их Монгол улсыг байгуулахын тулд гуйвалтгүй тэмцэж, идэвхийлэн зүтгэж байсан юм. Энэ утгаараа дээрх хугацаанд явуулж байсан Чингэс хааны улс төр, цэргийн идвэхтэй үйл ажиллагаа нь түүний төрийг үзэх үзэл бүрэлдэн төлөвшихөд жинтэй нөлөө үзүүлсэн юм.
Гуравдугаарт, Чингэсийн төрийг үзэх үзэл төлөвшин жигдэрсэн үе буюу 1206-1227 оны үе. Энэ үед Чингэс хааны төрийг үзэх үзэл бүрэн төгс төлөвшиж, улс гэрээ бататган улс орноо “хөл хөсөр, гар газар” амаржуулан нэгдмэл нэг Монгол улсаа хүчирхэг том гүрэн болгон өргөжүүлж, улс төрийн алсын хараатай бодлогыг тууштай явуулж байсан болно.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн шинж, онцлог, бүтэц бүрдэлт, үнэт зүйлс
Чингэс хааны төрийг үзэх үзлийн шинж, онцлогийг тодруулан баримжаалахын тулд түүний байгуулсан нэгдмэл төр, засаг, засаглалын мөн чанарыг юуны өмнө анхааран үзэх хэрэгтэй болно.
Их Чингэс хааны байгуулсан нэгдмэл төр нь засаглалын легимт шинжийг бүрэн хангасан төрийн хэлбэр байв. Улс төрийн онолын үүднээс төрийн засаглалын легитм шинж хангагдсан эсэхийг 2 үндсэн нөхцөлийг үндэс болгон авч үздэг. Энэ нь нэг талаас, тухайн засаг төр хууль ёсны шинжтэй байх, нөгөө талаас, тэрхүү засаг төрийг олон түмэн нийтээр хүлээн зөвшөөрч ,бүрэн дэмжсэн байх явдал юм.
Чингэс хааны байгуулсан нэгдсэн төр улс нь 1206 онд хууль ёсоор байгуулагдан, Тэмүжин төрийн дээд эрх баригч тэргүүнээр “Их Хуралдай” хэмээх албан ёсны институцээр дамжин ёс төртэй сонгогдсон билээ. Энэ утгаараа Тэмүжин (Чингэс ) хаан тухайн үедээ ард түмний өргөн дэмжлэгийг хүлээж байсан юм. Ер нь Монголчууд эртнээс хаан эзнээ дээд тэнгэрээс заяат төрсөн “ цагаан ястан” хэмээн алдаршуулан шүтэж ирсэн уламжлалтай байсан нь уг чанартаа эзэн хааныхаа сүр хүё, эрх мэдлийн.. шинжийг ханган баталгаажуулсан гол нөхцөл болж байв. Энэ агуулгаар авч үзвэл Чингэс хаан хууль ёсоор сонгогдож, ард олныхоо өргөн дэмжлэгийг хүлээсэн хязгааргүй эрх мэдэл бүхий Их Монгол улсын “Далайн” их хаан байлаа. Түүнийг гарт засаглалын үлэмж их эрх мэдэл төвлөрч байсан бөгөөд тэрбээр Монгол газар нутгийн дээд өмчлөгч байсан юм.
Чингэс хааны байгуулсан Их Монгол улсын төр засаг нь шинж чанар, хэлбэр, хэв маягийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаг байсан юм. Манай судлаач Ж.Болдбаатар,Д.Лүндээжанцан нар энэ асуудалтай холбогдуулж “өмнөх үеийн төр ёсны уламжлал дээр тулгуурлан шинэ тутам байгуулагдсан төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй мөртлөө мөн чанараараа ардчиллын өвөрмөц .шинж бүхий төр байсныг тэмдэглэх хэрэгтэй юм. (7.51)” гэж бичсэн нь сонирхол татсан дэмжүүштэй дүгнэлт болжээ.
Чингэсийн байгуулсан төр засгийн шинж чанар нь түүний төрийг үзэх үзлийн бодит тусгал болж байлаа. Чингэс улс төрийн үзлийн хувьд харгис хатуу, ганцаар дур зоргоор авирладаг дарангуйлагч байгаагүй юм. Тэрбээр Францын XIV Луй шиг төр гэдэг бол би гэсэн нэгэн байсангүй, харин ч бусдын санаа бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан (8.47), төрийг авч үзэх үзлийн хувьд уян хатан, төвч байр суурьтай улс төрийн бодлоготон байв.
Чингэсийн төрийг үзэх үзлийн шинж чанарыг өнөөгийн сонгодог улс төрийн онол, номлолын хэмжүүрээр харьцуулж үзвэл барууны Консерватив чиг баримтлалтай дүй байгаа юм. Ингэлээ гээд Чмнгэс хааныг сонгодог консерватив үзэлтэй байсан гэж шууд нотлох гээгүй байна. Харин түүний төрийн зорилго, үзэл, тэр дагуу явуулж байсан улс төрийн өргөн цараатай бодлого, үйл ажиллагааны шинж байдлаас үзвэл өнөөгийн консерватив чиглэлийн байр суурь, үйл ажиллагаатай төсөөтэй байдал ажиглагдаж байгаа юм. Энэ нь Чингэс хааны төрийг үзэх үзлийн хэд хэдэн онцлог шинжүүдээр нөхцөлдөж байна.
Нэгдүгээрт, Чингэс хаан төр ёсны өмнөх уламжлалыг өөрийн төрийн үзэл, бодлого ,үйл ажиллагаандаа бүтээлчээр үргэлжлүүллэн шашин үндсэндээ тэргүүн зэрэгт тавьж байсан. Энэ нь түүний байгуулсан төрийн байгуулалтын бүтэц бүрдлийн шинж, шашин шүтлэгийн асуудалд хандах хандлагаар тод илэрдэг.
