![]()
Вэн-чин Ву, Юн-хан Чу, Эрик Ч. Ч. Чанг1
Эдийн засгийн тэгш бус байдал нь дэлхийн бараг бүх улс орны хувьд хамгийн чухал сорилтуудын нэг болоод байна. Эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь авлига, ард түмний бослого, иргэний дайн зэрэг улс төр, эдийн засгийн асуудлыг өдөөж байгааг олон судалгаа онцолж байна. XVIII зууны сүүлчээр Францын хувьсгал нь тэгш бус байдал нь эхлээд баян ядуугийн хоорондын зөрчилдөөнийг хурцатгаж, улмаар улс төрийн дэглэмийг сүйрүүлж болдгийн жишээг харуулсан. Гэсэн хэдий ч, энэ чиглэлийн судалгааны ихэнх нь макро түвшний өгөгдөлд тулгуурласан байдаг бөгөөд орлогын хуваарилалт нь энгийн иргэдийн улс төрийн дэмжлэгт хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй хэвээр байна. Энэхүү санаа зовоосон асуудлуудыг харгалзан энэ бүлэгт орлогын хуваарилалт нь иргэдийн дэглэмийн дэмжлэгтэй хэрхэн уялдаж байгаа, дэглэмийн төрлөөс хамаарч харилцан адилгүй байгаа эсэхийг судлах болно. АБС-ний дөрөв дэх судалгааны мэдээлэлд хийсэн бидний дүн шинжилгээ нь орлогын шударга бус хуваарилалт нь жирийн иргэдийн улс төрийн дэмжлэгийг сулруулж, дэглэмийн тогтворгүй байдлын үрийг тарьж байгааг харуулж байгаа бөгөөд энэ дүгнэлт нь ардчилсан болон автократ засаглалын аль алинд нь баттай харагдаж байна.
Энэ бүлэг нь одоо байгаа судалгааны ном зохиолд хоёр аргаар хувь нэмэр оруулна. Нэгдүгээрт, ардчилсан болон автократ улс орнууд дахь орлогын хуваарилалт болон дэглэмийн дэмжлэгийн хоорондын хамаарлыг судлахын тулд хувь хүний түвшний өгөгдлийг ашигласан. Энэ нь энгийн иргэдийн дэглэмийг дэмжиж буй байдал орлогын шударга бус хуваарилалтын талаарх тэдний ойлголтоос үүдэлтэй гэдгийг тодорхой эмпирик нотолгоо болгож байна. Иймээс, энэхүү дүгнэлт нь тэгш бус байдлын улс төрийн үр дагаврын талаарх одоогийн судалгааг ахиулах болно.
Хоёрдугаарт, энэ бүлэг нь дэглэмийг өөрчлөх, нягтруулах талаар одоогийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулна. Сүүлийн үед эрдэмтэд ардчиллын ухралт нь тэгш бус байдал нэмэгдэж байгаатай холбоотой гэдэг асуудлыг дэвшүүлж байна. Үүний нэгэн адил тэгш бус байдал нь эрх баригч элитүүд болон жирийн иргэдийн хооронд баялгийн хуваарилалттай холбоотой зөрчилдөөнийг эрчимжүүлдэг тул эргээд автократ дэглэмийг тогтворгүй болгодог. Тэгш бус байдал нь ардчилсан болон дарангуйлагч орнуудын аль алинд нь жирийн иргэдийн дэглэмийн дэмжлэгийг сулруулж байна гэсэн бидний дүгнэлт нь тэгш бус байдлаас үүдэлтэй дэглэмийн тогтворгүй байдлын талаарх бидний ойлголтыг баяжуулж байна.
Энэ бүлгийн үлдсэн хэсэг нь дараах байдлаар бүтэцлэгдсэн. Дараагийн хэсэгт бид орлогын тэгш бус байдал ба улс төрийн тогтвортой байдлын хоорондын хамаарлын талаарх өмнөх судалгаануудыг авч үзэх болно. Эдгээр судалгаанууд дээр үндэслэн гурав дахь хэсэгт бид ардчилал болон автократ улсуудын аль алинд нь иргэдийн хуваарилалтын шударга бус байдлын улмаас иргэдийн дэглэмийн дэмжлэг буурдаг гэж үзэж байна. Бид судалгааны арга зүй, бүтцийг танилцуулж, эмпирик хэсэгт таамаглалаа шалгана. Дүгнэлтийг мөн багтаав.
