![]()
До Чулл Шин1
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 80 гаруй улс орон чөлөөт сонгууль явуулж, улс төрийн олон намын өрсөлдөөнийг төлөвшүүлснээр ардчилалд томоохон ахиц дэвшил гаргасан. Гэсэн хэдий ч эдгээр институци нь эл улсуудын ихэнхийг бүрэн ардчилсан болгож чадаагүй байна. Ардчилсан институцуудын “техник хангамжийг” бүрэн дүүрэн ажиллуулахын тулд ардчиллыг төлөвшүүлж буй
орнуудад “software” програм шаардлагатай байна (Almond and Verba 1963). Ийм улс төрийн “програм хангамж”-ийн гол бүрэлдэхүүн хэсэг нь ардчилал болон засаглалын бусад хэлбэрийн талаар жирийн иргэд юу гэж боддог вэ гэдэг асуулт юм.
Судлаачдын болон бодлогын хүрээнд, авторитар улс төрийн системийг ардчилсан болгож, нягтруулах үйл явцад иргэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг (Dalton and Welzel 2014). Иргэд ардчиллыг бэхжүүлэхэд хэрхэн оролцдог талаар хийсэн судалгаа олон байдаггүй. Улс төрийн сонгосон тогтолцоогоо өөрчлөн байгуулахыг шаарддаг энэ үйл явцад жирийн иргэд ямар арга зам эсвэл
хэлбэрээр оролцдог вэ? Энэхүү толилуулж буй судалгаа нь бүхэлдээ төдийлөн судлагдаагүй энэ асуултыг ардчилсан Зүүн Азийн нөхцөлд авч үзэхийг зорьсон юм. Энэхүү судалгаа нь таван хэсгээс бүрдэнэ. Удаах хэсэгт миний бие ардчиллыг дэмжсэн иргэдийн дэмжлэгийн талаар хийгдсэн өмнөх судалгаануудыг авч үзэж, тэдгээрт хийсэн шүүмжлэлт анализ дүгнэлтээ тоймлон хүргэнэ. Энэхүү тойм
судалгаан дээрээ үндэслэн, судлаачийн хувьд улс төрийн системийн сонголтын тухай ойлголтыг тайлбарлаж, түүний өөр хоорондоо ялгаатай 5 хэв маягийг тодруулан танилцуулах юм. Судалгааны гуравдугаар хэсэгт Зүүн Азийн ардчилсан таван улсад хийсэн Азийн барометр судалгааны (цаашид АБС гэх) 4 дэх удаагийн судалгааны явцад цуглуулсан өгөгдөлд тулгуурлан эдгээр хэв маягийг хэрхэн илрэн гарч байгааг авч үзнэ. Дөрөвдүгээр хэсэгт, улс орон тус бүрд болон Зүүн Азийн ардчилсан улсуудын хэмжээнд хамгийн их түгээмэл болон төдийлөн дэлгэрээгүй эдгээр хэв маягийг харьцуулан харуулах болно. Судалгааны төгсгөлийн хэсэгт гол үр дүнг нэгтгэн дүгнэж, Зүүн Азийн ардчиллын цаашдын хөгжилд үзүүлэх нөлөөг авч үзэх юм.
Өмнө нь хийгдсэн судалгаа
Сүүлийн хорин жилийн хугацаанд АБС нь олон улсыг хамарч 5 үе шаттай явуулснаар олон тооны судлаачдад Зүүн Азийн орнуудын иргэд ардчиллын үйл явцад хэрхэн оролцож байгааг тогтмол хянаж судлах, харьцуулах боломжийг олгосон (Chu et al. 2008; Chu and Huang 2010; Shin and Wells 2005). Өнөөдрийг хүртэл энэ судалгаанд үндэслэн хийгдсэн эрдэм шинжилгээний ажлууд нь ардчиллыг дэмжигч болон авторитар дэглэмийн эсрэг иргэдийн чиг баримжааны түвшин (level) буюу тоог (quantity) анхаарахад чиглэж байв. Хийгдсэн судалгааны олонх нь цаг хугацаа болон орон зайн хувьд эдгээр хандлагыг илэрхийлж буй иргэдийн хувь хэмжээг хооронд нь харьцуулсан байдаг. Бусад судалгаа нь ардчилал болон авторитар дэглэмд таатай ханддаг хандлагыг илэрхийлсэн нийлмэл индексүүдийг
бий болгох замаар авторитар дэлгэмээс илүүтэй ардчилалд таатай хандах иргэдийн хандлагын тархалтыг тодорхойлсон.
Эдгээр хувь, индекс нь хувь иргэний хамаарах хамтын нэгжийн шинж чанаруудыг илэрхийлэх төдий хураангуйлж нэгтгэсэн статистик юм. Ийм нэгдсэн статистик нь хувь иргэдийн ардчилал, авторитар дэглэмд хандах хандлагыг харьцуулах, эдгээр тогтолцооны алийг нь илүүд үзэж байгааг нь нэг бүрчлэн
задлан харуулах боломжгүй юм. Мөн эдгээр нь ардчилсан улсын иргэн болохын тулд ямар замуудаар замнах боломжтойг магадлан тогтоох боломжгүй байдаг. Түүнчлэн, өмнөх судалгааны ажлууд нь дэлхий даяар ихээхэн хүсэн хүлээсэн улс төрийн үзэгдэл болох “ардчилал” гэсэн үгийг агуулсан судалгааны хэд хэдэн асуултад өгсөн хариултад тулгуурласан (Sen 1999). Эдгээр судалгааны ажил нь
ардчилалд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлон хэмжихдээ, ардчиллын талаарх эерэг хандлага нь авторитар дэглэмийг дэмжих дэмжлэгээс хэр зэрэг илүү байгааг тодорхойлж, хэмжсэн. Ардчиллыг дэмжиж буй дэмжлэгийг хэмжихдээ, эдгээр судалгааны ажил нь либерал бус хэм хэмжээ, практикийг үгүйсгэх үзэгдлийг либерал хэм хэмжээ, практикийг хүлээн зөвшөөрөхтэй адилтган авч үзсэн нь
алдаатай байсан.