Хоёрдугаарт, төрийн нэр хүнд, хүч чадлыг ямагт цэвэр ариун байлгаж, хууль ёс, сахилга дэг журмыг чанд хатуу сахих нь чингэс хааны төрийг үзэх үзлийн салшгүй нэг шинж болж байлаа. Тэрээр нэгэнт хүлээн зөвшөөрч байгуулсан төр улсдаа үнэнээр үйлчилж, түүнийг хүндэтгэн бишрэхийн зэрэгцээ төрөөс гаргасан хууль, зарлиг, ёс дэглэмийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг эзэнт гүрнийхээ бүх хэсэг, төрийн сайд,ноёд түшмэд, цэргийн жанжин, харц ардад тэгш жигдээр шаардаж байв. Энэ нь их төрийн ханш цагаан хасбуу тамган дээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Моннгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, дагасугай ”(7.66) гэсэн үгнээс тодорхой харагдана.
Гуравдугаарт, төр улс ямагт тогтвортой “бат цайз хэрэм” мэт байх ёстой гэж Чингис хаан үзэж байв.. хэрвээ шаардлага гарвал төр эрх чөлөөний зарим талыг хязгаарлаж, хүч хэрэглэх бодлогыг баримталж болно гэж үзэж байв.
Дөрөвдүгээрт, төрийн шийдвэр бол хамтын оюун ухааны үр дүн байх ёстой. Шийдвэр гаргахын өмнө улс орны улс төрийн нөхцөл байдал, олон түмний санаа бодол, хамтран зүтгэгчдийн заавар зөвлөгөөг анхааран үзэж зайлшгүй харгалзах ёстой. Харин шийдвэр гаргах түвшинд хаан бүхнийг шийдэх ёстой гэж Чингэс үзэж байв.
Тавдугаарт, төр бол дээд зэргийг зохицуулалт мөн. Төр нигмийн дотоод дахь үйл явц, ашиг сонирхлын олон ургальч байдлыг ухамсартайгаар зохицуулах ёстой. Төрийн зохицуулагч үүрэг нь улс орны тогтвортой байдал, ард олны амар имэр байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Төрийн зохицуулалт албан ёсны хууль, хэм хэмжээний хүрээнд хүчтэй байх ёстой гэж Чингэс үзэж байв.
Зургадугаарт, эрх чөлөөнд хязгаар, хэм хэмжээ гэж байдаг. Энэ нь улсын их хаанд ч хамаатай юм гэж Чингс хаан үзэж байв. Үүнтэй холбогдуулан тэрээр “Ерийн үгэн дор дээл ихэдвээс өмссөн хүмүүний бие дор ачаа болмой, эмээл хүндэдвээс тохсон морины нуруун дор тэрс болмой, эрхэм хүндэдвээс хүмүүний сэтгэл дор осолдох болмой, янз хэтэрвээс эл улсын доордос дор зүдгүүр болмой…….(9.12) гэж сургасан байдаг.
Долоодугаарт, Чингэс бөө мөргөлийн шашныг төрийн шашны түвшинд авч үзэж, түүний ёс дэг, шүтлэг бишрэлийн уламжлалыг хүндэтгэн үзэж, төрийн бэлэгдэл ёс,и цог хийморийг сэргээхэд ашиглаж байв. Энэ нь хожмоо төр шашны үзлийг нэгэн аг хугацаа, орон зайд хослуулах “хос ёсны” онол үзлийн үндэс болж өгсөн юм.
Наймдугаарт, хүмүүс амьдрахын тулд төрийн асрамж хүндэтгэлийг илүүд үзэх биш, харин ч шударга тэвчээртэй байж, залхуурал, бэлэнчлэлээс ангид байх ёстой. Бүх хүнд тэгш байдлыг жигд хангаж чадахгүй гэж Чингэс хаан нотолж байв.
Эндээс үзвэл Чингэс хаан бол төрийг үзэх үзлийн хувьд хатуу чанга, ёс журмыг ардчиллын үнэт зүйлийн элментүүдтэй зохистой хослуулж чадсан төч шударга үзэлтэй улс төрийн бодлоготон байв.
Чингэс хааны төрийг үзэх үзэл өөрийн бүтэц бүрдэл бүхий бүхэл бүтэн цогц нийлэг шинжтэй юм. Үүнийг бид тодруулахын тулд Чингэс хааны төрийг үзэх үзлийг системийн онолын үүднээс шинжлэх нь илүү хялбар дөхөм, ойлгомжтой байж болох юм.
Өгүүлэн буй асуудалд системийн онолын үүднээс хандсан тохиолдолд юуны түрүүнд Чингэс хааны төрийг үзэх үзлийн түвшний асуудал зүй ёсоор гарж ирдэг.
Чингэсийн төрийг үзэх үзэл нь сэтгэл зүйн болон онол номлол, эмпирик буюу практик үйл ажиллагааны гэсэн үндсэн гурван түвшинд илэхч байжээ гэж үзэж болох юм.Чингэсийн төрийг үзэх үзэл нь сэтгл зүйн түвшинд түүний төр, улсын өдөр тутмын үйл ажиллагаа, хамтран зүтгэгчиддээ тавьж байсан анхаарал халамж, урамшил шагнал, төрийн хэрэгт хандах түүний ёс зүйн хандлага зэрэг гол төлөв ердийн ухамсрын хүрээний төдийлөн системчлэгдэн цэгцэрч амжаагүй өдөр тутмын практик үзэл, төсөөллөөр дамжин илэрч байлаа.
Чингэс хаан, хаан хүн төрийн хэрэгт оролцохдоо чигч шудрага байж, биеийн жаргалын огоорон, төр түмний тусын тулд жинхэн хаан шиг байх ёстой гэж үздэг байсан нь түүний өдөр тутмын үзэл төсөөлөл, үйл ажиллагаагаар бодитой илэрё байсан юм.
Тэрээр “Хаан хэмээгч ерийн зэрэг хэргэмийн адил дураар халж үл болох, хаан хэмээгчийг онц үнэн хаан хүмүүн сая суух, хүмүүн бүхэн хаан болж үл болмой, үнэн хаан хэмээгч нэр өгөлгүйгээр ердөө олноы сэтгэл хаан мэт үзмой, үүнийг сая хаан хэмээмой, хуурмаг янз гадаад дүрээр үл болмой… Хаан бүс бөгөөд хааны явдлаар явбаас тэр сай амттай. Хэрвээ хаан бөгөөд одоо хааны явдлыг алдаас хаан болж юу хийх…(10,1240-1241)” хэмээн хэж байсан нь дээрхийн нотолгоо мөн билээ.