Тэгш бус байдал, ардчилалд шилжихүй, ардчиллын нягтрал
Орлогын тэгш бус байдал гэдэг нь хувь хүн эсвэл айл өрхүүдийн орлоготой холбоотой тэгш бус хуваарилалтыг хэлнэ. Судалгаанаас харахад тэгш бус байдал нь баян, ядуу иргэдийн хоорондын хуваарилалтын асуудлаарх зөрчилдөөнийг улам хурцатгаж, улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг. Тэгш бус байдал нэмэгдэх хэрээр ядуус баялгийн дахин хуваарилалтыг нэхэж шаардахын тулд хүчирхийлэлд илүү уруу татагдах болно. Үүний дагуу тэгш бус байдлын өндөр түвшин нь гэмт хэрэг, иргэний эмх замбараагүй байдал, тэр байтугай иргэний дайныг үүсгэдэг (Blau and Blau 1982; Cederman, Gleditsch, and Buhaug 2013; Nepal, Bohara, and Gawande 2011).
Орлогын тэгш бус байдал ба сөргөлдөөний хоорондын хамаарлын зэрэгцээ судлаачид ардчилсан шилжилтийг хөнгөвчлөхөд орлогын тэгш бус байдал ямар үүрэгтэйг судалж байна. Тодруулбал, чөлөөт, шударга сонгуулийн боломж нь ардчилсан орнуудын ядуу иргэдийг автократ улсуудынхтай харьцуулахад улс төрийн удирдагчдаас дахин хуваарилалтыг амжилтанд хүрэхүйц шаардах магадлал өндөр болгодог (Przeworski et al. 2000). Өөрөөр хэлбэл, орлогын тэгш бус байдлын өндөр түвшин нь ардчилсан орнуудад ядуу хүмүүст илүү их хуваарилалтыг шаардахад хялбар болгодог (Meltzer and Richard 1981). Эндээс харахад, автократ засаглалд амьдарч буй ядуу иргэд улс төрийн дэглэмээ ардчилсан дэглэм болгон өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Тиймээс, тэгш бус байдлын түвшин нь ардчилалд шилжих магадлалтай хамааралтай гэж эрдэмтэд нотолж байна. Ацэмоглу, Робинсон (Acemoglu, Robinson 2005) нарын үзсэнээр тэгш бус байдал ба ардчилал нь урвуу U хэлбэрийн харилцааг бүрдүүлдэг гэж үзсэн нь онцлууштай. Тэгш бус байдал дунд түвшинд байгаа үед ардчилал гарах магадлал өндөр гэж тэд үзэж байна. Учир нь, тэгш бус байдал өндөр байгаа үед баячууд ардчиллын дараа дахин хуваарилалтыг эсэргүүцэх хүч ихтэй байдаг. Мөн тэгш бус байдал бага байх үед ядуусын ардчилсан шилжилтийг дэмжих сонирхол сул байдаг, учир нь хувьсгалын дараах дахин хуваарилалт тэдэнд тийм ч их ашиг тусаа өгөхгүй аж.
Үүний зэрэгцээ, Буа (Boix 2003) тэгш бус байдал ба ардчилал хоёрын хооронд сөрөг хамаарал бий гэж үздэг. Нэг талаас, ядуу иргэд тэгш бус байдал өндөр байгаа үед баян иргэдээсээ татвар авах хүчтэй хөшүүрэгтэй байдаг. Нөгөөтэйгүүр, баян иргэд мөн баялгаа татвараас хамгаалах адил хүчтэй хөшүүрэгтэй байдаг. Тиймээс баячууд ядуучуудын дахин хуваарилалтын шаардлагыг хүчээр дарахыг хүснэ. Учир иймд, тэгш бус байдал маш бага байх үед баячууд ардчилсан шилжилтийг эсэргүүцэхгүй тул уг шилжилт боломжтой аж.
Эцэст нь, сүүлийн үеийн судалгаанууд ардчилсан шилжилтэд тэгш бус байдлын нөлөөллийн талаарх Буа-Ацемоглу-Робинсоны санаануудыг сорьж байна. Жишээлбэл, Хоүл (Houle 2009) тэгш бус байдал нь ардчилалд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж үздэг. Хаггард, Кауфман (Haggard and Kaufman 2012) нар энэ аргументыг давтаж, тэгш бус байдал, дэглэмийн өөрчлөлтийн талаарх судалгаа нь гуравдагч давалгааны ардчиллын хувьд “наандаж маш үр дүнгүй” гэж дүгнэжээ.
