Х.Пүрэвтогтох
/УТБА-ийн багш/
Шинэ толь №24, 1998
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
“Төр улс” зохиолын XY бүлэг 4 дүгээр номны 445 В-гээс 5 дугаар номны 477 в. “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” зохиолын тухай эрэгцүүлэл:
Өмнөх үг
Нэг жил, хэдхэн хоногийн дараа бид XXI зуунтай золгох гэж байна.
Өөрөөр хэлбэл “Би чухам юун дээр алдаж, юун дээр онов оо?” хэмээн хэн нэгэн хүмүүн өөрийн үзэж өнгөрүүлсөн амьдрал, он жилүүдийн тухай эрэгцүүлэн тунгааж, алдаа оноогоо ухамсарлан, хожмын мөрөө хичээх лугаа адил соёлт хүн төрөлхтөн бид юун дээр онож, юун дээр алдсан бэ? гэдгээ энэ зууны өндөрлөг дээрээс дахин нэг эрэгцүүлэн харахуйд, бид гариг эрхэс, сансар огторгуйг эзэмшиж, эрин зууны их нээлтүүдийг хийж, тэнгэрлэг Их суутнуудыг төрүүлэн гаргаж, шинжлэх ухаан, урлаг соёл, техник технологи, нийгмийн хөгжлийн өндөр түвшинд нэгэнтээ хүрч, санаанд оромгүй аугаа их зүйлсийг хийж бүтээсэн атлаа бүхний сэтгэлд энгийн мэт үзэгдэх зарим нэгэн эгэл зүйлсээ мартан одсон нь нэн харамсалтай.
Тэгвэл бид юун дээр алдав? Цэрэг, дайны мөргөлдөөн, аллага хядлага, алив хүчирхийлэл, бусармаг үйл үйлдсэндээ юу?, аль эсхүл байгаль дэлхийдээ хайр гамгүй хандаж экологийн Тэнцвэрийг алдагдуулсандаа юу?…
Хэрвээ дээрх бүхэн нь үнэн магад хэмээвэл тэр бүхнийг үйлдэх болсон шалтгаан, уг үндэс хийгээд бид бүхний ертөнцийг үзэх суваг, оюун бодолд хэвшин тогтсон өчүүхэн атгаг сэтгэлгээ буюу тийн үзэхүйн үзлийг нь нарийвчлан гаргаж, улмаар ичгэвтэр хийгээд дутагдалтай талаа шүүн тунгаахгүй аваас энэ бүхэн дахин гарахгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дээрх бүхний уг үндэс, гарах болсон шалтгаан нь бидний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл бодлоос ихээхэн хамаарна гэсэн үг юм.
Энэ нь дан ганц манай иргэдийн ухамсарт бус, аливаа улс үндэстний зан заншил, уламжлал, ёс суртахууны хэм хэмжээнд төдийгүй хэн хүний оюун бодол, сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэлд аль хэдийнээ хэвшил болоод тогтчихсон, хэзээ ч хөдлөшгүй үнэн бат хууль мэт санагдавч зарим нэгэн хэт явцуу, учир дутагдалтай үзэл бодлууд бидний сэтгэлгээнд гүн гүнзгий шингэчихсэн явдал юм.
Үүнд олон зүйлсийг дурдаж болох боловч жишээ болгон эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, тэднийг басамжлан доромжлох аливаа хандлага, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг үл хүндэтгэгч үзэл бодлын талаар Эртний Грекийн их сэтгэгч, өрнийн философийг зүй ёсоор үндэслэгчдийн нэг Платон одоогоос хэдэн мянган жилийн өмнөөс бидэнд чухам юу гэж хэлж байсан юм бэ? гэдгийг миний өчүүхэн бие, “Төр улс эх зохиолын XY бүлэг 4-р номны 445в-ээс 5-р номны 477В “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” зохиол дээр үндэслэн түүний үзэл санааг өрнө дорны гүн ухаан сонирхогчдын түвшинд хүрэхүйц энгийн үгээр, хялбарчлан буулгахаар оролдсоныг минь мэргэн уншигч та бээр өөрийн оюундаа болгоон соёрхох ажаамуу.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай Платогийн үзэл баримтлал
Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлагыг харахад “Хүний эрх”, тэр тусмаа “Эмэгтэйчүүдийн тэгш эрх”-ийн тухай асуудал нь өнөөгийн соёлт нийгмийн нэгэн том шалгуур үзүүлэлт болон гарч ирээд байна гэвэл нэг их буруудахгүй бизээ.
