![]()

Жиэ Лю, Ли Бао11
Хүмүүс ардчилал гэх мэт чухал зүйлсийн талаар харилцан адилгүй үзэл бодолтой байдаг гэдгийг дурдах нь шинэ зүйл биш. Улс төрөөр суралцаж буй оюутнуудын хувьд нэгдсэн ойлголт байхгүй байгаа нь бараг л мэдээжийн зүйл. Учир нь улс төрийн асуудлын “мэргэжилтнүүд” өөрсдөө ч ардчилал гэж яг юу болох талаар (Schmitter and Karl 1991) эсвэл эмпирик шинжилгээ хийхдээ ардчиллыг хэмжих үр дүнт хэмжигдэхүүний талаар (Treier and Jackman 2008) хоорондоо санал зөрөлдөөнтэй байдаг. Харин жирийн хүний хувьд ардчилал гэдэг нь хууль дээдлэх ёс, ил тод байдал, эгэх хариуцлага гэх мэт улс төрчид болон шинжээчдийн өөр өөр, хоорондоо зөрчилдөх үзэл бодол, бодлогын санал бүхий дурдагддаг олон утгатай, том боловч бүдэг үгсийн нэг хэвээр байдаг.
Ардчиллын гурав дахь давалгааны тухай ном (Huntington 1991) гарснаас хойш либерал ардчиллын тухай яриа ноёрхож эхэлсэнтэй холбоотойгоор “ардчилал” гэх ойлголт нь улс төрийн хувьд төдийгүй хэл зүйн хувьд ч цорын ганц “тоглоом” мэт ойлгогдож байна (Dalton, Shin, and Jou 2007; Shin 2017). Хүмүүс ямар нэг шалтгаанаар “Ардчилал” гэдэг үгийг эерэг олон зүйлтэй холбож ойлгодог ч, яг утгыг нь асуухад олонх нь бууж өгч хариулахаас зайлсхийх нь түгээмэл (Cho 2014, 2015). Ардчилал гэх үгэнд тодорхой агуулга бүхий хариулт өгч чаддаг хүмүүс ч энэ ухагдахууны талаар нэгдмэл ойлголттой байдаггүй. Түүнчлэн, ардчиллын үндсэн зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж байгааг сэтгүүлчид, судлаачид баримтжуулсан байсан ч олон нийтийн өмнө ардчиллыг шүүмжлэхээс ихэнх улс төрчид зайлсхийдэг бөгөөд өөрсдийн үйл хөдлөл, бодлого боловсруулалт, бүр эрх мэдлийн төлөөх тэмцлээ хүртэл ардчилсан гэж харуулахыг оролддог. Ялангуяа авторитар хэв маягийнудирдагчид өөрсдийн улс төрийн удирдлагаа үргэлжлүүлэн, оршихын тулд ардчиллыг улс төрийн халхавч “навч” болгон ашигладаг. Ийм төрлийн тохиргоотой ардчиллын тухай ойлголтыг ялангуяа ардчилсан бус орнуудад бүр системтэйгээр бий болгож, түгээж ирсэн байдаг (Kirsch and Welzel 2019; Kruse, Ravlik, and Welzel 2019; Lu, Aldrich, and Shi 2014; Lu and Shi 2015).
Улс төрийн шинжлэх ухааны суралцагсдын хувьд улс төрчдийн олон нийтэд нөлөөлөх манипуляцийн арга заль, кампанит ажлын цаана юу болж байгааг олж харж, таних нь тийм ч хэцүү биш байх ёстой. Ийм төрлийн кампанит ажил, манипуляцийг зүгээр л гэнэн улс төрийн мэх эсвэл болхи арга заль мэтээр хандаж, ач холбогдлыг дутуу үнэлэх нь алдаа болно. Элит бүлэг олон нийтийн санаа бодолд
хэрхэн нөлөөлдөг тухай судалгаанууд (Druckman 2004; Druckman, Peterson, and Slothuus 2013; Zaller 1992) улс төрийн удирдагчид ийм төрлийн кампанит ажил, манипуляциар ашигтай байдлаа бодитоор олж авдагийг нотлон харуулдаг (Geddes and Zaller 1989; Lu, Aldrich, and Shi 2014; Stockmann 2012). Ялангуяа, тэд ард түмний ардчиллын тухайойлголтыг нь тодорхойлж өгснөөр (үүний зэрэгцээ эрх мэдлээ ардчиллаар халхавчилж ) өөрсөддөө ашиг хүртээж байдаг.
