Т.Агиймаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №24, 1998
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эмэгтэйчүүдийн эрх нь олон улсын хуулиар хамгаалагдан баталгаажсан байдаг. Гэвч амьдрал дээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж зовлон зүдгүүр, хүчирхийллийн дор амьдарч буйг орчин үеийн дэлхий ертөнцийн үнэн дүр төрх бэлхнээ харуулж байгаа бөгөөд тэд эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж чадахгүйд хүрсэн явдал нь ихэнх тохиолдолд тэдний хүйсийн ялгаанаас үүдэж байгаа нь дэндүү шударга бус, харамсмаар явдал юм.
Ийм учраас дэлхийн олон улс хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх талаар хамтарсан үйл ажиллагаа явуулж, тодорхой шийдэлд хүрэх оролдлого хийсээр байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, баталгаажуулах арга хэмжээний хамгийн гол алхам бол дэлхий даяар тэдний эрх зөрчигдөж байгаа асуудлыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн дэлгэр мэдээлэх, эрх баригчдын зүгээс хүний эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийг шийдвэртэйгээр таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал юм. Хэрэв тухайн улс орны засгийн газар иргэдийнхээ үндсэн эрхүүдийг хамгаалж чадахгүй байгаа нөхцөлд бусад улс орнуудын зүгээс тухайн улсын эрх баригчдад хариуцлага тооцох, тэдний эсрэг хориг (улс төр, эдийн засаг…) арга хэмжээ авах нь зүйн хэрэг.
Олон улсын Amnesty International байгууллага нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дараах 15 мөрдлөгөөг улс орнуудын засгийн газруудад зөвлөмж болгож байна.
- Эмэгтэйчүүдийн эрх нь түгээмэл хийгээд хүний эрхийн салшгүй нэг хэсэг гэдгийг эн тэргүүнд хүлээн зөвшөөрөх
- Эмэгтэйчүүдийн Дэлхийн 4 дүгээр Бага Хурлаас баталсан Үйл ажиллагааны хөтөлбөр нь 1993 оны Хүний эрхийн олон улсын Бага Хурлаас гаргасан Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан “Охид, эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрхийн салшгүй хэсэг мөн” гэсэн Засгийн газрууд нийтээр хүлээн зөвшөөрсөн тунхаглалыг тусгах ёстой.
- Дэлхийн улсууд хүний эрхийг хамгаалахтай холбогдсон Олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хэрэгжүүлэх
- Засгийн газрууд охид, эмэгтэйчүүдийн эрхийг бататган хамгаалахтай холбогдсон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурах;
- Олон улсын иргэний болоод улс төрийн эрхийн тухай пакт болон сайн дурын үндсэн дээр нэгдэх хоёр протокол;
- Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт; –
- Хүчирхийлэл болон бусад хэрцгий үйл ажиллагаа, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн ял шийтгэл, гажуудсан харилцааны эсрэг чиглэсэн олон улсын гэрээ хэлэлцээр;
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын конвенц;
- Олон улсын хүүхдийн эрхийн конвенц;
- Улс төрийн орогнол олгох, түүнийг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээтэй холбогдсон Олон улсын протокол болон тунхаглал.
- Засгийн газрууд нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай холбогдсон бүс нутгийн чанартай хүний эрхийн актыг баталж хэрэгжүүлэх.
- Дээрх гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч даган баримталж буй засгийн газрууд нь охид, эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэдний чөлөөт байдал (биеэ даасан, хараат бус байдал)-г баталгаажуулж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үзэл, зан заншлыг устгахын төлөө тууштай тэмцэх.
- Засгийн газрууд нь “Эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг устгах тухай олон улсын тунхаг”, “Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичгийг анхааран авч үзэх.
- Засгийн газруудаас гэрээний хэрэгжилтийг зохицуулах байгууллагуудад явуулдаг илтгэлүүддээ охид, эмэгтэйчүүдийн байдлын талаар тодорхой мэдээллийг оруулах.
- Эмэгтэйчүүдийн эрхийг үгүйсгэж буй аливаа ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь таслан зогсоох
Засгийн газруудаас эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үзэл хийгээд хүний ёсыг гутаан доромжилж буй бусармаг үйлдэл болох лесбиан болон охид бүсгүйчүүдийг зовоон тарчлаах, хүчээр богтлон авч суух, хүчин, хүчирхийлэл зэрэг тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдлийн эсрэг тууштай тэмцэх.
- Засгийн газрууд нь эмэгтэйчүүд хуулийн өмнө тэгш эрхтэйг баталгаажуулах, тэдэнд хууль, шүүхийн өмнө эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байр суурь, эрх олгох.
