М. Болормаа
/Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн/
Шинэ толь №72, 2011
ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ШИНЭ ҮНЭЛЭМЖ, ХАНДЛАГЫГ БИЙ БОЛГОХ НЬ
Түлхүүр үг: Эмэгтэйчүүдийн оролцоо, Тэгш байдал, Жендэрийн асуудал, Соёлын мэдрэмж, Манлайлагч эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд улс төрд оролцох нь нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй байдаг гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөдөг. Бидний үйл ажиллагаанд дараахь сэдвүүдэд тусгасан агуулга чухал нөлөө үзүүлдэг тул өөрийн олж мэдсэн мэдээллээ Та бүхэнтэй хуваалцаж байна. Мөн санал бодлоо илэрхийлэх боломж өгсөн “Шинэ толь” сэтгүүлийнхэндээ баяраллаа.
Эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, эв нэгдэл
А. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах
Эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг улс төр болон шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх хамгийн чухал үйл ажиллагааны нэг бол эмэгтэй сонгогчидтой хамтран ажиллах, тэднийг сонгуульд идэвхтэй оролцуулах нь чухал үйл ажиллагаа юм. Түүнээс гадна нэр дэвшин өрсөлдөж буй эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах, саналаа өгөх хандлагыг сайжруулах шаардлагатай байгаа нь ажиглагдаж байна. Учир нь зарим нэгэн судалгааны байгууллагаас хийсэн санал асуулгад оролцогчид улс төрчдийн хүйс олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг эсэх талаарх тодруулан асуусан асуултанд хариулахдаа хүйс чухал нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах нь улс төр, нийгмийн хөгжилд шинэ хандлагыг бий болгон, шинэ үнэлэмжийг төлөвшүүлж чадна. Өнөөдрийн бодит амьдрал дээр төрийн өндөр албан тушаал хашиж буй эмэгтэйчүүд нь илүү бие хүн гэсэн байр сууринаас асуудалд хандаж, улс төрд эрэгтэй улс төрчидтэй ижил төстэй дүр төрхийг бий болгон хүлээн зөвшөөрөгдөхийг эрмэлзэн ажиллаж байгаа нь эмэгтэйчүүд эв нэгдэлгүй байгаа мэтдүр зургийг нийгэмд бий болгох, мөн эрэгтэй улс төрчдөд эсрэг байдлаар ашиглагдах өгөөш болж байгааг анхаарах цаг нь болсон. Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжин хамтран ажиллах нь нийгэмд ядуурлыг бууруулах, гэмт хэргийг багасгах, жендэрт суурилсан аливаа хүчирхийллийн хэлбэр, авилга, бусармаг байдлыг таслан зогсоож, хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ байдал нь зөвхөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө хийж байгаа бус бидний ирээдүй болсон үр “хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж буй үнэт зүйл юм. Эмэггэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх нь хүн амын олонхи болсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд нийгмийн баялгаас хүртэх, оролцох тэгш боломжийг бий болгож өгч чадна. Чухамхүү яагаад эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжин талаар яриад байна вэ? Яагаад гэвэл эмэгтэй хүн л эмэгтэй хүнд учирч болох бэрхшээл саад, зовлон жаргалыг сэтгэлээрээ биеэрээ мэдэрч чаддаг. Түүнчлэн хүн амын 50 гаруй хувийг эзлэж сонгуульд санал өгч улс төрийн эрхэээ эдэлдэг хүмүүс. Иймээс л эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжих нь нийгмийн хандлагыг өөрчлөх, эв нэгдэл, хамтын ажиллагаагааг бэхжүүлэх нь юунаас ч илүү чухал болж байна.
Б. Улс төрийн намын хүрээнд эмэгтэйчүүд байр сууриа бэхжүүлэх, сонгуулийн стратегид суралцах
Аугаа ихийг ганцхан өдөр бүтээдэггүй
Эмэгтэй хүн хүн гэдэг утгаараа эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх эдэлж, тэгш боломжийг бүрдүүлж ниймгийн баялгийг бүтээлцэж бас хүртэх ёстой.