Азийн Барометрын Судалгаа (АБС) нь энгийн иргэд ардчиллыг хэрхэн ойлгодог, яагаад ингэж ойлгодгийг мэдэх нь өнөөгийн дэлхий дахинд ардчиллыг хэрхэн харж байгаа талаарх дээр дурдсан мэтгэлцээн, хэлэлцүүлгүүдэд хариулт өгөх чухал шалгуур болдог гэж үздэг. Иймээс, бүс нутгийг хамарсан судалгааны эхний шатанд ямар нэг чиглэл өгөлгүй, нээлттэй асуултаар Ази хүмүүс ардчиллыг хэрхэн тодорхойлж байгааг судлах аргыг АБС хэрэглэсэн. Улмаар илүү онолын түвшинд харьцуулалт хийхийн тулд нээлттэй асуултын аргаар цуглуулсан мэдээлэлд үндэслэн ардчиллын талаарх нийтлэг ойлголтуудыг хэмжих хаалттай асуулт бүхий эмпирик судалгааны бусад аргыг боловсрууллаа. Энэхүү өгүүлэлд Ази дахь ардчиллын тухай өөр өөр ойлголтыг судлах эмпирик арга зүйн стратеги АБС-ны хүрээнд хэрхэн хөгжиж ирсэн, тус судалгааны тав дахь шатанд шинээр
ашигласан эрэмбэлэх болон үнэлэх судалгааны аргачлалаар цуглуулсан хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэн судалгааны зарим анхны үр дүн, дүгнэлтийг авч үзэх болно.
Ардчиллын талаарх олон үзэл баримтлалд нийцсэн судалгааны хэрэгсэл
боловсруулах нь
2000-аад оны эхээр бүс нутгийг хамарсан АБС-ны анхны харьцуулсан судалгаагаа эхлэх үед ардчиллын талаарх олон үзэл баримтлалыг оновчтойтодорхойлох ном зохиол төдийлөн хангалттай байгаагүй. Тиймээс, “Ардчилал таны хувьд юу гэсэн үг вэ?” гэх нээлттэй асуулт бүхий судалгааны хэрэгсэл ашиглах нь хамгийн тохиромжтой сонголт байсан (Schaffer 1998). Судалгаанд оролцогчдоос ямар нэгэн чиглүүлэлгүй, нээлттэй асуултаар аливаа хязгаарлалтгүйгээр хариулт авах нь хүмүүсийн ардчилалтай шууд холбон ойлгодог гол шинжүүдийг тэмдэглэж авах боломжийг судлаачдад олгодог. Түүнчлэн, оролцогчдын санаа бодлыг бүрэн хэлүүлэхийн тулд судлаачдад ярилцлагын үеэр респондентоос асуулт асуух бүрдээ гурван хариулт авах зааврыг өгдөг байв. Энэ аргаар цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн АБС-ны судлаачид олон сонирхолтой, шинэ соргог үр дүнг (Dalton, Shi and Jou 2007; Shi 2009, 2015; Shi and Lu 2010) гарган авч, ардчиллын талаарх олон нийтийн ойлголтын талаарх ном зохиол, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэвч энэхүү аргын гол дутагдал нь судалгааны өгөгдлийг цуглуулах, боловсруулах нь өндөр зардалтайгаас гадна, хэдэн мянган тодорхой бус утгатай үг, бүрэн бус өгүүлбэр, хариултуудаас онолын хувьд ач холбогдол бүхий, харьцуулах боломжтой сэдэв, ойлголтуудыг ялгаж гаргахад хүндрэлтэй байдаг (Schaffer 2014).
Нээлттэй асуултаар мэдээлэл цуглуулах уг аргын сул талыг арилгахын тулд АБС нь гурав дахь шатны судалгаанаасаа эхлэн ардчиллын талаарх олон нийтийн ойлголтыг илүү нарийвчлан, онолын хувьд илүү боловсронгуй судлах зорилгоор хаалттай хариулт бүхий судалгааны арга зүйг хөгжүүлэхийг оролдож эхэлсэн. Энэхүү арга зүй нь ардчиллын талаарх олонлог үзэл баримтлалыг илүү үр дүнтэй илрүүлэхэд чиглэгдсэн юм. Гэсэн ч асуултын хэлбэр болон бэлэн хариулт зэрэг нь судалгааны үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болзошгүй. АБС-ны судлаачид эхний болон хоёр дахь шатны нээлттэй асуултаар явуулсан судалгааны өгөгдөлд өргөн хүрээтэй, бие даасан контент анализ хийж, судалгааны арга зүйн хэлбэр болон үг хэллэгээс үүдэлтэй хиймэл нөлөөллийг багасгахыг зорьсон. Тэд өөрсдийн ололт, кодчиллын схемийг дахин баталгаажуулж, нээлттэй асуултад хариулсан олон нийтийн түгээмэл хандлагуудыг илэрхийлэх гол бүрдэл хэсгүүдийг тодорхойлсон. Чанарын судалгааны дүнгээс харахад Азийн орнуудад явуулсан судалгааны эхний болон хоёр дахь шатны нээлттэй асуултуудад хүмүүс дараах дөрвөн далд бүрдэл ойлголтыг тогтмол дурдсан байна. Үүнд: (1) нийгмийн тэгш байдал, (2) сайн засаглал, (3) хэм хэмжээ, журам ба (4) эрх чөлөө ба чөлөөт байдал орно. Судалгааны боловсруулалтын шатанд болзошгүй хэмжилтийн алдаанаас сэргийлэхийн тулд эдгээр бүрдэл тус бүрд тохирсон (ойлголт тус бүрийн хувьд өөр өөр өнцгөөс) дөрвөн үзүүлэлтийг шинээр боловсруулж, гурав болон дөрөв дэх шатны судалгааны арга хэрэгсэлд тусгасан. Эдгээр үзүүлэлтийг боловсруулахдаа эхний хоёр шатны нээлттэй асуултуудад иргэдийн дурдсан гол санаа, үг хэллэгийг үндэс болгосон. Хүмүүс ардчиллын онцлог шинжүүдийг үр дүнтэй эрэмбэлэх боломжтой байхын тулд гурав, дөрөв дэх шатны судалгаанд дөрвөн бүрдэл тус бүрээс нэг нэг үзүүлэлтийг сонгон нэг багц болгож, улмаар хамгийн чухал ганц шинжийг сонгохыг оролцогчдоос хүссэн. Ингэснээр олон сонголт дундаас ардчиллын зайлшгүй байх ёстой онцлог ганц шинжийг тодорхойлох зорилготой байв. Тиймээс “Ардчиллын дөрвөн үзүүлэлтийн аль нэгийг сонгох хэрэгтэй болбол, таны хувьд ардчиллыг илтгэх хамгийн чухал шинж нь аль нь вэ?” гэсэн асуултаар хариулт авсан. Мөн судалгааны хариулт өгөхөд асуултын дарааллын нөлөөллийг бууруулахын тулд тухайн дөрвөн үзүүлэлтийн эрэмбийг судалгааны асуулт бүрд санамсаргүй байдлаар сольж өгсөн байна. Үндсэндээ, гурав болон дөрөв дэх шатанд ашигласан хаалттай хэлбэрийн судалгааны хэрэгсэл нь судалгаанд оролцогчдоос дараах дөрвөн ойлголтын хооронд сонголт хийхийг хүссэн юм: (1) нийгмийн тэгш байдал, (2) сайн засаглал, (3) хэм хэмжээ, журам ба (4) эрх чөлөө ба чөлөөт байдал. Респондент бүрээс дөрвөн удаа эдгээрийг эрэмбэлэхийг хүссэн ба ойлголтуудын дарааллыг удаа бүр санамсаргүйгээр өөрчилсөн байна.
Энэхүү мэдээлэлд үндэслэн АБС-ны судлаачид Ази тивийн иргэд ардчиллыг үнэлэхдээ дээр дурдсан сонголтод хэрхэн хандаж болох, ийм хандлагыг юу нөхцөлдүүлж буй болон энэ нь улс төрийн үйл хөдлөл болон хандлагад ямар үр дагавар авчрах боломжтой талаар системтэй судалгаа хийжээ (Huang, Chu, and Chang 2013; Lu 2013; Lu and Shi 2015). Дэлхийн Барометрын судалгааны (Global Barometer Surveys) сүлжээний бусад багтай хамтран ажилласнаар, АБС-ны судлаачид ардчиллын талаарх олон нийтийн ойлголтыг судлах энэхүү эрэмбэлэх аргыг Латин Америк, Африк, Хойд Америк болон Ойрх Дорнодын бүсэд амжилттай нэвтрүүлж, хамааралтай харьцуулалтыг илүү өргөн цар хүрээтэй хийж чаджээ (Lu and Chu 2022).
АБС-ны гурав болон дөрөвдүгээр шатанд олон нийтийн ардчиллын талаарх ойлголтыг судлахад ашигласан ”эрэмбэлэх” аргаас ялгаатай буюу ижил төстэй динамикийг хэмжихийн тулд “үнэлэх” арга хэрэгслийг Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (World Values Survey, WVS) анх Европын дэд судалгаандаа туршсан байна. Судалгааны арга зүйн хувьд “эрэмбэлэх” болон “үнэлэх” арга хэрэгслүүд нь тус тусын давуу болон сул талтай. АБС-ны эрэмбэлэх арга нь оролцогчдоос дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс зөвхөн нэгийг сонгуулан ардчиллын өөр өөр талуудыг харьцуулан үнэлэх боломжийг олгодог. АБС-ны эрэмбэлэх энэ арга нь зөвхөн нэг хариулт сонгохыг тулгадаг тул респондентад тухгүй мэдрэмж төрүүлж, улмаар хариултгүй хувь нэмэгдэхэд хүргэж болзошгүй. Харин Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (WVS)-ны үнэлэх арга нь оролцогчдоос албадан сонголт хийхийг шаардахгүй бөгөөд ардчиллын янз бүрийн талыг бие даан үнэлэх боломжийг олгодог тул сэтгэл зүйн дарамтыг бууруулдаг. Гэсэн хэдий ч энэ аргын хувьд оролцогчид бүх талыг адилхан чухал хэмээн үнэлэх хандлагатай болох магадлалтай тул цуглуулсан мэдээллийн утга, ач холбогдлыг бууруулж, цаашдын өгөгдлийн шинжилгээ болон онолын дүгнэлт хийх үйл явцад хүндрэл учруулж болзошгүй.
Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (World Values Survey, WVS)-ны модультай харьцуулахын тулд АБС-ны тав дахь шатанд ардчилллын тухай ойлголтыг хэмжих үнэлгээний ижил хэрэгслийг ашигласан. Судалгаанд оролцогчдоос ардчиллыг илэрхийлэх улс төрийн долоон гол шинж нь зайлшгүй чухал мөн эсэхийг 10 онооны шатлал ашиглан үнэлэхийг хүссэн. Асуулт нь: “Олон зүйл ардчилалд чухал байж болох ч бүгд зайлшгүй шинж чанар бас биш. Та доорх өгүүлэл бүрийг 1-10 оноогоор үнэлнэ үү. 1 оноо нь ардчиллын чухал шинж биш, 10 нь зайлшгүй шинж мөн гэсэн үг”. (RT1) “Шүүх нь жирийн иргэдийг төрийн хууль бус үйлдлээс хамгаалдаг.” (RT2) “Улс төр цэвэр бөгөөд авлигаас ангид байдаг.” (RT3) “Иргэд жагсаал, цуглаанд оролцох эрх чөлөөтэй.” (RT4) “Хууль боловсруулахдаа засгийн газар нь шашны удирдлагаас зөвлөгөө авдаг.” (RT5) “Улс төрийн удирдагчид нийгмийн сайн сайхныг хангахын тулд иргэдийн хүсэл бодлоос илүү өөрсдийн ухаанд тулгуурлан удирддаг.” (RT6) “Нийгмийн бүх давхаргын сонирхлыг төлөөлдөг нэг намын засаглал.” (RT7) “Эрхээ авсан нэр дэвшигчдийг шашны удирдлагууд урьдчилан сонгон шалгаруулдаг.”
Мөн гурав болон дөрөв дэх шатанд ашигласан эрэмбэлэх аргыг үргэлжлүүлэн ашиглаж харьцуулах боломжийг хангах үүднээс тав дахь шатанд дараах нэг багц эрэмбэлэх асуулгын аргыг хэвээр хадгалсан. Оролцогчдоос дөрвөн сонголтоос хамгийн чухал гэж үзсэн нэг шинж чанарыг сонгохыг хүссэн: (RK1) “Иргэд улс төрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх”, (RK2) “Хүн бүрийг
анхан шатны үндсэн хэрэгцээ буюу хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангах”, (RK3) “Иргэд засаг төрийн удирдагчидаа чөлөөтэй, шударга сонгуулиар сонгох”, (RK4) “Улс төр цэвэр, авлигаас ангид байх.”
5 дахь шатны Азийн Барометр Судалгаанаас гарсан шинэ үндэслэл, нотолгоо
АБС нь ардчиллын талаарх олон нийтийн ойлголтыг хэмжих зорилготой бөгөөд судалгааны арга зүй нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, илүү нарийвчилсан, системтэй болж байна. Олон нийтийн санаа бодлоос эхтэй доороос дээш чиглэсэн арга зүйгээр хэрэгжүүлж буй уг судалгаа нь орчин үеийн ардчиллын хямрал, бүс нутгууд дахь ардчиллын ирээдүйн хандлагыг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд нээлттэй асуултаас хаалттай сонголт бүхий эрэмбэлэх аргачилалрүү шилжсэн нь судлаачдад онолын түвшинд илүү төвлөрсөн судалгаа хийх боломжийг бүрдүүлжээ. Харин хамгийн сүүлийн үеийн шинэчлэл нь эрэмблэхээс үнэлэх аргачлал руу шилжсэнээр судалгааны цар хүрээг өргөжүүлж, илүү баялаг харьцуулсан дүн шинжилгээ хийх боломжийг олгож байна. Ингэснээр, АБС болон Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (WVS) хооронд сонирхолтой харилцан уялдаа үүсгэх суурь болно гэж үзэж байна. Энэхүү хэсэгт бид 5 дахь шатны АБС-нд ашигласан ардчиллын талаарх ойлголтыг хэмжиж үнэлэх болон эрэмбэлэх аргачлалын үр дүнг тоймлон танилцуулж байна.
Тав дахь шатны АБС-нд ашигласан эрэмбэлэх аргачлалын тусламжтайгаар Азийн орнуудын иргэд ардчиллын үндсэн зарчмууд (key principles) болон арга хэрэгслийн ач холбогдол (instrumental gaines) алиныг чухалчилж буйг дахин харьцуулах болно. 2.1-р зурагт эрх чөлөө, чөлөөт байдал (RK1), нийгмийн тэгш байдал (RK2), хэм хэмжээ, журам (RK3), сайн засаглал (RK4)-ыг тэргүүлэх чиглэл болгон сонгосон жинлэсэн хувь хэмжээг дүрслэн харуулсан болно. Мөн энэхүү зурагт эрэмбэлэх асуултад хариулаагүй буюу “мэдэхгүй” гэсэн тав дахь ангилал (DK)-ын хувийг хамт тусгаж харууллаа.
