![]()
Чин-эн Ву1
Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшин ялгаатай байхаас гадна улс төрийн хөгжлийн нэг төрлийн бус байдал нь Азийн орнуудын нэг онцлог шинж юм. Бүс нутагт либерал ардчилал, сонгуульт ардчилал ба авторитар дэглэмүүд бүгд зэрэгцэн оршдог. Бүс нутгийн эдгээр улсууд газарзүйн хувьд ойролцоо, соёлын хувьд ижил төстэй байдаг тул улс төрийн дэмжлэгт дэглэмийн төрөл нь хэрхэн нөлөөдөг тэрхүү нөлөөллийг судлахад таатай нөхцөл болж байна.
Истон (Easton 1965) тархсан (diffuse) болон тусгай (specific) дэмжлэгийн хоорондох ялгааг маш сайн гаргасан байдаг. Тусгай дэмжлэг нь аль нэг төр засгийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг хэлдэг бол тархсан дэмжлэг нь бүхэл бүтэн дэглэмийн үнэлгээг хэлнэ. Норрис (Norris 1999) улс төрийн дэмжлэгийг тодорхой болон тархсаны хоорондох дөрвөн түвшинд улмаар хуваахдаа: одоогийн засгийн газар, институциудын хувьд илрэх төр засаг, ардчиллын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамж, ардчиллыг дэмжих дэмжлэг. Энэ бүлэгт бид эдийн засгийн гүйцэтгэл ба улс төрийн дэмжлэгийн хоорондын хамааралд дэглэмийн төрөл хэрхэн нөлөөлдгийг судлах болно. Эдийн засгийн үр дүнгийн хувьд бид тухайн улс орны эдийн засгийн ерөнхий гүйцэтгэл болон орлогын хуваарилалтын шударга байдалд анхаарлаа хандуулдаг. Улс төрийн дэмжлэгийн хувьд бид ард түмний одоогийн төр засагтаа сэтгэл ханамжтай буй эсэх, ардчиллын үйл ажиллагаа, ардчиллыг дэмжих ерөнхий ойлголтыг судалдаг. Либерал ардчиллын үнэт зүйлсийг ард түмэн тууштай эрхэмлэж буй байдал, ардчиллын институцийн үндсэн тогтолцоог дэмжих замаар хэрэгжиж буйд ардчиллын дэмжлэг оршино.
Улс төрийн янз бүрийн дэглэмийн үед эдийн засгийн нөхцөл байдал, орлогын шударга хуваарилалт нь улс төрийн дэмжлэгт хэрхэн нөлөөлдөг талаарх бидний одоогийн ойлголтыг болосвруулахын тулд энэ бүлэгт АБС-ны тав дахь судалгааг ашигласан болно. Freedom House-ын ардчиллын оноонд үндэслэн бид улс орнуудыг ардчилсан түвшнээр нь гурван ангилалд хуваадаг. Улс төрийн эрх чөлөө, иргэний чөлөөт байдлын дундаж оноо хоёроос бага буюу тэнцүү бол улс орнуудыг либерал ардчилсан улс гэж үзнэ. Либерал ардчилсан орнууд бол Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Австрали, Монгол юм. Дундаж оноо нь хоёроос дээш, таваас доош бол улс орнуудыг сонгуульт ардчилсан улс гэж нэрлэдэг. Сонгуульт ардчилсан орнууд бол Энэтхэг, Малайз, Индонези, Филиппин юм. Эдгээр улсад сонгууль үндсэндээ чөлөөтэй, шударга явагддаг ч томоохон дутагдал илэрдэг. Парламент болон шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалд хангалттай хяналт тавьдаггүй бөгөөд иргэний эрхийг хэсэгчлэн хязгаарласан хэвээр байна. Дундаж оноо таваас дээш буюу тэнцүү бол улс орнуудыг авторитар дэглэм гэж нэрлэдэг. Авторитар дэглэмүүдэд Тайланд, Мьянмар, Вьетнамыг багтаана. Авторитар дэглэмийн үед төр засаг нэр төдий сонгууль явуулж, иргэний нийгэмд зөвхөн хязгаарлагдмал орон зайг зөвшөөрдөг. Эдгээр орны засгийн газрууд сонгуульд хөндлөнгөөс оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, эрх баригч статусаа хамгаалахын тулд иргэний үндсэн эрхийг хязгаарладаг. Судалгааны энэ шатанд БНХАУ-ын мэдээлэл байхгүй тул оруулаагүй болно.
Улс төрийн өөр өөр дэглэмүүдэд ард түмний гомдлыг шийдвэрлэх механизм өөр өөр байдаг. Либерал ардчилал нь босоо, хэвтээ, диагональ хариуцлагын тогтолцоотой байдаг тул хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангах чадвартай гэж үздэг. Хариуцлагын механизм сул эсвэл байхгүй үед эдийн засгийн гүйцэтгэл сул, орлогын хуваарилалт зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлуудыг зохих ёсоор шийдвэрлэх магадлал бага байдаг (Rueschemeyer, Huber, and Stephens 1992). Иймээс, сонгуульт болон авторитар дэглэмд дургүйцсэн хүмүүс одоо байгаа улс төрийн системдээ сэтгэл хангалуун бус, улс төрийн тогтолцоог шинэчлэхийг шаардах магадлал өндөр байдаг гэж дүгнэж болно. Эдийн засгийн нөхцөл байдал, орлогын хуваарилалтад сэтгэл дундуур байгаа иргэд эдгээр асуудлыг шийдвэрлэх хариуцлагын механизмыг бэхжүүлэхийг илүүтэй дэмждэг. Өөрөөр хэлбэл, тэд эдийн засгийн хүндрэлийг арилгах болов уу гэж найдаж илүү ардчилсан засаглалын хэлбэрийг дэмжих хандлагатай байдаг.