Энэ тэгш байдлыг бий болгоход эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд 30- аас доошгүй хувиар хангагдсан байх шаардлагатай байдаг. Ийм оролцоог хангаснаар бодлогод нөлөөлж эмэгтэйчүүдийн эрх ашиг, сонирхлыг дэмжих боломж бүрдэнэ.
Энэхүү боломжийг бий болгохын тулд өнөөгийн Монгол улсад үйлчилж буй хууль эрх зүйн орчны дагуу аливаа нэгэн улс төрийн намд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр нэгдэн тухай намын хамт олонтойгоо хамтран ажиллах шаардлагатай болдог. Эмэгтэйчүүд улс төрд оролцохдоо эрэгтэйчүүдтэй адил болох биш харин эмэгтэй хүний онцлог чанарыг илэрхийлэн эмэгтэйлэг шинэ дүр төрхөөр улс төрд өөрийн орон зайг бий болгон хүрээлэлээ бүрдүүлэх юм. Энэхүү ойлголтыг явцуу хүрээнд ойлгож болохгүй бөгөөд алс ирээдүйг харсан бодлоготой байхыг цаг үе эмэгтэйчүүд биднээс шаардаж байна.
Хүн нэг хэсэг хугацаанд суралцаад зогсохгүй насан туршдаа тасралтгүйгээр суралцаж өөрийгөө өнгөлж, хурьцалж байх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл дахин өөрчлөгдөх явдал юм.
Эмэгтэйчүүд бид бие биенээсээ үргэлж суралцах, бие биенийгээ дэмжин ажиллах нь илүү үр дүнг гаргахад нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн хувьд сонгуульд оролцож өрсөлдөх нь хувь хүний шийдвэр гаргаж чадах эсэх нь гол зүйл байдаг. Энэхүү шийдвэр нь ихэнхдээ хувь хүний хүсэл, санхүүгийн эх үүсвэр болон бусад боломжуудаас ихээхэн хамааралтай. Хувь хүний гаргасан шийдвэр нь цаашид улс төрийн хүрээнд олон саад бэрхшээлтэй тулгарах ба түүнийг даван гарах чадвар чухал. Харин шийдвэрээ гаргаж чадсан бол амжилт гаргах 50 хувиа хийсэн гэсэн үг. Учир нь эмэгтэйчүүдийн нуруун дээр хэтэрхий их ачаалал байх нь дарамт учруулдаг тул ийм сонголт хийж шийдвэр гаргах нь эмэгтэйчүүдээс асар их зориг, шийдэмгий байдлыг шаарддаг. Өөрийгөө сонгох анхны алхмыг хийж чадсан нь л бол урагшаа тэмүүлэх ёстой.
Өөрийн гэсэн багийг бүрдүүлэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудтай илүү хамтран ажиллах нь өөрийгөө болон бусдыг чадавжуурлахад чухал нөлөө болно. Эмэгтэйчүүд өөрсдийн багийг бүрдүүлж улс төрийн тоглолт хийж чаддаггүй учраас эрэгтэйчүүдэд ялагдах нөхцөл нь болдог.
Улс төрд оролцож буй эмэгтэйчүүд манлайлагч байхын тулд жирийн эмэгтэй хүнзэс 2 дахин, эрэгтэйчүүдээс 5 дахин илүү ажиллаж байж зорьсондоо хүрдэг практик байна. Улс төрийг сонгосон эмэгтэй хүнд ухрах зам байхгүй бөгөөд өөрийнхөө үйл ажиллагаараа намдаа болон бусдад хэрэгтэй хүн гэдгээ харуулах хэрэгтэй болдог. Улс төрийн намын үзэл бодлыг хүлээн зөвшөөрч сонголтоо хийсэн бол зөвхөн хувь хүн өөрийнхөө төлөө ажиллах бус намынхаа үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд ойлгуулах, намынхаа эгнээг өргөжүүлэхэд анхан шатны байгууллагаас нь эхлэн ажиллах, дэмжих шаардлага тавигддаг билээ. Анхан шатны намын байгууллагад ажиллах нь өөртөө олон шинэ зүйлийг мэдэж авахын зэрэгцээ хүмүүстэй ойр дотно болж танил болдог. Өөртөө итгэлтэй болж чаддаг.