АБС-д тулгуурласан өмнөх дүн шинжилгээнд, Зүүн Азийн орнуудын ардчиллыг жинхэнэ утгаар нь дэмждэггүй юмуу эсвэл тэр байтугай авторитар дэлгэмийг тодорхой хэмжээнд дэмждэг иргэдийг ардчилсан системийг тусгайлан дэмждэггүй эсвэл шаардлага хангахгүй дэмжигч гэж тодорхойлон авч үзсэн. Үүний үр дүнд, өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлууд нь иргэдийн ардчиллыг бусад системээс илүүд авч үзэж байгаа тоо хэмжээний талаар бодитой бус, хөөрөгдсөн мэдээллүүдийг түгээж байна. Мөн эдгээр судалгааны ажил нь иргэд ардчилсан тогтолцоог мэдэрсний дараа аль дэлгэмийг илүүд үзэж байгаа талаарх сонголтод нь өөрчлөлт орсон эсэх талаар тун бага мэдээлэл өгч байв.
Концепцичлагдсан байдал
Авторитар дэглэмээс ардчилалд шилжсэн Зүүн Азийн ардчилсан орнуудын хүмүүс авторитар улс төрд нийгэмшсэн байдаг. Ардчилалд шинээр шилжсэн иргэд ардчиллын ашиг тусын талаар багахан мэдээлэлтэй байдаг (Shin and Kim 2018). Иймд, эдгээр хүмүүсийн олонхын хувьд, ардчилал нь тэдний нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сайн шийдэл болж өгдөггүй
(Rose, Mishler, and Haerpfer 1998). Үүний үр дүнд, эдгээр орны иргэд авторитар дэглэмийг үгүйсгэхгүй байх магадлалтай байдаг. Эсвэл тэд ардчиллыг засаглалын хамгийн сайн тогтолцоо гэж ямар нэгэн болзол нөхцөлгүйгээр хүлээн авахгүй байх магадлалтай.
Өмнөх авторитаризм болон ардчилсан дэглэмийн хүрээнд, Зүүн Азийн ардчилсан орнуудын иргэд зөвхөн нэг эвсэл хоёуланг шинэ, илүүд үзэхүйц засаглалын хэлбэр гэж хүлээн зөвшөөрдөг үү? Хэрэв иргэд ардчиллыг ийм систем гэж хүлээн зөвшөөрч байгаа бол үүнийг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хүлээн зөвшөөрч байна уу? Хэрэв тэд авторитар дэглэмийг системийн хувьд үгүйсгэж
байгаа бол бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар үгүйсгэдэг үү? Энэхүү судалгааны ажил нь өмнө нь авч үзэж байгаагүй эдгээр асуултын хариултыг хамтад нь шинжилж, улс төрийн системийг сонгож, бусдаас илүүд үзэж буй таван хэв маягийг тодорхойлж өгнө.
Хүснэгт 4.1-д эдгээр хэв маягийг харууллаа. 5 хэв маягт (1) ардчиллаас бүрэн татгалзаж, авторитар дэлгэмийг хэсэгчлэн эсвэл бүрэн хүлээн зөвшөөрдөг автократ үзэлтнүүд (autocrats) ; (2) ардчиллыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрдөг, мөн авторитар дэглэмийг хэсэгчлэн эсвэл бүрэн хүлээн зөвшөөрдөг саармаг үзэлтнүүд (hybrids); (3) дарангуйллыг бүрэн үгүйсгэдэг боловч ардчиллыг бүрэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй авторитар дэглэмийг эсэргүүцэгчид (antiauthoritarians); (4) ардчиллыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, мөн авторитар дэлгэмийг хэсэгчлэн эсвэл бүрэн хүлээн зөвшөөрдөг прото-ардчилсан үзэлтнүүд (proto-demorats); (5) ардчиллыг бүрэн хүлээн зөвшөөрч, авторитар дэглэмийг бүрэн үгүйсгэдэг жинхэнэ ардчилагчид (authentic democrats) хамаарна. Эдгээр таван хэв маягаас тав
дахь нь ардчиллыг “цорын ганц сонголт” гэж хүлээн зөвшөөрч, ардчиллыг ямар нэгэн болзолгүй эсвэл онцгойлон хүлээн авдаг байна.