Зураг 2.1 Тав дахь шатны АБС-нд ашигласан Ардчиллын талаарх нийтлэг ойлголтын (PUD – Popular Understandings of Democracy) эрэмбэлэх аргачлалын хариултууд

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Зураг 2.1-д үзүүлснээр эдгээр арван нэгэн улсын иргэд ардчиллын гол зарчмууд болон арга хэрэгслийн ач холбогдлын хооронд өөр өөр талыг илүү чухалчлан үнэлж байна. БНСУ, Тайланд, Малайз зэрэг оронд хамгийн олон хувь нь ардчиллын үндсэн зарчмуудыг (эрх чөлөө, чөлөөт байдал ба хэм хэмжээ, журам зэрэгийг) хамгийн чухал шинж чанар гэж үздэг байна. Харин Япон, Монгол, Филиппин, Тайвань, Индонези, Вьетнам, Мьянмар болон Энэтхэгийн иргэдийн дийлэнх нь арга хэрэгслийн ач холбогдлыг (нийгмийн тэгш байдал, сайн засаглал зэрэгийг) ардчиллын чухал шинж чанар хэмээн тодорхойлдог байна. Энэ нь ардчиллыг утга чанарын (substantive) талаас нь ойлгох хандлага Азид давамгайлж буй тухай өмнөх судалгааны үр дүнтэй (Huang, Chu, and Chang 2013; Lu 2013; Lu and Chu 2022; Lu and Shi 2015) нийцэж байна. Харин Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (WVS)-нд шинээр багтаасан загвар нь Азид ардчиллыг олон нийт хэрхэн ойлгодог талаарх ижил эсвэл өөр хэв маягийг илрүүлж чадах болов уу? Зураг 2.2-д эдгээр арван нэгэн орны хувьд ардчиллын талаарх ойлголтыг эрэмбэлэх долоон үзүүлэлтийн жинлэсэн дундаж оноог харуулж байна.
Зураг 2.2 Тав дахь шатны АБС-нд ашигласан Ардчиллын талаарх нийтлэг
ойлголтын (PUD) үнэлэх аргачлалын хариултууд

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Ардчиллын ялгаатай талуудын хооронд заавал сонголт хийхийг шаардахын оронд үнэлэх аргачлалын дагуу ардчиллын тодорхой талуудыг үнэлэхийг судалгаанд оролцогчдоос тусад нь асуудаг. Зураг 2.2-с харахад ерөнхийдөө эхний гурван үзүүлэлтийг (RT1- эрх зүйт ёс, RT2- сайн засаглал, RT3- улс төрийн оролцооны эрх чөлөө,) ихэнх нийгэмд ардчиллын зайлшгүй чухал бүрдэл юм гэж чухалчилсан байна. Харин шашны эрх мэдэл (RT4 ба RT7), ноёрхогч меритократ (paternalistic meritocracy) (RT5), нэг намын ноёрхол (RT6) зэрэг нь улс орнуудад харилцан адилгүй үнэлгээ авчээ. Гэвч Филиппин, Индонези, Вьетнам, Малайз, Энэтхэг зэрэг оронд сүүлийн дөрвөн арга хэрэгслэлийн зарим нь мөн адил ардчиллын зайлшгүй чухал бүрдэл гэж өндөр үнэлэгдсэн байна. Зураг 2.1-д харагдаж буй ардчиллын тодорхой талуудын ялгаа нь Зураг 2.2-т илт харагдахгүй байна. Энэ зөрүү нь эрэмбэлэх (ranking) болон үнэлэх (rating) хоёр төрлийн аргачлалын ялгаатай зохиомжтой холбоотой байж болох юм. Тав дахь шатны АБС-ны хүрээнд ашигласан энэ хоёр аргачлалын хооронд ямар боломжит хамаарал байж болох вэ?
Энэ асуудлыг тодруулах зорилгоор Зураг 2.3-д үнэлэх аргачлалын хариултын ангилал тус бүрийн хувьд ардчиллыг үнэлэх долоон үзүүлэлтийн жинлэсэн дундажийг харуулж байна. Үндсэндээ (эрэмбэлэх аргачлалаар) ардчиллын өөр өөр талыг хамгийн чухал гэж үзсэн судалгаанд оролцогчид (үнэлэх аргачлалындагуу) тухайн ардчиллын онцлог талуудыг хэр зэрэг өөрөөр үнэлж байгаа эсэхийг судлахыг зорьсон юм. Зураг 2.3-д харуулсанчлан Азийн респондентууд ардчиллын үндсэн шинж чанарыг нийгмийн тэгш байдал, сайн засаглал, хэм хэмжээ, дэг болон эрх чөлөө, чөлөөт байдалтай холбож үзсэн эсэхээс үл хамааран, ардчиллын долоон талыг чухалчилж үзэх үнэлгээ нь утга агуулгын хувьд мэдэгдэхүйц ялгаагүй байна. Өөрөөр хэлбэл, эрэмбэлэх болон үнэлэх аргачлал нь ардчиллын талаарх олон нийтийн ойлголтын сэтгэлзүйн болон танин мэдэхүйн өөр өөр үйл явцыг тодруулж тусгаж байна гэж үзэж болохоор байна. Зураг 2.3-д харуулсан хэв шинж нь Зураг 2.2-той тун төстэй байгааг энд онцлох нь зүйтэй. Ерөнхийдөө, Азийн орнуудын иргэдийн хувьд ардчиллын зарчим ба арга хэрэгслийн алиныг нь илүү чухалчилж байгаагаас үл хамааран эхний гурван үзүүлэлтийг үлдсэн дөрвөн үзүүлэлтээс хавьгүй өндөр үнэлсэн байна.