Иймээс өөрийгөө улс төрийн хүрээнд өөрчлөхийн тулд дараахь зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Олон нийтэд өөрийн чадцаг, мэддэг үйл ажиллагаараа танил болох
- Өөрийгөө зөв хувцаслаж, үргэлж цэвэрхэн сайхан авч явах
- Өөртөө үргэлж камер, тэмдэглэлийн дэвтэр авч явах
- Өөрийн website хийлгэж байнга мэдээ, мэдээллээ өөрчилж шинэчлэж байх
- Намынхаа үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог байх
- Эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй, заримдаа эмэгтэй хүний зан авир гаргаж болох бөгөөд харин хэтрүүлж болохгүй
- Сэтгүүлчид маш соргог хүмүүс тул тэдэнтэй ярилцахдаа анхааралтай байх ба бас хэт энгийн байж задгай яриа дэлгэж болохгүй гэдгийг байнга анхаарч байх
- Аливаа асуудлаар мэдээлэл өгөх гэж байгаа бол мэдээллээ байнга бэлтгэж сурах
- Ярилцлага өгөхөөр болсон бол тухайн 7 хоногийн гол асуудлыг газар дээр нь очиж үзэж, судлан ярилцах хэрэгтэй. Аливаа мэдээлэл болон асуудалд хөнгөн гоомой хоосон сэтгэл хөдлөл, өөрийн үзэл бодлоор хандаж болохгүйг анхаарч байх
- Зөв хатуу шийдвэр гаргаж чаддаг байх бөгөөд мөн хүмүүстэй найрсаг, нөхөрсөг хандаж, илүү их хөдөлмөрлөж чаддаг байх
- Агуу их мөрөөдөлтэй байж сурах
- Өөртөө боломжоороо мөнгөн хуримтлал бий болгох, үүний төлөө ажиллах
Та аль нэгэн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх гэж бодож байгаа бол дорхи зүйлүүдийг анхаарна уу. Үүнд:
- Та зөв хүн байх ёстой. Одооноос үүнд өөрийгөө бэлтгэх
- Амьдралын түүхтэй байх ба ажлын туршлагатай байх
- Хүнийг мэддэг, таньдаг, сайхан харилцаатай байх
- Хүнд таалагдах чадвартай байх /хаана хэнтэй юу гэж ярих, ямар хувцас өмсөх, үсний засалт, нүүрний будалтаа хүртэл анхаарах нь илүүдэхгүй юм. /Үүнийг эмэгтэйчүүд тэр бүр тооцоолдоггүй, бас анзаардаггүй./
- Хүний үг даадаг, шүүмжлэл, зэмлэлийг хүлээн авч чаддаг чадвартай байх
- Ямар ч хүний үгийг дуустал нь сонсож, нүд рүү нь харж ярьж чаддаг байх. Сонсож сурна гэдэг хүний аугаа чанар гэдгийг мартаж болохгүй.
- Хэнд ч болов инээмсэглэл бэлэглэж, бага боловч алиа хошин үг хэллэг цагийг нь олоод хэлдэг байх, хөгжилтэй, зоримог, жавхаатай байх
Эмэгтэйчүүд өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгодог байх нь хамгийн чухал өөрөөр хэлбэл хувь заяаныхаа эзэн байж, бусдын төлөө өөрийнхөө чаддаг зүйлийг хийх хэрэгтэй. Харин бусдын төлөө өөрийгөө хэзээ ч золиослож болохгүй. Эмэгтэйчүүд нэг зорилго, үзэл бодлыг сонгосон бол түүндээ тууштай байх ёстой. Тууштай хүнийг амьдрал өөрөө шагнадаг. Харин хүн өөрийн үнэт зүйл, үзэл бодлоосоо урвах нь хүний хувьд хамгийн гутамшигтай зүйл гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Хүн бүрт давуу тал, чадвар бий харин үүнийгээ зөв илрүүлэх хэрэгтэй.