Тулгамдсан асуулт бол улс төрийн шинэчлэлийн хүсэж буй тэр агуулга юм. Энэ нь улс төрийн систем ямар байхаас хамаарна. Либерал ардчиллын хувьд эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга болох хариуцлагын механизмууд аль хэдийн бий болсон; сэтгэл дундуур хүмүүс үүнийг үгүйсгэх ямар ч шалтгаан олж харахгүй байна. Сонгуульт ардчилалтай орнуудад ардчилсан тогтолцоо үндсэндээ бүрдсэн боловч либерал ардчилсан хэлбэрийн улс төрийн систем дутмаг хэвээр байна. Иймээс сэтгэл гонсойсон хүмүүс зохион байгуулалт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, улс төрд тэгш оролцох эрх, иргэний эрх чөлөөг хамгаалах, хяналт тэнцвэр, хууль дээдлэх ёс зэрэг либерал ардчиллын үндсэн элементүүдийг илүү чухалчлах хандлагатай байна. Дарангуйлагч дэглэмд ардчилсан институциуд байхгүй, сэтгэл ханамжгүй иргэд сонгууль, олон намын өрсөлдөөн зэрэг ардчиллын зарим үндсэн институцийн тогтолцоог сонирхох байдалтай байдаг. Гэсэн хэдий ч тэд сэтгэл ханамжтай иргэдээс илүү либерал ардчиллын үнэт зүйлсэд татагдах албагүй, учир нь эдгээр ойлголтууд ардчиллын үндсэн институцийн тогтолцооны нэг хэсэг гэж тооцогддоггүй эсвэл олон хүмүүсийн ардчиллын талаарх ойлголтоос хол байдаг.
Иймээс, энэ бүлэгт эдийн засгийн үнэлгээ, эдийн засгийн байдал, орлогын шударга хуваарилалт нь улс төрийн дэмжлэгт үзүүлэх нөлөө нь дэглэмийн гурван төрлийн хувьд ялгаатай эсэхийг судлахыг зорьж байна. Тодруулбал, эдийн засгийн үнэлгээ нь эдгээр гурван төрлийн дэглэмд одоогийн засгийн газар болон улс төрийн системд итгэх итгэлд өөр өөрөөр нөлөөлдөг үү? Дараа нь, эдийн засгийн нөхцөл байдалд дургүйцэх нь сонгуульт ардчилал, авторитар дэглэмийн нөхцөлд ардчиллыг илүү хүчтэй дэмжиж өгөх үү? Тэд ардчиллын аль хэлбэрийг дэмждэг вэ? Үүний эсрэгээр, либерал ардчилсан орнуудын дургүйцэл тээсэн хүмүүс засаглалын либерал ардчилсан хэлбэрт тууштай байх нь багасах уу?
Засгийн газрын зөвшөөрөл
Бид эхлээд эдийн засгийн нөхцөл байдал болон одоогийн засаг баригчдын үйл ажиллагаа хоорондын хамаарлыг судална. Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд бидний хэрэглэдэг асуулт бол “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлтийг та хэрхэн тодорхойлох вэ?” Бид “илүү муу”, “ер нь муу”, “хэвээрээ” гэсэн хариултыг “муу” гэж ангилан, “илүү дээр”, “ер нь дээр” гэснийг “сайн” гэж ангилдаг. Засгийн газрын үнэлгээ гаргахын тулд бид “Та одоогийн Засгийн газарт хэр сэтгэл хангалуун эсвэл сэтгэл хангалуун бус байна вэ?” гэсэн асуултыг ашигладаг. Зураг 12.1-ээс харахад гурван төрлийн дэглэмийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлын талаар сэтгэл дундуур байсан хүмүүс эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа гэж үздэг хүмүүстэй харьцуулахад засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамж багатай байгааг харуулж байна.
Эндээс харахад, сонгуульт ардчилал болон авторитар дэглэмтэй харьцуулахад либерал ардчилсан орнуудад нийт үнэлгээний түвшин харьцангуй бага байна. Суурь зөрүүг эс тооцвол сэтгэл ханамжтай болон сэтгэл хангалуун бус респондентуудын хоорондын хандлагын зөрүү улс төрийн дэглэм бүрийн хувьд ижил байна. Дарангуйлагч дэглэмд итгэх улс төрийн итгэл нь айлган сүрдүүлэх нөлөө, өөрийгөө хянадагтай зэрэг асуудалтай үргэлж холбоотой байдаг. Харин Чен, Ши (Chen and Shi 2001) айлган сүрдүүлэх нөлөөлийг тооцсон ч иргэдийн авторитар засаглалд итгэх итгэл оршсоор байдаг гэж үздэг. Риветти, Каваторта (Rivetti and Cavatorta 2017) нар мөн эдийн засгийн хурдацтай хөгжил үзүүлдэгийн хувьд авторитар дэглэмд улс төрийн өндөр итгэл хүлээлгэдэг хүмүүс засгийн газрынхаа эдийн засгийн гүйцэтгэлд үнэхээр сэтгэл хангалуун байдаг гэж үздэг. Нэмж дурдахад, санал асуулгад оролцогчдоос одоогийн улс төрийн удирдагчдын үйл ажиллагааг үнэлэхийг хүсэх нь либерал бус ардчилсан орнуудад үргэлж эмзэг сэдэв байдаг. Үүний эсрэгээр, улс төрийн системийн гүйцэтгэл, ардчилалд хандах хандлагын талаар асуух нь ерөнхийдөө ийм байдлыг үүсгэдэггүй.