Зураг 2.3 Тав дахь шатны АБС-ны эрэмбэлэх ба үнэлэх аргачлал

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан.
Тав дахь шатны АБС-ны хүрээнд ардчиллыг үнэлэх долоон үзүүлэлтэд тулгуурлан гарсан дүгнэлтийг илүү үр дүнтэйгээр нэгтгэхийн тулд бид хэмжилтийн загварууд ашиглан эдгээр үзүүлэлтүүдийн цаад далд бүтцийг судалсан. Тодруулбал, ардчиллыг илэрхийлэх далд ойлголтыг эдгээр үзүүлэлт хэр сайн хэмжиж байгааг судлахын тулд бид хайх (exploratory) болон нотлох (confirmatory) хүчин зүйлийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнгээс харахад эдгээр долоон үзүүлэлт нь хоёр хэмжээст далд бүтцийг илэрхийлж байв: R1, R2, R3 нь нэг хэмжээс дээр, харин R4, R5, R6, R7 нь нөгөө хэмжээс дээр төвлөрчээ. Улмаар, эдгээр хоёр далд хэмжээсийн хоорондын корреляц -0.019 байсан боловч статистикийн хувьд ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, (долоон үнэлгээний аргачлалаар гаргасан) ардчиллын тухай ойлголтыг илэрхийлсэн эдгээр хоёр өөр хэмжээс нь статистикийн хувьд бие даасан, хоорондоо хамааралгүй байна. Ерөнхийдөө бол R1, R2, R3-ыг ардчиллын хувьд маш чухал гэж үнэлсэн Азийн орнуудын иргэд R4, R5, R6, R7-ыг ч мөн адил чухал гэж үнэлэх эсвэл үнэлэхгүй байх магадлал адилхан байна. Эдгээр үнэлгээний хэрэгслүүдийн хувьд, эрэмбэлэх хэрэгсэлд илэрсэн сонголтын эсрэг тэнцвэр (trade-off) буюу зөрчилдөөнтэй логик харагдахгүй байгаа нь онцлог юм. Эрэмбэлэх аргачлалд ардчиллын аль нэг талыг хамгийн чухал гэж сонгох болдог тул алийг нь сонгох дээр зөрчил ажиглагддаг бол үнэлэх аргачлалын хувьд тийм зөрчилдөөн бараг ажиглагддаггүй.
Зураг 2.4 нь үнэлгээний аргачлалд суурилсан хоёр хэмжээст хэмжилтийн загварын үр дүнг харуулж байгаа бөгөөд арваннэгэн орны хувьд уг хоёр далд хүчин зүйлийн оноо хэрхэн тархаж буйд анхаарсан байна. Дэлхийн үнэт зүйлийн судалгаа (WVS)-ны судлаачдын (Kirsch and Welzel 2019; Kruse, Ravlik, and Welzel 2019) сүүлийн үеийн үр дүнтэй адилаар бид үнэлгээний аргачлалыг ашиглан ардчиллын талаарх ойлголтыг ардчиллын талаарх “авторитар ойлголт” болон “либерал ойлголт” гэж ангилж ялган харж болно. RT1, RT2, RT3 нь либерал ойлголтыг илтгэж байгаа бол RT4, RT5, RT6, RT7 нь авторитар ойлголтыг илэрхийлж байна.
Зураг 2.4 Тав дахь шатны АБС-нд ашигласан Ардчиллын талаарх нийтлэг
ойлголтын оноонууд

Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид боловсруулсан
Хоёр төрлийн далд хүчин зүйлийн онооны тархалт Азийн орнуудад харилцан адилгүй байна. Япон, БНСУ, Монгол, Тайвань зэрэг оронд ардчиллын “авторитар ойлголт”-ын тархалт нь “либерал ойлголт”-ын тархалтын зүүн талд харагдах ба энэ нь эдгээр оронд хүмүүс хуульт ёс, сайн засаглал, улс төрийн оролцооны эрх чөлөөг ардчиллын зайлшгүй чухал шинж гэж илүүтэй үнэлдэг болохыг харуулж байна. Харин Филиппин, Вьетнам, Малайз зэрэг оронд “авторитар ойлголт”-ын тархалт нь “либерал ойлголт”-ын баруун талд байгаагаас харахад эдгээр оронд шашны эрх мэдлийг хүндэтгэх, ноёрхогч меритократ (paternalistic meritocracy) тогтолцоо, нэг намын засаглалыг ардчиллын чухал шинж хэмээн үнэлэх хандлага давамгайлж байна. Харин Тайланд, Индонези, Мьянмар, Энэтхэг зэрэг оронд хоёр ойлголтын тархалт ихээхэн давхцаж байгаа нь хүмүүс ардчиллын янз бүрийн талыг үнэлэхдээ тэдгээрийн ялгааг төдийлөн тодорхой заагладаггүйг харуулж байна.