Тэгш бус байдал ба ардчиллах үйл явц хоёрын хамаарлын талаарх эмпирик нотолгоо нь холилдсон байдаг боловч тэгш бус байдал нь улс төрийн дэглэмийг тогтворгүй болгодог гэдгийг бид санал болгож байна. Автократ улсуудад тэгш бус байдлыг шийдвэрлэх институцжсэн суваг байдаггүй тул баян ядуугийн хоорондох хуваарилалтын зөрчил нь давамгайлдаг. Ядуу хүмүүс баячуудын баялгийг булааж авахын тулд хүчирхийлэл хэрэглэж болох бол баячууд ядуусыг мөн хүчирхийллийн аргаар эсэргүүцдэг. Үүнтэй төстэй сөргөлдөөн ардчилсан орнуудад ч илэрдэг. Хоулын (Houle 2009) хэлснээр тэгш бус байдал нь залуу ардчилсан орнуудад ардчиллын нягтралд нь саад болдог, учир нь энэ нь баян иргэдийн дахин хуваарилалтын зардлыг нь нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн улс ардчиллын дараа дахин хуваарилалтын асуудлыг зөв шийдэж чадахгүй бол улс орон нягтрах магадлал багатай бөгөөд ардчилал задрах эрсдэлтэй тулгарна (Houle 2009).
Тэгш бус байдал нь ардчилсан болон автократ улсуудын аль алинд нь улс төрийн сөргөлдөөнийг өдөөдөг тул эрдэмтэд тэгш бус байдал болон иргэдийн улс төрийн хандлага хоорондын хамаарлыг судалсан байна. Андерсон, Сингер (Anderson and Singer 2008) нар Европын орнууд дахь орлогын тэгш бус байдал нь, ялангуяа зүүний үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийн улс төрийн институцид үл итгэх байдал, ардчилалд сэтгэл ханамжгүй болгодог болохыг тогтоожээ. Үүнтэй адилаар Күүн (Kuhn et al. 2016) Европын орнуудад тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь Европын интеграцчлалын үйл явцад эргэлзэх иргэдийн хандлага, ялангуяа боловсролын түвшин доогуур хүмүүсийн хувьд нэмэгдсэн тухай бичсэн байна. Хан ба Чанг (Han and Chang 2016) нар тэгш бус байдал нь сонгуульд ялсан болон ялагдсан хүмүүсийн хоорондын ардчилалд сэтгэл ханамжийн зөрүүг нэмэгдүүлж байгааг харуулж байна. Үүнтэй адилаар Ву, Чанг (Wu and Chang 2019) Зүүн Ази, Латин Америкийн ардчилсан орнуудад орлогын шударга бус хуваарилалтаас үүдэж иргэдийн ардчилалд сэтгэл ханамж багасдаг болохыг тогтоожээ. Эдгээр судалгаанууд нийлээд орлогын тэгш бус хуваарилалт нь иргэдийг улс төрийн дургүйцлийг төрүүлдэг болохыг нотлож байна.
Орлогын тэгш бус хуваарилалтын талаарх хандлага ба дэглэмийн дэмжлэг
Дээрх ном зохиолд үндэслэн энэ хэсэг нь орлогын тэгш бус байдлын талаарх хувь хүмүүсийн төсөөлөл нь тэдний дэглэмийн дэмжлэгт хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Иргэн өөрийн улс дахь орлогын хуваарилалт илүү шударга бус байна гэж үзэж байгаа бол тухайн улсынхаа дэглэмийн төрлөөс үл хамааран дэглэмдээ сэтгэл хангалуун бус, өөрчлөлтийг илүү дэмжих болно гэж бид үзэж байна. Бид харьцуулсан ардчиллын ном зохиолын сүүлийн үеийн дүгнэлтүүд дээр үүнийгээ үндэслэсэн болно. Өмнөх хэсэгт тэмдэглэсэнчлэн ардчиллыг баян ядуугийн хоорондох дахин хуваарилалтын тоглоом гэж тодорхойлсон. Тэгш бус байдал нэмэгдэхэд авторитар дэглэмийн иргэд ардчилсан хувилбарыг илүү дэмжих болно, учир нь тэд уг орлогын шударга бус хуваарилалтыг шинэ ардчилсан дэглэмд л шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна.
