Шинэ толь №1, 1993
Түлхүүр үг: Сонгууль, Сонгуулийн систем, Сонгуулийн төв байгууллага, Мажоритари систем, Пропорциональ систем
Сонгууль буюу санал хураалтын замаар аль нэг байгууллагыг бүрдүүлэх аргыг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Эртний Грек, Ромын үед сонгууль хэрэглэгдэж байсан бөгөөд дундад зууны үед ч мөн сонгуулийн янз бүрийн хэлбэрүүд байсан. Гэвч нэг хүний хүчтэй засаглалтай нийгэмд сонгууль нь хэлбэрийн төдий шинж чанартай зүйл байсан бөгөөд XVIII зууны эцэс XIX зуунаас эхлэн сонгуулийн тогтолцоо өнөөгийн дүр төрхөө олж, дэлхийн улсуудад өргөн хэрэглэгдэх болсон юм.
Ардчилсан төрийн үндэс нь сонгууль байдаг. Төрийн эрх мэдэл ард түмний итгэл, зөвшөөрлөөс урган гардаг учир ардчилал хөгжсөн оронд төрийн байгууллагуудыг бүрдүүлэх гол арга нь сонгууль болдог юм. Төрийн төлөөллийн байгууллагыг сонгох асуудалтай холбогдон үүссэн нийгмийн харилцааны цогцыг сонгуулийн тогтолцоо хэмээн нэрлэдэг. Аль нэг орны сонгуулийн тогтолцоо нь уг орны түүхэн уламжлал, нийгмийн хөгжлийн болоод хүн амын улс төрийн боловсрол, соёлын түвшин, тухайн улсад оршиж байгаа улс төрийн дэглэм, улс төрийн хүчнүүдийн харьцаа зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч тус бүрийн онцлогтой байдаг байна. Сонгуулийн тогтолцооны чухал хэсэг нь бүх нийтийн сонгуулийн эрх бөгөөд сонгуулийн эрхийг сонгох эрх (сонгуулийн идэвхтэй эрх), сонгогдох эрх (сонгуулийн идэвхгүй эрх) хэмээн ангилдаг.
Манай оронд 1990 оноос өмнө сонгуулийн тогтолцооны тухай иргэдийн ойлголт тун бүдэг байлаа. Төржсөн нэг намын дарангуйллын тогтолцооны үед сонгууль нь ёс төдий явагдаж ирсэн бөгөөд МАХН-аас дэвшүүлэн гаргасан нэр дэвшигчдийн төлөө баяр ёслолын байдалтай саналаа бараг 100 хувь өгч байсан түүх саяхан билээ. Сонгуульд оролцохгүй байх, өөр хүний нэр дэвшүүлэх зэрэг сонгуулийн хамгийн энгийн эрхийг тунхаглал болгон зарласнаас биш хэрэгжүүлдэггүй байсан юм. 1990 онд чөлөөт, ардчилсан гэж хэлж болох сонгууль анх удаа явагдаж манай орны иргэд чөлөөт сонгууль гэж юу болохыг мэдэрсэн билээ.
СОНГУУЛИЙН ЭРХИЙН ҮНДСЭН ЗАРЧИМУУД
Хязгаарлалтууд. Тухайн орны хөгжлийн түвшин, улс төрийн нөхцөл байдал, уламжлалт ёс заншил онцлог зэргээс шалтгаалан иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хувьд янз бүрийн хязгаарлалт тавьж ирсэн бөгөөд эдгээрийн зарим нь одоо ч мөн нийтлэг хэрэглэгдсээр байна. Энэ тухай одоо ярилцъя.
- Тухайн нутагт оршин суусан хугацааны хязгаарлалтыг дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэдэг. Франц, Бельги зэрэг улсад тухайн нутагт 6 сараас доошгүй хугацаагаар оршин суусан иргэн сонгуульд оролцох эрх олж авдаг. Манай улсад сонгох эрхийн хувьд хязгаарлалт тавьдаггүй бөгөөд харин сонгогдох эрхийн хувьд хязгаарлалт бий. Үндсэн хуульд зааснаар сүүлийн таваас доошгүй жилд эх орондоо байнга оршин суусан иргэн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болдог.
- Насны хязгаарлалтыг олон оронд өргөн хэрэглэдэг байна. Дэлхийн ихэнх улсад 18 нас хүрсэн иргэн сонгох эрхтэй болдог бөгөөд Япон, Швейцарид 20 наснаас, Грек, Туркэд 21 наснаас сонгуульд оролцох эрх олж авдаг. Сонгогдох эрхийн хувьд олон оронд энэхүү насны хязгаарлалт өндөр байдаг байна. Манай улсад 25 нас хүрсэн иргэн УИХ-ын гишүүнд, 45 нас хүрсэн иргэн ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байдаг.
- Боловсролын хязгаарлалтыг XIX зуунд өргөн хэрэглэж байв. Дэлхий нийтийн хөгжлийн түвшин, шинжлэх ухаан техникийн хувьсгалтай холбогдон одоо үед энэ хязгаарлалт бараг үгүй болсон бөгөөд Колумби зэрэг зарим нэг оронд сонгуульд оролцохын тулд бичиг үсэг мэддэг байх шаардлага тавьсан байна.
