ШИНЭ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХИЙН ТУЛД …
УТБА-ийн багш, ЭША асан
Батсүхийн Алтансүх
Анх энэ байгууллагын хаалгыг татан орсон үе маань 1996 он байлаа. Тухайн үед хөдөө сургалт ба судалгаагаар нилээд явдаг, маш чадвартай нийгмийн ухааны мэргэжилтнүүд ажилладаг гэсэн товч ойлголттойгоор энэ байгууллагын нэгэн гишүүн болж байлаа. Академид бидэнтэй нэгэн үед буурал Б. Намсрай багш маань, П.Доржсүрэн багш, эдийн засгийн ухааны доктор О. Батцэнгэл, А. Пагма багш, хуулийн С. Болд, О. Баттулга багш гээд тухайн салбартаа эрдэм шинжилгээ болон багшлах талаараа гаргуун хүмүүстэй зэрэгцэн ажиллаж байснаа одоо дурсахад сайхан байна. Академийн удирдлага болон ахмадууд маань залуус бидэнд маш их зүйлийг сургаж, хатуу шаардлага тавьдаг байж дээ гэж боддог.
Бид зөвхөн сургалт, судалгааны ажил хийгээд зогсохгүй өөрсдийн мэдлэг, мэдээллийг бусадтай хуваалцах, нийгэмд тараан түгээх чухал суваг болгон өгүүлэл материалыг бэлтгэх даалгаврыг аван ажиллаж, заримдаа ч бичиж буй нийтлэлээ гаргах гэж олон дахин засаж, шинэ мэдээлэл оновчтой шинэлэг санаа шигтгэх гэж дахин нэмэн сайжруулж байдагсан. “Шинэ толь” сэтгүүлд нийтлүүлсэн материалаа одоо эргэн харахад зарим талаар чамлахаар, нийтлэлчийн хувьд хийх зүйл тэр үедээ их л байж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
УТБА-ийн тухай ярихад бидний ажлыг халуунаар хүлээн авч санхүүжүүлдэг байсан Конрад Аденауэрын Сан, түүний хамт олны тухай цөөн үг хэлэхгүй өнгөрч болмооргүй санагдана. Тус сангийн төлөөлгчийн газрыг анх 1993 онд Улаанбаатарт байгуулж, Монгол улсын тэргүүлэх сэхээтнүүдээс эхлээд нийгмийн бүх давхаргын хүмүүсийн дэмжлэгийг авч, үйл ажиллагааныхаа мөн чанар, нийтлэг ач тусыг ойлгуулан ажиллаж өндөр амжилт гаргасан В. Проль болоод бусад ажилтнуудынх нь хичээл зүтгэл, халуун сэтгэл бидэнд маш том дэмжлэг эрч хүч өгдөг байсан. 1997 онд УТБА-ийн орон нутгийн салбаруудыг анх нээхэд би Дархан, Хөвсгөл аймагт очиж ажиллахдаа чухам л энэхүү сангийн ажилтнуудтай зэрэгцэн ажиллаж, хөдөө орон нутагт УТБА-ийн байнгын ажиллагааг эхлүүлж байсан нь одоо ч үргэлжилсээр байгаад баяртай байдаг. Монгол улсад ардчиллын үйл явц гүнзгийрэн хөгжиж, монгол хүн бүрийн эрхэмлэн үздэг үнэт баялаг болон хөгжихөд УТБА-ийн хамт олон ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн юм. Цаашдаа ч энэ сайхан уламжлал улам гүнзгийрэн үргэлжлэх нь эргэлзээгүй.
АРДЧИЛЛЫН АКАДЕМИД ӨНГӨРҮҮЛСЭН АРВАН ЖИЛ
УТБА-ийн багш, ЭША асан
Агвааны Пагма
1997 оны 3 сард анх Улс төрийн Боловсролын Академийн босгыг алхан орж ардчилалын боловсрол, гэгээрлийг түгээх, хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь нэгдэн орж, дуу хоолой, алхаа гишгээгээ нийлүүлэн анхны хичээлээ “Улс төр гэж вэ?”, “Улс төр ба ард түмэн” гэсэн сэдвээр зааж байснаас хойш даруй 10 жил хамт олонтойгоо ажилласан байдаг.
Ардчиллын Академид өнгөрүүлсэн 10 жил бол миний хувьд иргэд, дунд сургуулийн нийгмийн ухааны багш нар, оюутан, сурагчид, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын гишүүд, идэвтнүүдэд ардчилал, ардчилсан
нийгэм, түүний үнэт зүйлс, иргэдийн оролцооны талаар хичээл заахын зэрэгцээ их олон шинэ зүйлийг мэдсэн, суралцсан, ялангуяа Монгол орныхоо бүх аймаг, олон сум, малчны хотонд очиж олон хүмүүстэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, ярилцан, тэдний хүсэл, эрмэлзлэл, амьдралтай танилцсан он жилүүд байсныг өнөөдөр эргэн дурсахад сайхан байна.
Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсан цагаасаа эхлэн энэ өнгөрсөн хугацаанд иргэдийн улс төрийн гэгээрэлд зориулан олон тооны сургалтын гарын авлага, бусад материалыг бэлтгэн гаргасан билээ. Иргэдийн боловсрол гэгээрэл нь ардчилсан нийгмийн шинэ үнэт зүйлс, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ирсэн нь Монгол улсад иргэний нээлттэй нийгэм төлөвшин хөгжихөд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулсан гэдэгт бид найддаг юм.
Академиас зохион байгуулдаг сургалтын хөтөлбөрүүд нь оролцогчдын бүлгийн онцлогоос хамааран өөр өөр байх боловч ардчилал, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан улс төрийн тогтолцоо, дэглэмийн асуудал нь түгээмэл сэдэв болж байсан юм. Ардчилал, улс төрийн сэдвээр манай хамт олны бичиж, уншиж ирсэн лекцийг олны хүртээл болгох үүднээс 1999 оноос эхлэн “УТБА-ийн лекцийн эмхтгэл” нэрэн дор цуврал болгон 11 дэвтэр хэвлүүлж, үүнд бид бүхний хувь нэмэр байгааг тэмдэглэхэд таатай байна.
Академийнхан бид олон нийтэд лекц уншиж, хичээл заахын зэрэгцээ гадаад, дотоодын янз бүрийн байгууллага, хамт олонтой хамтран нэлээд олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудлаар 4 боть товхимолыг эрхлэн эмхтгэж хэвлүүлсэн нь одоо ч судлаачид, багш оюутнуудын хэрэгцээнд ашиглагдсаар байгаад сэтгэл хангалуун байдаг юм.
2005 онд анх удаа орон нутгийн ИТХ, захиргааны байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор тэдгээрийн албан хаагчдыг төрийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх “Төрийн удирдлага” сургалтыг зохион байгуулсан нь бидний хувьд яах аргагүй шинэлэг ажлын нэг байж билээ.
Манай Академи 2002 онд “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн болж Монголд анх удаа “Ардчиллын үнэлэмж, түүний өөрчлөлт” судалгааг сурвалжлагын аргаар явуулж дүнг нь гарган олон нийтэд танилцуулсан зэрэг сэтгэлд үлдсэн, бидний мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэхэд тус нэмэр болсон олон сайхан үйл явдлыг Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсаны 30 жилийн ойн үеэр дурсан санаж, хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Энэ завшааныг ашиглан хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөддөө
баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
УТБА-Д АЖИЛЛАСАН ЦӨӨХӨН БОЛОВЧ СЭТГЭЛД ХОНОГШСОН ОН ЖИЛҮҮД
УТБА-ийн багш, ЭША асан
Борогчин овогт Гончигийн Чулуунбат
Анх Ардчилсан Холбооны дэргэд Улс төрийн Боловсролын Академи гээч байгуулагдан миний Намын Дээдэд хамт ажиллаж байсан найз нөхөд, багш шавь нар болох Д. Ганбат, Д. Намсрай, П. Доржсүрэн, А. Пагма, Д. Батбаатар, С. Баянбулаг нар болон Ардчилсан хувьсгалын үеэр сайн танил болсон Лхагважав багш, Баярцэнгэл, Баттүвшин зэрэг олон хүн ажиллаж сургалт эрдэм шинжилгээний томоохон байгууллага болсныг 1995 оноос сайн мэдэх болсон билээ.
Гэхдээ энэ байгууллагын хаалгыг татна чинээ бодолгүй явснаа 2006 оноос багш эрдэм шинжилгээний ажилтан хэмээх алдрыг хүртэн УТБА-ийн хамт олон дотор орж, орон нутгийн иргэдэд сургалт хийж, судалгааны хэд хэдэн ажилд оролцон ажиллаж ирсэн юм.
Хоёр ч удаагийн зуны цугларалтыг хариуцан бүх салбарынхаа эрхлэгч, багш, жолооч нартайгаа хоолоо хуваан, сэтгэлээ хүүрнэн ярилцаж байсан нь саяхан мэт сэтгэлд тодхон байна. Дорнодын Ганцогт, Дэлгэрмаа, Пүүжий жолооч, Өвөрхангайн Ариунжин, Отгонбаатар, Ховдын Нохойжав, Жамъяндорж, Хөвсгөлийн Цэцэн, Бат-Өлзий, Нацагаа жолооч, Дундговийн Энхбат, Мөнхжаргал, Дарханы Анар-Эрдэнэ, Сүрэнхорлоо нартайгаа хөдөө газар ардчиллын соёлын үрийг тарьж явсандаа бас сэтгэл өег байдаг даа.
УТБА-ийн өнгөрсөн жилийн бүх амжилт, мандал бадрал, алдаа оноо нь түүнийг удирдаж явсан Д. Баярцэнгэл, М. Энхсайхан, Б. Дэлгэрмаа, Б. Баярсайхан, Д. Ганбат, Б. Баттүвшин, М. Энхбат нарын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг хэн ч үгүйсгэхгүй байх. Харин үе үеийн багш нарын бүтээсэн онол-арга зүйн, мэдлэг-мэдээллийн, уламжлал-шинэчлэлийн ихээхэн “өв соёл”-ыг хадгалан дэлгэрүүлэхийг цаашид бодолцож анхаарах хэрэгтэй юм байна хэмээн үргэлж бодогдож байсныг хэлэхэд илүүдэх юун.
Дэргэдээ “Либерти” хэмээх дээд сургуультай болж бас ч үгүй хэдэн магистрыг яг УТБА-ийн бүтээгдэхүүн болгон гаргасан нь одоо ч гэсэн тэдгээр төгсөгчдийн сэтгэлийн талархлыг зүй ёсоор хүлээж явдаг болохыг мэдэх юм. Энэ бол маш сайн зүйлийн эхлэл байсан нь дамжиггүй ээ.
Урсан өнгөрөх он жилүүдээр хэмжигдэх боловч үлдэх дуурсгалтай УТБА-даа, түүний багш ажилтан нартаа хамгийн сайныг сорчлон ерөөе.