Хүснэгт 4.1 Улс төрийн системийг сонгох 5 хэв маяг

Эх сурвалж: Зохиогчийн бэлдсэн эх сурвалж
Хэмжсэн байдал
Системийн сонголтын 5 төрлийн хэв маягийг тодорхойлох зорилгоор миний бие 2014-2016 оны хооронд либерал ардчилсан гурван улс (Япон, Солонгос, Тайвань) болон сонгуульт ардчилсан хоёр улс (Индонези, Монгол)-д хийгдсэн АБС-ны дөрөвдэх удаагийн судалгаанд багтсан 4 багцаас 2-ыг нь сонгосон. Эхний багц дөрвөн тусдаа асуултаас бүрдэх бөгөөд тус бүр нь “ардчилал” гэсэн үгийг ашиглахгүйгээр ардчилсан засаглалын дөрвөн чухал практик хэрэгжилтийн аль нэгийг авч үздэг. Үүнд (1) нээлттэй, өрсөлдөөнт сонгуулиар улс төрийн удирдагчдыг сонгох (Асуулт 82); (2) төрийн хяналтаас ангид мэдээллийн хэрэгслүүд мэдээ мэдээлэл, санаагаа нийтлэхийг зөвшөөрөх (Асуулт 81); (3) ард түмэн улс төрийн үйл явцад оролцож, хүсч байгаа зүйлээ илэрхийлэх боломжийг олгох (Асуулт 80); (4) сонгогчдын сонирхол, сонголтыг төрийн удирдагчид хэрэгжүүлдэг байх (Асуулт 79). Эдгээр ардчилсан практикийг илэрхийлсэн хариултуудыг хамтад нь авч үзвэл ардчиллыг огт илүүд үздэггүй, хэсэгчлэн илүүд үздэг, эсвэл бүрэн илүүд үздэг эсэхийг тодорхойлно.
Дөрвөн асуултын хоёрдахь багц нь ардчилсан бус засаглалын дөрвөн хувилбарыг авч үздэг. Үүнд: (1) парламент, сонгуулиас татгалзаж, хүчтэй удирдагч аливаа асуудлыг шийддэг байх (Асуулт 130); (2) зөвхөн нэг нам сонгуульд орж, удирдахыг зөвшөөрөх (Асуулт 131); (3) улс орныг цэрэг арми удирдах (Асуулт 132); (4) сонгууль, парламентыг үгүй болгож, мэргэжилтнүүд ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг болгох (Асуулт 133). Эхний багцын нэгэн адил энэ авторитар засаглалыг огт илүүд үздэггүй, хэсэгчлэн илүүд үздэг эсвэл бүрэн дэмждэг эсэхийг тодорхойлохын тулд авторитар засаглалын хэлбэр бүрийг баталгаажуулсан хариултуудыг хамтад нь авч үзсэн.Төгсгөлд нь, авторитар болон ардчиллын талаарх эдгээр гурван ангиллыг (огт дэмжихгүй, хэсэгчилсэн болон бүрэн дэмжих) улс төрийн системийн сонгосон таван хэлбэр тус бүрд багтах хүмүүсийг тодорхойлон авч үзнэ. Багц бүрийн дөрвөн асуултын ихэнх эсвэл бүгдэд нь хариулж чадаагүй хүмүүсийн тоог орхигдсон гэх ангилалд багтаана. Улс болгонд таван хэв маяг тус бүрд багтсан иргэдийн хувь хэмжээг харьцуулж, тэдний системийн сонголтууд дээр хэр төвлөрч, тархсан байгааг тодорхойлох юм. Зүүн Азийн ардчилсан орнуудын иргэдийн дунд хамгийн түгээмэл ба хамгийн бага тархсан хэв маягийг тодорхойлох зорилгоор хэв маяг тус бүрд хамрагдсан хувь хэмжээг таван улсын хүрээнд нийтэд нь харьцуулсан болно.
Авторитар дэглэмээс татгалзсан байдал
Зүүн Азийн ардчилсан таван улс хэдэн арван жилийн турш иргэддээ сонгуулийн болон сонгуулийн бус үйл явцад оролцож, өрсөлдөх боломжийг олгож ирсэн. Ардчилсан улс төрийн амьдралд өнгөрүүлсэн ийм урт хугацаа нь зарим улсад өмнө нь байсан эсвэл бүс нутгийн ардчилсан бус бусад улсад байгаа авторитар засаглалын хэлбэрүүдээс бүрэн татгалзах боломжийг иргэдэд олгосон уу? Хэрэв тийм биш бол иргэд авторитар системийн өнгөрсөн уламжлалаас хэр зэрэг салсан эсвэл салаагүй байна вэ? Хүснэгт 4.2-т авторитар дэглэмээс татгалзаж буй байдлыг хэр өргөн, гүн гүнзгий байгаа талаарх асуултуудтай холбогдох өгөгдлийг харуулав. Хүснэгтийн эхний баганад иргэний дарангуйлал, цэргийн дарангуйлал, нэг намын засаглал, меритократ зэрэг дөрвөн төрлийн авторитар системээс бүрэн татгалзсан иргэдийн эзлэх хувийг улс орон бүрээр нь харуулав. Хоёрдахь болон гуравдахь баганад автократ засаглалын зарим хэлбэрээс хэсэгчлэн татгалзсан хийгээд аль ч төрлөөс нь татгалзаагүй хүмүүсийн харьцааг тус тус харуулав. Таван улсад бүгдэд нь авторитар засаглалаас татгалзаагүй, түүнтэй бүрэн хамааралтай хэвээр байгаа хүмүүсийн хувь хамгийн бага буюу 10 хүрэхгүй хувьтай цөөнхийг бүрдүүлж байна. Авторитар засаглалаас бүрэн татгалзсан, бие даасан хүмүүс Монгол Улсаас бусад бүх улсад хамгийн их байна. Гэвч тэдгээр хүмүүс либерал ардчилсан гурван улсад л олонх болж, БНСУ-д 65 хувь, Японд 76 хувьтай байна. Нэг намын тогтолцоотой, коммунист засаглалын уламжлалаас бүрэн салсан иргэд Монгол Улсын нийт иргэдийн дөрөвний нэг нь буюу ердөө 25 хувийг бүрдүүлж байна.