Үүний зэрэгцээ, ардчилал нь дахин хуваарилалтын асуудлыг шийдэж чадахгүй бол иргэд ардчилалд сэтгэл хангалуун бус, түүнийг мөн дэмжихгүй байж магадгүй юм. Хамгийн чухал нь ардчилалд жирийн иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх институци байх ёстой гэж тэд итгэдэг учраас тэгш бус байдал оршсоор байх бол ядуу иргэдийн ардчилсан улс төрийн оролцоог буурдаг (Solt 2008; Krieckhaus et al. 2014). Левицки, Зиблатт (Levitsky and Ziblatt 2018, 3) нар “манай ардчиллын эрүүл мэнд нь тэгш бус байдлыг хэрхэн зохицуулж байгаагаас шалтгаална” гэж тэмдэглэжээ.
Тэгш бус байдал нь ардчилсан болон автократ улсуудын аль алиных нь дэглэмийн тогтворгүй байдлыг үүсгэх чухал хүчин зүйл болдог тул орлогын хуваарилалтыг шударга бус гэж үзэж буй иргэд улс орныхоо улс төрийн системээ дэмжихгүй байх болно, учир нь тэд эл системээс илүү ихийг хүртэх ёстой гэж үздэг. Иргэдийн орлогын тэгш бус байдлын түвшинг бус орлогын хуваарилалт нь хэр зэрэг шударга гэж үзэж байгаад бид аналитик гол анхаарлаа хандуулдаг. Тэгш бус байдлын үзэл баримтлал нь шударга бус байдлын талаарх хандлагаас ялгаатай боловч өмнөх судалгаанууд тэгш бус байдлын бодит, тэр ч байтугай энэ талаарх төсөөллөөс илүүтэйгээр хуваарилалтын шударга бус байдлын талаарх хувь хүний төсөөлөл нь иргэдийн улс төрийн хандлагыг урьдчилан таамаглахад илүү чухал гэж үзсэн байна (Gimpelson and Treisman 2018; Kaufman 2009; Wu and Chang 2019). Гимпелсон ба Трейсман (Gimpelson and Treisman2018) нарын үзэж байгаагаар иргэдийн мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал байж болох тул тэгш бус байдлын жинхэнэ түвшинг тэд буруугаар ойлгож болно. Тэгш бус байдал өндөр байсан ч ядуу иргэд тэгш бус байдлын түвшинг шударга гэж үзвэл баячуудад үл дайсагнасан хандлагатай байж болно. Үүний зэрэгцээ иргэд өөрийн орны орлогын шударга бус хуваарилалтын талаарх явцуу ойлголтыг зөвхөн өөрсдийн амьдралаас олж авдаг байж болно. Кауфманы (Kaufman 2009, 366) хэлснээр шударга бус байдлын талаарх төсөөлөл нь “баялгийн хуваарилалтын талаарх итгэл үнэмшлийн эхний үндэслэл” юм. Дүгнэж хэлэхэд, улс төрийн систем нь жирийн иргэдийн нүдэн дээр баялгийг шударга хуваарилж чадахгүй бол ард түмний дэмжлэг багасна гэж бид үзэж байна.
Эдгээрт үндэслэн энэ бүлгийн үлдсэн хэсэгт хуваарилалтын шударга бус байдал ба дэглэмийн дэмжлэгийн талаарх дараах таамаглалыг шалгах болно: Орлогын хуваарилалтын шударга бус байдал өндөр түвшинд хүрсэн гэх төсөөлөлтэй хүмүүсийн дэглэмээ дэмжих нь багасах болно.
Өгөгдөл
Таамаглалаа шалгахын тулд бид АБС-ийн дөрөв дэх судалгааны өгөгдлийг ашигласан. Уг судалгаа нь 2013-2015 оны хооронд Зүүн Азийн арван дөрвөн улс, нутаг дэвсгэрийн үндэсний төлөөлөлтэй сурвалжлагын аргаар ярилцлагаар хийгдсэн юм. Судалгаагаар ардчилсан болон автократ дэглэмийн аль алиныг хамарсан тул бидний таамаглалыг эмпирик байдлаар шалгах хамгийн тохиромжтой мэдээллийн багц болж байна. Үүнд, тогтсон ардчилал (Япон), ардчиллын гурав дахь давалгааны гурван улс (Тайвань, Монгол, Өмнөд Солонгос), нягтарсан бус ардчилалтай гурван улс (Малайз, Индонези, Филиппин), нэг цэргийн дарангуйлалтай (Тайланд), дөрвөн автократ улс (Камбож, Хятад, Сингапур, Вьетнам), нэг “эрлийз” дэглэм (Хонконг) тус тус багтсан. Дөрөв дэх судалгаанд улс төрийн олон янз дэглэм хамрагдсан тул орлогын хуваарилалтын шударга бус байдал нь улс төрийн өөр өөр нөхцөлд дэглэмийн дэмжлэгт хэрхэн нөлөөлж байгааг судлах боломжийг бидэнд олгосон юм.