Төрийг тэргүүлэн буй эзэн гэдэг төрийн өмнө,лсын өмнө, олон иргэнийхээ өмнө, аср их үүрэг хариуцлага хүлээж,төрийн ажлыг амьдралаа болгож байнгад хичээл зүтгэл гаргаж байх ёстой болохоос төрийн эзэлж санаа амрах нь онц аюултай гэж үздэг Чингэсийн үзэл нь хэдийгээр ердийн ухамсрын түвшинд илэрсэн энгийн ойлгомжтой зүйл боловч түүний төрийг үзэх үзлийн салшгүй хэсэг болж байлаа. Иймээс Чингэс хаан “Алд биеийг минь амс хэмээвээс ахуй төр минь алдруузай, бүтэн бие минь амс хэмээвээс бүрэн улс минь сандруузай, алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай, бүтэн бие минь зовбоос зовтугай, бүрэн улс минь бүү сандартугай (6.123)” хэмээн айлдаж байлаа. Энэ бүхэнд Чингэс хааны төр ёсны үзлий чухал талууд тухайлбал өөрийн багуулсан төр улсыг хайрлан хамгаалж, хадгалан бэхжүүлж, түүний төлөө эр, эм бүх хүмүүс амьдрал үйлсээ зориулахын учир холбогдлыг үр ач нартаа сургамжлан захисан санаанууд илэрч байна. Чингэсийн төрийг үзэх үзлийн сэтгэл зүйн нэг үндсэн илрэл нь төрийн хэрэгт үнэнчээр оролцон туслаж буй анд нөхөддөө хандах хандлага юм. Энэ нь уг чанартаа төрийг үзэх түүний үзлийн мөн чанарын салшгүй хэсэг болдог. Чингэс хаан төрийн хэрэгт анд сайн нөхдийн тус дэмжлэг үлэмж гэдгийг ямагт санаж, тэдний итгэл зүтгэлийг урам хүндэтгэл, гавъяа шагналаар хариулахыг ямагт хичээж байсан юм. Тиймээс ч тэрээр үнэнч андууддаа их эрх мэдэл,газар, э адгуурс, хацар гоо охидыг хармгүй өгч байв. Тухайлбал, тэрээр Зэлмэ,Боорчи,Сорхон шар, Бадай ,Хишлэг нарыгаа “дархан” цолоор шагнасан нь ердийн их соёрхол төдий зүйл биш, төр засгийн төв байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ байжээ. Тэдгээр хүмүүс тааламжтай цагтаа хаанд бараалхах, бүх төрлийн албан татвараас чөлөөлөгдөх, дайн байлдааны болон ав хомрогын олзыг хэнтэй ч хуваалцахгүй өөртөө авах онцгой эрхтэй байв. Үүнээс гадна бүр илүүтэй их эрх эдэлж байсан нь есөн удаагийн хүнд ялаас урьдчилан хэлтрүүлэгдэх явдал юм. “Дархлах” явдал нь Чингэс хаан улс гүрнээ илбэн төвхнүүлэхдээ эртнээс уламжлалтай нөхөр “Түргийн” ёсыг чадмаг ашиглаж, улам бүр хүндэтгэл олж байсны тод жишээ юм.
Чингэс хааны төрийг үзэх үзэл нь түүний улс төрийн амьдрал, үйл ажиллагааны өдөр тутмын үзэл, төсөөллөөр төдийгүй мөн онол үзлийн системчлэгдсэн түвшинд гүнзгий тодрон илэрч байна. Энэ нь түүний ертөнцийг үзэх үзлийн философи, агуулга, шүтлэг бишрэл, билиг сургаалаар гол төлөв илэрч харагдаж байдаг.
Чингэс хааны ертөнцийг үзэх үзлийн хувьд тэнгэр, газар, байгаль эхийгээ шүтсэн материалист, натур философич үзэлтэн байв. Учир нь тэрээр” мөнх хөх тэнгэр”-ийг бүх зүйлийн анхдагч үндэс, байгаль эх дэлхийг хүчний амьдралыг тэтгэгч эх булаг хэмээн үзэж байв. Тиймээс ч тэрээр өөрийн алив томоохон улс төрийн болон цэрэг дайны үйл ажиллагааны өмнө буян заяа, аз хийморио тэнгэр газартаа даатган сүсэглэдэг байв. Энэ тухай сурвалж бичигт олон баримт тусгагдсан байдаг.
“Мөнх тэнгэр” шүтэх үзэл нь угтаа тэнгэр, агаар, газар дэлхийгээсээ үндэстэй, түүнд шингэмэл түгээмэл чанарыг эрхэмлэн шүтэж түүнийгээ эзэн хаан эрхэт төртэйгөө холбон дээдэлсэн үзэл санаа юм. Мөнх тэнгэрийн тухай ойлголт нь бүхний язгуур бол, бүхэнд түгээмэл байдаг, энэ утгаараа бүхнийг “амилуулан” шимилж өгдөг түгээмэл чанарыг илэрхийлнэ. (11.127) энэ нь монголчуудын уламжлалт шашны бөө мөргөлтэй холбоотой юм.Чингэсийн төрийг үзэх үзлийн философийн үндэс болсон “Мөнх тэнгэрийн” үзлийн мөн чанарын тухай эрдэмтэн Т.Лувсанцэрэн багшийн хийсэн шинжилгээ бидний сонирхлыг татаж байгаа болно.