Хүснэгт 4.2 Авторитар дэлгэмийн уламжлалаас бүрэн татгалзсан (dettached)болон татгалзаагүй (attached) хүмүүсийн хувь

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн судалгаа, Зохиогч бэлдсэн.
Авторитар засаглалаас салаагүй байгаа хүмүүсийг тодорхойлохын тулд түүнээс татгалзаагүй болон хэсэгчлэн татгалзсан хүмүүсийг хамтад нь авч үзсэн. Тэдний эзлэх хувь Японд байгаа цөөнх буюу тавны нэг (20 хувь)-аас Монголын дөрөвний гурав (74 хувь) хүртэл байна. Таван улсыг бүгдийг нь хамтад нь авч үзвэл, Зүүн Азийн ардчилсан орнуудад байгаа таван хүн тутмын хоёр нь (39 хувь) авторитар засаглалтай ямар нэгэн хэмжээгээр холбогдсон хэвээр байна. Хэдэн арван жил ардчилсан засаглалтай байсан боловч өнгөрсөн үеийн дарангуйллын уламжлал нь ардчилсан улс орон бүрд хадгалагдан үлдэж, цаашид ардчиллын эсрэг хүчирхэг хүчин хэвээр байна. Зүүн Азийн ардчилсан орнуудад авторитар засаглалын тогтолцоо алга болоогүй нь тодорхой байна.
Авторитар засаглалын 4 янзын хэлбэрийн аль нэг нь ардчилсан таван улсын аль нэгийнх нь тухайд хуучирсан зүйл болсон уу? Хэрэв тийм биш бол ардчиллын хүчинд хамгийн тэсвэртэй эсвэл бууж өгөхгүй хэлбэр нь аль нь байна вэ? Таван улсад хэлбэр нь өөр өөр байна уу? Миний бие эдгээр асуултыг улс тус бүрийн хүмүүс авторитар засаглалын хэлбэр болгоноос хэр салаагүй хэвээр байгаа эсэхийг судалж үзсэн. Хүснэгт 4.3-аас харахад таван улсын нийт иргэдийн 3-64 хувь нь аль нэг хэлбэрээс салаагүй хэвээр байна. Бүхэлдээ ардчилсан энэ бүс нутагт 14- 25 хувь нь авторитар засаглалын хэлбэр тус бүрээс салаагүй хэвээр байна. Энэхүү судалгаанд авч үзсэн авторитар засаглалын дөрвөн хэлбэрийн аль нь ч Зүүн Азид хуучраагүйг энэхүү судалгааны дүгнэлт харуулж байна. Хүснэгт 4.3 Авторитар дэглэмээс салаагүй байдлын хувь
Хүснэгт 4.3 Авторитар дэглэмийг дэмжих хувь

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн судалгаа, Зохиогч бэлдсэн.
Зүүн Азийн улсуудын иргэд ардчилсан засаглалын дор хэдэн арван жил амьдарсан боловч авторитар засаглалын аль хэлбэрээс яагаад салахыг хүсэхгүй байна вэ? Сонгууль, парламентын ардчилсан институцийг хүчирхэг удирдагчаар сольсон иргэний дарангуйлал нь олон арван жилийн туршид оршсон ардчилсан улс төрд хамгийн тэсвэртэй буюу бууж өгөхгүй байсаар байна. Судалгаанд сонгож
авсан таван улсад 10 гаруй хувь нь энэ хэлбэрээс татгалзаагүй хэвээр байна. Монгол Улсад энэ хэлбэрээс салахгүй хүмүүс бараг гуравны хоёр (64 хувь) буюу дийлэнх хувийг эзэлдэг. Нийтэд нь авч үзвэл, таван орны дөрөвний нэг нь (25 хувь) үүнээс татгалзсан байна. Авторитар засаглалын дөрвөн хэлбэрээс иргэний дарангуйлал нь ардчилсан тогтолцоонд хамгийн тэсвэртэй байна.
Таван улсын алинд нь өнгөрсөн үеийн авторизмын уламжлал хамгийн их хадгалагдсан хэвээр байна вэ? Аль улсад нь хамгийн бага хадгалагдсан байна вэ? Эдгээр асуултад хариулахын тулд, миний бие улс бүрийн иргэдийн авторитар системийн уламжлалыг дэмжсэн дундажийг тооцоолсон. Бүс нутгийн улсуудаасаа хамгийн эрт ардчилсан болсон Японд хамгийн бага буюу 0.3 байгаа бол дараа нь Тайвань (0.4), БНСУ (0.6), Индонез (0.8), Монгол (1.6) тус тус бүртгэгдсэнийг Зураг 4.1-ээс харж болно. Эдгээр хувь хэмжээг судалгаанд сонгосон улсуудын хүрээнд харьцуулж үзвэл, улс орнуудад нийтэд ажиглагдсан мэдэгдэхүйц хоёр ялгаа байна. Нэгдүгээрт, нэгэн цагт коммунист дарангуйллын үед амьдарч байсан хүмүүс авторитар дэглэмээс салах дургүй байна. Хоёрдугаарт, сонгуульт ардчилсан засаглалтай орнуудын иргэд либерал ардчилсан орнуудын иргэдээс илүү авторитар дэглэмээс салах дургүй байна.
Зураг 4.1 Иргэдийн авторитар засаглал болон ардчилалд ээнэгшсэн (attached) байдлын ерөнхий түвшин (5 онооны индексээр)

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн судалгаа, Зохиогч бэлдсэн.