Дараа нь бид орлогын хуваарилалтын шударга байдлын үнэлгээний үр нөлөөг судалж байна. Бид “Орлогын хуваарилалт тус улсад хэр шударга байна гэж та бодож байна вэ?” гэсэн асуултыг асууна. Судалгаанд оролцогчидоос дөрвөн оноот Likert шатлалаар (маш шударга бус, зарим талаараа шударга бус, зарим талаараа шударга, маш шударга) хариулт авна. Бид “маш шударга бус” ба “зарим талаараа шударга бус” гэдгийг нэгтгэн “шударга бус”, харин “зарим талаар шударга”, “маш шударга” гэдгийг “шударга” гэж нэгтгэсэн. Зураг 12.2-оос харахад орлогын хуваарилалтын талаар эерэг бодолтой хүмүүс төрд сэтгэл хангалуун байдаг. Орлогын шударга хуваарилалт ба төрд сэтгэл ханамжтай байх хоорондын хамаарал нь дарангуйлагч дэглэмтэй харьцуулахад ардчилсан орнуудад илүү байдаг. Энэ нь шударга ёсны тухай ойлголт нь үг хэлэх эрх чөлөө, иргэний эрхийг хамгаалах, сонгуулийн өрсөлдөөнд шударга ёсыг дээд зэргээр хангадаг либерал ардчиллын үндэс суурь болдогтой холбоотой байх. Эдгээр дэглэмийн үед иргэд орлогын шударга хуваарилалтыг чухалчлах хандлагатай байдаг. Орлогын шударга бус хуваарилалт нь тэгш боломж, нийгмийн ялгаварлан гадуурхалт, газар авсан авлига, татварын шударга бус тогтолцооны үр дагавар байх магадлалтай. Эдгээр нөхцөл байдал нь бүгд шударга ёсны тухай ойлголттой зөрчилдөж, либерал ардчилсан орнуудад сэтгэл ханамжийн зөрүү ихэсдэг.

Нэмж дурдахад, ардчилсан бус орнуудад дээрх хоёр тоо баримтаас харахад эдийн засгийн байдал нь орлогын шударга хуваарилалтаас илүү засгийн газрыг хүлээн зөвшөөрөхтэй нягт холбоотой байдаг. Эндээс харахад сэтгэл ханамжийн зөрүү Зураг 12.1-т Зураг 12.2-оос их байна. Эдгээр дэглэмийн хувьд эдийн засгийн гүйцэтгэлийн үнэлгээ нь орлогын шударга хуваарилалтаас илүүтэйгээр хүмүүсийн засгийн газрын үйл ажиллагааг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм. Дарангуйлагч дэглэм, тэр ч байтугай сонгуульт ардчиллын улс төрийн бүтэц нь шударга ёсны үзэл санаатай угаасаа бага нийцдэг. Авторитар засгийн газрууд хэм хэмжээний шударга байдалд тулгуурлан хууль ёсны байдлыг бий болгодоггүй. Үүний оронд тэд гүйцэтгэлд найдах хандлагатай байдаг. Засгийн газрууд иргэдийн дэмжлэгийг авсны хариуд эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг авчрахаа амладаг. Ийм нөхцөлд байгаа иргэд төрдөө итгэх эсэхээ эдийн засгийн үзүүлэлтэд найдаж шийдэх болдог. Ард түмэн эдийн засгийн ерөнхий гүйцэтгэлд үндэслэж Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэдэг.
Ардчилалд сэтгэл хангалуун байдал
Эрдэмтэд ардчиллын хэрэгжилтийн сэтгэл ханамж нь нөхцөл байдлаас шалтгаалж, богино хугацааны хүчин зүйлээс хамаардаг гэж үздэг. Иймээс, энэ үзэл баримтлал нь ардчиллыг системийн хувьд дэмжих зохистой хэмжүүр биш харин практикт хэрхэн хэрэгжиж байгааг харуулж байна (Linde and Ekman 2003). Дарангуйлагч дэглэмд ардчилал хэрхэн ажилладагт сэтгэл ханамжтай байхын утга нь тийм ч тодорхой бус байдаг. Харин үүнийг улс төрийн системийн үйл ажиллагааны талаархи хүмүүсийн ерөнхий үнэлгээ гэж үзэх нь зохистой. Сонгуульт авторитар, тэр ч байтугай авторитар дэглэмүүд өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэх дуртай байдаг тул эдгээр дэглэмийн дор амьдарч буй хүмүүс өөрсдийн улс төрийн системийнхээ үйл ажиллагааг төсөөлж, ардчиллын асуултанд сэтгэл ханамжтай хариулдаг.
Ардчиллын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдалд нөлөөлдөг хамгийн олон удаа дурдагдсан хүчин зүйл бол ардчилсан институцийн хэрэгжилт, тухайлбал, нийгмийн өөр өөр гарал үүсэлтэй хүмүүст тэгш хандах, хууль дээдлэх ёс, босоо ба хэвтээ хариуцлага (Huang, Chang, and Chu 2008; Christmann and Torcal 2017), түүнчлэн хүний капиталын, эрүүл мэндийн нөхцөл байдал, макро эдийн засгийн гүйцэтгэл ба орлогын тэгш бус байдал (Sarsfield and Echegaray 2005; Huang, Chang, and Chu 2008; Anderson and Singer 2008) зэрэг институцийн үр дүн үүнд орно. Материаллаг баялгийн өндөр түвшинд хүрсэн хүмүүс ардчилсан дэглэмийн үйл ажиллагааг илүү үнэлдэг гэж үздэг бол материаллаг ашиг сонирхол нь бусдаас хамаагүй дорддог гэж үздэг хүмүүс ардчилсан тогтолцоонд сэтгэл дундуур байдаг нь ердийн үзэгдэл юм (Wagner, Dufour, and Schneider 2003). Орлогын тэгш бус байдал өндөр байгаа нь ардчилалд сэтгэл ханамжийн доогуур түвшинтэй уялддаг (Anderson and Singer 2008). Ардчилалд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг хэмжихийн тулд бид дараах асуултыг ашигладаг: “Ер нь та манай ардчиллын хэрэгжилтэнд хэр сэтгэл хангалуун эсвэл сэтгэл хангалуун бус байна вэ?”