Тэрээр өөрийн шинжилгээндээ мөнх тэнгарийн үзэл бол Чингэс хааны төрийн үзлийн онолын үндэс мөн гэдгийг батлаад, “Мөнх тэнгэрийн үзэл бол бөө мөргөлтэй холбоогүй биш, харин бөө мөргөлөөс улбаалсан, түүнээс дээш гарж ирсэн гүнзгий хийсвэрлэл юм хэмээн ойлгогдож байна. Мөнх тэнгэрин тухай үзэл бол бөө мөргөлийн олон тэнгэрт ёсноос дээш гарсан онол юм. Мөнх тэнгэрийн үзэл практикт бөө мөргөл шиг тодорхой тэнгэр, лус онгодийг тахиж тайга мөргөлийн ёс үгүй ажээ (10.127)” гэжээ.XIII зууны үед Монгол орноор айлчлн явсан Европын (Италийн) илч бичигтэй “Тэд (Монголчууд Д,Б) энэ ертөнцийн үзэгдэх ба үл үзэгдэх юмсыг бүтээгч, орчлонгийн жаргал зовлонг үндэслэгч цорын ганц тэнгэрт сүсэглэн бишрэх боловч түүндээ зориулан уншлага, эргэл мөргөл, элдэв ёслол хийдэггүй болой( 13,16)” гэжээ.
Үнэхээр ч түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээс үзвэл Чингэс хаан мөнх тэнгэрийг л өөрийн ивээгч гэж үзэхээс биш, бөөгийн тодорхой тэнгэр онгодыг ийм зэрэгт үздэггүй байжээ.
Нууц товчоонд өгүүлснээр “Чингэс хаан зарлиг болруун… мөнх тэнгэрийн ивээлээр тэнгэр газар лугаа хүч нэмэгдүүлж, гүр улсыг төвшитгэж, ганц жолоонд оруулсан (3.196)” гэснээс үзвэл тэнгэр, газар хоёрын их эрчим хүчээр дамжуулан төр улсын төвшитгөснийг хэлж байна.
Эндээс үзвэл Чингэс хаан мөнх тэнгэрийг шүтсэнээр их үйл хэргийн төлөө эорч хүёээ хураан зангидаж,дайчлан илэрхийлэх бололцоотой болж байжээ. Чингэс хааны үзэж байснаар төр түүний эзэн өөрийн туйлын хүслэн болох тэнгэрлэг чанартай дүйцэж, түүнийг хадгалан байх гэсэн чармайлт нь төрөө төр шиг байлга, жинхэнэ хаан шиг хаан байхад хөтлөн дуудаж, дайчлан зоригжуулж байжээ. Энэ нь угтаа төр хийгээд хаан өөрийнхөө тэнгэрлэг чанарыг олж, түүндээ хүрж, түүнийгээ илэрхийлж хэрэгэх арга мөн юм.(12.129)
Чингэсийн билиг сургаалиудалд нэвт шингэсэн гол зүйл нь төрт ёсон,түүний үнэт зүйлсийг Могнол төрийн ирээдүйн хувь заяаны асуудалтай шүтэлцүүлж, уран тансаг үг хэллэг, утга гүнзги логик үндэслэлүүдээр дамжуулан илэрхийлсэн төрийг үзэх бүхэл бүтэн онол номлолууд юм. Энэ онол, номлолын агуулгатай билиг сургаалд төрийг хэрхэн барих, төрийг жолоодоход юуг анхаарч, юунаас сэрэмжлэхийг гүн гүнзгий агуулгаар тусгасан байдаг. Тухайлбал, Чингэсийн билиг сургаалд: “Хан тэнгэрт ивээгдэж, хамга бүгд төрийг төгс өгөлцөв зэ,Та хөвгүүд, ургууд минь мөн хойно зовон бүтсэн төрийг минь, зонхилон үүдэж бүтсэнийг минь сахин манан хатуужигтун та. Үүдэн бүтээж сахин эс хатуужваас үтэр эвдэрюү. Үүдсэнээр зовсонд минь таны тус энэ болюу. Бүтээснээс сахисан минь дээр буюу, та ургууд минь (14,149) гэсэн нь үүнийг гэрчилж байна.
Эмпирик буюу Пратик үйл ажиллагааны түвшинд
Чингэсийн төрийг үзэх үзэл нь олон улсын болон дотоодод эе эвийг олж, төрийг төвшитгөн барих төрийн ёсонд төв голыг баримтлах философийн үзэл зарчмаар дамжин илэрдэг.
Сурвалж бичгийн мэдээ баримтанд тулгуурлан үзвээс Чингэс хааны төрийн бодлого, үйл ажиллагаа нь төв голч байх, төрийн сайд түшмэд, цэрэг, жанжин, албат иргэд бүгдээр эрүүл саруул, цэцэн цэлмэг , эв эеийг хичээж, найртай таатай амьдран,нас бие сэтгэл зүрхээ үүндээ зориулахын чухлыг олонтоо зааж сургаж байжээ.
“Төр ёс төв болвоос
Түмэн хүмүүн биширмүй
Эзэн сайд мэргэн болвоос
Энгээр нийт биширмүй(10.1764)
Хэмээн дээрхтэй холбогдуулан эзэн Чингэс айлтгасан байна. Үүнийг нь түүний өрлөг жанжин, эрхэм сайдууд ч гүнээ ухамсарлан ойлгож байжээ. Энэ тухай Мухулай хэлэхдээ –эргийн дотор баатар бодлогыг эрхэмлэ, төрийн үйлд төв чигийг эрхэмлэ (7.1764)” гэж байв. Энэ бүхнээс дүгнэж үзвэл Чингис хааны төрийг үзэх үзлийн практик үйл ажиллагааны үндсэн илрэл нь эзэн хааны тэнгэрлиг чанараар нь явж төрийг шударгаар барих, тулар төрийн төлөө ямагт чармайлт зүтгэлийг гаргаж, цалгардуулахгү байх ,уужим бодлогоор олныг биедээ татах, өөрийн зөв бурууг хянаж байх, хамтран зүтгэгч нөхөд, мэргэн сайд нартаа тулгуурлан тэдний үг, зөвлөгөөг сонсож байх, төрийн хэрэгт зөв хүнийг сонгож ажиллуулах (11.125), эзэн гэгээн, сайд мэргэд, түмэн иргэн эевэргүү гэсэн тулгуур үндсэн шинж зарчмаар төгс тодорхой илэрч харагдаж баййсан юм.
Чингэсийн төрт ёсны үзлийн агуулгын гол цөм нь түүний үнэт зүйлсийн ситемд оршдог. Энэ үнэт зүйл нь Чингэсийн төрийг үзэх үзлийн мөн чанарыг илэрхийлэгч гол шинжүүдийг төвлөрсөн байдлаар агуулж байдаг.