В. Эмэгтэйчүүдийн шинэ дүр төрхийг бий болгох, соёлын мэдрэмжтэй байх
Шинэ хандлагад бид зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөх бус жендэр ба хөгжлийн явцад эр хүний мөн чанарын тухай авч хэлэлцэн “Хувийн амьдралын хүрээнээс хальж…” гэсэн ойлголтын талаар ярилцах ёстой.
Мөн соёл уламжлалын талаар ярилцах нь хүмүүс бие биетэйгээ хамтран амьдрах хэв шинжүүдийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг бөгөөд хөгжлийг ойлгох буюу түүнд хандах хандлагад нөлөөлдөг. Соёл, уламжлал зан заншил нь хүмүүсийн сонголт, амьдралын хэв маягт урт удаан хугацааны туршид нөлөөлсөөр ирсэн хэдий ч хүмүүс соёлыг байнга өөрчлөн, шинэ хэлбэрт оруулсаар байна.
Жендэрийн асуудлыг бодлогод тусгахад чадавхийг хөгжүүлэх үзэл баримтлал чухал байр суурийг эзлэж байна. Чадавхи гэдэг нь үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай чухал хүчин зүйл. Чадавхи нэмэгдүүлэх гэдэг нь үйл ажиллагааг гүйцэтгэх болон шийдвэр гаргахад оролцох, асуудалд хандах хандлагыг өөрчлөхөд зайлшгүй чухал юм. Чадавхижсан хүмүүс л системийн чадавхийг сайжруулж чадна. Чадавхи нь сайжирсан нийгэм, систем нь эргээд хүмүүсээ чадавхижуулж чаддаг.
Нэг. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн түншлэл Эмэгтэйчүүд улс төрд шинэ хандлага, үнэлэмжийг бий болгох нь зөвхөн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй ажиллаж тэднийг чадваржуулснаар хэмжигдэхээс гадна эрэгтэйчүүдийн бүлэг, тэдэнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд түргэн өөрчлөлт хийх боломжтой юм. Эрэгтэйчүүдтэй хамтран ажилласнаар тэдэнд өөрийн үзэл бодол, байр суурь, туршлагаас асуудалд дүн шинжилгээ хийх, эрэгцүүлэн бодох боломжийг олгох болно гэж үзэж байна.
Эрэгтэйчүүд нь хамтын ажиллагааны явцад эр хүн байх, эр хүний мөн чанар, хувь хүний хөгжлийнхөө талаар бодох болно. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүний онцлог, байгалийн төрх зан чанар, үнэ цэнийг мэдэрч, тэдэнд боломжуудыг бий болгох, түүнийг хүлээн зөвшөөрч байх нь эр хүнд байх мөн чанарын нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Жендэр ба эр хүний мөн чанартай холбоотой асуудлуудаар улс төрийн ойлголт ухамсрыг нэмэгдүүлэх болно.
Хоёр. Соёлын мэдрэмжтэй байх Соёл уламжлалд мэдрэмжтэй хандах арга зүй нь эрэгтэйчүүдийн хувьд жендэрийн тэгш байдал гэдэг нь өөр утгатай байдгийг хүлээн зөвшөөрүүлснээр бусад нийгмийн тулгамдсан асуудал, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтран ажиллах дэвшил гарна. Өнөөгийн шилжилтийн үйл явц нь жендэрийн тэгш байдлыг хангахад соёлын уламжлалт зан үйлийг эерэг байдлаар тайлбарлан, эмэгтэйчүүдийг чадваржуулснаар эцгийн эрхэт ёсыг өөрчлөн ардчилсан нийгэм дэх нийгмийн жендэрийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрүүлэх болно.