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үйлдэл ажиглагдсан тохиолдолд бие даасан комисс байгуулан уг асуудлыг ул үндэстэйгээр илрүүлж таслан зогсоох.
- Цэрэг дайны мөргөлдөөний нөхцөлд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
- Харгислал, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг хүчээр богтлох, ялгаварлах үзлийг халж, цаазлах ялыг цуцлах.
- Цэрэг дайны мөргөлдөөн нь охид, эмэгтэйчүүдийг бэлгийн замын хүчирхийлэл, доромжлолд өртөх уршгийг араасаа дагуулдаг гэдгийг санацгааж, өөрсдийн ухамсар, ухаалаг бодлогоороо мөргөлдөөнийг таслан зогсоох.
- НҮБ-ын энх тайвныг сахиулах болон бусад хүрээнд ажиллаж буй мэргэжилтнүүд нь хүний эрх, хүмүүнлэгийн стандартыг дээд зэргээр хэрэгжүүлэх болоод үндэсний соёлын уламжлалын талаарх мэдээллийг хүлээн авах явдалд анхаарвал зохино.
- НҮБ-ын хүний эрхийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг экспертийг өргөн ашиглаж, эмэгтэйчүүд бэлгийн замын хүчирхийлэлд өртсөн тохиолдолд уг асуудлыг энэ талаар мэргэшсэн хүмүүсийн тусламжтай шийдвэрлэхэд туслах
- Хүчирхийлэл болон бусад бэлгийн замын доромжлол, харгислалаас охид эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглэгдсэн үр өгөөжтэй алхмууд авч хэрэгжүүлэх.
- Хүчирхийлэл, харгис хэрцгий аливаа үйлдэлд нарийн нямбай, үнэн зөв, хойшлуулшгүй дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ аливаа эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтнаас дээрх балмад үйл ажиллагааг өөгшүүлсэн буюу эсхүл дэмжин тусалсан, эсхүл мэдсээр атлаа нуун дарагдуулсан байвал тухайн тохиолдлуудыг нотлоод, улмаар шударга ёс, хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх.
Ихэнх тохиолдолд зэвсэглэсэн улс төрийн бүлэглэлүүд нь тухайн Засгийн газрыг эсэргүүцэж тэсэлж, дэлбэлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд үүнд энгийн ард иргэд мянга мянгаараа өртдөг нь нууц биш. Ямар ч буруугүй энэ бяцхан охин улс төрийн зөрчилдөөний золиос болж насан туршдаа эрэмдэг зэрэмдэг амьдрах гэж үү!
- Түр хугацаагаар саатуулан баривчлах, шорон гянданд хорих тухай шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх үйл ажиллагаа нь тухайн баривчлагдан саатуулагдсан этгээд болон хоригдлуудын хүний эрхийн асуудлыг хөндсөн тохиолдолд шүүхийн байгууллагын хяналтын дор асуудлыг шийдвэрлэнэ.
- Баривчлагдан хоригдож буй этгээд нь өмгөөлүүлэх, өөрийн гэр бүл, төрөл төрөгсөдтэйгээ харилцах болон хуулийн зөвлөхөөс санал зөвлөлгөө авах эрхтэй төдийгүй дээр заагдсан эрх нь ял эдэлж буй бүхий л хугацаанд хүчинтэй.
- Тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотолсон шүүхийн шийдвэр нь уг этгээдийн үйлдэл болоод оноосон ял зэмлэл нь үнэн зөв болох тухай хөдөлбөргүй баримт нотолгоогоор батлагдсан байх төдийгүй, аливаа албан ёсны байцаалт, шүүх хуралдаанд сэжигтэн этгээдийг байлцуулан хэргийг шийдвэрлэх ба тухайн этгээд болоод бусад этгээдийн санал, хүсэлт өргөдөл, гомдлыг мөн харгалзан үзнэ.
- Гэм буруутай эсэхэд сэжиглэгдэж түр хугацаагаар саатуулагдан хоригдсон, эсхүл гэм буруутай болох нь нотлогдсон эмэгтэй хоригдлуудыг мөрдөн байцаах, цагдан хорих, биенд нь нэгжлэг хийх үйл ажиллагааг зөвхөн эмэгтэй харгалзагч (хянагч) гүйцэтгэнэ. Мөнхүү ижил хүйст хоригдлуудын хооронд гарч болох аливаа хүчирхийлэл бэлгийн замын доромжлолыг эмэгтэй харгалзагчид хянан сэргийлэх бөгөөд хэрэв эрэгтэй харгалзагчид ажлын шаардлагаар ажиллах болбол тэнд заавал ч үгүй эмэгтэй харгалзагчдыг хамт байлцуулах бөгөөд ямарваа нэгэн эмэгтэй харгалзагч байлцуулахгүйгээр эрэгтэй харгалзагч нараар эмэгтэй хоригдлуудыг харгалзуулахыг хориглоно.