Чингэсийн төрийг үзэх үзлийн үнэт зүйлсийн системд арга билгийн харилцан шүтэлцэл, тэдгэрийн зохистой тэнцлийг хангаж, түүнийгээ төрийн одлого туушта й мөрдөхийн чухлын туха үзэл санаа нь онцгой байр суурь эзэлдэг.
“Бие бөх бөгөөс ганцыг ялюу, сэтгэл бөх бөгөөсолныг ялюу (6.102) гэх буюу”… хүнийг дагуулна гэж сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг дагуулваас бүгдийг дагуулна, сэтгэлийг алдваас бүгдийг алдана (11.132) гэж Чингэс хаан хэлж байсан нь хүч хэрэглэх аргын зэрэгцээ олны сэтгэлийг таних, харь улсын шашин, соёл, зан заншлыг хүндэтгэх нь төрийн хүний нэг чухал чанар гэдгийг өгүүлсэн хэрэг юм.
Ер нь Чингэс төрийн бодлоготон, ихэс дээдэс төрийн үйлсэд хууль цааз, ёс заншлыг, цэргийн хэрэг, бичгийн хэрэг, аж байдлын хэргийг адил тэгш засахгүй бол өрөөсгөл болж “ Ганц зүүнийг хичээвээс баруу нь осолдоно, барууныг хичээвээс зүүн нь осолдоно(10.1578)” хэмээн үзэж, бүгдийн хэмжээ хязгаарыг тохируулан засаглахыг сургаж баййсан юм.
Төрийг үзэх Чингэсийн үзлийн үнэт зүйлсийн системийн салшгүй нэг бүрдэл хэсэг нь эв нэгдлийн үзэл санаа юм. Төрийг төвшитгөн бартж, хагацсан улсыг хураан амаржуулахад чиглэсэн Чингэсийн бүхий л тэмцэл , үйл ажиллаганы туршид эв нэгдлийг үзэл санаа, түүнийг гол баримтлал, төрийгү үзэх философийнх нь утга уёир болж байлаа. Өөр зуураа эв нэгдэлтэй байж гэмээнэ төр улс хүчирхэгжиэ мандана, эв эе эвдрэлцвээс төр улс бууран доройтож, хөндлөнгийн хүний идэш гэдгийг Чингэс хаан үр хүүхдүүд, хатран зүтгэгчид болон удам судар нэгт ахан дүү, олон түмэн иргэддээ захин гэрээсэлж байсан байна. Тиймээс ч эв нэгдлээ хичээн эрмэлзэх үзэл Могол төрийн бодлогод ч, ард нийтийн ухаан бодол, хүмүүжилд ч нэн чухал тулгуур зарчим болж ирсэн ажгуу (11.13)
Нууц товчоо болон бусад олон сурвалж бичигт эв нэгдлийн үзэл санааг ямагт эрхэмлэн өргөмжилж ирсэн нь тодорхой ойлгогддог. Энэ нь “ хоёр хүн эвтэй болвоос төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй болвоос эвдэрхийх хүрээ мэт хэврэг, өнөр хүн эвгүй болвоос өнчин хүний элэг боло, олон хүн эвгүй болвоос оорцог хүний идэш болох” гэх зэрэг сурвалж бичгийн сургаал, айлдваруудаас илэрхий харагддаг.
Шудраг ёс бол Чингэс хааны төрийн үзлийн нэг үнэт зүйлс юм.Тэрээр шудрага ёс гэдгийг эзэн хаандаа үнэнч байх явдал хэмэн үзээд эзэн хаандаа үнэнч байх нь төрд үнэнч байхын үндэс гэж ойлгож байв.
Гэхдээ тэрээр шудрага ёсыг баттай хэрэгжүүлэх гол нөхцөл нь төр нь төр шиг,хаан нь хаан шиг байж,ард олныхоо сэтгэлийг таниж, өршөөл нигүүлсэнгүй хандах явдал гэж үзэж байсан нь “онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч, чин шударгаар дээд эзэндээ зүгэвээс болой (10.1293)” гэж түүний сургаснаас тодорхой харгддаг.
Төр хүчтэй байх нэг тулгуур үндэс нь төрийн хууль бүгдэд адил үйлчилж,түүнийг нийтээр чанд мөрдөх явдал гэж Чингэс үзэж байв. Энэ нь түүний төрийн үзлийн үнэт зүйлсийн системийн бас нэг салшгүй бүрдэл нь болж байв. Нэгэнт олноор зөвшин гарагасан хууль цаазыг хэн ч зөрчих ёсгүй. Энэ нь хаан эзэнд ч, сайд түшмэдэд ч, харц ардад ч адил хамаатай юм. Нэн ялангуяа, төрийн хууль цаазыг эн тэргүүн эзэн хаан, төрийн түшмэл өөрсдөө ёсчлон дагах учиртайг онцон Чингэс хаан сургахдаа “цааү хэмээгч эзнээс үүсэн түшмэлээс зарламой. Цаазыг дагах эзнээс эхэлж олон цэрэгт хөрмүй. Цаазыг чангатгахад эрх биш урьд нь эзэн нь сахимой. Цааз барьсан жононгийн дохиог хэн айлгүй зөрчмүй.(10.1179-1180)” хэмээж байв.
Их монгол улс оршин тогтнохдоо зөвхөн цэрэг зэвсгийн хүчинд дулдуйдаж байсангүй. Харин энэ нь дэг журам, хэм хэмжээ, хууль зарлиг, ёс зүйн шударга зарчид тулгуурлаж байв. Энэ тухай акдемич Ш.Нацагдорж “ Чингисийн их засаг хууль, Билиг сургаал хоёр нь тэр цагийн төр, нийгмийн зохион байгуулалт, захирах, захирагдах хатуу ёсны хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байв (15.178)”
Чингисийн төрийн үзлийн үнэт зүйлсийн систем дээр тэмдэглэснээс гадна мөн тэр улсын нэр хүнд, ир чадал, эрх мэдлийг эрхэмлэж хүндэтгэх, төрийн түшмэд мэргэн төгс, ухаан төгөлдөр, эр зоригтой байх,хувийн сонирхолоос төрийн хүсэл зоригийг дээгүүр тавьдаг байх, өөрийн бурууг шударгаар хүлээж, өөртөө хяналт тавих, маргаантай асуудлыг зөвшилцөл, зохицлийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх, олон ургальч үзлийг хүндэтгэх зэрэг олон чухал шинж зарчмууд багтдаг болохыг цухас боловч онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн илрэх хэлбэр, хэрэгжүүлэх арга механизмын асуудал нь түүний төрийг үзэх үзлийн шинжилгээнд онцгой байр суурь эзэлдэг.