Соёл уламжлалын мэдлэгт суурилсан хандлагууд нь оновчтой бодлого боловсруулах боломжийг бүрдүүлж, хүний эрхийг хангахад шаардагдаг “соёлын бодлогыг” бүрдүүлдэг байна. Гэтэл зарим тохиолдолд уламжлалаар хүлээн зөвшөөрөгдсөн зарим зан үйлүүд, үг хэллэг нь хүний эрхтэй зөрчилдсөөр байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан үг хэллэг нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа талаар дурьдсан. Үүнийг л бид хамтдаа өөрчилж нийгэмд шинэ хандлага төлөвшүүлэх ёстой.
Соёл уламжлалд мэдрэмжтэй хандах арга зүй нь соёл уламжлалыг аливаа үйл ажиллагаанд үр дүнтэйгээр харгалзан үзэх арга хэрэгслэлийн хувьд хүмүүс тухайн нийгмийнхээ хүрээнд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа, яагаад тухайн сонголтыг хийх болсон талаар өргөн хүрээтэй эдийн засаг, улс төр, нийгмийн болон бусад хүчин зүйлийн дүр зургийг боловсруулахад тусалдаг.[1]
- Улс төр, нийгэм дэх шинэ хандлага, шинэ үнэлэмж ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах
А. Эмэгтэйчуүд нийгмийн асуудлаар мэргэших, асуудлыг шийдвэрлэх
Жендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь чухал алхам юм. Яагаад чухал байдаг вэ? Эмэгтэйчүүд хүний эрх, хүчирхийллийн эсрэг тэмцэх, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх талаар мэдлэг, мэдээллийг олж, ажиллах арга барил эзэмшснээр нийгэмд бий болсон тэгш бус байдлыг арилгахын төлөө хамтран ажиллах чадвар эзэмшдэг.
Эмэгтэйчүүд мэдээллээр дутмаг байх тусам өөрийн нөхцөл байдалд дасан зохицож түүнийг болж байна гэсэн нүдээр харж хүлээн зөвшөөрч хүлцэнгүй амьдарч эхэлдэг.
Нийгмийн тулгамдаж байгааа суудлуудыг шийдвэрлэхийн тулд тэдний оролцоог нэмэгдүүлэн, өөртөө итгэх итгэлийг бий болгон ажиллах нь чухал. Эмэгтэйчүүд чадваржин асуудлыг шийдэхэд оролцох, төрөөс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдэд нь жендэр мэдрэмжтэй үзэл баримталалыг бий болгохын төлөө ажиллах нь зөвхөн тэдний асуудал бус бөгөөд нийгмийг хөгжүүлэх, үр, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гүйцэтгэж байгаа үнэ цэнэтэй үүрэг хариуцлага юм.
Иймээс нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг ул суурьтай судлан дүгнэж, дараа нь засаж сайжруулах арга замыг тодорхойлох нь чухал. Эмэгтэйчүүд нь бүтээгч, шинэчлэх сэтгэлгээтэй хүмүүс учраас ярьж хэлэлцэж асуудлын учигийг тодорхойлж чадсан бол илүү өөрчилж, шинэчилж ажиллах цаг нь болжээ.
Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нь адил тэгш оролцоо, бусад хангагдах ёстой хүний эрхтэйгээр аюул заналгүй, хүчирхийлэлгүй үр хүүхдүүд, улс орны ирээдүйн төлөө асуудлыг шийдвэрлэж чадна. Асуудлыг шийдвэрлэх нь бусармаг үйлдлийг таслан зогсоож тунгалаг төр, хүний төлөөх нийгмийг бий болгож чадна.
Эмэгтэйчүүд өөрсдийн хамтран ажиллах мэргэжпийн багийг бүрдүүлэн аливаа асуудлыг бодлогын судалгаа, бусад баримт мэдээлэл дээр үндэслэн тайлбарлах, үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Ингэж ажиллаж чадвал илүү олон нийтэд хүрч, хөндөж байгаа асуудлыг шийдвэрлэх үр дүн нь харагдана.