“ГИННЕСТ БИЧИГДЭЖ МАГАДГҮЙ”
УТБА-ийн санхүүч, төслийн менжер
Дэлгэрийн Батбаатар
Академид 30 дахь жилдээ ажиллаж, туулсан амьдралын минь тавин хувь энэ байгууллагатай холбоотой өнгөрчээ. Ер нь “Хамгийн урт хугацаанд хамт ажилласан хүмүүс” гээд Ганбат захирал бид хоёр Гиннесийн номонд бичигдэж магадгүй шүү. Дурсамж бичнэ гэхээр олон нь л юм санаанд орж байна. Тэр болгоныг энд үлдээх боломжгүй болохоор товчлоод хэдэн зүйл бичье. Академийг Монголын Залуучуудын Холбооны 4 давхарт 12 шоо метр ганц өрөөнд 7 хүнтэй байхад нь 8 дахь нь болж санхүүчээр ажиллах болсон юм. 1993 оны 9-р сарын 30-ны өдөр байлаа. Өрнөдийн орны ажлын арга барил, хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмж, шалгуурыг Академид ирж байж л анх мэдэрч билээ. Дэлгэрмаа захирал богино хугацаанд мэргэжил, мэдлэг өндөртэй, шинийг эрэлхийлэгч хүмүүсээр гар сэтгэл нийлсэн хамт олныг бүрдүүлж чадсан юм.
Монголд анх удаа л насанд хүрэгчдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр албан бус сургалтыг тодорхой системтэй олон аймаг, сумдыг хамруулан анхан, дунд, дээд шатны гэж ангилан явуулж байв. Онол арга зүйн “Шинэ толь” сэтгүүлийг улирал бүр хэвлүүлэн нийтэд түгээхээс гадна дэвшилтэй шинэ соргог санаа, үзэл бодлыг тээсэн олон ном, товхимол, гарын авлага хэвлүүлэн гаргасан.
Ер нь манай Академи олон зүйлд анхдагч байж чадсан гэж боддог. Академийн дотоод журмаар 1995 онд Монголд бараг анх удаа ажлын 5 өдөртэй байгууллага болсон санагдана. Цалин хөлс ч төсөл хэрэгжүүлж байгаа тул харьцангуй өндөр байсан. Түүнээ дагаад хүмүүсийн хариуцлага, бүтээмж өндөр байв. Дэлгэрмаа захирлыг тун удалгүй “төмөр хатагтай” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж, Ардчилсан хүчнийхэн манайхныг Дэлгэрмаагийн Академийнхан гэдэг болсон байсан. Тэрээр 1996 оны УИХ-ын сонгуулиар Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь Академийн тэр үеийн 3,5 жилийн хийсэн ажилд ард түмний тавьсан дүн гэж ойлгож болох юм. 1997 онд 6 аймагт салбар байгуулагдснаар манай үйл ажиллагаа улам өргөжих болсон. Эхний 5 жилд Ардчилсан хүчний хүмүүст чиглэсэн сургалт голлодог байсан бол салбар байгуулагдсанаар иргэдэд хандсан сургалт түлхүү болж ирсэн. Академийн материаллаг бааз өргөжиж, сургалтын техник хэрэгсэл, машин тэрэгтэй болсноор жинхэнэ нүүдэлчдэд, малчин ардуудад очиж сургалт зохион байгуулах болсон билээ.
1996-аас 2008 он бол Академийн үйл ажиллагааны оргил жилүүд байсан гэж хэлж болно. Академийн зуны сургалт-цугларалт 1998 оноос уламжлал болон зохион байгуулж ирлээ. Эхлээд ТАСИС-ын “Иргэний оролцоо” төслийн хүрээнд хийгдэж байгаад 2000 оноос салбар байрладаг аль нэг бүс нутагт 14-21 хоног үргэлжлэн нүүдэлчин малчдад хүрч, тэдэнд шинэ мэдээлэл түгээж, санал бодлоо солилцож, сургалт, эрдэм шинжилгээний ажлынхаа сан хөмрөгийг баяжуулдаг болсон юм. Аялалын замд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн зоны амьдралын хэв маяг, зан заншилтай танилцаж байдаг. Манай багш нар өөрсдөө сургалтын киноныхоо зохиолыг бичиж, зарим нь түүндээ гол болон туслах дүр /Г. ЦогӨрнөх, Ц. Жадамбаа, Б. Баярмаа, У. Туяа, Г. Чулуунбат, Б. Ганболд, Г. Нямцэвээн/ бүтээж байсан нь бас л нэг сайхан дурсамж үлдээжээ.
Өнгөрсөн 30 жилд ХБНГУ-ын КАС-аас 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь манай орны насанд хүрсэн нэг хүнд 1000 төгрөгийн улс төрийн боловсролын хөрөнгө оруулалт хийсэн тооцоо гарч байна. Харин Монголын төр 1999 онд л Ардчилсан Хувьсгалын 10 жилийн ойн үеэр МоАХ-оор дамжуулан анхны бөгөөд цорын ганц удаа 5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг юм.
1993 оноос хойш Академийн төв болон салбарт 100 гаруй хүн ажилласан байх юм. Бүгд л Академиа сайн сайхнаар дурсаж явдаг нь тэдний ажил, амьдралд эерэгээр нөлөөлж, цаашид өсч дэвжих үүд хаалга, бололцоог нь нээж өгдөгтэй холбоотой гэж бодож байна. Академи бүх сум, суурин газарт төдийгүй малчны хотонд хүрч сургалт зохион байгуулдаг, олонд танигдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон хөгжихөд Академийн Удирдах зөвлөлийн дарга Б. Дэлгэрмаа, Да. Ганболд, УЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал Б. Баярсайхан, Д. Хишигбуян, Д. Ганбат, Б. Баттүвшин, М. Энхбат, ахмад багш доктор Б. Намсрай, Ч. Лхагважав, П. Доржсүрэн, А. Пагма, Б. Батчулуун, Г. Чулуунбат, залуусаас О. Баттулга, Б. Алтансүх, Б. Баярмаа, Г. Цог-Өрнөх, Ц. Ангараг, Ц. Жадамбаа, С. Энхтөр, Ё. Энхбаяр болон Либерти Дээд сургуулийн, Ц. Бүжидмаа, У. Туяа, А. Болормаа, Б. Ганболд нарын үе үеийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, нярав С.Баянбулаг, “Шинэ толь” сэтгүүлийн зохицуулагч Т. Сарантуяа, орчуулагч
Ж. Золмаа, нарийн бичгийн дарга П. Отгонжаргал, Б. Уранчимэг, Д. Алтанчимэг, Б. Болормаа, З. Соёлмаа, Г. Нямцэвээн, жолооч Ч. Уламбаяр, Б. Батгэрэл. Т. Цанлигсүрэн, Т. Базаррагчаа, Дархан-уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймаг дахь салбарын эрхлэгчид, багш нараас гадна КАС-ийн суурин төлөөлөгч В. Проль, П. Глуховски, Т. Шрапель нарын ажилтнаараа дамжуулан Германы татвар төлөгчид зохих хувь нэмэр оруулсан.
Сүүлийн 2 жилд Академи сургалт, судалгаа, хэвлэн нийтлэх төслүүд дээр чадварлаг хамт олныг бүрдүүлэн Тайванийн Синика Академи, Ардчиллын судалгааны хүрээлэн, Солонгос төвтэй Азийн ардчилал судлалын хүрээлэнгийн сүлжээ, Олон улсын “Дэлхийн өсөлт” зэрэг байгууллагатай судалгааны томоохон төслүүдийг МУИС, МУБИС, ШУА-ийн ФСХ зэрэг байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр төсөлд Академид ажиллаж байсан хуучцуул маань “Senior Expert”-үүд болж чин сэтгэлээсээ оролцож байгаад баяртай байна. КАСийн шинэ суурин төлөөлөгч, хамт олонтой ажил хэрэгч санал санаачилга гарган “Шинэ сонгогч” сургалтын арга хэмжээ болон “Шинэ толь” сэтгүүл үргэлжлүүлэн гаргахаар хамтран ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
Та бүхэндээ Академи байгуулагдсны 30 жилийн ойн баярын мэндчилгээ
дэвшүүлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
АКАДЕМИД АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮДЭЭ ДУРСАХУЙ
УТБА-ийн дэргэдэх
Либерти Дээд сургуулийн багш, ЭША асан
Цэдэнхүүгийн Бүжидмаа /Ph.D/.
Миний бие анх 2006 оноос УТБА-ийн дэргэд шинэхэн байгуулагдсан Либерти дээд сургуулийн судлаач, багшаар ажиллах болсон юм. Эрдмийн үнэр ханхалсан эвсэг найрсаг энэ хамт олны дунд ажиллахад сэтгэл тэнүүн, урамтай байдагсан.
“Ардчилсан Засаглал”, “Ардчиллын үнэт зүйл”, “Засаглалын ил тод байдал”, “Хүний эрх, эрх чөлөө”-ний тухай мэдлэг боловсрол маань энэ Академийн тогоонд чанагдаж, энэ Академийн багш нарын дэмжлэгээр өнөөдрийн түвшинд хүрсэн дээ.
Манай Академи ардчилал судлал, улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрхийн чиглэлээр суурь ба хавсарга судалгаа явуулж ирсэн түүхээрээ монголын Иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй сургалт судалгааны байгууллагуудын тэргүүн эгнээнд бичигдэх байх. Энэ Академийн гадаад дотоодын том жижиг төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, их зүйлийг сурсан даа. Эдгээрээс хамгийн том нь “Ардчиллын үнэлэмжийн төлөвшил” сэдэвт “Азийн Барометр олон улсын судалгаа” байлаа.
Иргэний боловсролын чиглэлээр олон жилийн турш хөдөө орон нутгийн иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулж ирсэн нь манай Академийн түүхэн туршлага, багш бид нарын мартагдашгүй дурсамж болон үлдсэн юм.
Ном, сэтгүүл, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, хоол хүнс ачаад жил бүрийн зун 15-28 хоног аялдагсан. Ижилхэн олон саарал фургоноо хөлөглөөд уудам Монгол нутгийнхаа бүхий л аймгуудаар аялан сургалт хийж, нийт 10,000 гаруй км явсан байдаг юм. Ингээд бодсон чинь очоогүй аймаг гэж байхгүй юм байна. Монголын өргөн уудам тал нутаг, Шилийн богд, Алтан овоо, Халхын гол, Хайлааст манхан, Алтай, Хангай Хэнтий нурууны уулс, Хөвсгөл, Увс, Буйр, Үүрэг, Толбо, Тэрхийн цагаан нуур, Дэлгэр мөрөн, Орхон, Онон, Улз, Балж, Байдраг, Булган, Ховд, Идэр, Тэс, Суман, Чулуут, Хануй, Түйн голууд, Хорго, Уран тогоо гээд л үзэж хараагүй үзэсгэлэнт газрууд бараг л үлдсэнгүй дээ. Нутаг нутгийн ард түмний зан заншил өөр. Увс, Ховд, Завхан гээд баруун хязгаарын ард түмний амьдрал их онцлогтой сонин санагдаж билээ. Нутгийн ардын зочломтгой занг гайхаж, цай боорцог өрөм, ааруул идэж, проектороо залгаад л хүний эрхийн тухай, ардчиллын тухай хичээлээ заадагсан. Баян-Өлгий аймагт очоод хэл нэвтрэлцэхгүй ямартай ч сургалтын киногоо үзүүлээд л ойлголцоод л явдаг байсан юмдаг.