Чингэсийн төрийг үзэх үзэл нь а) институциональ хэлбэр буюу төрийн бүтэц зохион байгуулалтын шинж байдлаар, б) төрийн гадаад, дотоод бодлого үйл ажиллагаагаар, в) хэм хэмжээ зохицуулалт, хууль эрх зүйн актуудаар, г) ёс заншил- билэгдэл зүй гэсэн үндсэн төрөл хэлбэрээр дамжин илэрдэг.
Чингэс хааны төрийг үзэх үзэл нь түүний өөрийнх нь үүсгэн байгуулсан төрийн байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх мэдэл, үүргийн харилцан шүтэлцээ төрийн хүмүүсийн ажил үүргийн хуваарилалтын шинж байдлаар тод тусгалаа олдог.
Чингис хаан төрийн байгууламжийн үзэл баримтлалаа боловсруулахдаа нэгд, эртний Монгол угсааны улсуудын төрийн байгуулалтын бүтцийн уламжлал,хоёрт,Монгол төрийн цул нэгдмэл, хүчирхэг байдлыг бүрдүүлэн тогтвортой хадгалаг шаардлага, гуравт, цэрэг, засаг захиргааны бүтцийн хосломол хэлбэрийг бий болгох цаг үеийн зайлшгүй хэрэгцээ, дөрөвт, төрийн болон цэргийн удирдлагын уян хатан, шуурхай бүтэц, арга хэлбэрийн системийг бүрдүүлж хэрэгжүүлэх, тавд, Монгол улсын олон улсын нөлөө нэр хүндийн өндөрт өргөх цаг үеийн шаардлага зэргийг иш үндэс болгож байлаа.
Тэрээр эртний уламжлалт ёсоор төвийн түмэн баруун, зүүн түмэн болон хуваажээ. Их түмэн дотроо хэд хэдэн баг түмэн болон хуваагдана.Бага түмэн нь их хэмжээний соёрхол газартай,цэрэг захиргааны маягийн өвөрмөц нэгж юм. Чингис хаан жирийн түмнийг мянгат, мянгатыг зуут, зуутыг аравт болгон хуваажээ. Чингэс хааны уламжлалт мянгатын тогтолцоог улам боловсронгуй болгож Нууц товчоонд тэмдэглэснээр эсгий туургатныг 95 мянгат болгожээ. Энэ нь хожмоо 130 орчим болж өссөн байна. Түмт , мянгат , зуут, аравтын тогтолцоонд тухайн үедээ цэргийн төдигүй засаг захиргааны бүтцийн гол үндэс болж байсан бөгөөд энэ нь улс орныг төвлөн удирдах, цэрэг эдийн засгийн шинжтэй бодлого, үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэхэд нийцэж тохирсон цэрэг захиргааны өвөрмөц хэлбэр мөн байлаа.
Чингэс хаан түүнчлэн, цэрэг захиргааны өвөрмөц бүтцээ дагасан үүрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн албад,төрийн сайд нарыг бий болгон томилж, тэдгээрийн эрх мэдэл, ажил үүргийг нарийн хуваарилсан нь түүний төрийг үзэх үзлийн сонгомол нэгэн илэрхийлэл болж байв. Чингэс хаан төр улсын засаг захиргааны бүтцийн үндэс болсон түмтийг тодорхой хүмүүст итгэн хариуцуулж байсан бөгөөд төвийн түмнийг Наяд,зүүн түмнийг Мухулайд, баруун түмнийг Боорчид хариуцуулжээ.(16.58). түүнээс гадна Мухулай гоо ван буюу улсын ван хэмээгдэн эрх мэдлийн хувьд хааны дараа орох албан тушаал хашиж байв. Түүнийг зарим судлаачид ерөнхий сайд (17.57) гэдэг боловч тэрээр хааны тэргүүн шадар сайд байв. Тэр төрийн тамга, бичиг хэргийг эрхэлж, засгийн тв байгууллагыг шууд удирдаж байсан байна.
Чингэс төрийн зарагчаар Шихихутагийг томилж, төрийн хяналтыг хүү Цагаадайд хариуцуулж байв. Чингэс хаан бол Боорчи, Зэлэм, Наяа нарыг гол төлөв батлан хамгаалах, цэргийн хэргийг эрхэлсэн сайд нараар, үсэн өвгөнийг төрийн бэхи(шинжээч)-ээр, Тодай чэрбсиыг мал аж ахуйн сайд, Тататунгааг боловсролын сайдаар томилсон (12.57) хэмээн судлаачид үздэг. Төрийн гол зайран нь хөхчү бөө байв.
“Лу Алтан товчид” тэмдэглэснээр Чингэс хаан Есөн өрлөг хэмээх 9 том жанжиг томилсон тухай дурдсан байдаг бөгөөд “Чингэсийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шашдир”-т тэдний талаар тодорхой зүйлсийг дурдсан байдаг. Эндээс үзвэл тэд төрийн хэргийг залгуулахад шийдвэрлэх үүрэгтэй оролцож байсан нь тодорхой юм.