Ардчиллыг хүлээн зөвшөөрсөн байдал
Эх хүн байх, эх оронч үзэлтэй байхтай адил ардчиллыг хүсэмжлэх нь нийгмийн хувьд хүсүүштэй үзэгдэл болсон. Үүний зэрэгцээ ардчилал нь хүн бүрийн хувьд өөр, өөр утгыг илэрхийлэх нь бий. “Ардчилал” гэх үг агуулсан асуултуудад өрөөсгөл хариулт өгөхийг багасгах зорилгоор АБС нь энэ үгийг хасч, ардчиллын дөрвөн чухал илрэлийн аль нэгийг нь асуусан агуулга бүхий дөрвөн асуултын шинэ багцыг оруулсан. Зүүн Азийн ардчилсан таван улсын иргэд эдгээр хэлбэрийн бүгдийг нь, заримыг нь хүлээн авсан эсвэл алийг нь ч хүлээн аваагүй байна уу? Улс бүрийн хувьд 4.4-д ардчилалд ээнэгшээгүй, хэсэгчлэн ээнэгшсэн болон бүрэн ээнэгшсэн байдлын хувь хэмжээг харуулав.
Судалгаанд хамрагдсан улс бүрд ардчилалд ээнэгшээгүй хэсэг хамгийн бага байгаа бол хэсэгчлэн ээнэгшсэн хэсэг хамгийн олон тоотой байна. Авторитар засаглалаас салаагүй хүмүүсийн нэгэн адил ардчилалд ээнэгшсэн хүмүүс таван орны 10 хүрэхгүй хувь буюу цөөнхийг бүрдүүлж байна. Авторитар засаглалаас хэсэгчлэн татгалзсан хүмүүсийн нэгэн адил ардчилалд хэсэгчлэн ээнэгшсэн хүмүүс хамгийн олон байгаа бөгөөд улс бүрд 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Жишээ нь, ардчилалд ээнэгшээгүй хүмүүсийн тоо Индонезид 3 хувь, Өмнөд Солонгост 7 хувь байх зэргээр улс орнуудын хувьд 4 пунктээр хэлбэлзэж байна. Хэсэгчлэн ээнэгшсэн хүмүүс хувь Япон болон Монгол Улсад 71 хувь, Индонезид 76 хувь байх зэргээр хоорондоо 6 пунктээр хэлбэлзэж байна.
Хүснэгт 4.4 Ардчилсан засаглалд ээнэгшсэн болон ээнэгшээгүй хүмүүсийн хувь

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн асуулга судалгаа, Зохиогч бэлдсэн.
Үүний эсрэгээр, авторитар засаглалааас бүрэн татгалзсан хүмүүсээс ялгаатай нь, ардчилалд бүрэн ээнэгшсэн хүмүүс судалгаанд хамрагдсан бүх таван улсын дөрөвний нэгээс бага хувийг эзэлж, цөөнх болж байна. Мөн тэдний эзлэх хувь Индонезид 10 хувь, Монгол Улсад 21 хувь хүртэл байгаа зэргээр улс орнуудад ихээхэн ялгаатай байна. Хамгийн хачирхалтай нь авторитар засаглалаас татгалзаагүй нь хамгийн олон болон уг засаглалаас бүрэн татгалзсан нь хамгийн цөөн байсан Монгол Улсад энэ хувь хамгийн их байна. Энэхүү дүгнэлтээс үзэхэд, Зүүн Азийн хүмүүсийн дунд ардчилалд хамгийн өндөр ээнэгшсэн түвшин нь мөн авторитар засаглалд ээнэгшсэн хамгийн өндөр түвшинтэй зэрэгцэн оршиж
байна. Энэ нь Зүүн Азийн олон хүмүүс ардчилал болон авторитар тогтолцоог нэгэн зэрэг дэмжиж, аль нэг засаглалын системийг бусдаас нь илүүд үздэггүй болохыг харуулж байна. Энэ талаар хийгдсэн өмнөх судалгааны ажлуудаас ялгаатай нь авторитаризмыг дэмжих хандлага нь Зүүн Азийн орнууд дахь ардчилалтай үргэлж урвуу хамааралтай байдаггүйг харууллаа.
Зүүн Азийнхны санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн ардчиллын чухал хэрэгжилт практик гэж бий юу? Хэрэв тийм практик байхгүй бол тэдгээрийн аль нь хамгийн бага хүлээн зөвшөөрөгддөг вэ? Хүснэгт 4.5-аас харахад, эдгээрийн аль нэг нь таван улсын аль нэгд нь санал нэгтэйгээр эсвэл олонхийн саналаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. 1946 оны 11 дүгээр сараас хойш сонгууль тогтмол явагдаж байгаа Японд ч тавны дөрөв хүрэхгүй хувь нь (76 хувь) улс төрийн удирдагчдыг сонгохыг дэмжиж байна. Бусад бүх улс орнуудад дийлэнх олонхи буюу Монгол Улсад 74 хувь, Тайваньд 81 хувь нь үүнийг дэмжсэн. Өнөөдөр Зүүн Азийн ардчилсан орнуудад ардчиллын үндэс суурь бөгөөд хамгийн эртний практик болох бүх нийтийн сонгуулийг санал нэгтэйгээр эсвэл олонхиор дэмжихгүй байна. Гэвч сонгосон таван улсад сонгууль ардчиллын хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн практикийн нэг байна.
Хүснэгт 4.5 Ардчиллын 4 үндсэн практикт ээнэгшсэн байдал

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн асуулга судалгаа, Зохиогч бэлдсэн.