Иймд дээрх асуудлыг авч үзэхийн өмнө Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг чухам ямар түвшинд явна вэ гэдгийг хөндөн ярих хэрэгтэй болох нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч миний бие энд уг сэдвийг гол болгон авсангүй, харин хэн хүнд энгийн мэт санагдах атлаа хамаг асуудлын гол зангилаа, тийн үзэхүйн уг үндэс болсон “Эм хүн урт үстэй, ухаан богинотой “, эс бөгөөс “Эр хэдий муу ч эмийн дээр” гэх мэтийн эмэгтэйчүүдийг хэт басамжлан үзэгч бидний уламжлалт сэтгэлгээний тухай хөндөн өгүүлэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид энэхүү сэтгэлгээгээ таягдан хаяж чадаагүй нөхцөлд “Хүний эрх” тэр тусмаа “Эмэгтэйчүүдийн тэгш эрх”, энээ тэрээ хэмээн мянгантаа яриад ч “ямаа туйлаад янгиа эвдэхгүй”-н үлгэр болох биз ээ.
Тэгвэл Их сэтгэгч Плато “Эмэгтэйчүүдийн тэгш эрх”-ийн талаар чухам ямар үзэл баримталж байв аа? Энд хамгийн сонирхолтой нь Платогийн хэлж байсан санаа нь бид бүхний өнөөдрийн яриад байгаа ардчилал, хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаарх үзэл бодолтой өчүүхэн ч зөрөхгүй байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, одоогоос хоёр мянга гурван зуу гаруй жилийн өмнөх Платонийн хэлж байсан энэ санааг өнөөдөр бид чинь ойлгосон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд ямарч л байсан ярьсаар л сууна шүү дээ.
Тус зохиолын эхний өгүүлбэр нь “-Хэрэв зээ чи өөрийн үзэл бодлоосоо татгалзан надтай уусан нэгдэх аваас бүхий л үзэгдэл юмс хийгээд тэдгээрийн гадаад хэлбэр дүрс нь ад шулмын хорлолоор хүлэгдсэн нүдэн төдий үзэгдэл агаад өөр өөрөөр үзэгдэхийн учир утга нь ямар ч хэрэгцээгүй зүйл болохыг олж үзэх болно.
– За тэгвэл, та чухам юуг харж байгаагаа хийгээд, тийн үзэхүйн мөр, арга замаа хэлж өгөөч?
– Чухамхүү би юуг харж байна вэ гэвэл тоологдошгүй олон дүрс үзэгдлүүдийн төгс бус оршихуй хийгээд тэдгээрийн мөн чанар нь ялгал үгүй нэгэн зүйл юм гэдгийг л тодорхой харж байна” хэмээн эхэлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, Платон аливаа үзэгдэл юмсын дотоод мөн чанар, оршихуйн уг үндэс нь тэдгээрийн илрэн гарах гадаад хэлбэр шигээ өөр өөр байдаг бус, харин “The form” буюу “The good” хэмээх нэгэн чанар байдаг бөгөөд философич хүн үзэгдэл юмсын хувиран өөрчлөгдөж байдаг гадаад төрх байдлыг нь бус зөвхөн үл өөрчлөгдөгч түүний уг мөн чанарыг харж, ойлгон ухаарч байдгийг хэлсэн хэрэг.