Хувьсагчдыг хэрэглэхүй
Бидний эмпирик шинжилгээний хамаарагч хувьсагч нь иргэдийн одоогийн дэглэмийг дэмжиж буй байдал юм. Ерөнхийдөө иргэдийн дэглэмийн дэмжлэг нь тухайн системийн оролт, гаралтын хоорондын тэнцвэрт байдлын үнэлгээний үр дүнд бий болдог (Easton 1965). Энэ бүлэгтээ бид иргэдийн дэглэмийн дэмжлэгийг дөрөв дэх судалгаанд багтсан дараах асуултаар хэмжлээ: “Манайх шиг систем нь асуудалтай тулгарсан ч ард түмний дэмжлэг авах ёстой.” Судалгаанд оролцогчдоос “огт санал нийлэхгүй” (1), “санал нийлэхгүй” (2), санал нийлнэ (3), бүрэн санал нийлж байна (4) гэдгээс нэг хариултыг сонгохыг хүссэн. Зураг 11.1-д энэ асуултад хариулсан хүмүүсийн хариултын тархалтыг нэгтгэн харуулав. Зураг 11.1-ээс харахад иргэдийн дэглэмийн дэмжлэг Өмнөд Солонгост хамгийн бага, Вьетнамд хамгийн өндөр байна.
Тайлбарлах гол хувьсагч нь улс орныхоо орлогын шударга хуваарилалтын талаарх жирийн иргэдийн үнэлгээ юм. Бид “Танай улсад орлогын хуваарилалт хэр шударга байна вэ?” гэсэн асуултыг ашигласан. Судалгаанд оролцогчдоос (1) “маш шударга”, (2) “шударга”, (3) “шударга бус”, (4) “маш шударга бус” гэсэн дөрвөн хариултын аль нэгийг сонгохыг хүссэн юм. Эндээс, иргэд орлогын хуваарилалтыг шударга бус гэж үзэж байгаа бол дэглэмийн дэмжлэг нь бага байна гэж бид таамагласан.
Зураг 11.2-т судалгаанд оролцогчдын төсөөлж буй өөрийн улс орон дахь хуваарилалтын шударга бус байдлын талаарх асуултад өгсөн хариултыг үзүүлэв. 14 улсын дөнгөж дөрөвт нь репондентуудын дийлэнх нь улсынхаа орлогын хуваарилалтыг шударга гэж үзжээ (Тайланд, Малайз, Вьетнам, Сингапур). Үндсэндээ хуваарилалтын шударга бус байдал нь Зүүн Азийн иргэдийн нүдэээр тулгамдсан асуудал нь болсон байна.

Зураг 11.3-д Зүүн Азийн орнуудын орлогын хуваарилалтын шударга бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл болон дэглэмийг дэмжих хос хувьсагчийн хамаарлыг харуулсан. Орлогын хуваарилалтыг “шударга бус”, “маш шударга бус” гэж үзсэн респондентуудын хувь, улс орныхоо дэглэмээ “дэмжинэ”, “тууштай дэмжинэ” гэсэн иргэдийн хувийг бид тооцоолсон. Зураг 11.3-аас харахад хуваарилалтын шударга бус байдлыг хүлээн зөвшөөрсөн иргэдийн өндөр хувьтай улс орнуудад дэглэмийн дэмжлэг нь бага байх магадлал өндөр байна. Хамгийн чухал нь хоёр хувьсагчийн хоорондын хамаарал нь мэдэгдэхүйц (-0.60) байна. Энэхүү үр дүн нь орлогын хуваарилалт ба дэглэмийн дэмжлэгийн талаарх бидний таамаглалыг баталж байна. Энэ нь улмаар хуваарилалтын шударга бус байдлын талаарх ойлголт нь Жини коэффициентийн бодит хэмжүүрээс илүүтэй Зүүн Азийн дэглэмийн дэмжлэгийг тайлбарлах үр дүнтэй арга хэмжээ болохыг харуулж байна.