Манай Академийн баялаг түүхийн салшгүй нэг хэсэг бол Либерти дээд сургууль. Энэ сургууль байгуулагдсан цагаасаа Төрийн удирдлагын магистр бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, эдүгээ 200 гаруй магистр төгсгөсөн нь нийслэл, орон нутгийн төрийн албанд амжилттай ажиллаж байна. Миний бие Либерти дээд сургуульд багш, сургалтын албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж 2011 он хүртэл ажилласан юм.
Монгол улсад ардчиллын боловсролын салхийг хагалж, “Шинэ толь” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийг өнөө үед амилуулсан, улс төрийн шинжлэх ухааны ууган Академид ажилласан минь миний амьдралын гэрэл гэгээтэй сайхан он жилүүд байсан юм. Эрдмийн мөрийг минь гэрэлтүүлсэн ихийн их үнэт зүйлийг энэ Академиас олж авсандаа миний хязгааргүй баярлаж явдаг бөгөөд монгол улсад иргэний боловсрол, ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд эрдэмтэн багш нарынхаа хамтаар багаахан хувь нэмэр оруулсан гэж дотроо бахархдаг юм.
Академийнхаа үе үеийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчиддөө УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ үүсч байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргэе. Эрдмийн мөр цагаан байх болтугай!
“АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ”
УТБА-ийн анхны төгсөгч,
Хөвсгөл аймаг дахь салбарын эрхлэгч асан, ахмад ажилтан
Эрхэл овогт Чойсүрэнгийн Бямбадорж
1989 оны сүүлчээр Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн болж, зөвлөлгөөний уран бүтээлчдийн хэлж, ярьсан үг, тэндээс гарсан уриалга зэргээс шал өөр уур амьсгал сэвэлзэж, удалгүй 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо Олон улсын хүний эрхийн өдрөөр жагсаал цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллага ч байгуулагдлаа гэсэн мэдээлэл амнаас ам дамжин хуурай өвсний түймэр шиг дэгдэж хүн бүрийн чихийг дэлдийлэглээ. Гэхдээ хүн бүрийн чих янз янзаар “дэлдийсэн”. Зарим нь сонирхсон, хүсэмжилсэн, дэмжсэн хэлбэрээр дэлдийхэд, зарим нь эвэртэй туулай үзсэн юм шиг буруушааж жигшсэн, эсэргүүцсэн өнгөөр дэлдийсэн. Аль нь ч байсан л нийгэмд шинэ сонин үзэгдэл бий болж, чагнаж сонсох, үзэж харах юмны цөм нь энэ л “ардчилал, эрх чөлөө” гэдгийн тойронд өрнөсөн. Албан хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол тэр үйл явц, тэнд оролцогчдыг газар доор ортол муулж, эсэргүүцэн сөрөг мэдээлэл л өгдөг байсан. Харин энгийн иргэдийн ихэнхийн нүд чихний бөглөөс хагас хугас ч болов сүв гарч итгэл найдвар, хүлээлтийн байдалтай өдөр шөнөгүй чих тавин сонирхож байсан, ёстой л хонхны дуу тэдний чихэнд жингэнэн сэрээж Сүхбаатарын талбайгаас сүлдэт баганаар хүрээлэгдсэн эх орны торгон хил хүртэл, сум бригад, суурь малчны хот, сургуулийн анги танхимд хүртэл цуурайтсандаа.
Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу радио, телевиз ганцхан байх ба тэр нь төрийн мэдэлд, сонины тухайд “Намын үнэн”, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” гээд үнэн голдуу нэртэй нам, эвлэлийн хяналтын хэдхэн сонин, орон нутагт “Архангайн үнэн” гэх мэт аймаг бүрд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэг л сонинтой тул тэндээс тэнцвэртэй бодит мэдээллийг авна гэж санахын ч хэрэггүй байлаа. Албан байгууллагын соёл хүмүүжлийн лекц сургалт зэрэгт энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. МОНЦАМЭ-гийн Шинэ үе мэдээллийн брошюр зэрэгт ганц нэг бодит мэдээлэл гарна. Харин 1990 оны 4 дүгээр сараас “Ардчилал” зэрэг ганц хоёр сонин арван хоногт нэг, сард нэг зэргээр гардаг болов.
1993 оны хавраас ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сангийн дэмжлэгтэйгээр Улс төрийн Боловсролын Академи гэдэг байгууллага сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа дагнан эрхэлж төв, хөдөөд сургалтууд зохион байгуулж эхэлсэн нь маш шинэлэг дуу хоолой болж, улмаар 1997 оноос Дорнод, ДарханУул, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд зэрэг зургаан аймагт салбар байгуулж, иргэний боловсрол, гэгээрэлд хандсан үйл ажиллагаа явуулж байсан нь иргэдэд ардчиллын боловсрол олгодог анхны байгууллага болсон нь ихээхэн үр нөлөөтэй ажил эхлүүлж иргэдийн шинэ боловсролд мэдэгдэхүйц нөлөөлсөн билээ. УТБА одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар энэ жил 30 жилийн ойтойгоо золгож байна.
Төр засгаас анхаардаггүй учир Иргэний ардчиллын боловсрол ихэд үгүйлэгдэж, Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явц, ардчиллын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүүхэд залуучууд ялангуяа 40-өөс доош насныхан өмнөх нийгмийн тогтолцоо ямар байсан, тэнд хүний эрх эрх чөлөө ямар түвшинд байсан зэрэг мэдээлэл баримжаа үгүйгээс улс төрийн популист хүчнүүдийн үзэл суртал, үлгэр домог, тархи угаалтад автаж, сонголтоо зөв хийх, улмаар иргэний нийгмийн хөгжилд хандах, оролцох нийгмийн оролцоо идэвхигүй болж, төр иргэн хоёр хүнийсэх, үл ойлголцох, улмаар нийгмийн хаос төлөв үүсэх ч нөхцөлд хүрч болзошгүйг харгалзан УТБА-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын анхны эрхлэгч Чойсүрэнгийн Бямбадорж би “Арай ч үгүй байлгүй” нэртэй өгүүлэл УТБА-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхэд залуучуууд, нийт иргэд сонгогчиддоо бэлэг болгон барьж УТБА-ийнхаа Шинэ толь сэтгүүлдээ нийтлэж байна.
Соён гэгээрсэн ард түмэн, хэзээ ямагт хүчтэй, эрх чөлөөтэй байх болно.
УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН АНХНЫ САЛБАР
УТБА-ийн Дундговь аймаг дахь салбарын багш, эрхлэгч асан
Мажаагийн Энхбат
1995 оны 1-р сарын 1-ээс эхлэн ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн (КАС) “Иргэдийн оролцоо” төсөл Дундговь аймагт хэрэгжих болж, төслийн удирдагч багшаар анх ажиллаж эхэлснээс хойш 20 гаруй жил Улс төрийн Боловсролын Академи гэсэн энэхүү боловсролын байгууллагад салбарын багш, эрхлэгч, Академийн төвийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирлээ. КАС 2 жилийн турш “Иргэдийн оролцоо” төслөө орон нутагт амжилттай хэрэгжүүлээд 1996 оноос Европын Холбооны хөтөлбөрийн хүрээнд УТБА-ийн салбаруудыг 6 аймагт бүсчлэн байгуулах шийдвэр гаргаснаар 1997 оны 7-р сарын 10 -ны өдөр Академийн анхны салбарыг Дундговь аймагт байгуулсан билээ.
УТБА-ийн Дундговь аймаг дахь салбар нь говь нутагт нээлттэй нийгэм бүрэлдүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн сургалтыг иргэд, хүүхэд залуучуудад зориулан зохион байгуулж, нийгмийн шинжлэх ухааныг ахлах ангийн сурагчдад түгээн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид бүхэн сургалтын сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглан, сургалтаа иргэдэд хүргэхдээ ойлгомжтой болгохын тулд сургалтын видео-хичээл ашиглан явуулж, гарын авлага материалыг тэдний боловсролын түвшинд тохируулан боловсруулж, хэвлүүлж өгдөг байсан. Дундговь аймгийн салбараас эрхлэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдэд зориулан “Нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшил”, “Бүс нутгийн эдийн засгийн хөгжил ба нутгийн удирдлага”, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд “Орон нутгийн төрийн болон ТББ-ын хамтын ажиллагаа”, “Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийн үзэл баримтлал”, “Хүний эрх, эрх чөлөө”, “Сонгуулийн тогтолцоо”, “Олон ургальч үзэл, олон намын тогтолцоо” зэрэг сэдвээр сургалтын төслүүдийг хэрэгжүүлж онол, арга зүйн бага хурал, сургалт семинар, зөвөлгөөнийг удаа дараа зохион байгуулж, өөрийн болон бүсийн аймаг, сумдын иргэдэд зориулсан төрөл бүрийн богино хугацааны сургалтуудыг орон нутагт нь хийж ирсэн.
Салбар байгуулагдсан 1997 оноос хойш 1000 гаруй сургалтыг 25000 гаруй иргэдэд зохион байгуулж хийсэн байна. Энэ хугацаанд манай салбарт А. Цолмон, Г. Энхтүвшин, Н. Бямбасүрэн, Г. Хишигжаргал, Н. Ганбат, С. Хулан, Э. Мөнхжаргал нарын багш нар орон тоогоор, орон тооны бус багшаар Н. Долгоржав, Н. Батжаргал, М. Энхболд нар ажиллаж байлаа.
Тус Академийн салбараас Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-тай байнга хамтран ажиллаж ирсэн билээ. Аймгийн ИТХ ихээхэн үүрэгтэй ажиллаж аймаг, сум, багийн ИТХ-ын төлөөлөгч нарын олон сургалтыг хамтран зохион байгуулж ирсэн. Энэ ажилд аймгийн үе үеийн ИТХ-ын дарга нар болох С. Үржин, Ц. Мөнгөнцоож, С. Буджав, Засаг Дарга Ш. Төрбат, Д. Чандмань, Ж. Адъяа, Хурлын нарийн бичгийн дарга Ц. Бямба-Очир, Ш. Батсүх, Ц. Эрдэнэ-Очир нар олон жил идэвхи санаачилга гарган хамтран ажиллаж ирсэнд талархалтай байдаг билээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б. Батчулуун, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Ганбаатар, Говь-Сүмбэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Базаррагчаа нарын олон хүмүүсийн туслалцаа дэмжлэг их байсныг дурьдах нь зүйтэй. Академийн салбарын оролцоо, мэргэжлийн туслалцаатайгаар аймгийн иргэний нийгмийн байгууллагууд үүсч хөгжсөн түүхтэй. Сайхан-Овоо сумын С. Амарсанаа, Ц. Мөнхбаяр нарын “Онги гол” хөдөлгөөн, Баянжаргалан сумын ИТХын дарга Д. Оюунхүү, Гонжид нарын байгуулсан “Төрөлх нутаг” хөдөлгөөн нь бид бүхний хамтын ажиллагааны эхлэл байсан. Эдгээр хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудыг үүсгэн байгуулахад нь Конрад Аденауэр сангийн мэргэжлийн зөвлөлгөө, дэмжлэг туслалцаа ихээхэн байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Тус салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн хүмүүс бол салбарын зөвлөлийн гишүүд байлаа. Манай салбарын зөвлөлийн гишүүнээр ажилласан аймгийн ЗДТГ-ын эдийн засгийн хэлтсийн дарга Ц. АлтанАлим, аймгийн шүүхийн шүүгч, хуульч С. Оюунцэцэг, Боловсролын хэлтсийн дарга Ц. Сэрээнов багш, аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, төрийн захиргааны мэргэшсэн ажилтан Ж. Жамбал, аймгийн Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэргүүн А. Хатантөмөр, иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн сүлжээний тэргүүн, Мерси Кор Олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Д. Алтантогос, Ногооны хөдөлгөөний тэргүүн, Өлзийт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж. Наранжав нар билээ.