Үүнийг ойлгоход тийм ч их хэцүү зүйл биш гэдгийг жишээн дээр авч үзье. Бүхий л үзэгдэл юмс, өөрөөр хэлбэл од гариг, наран саран, уул ус, байгаль ертөнц, хүн амьтан гээд л амьтай амьгүй бүхэн үүсэн мөхөж, хувиран өөрчлөгдөж байдаг. Хүн, хүний нийгэм, зан заншил, сэтгэлгээ, ёс суртахууны хэм хэмжээ ч мөн адил үүнд хамаарагдана.
Тэгвэл яагаад одоогоос хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн Платонийн эх зохиолууд (үүнд дан ганц Платон ч биш бусад философчид хийгээд тэдний бүтээл туурвил, сонгодог эх зохиолууд ч мөн адил орно) хуучирдаггүй юм бэ? Яагаад хүн төрөлхтөн үеийн үед тэр дээр үед бичигдсэн хэдэн шаргал хуудсуудыг уншин судалсаар ирсэн юм бэ? Гэтэл өнөөдөр Платонийн үеийн боолын нийгэм, соёл иргэншил, зан суртахуун, хэв жаяг, ахуй байдал, нийгмийн сэтгэлгээ, үзэл бодол зэрэг нь устан үгүй болсон атал дахиад л өнөөх эх зохиолууд… огт хуучраагүй хэвээрээ, нэгээс нөгөө рүү гар дамжин уншигдсаар л байна вэ?…
Магадгүй, чухамдаа их сэтгэгч Платон бээр философич хүнийхээ хувьд үзэгдэл юмсын үл өөрчлөгдөгч мөн чанарыг барин зохиол бүтээлээ туурвисанд оршино. Жишээлбэл, өнөөдөр бидний эдлэж хэрэглэж байгаа материаллаг зүйлс төдийгүй үзэл бодол, хэл яриа, зан суртахуун зэрэг маань одоогоос хоёр мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан хүн төрөлхтнөөс тэс өөр боловч аливаа үзэгдэл юмсын оршин тогтнохуйн утга учир болох хүн хийгээд хүний мөн чанар нь огт өөрчлөгдөөгүй гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, аливаа үзэгдэл юмс оршин тогтноно гэдэг нь анхдагч мөн чанараа хадгалан оршино гэсэн үг бөгөөд хэрвээ уг үзэгдэл юмс өөрийн мөн чанараа алдахад хүрвэл тухайн зүйл оршин тогтнож чадахаа болино хэмээх хуулийн дагуу одоогоос хоёр мянга гурван зуу гаруй жилийн өмнөх буюу Платонийн үеийн ахуй байдал, зан суртахуун, хэв жаяг нэгэнтээ өөрчлөгдөн солигдсон хэдий боловч бие биенээ хайрлан дурлах, үзэн ядах, атаа жөтөө, хор шар, баяр баясгалан, уйтгар гуниг, хүсэл мөрөөдөл… гэх мэтчилэн үл хувирагч чанаруудын тухай буюу өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа, хожим ч байж л байх энэхүү мөн чанарын тухай, хүн хийгээд хүний амьдралын хэм хэмжээний эгэл атлаа агуу зүйлсийн тухай өгүүлсэн болохоор түүний эх зохиолууд хэзээч хуучрахгүй гэсэн үг юм.