- Мөн түүнчлэн түр хугацаагаар баривчлагдан саатуулагдсан болон шоронд хоригдож буй эмэгтэй хоригдлуудыг хорьж цагдахдаа ямагт эрэгтэй хоригдлууд болон түр хугацаагаар мөрдөгдөн саатагдаж буй эрэгтэйчүүдээс тусад нь хорино.
- Мөрдөгдөж байгаа болон шоронд хоригдож буй хоригдлуудыг тогтмол эмнэлгийн үзлэгт хамруулж байхаас гадна тэд өөрсдийн хүсэлтээр эмнэлгийн тусламж авч болно.
- Эмэгтэйчүүдийн үзлэгийг эмэгтэй эмч хийж байх нь ямар нэг талаараа давуу талтай байдаг бөгөөд тухайлбал ямар нэг эмэгтэй хүчиндүүлсэн тохиолдолд уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхүйц үнэлэлт дүгнэлтийг гаргаж өгөхдөө тэд илүү шуурхай, бодитой ханддаг тал бий.
- Хүчиндүүлсэн болон бэлгийн замын доромжлол, өөр бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэй нь хохирлыг нөхөн төлүүлэх, зохих төлбөрийг нэхэмжлэх эрхийг эдэлнэ.
- Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад учирсан хохирлын нөхөн төлбөрийг улсын төсвөөс гаргах
Хоригдогч этгээд ял эдлэх хугацаандаа нас барсан тохиолдолд хэргийн учир шалтгааныг цаг алдалгүй илрүүлж, шаардлагатай гэж үзвэл уг үйлдэлд эрүү үүсгэн ас шалгаж, холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдэх.
Шүүхийн шийдвэрээр хэн нэгэн этгээдийг баривчлах, цагдан хорих үйл ажиллагааны явцад уг этгээдийн гэр бүлээс гаргасан эсэргүүцэл, гомдол саналыг шүүх зохих хэмжээгээр харгалзан үзэж байх төдийгүй ямар учир шалтгааны улмаас баривчлагдан саатуулагдсан зэрэг бүхий л мэдээллийг түүний ар гэрт нь үнэн зөвөөр мэдээлэх.
Хэн нэгэн этгээд нь хэлмэгдэн саатуулагдсан бол түүнийг нэн яаралтайгаар суллах, түүний хамаатан саданд уг этгээд хаана саатуулагдаж байгаа талаар мэдэгдэх, хэрэв гэмтэн шархадсан бол нэн түргэн эмнэлгийн тусламж үзүүлэх.
Дээрх зураг дээрх хүү рүүгээ тэмүүлэн нас барсан эх, санаа амирлангуй хэвтэж байгаа балчирхан хүү хоёрын дүр зураг харагдаж байна. Угандагийн Ерөнхийлөгч Хабяриманааг 1994.4 дүгээр сард алагдсанаас хойш тэнд нэг сая орчим хүн иргэний дайны золиос болж, мөн 8 дугаар сар гэхэд тэр хэмжээний хүн эх нутгаасаа дүрвэжээ.
- Тухайн эмэгтэйн хамаатан садан, төрөл төрөгсдөөс хэн нэгэн нь баривчлагдан саатуулагдсан тохиолдолд уг эмэгтэй нь иргэнийхээ хувьд түүний өмнөөс ямарваа нэгэн торгууль, ял шийтгэл хүлээхгүй.
- Хардалт, хавчлага нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс мөн
Гэр бүлийн холбогдолтой асуудлаас шалтгаалаад аливаа эмэгтэй хүн түр хугацаагаар саатагдан баривчлагдах, шорон гянданд хоригдох болон барьцаалагдсан тохиолдолд уг эмэгтэйн гэр бүл, хамаатан садан нь түүнийг нэн яаралтайгаар суллан гаргах талаар бүхий л арга хэмжээ авах.
Хамаатан саданд нь шахалт хавчлага үзүүлэх зорилгоор эмэгтэй хүний амийг бүрэлгэх, хүчээр булаан авах, хулгайлах болоод бусад харгис үйлдлээр зовоох үйлдлийг таслан зогсоох.
