А.Саруул
/Философийн ухааны Ph.D/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Шилжилтийн үе, Системийн шилжилт, Либерал ардчилал, Соцализм, Пост-Социализм, Зах зээлийн эдийн засаг
“Шилжилтийн үе” хэмээн нэрийдэх болсон үе шат хуучин социалист орнуудын заримынх нь хувьд нэлээд мухардмал байдалд ороод байгаа билээ. Зарим судлаачид энэхүү шилжилтийн үйл явцыг иймээс ч “социализмаас заавал ардчилал руу бус, харин хаашаа ч юм шилжиж буй шилжилт” хэмээн тодорхойлох болжээ. Улс төр судлалын шинжлэх ухаан дахь шилжилтийн үеийн онолууд нь 1989 оноос өмнөх цаг үе дэх ардчиллын давалгаануудын үед анх үүсэн бий болсон билээ. Шилжилтийн үеийн тухай нэрт судлаачид болох Линц, Степан нарын тодорхойлсноор шилжилтийн үе шат нь бүс нутаг бүрт өөрийн гэсэн онцлогийг илэрхийлэх ажээ. Шилжилтийн онолууд нь дотроо хоёр үндсэн чиглэлийг баримталдаг:
- Нэг талаас олон түмэн ба элитүүдийн үүргийг буюу хүний хүчин зүйлийг голлон авч үздэг онол гэж байна.
- Нөгөө талаас хүний хүчин зүйлээс илүүтэйгээр тухайн шилжилтийн чиглэлийг нь голлон авч үздэг онолууд байна.
Brust, Stark нарын судлаачид хуучин социалист орнуудын шилжилтийг гурван төрөл болгон ангилсан байдаг. Үүнд:
- өрнөдийн орнуудын загварыг хуулбарласан, өрнөдийн ардчиллын загварыг өөрийн орны нөхцөлд шууд авч хэрэглэсэн шилжилт,
- зөвхөн өнгөцхөн дуурайсан, өрнөдийн ардчиллыг өөриймсүүлэн авч чадаагүй, хэлбэрдэх төдий шилжилт (учир нь хуучин социалист орнууд нь өрнөдийн орнуудаас өөр гарааны нөхцөлтэй учраас)
- гарааны нөхцөл байдлаас хамаарахгүй, огт шинэлэг, үндсэндээ бараг хоосонгоос бий болсон шилжилт.
Шилжилт нь дараахь шинж чанаруудыг агуулсан байдаг:
- Мөргөлдөөнөөрэхэлнэ. Мөргөлдөөнийгхэрхэн зохицуулсан бэ?
- хүч хэрэглэн дарсан (БНХАУ)
- хүч хэрэглээгүй
- Хүч хэрэглээгүй тохиолдолд:
- хуучин элит шууд буулт хийсэн (Зүүн Герман, Чех)
- хуучин элит бууж өгөөгүй
- Хуучин элит буулт хийгээгүй тохиолдолд:
- дугуй ширээ (Польш)
- тохиролцоонд хүрээгүй
- Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд:
- улс төрийн өрсөлдөөнийг тун хязгаарлагдмал нөхцөлийн дор явуулах (Болгар, Румын)
- улс төрийн чөлөөт өрсөлдөөн өрнөв (шударга сонгууль)
Эдгээр загвар нь зүүн ба төв европын орнуудыг гол нь хамруулан авч үзсэн болно. Харин монголын нөхцөл байдлыг авч үзвэл хуучин элит өөрөө ялзралд орсон, оршин тогтнох чадваргүй болсон байсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь монголын үндэсний бодлогыг бие даан шийддэг үндэсний элит гэж байгаагүй, бүхий л шийдвэрийг хуучин ЗХУ-ын удирдлага үндсэндээ гардан хийдэг байжээ. Иймээс хуучин элит зэврэн нурсан байсан бөгөөд харин МАХН-ын доторхи хөрөнгөжих сонирхолтой шинэ бүлөглэлүүдийн хувьд дээрх загварын доторхи “хуучин элит” хэмээх нэр томъёог хэрэглэхэд тохиромжтой. Энэхүү бүлэглэл нь дотроо хагаралтай байсан учраас нэг ёсондоо “буулт” хийсэн хэмээн ойлгогдсоор өдийг хүрсэн. Гэтэл дээрх загвараас харахад монголын “хуучин элит” буулт хийгээгүй, харин сөрөг хүчний болон гудамжин дахь олон нийтийн шаардлагын хүчээр “дугуй ширээ” байгуулан, хязгаарлагдмал хүрээнд улс төрийн өрсөлдөөн явуулсан болох нь харагдаж байна.