Плато цааш нь хэлэхдээ “Хүн, хүний мөн чанар гэдэг нь үнэн хэрэг дээрээ нэгэн зүйл байдаг бөгөөд үүнд эрэгтэй сүнс, эмэгтэй сүнс гэж байдаггүйтай нэгэн адил хүнийг хүйсээр нь ялгах нь үзэгдэлийн төдий зүйл болно… Иймийн тул философи сонирхон судлаж буй аливаа залуу хүн энэхүү үзэгдлийн төдийх хуурмаг байдлыг гэтлэн давж, уг үзэгдэл юмсын гол мөн чанарыг гол бусаас нь ялган таньж чаддаг байх авьяас билэгийг эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, энд би эрэгтэйчүүд хийгээд эмэгтэйчүүдэд байгалиас заяасан аливаа бие махбодийн болоод оюуны ялгаануудыг илтээр үгүйсгэн орхигдуулж буй хэрэг биш бөгөөд үнэхээр ийм ялгаанууд байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү хүйсний ялгаа гэдэг нь ажил мэргэжил дээр ялгардаггүй шиг нийгмийн амьдралын хэм хэмжээ, үүрэг роль дээр яригдаж байх асуудал биш юм” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл, Платон үзэгдэл юмсыг гадаад хэлбэр талаас нь буюу эр, эм хэмээн байгалиас заяагдсан бие махбод, оюун санаа, сэтгэлгээнийх нь хувьд хуваан авч үзэх бус харин тэдгээрийн мөн чанар нь “хүн” хэмээх нэгэн зүйл болох учраас “Эмэгтэйчүүдийн эрх”, “Эрэгтэйчүүдийн эрх”, тэдгээрийн нийгэмд эзлэх байр суурь, ажил төрөл, боловсролын ялгаа зэргээр өөр хооронд нь сөргүүлэн тавих ямарваа хандлага буюу хүйсний ялгаа гэдэг нь угтаа үзэгдэлийн төдий зүйл болно гэдгийг онолын хувьд батлаад зогсчихсонгүй амьдрал ахуйн зарим нэгэн энгийн зүйлс дээр эмэгтэй хүн үнэхээр эрчүүдээс ямар нэгэн талаараа дутмаг юм шигээр санагддагийн уг үндэс, учир шалтгааныг тун энгийнээр тайлбарлажээ.
Жишээлбэл, тус эх зохиолын дараачийн хэсэгт өгүүлэхдээ «Дээд утгандаа эрэгтэй, эмэгтэй хүн гэдэг нь тийм ч их ялгаатай зүйл биш”. Гэвч үзэгдлийн ертөнц буюу “Doxa”-ийн ертөнцөд эрчүүд ямагт эмэгтэйчүүдээс илүү ухаантай, холын бодлоготой, хүч чадалтай юм шигээр үзэгддэг, бас итгэгддэг. Энэ нь угтаа буруу биш. Гэхдээ “Хүн бүхэн адилгүй, хүлэг болгон жороогүй” гэгчээр эрэгтэй хүн бүхэн нэгэн хэвэнд цутгачихсан мэт бүгд л бяр чадалтай, булчин шөрмөс нь зангирчихсан байдаггүйтэй адилхан… эмэгтэйчүүд ч гэсэн “Уулын мод урттай, богинотой” гэгчээр нэг хэсэг нь тулга тойрсон асуудлаас хөөр баяслыг амсаж байхад, нөгөө хэсэг нь улс үндэстний тулгамдсан асуудлыг шийдэж, гар биеэ оролцуулж байх жишээтэй тул тэднийхээр өөрсдийнхөө (эрчүүдийн) атгаг үзэл бодлоор бүгдийг нялзааж, улмаар ер нь эмэгтэйчүүд бүхий л талаараа эрчүүдээс сул дорой хэмээн дүгнэх нь даанч учир дутагдалтай агаад ичгэвтэр хэрэг болох болно шүү дээ.
Мэдээж энд, бүх эмэгтэйчүүдийг, тэр ч бүү хэл нас тогтсон авгай нараас эхлээд хөгшид эмгэдийг ч хүртэл бүгд ижилхэн хэмээн хэт туйлшруулан авч үзэж тэднийг бөх барилдах урлагаар бусад эрчүүдийн адил бэлтгэл сургуулалтыг хийлгэн эрчүүдтэй хүч үзэн барилдуулна гэсэнтэй адилхан бүхний доог тохуу болохуйц утгагүй асуудлын тухай яриагүй юм шүү. Гагцхүү энд хүйсний ялгаа хийгээд аливаа гадуурхах үзлийг гаргалгүйгээр тэдэнд нэг ижил түвшинд бие мах бодийн болоод оюуны боловсролыг тэгш олгох тухай ярьж байгаа юм.