Зураг 12.3-аас харахад сүүлийн хэдэн жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа хүмүүс эдийн засаг нь сайн байна гэж үздэг хүмүүстэй харьцуулахад ардчиллын хэрэгжилтийг муу байна гэж дүгнэх хандлагатай байна. Ардчилсан орнуудтай харьцуулахад энэ ялгаа сонгуульт ардчилалтай, авторитар дэглэмтэй орнуудад илүү их байдаг. Энэхүү дүгнэлт нь ардчилсан орнуудад сэтгэл ханамжтай болон сэтгэл дундуур байгаа респондентуудын хандлага нэлээд ойролцоо байгааг харуулж байгаа нь эдийн засгийн хэрэгжилтийн богино хугацааны хэлбэлзэл нь хүмүүсийн улс төрийн системийн үнэлгээнд төдийлөн нөлөөлдөггүйг харуулж байна. Үүний эсрэгээр, сонгуульт ардчилалтай болон авторитар улс орнуудад эдийн засгийн ерөнхий үзүүлэлт нь ардчилалд сэтгэл ханамжтай байдалд нөлөөлөхөд ардчилсан орнуудаас илүү их үүрэг гүйцэтгэдэг бололтой.
Зураг 12.4-т бүх дэглэмийн хувьд орлогын хуваарилалтыг шударга гэж үздэг хүмүүс орлогын хуваарилалт шударга бус байна гэж үздэг хүмүүсээс илүү ардчиллын хэрэгжилтийг сайн ойлгох хандлагатай байгааг харуулж байна. Орлогын шударга хуваарилалт нь бүх гурван дэглэмийн улс төрийн тогтолцооны сэтгэл ханамжид адилхан нөлөөлдөг зүйл гэдгийг харуулж байна. Зураг 12.3-тай харьцуулахад энэ график дахь ардчилсан орнуудын ялгаа их байгаа нь ардчилсан орнуудын хүмүүс шударга ёсыг чухалчилдаг болохыг харуулж байна. Орлогын шударга хуваарилалт нь эдийн засгийн нийт үр дүнгээс илүүтэйгээр ардчиллын хэрэгжилтэд илүү их нөлөө үзүүлдэг байна.

Дарангуйлагч дэглэм, тэр ч байтугай сонгуульт ардчиллын улс төрийн бүтэц нь шударга ёсны үзэл санаатай угаасаа үл нийцдэг. Эдгээр дэглэмүүд цэвэр, шударга сонгууль, хэвлэлийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө зэрэг хариуцлагын механизмыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаагаас тэгш бус боломж, авлига газар авч байна. Хэдийгээр хүмүүс дарангуйлагч засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ эдийн засгийн нийт үр дүнг анхаарч дүгнэх хандлагатай байдаг ч орлогын хуваарилалтын шударга бус байдал нь ийм дэглэмийн системчилсэн алдааг харуулж байна. Тиймээс, энэ нь улс төрийн тогтолцооны ерөнхий хэрэгжилттэй холбоотой иргэдийн сэтгэл ханамжийг эрс бууруулдаг.
Ардчиллын сэтгэл ханамжид босоо ба хэвтээ хариуцлага, хууль дээдлэх ёс, авлигын доогуур түвшин, иргэний эрхийн хамгаалалт, нийгмийн янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст тэгш ханддаг гэх мэт ардчилсан засаглалын хэрэгжилт нөлөөлж болохыг анхаарна уу. Эдгээр хэмжигдэхүүн нь улс төрийн системийн хэм хэжээний хэрэгжилтэнд голлон хамаатай. Үзэл баримтлалын хувьд макро эдийн засгийн гүйцэтгэл, орлогын хуваарилалт, орлогын түвшин гэх мэт эдийн засгийн хэрэгжилт нь засаглалын үнэлгээнд нөлөөлж болно. Хэрэв бид засаглалын үнэлгээг таамаглахдаа эдийн засгийн үнэлгээг ашиглавал эл хоёр хувьсагч хамааралгүйг олж харна. Иргэд эдийн засгийн үнэлгээгээ засаглалын үнэлгээтэй холбодоггүйг харуулж байна. Нэмж дурдахад, засаглалын үнэлгээ болон ардчиллын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн хоорондын хамаарал мэдэгдэхүйц биш байгааг бид олж харж байна. Энэ нь улс төрийн системийн хэрэгжилтийг ард түмэн засаглалын үр дүнгээр үнэлдэггүйг харуулж байна. Эдгээр дүгнэлтээс харахад ардчилалд сэтгэл ханамжтай байх ба засаглалын төсөөлөл гэсэн хоёр ойлголт нэг их давхцаагүй болохыг харуулж байна.
Хүмүүсийн эдийн засгийн гүйцэтгэлд хандах хандлага, одоогийн засгийн газар болон улс төрийн тогтолцооны үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгааг харгалзан үзвэл дургүйцсэн иргэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр засаглалын хэлбэрийг дэмжих үү? Тухайлбал, эдийн засгийн таагүй нөхцөл байдал сонгуульт ардчилал болон авторитар дэглэмд амьдарч буй иргэдийг ардчиллыг илүүд үзэх, дэмжихэд өдөөх үү? Дарангуйлагч дэглэмийн хүмүүс эдийн засгийн муу үзүүлэлтийн төлөө эрх баригчдад хариуцлага тооцож чадахгүй тул гүйцэтгэлийг сайжруулах цорын ганц арга зам бол хариуцлагын механизмыг ихээхэн бэхжүүлэх явдал юм. Эсрэгээр, либерал ардчилсан орнуудын дургүйцсэн иргэд либерал ардчилсан хэлбэрт хандах тууштай байдлаа бууруулах уу? Нэгэнт ардчилсан институци нь тааруухан улстөрчдөд хариуцлага тооцох боломжийг иргэддээ олгодог учраас итгэл алдарсан сонгогчид энэ механизмыг үл зөвшөөрдөг бусад улс төрийн институци руу шилжих шалтгаан байхгүй. Бид эдгээр асуудлуудад үргэлжлүүлэн хариулах болно.