Дүгнэлт, зөвлөмж
Ардчиллыг ойлгох олон төрлийн үзэл баримтлал нь орчин үеийн ардчиллын хямралыг “доороос дээш” буюу олон нийтийн түвшнээс судлах оновчтой бөгөөд үнэ цэнэтэй өнцгийг судлаачдад олгодог. Хүмүүсийн улс төрийн хандлага, үйл хөдлөлийг харьцуулан судалдаг хамгийн нэр хүндтэй төслүүдийн нэг болох АБС нь эхний шатнаасаа ардчиллыг олон нийт хэрхэн ойлгож байгааг судлах тусгай аргачлалыг ашиглаж ирсэн. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд АБС нь судалгааны аргачлалуудаа онолын ач холбогдол өндөртэй, баялаг харьцуулсан судалгаа хийхэд илүү нийцтэй болгохоор байнга сайжруулж иржээ. Нээлттэй асуулт бүхий аргчлалыг тасралтгүй ашиглахаас гадна АБС нь ардчиллыг хэрхэн ойлгодог талаарх сонголт хийхэд хүргэдэг шинэ хаалттай асуултуудыг (эрэмбэлэх хэрэгсэл) судалгааны 3 болон 4 дэх шатандаа нэвтрүүлсэн бөгөөд эдгээр нь эхний хоёр шатны АБС-ны нээлттэй хариултуудын үр дүнд үндэслэсэн байдаг. Харин хамгийн сүүлийн буюу тав дахь шатны судалгаанд ардчиллыг олон нийт хэрхэн ойлгодгийг судлах зорилгоор Дэлхийн үнэт зүйлийн судалгааны (WVS) загварыг нэвтрүүлсэн нь энэ чиглэлийн судалгаатай илүү баялаг, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Тав дахь шатны АБС-аас гарсан шинэ баримт нотолгоо нь уг судалгаа болон Дэлхийн үнэт зүйлийн судалгааны (WVS) судлаачдын гол дүгнэлтүүдийн заримыг дахин баталлаа. Азийн олон оронд ардчиллын гол зарчим (жишээлбэл, хэм хэмжээ, үнэт зүйлс, журам, институцтэй холбоотой) болон арга хэрэгслийн үр өгөөжийн (instrumental gaines) хооронд сонголт хийх үед хүмүүс үр өгөөжийг илүүд үзэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нийгэмд ардчиллыг утга чанарын (substantive) түвшинд ойлгох хандлага давуу хэвээр байна. Түүнчлэн, Азийн орнуудад авторитар болон либерал ардчиллын ойлголтын хоорондын ялгаа ч мөн тод харагдаж байгаа нь дэлхийн бусад бүс нутагт хийсэн Дэлхийн үнэт зүйлийн судалгааны (WVS) дүгнэлттэй нийцэж байна. Далд хувьсагчийн системтэй загварчлалаас харахад эдгээр хоёр ойлголтын хооронд Азийн орнуудад тогтвортой хамаарал бараг байхгүй байна. Энэ нь АБС-ны эрэмбэлэх аргачлалаар илэрхийлэгдсэн зөрчилт үйл явцын илэрхийллийн үр дүнгээс ялгаатай байна. Ямар ч аргачлал ашигласан байсан, Азийн орнуудын хооронд нэлээд мэдэгдэхүйц ялгаа бүртгэгдэж байгаа нь эдгээр нийгмийн нийгэм-эдийн засаг, улс төр, соёл, түүхийн онцлог нь хүмүүсийн ардчиллыг ойлгох байдалд чухал нөлөө үзүүлж байж болох юм. Ардчиллыг олон нийт хэрхэн ойлгодог нь өнөөдрийн дэлхий ертөнц дэх ардиллын хөгжлийг цаашид хэрхэн тодорхойлоход нөлөөлөхийг судлах болон онолын түвшинд тайлбарлахад эрэмбэлэх ба үнэлэх аргачлалын аль аль нь чухал хэрэгсэл болно. Эдгээр нь онолын хувьд өөр өөр зорилготой ба цаашид боломжтой бол ABS, GBS, WVS зэрэг судалгааны дараа дараагийн шатанд хоёуланг нь хамтатган ашиглах нь зүйтэй. Ардчиллын талаар суралцаж буй судлаачид эдгээр аргачлалын тус тусын үнэ цэнийг илүү гүнзгий судалж, ардчиллын тухай ойлголт ардчиллын төлөв байдалд хэрхэн нөлөөлдгийг улам баяжуулсан судалгаа хийх боломжтой болох юм.
Ном зүй
- Cho, Youngho. 2014. “To Know Democracy Is to Love It: A Cross-National
Analysis of Democratic Understanding and Political Support for Democracy.”
Political Research Quarterly 67 (3): 478-488. doi:10.1177/1065912914532721. - —. 2015. “How Well Are Global Citizenries Informed about Democracy?
Ascertaining the Breadth and Distribution of Their Democratic Enlightenment
and Its Sources.” Political Studies 63 (1): 240-258. doi:10.1111/1467-9248.12088.