Академийн салбар нь өөрийн үйл ажиллагаагаараа бусад салбаруудаас тэргүүлж 2003, 2005, 2012 онуудад тэргүүн байр эзэлж, салбарын үйл ажиллагааг үнэлж олгосон аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаагийн хэлтэс болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн “талархал”, “өргөмжлөл”, АН-ын “ Эрх чөлөө”ний одонт УТБА-ийн салбар зэрэг нь тус байгууллагын цаашдын үйл ажиллагааг тогтмол амжилттай явагдах урам зориг, дэмжсэн хүчин зүйл болж өгсөн.
2012 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн Улс төрийн Боловсролын Академийнтөвийн захирлаар томилогдож, 4 жилийн турш ажилласан. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж 2013 онд УТБАийн 20 жилийн ойгоор Монгол Улсын төрийн дээд шагнал “ Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон, 2021 онд Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”, 2022 онд Дундговь аймгийн “ Хүндэт иргэн” цол тэмдэгээр тус тус шагнагдсан билээ.
“АКАДЕМИЙН МИШГЭЭ” НЭРТЭЙ ЯВЛАА
УТБА-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын багш, эрхлэгч асан
Батдоржийн Мишигдорж
Миний бие УТБА өөрийн салбарыг 1997 оны намар Өвөрхангай аймагт анх байгуулахад эхлэн орж, улмаар 2004 оны 3 дугаар сар хүртэл багш, салбарын эрхлэгчээр ажиллаж энэхүү байгууллагын түүхтэй холбоотой болсон нэгэн билээ. Энэ он жилүүдэд тус байгууллагаас дараа дараагийн ажил хөдөлмөр эрхлэх, төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашихад хэрэгтэй олон чухал мэдлэг, чадвар эзэмшсэндээ талархаж явдаг билээ.
Монгол оронд эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой Улс төрийн Боловсролын Академийн үйл ажиллагаанаас ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох чиглэлээр явуулсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулахад гар бие оролцож явсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тиймээс ч УТБА гэдэг энэ байгууллагад ажиллаж явсан үеийн гэгээлэг олон сайхан дурсамж сэтгэлд тод үлдсэн байдаг юм.
Дурсан байгаа тэр цаг үед УТБА-ийн салбарууд аймгийн төвд иж бүрэн тохижуулсан сургалтын танхим, сургалтын зориулалтаар ашиглах авто машин, тэр үедээ л хамгийн сүүлийн үеийн хүчин чадал сайтай зөөврийн болон суурин компьютер, проектор, телевиз, дүрс бичлэгийн камер, видео тоглуулагч, цахилгаан үүсгүүр зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байсан нь тухайн аймаг орон нутагтаа хамгийн тансаг хэрэглээтэй, бүрэн тоноглогдсон сургалтын байгууллага гэж тооцогддог, бид ч “толгой дээгүүр” явдаг байлаа.
Академийнхан маань жил бүр 2 удаа нэгдсэн цугларалт зохион байгуулдаг байсан бөгөөд өвлийн цугларалтаар хөдөөгийн бид нарыгаа “цэнэглэж”, сургалт явуулах хөтөлбөртэй холбоотой сэдвүүдээр онолын мэдлэг тэлэх сургалтуудад хамруулж, илтгэх урлаг, насанд хүрэгчдэд зориулсан хичээл сургалтыг удирдан явуулах арга зүйн талаар хэрэгцээтэй мэдээлэл өгдөг байлаа. Харин зуны цугларалтаар бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол орныхоо өнцөг булан бүрд хүрч хөдөөгийн иргэдэд хамтран сургалт зохион байгуулж, түүний хажуугаар үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар тойрон аялал, идэвхтэй амралт хийдэг байсан нь бидний хувьд хуруу дарж, хугацаа тоолон хүлээдэг чухал үйл ажиллагаа байлаа.
Академийн салбарууд хөдөө орон нутагт “Ардчиллын сургууль”, “Нутгийн удирдлага” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, уг хөтөлбөрөөр иргэдэд заадаг хичээл нь орон нутгийн иргэд төрийн үйл ажиллагаанд оролцох боломж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн эрх ашиг сонирхлыг хэрэгжүүлэх тухай мэдлэг олгоход чиглэдэг байлаа.
Орон нутагт байгуулагдан ажиллаж байсан салбарууд олон жил үйл ажиллагаа явуулж, туршлагажихын хирээр нийтлэг явуулдаг сургалтын үйл ажиллагаанаас гадна өөр өөрийн онцлогтой ажлууд зохион байгуулж, туршлага хуримтлуулан дадлагажиж ирсэн билээ. Тухайлбал, Өвөрхангай аймаг дахь салбар миний ажилласан хугацаанд Академийн үндсэн хөтөлбөрийн сургалтын агуулгад нэмэлт хичээлүүд оруулан баяжуулж, сургалтад оролцогчдын бүрэлдэхүүн, тэдний сургалтад хамрагдах давтамжийг орон нутгийн онцлог, сургалтаас хүсэн хүлээж байгаа иргэдийн бодит хэрэгцээнд тохируулан өөрчилж ажилласан билээ.
Ингэхдээ, Өвөрхангай аймгийн сумдаас тодорхой сумдыг сонгон авч, сум тус бүрд орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр оролцож ялалт байгуулах боломжтой хүмүүсийг сонгон баг бүрдүүлж, тэдэнд улс төрийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай мэдлэг, практик дадлага олгох сургалтуудыг тодорхой систем, давтамжтайгаар зохион байгуулж, оролцогчдыг идэвхжүүлэх, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх нөлөөллийн ажил хийж байсан юм.
Энэ ажил УТБА-ийн салбараас явуулж байгаа сургалтын үйл ажиллагааг сургалт хүлээн авч байгаа сум орон нутагт илүү үр нөлөөтэй болгох, үр дүнг нь тооцож, хэмжиж болохуйц байдлаар зохион байгуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтээс эхлэлтэй хэрэг л дээ.
Ингээд, Өвөрхангай аймгийн 21 сумдын гуравны нэг нь болох Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Уянга, Бат-Өлзий долоон сумдыг сонгон авч, Академийн хөтөлбөрийн сургалтыг орон нутгийн сонгуульд оролцох сумын иргэдийн хэрэгцээтэй уялдуулан баяжуулж ажиллах болсон билээ. Энэ ажлыг зохион байгуулахдаа тэдгээр сумдад байгаа орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцвол сонгогчдын дэмжлэгийг авч ялалт байгуулах магадлал өндөртэй, нутаг орондоо нэр хүнд нөлөөтэй боловч өөрөө төдийлөн идэвх гаргадаггүй, “жалгын босс”-уудыг аль нэгэн улс төрийн намын гишүүн мөн эсэхийг үл харгалзан нэгтгэж “Орон нутгийн улс төрчдийн дугуйлан” гэсэн сүржин нэртэй албан бус, бяцхан хөдөлгөөн маягийн зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлж, сүржин нэртэй дугуйлангийн гишүүддээ зориулсан олон удаагийн давтамжтай сургалтын төлөвлөгөө гарган ажилласан билээ.
Уг дугуйлангийн гишүүдэд Академийн “Ардчиллын сургууль”, “Нутгийн удирдлага” зэрэг хөтөлбөрийн үндсэн хичээлийн сэдэв болох ардчилсан төрийн тогтолцоо, орон нутгийн удирдлага, ардчилсан сонгууль зэрэг сэдвүүдийг заахаас гадна сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажлын арга тактик, сонгогчдын сонирхлыг татах, тэдний дэмжлэгийг авахад ашигладаг арга ажиллагаанууд (акцууд)-ын тухай, яагаад энэ удаагийн сонгуулиар сургалтад оролцогч Та аймаг болон сумын ИТХ-д зайлшгүй сонгогдох шаардлагатай байгаа шалтгааныг өөрийнх нь орон нутгийн, өөрсдөд нь тулгарч байгаа аж амьдралын жишээн дээр нь тулгуурлан тайлбарлаж ойлгуулах, тэдний улс төрийн идэвхийг сэргээхэд чиглэсэн сэдвүүдийг нэмж заадаг байлаа. Бас орон нутгийн улс төрчдөд тулгардаг орон нутгийн сонгуульд ялалт байгуулж сонгогдсоны дараа төлөөлөгчийн хувиар, хуулийн дагуу хийх ажлууд, түүнийг гүйцэтгэх ажилбаруудын талаарх мэдлэг, чадвар, туршлага хомс байдаг бэрхшээлийг нь даван туулахад нь туслах мэдээлэл өгөхөөр сэдвүүдийг нэмж заах болсон нь оролцогчдын талархлыг хүлээж байсан билээ. Энэхүү нэмэлт хичээлээр бүх шатны Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг хэрхэн боловсруулах, иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангах, хурлын дараалал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гаргах шийдвэрүүдийн төсөл, Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийн төсөл, тухайлбал хурлаас гаргах тогтоол, дээд шатны Засаг даргад уламжлах албан бичгийн төсөл зэргийг хэрхэн бэлтгэх, уг ажлыг ямар хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журмын дагуу, ямар форматаар гүйцэтгэх зэргийг зааж, хичээлээр өгсөн мэдээллийнхээ дагуу сургалтад оролцогчдоор дадлага дасгал ажил хийлгэдэг, гэрийн даалгавар өгч дараагийн сургалтад оролцоход нь шалгаж буруу зөрүү асуудал гарвал залруулах ярилцлага өрнүүлдэг байлаа.
Эдгээр орон нутгийн тулгамдсан асуудлыг цогц байдлаар хөндсөн, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд чиглэсэн сургалтын дараа уг сургалтад хамрагдсан, насаараа нэг намын суртал ухуулгад итгэж үнэмшиж ирсэн ахмад настнууд хүртэл тэс өөр үзэл бодолтой болж, манай салбарын “Орон нутгийн улс төрчдийн дугуйлан”-гийн идэвхтэй оролцогч “чанартай гишүүн” нь болон хувирч байсан жишээ олон арваар нь дурдаж болох юм.
Энэ ажлын үр дүн гарч 2004 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр сонгон авсан 7 сумын 5 суманд манай салбарын бэлтгэсэн баг ялалт байгуулж, зарим сумдад нь одоог хүртэлх хугацаанд явагдсан 5 удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тогтвортой засаглаж, ахмад үе нь залгамж хойч үеэ амжилттай бэлтгэсээр байгааг дурдахад таатай байна.