Ардчиллыг дэмжих дэмжлэг
Ардчиллын төлөөх олон нийтийн дэмжлэгийг хэмжихийн тулд уламжлалт стратегийн дагуу ардчиллыг хамгийн тохиромжтой улс төрийн системийн хувьд тэдний ерөнхий дэмжлэг хэр байгааг тодруулан судалгаанд оролцогчдоос асуудаг. Ардчиллын талаарх хүмүүсийн ойлголт хувь хүн болон улс орнуудад харилцан адилгүй байдаг тул хийсвэр хэмжүүр нь хүчин төгөлдөр байдлын асуудалтай тулгардаг (Schedler and Sarsfield 2007). Олон авторитар дэглэмүүд өөрсдийгөө ардчилсан улс гэж нэрлэж, үзүүлэхийг хичээдэг (Marquez 2016). Ардчилал нь нийгэм хүсдэг олон асуудлуудын зэрэгцээ өөр өөр утга илэрхийлдэг тул хийсвэр ардчиллын асуулт нь ардчиллын нийт дэмжлэгийг хэт үнэлэхэд хүргэнэ (Schedler and Sarsfield 2007; Kirsch and Welzel 2018). Ардчиллын дэмжлэгийг хэмжих өөр арга нь эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, улс төрд оролцох тэгш эрх, иргэний эрх чөлөөг хамгаалах, хяналт тэнцвэр, хууль дээдлэх ёс зэрэг либерал ардчиллын хэд хэдэн үндсэн элементүүдийн талаарх итгэл үнэмшлийг нь хүмүүсээс асуудаг. Тиймээс, либерал ардчиллын өндөр үнэт зүйлстэй байх нь ардчилсан институцуудыг дэмжихийг илэрхийлдэг (Шедлер ба Сарсфилд 2007). Вэлцэл, Альварез (Welzel, Alvarez 2014) нар ардчиллыг дэмжихийн тулд либерал ардчиллын үнэт зүйлсийг ашиглах нь ардчиллын талаарх зөрүүтэй ойлголтоос үүдэлтэй асуудлаас зайлсхийх боломжтой гэж үздэг. Мөн зарим хэмжигдэхүүнд “Ардчилал D үг” оруулахаас зайлсхийж эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зэрэг янз бүрийн өөр аргааар хэрэглэж болно. Эдгээрт либерал ардчиллын үнэт зүйлс, ардчиллын үндсэн институцид хандах хандлагыг багтаасан болно.
Ерөнхий баримтлалын хувьд ардчиллыг дэмжих иргэдийн дэмжлэгийг хэмжихийн тулд бид эхлээд судалгаанд оролцогчдоос “Ардчилал асуудалтай байж болох ч энэ нь засаглалын хамгийн шилдэг хэлбэр хэвээр байна” гэсэн өгүүлбэртэй “санал нийлэх үү, эс нийлэх үү?” гэсэн асуултыг тавьж байна. Зураг 12.5-аас харахад улс төрийн дэглэмүүд болон эдийн засгийн янз бүрийн үнэлгээ бүхий респондентуудын хооронд ардчиллын дэмжлэгт хандлагын ялгаа байхгүй байна. Энэ бүс нутагт ард түмний ардчиллыг дэмжих нь үндэсний эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүйг харуулж байна. Сэтгэл хангалуун болон сэтгэл дундуур байгаа респондентуудын дийлэнх нь улс төрийн өөр өөр дэглэмд амьдарч буйгаас үл хамааран ардчилсан засаглалын хэлбэрийг дэмжих хандлагатай байна. Либерал ардчилсан орнуудад засгийн газрын үйл ажиллагаа эсвэл ардчилалдаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс ардчилсан бус засаглалын хэлбэрийг сэтгэл хангалуун байгаа хүмүүсээс илүү дэмжээд байгаа нь харагдахгүй байна. Сонгуульт ардчилалтай, авторитар улс орнуудад дургүйцсэн иргэд нь сэтгэл хангалуун буй хүмүүсээсээ ардчиллыг мөн илүүд үздэггүй аж.

Зураг 12.6-аас харахад улс орныхоо орлогын хуваарилалтын талаар эерэг үзэл бодолтой хүмүүс ардчилсан засаглалын хэлбэрийг дэмжих хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч ялгаа нь бага байна. Нэмж дурдахад энэ загвар либерал ардчилал, сонгуульт ардчилал, авторитар бүх улсад харагдана. Зураг 12.5, 12.6-аас харахад ардчилсан орнуудад сэтгэл дундуур байгаа хүмүүс хэдийгээр эрх баригч намууд болон улс орондоо ардчиллын хэрэгжилтэд сэтгэл хангалуун бус байдаг ч улс төрийн альтернатив өөр системийг дэмжих бодолгүй байгааг харуулж байна. Сонгуульт ардчилал болон авторитар дэглэмийн үед сэтгэл хангалуун болон дургүйцсэн иргэд ардчиллыг ерөнхий үзэл баримтлалын хувьд хүчтэй дэмжиж байгааг дээрх хоёр тоо харуулж байна. Эдгээр орны хүмүүсийн дийлэнх нь ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлж байгааг анхаарна уу. Гэсэн хэдий ч хэт их дэмжлэг нь эдгээр хүмүүс “D үг”-д хэт эерэг хариулт өгсөнтэй холбоотой байж болох юм. Тиймээс бид либерал ардчилсан үнэт зүйлс рүү эргээд анхаарч байна. Улмаар бид эдийн засгийн талаарх төсөөлөл ба ард түмний либерал ардчилсан үнэт зүйлсийн хоорондын хамаарлыг судална. Бид либерал ардчиллын үнэт зүйлсийг хэмжиж, дунджийг либерал ардчиллын үнэт зүйлсийн дээд ба доод захын гол цэг болгон ашиглахын тулд стандарт багц асуултуудыг хэрэглэсэн.2
Зураг 12.7-д бүх төрлийн дэглэмийн хувьд үндэсний эдийн засгийн нөхцөл байдал улам дордож байна гэж үзсэн хүмүүс ардчиллын үнэт зүйлсийг илүү өндөр түвшинд хүлээн авах хандлагатай байгаа нь ардчиллыг илүү их дэмжиж байгааг харуулж байна. Ардчиллын үнэт зүйлсийн ялгаа сонгуульт ардчилсан орнуудад авторитар болон либерал ардчилсан дэглэмээс илүү их байдаг гэдгийг анхаарна уу. Сонгуульт ардчилал дахь сэтгэл дундуур иргэд ардчиллын либерал хэлбэрийг илүү дэмждэг болохыг харуулна.