Судлаач W.Merkel-ийн тодорхойлсноор нэгэнт шилжилтийн цаг үе рүү давшин орсон эдгээр улс орнууд дахь улс төрийн бүхий л хүчнүүд аль нь ч, хуучин эрх баригчид ч мөн адил өмнөх шигээ хязгааргүй чөлөөтэй хөдлөх орон зайгүй болсон байгаа, өөрөөр хэлбэл тэдний үйл хөдлөл нь ямар нэгэн хэлбэрээр хязгаарлагдах болсон гэсэн үг. Тэд хязгаарлагдмал хонгилын дотор л хөдлөх бололцоотой болсон байгаа. Энэ нь дээр томъёолсон ёсоор шилжилтийн чиглэлийг голлон авч үздэг онолын урсгалыг хэлж байна.
Давхардсан шилжилтийн бэрхшээлтэй асуудлууд буюу системийн шилжилтийн үе дэх саад бэрхшээлүүд
Системийн шилжилтийг залуурдан чиглүүлэх боломж ер нь байна уу? Судлаач К.Offe-ийн 1994 онд бичсэн “Хонгилын цаана юу ч харагдахгүй байна буюу давхардсан шилжилтийн мухардал” сэдэвт бүтээлд энэ асуудлыг хөндсөн байна. Давхардсан шилжилт гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм- соёлын бүхий л салбарт шилжилтийн үйл явц зэрэгцэн өрнөсөн гэсэн санааг илтгэж байна. Систем нь бүхлээрээ өөрчлөгдөн шинэ үе шат руу шилжин орж байгаа тэрхүү үйл явцыгдавхардсан шилжилтхэмээн онолчид нэрийдэж байгаа. Энэхүү шилжилтийн үйл явц нь Баруун Европод хэдэн зуун жилийн турш үргэлжилсээр өнөөгийн хэлбэрээ олсон бол хуучин социалист орнууд энэхүү түүхэн замыг хэдхэн жилийн дотор даван туулах нүсэр асуудалтай тулгарч байна гэж үздэг. Харин хуучин социалист орнуудын хувьд шилжилтийн үе шатанд ердөө л хувьчлал, эдийн засгийн асуудал руу хамаг анхаарал, хүч, хөрөнгөө зарцуулсаап өнөөг хүрчээ. Улс төрийн салбар нь ердөө л эдийн засгийн системийн өөрчлөлтийн “дагавар” зэмсэг маягаар хавчуулагдан явж ирлээ. Улс төрийн салбарыг эдийн засгаас тусдаа, бие даасан бүхэл бүтэн систем хэмээн ойлгохгүй, түүнийг системтэйгээр хөгжүүлэх бодлого баримтлахгүй байгаа нь эргээд улс терийн системийг хямралд хүргэж байгаад гайхаад байх шаардлагагүй. Нийгэм-соёлын салбарыгогтхон ч ойшоохгүй, эдийн засаг нь л хөгжвөл нийгэм- соёл нь аяндаа хувьсан өөрчлөгдөх мэтээр өрөөсгөл ойлголттой явж ирснээр тун ч олон асуудал судалгааны гадуур үлдэж, эцсийн дүнд шилжилт амжилтгүй болж байгаа шалтгааныг гаргаж ирэх чадваргүй, сонирхолгүй болсон хагас дарангуйллын системүүд, ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд, Монгол зэрэг олон оронд эргээд тогтож байна.
Судлаачдын үзэж байгаагаар зах зээлийн эдийн засаг хэдийгээр бүрэлдэн тогтох боломжтой ч энэ нь олон хүний урмыг хугалж, ардчиллыг устган, популистууд болон дарангуйллыг эргээн тогтоох аюултай байдаг ажээ. Харин европын зарим орон шилжилтийн үе шатанд харьцангуй амжилтад хүрч чадсан байна. Судлаач Веуег-ийн үзэж байгаагаар шилжилтийн үе шатан дахь ээдрээтэй асуудлын учир шалтгаан нь:
- шилжилтийн зүгээс шаардах бүхий л “гарлага, золиосыг” дутуу үнэлсэн байдаг: нийгмийн зүгээс энэхүү шилжилтэд хүлээцтэй хандах эсэх, эрх чөлөөг ойлгон хүлээж авах эсэх
- сөрөг хүчний чадварыг байгаагаас нь хэт өндөр үнэлсэн, мөн системийн шилжилтээс хохирогчид ямар ч зохион байгуулалтад орохыг бодолцоогүй, тэдний хувь заяа тодорхойгүй
- өмнөх нийгмээс үлдсэн улс төрийн болон соёлын сэтгэхүй, уламжлал болсон ёсоор төрөөс хэт их зүйл хүлээдэг, төрд найддаг явдал нь хүчтэй садаа болж байдаг, энэхүү айхтар сөрөг үзэгдлийг огт тооцоолоогүй байх.