Зүүн Азийн орнуудын орлогын шударга бус байдлын талаарх ойлголт ба дэглэмийн дэмжлэгийн хоорондын хамаарлыг цогцоор нь судлахын тулд бид нэмэлт хувьсагчтай регрессийн загваруудыг тооцлоо. Зураг 11.3-т үзүүлсэн бидний эмпирик өгөгдөхүүн нь учир шалтгааны бус харилцан хамаарлын байж болохыг бид бүрэн мэдэж байгаа. Нэмж дурдахад, дэглэмийн дэмжлэг ба хуваарилалтын шударга бус байдлын хоорондын хамаарал нь хуурамч, нэгэн зэрэг бусад хувьсагчаар тодорхойлогддог байж болно. Тиймээс бид респондетуудын дэглэмийн дэмжлэг болон шударга бус байдлын хоорондын хамааралтай холбоогүй гурван багц хувьсагчийг оруулсан болно. Нэгт, бид судалгаанд оролцогчдын хүйс, нас, боловсролын түвшин зэрэг хүн ам зүйн хүчин зүйлсийг хянана. Хоёрт, респондентуудын орлогын хүрэлцээ, гэр бүлийнх нь эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх замаар тэдний эдийн засгийн нөхцөл байдлыг нэгтгэнэ. Хараат болон гол бие даасан хувьсагч хоёулаа респондентуудын хандлагыг хэмждэг тул тэдгээрийн хамаарал нь бусад асуулт дахь хандлагатай хамааралтай байж болно. Үүний дагуу бид респондентуудын ардчиллын түвшин, улс төрийн үр ашиг, улс төрийн сонирхол, нийгмийн итгэлцэл зэрэг улс төрийн хандлагад төвлөрдөг гурав дахь багц хувьсагчдыг оруулсан болно.

Тайлбарлагч гол хувьсагч болох хувиарлалтын шударга бус байдлыг хувь хүний түвшинд хэмждэг тул бид олон түвшний санамсаргүй тогтоох (random intercept) загварыг тооцдог. Хүснэгт 11.1 дэх загвар 1 нь бидний тооцоолсон үр дүнг харуулж, орлогын хуваарилалтыг илүү шударга бус гэж үзэж буй судалгаанд оролцогчид дэглэмээ дэмжих магадлал бага байгааг харуулж байна. Үндсэндээ, орлогын хуваарилалтын талаарх респондентуудын ойлголт “маш шударга” байснаа “маш шударга бус” болж өөрчлөгдсөн нь дэглэмийг дэмжих магадлалыг 21 хувиар (0.830.62) бууруулж байна. Энэхүү дүгнэлт нь Загвар 2-т өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд бид хамаарагч хувьсагчийг бий болгохдоо дэглэмийг “хүчтэй дэмждэг” хүмүүсийг 1, бусад хариултыг 0 гэж кодлох замаар дэглэмийн дэмжлэгийн талаарх байр суурийг илүү төвлөрүүлсэн юм.
Загвар 1 ба 2-ын хамааралт хувьсагч нь респондентуудын улс орныхоо одоогийн дэглэмийн дэмжлэг юм. Респондентууд энэ асуултад хариулахдаа нийгмийнхээ хөгжлийн хүслийн талаар бодож магадгүй юм. Нэмж дурдахад, тэд дэглэмийг дэмжих тухай асуултад “бүрэн санал нийлнэ” эсвэл “санал нийлнэ” гэж хариулахдаа амаараа л илэрхийлж байсан байж болно. Энэ асуудлыг цаашид шийдвэрлэхийн тулд бид иргэдийн дэглэмийн дэмжлэгийг хэмжих өөр хувьсагчийг ашигладаг.


АБС нь респондентуудаас дараах асуултыг асуудаг: “Дэлхийн бусад системтэй харьцуулахад манай төрийн тогтолцоо нь: сайн ажиллаж байгаа, бага зэргийн өөрчлөлт шаардлагатай, томоохон өөрчлөлт шаардлагатай эсвэл солих шаардлагатай гэж Та хэлэх үү?” Респондентуудын өгсөн хариулт дээр үндэслэн бид хоёр нэмэлт хамааралт хувьсагчийг бий болгодог. Эхний хувьсагч нь “сайн ажилладаг, өөрчлөх шаардлагагүй” гэсэн хариултыг 1, бусад гурван хариултыг 0 гэж кодлодог хоёртын хувьсагч юм. Хоёр дахь хувьсагч нь “солих шаардлагатай” гэдгийг 0-ээр, бусад гурван хариултыг 1 гэж кодлодог. Иймээс, эдгээр хоёр хувилбар нь дэглэмийн дэмжлэгийг тус тусдаа хэмжихдээ тойруу ба шууд тулгасан арга замыг ашиглана. Загвар 3, 4-т нэмэлт үр дүнг харуулсан бөгөөд хувь хүн орлогын хуваарилалтыг илүү шударга бус гэж үзвэл одоогийн дэглэмийг өөрчлөх эсвэл солихыг дэмжих магадлал өндөртэй байна.