Эмэгтэйчүүд дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн оюунжиж, нийгмийн шинэ шинэ салбаруудад өөрсдийн орон зайг эзлэх хэрэгцээ бидний өмнө ирээд байна. Жишээ нь: нийгмийн халамж үйчилгээ, эрүүл мэнд, боловсрол гэсэн уламжлалт салбаруудаас гадна мэдээлэл технологи, ноу-хау, биологиийн шинжлэх ухаан, улс орны аюулгүй байдал, энх тайванч бодлого, эдийн засгийн хямралаас гарах бодлого боловсруулах зэрэгт идэвхтэй оролцон мэргэших хэрэгтэй байна. Мөн улс үндэсний хэмжээнд эрчимтэй хөгжиж буй уул, уурхай, барилга, зам тээвэр, аялал жуулчлал гээд нийгмийн олон салбаруудад өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа сорьж өөрсдийгөө нээн харуулах нь зүйтэй. Өөрсдийн сонгон авсан сэдвээр олон нийтэд мэдээлэл мэдлэг түгээх зорилгоор хамтран баг болон ажиллаж, өөрсдийн сэдвүүдээр лекц унших аянг өрнүүлэн бүтээлч хандлагуудыг бий болгон ажиллавал илүү амжилтанд хүрнэ.
Бидний ирээдүй гайхамшигтай эмэгтэйчүүд бид бас гайхамшигтай.
Б. Эмэгтэйчүудийн нэр хүндийг нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй байх
Эмэгтэйчүүд улс төрд шинэ хандлага, үнэлэмжийг бий болгох нь эмэгтэйчүүдийн нэр хүнд хийсвэр бусаар өсөж, өөртөө улам итгэлтэй болохын сацуу олон нийтээс эмэгтэйчүүдэд илүү итгэл үзүүлэх хандлага бүрэлдэн бий болж төлөвшинө.
Бүхэлдээ үнэлэмж гэдэг нь зорилго тодорхойлох, үйл ажиллагааны арга, хэрэгслийн сонголт, түүнийг хэрэгжүүлэх дэс дараалал зэргийг нөхцөлдүүлсэн үзэл санаа, ойлголт болон нийгэм-сэтгэл зүйн нийлмэлийг хэлдэг. Тэгвэл бидний ярьж буй үнэлэмж нь ардчилалын үнэлэмжийг хэлжбайгаа юм. Ардчилсан үнэлэмж нь хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан түүнийг нийгэм, төрийн зүгээс хамгаалан баталгаажуулахад чиглэсэн арга хэрэгслэлийг тууштай баримтлахыг дэмжсэн нийгэм- сэтгэл зүйн цогц юм.[2]
Ардчилсан үнэлэмжийн илэрхийлэл нь хүний жам ёсны эрх, төрийн хязгаарлагдмал оролцоо, эрх баригчдыг чөлөөт сонгуулиар огцруулан солих, иргэдийн боломж, үзэл бодлоо хэнээс хамааралгүй илэрхийлэх эрх чөлөө, аливаа асуудлыг сонгосон төлөөллөөр уламжлан шийдвэрлүүлж болно гэсэн итгэл үнэмшил зэрэг болно. Шинэ үнэлэмжийг бий болгоход хүн бүр өөрийгөө хөгжүүлэн, өөрчлөх, чадваржуулах, өөртөө итгэлтэй байх нь чухал.
Өөрийгөө хөгжүүлэх нь нийгмийн харилцаанд өөрийгөө илэрхийлэх боломж бий болгох алхам юм. Өнөөдөрийн зах зээлийн нийгэмд, нийгмийн давуу талуудыг ашиглан өөрийн ажил, амьдралаа авч явах нь хувь хүний сэтгэлгээ, санаачлагаас ихээхэн шалтгаалдаг. Үүнд зохицон өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө нээхийг хэлж байгаа бөгөөд үүний тулд бид насан туршдаа суралцах ёстой.