- Хоригдол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах
- Аливаа эмэгтэй хүн баривчлагдах болоод шорон гянданд хоригдох тохиолдолд тэдний эрүүл мэндийг хамгаалах, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
- Жирэмсэн болоод нялх биетэй хоригдол эх, түүний нярай хүүхдийг тусгай халамж анхааралдаа авах.
- Ял эдлэх хугацаандаа төрсөн хоригдол эмэгтэй нь хүүхэдтэйгээ хамтдаа хоригдож байгаа нөхцөлд тэдэнд бие махбодийн болоод оюун санааны ямарваа нэгэн дарамт шахалтыг үзүүлэхгүй байх.
- Хэрэв хүүхдээсээ тусдаа байгаа тохиолдолд хоригдол эмэгтэй нь нярай хүүхдийнхээ талаар байнгын мэдээлэл авах боломжоор хангагдана.
- Хоригдлууд нь аливаа дарамт шахалт, дотоод сэтгэлийн зовиураас ангид байх
- Түр хугацаагаар саатуулагдсан этгээд ба шорон гянданд хоригдож буй хоригдлууд нь аливаа бэлгийн замын дарангуйлал, улс төрийн дарамт шахалт, ёс суртахууны зохист бус байдал, хэл яриа, шашин, үзэл бодлын зөрчилт байдлаас ангид байх.
- Эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийн төлөө тэмцлийг тайван замаар явуулсныхаа төлөө эмэгтэйчүүд шоронд хоригдох, баривчлагдах ёсгүй.
- Эмэгтэйчүүд гомосекс үйлдсэн ба харилцан тохиролцсон иймэрхүү үйлдлийн төлөө шоронд хоригдох, баривчлагдах асуудлын талаарх хууль тогтоомжоо засгийн газраас хянан үзэх.
- Хуулинд зааснаар эмэгтэйчүүд улс төрийн эрхийн хувьд эрэгтэйчүүдтэй ижил байр суурьтай боловч амьдрал дээр хүйсийн ялгавартай байдлаас үүдэн тэр болгон төрийн өндөр албан тушаал хаших, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдмал, өөрөөр хэлбэл улс төрийн эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Иймд тэдний эрхээ эдлэхэд нь саад болж байгаа янз бүрийн объектив, субъектив хүчин зүйлсийг арилгаж, улс төрийн тэгш байр суурь, боломж нөхцөлөөр хангах үйл ажиллагааг төр засгаас авч хэрэгжүүлэх.
- Улс төрийн хэргээр хоригдогсдод шударга ял шийтгэлийг оноож байх
- Дэлхийн аль ч улс оронд харъяалагдаж буй аливаа улс төрийн хэрэгтнүүдэд шударга бус шүүхийн шийдвэр оноох, Тэдний үндсэн эрхийг нь зөрчих асуудлыг эцэслэх.
- Улс төрийн хоригдлуудын асуудлыг бие даасан, өрсөлдөөнтэй, шударга шүүхээр шийдэх
- Аливаа улс төрийн хэрэгтнүүдэд Олон улсын шүүхийн үйл ажиллагааны журмыг баримтлан ял шийтгэл оногдуулж байх.
- Цагаачлагч болоод улс төрийн орогнол хайгч эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаануудыг хориглох тухай
- Улс төрийн хэргээр гадаадад цагаачлагч эмэгтэйчүүдийг (эрэгтэй ч мөн адил үүнд хамрагдана) өөрийн нутагт нь ямар нэгэн дарамт шахалт, цаазлах болон баривчлах ял шийтгэл хүлээж байгаа тохиолдолд түүнийг хүчээр нутагт нь буцаахгүй байх.
- Аливаа улс оронд цагаачлагч болоод улс төрийн орогнол горилогч эмэгтэйчүүдэд албан ёсны буюу шаардлага хангахуйц бичиг баримт, биеийн байцаалтыг төвөг чирэгдэлгүйгээр олгож байх (энэ баримт бичиг нь түүний гэр бүлийн бусад гишүүдийн баримт бичигтэй заавал холбогдох албагүй).
- Тухайн улсын төр засгаас цагаачлагч болоод улс төрийн орогнол горилогч эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэр тусмаа бие махбодийн болоод сэтгэл санааны аливаа хүчирхийлэл дарамтанд өртүүлэхгүй байх баталгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр засгаас авч хэрэгжүүлэх.
- Эмэгтэйчүүдийн эрх онц ноцтойгоор зөрчигдөж байвал түүний шалтгаан, бодит байдлын талаар нарийвчилсан дун шинжилгээ хийж, улмаар шударга шүүхээр хянуулан, асуудлыг ухамсартайгаар, үнэн бодитойгоор шийдвэрлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх.