Орлогын шударга хуваарилалт болон ард түмний либерал ардчилсан үнэт зүйлсийн хоорондын хамаарлыг авч үзвэл энэ дүр зураг бүр ч тодорхой харагдаж байна. Зураг 12.8-аас сонгуульт ардчилал болон авторитар дэглэмийн үед орлогын хуваарилалтыг шударга бус гэж здэг хүмүүс ардчиллын үнэт зүйлсийг илүү өндөр түвшинд дэмжих хандлагатай байгааг харуулж байна. Ардчиллын үнэт зүйлсийн ялгаа нь сонгуульт ардчилалтай орнуудад ялангуяа тод илэрдэг ба авторитар дэглэмүүдэд бага байна. Либерал ардчилсан орнуудад эдийн засгийн гүйцэтгэлд сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс либерал ардчиллын үндсэн үнэт зүйлсэд адилхан тууштай байдаг. Энэ загвар нь либерал – ардчилсан бус орнуудад, ялангуяа сонгуульт ардчилсан орнуудад эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний эдийн засгийн байдал, орлогын хуваарилалтад сэтгэл хангалуун бус хүмүүс либерал ардчиллын үнэт зүйлсийг хүлээн авах хандлагатай байдгийг харуулж байна. Либерал ардчиллын үнэт зүйлс гэдэг нь босоо болон хэвтээ хариуцлага, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн идэвхтэй оролцоог хангадаг либерал ардчиллын үндсэн зарчмуудын талаарх хүмүүсийн итгэл үнэмшил юм. Сонгуульт ардчилсан орнуудад олон намын өрсөлдөөн, сонгууль аль хэдийн бий болсон тул ардчилсан хөгжил сайжирна гэдэг нь үндсэндээ либерал ардчилал руу шилжинэ гэсэн үг. Иймээс, эдгээр орны дургүйцэл илэрхийлдэг хүмүүс ардчиллыг илүү сайн болгохыг дэмжиж байгаа нь либерал ардчиллын дээд үнэт зүйлсд хандах хандлагаар илэрдэг. Либерал ардчилалд шилжсэнээр хариуцлагын механизмыг сайжруулж, эдийн засгийн ерөнхий байдлыг сайжруулж, орлогын хуваарилалтыг илүү шударга болгоно гэж тэд үзэж байна.

Дарангуйлагч дэглэмийн хувьд сүүлийн хоёр зургаас харахад эдийн засгийн үнэлгээ болон ардчиллын үнэт зүйлсийн хоорондын уялдаа холбоо нь сонгуульт ардчилалтай харьцуулахад сул байна.3 Өнөөгийн улс төрийн тогтолцоо нь авторитар шинж чанартай тул ардчилсан хөгжлийн хамгийн ойрын бөгөөд хэрэгжих боломжтой зүйл бол сонгуульт ардчилал руу шилжих явдал юм. Либерал ардчиллын загвар, түүний үндсэн зарчмууд нь ардчиллын үндсэн дэд бүтцийн нэг хэсэг гэж үзэхгүй, эсвэл мэддэггүй тул алс холын зорилго болно. Иймээс, эдгээр улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэлгээ нь либерал ардчиллын үнэт зүйлстэй тийм ч их холбоотой байдаггүй. Харин ч ард түмэн сонгуульт ардчиллыг төсөөлөх магадлал өндөр. Эцэст нь бид эдийн засгийн үнэлгээ болон олон намын өрсөлдөөн, төрийн албан хаагчдыг шууд сонгох, чөлөөт хэвлэл зэрэг ардчиллын үндсэн институцуудыг дэмжих хоорондын уялдаа холбоог шалгадаг. Олон намын өрсөлдөөний тухай ойлголтыг ойлгохын тулд бид юуны өмнө санал асуулгад оролцогчдоос “Зөвхөн нэг улс төрийн нам сонгуульд нэр дэвших, албан тушаал хаших эрхтэй байх ёстой” гэсэн асуултыг тавьж байна. Зураг 12.9-д энэ мэдэгдлийг няцаасан судалгаанд оролцогчдын хувийг харуулав. Эндээс харахад авторитар дэглэм ба сонгуульт ардчиллын тогтолцоонд дургүйцсэн респондентууд нэг намын засаглалыг үгүйсгэх магадлал өндөр байна. Энэ хамаарал авторитар дэглэмд хамгийн хүчтэй байна.