Нэгдсэн төрийн бүтцэд Их хуралдай, Цэцдийн зөвлөл чухал байр суурь эзэлдэг. Энэ нь төр улсын онц чухал тулгамдсан асуудлыг олноороо шүүн хэлэлцэж, хаанд шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлдэг гол институт байжээ. Сүүлийн үед зарим эрдэмтэд Цэцдийн зөвлөл, Их хурилдай зэргийг орчин үеийн парламенттай шууд дүйцүүлэн олгодог нь тааралддаг. Гэвч тэдгээрийг өнөөгийн парламенттай шууд адилтгах боломжгүй ч үүрэг үйл ажиллагааны хувьд хууль тогтоох институцийн зарим шинжийг өөртөө агуулсан нь ойлгогдохоор байдаг. Энэ утгаараа тэдгээрийг Монголын парламентат ёсны уламжлалын эртний анхдагч үр хөврөл, уг үндэс нь байсан гэж үзэхэд төдий л ташаарсан хэрэг болохгүй байх.
Гэтэл манай зарим судлаачид Иххуралдайг агуулга, шинж чанарын хувьд орчин үеийн парламентаас огт өөр зүйл , тэр ч байтугай “Цэцдийн зөвлөл” гэдэг бие даасан огт өөр зүййл, тэр ч ббайтугай “Цэцийн зөвлөл” гэдэг бие даасан институци байсан гэдэгт эргэлзэх нь байдаг. (8.38) Энэ байр суурьт эргэж нягтлах зүйл их байгаа шиг санагддаг.
Нэгдсэн төрийн зохион байгуулалтын өвөрмөц хэлбэр нь “хишигтэн” байв. Хишигтэн эхлээд хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах цэрэг харуулын үүргийг гүйцэтгэж байв. Тулгар төр байгуулагдсанаас хойш “хишигтэн” нь бүтэц, үйл ажиллагааны хувьд өргөжиж улс орны доторхи дэг журам сахиулах, үймээн самуунаас сэргийлэх онцгой үүрэгтэй байснаа удалгүй улс орны засаг захиргааны хэргийг бүхэлд нь хариуцах нэг ёсны засгийн газар болжээ. Учир нь “хишигтэн”-д төрийн сайд нараас эхлээд бичээч, зарлигч, заргач, торгууд, хэвтүүл, хорчин, гөрөөч, хөтөч,хоньч, буурч зэрэг албан тушаалтнууд бүгд багтаж байв. Дээд зиндааны албан тушаалтнуудыг тэдгээрийн дотроос томилно. Хишигтнүүд цаг ямагт хааны дэргэд байж, осол эндэлгүй бол насан турш хаандаа зүтгэх үүрэгтэй. Ийнхү.ү хишигтэн нь Их Монгол улсын төрийн алба, түшмэл ёсны гол институт болж байв. (18.83)
Ингэж цэрэг-засаг, захиргааны дээр тэмдэглэсэн бүтэц, үйл ажиллагааны өвөрмөц хэлбэрийг сонгож хэрэгжүүлснээр Чингэс хааны хувьд түүний төрийг үзэх үзлийнх нь мөн чанар, арга зарчмын үндсэн гол санаанууд бодит биелэлээ олох бололцоо бүрдсэн. Энэ нь нэгд, төрийн байгууламжийн шаталсан нэгдмэл бүтцийг бүрдүүлж,тогтвортой ажиллуулах, хоёрт төрийн засаглалын субьектуудын харилцан шүтэлцээ, эрх мэдэл , ажил үүргийн зөв хуваарилалтыг бий болгох үндсэн дээр төрийн үйл ажиллагааны тасралтгүй шинжийг хангах, гуравт төрийн удирдлагынхэвтээ ба босоо хэлбэрийн зохистой бүтцийг бий болгон төлөвшүүлэх, дөрөвт,төрийн эрх мэдлийн хүрээнд төвөөс зугтах хүчийг сааруулж , төвд тэмүүлэх хандлагыг хүчтэй болгох үндсэн дээр эрх мэдлийг төвлөрүүлэн зангидах явцад хамтын удирдлагын ардчилсан зарим элментүүдийг зохистой сонгон хэрэгжүүлэх, зургаад, үзэл, бодол, байх суурийн олон ургальчүнэлэмжийг төрийн бодлогын нэгдмэл нэг шийдлийг гаргах үйл хэрэгт үр ашигтай механизмын хэлбэрэээр ашиглах, долоод, улс төрийн төдийгүй цэрэг-эдийн засаг, засаг, аж ахуйн олон талт харилцааг төрийн байгууламжийн нэгдмэл нэг үтцээр дамжуулан уян хатан шуурхай хэрэгжүүлэх зэрэг юм.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн илрэн хэрэгжих нэг зндсэн хэлбэр нь түүнийг авч хэрэгжүүлэх байсан төрийн гадаад, дотоод бодлого юм.
Нэгдмэл төр улсын дотоод, гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, аж ахуй,нийгэм соёл, гэгээрэл дипломат ёс, олон улсын харилцааны талаар тухайн үед Чингэс хааны авч хэрэгжүүлж байсан олон талт бүхэл бүтэн арга хэмжээ, үйл ажиллагаагаар дамжин илэрч байв.
Чингэс нэгдсэн төрийн хаан болмогц төр улсаа бэхжүүлж, улс төр, соёл гэгээрэл, гадаад харилцааны чиглэлээр олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замаар улс орондоо томоохон шинэчлэлүүдийг хийсэн юм. Тэрээр улс төрийн салбарт цэрэг, засаг захиргааны шинэтгэлийг хийж, улс орноо нэгдмэл удирдлагаар жолоодох улс төрийн бүхий л нөхцөлийг ханган хэрэгжүүлсэн бол эдийн засгийн салбарт зам харилцаа, өртөө албыг бий болгон нүүдэлчдийн гол амьжиргаа мао аж ахуйг зүйл бүрээр нь хөгжүүлж, алба татвар , дотоодын болон гадаад худалдаа арилжааг тэтгэж анхаарсан, нийгэм-соёл, гэгээрлийн салбарт үндэсний бичиг соёлоо дээдлэн үзэж, үндэсний бичиг үсэг зохиолгон мөрдүүлж,түүнийг олон түмэнд өргөнөөр зааж сургах чиглэлээр их зүйлийнг зохион байгуулсан, гадаад харилцаан- дипломат ёс олон улс оронтой улс орны эрх ашгийн үүднээс харилцаж гадаад бодлого дипломат ёсны нарийн дэг соёлыг бий болгон хэрэгжүүлж улс орнуудын хаадтай бичиг захидал солоцон “алтан хайрцаг” хар хайрцгийн бодлогын бүхэл бүтэн үзэл баримтлалыг боловсруулан ваьж, түүнийгээ төр улсаа жолоодох хэрэгт чанд нарийн мөрдөж байсан өргөн цар хүрээтэй бодлого арга хэмжээ авч байсан юм. Эн бүхэн нь хэдийгээр улс орноо хөгжүүлэхэд чиглэсэн төрийн дэс дараатай авч явуулж байсан чиг бодлого байсан боловч энэ нь Чингэс хааны практик үйл ажиллагааны салбарт илэрсэн түүний төрийг үзэх бүхэл бүтэн үзлийн төвлөрсөөн илрэл баййлаа.