Эмэгтэйчүүд өөрт байгаа боломж болон бусдад байгаа боломжуудыг зөв цаг алдалгүй нэгтгэн ашиглахад суралцах нь амжилтанд хүрэх гол хөшүүрэг болно.
В. “Эмэгтэй хүн-Нийгмийн хүн” шинэ имижийг бүрдүүлэх
Хорвоо ертөнц дээр хүн бүр өөр өөрийн гэсэн үнэлэмжтэй байдаг. Бусдад сайхан харагдах, тэдний дэмжлэгийг авах, итгэл, хүндэтгэлийг хүлээх, хайрыг даах, сайн сайхан бүхнээс таашаал авах зэрэг олон харилцаанд орохыг тулд хувийн имижийг зөв бүрдүүлэх шаардлагатай. Тэрхүү бий болгож чадсан имижээр таны цаашдын амжилт, үр дүн бүхэн шалтгаална.
Иймээс өөрийнхөө талаар бусдад ямар нэгэн тодорхой сэтгэгдэл төрүүлэх нь хүний ухамсарт далд болон гадаад төрхөөр тодорхойлогдоно. Хувь хүн имижээ хэрхэн бүрдүүлснээр бусдад таалагдаж тэднийг өөртөө татах эсвэл өөрөөсөө холдуулах сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр имиж бүрдүүлэх үндэс бол “Сэтгэгдэл төрүүлэх” урлаг юм.
Хүмүүсийн бие биендээ хандах хандлага, төрсөн сэтгэгдэл юун дээр үндэслэж үүсдэг вэ? Сэтгэл зүйн шинжлэх ухаанд тодорхойлсноор дараахь хоёр нөхцөл голлох үүрэгтэй байдаг байна. Үүнд:
- Тухайн хүний талаарх ямар нэгэн мэдээлэл дээр
- Эсвэл ямар ч мэдээлэлгүйгээр аяндаа бий болдог
Мэдээллийн үндсэн дээр бий болж буй сэтгэгдэл нь тухайн хүнтэй ойр дотно харилцах, эсвэл тэр хүнээс сэтгэл зүйн хувьд холдон зай барих хандлага бий болдог. Ийм имиж үүсэхэд нөлөөлж буй мэдээллийг хүлээж авах шинжээр нь
- Шууд шинжтэй мэдээлэл
- Шууд бус шинжтэй мэдээлэл гэж ангилан үздэг.
- Шууд мэдээлэл нь хүний өөрийн үйл ажиллагаа, сэтгэл санааны илрэл байдаг ба гол төлөв сэтгэцийн шууд холбоо тогтоох үед хүлээн авч буй мэдээлэл юм.
- Шууд бус мэдээлэл нь бусад хүмүүсээс харилцааны үйл явцад олж авч буй баримт, нотолгоо, сэтгэл санааны илэрхийлэл юм.
Сэтгэцийн шинж нь тухайн хүний зан ааш, темперамтент, оюун ухаан, мэдлэг боловсрол, тогтсон хандлага, соёл, ертөнцийг үзэх үзэл, санаа бодол юм.
Гадаад төрх байдалд бол тухай хүний нүүр царайны хэлбэр, үс засалт, хувцаслалт, дууны өнгө, будалт, бие авч яваа байдал зэрэг болно.
Таны дүр бол ТА хүрээлэн буй ертөнцөд харуулж буй Таны хөрөг юм. Энэ хөрөг чинь Таны эсрэг биш харин Таны төлөө үйлчилж байх ёстой” гэж америкийн судлаач Джеймс тэмдэглэсэн байдаг.