Нэмж дурдахад, эдийн засгийн хувьд сэтгэл дундуур байгаа санал асуулгад оролцогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь засгийн газрын хяналтгүйгээр мэдээ, санааг нийтлэх эрхтэй байх ёстой гэж үзэх магадлал өндөр байгааг нотлох баримтыг бид олж харлаа. Дарангуйлагч дэглэмийн үед ч харилцаа илүү хүчтэй байдаг ч уг бүлэгт багтаагүй тул бид үр дүнг мэдээлээгүй. Улс төрийн удирдагчдын сонгуулийн тухайд бид судалгаанд оролцогчдоос дараах хоёр мэдэгдлийн аль нэгийг сонгохыг санал болгосон: 1) Улс төрийн удирдагчдыг нээлттэй, өрсөлдөөнт сонгуулиар ард түмэн сонгодог; 2) Улс төрийн удирдагчдыг сонгуульгүйгээр ч өгөөмөр зан, чадавхиар нь сонгодог. Эдийн засгийн хувьд сэтгэл ханамжгүй байгаа респондентууд эхнийхийг илүүд үздэг. Гэсэн хэдий ч авторитар дэглэмтэй улсын респондентуудын 84 хувь нь эхний мэдэгдэлтэй санал нийлж байгаа бол сонгуульт ардчилсан орнуудад 72 хувь, либерал ардчилсан орнуудад 79 хувь нь санал нийлж байгааг анхаарна уу. Дарангуйлагч дэглэмийн хүмүүс улс төрийн удирдагчдыг сонгохдоо сонгуулийг ашиглах санааг дийлэнх нь сайшааж байгаа бололтой. Үүнийг нэгтгэн үзвэл авторитар дэглэмт улсад эдийн засгийн хувьд сэтгэл ханамжгүй байгаа респондентуудын ардчиллыг дэмжих хандлагатай байдаг ч либерал ардчиллын загвараас илүү ардчиллын үндсэн тогтолцоог голчлон анхаарч байна.
Эдийн засгийн байдлаас гадна орлогын шударга хуваарилалтын нөлөөллийг бид судалж байна. Үзэгдэл нь тодорхой бус, холимог байдаг. Авторитар дэглэмийн үед эдийн засгийн гүйцэтгэлийн үнэлгээ нь орлогын тэгш бус байдлаас илүү ардчиллын эрэлт хэрэгцээтэй илүү нягт холбоотой болохыг харуулж байна. Хамгийн магадлалтай шалтгаан нь манай жишээн дэх авторитар дэглэмүүд бүгд хөгжиж буй эдийн засагтай орнууд байгаатай холбоотой. Эдийн засгийн хурдацтай өсөлт нь иргэдийн амьжиргааг үр дүнтэй сайжруулдаг. Орлогын тэгш бус байдал одоог хүртэл мөн хурцаар тавигдаж байгаа асуудал хэвээр байна. Хүмүүс энэ үе шатанд орлогын шударга хуваарилалтаас илүү эдийн засгийн хөгжилд ач холбогдол өгөх хандлагатай байдаг. Орлогын хуваарилалт муудаж байгаа нь хүмүүсийн улс төрийн систем дэх сэтгэл ханамжийг бууруулж байгаа ч энэ нь ардчилсан засаглалын хэлбэрийг дэмжихэд эдийн засгийн байдлын үнэлгээтэй ижил үүрэг гүйцэтгэдэггүй.
Дүгнэлт
Улс төрийн янз бүрийн дэглэмийн хувьд эдийн засгийн байдал, орлогын хуваарилалтад дургүйцсэн хүмүүс одоогийн засгийн газраа зөвшөөрөхгүй байх хандлагатай байдаг. Мөн дургүйцсэн хүмүүс ардчиллын үйл ажиллагаа улам дорддог гэж үзэх магадлал өндөр байна. Улс төрийн дэмжлэгт эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлөх нь улс төрийн дэглэмээсээ хамаарна. Либерал-ардчилсан бус дэглэмийн хувьд эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ нь орлогын хуваарилалтын шударга байдлаас илүүтэйгээр засгийн газрын үйл ажиллагаанд илүү их нөлөөлдөг. Орлогын шударга хуваарилалт нь либерал ардчилсан орнуудад илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. Эсрэгээр, ардчиллын хэрэгжилтэд үндэсний эдийн засгийн гүйцэтгэлийн нөлөө нь сонгуулийн ардчилал болон авторитар дэглэмүүдэд илүү их байдаг, харин шударга ёсны асуудал нь гурван дэглэмд ижил төстэй нөлөө үзүүлж байна.
Бид цаашдаа эдийн засгийн үнэлгээ болон ардчиллыг дэмжих дэмжлэгийн хоорондын хамаарлыг судална. Либерал ардчилсан орнуудад эдийн засгийн үнэлгээ нь ардчиллыг ерөнхий ойлголт, либерал ардчиллын үнэт зүйлсийн хувьд дэмжихтэй уялддаггүй. Энэ нь эдийн засгийн гүйцэтгэлд сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс ардчилсан бус засаглалын хэлбэрийг нийт респондентуудаас илүүд үзэхгүй байгааг харуулж байна. Сонгуульт ардчилсан орнуудад ардчилал нь хамгийн сайн хэлбэр гэж сэтгэл ханамжтай иргэд үздэг нь эдийн засгийн хувьд сэтгэл хангалуун бус иргэдээс илүү байна. Үнэн хэрэгтээ энэ бүс нутагт респондентуудын 80 гаруй хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр гэж үзэж байгаа нь тоо баримтаас харагдаж байна. Энэ асуудал нь нийгмийн хүслийн асуудлаас үүдэлтэй байж болох тул бид либерал ардчиллын үнэт зүйлсийн талаарх хүмүүсийн хандлагыг судалж үздэг. Сонгуульт ардчилсан орнуудад сэтгэл ханамжгүй иргэд либерал ардчиллын үнэт зүйлсийг илүү өндөр түвшинд хүлээн авах хандлагатай байдаг. Эдгээр улс орнууд ардчиллын үндсэн тогтолцоотой болсон тул ардчиллын либерал загвар руу шилжих хэрэгтэй. Авторитар дэглэмийн үед сэтгэл ханамжгүй иргэд сэтгэл ханамжтай иргэдээс илүү либерал ардчиллын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй ч эдийн засгийн байдал нь сэтгэл хангалуун бус гэж үзвэл ардчиллын зарим суурь тогтолцоог бий болгохыг илүүд үздэг. Гэсэн хэдий ч эдгээр орнуудын ихэнх иргэд эдийн засгийн байдлыг эерэгээр харж байна. Тайландаас бусад сонгуульт ардчилсан болон авторитар дэглэмтэй орнуудад судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд эдийн засаг сайжирч байна гэж үзэж байна. Тайландчуудын 60 хувь нь улсынхаа эдийн засгийг сайн үзүүлэлттэй гэж үздэг. Эдийн засгийн байдал эдгээр орны ардчилсан хөгжлийг ойрын ирээдүйд өдөөх гол хүчин зүйл биш бололтой.