Энэ үйл ажиллагаа иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, тэдний улс төрийн амьдралд оролцох оролцоог дэмжих зорилготой явуулж буй сургалтын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход тухайн сургалтад оролцогчдод бодит хэрэгцээ үүсгэх, сургалтад оролцогчдоос гадна тэдний итгэлийг дааж, өөрсдийнх нь эрх ашгийг тээж явж чадна гэж хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчдыг бэлтгэх ажилтай хамтатган нэг баг болгон зохион байгуулах нь илүү амжилтад хүрч болдог гэсэн сургамж, туршлага үлдээж дээ…
Тус Академиас эрхлэн гаргасан “Улс төр судлал” сурах бичиг, “Шинэ толь” сэтгүүлд нийтлэгдсэн олон нийтлэлүүдийг олон жилийн дараа одоо ч миний бие ажил албандаа ашиглаж, оюутан залууст ашиглахыг зөвлөж явдаг билээ.
УТБА-иас эрхлэн гаргадаг “Шинэ толь” сэтгүүл нь оюуны хөрөнгө оруулалтын ундраг сайтай булаг байсан, одоо ч байгаа билээ. Уг сэтгүүлд аль дээр үед гэж нэрлэгдэх болсон 1990-ээд оны үед хэвлэгдэн гарч байсан нийтлэлүүдийн ач холбогдол одоо ч хэвээр байсаар байна.
Улс төрийн Боловсролын Академи үүсэн байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөд, одоо ажиллаж байгаа эрхэм хүмүүст бүгдэд нь дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
УТБА-ийн Ховд аймаг дахь салбарын багш асан
Лхагвасүрэнгийн Жамьяндорж
2004 оны хавар сургуулиа шинэхэн төгссөн би чинь хэдэн залуучуудтай зааланд тоглохоор явж байгаад “Улс төрийн Боловсролын Академид багш ажилд авна” гэсэн зарлал олж харан сонгон шалгаруулалтад орж явсан минь саяхан мэт санагдана. Тэр үед Эрхлэгчээр О. Мөнхтогтох гуай, Жолооч Н. Уламбаяр, ажилтан Д. Тогтуунбаяр бид Ховд аймгийн УТБА-ийн хамт олон болж эрхэм хүндтэй нэр төртэй ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Хот, хөдөөгийн олон мянган иргэд, шинэ үеийнхэнд Ардчилал, хүний эрхийн сургалтыг зохион байгуулж, соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн билээ. Бид ажлын хажуугаар Монгол орны бүх аймаг, сумдад хүрч ажиллахын зэрэгцээ газар үзэж, нүд тайлж, байгалийн гоо сайхныг бишрэн шүтэж явсан асар их хувь тавилантай хүмүүс юм гэж боддог. Манай Академийнхан бидний нөхөрлөл ариун цагаахан, хийж байгаа үйлстэйгээ ижилхэн бөгөөд насан туршдаа нэгнээ гэх халуун сэтгэлтэй, элгэмсүү, дотно олон сайхан дурсамжийг хамтдаа урлаж, хаана ч явсан сэтгэл тэжээж, хөглөж явдаг юм.
Бидэнтэй хамтран зүтгэж явсан, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн үе үеийн хайртай дотны хүмүүсээ дурсан санаж хүндэтгэе.
Иргэдийг соён гэгээрүүлэх энэхүү томоохон үйл хэргийг Монгол оронд хэрэгжүүлж, хамтран зүтгэж байгаа Конрад Аденауэрын сан, Улс төрийн Боловсролын Академийнхаа хамт олонд ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ
Эрхэл овогт Чойсүрэнгийн Бямбадорж
Биднийг бага сургуульд сурч байх 60, 70- аад оны үед ардын зураач Амгалан гуайн зурсан “Капитализмыг алгасч” гэдэг зураг сурах бичиг, сургуулийн хана туурга, гудамжны самбар хаа сайгүй л хэвлэгдсэн, зурагдсан байдагсан. Шар, хар, улаан гурван өнгийн хавтгай зурвас дээгүүр амыг нь татасхийсэн агсам цагаан морьтой өвлийн өвгөн аавтай (гэхдээ Санта клаус биш шүү) төстэй малчин эр бөхийсхийн дүүлэн харайлгаж байгаа зураг байлаа. Багшийн тайлбарласнаар нийгмийн таван шат байдгаас “капитализм” хэмээх хар нийгмийг манай Монгол улс морины хурдаар харайн гарч алгасан феодализмаас “социализм” хэмээх гэгээн саруул, улаан туг бүрхсэн нийгэмд шууд орсон учраас сурагч бид бүхэн сургуулийн саруул сайхан танхимд сууж, үнэгүйгээр эрдэм ном сурч байгаа юм байна гэсэн ойлголт авч хирхэндээ хувь заяандаа баярлаж билээ. Шар нь феодализм учраас лам нарын хувцасны өнгө юм байна гэж мэдэж авлаа. Харин тэр хар капитализм гэгч юутай аймшигтай харанхуй, бүх зүйл нь хар нийгэм байдаг бол, дутуу харайгаад түүн рүү орчихсон бол яанаа гэхээс айдагсан. Бүр саяхаан 1990 оноос Монгол улс дэлхийн хүн төрөлхтөний нийгмийн түгээмэл хөгжлийн зүй тогтол болж шалгарсан ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт орж, гадаад, дотоодод зорчих эрх нээгдэж, мэдээлэл чөлөөтэй болсноор бидэнд багаас өгч байсан мэдээлэл үзэл суртлын л зэвсэг байсныг ойлгосон. Энэ бүхнийг эргэцүүлж суухад миний багын ертөнцийг үзэх үзлийн суурь болсон агсам цагаан морьтой Монгол “капитализм”- ыг алгасаад харайчихсан биш социализм, коммунизмын улаан туг бүрхсэн хөрсөн дээгүүр хадуурч давхиж байгаад сая л тэр “хар, харанхуй” нийгмийнхээ хаалгаар өөрийн эрхгүй агсам цагаан морь нь эцчихсэн сажлан орж ирж буй дүр зураг харагдана.
Миний энэ “нийгмийн ялгаа” гээд байгаа маань нэг их эртний үүх түүхийн асуудал биш л дээ. 1990 оноос өмнөх болон өнөөгийн гэсэн хагас жарны л цаг хугацаа шүү дээ. Хүн бүр мэдэх, мэдээлэл олж авах эрх чөлөө өнөөдөр бий болжээ. Үнэнийг зориуд гуйвуулж мэдээлэх, ойлгуулах, бүр тулган хүлээлгэх гэсэн үзэл суртлын том бодлого гэх үү, хүчирхийлэл гэх үү тийм зүйл байдаг, олон үеийн турш байсаар ирсэн, одоо ч байгаа, энэ нь гадаад дотоод олон хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдлаас хамаардаг зүйл.
Үзэл суртал, хүний эрх, эрх чөлөө. Тэр үед Үндсэн хуулиндаа ”БНМАУ-ын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн” хэмээн хуульчилсаны хувьд эхэнд нь тэр үеийн цорын ганц нам МАХН-ын “Үнэн” сонин, МАХН-ын дайчин туслагч, бэлтгэл хүчин МХЗЭ-ийн “Залуучуудын үнэн” сонин, Хойчийг залгамжлагч багачуудын холбоо буюу Монголын пионерийн байгууллагын “Пионерийн үнэн” мөн аймгуудын сонин хүртэл бүгд л “Үнэн” нэртэй. Ямар учраас “худал” гэх вий гэсэн шиг “үнэн” гэдэг үгийг улиг болтол давтана вэ, худал үгийг зуу давтвал үнэн юм шиг сонсогдон, өөрөө ч хүртэл эргэлзэж эхэлдэг гэдэг. Ямар ч байсан тэр олон “Үнэн” сонины олон жилийн олон дугаарын шаргал хуудсуудыг эргүүлж харахад үнэн гэхээсээ илүү үзэл суртал л их ханхалж байдаг. Хэвлэл мэдээлэл ард түмний дуу хоолой, дөрөв дэх засаглал энээ, тэрээ гэдэгтэй л лав нийцэхгүй байсан нь тодорхой харагддаг.
Хүн сэтгэлийн амьтан учраас оюун санааны хувьд их чөлөөтэй хэлэх үгээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг болсон маань 1990 оноос хойших хамгийн том өөрчлөлт, илт мэдрэгдэх зүйл болсон билээ. 1990 оноос өмнө хэвлэл сонинд материал өгөх, хэлхсэн хэдэн шүлгээ хэвлүүлэх зэрэгт “главлит” цензураар орж, өөрөө ч эргээд танихгүй болтол таначихсан байдагсан. Эзэн Чингисээ магтан дуулах байтугай нэрийг нь дурьдахад ч халтай байлаа.
Тэр бүү хэл 1970- аад оны эхээр BEAТЛES, Boney M, АВВА зэрэг барууны хамтлаг дуучдын пянзуудыг нууцаар солилцож, сонсохоос гадна үдэшлэг, нийтийн бүжгэн дээр тэдгээр аяуудыг тавьж чөлөөт бүжиг хийдэг цөөвтөр хэдэн охид, залуучууд хараанд орох, тэр ч бүү хэл зарим газар цагдаад баригдах эрсдэлтэй байлаа. Эдгээр хамтлагуудын дуу хөгжим, чөлөөт бүжгийг хөрөнгөтний урсгалд татагдан орж болзошгүй хэмээн сэргэмжилж, хорьж цагддаг байлаа. Хөгжим дуу, бүжиг байтугай, урт үс ургуулах, барууны орнуудынхны өмсдөг хувцас, жинс, техас, яки, сэмбрүүм малгай, элдэв зурагтай футболк, цамц зэргээс хүртэл цэрвэж, трапез хэмээх өргөн өмдөнд “дайн” зарлаж оюутан, сурагчдын өргөн трапез өмдийг хайчилж хүртэл хаядаг байлаа.
Тухайн үед “ах дүү” социалист хэдэн улсыг “Ардын ардчилсан орнууд” гэж сурталдана. Ардчилсан орон учраас ардчиллын үнэт зүйлс болсон сонгууль зохион байгуулна, тэгэхдээ бүр үзэл суртал зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулна. Сонгуулийн ирц ихэнх хэсэгт 100 хувь, ганц нэгхэн хэсэгт 99.99 хувьтай, хариуцлагагүй ганц нэг нөхөр санал өгөөгүй үлдсэн бол хатуухан банга хүртэнэ дээ. Харин тэгж их сүржигнэчихээд яг сонгох процесс нь мэдээж, дээрээс нэр заагаад нэг тойрогт нэг л хүний нэр ороод ирнэ, сонгох сонголт ч байхгүй учраас тэнд нэр усыг дугуйлах үзэг балны ч хэрэг байхгүй, ердөө л ганц хүний нэртэй саналын хуудсыг нугалаад л хайрцагт хийчихнэ.
Орчих зорчих эрхийн тухайд нутаг заагдчихсан юм шиг л амьдарна шүү дээ, тэр үед. Хот болон аймаг, бусад сум хаашаа ч явна, хэд хоног ч явна сумынхаа АДХ (Ардын депутатуудын хурал) – ын нарийн бичгийн даргаас “зам явах” хэмээх тамга гарын үсэгтэй эрхийн бичиг гуйж гувшиж, аргалж чаргалж байж хэдхэн хоногоор зорчих эрх авна. Нэг ёсондоо дотоодын “виз” л юм даа. Тэгэхдээ авах гэсэн болгонд өгөөд байхгүй, албан газрын чөлөө, тодорхойлолт, цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, эмнэлгийн акт бичиг гээд олон юм шаардана. Тэр болгоноос залхсан нэг нь оногдсон тавилангаа даган ертөнцийн нэг л хязгаарт хувиа борлуулж, довоо шарлуулсаар “хуучин хүү”-гийн хувь заяагаар нэгэн насыг элээнэ.