Чингэс хааны төрийг үзэх үзлийн бас нэг чухал илрэл нь эрх зүйн зохицуулалтын хэлбэр юм. Төр засгийн аливаа үйл ажиллагаа нь нарийн дэг журам хатуу чанд хэм хэмжээний хүрээнд явагдах ёстой бөгөөд энэ нь төрөөс батлан мөрдүүлж байгаа хууль эрх зүйн актуудаар дамжин хэрэгжих ёстой гэж үзэж байсан нь түүний төрийг үзэх үзлийн салшгүй нэгэн шинж мөн. Их Монгол улс байгуулагдах үеийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан түүх, хууль зүйн эх сурвал бол “Их Засаг хууль” юм. Эрдэмтдийн сдалгаанаас үзэхэд “Их Засаг” хууль бол нийгмийн нэг төрлийн харилцааг бус харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ.
Америкийн эрдэмтэн Ж.Вернатскийн үзэж байсанаар “Их засаг” хууль бол хээв хуулийн үндсэн дээр шинэ тутамд тогтсон төрийн засаг захирга , цэрэг эрүү шүүлт худалдаа, зан заншил тэргүүтэй олон төрөл зүйл багтаасан бүрэн төгөлдөр хууль гэж тодорхойлжээ.
Судлаачдын бүтээлээс үзүэхэд “Их засаг” хуулийн агуулгыг төр засах цааз, иргэний аж байдлын цааз, цэргийн бодлого гэсэн асуудлууддад төвлөрүүлэн тайлбарла ж болохоор байна. Их засаг хууль нь нэгдсэн улсын нийгэм, төрийн тогтолцоо гадаад харилцаа, дотоод бодлого, төрийн үйл ажиллагааны зарчим төрөөс иргэнийг засах, иргэнээс төрдөө захирагдах ёсон, хааны эрх мэдэл, хэв ёс, өмч хөрнгө, аж ахуйгаа хөлөн удам угсаагаа залгамжлах, газар нутаг, дэг журам, хэв заншлаа хамгаалах, энэ асуудлыг хэм хэмжээний түвшинд нарийн зохицуулж өгчээ. Энэ бүхнийг улс орон, иргэн хотол даяар заавал дагаж мөрдөх хатуу дэг ёстой байсан байна. Эндээс үзвэл Чиингэс хааны төрийг үзэх үзлийн үнэт зүйлсийн нэг гол цөм нь чанд хатуу сахилга, хариуцлага, үүрэг эрхийн нэгдлийн тухай үзэл санаа юм.
Төрийн эрх ёсон, сүр хүчийг илтгэсэн төрийн билгэдлийн агуулгаар Чингэс хааны төрийг үзэх үзэл тод томруун илэрч харагдаж байна. Энэ билэгдэлд төрийн хаш цаагаан хасбуу тамга, есөн хөлт их цагаан сүлд, дөрвөн хөлт их хар сүлдийг хамруулж үздэг байв. Үүнээс гадна Монголчууд туг сүлдний зэрэгцээгээр төрийн есөн их билгэдлийг нандигнан үзэж иржээ. Энэ тухай XIII зууны үеиийн “Цагаан түүх” хэмээх шашдирт :
- Хараа ихт хар туг бусдыг айлгахын бэлгэ.
- Хашгираа ихт улаан бүрээ хамаг хүнддэхийн бэлгэ
- Хүчин ихт алтан хар сум бие сахихын бэлгэ
- Цог ихт шар үхэр олноо өргөгдөхийн бэлгэ
- Зангарга сайн их алмас илд засаг явуулахын бэлгэ
- Чийрэг сайн алтан эмээл явдлын бэлгэ
- Ээл ихт хүнд бүс тогтоохын бэлгэ
- Өндөр далбарт исэр суудлын бэлгэ
- Түшлэг сайд өрлөгүүд найз нар арга бэлгэ ид буюу хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэнд төрийн тэнгэрлэг сүр хүчийг бишрэн хүндэтгэж, хууль цаазыг дагах, үнэнч зүтгэх, их увьдсийг агуулсан төр ёсны гүн гүнзгий утга санаа илэрхийлэгдэж байв. Энэ бол Чингэс хааны төрийн үзлийн хэм хэмжээний түвшинд системчлэгдсэн тусгал болж байлаа.
Чингэс хаан төрийг засах өөрийн бодлого, үйл ажилагаагаа хэрэгжүүлэхийн ттулд олон янзын арга механизмыг бүтээлчээр хослуулан хэрглэж байв. Үүнээс заримыг нь дурдвал анд нөхөр бололцох, андгай тангараг өргөх, эртнийуламжлалт “нөхрийн ёс” , итгүүлэн сэнхрүүлэх , хөхүүлэх арга, хууль цаазад үндэслэсэн хүч хэрэглэх арга, “Их хуралдай” , “Цэцдийн зөвлөл” –өөр дамжин хэрэгжиж байсан зөвшилцөн хэлэлцэх арга, дипломат ёс илчэн харилцааны арга “Төрийн алтан аргамж” “Алан хайрцагны бодлого”, “ Хар хайрцагны бодлого” эдгээр болой.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл Монголын Далай их Чингэс хаан бол төр ёсны гайхамшигт стратегич, төрийн үзлийн хосгүй онолч, дэлхийн хэмжээний авуга их тэнгэрлэг улс төрийн бодлогтон байжээ гэж бүрэн үндэстэй хэлж болох юм.