Хэрэв зээ тэдэнд ийнхүү тэгш боловсролыг олгох юм бол эмэгтэйчүүдийн оюун ухааны хүчин чадал, сэтгэлгээ гэдэг нь ямарч талаараа биднээс дутахгүйгээрээ хүн төрөлхтний нөр их баялаг мөний тул тэдэнд сурч боловсрох, мэдлэг оюунаа дээшлүүлэх төдийгүй шинжлэх ухаан, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд хүч сорих боломж нөхцлүүдээр хангаж өгөх явдал юм” хэмээн эмэгтэйчүүдийг гадуурхан үзэх аливаа хандлагыг таслан зогсоож улмаар амьдрал ахуй дээрч энэ бүхий л ялгаанууд нь угтаа байдаггүй гэсэн санааг батлан гаргасан бол зохиолын дараачийн хэсэгт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хөдөлмөр эрхлэлтийн тухай өгүүлэхдээ “Нийгмийн амьдралын аливаа ажил төрлийг гүйцэтгэхэд эрэгтэйчүүд үүнийг хийнэ, эмэгтэйчүүд түүнийг хийнэ гээд байгалиас заяасан хүйсний ялгаанаас хамаараад заачихсан ямар ажил мэргэжил байдаг юм бэ? би л хувьдаа сонсоогүй юм байна…
Гэхдээ зарим хүмүүс оюун ухаан, мэдлэг боловсролыг эрхэмлэн дээдэлдэг бол зарим нэг нь түүнийг үзэн яддагтай адил эмэгтэйчүүд мөн адил өөр өөрийн хэм хэмжээ, үзэл онолын зааг ялгаатай гэдгийг бодолцон үзнэ биз дээ. Өөрөөр хэлбэл, олон эмэгтэй маш олон зүйлийн ажил үйлсийг эрчүүд биднээс илүү хийж чаддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг шигээ эмэгтэйчүүдийг бүх талаараа сул дорой хэмээн басамжлан доромжлох бус харин нийгэм, төр засаг, улс төрийн бүхий л үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцдог байх хэрэгтэй юм. Гэтэл өнөөгийн нийгэм, төр улсын бүтэц зохион байгуулалт, хэлбэр төрх, үндсэн хуулийн тодорхой зүйл ангиуд нь (энд зохиогч маань одоогоос хоёр мянга гурван зуу гаруй жилийн өмнөх байдлыг ярьж байгаа гэдгийг санаарай) ямагт эрэгтэйчүүдийн эрх ашигт илүү түлхүүцээр нийцэн тохирсон байна. Тэгвэл хүн, хүний амьдрал, төр засаг, улс гүрэн гэдэг дан ганц эрчүүдээс бүрэлдэн тогтдог гэж үү?… бидний эхнэр хүүхэд, охид бүсгүйчүүд маань нийгмийн хаана нь оршиж буй хэрэг вэ?… Хэрвээ эмэгтэйчүүд бүх талаараа (оюун санаа, бие махбодиороо) эрчүүдээс сул дорой гэж үзвэл бүхий л ажил үйлсийг дан ганц эрчүүд хийх ёстой гэсэн үг болох нээ”… хэмээн тун энгийнээр хэлсэн байдаг учраас эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай Платогийн үзэл баримтлал хэмээх энэхүү бэсрэгхэн өгүүллэгээ их сэтгэгчийн “Төр улс” эх зохиолын XY бүлгийн сүүлчийн өгүүлбэрээр дүгнэлт болгон төгсгөе.
“Эмэгтэйчүүдийг бүхий л талаараа эрчүүдээс сул дорой төрсөн хэмээн басамжилaн доромжилж буй булчин шөрмөс нь зангирсан, тэр нүсэр чадалтай эр хүн нь өөрийн сайн дурын үндсэн дээр өөрөө өөрийгөө тэнэг хэмээн батлан үзүүлж, элэглэн шоолж буй хэрэг бөгөөд “Ялзарсан жимс боловсордоггүй” гэгчээр буянт сайн үйл нь ямагт чин сэтгэлийн гүнээр үйлдэгдэж, муу мухай, хорт үйл бүхэн нь шившиг, гутамшигийг дагуулан байдаг шүү дээ”.
-Платон