Ном зүй
- Anderson, Christopher J., and Matthew M. Singer. 2008. “The Sensitive Left and the Impervious Right: Multilevel Models and the Politics of Inequality, Ideology, and Legitimacy in Europe.” Comparative Political Studies 41 (4-5): 564- 599. doi:10.1177/0010414007313113.
- Chen, Xueyi, and Tianjian Shi. 2001. “Media Effects on Political Confidence and Trust in the People’s Republic of China in the Post-Tiananmen Period.” East Asia 19 (3): 84-118.
- Christmann, Pablo, and Mariano Torcal. 2017. “The Political and Economic Causes of Satisfaction with Democracy in Spain—A Twofold Panel Study.” West European Politics 40 (6): 1241-1266. doi:10.1080/01402382.2017.1302178.
- Easton, David. 1965. A Systems Analysis of Political Life. New York: John Wiley and Sons.
- Huang, Min-hua, Yu-tzung Chang, and Yun-han Chu. 2008. “Identifying Sources of Democratic Legitimacy: A Multilevel Analysis.” Electoral Studies 27 (1): 45-62. doi:10.1016/j.electstud.2007.11.002.
- Kirsch, Helen, and Christian Welzel. 2018. “Democracy Misunderstood: Authoritarian Notions of Democracy around the Globe.” Social Forces 98 (1): 59-92. doi:10.1093/sf/soy114.
- Linde, Jonas, and Joakim Ekman. 2003. “Satisfaction with Democracy: A Note on a Frequently Used Indicator in Comparative Politics.” European Journal of Political Research 42 (3): 391-408. doi:10.1111/1475-6765.00089.
- Mбrquez, Xavier. 2016. Non-Democratic Politics: Authoritarianism, Dictatorship and Democratization. London: Macmillan International Higher Education.
- Norris, Pippa. 1999. “Introduction: The Growth of Critical Citizens?” In Critical Citizens: Global Support for Democratic Government, edited by Pippa Norris, 1-30. Oxford: Oxford University Press.
- Rivetti, Paola, and Francesco Cavatorta. 2017. “Functions of Political Trust in Authoritarian Settings.” In Handbook on Political Trust, edited by Sonja Zmerli and Tom W.G. van der Meer. Cheltenham: Edward Elgar Publishing.
- Rueschemeyer, Dietrich, Evelyne Huber, and John D. Stephens. 1992. Capitalist Development and Democracy. Chicago: The University of Chicago Press.
- Sarsfield, Rodolfo, and Fabiбn Echegaray. 2005. “Opening the Black Box: How Satisfaction with Democracy and Its Perceived Efficacy Affect Regime Preference in Latin America.” International Journal of Public Opinion Research 153- 173. doi:10.1093/ijpor/edh088.
- Schedler, Andreas, and Rodolfo Sarsfield. 2007. “Democrats with Adjectives: Linking Direct and Indirect Measures of Democratic Support.” European Journal of Political Research 46 (5): 637-659. doi:10.1111/j.1475-6765.2007.00708.x.
- Wagner, F. Alexander, Mathias Dufour, and Friedrich Schneider. 2003. “Satisfaction Not Guaranteed—Institutions and Satisfaction with Democracy in Western Europe.” In SSRN. April. Accessed March 15, 2021. https://ssrn.com/ abstract=396322.
- Welzel, Christian, and Alejandro Moreno Alvarez. 2014. “Enlightening People: The Spark of Emancipative Values.” In The Civic Culture Transformed: From Allegiant to Assertive Citizens, edited by Russell J. Dalton and Christian Welzel, 59-88. Cambridge: Cambridge University Press. doi:10.1017/ cbo9781139600002.007.
- Cnin-en Wu is an Associate Research Fellow at the Institute of Political Science at Academia Sinica, Taiwan. He received his Ph.D. from the University of Michigan. His main research interests include political economy of development, democratization, and party system. ↩︎
- Эдгээр асуултууд нь: эмэгтэйчүүд эрчүүдийн хэмжээнд адил улс төрд оролцох ёсгүй; боловсрол багатай эсвэл огт боловсролгүй хүмүүс өндөр боловсролтой хүмүүстэй адил улс төрд үг хэлэх эрхтэй; төрийн удирдагчид өрх гэрийн тэргүүнтэй ижил, бид бүгд тэдний шийдвэрийг дагах ёстой; Засгийн газар тодорхой санааг нийгэмд хэлэлцэхийг зөвшөөрөх эсэхийг шийдэх ёстой; хүмүүс олон бүлгүүд болон зохион байгуулагдвал нийтийн эв найрамдал алдагдах болно; шүүгчид чухал хэргийг шийдвэрлэхдээ гүйцэтгэх засаглалын байр суурийг хүлээн зөвшөөрөх учиртай; хэрэв хууль тогтоох байгууллагаас засгийн газрыг байнга хянаж шалгадаг бол тэд их зүйлийг хийж чадахгүй; хэрэв бид өндөр ёс суртахуутай улс төрийн удирдагчидтай бол бид тэдэнд бүх зүйлийг шийдэхийг даалгаж болно; хүмүүс хэт олон янзын үзэл санаа илэрхийлбэл нийгэм эмх замбараагүй болно. ↩︎
- Энэ ангилалд Вьетнам, Тайланд, Мьянмар гэсэн 3 улс орно. Вьетнамд хандлагын зөрүү үнэхээр их байна. Сэтгэл ханамжгүй вьетнамчууд сэтгэл ханамжтай хүмүүсээсээ илүү либерал үнэт зүйлсийг хүлээн авах магадлал өндөр байдаг. ↩︎