Хамгийн бага зөвшөөрөгдсөн практик нь улс төрийн удирдагчид сонгогчдынхоо санал хүсэлтийг хэрэгжүүлэх замаар тэднийг сонсох байв. Ганцхан Индонези улсын судалгаанд оролцогчдын 51 хувь болох олонх нь энэ практикийг хүлээн зөвшөөрсөн байна. Либерал ардчилсан улсууд болох Япон (36 хувь) болон Тайвань (34 хувь)-д хамгийн цөөн буюу тавны хоёроос бага хувь нь үүнийг хүлээн зөвшөөрч байна. Ардчилсан Зүүн Азийг бүхэлд нь авч үзэхэд, тавны хоёр хувь (44 хувь) нь иргэдийнхээ хэрэгцээг сонсдог засгийн газартай байхыг дэмжих байна. Ардчиллын дөрвөн практикаас зөвхөн үүнийг ихэнх нь (56 хувь) дэмжихээс татгалзсан цорын ганц практик юм. Зүүн Азийн ардчилсан орнуудад төрийн удирдагчид сонгогчдынхоо хэрэгцээ шаардлагыг сонсох ардчилсан практикийг хүлээн зөвшөөрөх хүсэл эрмэлзэл бага байгаа бол “иргэний дарангуйллын” уламжлалаас татгалзахад хамгийн дургүй байна. Зураг 4.1-д нийт ардчиллын таван баллаар практикийг улс бүрийн иргэд дунджаар хүлээн зөвшөөрч байгааг харуулав. Улсаар нь авч үзвэл, хүлээн зөвшөөрөгдсөн практик нь Индонезид 2.2-оос Японд 2.5 хүртэл бага зэрэг ялгаатай байна. 3.0-аас доош оноо авсан гэдэг нь эдгээр таван улсын иргэд ардчиллын үндсэн практикийн ихэнхийг нь хүлээн зөвшөөрч чадаагүйг харуулж байна. Мөн авторитар системээс татгалздагаас ялгаатай нь тэд ардчилсан практикийг хүлээн зөвшөөрөх нь өмнө нь Зүүн Азичуудын амьдарч байсан авторитар систем болон тэдний одоо амьдарч буй ардчилалтай ямар ч холбоогүй болохыг харуулж байна.
Системуудаас илүү гэж үзэж буй хэв маягууд
Авторитар болон ардчиллын чиг баримжааны талаар тусад нь шинжилгээ хийснээр, Зүүн Азийн ардчилсан улсуудын ихэнх хүмүүс авторитаризмаас бүрэн татгалзахгүй, ардчиллыг ч бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгааг харж болно. Энэхүү дүн шинжилгээ нь авторитризмаас татгалзах нь ардчиллыг мөн хүлээн зөвшөөрөхөд хүргэдэггүй гэдгийг мөн харууллаа. Эдгээр дүгнэлтээс үзэхэд, иргэдийн оюун санаанд авторитар дэглэм болон ардчилал хэрхэн харилцан уялдаатай байдгийг судалж, эдгээр хоёр системийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон илүүд үзэж буй системийн сонголтын хэв маягийг олж тогтоох шаардлагатай болж байна.
Хүснэгт 4.6-д улс бүрийн хувьд өмнө нь дурдсан таван хэв маягт хамаарах иргэдийн эзлэх хувийг харуулав. Хүснэгтийн хамгийн анхаарал татахуйц хэсэг нь судалгаанд хамрагдсан бүх таван улсад хүмүүс хэв маяг бүрт төлөөлөлтэй боловч хэлбэр тус бүрт иргэд нь хамгийн багадаа нэг хувь, хамгийн ихдээ 57 хувь хүртэлх төлөөлтэй буюу ихээхэн ялгаатай байна. Үүнээс гадна хүснэгтийн 25 нүднээс ердөө гурав нь 53-57 хувийн төлөөлтэй байгааг харуулж байна. Энэ нь эдгээр улсын алинд нь ч иргэд нэг хэв маягт төдийлөн төвлөрдөггүйг харуулж байна. Үүний оронд тэд бүх таван хэв маягт төлөөлөгдөн хуваагдсан байна. Зүүн Азийн ардчилсан орнуудын иргэдээс аль нэг системийг илүү гэж үзэн сонгосон хэв маяг бүрийн хувьд ихээхэн ялгаатай байгаа нь харагдлаа.
Ардчиллаас бүрэн татгалзаж, авторитар системийг хэсэгчлэн эсвэл бүрэн хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг харуулсан авторитар хэв маяг нь бүх таван улсад хамгийн бага тархалттай буюу тав хүрэхгүй хувьтай цөөнхийг бүрдүүлж байна. Ардчилсан таван улсыг нэгтгээд авч үзвэл, нийт иргэдийн гуравхан хувь нь өнгөрсөн үед байсан авторитар тогтолцооноос бүрэн салаагүй хэвээр байна. Түүнээс гадна улс
орон бүрд ардчиллыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй боловч авторитаризмыг бүрэн үгүйсгэдэг анти-авторитар үзэлтнүүд олноороо байна. Зүүн Азийн ардчилсан улс болгонд иргэдийн дийлэнх нь авторитар дэглэмээс хэсэгчлэн эсвэл бүрмөсөн татгалзсан байна.
Хүснэгт 4.6 Системийн 5 хэв маяг тус бүрийг сонгосон хувь хэмжээ

Эх сурвалж: Азийн барометрийн судалгааны 4 дэх удаагийн судалгаа, Зохиогч бэлдсэн.