Эмэгтэйчүүд бид өөрсдийн онцлог байдалд тохируулан нэг л зүйлийг онцлон өөрийнхөө имижийг бүрдүүлж олно. Ер нь бол юу хийж чаддаг байна түүн дээрээ тулгуурлах ёстой. Бие даасан шинжтэй байх нь өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлнэ. Иймээс аливаа зүйлийг хийхдээ “Би чадна” гэсэн дотоод итгэл үнэмшилтэйгээр хийж байгаа зүйлдээ бүх сэтгэл, хүчээ зориулан ажиллаж чаддаг байх ёстой. Дараагийн алхам бол зорилгоо тодорхойлж, ажлаа сайтар нарийн төлөвлөж сурах хэрэгтэй. Сайн төлөвлөсөн ажил бол тавин хувь нь хийгдсэнтэй адил юм. Зорилгоо биелүүлж төлөвлөөгөө хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, саадыг даван туулж чаддаг чадварыг эзэмших нь зүйтэй. Өөртөө итгэлтэй байж өөрийн бодсон санасан зүйлээ бусдад ойлгуулах, хэлэхээс цааргалж хэзээ ч болохгүй гэдгийг санаж ажиллах ёстой. Асуудалд шийдэмгий байдлаар хандаж, маргааш гэдэг үгийг мартах хэрэгтэй бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндэлж сурах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхдээ шинэ гарц олж, өөрийн чадвараа бусдад хүртээх, бусдаас бас суралцаж ажиллах нь эмэгтэй хүнд шинэ үнэлэмжийг бий болгоход их нөлөөлнө. Эмэгтэйчүүд бид аливааг үргэлж бодит байдлаар харж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч асуудалд хувийн эрх ашиг, амбицийг урьтал болгож болохгүй гэдгийг санаж ажиллах нь бусдын итгэлийг хүлээн амжилтанд хүрч чадах юм.
Улс төрч болон манлайлагч эмэгтэйчүүд эгэл жирийн эмэгтэйчүүдээс өөрсдийгөө арай өөрөөр харж, өөртөө хатуу байж сурах нь зүйтэй. Эмэггэйчүүд өөрсдийн имижээ бүрдүүлэхдээ мэргэжлийн имижмейкэрээс зөвлөгөө авч ажиллахыг зөвлөж байна. Ихэнх эмэгтэйчүүд өөртөө хэт итгэлтэй бардам байснаас алдаж буй тохиолдол амьдрал дээр элбэг байна. Иймээс “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг үгийг санаж ажилладаг байх ба бусдад үзүүлэх нөлөөлөл чухал юм.
Эмэгтэйчүүд имижээ бүрдүүлэхдээ дуу хоолойныхоо өнгийг зохицуулахад суралцах шаардлагатай байдаг. Жишээ нь: хэт удаан ярьдаг бол ярианы дасгал хийж ярианы хурдаа бага зэрэг өөрчлөх, хурдан ярьдаг бол илүү дөлгөөн тайван ярих дасгал хийж ажиллах, хэт чанга дуугаар ярихгүй мөн хэт зөөлөн намуун ярихгүй байх г.м.
Мөн өнгөний зохицлын болон биеийн хэл болсон дохио зангааны талаарх мэдлэг, мэдээлэлээ нэмэгдүүлэх нь өөрийнхөө имижийг бүрдүүлэх, шинэ имижтэй болоход чухал нөлөө болно. Үсний засалтаа өөрчлөхөө мартаж болохгүй бөгөөд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажиллах нь амжилтанд хүрэх алхам юм.
Эмэгтэйчүүд хүлээн авалт, албан ёсны арга хэмжээнд оролцох бүртээ тэдгээр арга хэмжээний онцлог байдлыг урьдчилан сайн судалж өөрийнхөө хувцас болон бусад аксиссуар зохицуулан бэлтгэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд бид шинэ дүр төрхийг бий болгохын тулд хийсэн зүйлдээ бус хийж бүтээх зүйлдээ илүү их анхаарлаа төвлөрүүлэх, илүү ихийг бодох сэтгэж, ажиллах хэрэгтэй байна.
Өөртөө том зорилго тавьсан хүний бодол санаа агуу байдаг.
[1] Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь хууд-13
[2] Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь хууд-15