Тэр үед дөнгөж сургуулиа төгсөж ирсэн, цэргээс халагдаж ирсэн, юун гэр бүлтэй болох байтугай ажил амьдралдаа хөлөө ч олж чадаагүй хориодхон насны залуучууд биднээс эхнэргүйн, хүүхэдгүйн, эвлэлийн, үйлдвэрчний, улаан загалмайн, батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гэх зэрэг бөөн татвар авна, тэр бүхэндээ алга дарам улаан үнэмлэх өгөөд хүчээр гишүүнчилчихсэн байдаг байлаа.
Гадаадад зорчихын тухайд бол энгийн иргэд санахын ч гарз. Албан паспортаар цөөн хэдэн дарга нар явна, ах дүү социалист орнуудад нам, эвлэлийн шагналаар аялах эрх гэдэг өдрийн од шиг (үзэл суртлын хувьд үнэнч дуулгавартай, ажил хөдөлмөртөө манлайлагч, нам ба эвлэлийн гишүүн байх шалгууртай) тохионо. Мөн ЗХУ болон ах дүү социалист орнуудад суралцдаг цөөн хэдэн оюутнуудаас бусад энгийн иргэдэд бол хилийн дээс алхана гэдэг диваажингийн хаалга татахтай адил мөрөөдлийн зүйл байлаа
Одоо бол Монголын хүн ам гурван саяуулаа аялаад явчихсан ч эрх нь нээлттэй, паспорт бичиг баримт нь бэлэн, ямартаа ч насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь гадагш хөл тавиад үзчихсэндэгээ. Монгол хүнгүй тив, улс орон гэж байдаггүй болждээ.
Уламжлал, ёс заншлын тухайд гэвэл Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тэмдэглүүлэхгүй талаас нь шахаж хавчиж, нэрийг нь хүртэл цээрлэж, “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр хөдөөгийн малчид л дуулиан багатай хөнгөхөн шиг тэмдэглэхийг зөвшөөрдөг байлаа. Аймгийн төв, хот суурин газрын албан байгууллагуудад цагаан сарын шинийн нэгнээс эхлээд аймгийн намын хороо, захиргаанаас жижүүр гарч, ажлын цаг бүртгэлийг чангатган хянаж, зарим жил Ямартаа л бүгд өглөөн нарнаар биш үдшийн бүрий, шөнийн харанхуйгаар аав ээж, ахмад настнуудтайгаа нууцаар шахуу золгож, хүндэтгэл үзүүлдэг байхав. Өнөөдөр шиг хувийн машин тэрэг гэж байсан биш бүгд л хэд хоног шөнө дөл өнгөртөл цас чихруулан хүүхэд багачуулаа нойрмоглуулан дагуулж, золгоод өглөө нүдээ нухлан ажилдаа очдог байж билээ.
Уул усаа шүтэж, овоо хангайгаа тахиж, бурхан тахилаа хоймортоо залж зул хүжээ өргөж, хийморь лундаагаа сэргээх үйлийг хэдийд ч, хэний ч хажууд чөлөөтэй үйлдэх болсон. Тэр үед овоо хангайгаа тахих бүү хэл хоймрынхоо авдар дээр бурхан тахил, судар номоо тавьж, зул хүж өргөх ч хориотой байлаа. 1990 оны хавраас “Ардчиллын” хэмээх хаягтай, ад үзэгдэхдээ ад үзэгдэж, ард түмнээсээ бол дэмжлэгийн үг сонсчихдог нөхдүүд хаа сайгүй ойр хавийнхаа овоодыг сэргээн тахилга үйлийг нь хийлгэж, тэнгэр язгуурт уул усны үр сад гэсэн сэрэл мэдрэмжийг нь сэргээж ирсэн нь олны таашаалд их нийцэж, дэмжлэг хүлээж байлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны тухайд ерөнхий боловсрол, тэр дундаа 1946 онд кирилл бичиг үсгийг албан ёсны бичиг болгосноос хойш бүх нийтийг бичиг үсэгт сургах зорилт дэвшүүлэн хүүхдүүдийг сургуульд хамруулах болж, насанд хүрсэн бичиг үсэг суралцаагүй ард иргэдэд бичиг үсэг сургах компанит ажил өрнүүлж, нэрээ бичих, сонин хэвлэл унших зэрэгтэй болгож “шинэ үсэгт тайлагдсан” үзүүлэлт боловсролын түвшингээр дэлхий нийтэд харьцангуй дээхнүүр гэж үнэлэгддэг байлаа. Харин түүнээ ашиглах тал дээрээ бол харин маруухан байв.
Түүх, нийгэм, хэл, уран зохиол, философи зэрэг нийгмийн ухааны хичээлүүд их гуйвуулсан, үзэл сурталжсан, хассан танасан, нэмсэн найруулсан байдаг байлаа. 1967-68 онд тухайн үедээ харьцангуй уншууртай сэтгүүл болох “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд Англи хэлний хичээл цувралаар гаргаж эхэлсэн төв хөдөөгийн сэхээтнүүд, тэр дундаа суманд байгаа багш эмч нар голдуу залуус ихээхэн сонирхож, тус сэтгүүлийн захиалга эрс нэмэгдэж байтал гэнэт тэр хичээлийг хааснаар барахгүй хөрөнгөтөн орны гол хэлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх гэсэн үзэл сурталд нийцэхгүй ажил гэсэн үндэслэлээр Эдийн засгийн дээд сургуулийн хэдэн багш нарт арга хэмжээ авч “банга” хүртээж байсан гэдэг. Мөн үүнээс хэдхэн жилийн өмнө нь Чингисийн мэндэлсэний 800 жилийн ой болж, Төмөр-Очир гуай тэргүүтэй хүмүүс ойг тэмдэглэх, хөшөө дурсгал босгох, хэвлэл мэдээлэл, ном сурах бичигт оруулах зэргээр их ажил төлөвлөсөн боловч Төв номын санд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төдийгөөр өнгөрч, Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтанд босгосон ганц хөшөө л эх оронч, үүх түүхээ гэсэн хүмүүсийн арга ухаанаар үлдэж хоцорсон байдаг.
Мал аж ахуйд коминтерний бодлого тулгалт хүчтэй нөлөөлж нударган баячууд буюу феодалын хөрөнгө хураахад амьжиргааны үндэс болсон мал таван эрдэнийг нь хурааж хотыг нь харлуулж, хоолойг нь зангируулж байлаа. 1929 оноос Монгол даяар “Хамтрал хомуун” (коммун) гэгчийг хүчээр байгуулж, ардын аж ахуйтныг Социалист аж ахуй болгон хувиргаж хамтралжуулах аяны хүрээнд 1932 оны эхээр улс даяар 55 мянган өрхийг хамарсан 752 хамтралтай болж мал эзнээсээ холдож, 1930-онд 23,7 сая байсан мал сүрэг хоёрхон жилийн дараа 16,3 сая болж цөөрсөн тул арга буюу 1932 онд МАХН 3-р бүгд хурлаар хамтралжуулах ажиллагааг зогсоосон байна. 1958 онд МАХН-ын 13-р их хурлаас ардын аж ахуйтны малыг нийгэмчлэхээр шийдвэрлэж, 3 жилд багтаан хэрэгжүүлэхээр заасан ч нэг талаас төрөөс шахаж шуурхайлсаны хүчинд, нөгөө талаас хориодхон жилийн өмнөх их хэлмэгдүүлэлтийн сүүдэр, айдас хүйдэс ард иргэдийн сэтгэлээс арилаагүй байсан тул амь насны дэргэд ам тосдох мал хөрөнгө ч яамай санагдан хүлцэнгүй хандсаны үр дүнд 1959 он гэхэд “Нэгдэлжих” хөдөлгөөн үндсэндээ дуусч улсын хэмжээнд 389 нэгдэл бий болж, социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан гэж сурталчлах боллоо. Үүнээс хойш нэгдлийн голдуу Монголын мал сүргийг 25 саяд хүргэх тав, таван, жилийн төлөвлөгөөт зорилт дэвшүүлж байсан ч 1990 оныг хүртэл биелээгүй юм.
Тэгвэл 1990 онд МоАХ тэргүүтэй ардчилсан хүчнүүдийн шаардлагаар Монгол улс, улс төр, эдийн засгийн цоо шинэ тогтолцоонд шилжин чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгож анх удаа хувийн өмчийг хуульчлан өмч хувьчлалыг эхлүүлж, мал сүргийг хувьчилсан нь хамгийн их айл өрх, иргэдийг хамарсан үр нөлөөтэй хувьчлал болсон юм. Тэр үед Ардчиллын үйл явц, ард иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгож өмч хөрөнгөтэй болгохыг эрс эсэргүүцэж байсан МАХН буюу одоогийн Ардын нам “малыг малчдад, иргэдэд тараана гэдэг төрийн хараа хяналтаас гарч мал хэдхэн жилийн дотор барагдаж Монгол модоо барих цаг ойрхон боллоо, 25 сая болгох гэж далаад жил зүтгэсэн юмсан одоо ч өнгөрлөө” хэмээн халаглаж сурталдаж байлаа. Гэвч өмч эзэндээ ойртох бодлогын давуу тал илт мэдрэгдэж 2000 он, 2010 онд хоёр ч удаа томоохон зуд, байгалийн бэрхшээл тохиолдсон ч 2023 он хүртэл 30 гаруй жилийн дотор мал сүрэг 3 дахин өсч 70 гаруй саяд хүрлээ.
Худалдаа, үйлчилгээний тухайд. Аймагт бол 200-300 гаад ажиллагсадтай Худалдаа Бэлтгэлийн Трест гэж байх, түүний худалдааныхан нь бараа таваараар хангах үүрэгтэй, нийтийн хоолныхон нь хоол ундаар таслахгүй байх даалгавартай. Одоо бол суманд баярын үеэр баг байгууллага руугаа үүрэгдэх огт шаардлагагүй. Аймаг нийслэлд бол худалдаа ба нийтийн хоол хариуцсан төр төсвийн нэг ч байгууллага байхгүй. Харин хариуцсан нэг мэрэгжилтэн, эрүүл ахуй ариун цэврийн талаас хянах байгууллага байцаагчид бий.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод гэхэд л 10 аад дэлгүүр, түүнээс 3-4 нь л барааны дэлгүүр байдаг байлаа. Учир нь зайлшгүй хэрэгцээтэй ховор бараа хүртээмж муутай, барааны нэр төрөл цөөн болохоор тийм олон дэлгүүрийн ч хэрэггүй. Тэр үед ховор нандин бараа гэвэл: хятад халуун сав, 45-ын гутал, оройн хоргой, орос мотоцикл, бэлтгэлийн хувцас, берзээнтэн цавагнаас эхлээд чернил соруулдаг үзэг, чихэр жимсхэн заримдаа бүр барааны саван шилтэй архи хүртэл олдоц муу, оочер дугаартай, бичиг цохолтоор олддог байлаа.