Авторитар дэглэмээс татгалзсан хүмүүс ардчиллыг хүлээн авч чадсан уу? Хүснэгт 4.6-аас харахад авторитар дэглэмийг бүрэн үгүйсгэж, ардчиллыг бүрэн хүлээн зөвшөөрдөг ардчилсан хэв маяг нь Зүүн Азийн аль ч улсад түгээмэл биш байна. Зүүн Азийн ардчилсан улсуудын дунд хамгийн их давамгайлж байгаа нь авторитар дэглэмээс бүрэн татгалзсан боловч ардчиллыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрдөг авторитар дэглэмийн эсрэг хэв маяг юм. Дөрвөн улс, тэр дундаа гурван либерал ардчилсан улсыг оролцуулаад Индонезид 39 хувь, Японд 57 хувьтай ийм хэв маягтай байдаг. Энэ төрлийн хэв маяг Монгол Улсад л 15 хувьтай цөөнх болж байна. Монголд авторитар дэглэмийн эсрэг энэ хэв маягийг баримтлагчдын тоогоос авторитаризм нь ардчилалтай холилдсон “эрлийз” үзэлтнүүд илүү олон (56 хувь) байна.
Бүх таван улсад, ардчиллыг бүрэн дүүрэн, тууштай дэмжигчид иргэдийн тавны нэг орчим хувиас доогуур буюу цөөнхийг бүрдүүлнэ. Либерал ардчилалтай Солонгост 13, Тайваньд 15 хувьтай байгаа бол сонгуульт ардчилалтай Индонезид 5, Монголд 8 хувьтай байна. Жинхэнэ ардчиллагчдын хувь либерал улсуудад сонгуульт ардчилсан улсуудаас хоёр дахин их ажээ. Харин хуучин болон шинэ либерал ардчилалтай Японд 14, Солонгост 13, Тайваньд 15 хувьтай байгаа нь бараг ялгаагүй байна.
Эдгээр таван улсыг бүгдийг нь хамтад нь авч үзвэл арван хүн тутмын нэг нь буюу 11 хувь нь л ардчиллыг дангаар буюу болзолгүйгээр илүүд үздэг төрийн систем гэж хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс гадна аль ч улс оронд авторитар дэглэмийн эсрэг эсвэл саармаг үзэлтнүүд илүү олон байна. Монгол Улсад тэд авторитар тогтолцоог бүрэн үгүйсгэхгүйгээр ардчиллын практикийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг прото-ардчилсан үзэлтнүүдээс ч илүү байна. Эдгээр бүх тоо баримт нь Зүүн Ази ардчилсан улсууд даяар жинхэнэ эсвэл бүрэн тууштай ардчилагчид хомс байгааг батлан харуулж байна.
Хамгийн гол нь, ардчиллын талаарх судалгааны ажлуудад дурдагддаг ардчиллыг бэхжүүлэх хамгийн наад захын босго гэгддэг “жинхэнэ ардчилагчид” багахан хувийг эзэлж байна. Жишээлбэл, Ларри Даймондын (Larry Diamond 1999, 68) хэлснээр, иргэдийн дийлэнх буюу 70-75 хувь нь ардчиллыг “засаглалын хамгийн сайн хэлбэр” хэмээн хүлээн зөвшөөрвөл, тухайн улсын улс төрийн тогтолцоог нягтарсан ардчилал (consolidated) гэж үздэг. Энэ жишгээр Зүүн Азийн ардчилсан улсуудыг бүгдийг нь нягтарсан ардчилалтай гэж үзэхэд их хол байна. Мөн эдгээр улсын аль нь ч ардчиллыг нягтралуулахад хүргэх шаардлагатай замын тавны нэгээс илүүг туулаагүй байна.
Дүгнэлт
Зүүн Азид өнөөдөр тусгаар тогтносон 17 улсын зөвхөн тав нь л ардчилсан улс гэж хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд эдгээр ардчиллын аль нь ч бүрэн ардчилсан улс гэж үнэлэгдэхгүй байна (Economist Intelligence Unit 2020). Эдгээр таван ардчилсан орны аль нь нягтарсан ардчилалтай болсон бэ? Энэ асуултад хариулах зорилгоор иргэдийн дийлэнх олонх нь ардчиллыг засаглалын цорын ганц тогтолцоо болгон хүлээн зөвшөөрсөн тохиолдолд улс төрийн тогтолцоо ийм систем болдог гэсэн
түгээмэл ойлголтыг энэхүү судалгаанд сонгон авч, улмаар Зүүн Азийн ардчилсан таван оронд хийгдсэн АБС-ны 4 дэх судалгаанд дүн шинжилгээ хийлээ. АБС-ны дүн шинжилгээнээс харахад, эдгээр орны ихэнх хүмүүс авторитар дэглэмээс бүрэн татгалзаагүй атлаа ардчиллыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй
байна. Үүний үр дүнд тэд ардчиллыг хүлээн авахдаа авторитар дэглэмийг бүрэн үгүйсгэхээс татгалзаж, бусад дөрвөн хэв маягийн аль нэгийг илүүд үзэж байна. Таван орны дийлэнх эсвэл олонх нь авторитар дэглэмийн эсрэг эсвэл холимог “эрлийз” хэв маягт хамаарч байгаа тул ардчилал нь Зүүн Азийн ардчилсан орнуудын хувьд засаглалын хамгийн ихээр сонгож буй систем болж чадаагүй байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Энэ бүс нутгийн либерал гурван ардчилсан орон бүгд 40-70 жилийн хугацаанд ардчиллыг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Гэвч иргэдийнх нь ердөө 13-15 хувь нь л ардчиллын нягтралыг илэрхийлдэг үзүүлэлт болох “ардчиллыг цорын ганц тогтолцоо” гэх ойлголтыг хүлээн зөвшөөрч байна (Di Palma 1990, 113; Linz and Stepan 1996, 5). Энэ нь Зүүн Азийн либерал ардчилсан улсуудад ч жинхэнэ ардчилагчидын тоо 10 жилийн хугацаанд дөрөв хүрэхгүй хувиар өсөж байгааг харуулж байна. Энэ хурдаар таван улсын аль нь ч энэ зууны эцсээс өмнө нягтарсан ардчилалтай орон болох боломжгүй юм.