Системийн шилжилтийн өмнөх түүхэн үе шатыг эргэн сөхөхүй буюу пост-социализм руу ойртох оролдлого
ХБНГУ-ын Франкфуртийн Шилжилтийн үеийгСудлах Институт (НТ)-ийн судлаачид шилжилтийн үеийн үндсэн хоёр хандлага байгааг олж тогтоожээ:
- уран сэтгэгч өөдрөг үзэлтнүүдийн чиглэл: барууны орнуудтай адил төвшинд, тэр замаар хөгжиж болно хэмээх өөдрөг үзэл
- культуралист гутранги үзэлтнүүдийн чиглэл: өмнөх түүх, уламжлалт сэтгэлгээ нь хэзээ ч өөрчлөгдөшгүй, шилжилтэд хамгийн их садаа болж байдаг хэмээн үздэг соёлын асуудалд хамгийн өндөр ач холбогдол өгдөг гутранги үзэл
- хүчтэй үндсэрхэх (үндэсний үзэл биш!!!) үзэл суртал буюу өөрсдөөрөө хэт бардамнах, бусдыг үл ойшоох, универсал зарчмыг үгүйсгэх, энэхүү нийгмийн хөөрөл дээр дөрөөлөн эрх мэдлээ тогтоогчид
- институциүдэд итгэл алдарсан байдал (хууль, парламент, засгийн газар, улс төрийн намууд, үндсэн хууль г.м.)
- улс төрийн тавцанд харилцан буулт хийх соёл огт байхгүй эсхүл дутмаг байх: эрх баригчид нь сөрөг хүчнийг үгүйсгэн дарангуйлах
- социализм гэнэт нуран унасны дараа үзэл суртлын орон зай хоосорсон, огт чиг баримжаагүй болсон байх
- эгалитаризм буюу тэгшитгэх үзэл хэт газар аван гүнзгийрсэн байх
- этатизм буюу төрөөс буюу улс төрийн намаас бүхнийг төлөвлөх сэтгэхүй хэт газар авсан байх, иргэдийн идэвх санаачилга дутмаг, төрийгтахин шүтэх, төрд бүхнийг даатгах сул сэтгэхүй ноёрхсон байх
Энэхүү хоёр чиглэл нь шилжилтийн үеийн судлаачдын үзлээр мөн маргаантай асуудал. Нэг бол өрнөдийн ардчиллыг тэр чигээр нь хуулбарлан дуурайж болох, эсхүл өмнөх үеийн нийгэм-соёлын суурь дэвсгэр энэхүү ардчиллын давалгааг өрнүүлэхэд садаа болж байна хэмээн туйлшрах нь шилжилтийн үеийн судлаачдын анхаарлын төвд байгаа асуудлууд билээ. Зөвхөн судлаачид ч бус, харин улс төрчид ч энэхүү асуудлыг популист маягаар өөртөө ашиглах тохиолдол түгээмэл гарч байна.
2002 онд Christopher Hahn, Vendery нар шилжилтийн үе шат нь бүс нутаг бүрт ялгаатай үр дүнд хүрсэн шалтгааныг дараахь байдлаар тайлбарлаж, түүний учир шалтгааныг судлах шаардлагатай болохыг гаргаж ирсэн:
1.Шилжилтийн улс орнуудын улс төрийн амьдрал өнөөгийн байдлаар хоорондоо нэлээд ялгаатай төвшинд хүрсэн байна:
- авторитар дэглэмүүд үүссэн
- авторитар ба ардчиллын холимог гибрид дэглэмүүд (Белорусь, Монгол г.м)
- либерал ардчилал (Чех, Унгар, Зүүн Герман)
2.Шилжилтийн өмнөх үе шатнаас улбаалан үлдсэн уламжлалт соёл, сэтгэхүй нь зайлшгүй ухралтад хүргэх шалтгаан болох ёсгүй. Харин энэхүү уламжлалаас ашиглаж болох ямар нөөц бололцоо байгаа, тэрхүү нөөцийг ашиглаж чадсан эсэхийг судлан гаргаж ирэх ёстой ажээ.