Бид 14 улсыг нэгтгэхээс гадна ложистик регрессийн загваруудыг улс бүрийн хувьд 1-р загварт ижил бие даасан хувьсагчтай багцаар тооцдог. Загвар бүрийн хувьд хувиарлалтын шударга бус байдлыг 95%-ийн итгэлцлийн интервалтай Зураг 11.4-т үзүүллээ. Хувиарлалтын шударга бус байдлын коэффициент 14 орны 12-т нь (Тайланд, Монголыг эс тооцвол) 0.05 түвшинд статистикийн хувьд ач холбогдолтой байна. Иймээс, төсөөлөгдөж буй хуваарилалтын шударга бус байдал болон дэглэмийн дэмжлэгийн хооронд сөрөг хамаарал Зүүн Азийн орнуудад нэлээд хүчтэй байна.
Дүгнэлт
Энэ бүлэгт бид Зүүн Азийн 14 улс, нутаг дэвсгэрт иргэдийн орлогын хуваарилалтын талаарх ойлголт болон тэдний дэглэмийг дэмжих хоорондын хамаарлыг судалсан болно. Иргэд улс орныхоо орлогын хуваарилалтыг илүү шударга бус гэж үзвэл улс төрийн дэглэмийг бага дэмжиж, харин дэглэмийн өөрчлөлтийг илүү дэмждэг болохыг бид олж мэдсэн.
Ардчиллын уналт ба авторитар дэглэмийн тархалтын талаарх сүүлийн үеийн мэтгэлцээнд бидний дүгнэлт чухал нөлөө үзүүлж байна. Тодруулбал, орлогын шударга бус хуваарилалт нь ардчилсан болон автократ улсуудын засаглалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн улс төрийн дэмжлэг буурч байгааг харуулж байна. Орлогын хуваарилалт тэгш бус болохын хэрээр ядуучууд үүнийг илүү шударга бус гэж үзэж, улс төрийн системдээ улам дайсагнаж байна. Одоогийн дэглэмд дургүйцсэн байдал нь дэглэмийн эсрэг эрч хүчийг нэмэгдүүлж, улс төрийн тогтворгүй байдал, дэглэмийг задлахад хүргэдэг. Институцийн эсрэг популизм нэмэгдэж, улс төрийн туйлшрал гүнзгийрч байгаа нь энэ чиг хандлагын ердийн хоёр үр дагавар юм. Бидний олж мэдсэн зүйлээс харахад орлогын хуваарилалтын шударга бус байдлыг арилгах нь янз бүрийн дэглэмийн баян ядуугийн хоорондын улс төрийн зөрчилдөөнийг зохицуулах гол арга хэмжээ болохыг харуулж байна.
Эцэст нь, энэхүү нийтлэл нь авторитар дэглэмийн удирдагчид олон нийтээс ирж буй хувьсгалын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд орлогын тэгш бус байдлыг арилгахын тулд олон төрлийн бодлогын арга хэрэгслийг хэрхэн ашиглаж байгааг судалдаг авторитар улс төрийн тухай нэмэгдэж буй ном зохиолтой холбогдоно. Жишээлбэл, Чанг, Ву (Chang and Wu 2016) нар олон улсын худалдааны ХекшерОлин (Hecksher-Ohlin) загварыг өргөжүүлж, авторитар дэглэмийн удирдагчид ядуу ажилчдыг баяжуулахын тулд хөнгөлөлттэй худалдааны гэрээнд гарын үсэг зурах сонирхолтой байдгийг харуулж байна. Ингэснээр, дарангуйлагчид баян ядуугийн ялгааг багасгаж, дарангуйлагч засаглалаа бэхжүүлж чадна. Энэхүү нийтлэл нь Чан, Ву нарын судалгааг нотолж, тэгш бус байдал ба иргэдийн дэглэмийн дэмжлэгийн хоорондын хамаарлын талаарх жижигхэн үндэслэл болно. Тэгш бус байдал ба дэглэмийн тогтвортой байдлын хоорондын ээдрээтэй харилцааг хэрхэн бүрэн задлаж шинжлэх талаар цаашдын судалгаа хүлээж байгааг хэлэх нь илүүц биз.
Ном зүй
- Acemoglu, Daron, and James A. Robinson. 2005. Economic Origins of Dictatorship and Democracy. New York: Cambridge University Press. doi:10.1017/ cbo9780511510809.