Түүнээс гадна ардчилсан улс бүрд ардчилал нь хамгийн баян чинээлэг, дээд боловсролтой хүн амын дунд ч гэсэн хамгийн илүүтэй сонгосон төрийн систем биш байна. Ардчилсан засаглалын дор насаараа амьдарсан 20-30 насны залуусын хувьд ч энэ систем нь хамгийн ихээр илүүтэй сонгосон тогтолцоо ч
биш. Ардчиллыг хөгжүүлэн дэмжигч хэмээн тооцогддог нийгэм, эдийн засгийн нөөц эсвэл ардчилсан улс төрийн практик аль аль нь Зүүн Азийнхныг авторитар дэглэмээс салгаж, ардчиллыг илүүд үзэн сонгоход хүргэхгүй байна. Зүүн Азийн орнуудад хийсэн судалгааны үр дүн нь ардчиллын нягтрал бол
ардчилсан улс төрийг мэдрэх, сурах болон уламжлалт эдийн засаг, нийгмийн модернизацитай хамааралтай гэж үздэг Өрнөдийн онолыг энэ нь шууд сорилтонд оруулж байна (Inglehart and Welzel 2005; Rose 2007; Sen 1999; Welzel 2013). Мөн энэ судалгааны үр дүн нь нэгхэн үеийн дараа л Зүүн Ази ардчилсан орнуудын бүс нутаг болно гэх түгээмэл ойлголтын эсрэг гарч байна (Diamond 2012).
Ном зүй
Welzel, Christian. 2013. Freedom Rising: Human Empowerment and the Quest for
Emancipation. New York: Cambridge University Press.
Almond, Gabriel A., and Sidney Verba. 1963. The Civic Culture: Political Attitudes
and Democracy in Five Nations. Princeton: Princeton University Press. http://
www. jstor.org/stable/j.ctt183pnr2.
Chu, Yun-han, and Min-hua Huang. 2010. “Solving an Asian Puzzle.” Journal of
Democracy 21 (4): 114-122. doi:10.1353/jod.2010.0009.
Chu, Yun-han, Larry Diamond, Andrew Nathan, and Doh Chull Shin. 2008. How
East Asians View Democracy. New York: Columbia University Press. doi:10.7312/
chu-14534.
Шинэ толь №86 | 55
Dalton, Russell J., and Christian Welzel. 2014. The Civic Culture Transformed:
From Allegiant to Assertive Citizens. New York: Cambridge University Press.
doi:10.1017/cbo9781139600002.
Di Palma, Giuseppe. 1990. To Craft Democracies: An Essay on Democratic
Transitions. Berkeley: University of California Press. http://ark.cdlib.org/
ark:/13030/ ft467nb2sk/.
Diamond, Larry. 2012. “Why East Asia—including China—Will Turn Democratic
within a Generation.” January 24. https://www.theatlantic.com/international/
archive/2012/01/why-east-asia-including-china-will-turn-democratic-withina-generation/251824/.
—. 1999. Developing Democracy: Toward Consolidation. Baltimore: Johns
Hopkins University Press.
Economist Intelligence Unit. 2020. “Global Democracy in Retreat.” https://www.
eiu.com/n/global-democracy-in-retreat. Accessed August 20, 2020.
Higinns, Andrew. 2022. “Filmmaker Shows Humanity of Warring Sides.” In
New York Times (January 15, A4).
Inglehart, Ronald, and Christian Welzel. 2005. Modernization, Cultural
Change, and Democracy. New York: Cambridge University Press. doi:10.1017/
cbo9780511790881.
Linz, Juan J., and Alfred Stepan. 1996. Problems of Democratic Transition and
Consolidation. Baltimore: Johns Hopkins University.
Rose, Richard. 2007. “The Democracy Barometers (Part I): Learning to Support
New Regimes in Europe.” Journal of Democracy 18 (3): 111-125.
Rose, Richard, William Mishler, and Christian Haerpfer. 1998. Democracy and its
Alternatives: Understanding Post-Communist Societies. Baltimore: Johns Hopkins
University Press.
Sen, Amartya Kumar. 1999. “Democracy as a Universal Value.” Journal of
Democracy 10 (3): 3-17. doi:10.1353/jod.1999.0055.
Shin, Doh Chull, and Hannah Kim. 2018. “How Global Citizenries Think about
Democracy: An Evaluation and Synthesis of Recent Public Opinion Research.”
Japanese Journal of Political Science 19 (2): 222-249.
Shin, Doh Chull, and Jason Wells. 2005. “Challenge and Change in East Asia:
Is Democracy the Only Game in Town?” Journal of Democracy 16 (2): 88-101.
doi:10.1353/jod.2005.0036.
- Doh Chull Shin is a US-based social scientist conducting comparative research on democratic politics
and human well-being. His books on the former include Confucianism and Democratization in East Asia
and Mass Politics and Culture in Democratizing Korea, which Cambridge University Press published. The
books on the latter include The Quality of Life in Confucian Asia and The Quality of Life in Korea, which
Springer published ↩︎