Dalton, Russell J., Doh C. Shin, and Willy Jou. 2007. “Understanding Democracy:
Data from Unlikely Places.” Journal of Democracy 18 (4): 142-156. https://www. - muse.jhu.edu/article/223229.
- Druckman, James N. 2004. “Political Preference Formation: Competition,
Deliberation, and the (Ir)relevance of Framing Effects.” American Political
Science Review 98 (4): 671-686. http://www.jstor.org/stable/4145331. - Druckman, James N., Erik Peterson, and Rune Slothuus. 2013. “How Elite
Partisan Polarization Affects Public Opinion Formation.” American Political
Science Review 107 (1): 57-79. doi:10.1017/s0003055412000500. - Geddes, Barbara, and John Zaller. 1989. “Sources of Popular Support for
Authoritarian Regimes.” American Journal of Political Science 33 (2): 319-347.
doi:10.2307/2111150. - Huang, Min-hua, Yun-han Chu, and Yu-tzung Chang. 2013. “Popular
Understandings of Democracy and Regime Legitimacy in East Asia.” Taiwan
Journal of Democracy 9 (1): 147-171. - Huntington, Samuel P. 1991. The Third Wave: Democratization in the Late
Twentieth Century. Norman: University of Oklahoma Press. - Kirsch, Helen, and Christian Welzel. 2019. “Democracy Misunderstood:
Authoritarian Notions of Democracy around the Globe.” Social Forces 98 (1):
59-92. doi:10.1093/sf/soy114. - Kruse, Stefan, Maria Ravlik, and Christian Welzel. 2019. “Democracy Confused:
When People Mistake the Absence of Democracy for Its Presence.” Journal of
Cross-Cultural Psychology 50 (3): 315-335. doi:10.1177/0022022118821437. - Lu, Jie. 2013. “Democratic Conceptions in East Asian Societies: A Contextualized
Analysis.” Taiwan Journal of Democracy 9 (1): 117-145. - Lu, Jie, and Tianjian Shi. 2015. “The Battle of Ideas and Discourses
Before Democratic Transition: Different Democratic Conceptions in
Authoritarian China.” International Political Science Review 36 (1): 20-41.
doi:10.1177/0192512114551304. - Lu, Jie, and Yun-han Chu. 2022. Understanding of Democracy: Origins and
Consequences Beyond Western Democracies. New York: Oxford University Press. - Lu, Jie, John Aldrich, and Tianjian Shi. 2014. “Revisiting Media Effects in
Authoritarian Societies: Democratic Conceptions, Collectivistic Norms,
and Media Access in Urban China.” Politics & Society 42 (2): 253-283.
doi:10.1177/0032329213519423. - Schaffer, Frederic Charles. 1998. Democracy in Translation: Understanding
Politics in an Unfamiliar Culture. Ithaca: Cornell University Press. - —. 2014. “Thin Descriptions: The Limits of Survey Research on the Meaning of
Democracy.” Polity 46 (3): 303-330. doi:10.1057/pol.2014.14. - Schmitter, Philippe C., and Terry Lynn Karl. 1991. “What Democracy Is… and Is
Not.” Journal of Democracy 2 (3): 75-88. doi:10.1353/jod.1991.0033. - Shi, Tianjian. 2009. “Is There an Asian Value? Popular Understanding of
Democracy in Asia.” In China’s Reforms at 30: Challenges and Prospects, edited by
Dali L. Yang and Litao Zhao, 167-194. Singapore: World Scientific Publishing.
doi:10.1142/9789812834256_0008. - —. 2015. The Cultural Logic of Politics in Mainland China and Taiwan. New
York: Cambridge University Press. - Shi, Tianjian, and Jie Lu. 2010. “The Meanings of Democracy: The Shadow
of Confucianism.” Journal of Democracy 21 (4): 123-130. doi:10.1353/
jod.2010.0012. - Shin, Doh Chull. 2017. “Popular Understanding of Democracy.” In Oxford
Research Encyclopedia of Politics. January 25. Accessed March 4, 2021. doi:10.1093/
acrefore/9780190228637.013.80. - Stockmann, Daniela. 2012. Media Commercialization and Authoritarian Rule in
China. New York: Cambridge University Press. doi:10.1017/cbo9781139087742. - Treier, Shawn, and Simon Jackman. 2008. “Democracy as a Latent Variable.”
American Journal of Political Science 52 (1): 201-217. doi:10.1111/j.1540-
5907.2007.00308.x. - Zaller, John R. 1992. The Nature and Origins of Mass Opinion. New York:
Cambridge University Press. doi:10.1017/cbo9780511818691.
- Jie Lu, Associate Dean of International Affairs at the School of International Studies, is Ye Chenghai
Chair Professor of Political Science at Renmin University. Дараах номны зохиогч, хамтрагч:
Understandings of Democracy: Origins and Consequences Beyond Western Democracies (Oxford University
Press, 2022), Varieties of Governance in China: Migration and Institutional Change in Chinese Villages
(Oxford University Press, 2015).
Le Bao is a Postdoctoral Fellow in the Massive Data Institute (MDI) at the McCourt School of Public
Policy, Georgetown University. ↩︎