Сомали дахь иргэний дайн, өлсгөлөн гачаалаас болж хүмүүс нь үй олноороо Вордер суурин дахь дүрвэгсдийн лагерт толгой хорогдож байна. Тэд гэр орон, үр хүүхэд, хань ижил, ахан дүүсээ үүрд алдацгаасан бөгөөд энд ирснээр зовлон зүдгүүр, сэтгэлийн дарамт, дайн дажны хөл үймээнээс түр зуур ч атугай ангижирдаг ажээ. Зураг дээр хүүгийнхээ хамт дүрвэгсдийн лагерьт толгой хорогдож буй эх
- Цаазаар авах ялыг устгах тухай
- Цаазаар авах ял болоод түүнийг гүйцэтгэх үйл ажиллагааг Засгийн газруудаас хориглон устгах.
- Эсхүл зарим төрлийн цаазаар авах ялын шийдвэрийг хөнгөрүүлсэн зүйл ангиар солих.
- Ямар ч тохиолдолд эмэгтэйчүүдэд цаазаар явах ял оноохгүй байх.
- Цаазаар авах ялыг хэвээр хадгалж буй улс орон нь жирэмсэн эмэгтэй болон нялх хүүхэдтэй эхийг ялаас түдгэлзүүлэх журмыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хуулиндаа тусгах.
- Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай холбогдсон Засгийн газар хоорондын болоод төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих
- Засгийн газруудаас НҮБ-ын Хүний эрхийн Комисс, Тусгай илтгэгч ба Эмэгтэйчүүдийн Статусын НҮБ-ын комисс, Эмэгтэйчүүдийг бүх талаар ялгаварлах явдалтай тэмцэх Зөвлөл зэрэг Засгийн газар хоорондын байгууллагуудаас хүний эрхийг хянах үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх.
- Эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх зүйн тэгш байдлын хэм хэмжээг олон улсын стандарт, НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд системтэйгээр хэрэгжүүлэх.
- Засгийн газрууд нь төрийн бус байгууллагуудаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болоод улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт зэрэгт заагдсан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа нааштай үйл ажиллагааг дэмжин тусалж, цаашид ажиллах боломж нөхцөлөөр хангах.
- НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Дэлхийн Бага Хурал нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм соёл, иргэний эрхүүдийг баталгаажуулан хэрэгжүүлэх асуудлыг чухалчилбал зохино.
- “Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх мөн” сэдвээр сургалт боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх
- Засгийн газрууд нь үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг олон улсын хэм хэмжээнд батлан сахих боломж нөхцөлийг бүрдүүлэх.
- Хуулийн албадлагыг хэрэгжүүлэгч субъект болон бусад ямар нэгэн төр засгийн байгууллагууд нь эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөх, тэдний тайван амгалан байдалд заналхийлэх, хүчирхийлэхэд чиглэгдсэн аливаа үйлдэлтэй эвлэршгүй тэмцэх.
- Охид, эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь эрхийн талаар тодорхой мэдлэгийг олгох, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцуулах зэрэг нийгмийн амьдралын хэм хэмжээ, ухамсарт тодорхой дэвшилтэт бодит байдлыг бий болгох, улмаар тэдний боловсролыг ахиулах ажлыг олон улсын болоод үндэсний түвшинд анхаарах.
- Эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн аливаа хүчирхийллийг таслан зогсоох тухай НҮБ-ын Тунхаглалын дагуу аливаа хүчирхийлэл төдийгүй, ердийн амьдралд тохиолдож буй ёс бус үйлдлийг таслан зогсооход чиглэгдэж байгаа нь үүний нэг том дэвшил болно.
- Улс орон бүр хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүхий л анхаарлаа тэдний эрхийг баталгаажуулах явдалд хандуулах.
- Төрийн болон засгийн газар хоорондын байгууллагуудаас хүний эрхийн талаар сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг явуулах, мэдээ материал бэлтгэж гаргахдаа “хүний эрх гэдэг бол эмэгтэйчүүдийн эрх мөн” гэдгийг илүүтэй чухалчлах.
- Зэвсэглэсэн улс төрийн бүлэглэлээс эмэгтэйчүүдийг хамгаалахад анхаарах
- Тухайн улс гүрэн дэх зэвсэглэсэн улс төрийн бүлэглэлийн үйл ажиллагаа нь ямагт хүчирхийлэл, аллага хядлага, хүн барьцаалах зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн уршигт хандлагыг араасаа дагуулж байдаг тул ийм бүлэглэлийг устгахын төлөө дэлхий нийтээрээ тэмцэх.