Тэр үед нийтийн гуанз, цайны газартай сум гэж өдрийн од шиг ховор, аймгийн төвд 5-6, зарим аймаг 8-9 гуанз ч байх. 1970 аад оны дундуур баригдсан нэг загварын төв гуанз буюу ресторан байх ба хааяа баяр ёслолоор хүлээн авалт болно. Одоо бол хот хөдөөгийн аль ч зоогийн газрын ая тухыг та бүхэн бэлхэнээ мэдэж байгаа, тэнд үндэсний болон өрнө, дорнын олон орны хоолыг яг л жор технологиор нь хэн юу захиална вэ тэр болгоныг нь нэр төрлөөр нь хэдхэн минутанд бэлэн гаргаад өгчихдөг болсоныг нурших юун. Энэ бүх нөхцлийг бүрдүүлэх гэж төр улсаас нэг ч төгрөг гаргаагүй, нэг ч хүнийг улсын зардлаар гадаадад сургаагүй нь л бодит үнэн юм даг.
Их барилга ба орон сууцны салбар. Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан улсын маань нийслэл Улаанбаатарын ерөнхий дүр төрх, хамгийн барилгажсан хэсгүүд болох Засгийн газрын ордон, Жанжин Сүхийн талбай, Нийслэлийн “А” зэрэглэлийн бүс 40,50 мянгат, Төмөр зам 120 мянгат 19-р хороолол Сансар, 1, 3, 4, 10-р хороолол, 5 шар гээд нэг тиймэрхүү. Эрдэнэтийн овооны эрдэнэс их бүтээн байгуулалтыг даган боссон Эрдэнэт, Найрамдлын Дархан хот, тэнд баригдсан социалист Монголын их барилга бүтээн байгуулалтын ноён оргил болсон 16 давхар барилга бүхний нүүр царай болж байлаа.
Хамгийн олон хүн амтай аймгийн төв Мөрөн хотод тэр үед 8 мянгаад айл өрх байдгийн 5-6 хувь нь л хуучны 12, 36, 48 айлын халаалттай орон сууц болон зарим нь байгууллагын 2- 4 айлын галладаг байранд амьдардаг, бусад 94-95 хувь нь буюу 7500- аад айл өрх дан ба давхар бүрээстэй монгол гэртээ л өвөл хаврыг өнгөрөөдөг байлаа. Харин зундаа бол айл өрхийн бараг тал нь зуны байшин нэртэй хар цаасан дээвэртэй, банзан байшингуудад ордог байв. Тэд залхуудаа биш өвлийн сууц, хаус зэргийг барих гэхээр эдийн засгийн боломж мөнгө төгрөгний хуримтлал гэж хомс. Цөөн айл гайгүй томхон өвлийн сууц барьчихвал хууль хяналтын байгууллагын анхаарал татаж нилээд асуулт, байцаалтанд орно шүү дээ. Бас нэгэн шалтгаан нь одоогийн залууст хэлэхэд итгэхгүй “Арай ч үгүй байлгүй” гэх байх л даа. Барилгын материалын дэлгүүр гэж хотод ч тэр, хөдөөд ч тэр нэг ч байхгүй байсандаа. Албаны барилга байшингуудыг барих материалын хувьд “Материал техникийн хангамж”-ийн удирдах газар (Улсын хороо) түүний сүлжээ баазууд УБ, болон Эрдэнэт, Дархан хот, бүх аймгийн төвүүдэд байж бүх хот, аймаг, сумын албан байгууллагуудын хэрэгцээг цохолт, хяналтын системээр ханган нийлүүлнэ.
Тэр үеийг бодоход одоо хаус гэх нь ч хаус гэх, харш гэх нь ч гэмээр барилгууд нийслэлийн захын хорооллууд, хөдөө аймаг, сумын төвд болон ойролцоох зуслангийн газруудад хэдэн мянгаараа баригдан иргэд орон сууцны нөхцлөө өөрсдийн санаачилга боломжоороо сайжруулах болсоныг төв хөдөөгүй мэдэж байгаа. Гол хүчин зүйлс нь газрыг хувьчилж өгсөнөөр үл хөдлөх хөрөнгөтэй болж өмчлөх нөхцөл бүрдсэнээр өмч эзэнжин баталгаажиж, өөрийн юмыг өөд нь татах болсон байна.
Харилцаа холбооны тухайд. Хотод байгаа оюутан, цэрэгт яваа хүүтэйгээ, эсвэл аймаг суманд байгаа ахан дүүстэйгээ ярих гэж одоогийн хэллэгээр ёстой “наян юм” болно. Урьд өдөр нь ирж ойролцоо байгаа холбооны салбар, эсвэл албан байгууллагын суурин утас зэргээр дамжуулан захиалга өгч цаг нар товлоно. Маргааш нь нөгөө цагтаа очиж оочир дугаар, шугамын чөлөө зав харж, цаана наана хоёр талдаа цагаа үрэн үрэн байж аз таарвал өдөртөө, маргааш нөгөөдөр нь ч ярих, шугам сүлжээ, алив хүндрэл үүсвэл ярьж чадахгүй ч тохиолдол гарна. Арайхийж нэг холбогдсон ч нарийн нандин юм ярина гэдэг хэцүү, амраг хосууд, залууст бол бүр ч хэцүү.
Одоо бол гар утсаараа гар дээрээсээ, орон дотроосоо ч, орц хонгилоос ч, малын билчээр, машины кабин, холын зам, хот айлын өвөөлжөө, зуслан хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ, хэнтэй л бол хэнтэй, хот хүрээ, хол ойр, гадаад, дотоодгүй хэнээс ч, юунаас ч хамааралгүй ярина. Интернет, мессенжер, фейсбүүк зэргээр бол хажуудаа байгаа юм шиг л бие биенээ харж байгаад өнжин хонон чаталж харьцсан ч бидний л хүсэл мэднэ. Төрсөн өдөр, төгсөлтийн баяр, байгалийн сайхан, баримт нотолгоо болгох цаг мөчийг ч хүртэл гар утсаараа фото аппарат, видео камерийг орлуулаад биччихнэ.
Зам тээвэр, шуудан, хүн тээврийн тухайд. Сум, аймаг, нийслэлийн хороонд 7 хоногт 1-2 удаа Газ-63, Газ-53 машин хүн тээвэр буюу шууданд явна. Шуудан гэдгийн учир нь захиалсан хэвлэл сонин, захидал илгээмж зэргийг хүргэх сүлжээ тогтолцоог хэрэгжүүлэн, хүргэдэг машинд аян замын зорчигчдоо давхар ачаад нэг сумаар хоёр туулай бууддаг байснаас шуудангийн машин хэмээн нэрлэдэг байлаа. Түүнээс биш “Хүн тээвэр” гэсэн нэр томъёо огт байсангүй. Өөрөөр хэлбэл, шуудан нь тэргүүн зэрэгтэй, хүн нь хоёрдугаарт буюу дайвар шинжтэй ачигдаж зорчдог байлаа.
Одоо бол зарим аймагт зуны улиралд өдөр бүр, зарим зорчигч цөөтэй аймагт хуваариар онгоц үйлчилж байна. Үгүй гэхэд л ялигүй удаан болохоос онгоцноос дутахгүй тохь тухтай хүн тээврийн (шуудангийн биш шүү) автобус өдөрт 3-4 рейс Улаанбаатар руу явна. Аймаг, сумын хооронд бол мөн хүн тээврийн зориулалтын микро, фургонууд өрсөлдөн сүлжилдэнэ.
Эрчим хүч, дулаан, зам, дэд бүтцийн тухайд. Ихэнх аймгууд (Төв, Сэлэнгэ, Дархан, Архангай, Булган, Эрдэнэт, Төв, Дорноговиос бусад) төвийн эрчим хүч буюу өндөр хүчдэлд ороогүй, дулааны станц Улаанбаатар, Эрдэнэт, Дарханаас өөр газарт огт байхгүй, эрчим хүчний хувьд аймгийн төв, бүх сумд дизель станцтай, тэр нь орой зун бол 20 цагаас, өвөл бол 18 цагаас дизель нь асч зарим суманд 22 цаг, зарим суманд 23 цагт унтраана. Иргэд хоёр нарны хооронд гэх шиг хоёр гэрлийн хооронд ажил төрлөө уралдан амжуулна. Дулааны асуудлыг намар 10 дугаар сарын 1 нээс хавар 5 дугаар сарын 1 хүртэл хэдэн уурын зуухаар л торгоож өвөлжинө шүү дээ.
30 аас доош насны залуус бол угаасаа л тог цахилгаан, гэрэл чийдэн гэдэг мөнхийн байж л байдаг байгалийн зүйл шиг ойлгох нь аргагүй, өмнөх үеийн гачаал тасалдлыг үзсэн биш, угаасаа ч одоо гэрэл цахилгаангүй бол амьдрал ойлгомжгүй болсон л доо, хөдөө малчны хотонд гэхэд л DDSH антен, ярих гар утас хүртэл тогоор, хөдөөгийн малчин айл өрхүүдийн гуравны хоёр нь лавтай нарны болон, салхины эрчим хүчний жижиг эх үүсвэрээр өөрсдийнхөө хэрэгцээг хангаж байна.
Одоо бол телевизгүй айл олоод ир гэвэл хэцүү эрэл болох байх, өнгөний тухайд яриад ч хэрэггүй, хар цагаан телевизтэй айл олоод ир гэвэл бас л хэцүү эрэл болох байх, LCD, 3D, ямар л бол ямар дэлгэцийн хувьд ханынхаа энгээр шахуу, өрөө бүхэндээ телевизтэй айл ч байна, сувгийн хувьд хэдэн зуугаар ярина, үзэж амжаагүй нэвтрүүлгээ дуртай үедээ буцаагаад үзчихнэ, за тэгээд компьютер, гар утаснаасаа ч үзье, мэдье гэснээ хаа ч явсан үзчихнэ, дэлхийтэй харьцчихна. Хөдөөгийн аль ч малчныд очсон сансрын антен босгочихсон өчнөөн суваг солиод улсын баярыг ч, олимпын наадмыг ч, улс аймаг болон ертөнцийн сонин хачныг цаг цагт нь үзчихдэг болжээ.
Тэгэхээр зэрэг одоогийнхоор хоёр төрийн гэж хэлж болох 1990 оноос хойшх ба урагших хоёр нийгмийн үзэл баримтлал, үнэт зүйлс, хөгжил дэвшлийн ялгаа эрс өөр байсныг аль алинд нь хутгалдаж сайнтай муутай нь мэдэрч явсан бид залуус та бүхэнд үнэн зөвөөр нь ойлгуулах нь үүрэг юм даа. Аливаа юмыг харьцуулж байж л дүгнэж цэгнэнэ үү гэхээс таамгаар дүгнэх аргагүй. Тэгж гэмээнэ дээр миний өгүүлсэн ганцхан хүнээс нэгийг сонгодог байсан сонголтгүй сонгууль шиг л хэлбэрдсэн юм болно биз дээ? Хоёр мянганы, хоёр зууны заагаар болсон хоёр нийгмийн ялгааг хойч үеийнхэн минь мэдтүгэй, хожим төрсөн нь та нарын буруу биш, “Арай чүгүй байлгүй” гэлгүй харин ч асууж шалахгүй бол хэлж ярьж өгөөгүй явсан бидний үеийнхэний буруу юм байна.