- Anderson, Christopher J., and Matthew M. Singer. 2008. “The Sensitive Left and the Impervious Right: Multilevel Models and the Politics of Inequality, Ideology, and Legitimacy in Europe.” Comparative Political Studies 41 (4-5): 564- 599. doi:10.1177/0010414007313113.
- Blau, Judith R., and Peter M. Blau. 1982. “The Cost of Inequality: Metropolitan Structure and Violent Crime.” American Sociological Review 47 (1): 114-129. doi:10.2307/2095046.
- Boix, Carles. 2003. Democracy and Redistribution. New York: Cambridge University Press. doi:10.1017/cbo9780511804960.
- Cederman, Lars-Erik, Kristian Skrede Gleditsch, and Halvard Buhaug. 2013. Inequality, Grievances, and Civil War. New York: Cambridge University Press. doi:10.1017/cbo9781139084161.
- Chang, Eric C. C., and Wen-chin Wu. 2016. “Preferential Trade Agreements, Income Inequality, and Authoritarian Survival.” Political Research Quarterly 69 (2): 281-294. doi:10.1177/1065912916636688.
- Easton, David. 1965. A Systems Analysis of Political Life. New York: John Wiley and Sons.
- Gimpelson, Vladimir, and Daniel Treisman. 2018. “Misperceiving Inequality.” Economics & Politics 30 (1): 27-54. doi:10.1111/ecpo.12103.
- Haggard, Stephan, and Robert R. Kaufman. 2012. “Inequality and Regime Change: Democratic Transitions and the Stability of Democratic Rule.” American Political Science Review 106 (3): 495-516. http://www.jstor.org/ stable/23275430.
- Han, Sung Min, and Eric C. C. Chang. 2016. “Economic Inequality, WinnerLoser Gap, and Satisfaction with Democracy.” Electoral Studies 44: 85-97. doi:10.1016/ j.electstud.2016.08.006.
- Houle, Christian. 2009. “Inequality and Democracy: Why Inequality Harms Consolidation But Does Not Affect Democratization.” World Politics 61 (4): 589- 622. doi:10.1017/s0043887109990074.
- Kaufman, Robert R. 2009. “The Political Effects of Inequality in Latin America: Some Inconvenient Facts.” Comparative Politics 41 (3): 359-379. doi:10.5129/001 041509×12911362972359.
- Krieckhaus, Jonathan, Byunghwan Son, Nisha Mukherjee Bellinger, and Jason M. Wells. 2014. “Economic Inequality and Democratic Support.” Journal of Politics 76 (1): 139-151. doi:10.1017/S0022381613001229.
- Kuhn, Theresa, Erika van Elsas, Armen Hakhverdian, and Wouter van der Brug. 2016. “An Ever Wider Gap in an Ever Closer Union: Rising Inequalities and Euroscepticism in 12 West European Democracies, 1975-2009.” Socio-Economic Review 14 (1): 27-45. doi:10.1093/ser/mwu034.
- Levitsky, Steven, and Daniel Ziblatt. 2018. How Democracies Die. New York: Crown. Meltzer, Allan H., and Scott F. Richard. 1981. “A Rational Theory of the Size of Government.” Journal of Political Economy 89 (5): 914-927. doi:10.1086/261013. Nepal, Mani, Alok K. Bohara, and Kishore Gawande. 2011. “More Inequality, More Killings: The Maoist Insurgency in Nepal.” American Journal of Political Science 55 (4): 886-906. doi:10.1111/j.15405907.2011.00529.x.
- Przeworski, Adam, Michael E. Alvarez, Jose Antonio Cheibub, and Fernando Limongi. 2000. Democracy and Development: Political Institutions and Well-Being in the World, 1950-1990. New York: Cambridge University Press. doi:10.1017/ cbo9780511804946.
- Solt, Frederick. 2008. “Economic Inequality and Democratic Political Engagement.” American Journal of Political Science 52 (1): 48-60. doi:10.1111/ j.1540-5907.2007.00298.x.
- Wu, Wen-chin, and Yu-tzung Chang. 2019. “Income Inequality, Distributive Unfairness, and Support for Democracy: Evidence from East Asia and Latin America.” Democratization 26 (8): 1475-1492. doi:10.1080/13510347.2019.1656 198.
- Wen-chin Wu is an Associate Research Fellow of the Institute of Political Science at Academia Sinica (IPSAS), Taiwan. His research focuses on comparative and international political economy, comparative authoritarianism, and Chinese politics. He is particularly interested in the economic statecraft and media politics in dictatorships. Dr. Wu received his B.A. from National Chengchi University, and Yun-han Chu, and Eric C. C. Chang ↩︎