3.Социализмаас өмнөх үе шатыг ч судлах хэрэгтэй. Төв европын зарим орнууд жишээ нь социализмаас өмнө ардчилсан институциүдтэй, иргэн, иргэний эрх, эрх чөлөө зэрэг сэтгэлгээний уламжлалтай байсан билээ. Мөн ямар шашинтай байснаас шалтгаалан ардчиллын үзэл санаа дэлгэрэх боломж угаасаа нээлттэй байсан гэсэн үзэл баримтлал ч байдаг.
Нийгмийн судалгааны салбарынхны үзэл баримтлалуудаас улс төр судлаачид юу суралцах ёстой вэ?
- Социализмын тухай бүрэн төгс тогтсон ойлголт онол өнөөг хүртэл байхгүй байна. Энэ системийг тайлбарлаж чадаагүй хэвээрээ байна.
- Либерал ардчилал нь авторитар дэглэм, гибрид дэглэмүүдээс мэдээж хэрэг илүү үнэт зүйл. Иймээс зүгээр л нэгэн үзэл суртал, уриа лоозон болгон ашиглахгүй, харин үнэхээр ойлгон мэдэрч, жинхэнэ утгаар нь байгуулах хэрэгтэй. Үүний тулд автиоритар дэглэмийг үзэн ядаад, хоосон шүүмжлээд байлгүйгээр, харин түүнийг сэтгэлээрээ мэдрэн ойлгож байж л хэрхэн өөрчлөхийг мэдэх бололцоотой.
- 1989 оноос хойш улс төр судлаачдын зүгээс хамгийн голлон анхаарч байсан зүйл нь “хэрхэн маш богино хугацааны дотор барууны орнууд шиг болж өөрчлөгдөж чадах вэ, түүнд юу саад болж байна” гэсэн асуудал байлаа. Гэтэл угсаатны зүйн судлаачид өөр зүйл рүү анхаарлаа хандуулж, шинэчлэлт рүү огтхон ч яарахгүй байсан. Тэд улс төр судлаачдад хамгийн гол нь пост-социалист үе шатан дахь нийтлэг зүйлсийг олж тогтоохыг зөвлөсөн байна. Тэдний хувьд мөн культуралист гутранги үзэл болох нийгмийн сэтгэхүйг илүүтэй гүнзгий судлахыг санал болгосон байдаг.
Шилжилтийн үеийг ойлгохын тулд дараахь дөрвөн зүйл рүү анхааралдаа хандуулж, илүү гүнзгийрүүлэн судлахыг санал болгож байна. Үүнд:
- 1989 оноос өмнөх ба хойших үе дэх үндсээрээ өөрчлөгдөхгүй байгаа тэрхүү тогтвортой байдлыг судлах (Монгол, Гүрж, БНХАУ зэрэг орнууд дахь төрийн социализмын систем)
- соёлын шинэчлэлт, шилжилт хувьсал, өөрчлөлт, хөгжлийн үзэгдлүүдийг судлах:
а.институцийн хувьд гарч буй бүтцийн өөрчлөлтүүд
б.хүмүүсийн амьдрал, сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтүүд
- Пост-социализм нь нийтлэг дүр төрхтэй хэдий ч хоёр үндсэн шалтгааны улмаас улс орнуудын хооронд ялгаа гарч байна:
a.эдгээр улс орнуудын өнгөрсөн үе нь адил төстэй хэдий ч энэхүү өнгөрсөн үе нь өөрөө мөн хоорондоо ялгаатай байсан (зах зээлийн хөгжсөн байдал өөр өөр төвшинд байлаа)
б.социализмын төгсгөлийн үе шатанд ч мөн эдгээр орнууд өөр хоорондоо нэлээд зааг ялгаатай дүр төрхтэй байсан
- Аливаа нэгэн нийгмийн гадаад дүр төрхийг шууд хуулбарлан дуурайх, түүний элементүүдийг өнгөцхөн бий болгох нь боломжтой мэт боловч энэ нь тийм ч амар бүтэх ажил биш. Жишээ нь, Европын Холбоонд шинээр элсэн орж байгаа европын пост-социалист улс орнууд нь хэлбэрдсэн төдий үндсэн хууль зэрэг бүхий л институциүдийг бий болгохдоо гол нь бус, харин өрнөдийн орнуудын институциүдийг өөрийн нийгмийн сэтгэл зүй, амьдралын хэм хэмжээнд дасган зохицуулж авах шаардлагатай. Аливаа нэгэн хуулийн зүгээр хэлбэрдэн дуурайж, хуулбарлан оруулж ирэх, харин түүнийг амьдралд үндэслүүлэн хэрэгжүүлэх нь хоорондоо гүнзгий ялгаатай асуудал. Шинэчлэл гэдэг нь өнгөрсөн үеийг шинэ цаг үетэй холбож өгөхийг хэлнэ.