АКАДЕМИЙН ТҮҮХЭЭС
УТБА-ийн дээд шатны курсын анхны төгсөгчид, 1993 он.
УТБА-ийн дээд шатны курсын сонсогчид, 1996 он.
ТАСИС хөтөлбөрийн сургалт, 1997 он.
Орон нутгийн сургалтын нээлт, Ховд аймаг, 1997 он.
Дундговь аймгийн салбарын нээлт, 1997 он.
Ардчиллын цуврал бага хурал, 1999 он.
КАС-ийн анхны суурин төлөөлөгч В. М. Проль, 1999 он.
Малчдын сургалт Хөвсгөл Алаг Эрдэнэ сум, 2000 он.
Үндэсний хуулийн асуудал бага хурал, 2000 он.
Нэгдсэн сургалтын аялал Дорнод Халх гол 2001 он.
Эрдэм шинжилгээний Бага хурал, 2000 он.
Нэгдсэн сургалтын аялал Дорнод Халх гол 2001 он. Судалгааны арга зүйн зөвлөлгөөн, 2002 он
Эрдэм шинжилгээний Бага хурал, 2000 он.
Судалгааны арга зүйн зөвлөлгөөн, 2002 он
Ардчиллын Сургууль сургалт Өвөрхангай аймаг, 2004 он.
Академийн зуны сургалт, 2006 он.
Улс төрийн намын туршлага судлах уулзалт, Берлин 2007 он
УТБА-ийн ажилтнууд ХБНГУ-д, 2007 он.
УТБА-ийн Либерти Дээд сургуулийн төгсөлт, 2008он. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид, 2008 он.
Хангайн бүсийн бага хурал, 2009 он. УТБА, КАС-ийн хамт олон, 2009 он.
Ардчилсан намынхны сургалт, 2009 он.
Насанд хүрэгчдийн улс төрийн боловсрол сургалт, Берлин хот, 2009 он
Академийн салбарынхан, Хэнтий аймаг, 2010 он.
Академийн хамт олон, 2010 он.
Монгол-Германы чуулганд оролцогчид, 2011 он. “Монгол улсын сонгуулийн зураглал” цахим хуудасны нээлт, 2011 он.
Дархан хотод болсон салбарын цугларалтад оролцогчид, 2012 он
Зуны сургалт, Улаанбаатар, Тэрэлж, 2012 он.
КАС-ийн ажилтнууд орон нутагт, 2014 он.
Эрдэм шинжилгээний Хурал, 2014 он
Бүлгийн ярилцлагын судалгаа, 2022 он.
Хотын түүвэр судалгаа, 2022 он
Хөдөөгийн түүвэр судалгаа, 2022 он
Хөдөөнгийн түүвэр судалгаа 2022 он
Азийн Ардчилал судлалын сүлжээний гишүүн байгууллагагын XIV зөвлөлгөөн, 2023 он.
Азийн Барометр Судалгааны 20 жил, 2023 он
37_Бид Шинэ Сонгогч сургалт, Баянхонгор аймгийн Баянговь сум, 2023 он
БНОУХ-ийн Төслийн тайлан танилцуулга, 2023 он
КАС-ийн суурин төлөөлөгч, МУИС-ийн НУС-ийн хүндэт доктор В. Франк, 2023 он.
УТБА-30 жил Эрдэм шинжилгээний хурал, 2023 он
УТБА-ийн 30 жилд зориулсан Бага Хурал, 2023 он.
УТБА-ийн 30 жилд зориулсан Бага Хурал, 2023 он
Шинэ сонгогч сургалт, Дундговь, Сайн Цагаан сум, 2023 он.
Шинэ Сонгогч сургалт, Улаанбаатар, 2023 он.
УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИД АЖИЛЛАГСДЫН НЭРС (1993 ОНООС-ОДОО)
1 Д. Баярцэнгэл | Захирал |
2 М. Энхсайхан | Захирал |
3 Б. Дэлгэрмаа | Захирал, УЗ-ийн дарга |
4 Да. Ганболд | УЗ-ийн дарга |
5 Д. Ганбат | Захирал, УЗ-ийн дарга |
6 Б. Баттүвшин | Захирал |
7 Б. Баярсайхан | Захирал |
8 Д. Хишигбуян | Захирал |
9 Ж. Адьяасүрэн | Захирал |
10 Б. Ариунбаяр | Захирал |
11 И. Батмөнх | Захирал |
12 Х. Сүхбаатар | Дэд захирал |
13 Ч. Лхагважав | Багш, ЭША |
14 С. Баярцогт | Багш, ЭША |
15 Б. Намсрай | Багш, ЭША |
16 П. Доржсүрэн | Багш, ЭША |
17 О. Баттулга | Багш, ЭША |
18 О. Батцэнгэл | Багш, ЭША |
19 Б. Алтансүх | Багш, ЭША |
20 Б. Батчулуун | Багш, ЭША |
21 Х. Гүндсамбуу | Багш, ЭША |
22 А. Пагма | Багш, ЭША |
23 Б. Наранцэцэг | Багш, ЭША |
24 Б. Болортуяа | Багш, ЭША |
25 Г. Цог-Өрнөх | Багш, ЭША |
26 Ц. Жадамбаа | Багш, ЭША |
27 Х. Ариунчимэг | Багш, ЭША |
28 Ё. Энхбаяр | Багш, ЭША |
29 С. Болд | Багш, ЭША |
30 Т. Агиймаа | Багш, ЭША |
31 О. Пүрэвтогтох | Багш, ЭША |
32 С. Энхтөр | Багш, ЭША |
33 Б. Баярмаа | Багш, ЭША |
34 Д. Заяажаргал | Багш, ЭША |
35 Ц. Ангараг | Багш, ЭША |
36 С. Мөнхбаатар | Багш, ЭША |
37 У. Туяа | Багш, ЭША |
38 Ц. Бүжидмаа | Багш, ЭША |
39 А. Болормаа | Багш, ЭША |
40 Г. Чулуунбат | Багш, ЭША |
41 Б. Төрхүү | Багш |
42 Б. Ганболд | Багш |
43 Н. Туул | Багш |
44 Ч. Сосормаа | Багш |
45 А. Саруул | Багш |
46 Э. Гэрэлт-Од | Багш |
47 Д. Батбаатар | Төслийн менежер, санхүүч |
48 З. Соёлмаа | Сургалтын албаны дарга |
49 Ж. Золмаа | Гадаад харилцааны ажилтан |
50 З. Баттүшиг | Гадаад харилцааны ажилтан |
51 Н. Нямбаяр | Гадаад харилцааны ажилтан |
52 Б. Содчимэг | Гадаад харилцааны ажилтан |
53 Г. Сугархүү | Төслийн ажилтан |
54 Л. Эрдэнэчимэг | Төслийн ажилтан |
55 Г. Бүүвэйхүү | Төслийн ажилтан |
56 Б. Бэхбат | Технологийн ажилтан |
57 С. Баянбулаг | Нярав |
58 Т. Сарантуяа | Сэтгүүл, хэвлэлийн ажилтан |
59 А. Уранчимэг | Нарийн бичгийн дарга |
60 П. Отгонжаргал | Нарийн бичгийн дарга |
61 Д. Алтанчимэг | Нарийн бичгийн дарга |
62 Ц. Нямцэвээн | Нарийн бичгийн дарга |
63 Д. Болормаа | Нарийн бичгийн дарга |
64 Д. Отгонцэцэг | Нарийн бичгийн дарга |
65 Ч. Уламбаяр | Жолооч |
66 Т. Базаррагчаа | Жолооч |
67 Б. Батгэрэл | Жолооч |
68 Ж. Мөнхсайхан | Жолооч |
69 Т. Цанлигсүрэн | Жолооч |
70 Б. Мөнхжаргал | Дархан-Уул салбарын эрхлэгч |
71 О. Амарсайхан | Дархан-Уул салбарын багш |
72 Д. Энхтөр | Дархан-Уул салбарын эрхлэгч |
73 Б. Мөнхсайхан | Дархан-Уул салбарын багш |
74 Б. Ганболд | Дархан-Уул салбарын эрхлэгч |
75 Д. Сүрэнхорлоо | Дархан-Уул салбарын багш |
76 О. Банзрагч | Дархан-Уул салбарын эрхлэгч |
77 Л. Анар-Эрдэнэ | Дархан-Уул салбарын эрхлэгч |
78 Э. Болортуяа | Дархан-Уул салбарын багш |
79 Д. Чимэгтогтох | Дархан-Уул салбарын ажилтан |
80 Д. Ганцогт | Дорнод салбарын эрхлэгч |
81 Д. Сүрлэгмаа | Дорнод салбарын багш |
82 Б. Тунгалагтуяа | Дорнод салбарын багш |
83 Н. Дэлгэрмаа | Дорнод салбарын багш |
84 Б. Лувсанренчин | Дорнод салбарын багш |
85 Д. Мөнхзаяа | Дорнод салбарын багш |
86 Л. Пүрэвдорж | Дорнод салбарын жолооч |
87 А. Цолмон | Дундговь салбарын эрхлэгч |
88 М. Энхбат | Багш, салбарын эрхлэгч, захирал |
89 Г. Энхтүвшин | Дундговь салбарын багш |
90 Г. Хишигжаргал | Дундговь салбарын багш |
91 Н. Ганбат | Дундговь салбарын багш |
92 Н. Бямбасүрэн | Дундговь салбарын багш |
93 С. Хулан | Дундговь салбарын багш |
94 Э. Мөнхжаргал | Дундговь салбарын багш |
95 Н. Ганзориг | Дундговь салбарын жолооч |
96 Д. Алтанцэцэг | Өвөрхангай салбарын эрхлэгч |
97 Д. Мишигдорж | Өвөрхангай салбарын багш, эрхлэгч |
98 Т. Ариунжин | Өвөрхангай салбарын багш, эрхлэгч |
99 С. Отгонтогтох | Өвөрхангай салбарын багш |
100 Л. Пүрэвдорж | Өвөрхангай салбарын жолооч |
101 Б. Энхбаяр | Ховд салбарын эрхлэгч |
102 С. Нямдаваа | Ховд салбарын багш |
103 О. Мөнхтогтох | Ховд салбарын эрхлэгч |
104 Д. Цэвээнравдан | Ховд салбарын эрхлэгч |
105 Д. Мягмарсүрэн | Ховд салбарын багш |
106 Ч. Нохойжав | Ховд салбарын эрхлэгч |
107 Д. Тогтуунбаяр | Ховд салбарын багш |
108 Н. Уламбаяр | Ховд салбарын жолооч |
109 Л. Жамъяндорж | Ховд салбарын багш |
110 Ч. Бямбадорж | Хөвсгөл салбарын эрхлэгч |
111 Г. Цэцэн | Хөвсгөл салбарын багш, эрхлэгч |
112 Ц. Дагийсүрэн | Хөвсгөл салбарын эрхлэгч |
113 Б. Мөнгөн-Эрдэнэ | Хөвсгөл салбарын багш |
114 Ц. Нацагдорж | Хөвсгөл салбарын жолооч |