Үүнээс гадна эд хөрөнгө, хүйс, арьсны өнгөний хязгаарлалтуудыг хэрэглэж байсан. Гэвч эдгээр нь одоо үед бараг устаж үгүй болжээ. 1992 оны байдлаар зөвхөн ӨАБНУ-д хар арьстнууд, Кувейтэд эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхгүй хэвээр байна.
Шууд ба шууд бус сонгууль. Сонгууль нь дотроо шууд ба шууд бус гэж хуваагдана. Сонсогч тухайн нэр дэвшигчийн төлөө шууд саналаа өгөхийг шууд сонгууль гэнэ. Нэр дэвшигчийг сонгох эрх бүхий төлөөлөн сонгогчийг сонгохоор санал өгөх сонгуулийг шууд бус гэнэ.
Төлөөлөн сонгогчийг өөрийн үүргээс нь хамааруулан хоёр бүлэгт хувааж болох юм. Нэгдүгээрт, тухайн төлөөлөн сонгогч зөвхөн нэг албан тушаалтныг л сонгох үүрэгтэй байдаг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох төлөөлөн сонгогч нь зөвхөн ерөнхийлөгчийн сонгохоор санал өгөөд л үүрэг нь дуусдаг. Хоёрдугаарт, төлөөлөн сонгогчийн нэр дэвшигчийг сонгох үүрэг нь үндсэн үүргийн нэг хэсэг болсон өөр албан тушаалтан байж болно. Манайд байсан АИХ-ын депутатуудын үүрэгт ажил байсан авч тэд ард түмнийг төлөөлөн ерөнхийлөгчийг сонгох эрхтэй байсан билээ.
Шууд сонгуулийг дэлхийн ихэнх оронд парламент болон ерөнхийлөгчийг сонгоход хэрэглэдэг. Манай улсад мөн адил Улсын Их Хурал, ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгож байна. Шууд бус сонгуулийг нэлээд орны ерөнхийлөгчийн сонгууль болон хоёр танхимтай парламент бүхий зарим улсын парламентын дээд танхимыг сонгоход хэрэглэж байна. Шууд бус сонгуулиар ерөнхийлөгчөө сонгодог орнууд гурван янзын хувилбар хэрэглэдэг.
А) Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Энэ хувилбарыг манай оронд хэрэглэж байсан бөгөөд Израйль, Грект хэрэглэгдэж байна.
Б) Парламентын гишүүд ба орон нутгийн засаг захиргааны байгууллагын албан тушаалтнууд, төлөөлөгчид оролцсон бүрэлдхүүнээс ерөнхийлөгчийг сонгох аргыг Энэтхэг, Герман зэрэг улсууд хэрэглэдэг.
В) Төлөөлөн сонгогчдоос ерөнхийлөгчийг сонгох аргыг АНУ болон Финляндад хэрэглэж байна.
Санал хураах журам. Дэлхийн бүх улс сонгуулийг нууц санал хураалтын хэлбэрээр явуулж байна. Сонгуулийг ихэнх улс оронд санал хураах хуудасны тусламжтай явуулдаг. Санал хураах хуудсыг улс бүр өөр өөрийн онцлогт тохируулан янз бүрээр хэвлэдэг бөгөөд зарим улсад санал хураах хуудсыг төр нь хэвлүүлдэггүй, сонгуульд оролцож буй намууд энэ ажлыг хариуцдаг ажээ. Санал өгөх хуудсанд намын харъяаллыг тэр болгон бичдэггүй. Тухайлбал, Канадад нэр дэвшигчийн хаяг, мэргэжлийг бичдэг.
Нэр дэвшүүлэх журам. Сонгуульд нэр дэвшүүлэх журам орон бүхэнд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Дэлхийн ихэнх оронд улс төрийн намууд нэр дэвшүүлдэг боловч намыг нэр дэвшүүлэх эрхтэй хуулийн этгээд болгон хуульчилсан улс харьцангуй цөөхөн байдаг юм. Голдуу нэг иргэн буюу бүлэг иргэнд нэр дэвшүүлэх эрх олгосон байдаг.
Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар улс төрийн намуудыг нэр дэвшүүлэх эрхтэй хуулийн этгээд болгон хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд “зөвхөн парламентад суудалтай улс төрийн намууд” гэсэн хязгаарлалт тавьсан байдаг. Мөн өөрийн нэрээ дэвшүүлэх эрх олгосон байна.
Нэг буюу бүлэг иргэд нэр дэвшүүлэх тохиолдолд шаардагдах сонгогчийн тоог ихэнх оронд тогтоож өгсөн байдаг. Франц, Японд нэр дэвшүүлэх мэдэгдэл дээр нэг хүний гарын үсэг байхад хангалттай бол Австралид арваас дээш хүн, Бельгид 200-500 хүн гарын үсэн зурсан байх шаардлагатай байдаг ажээ. Манай улсад 801-ээс дээш тооны сонгогчдын гарын үсэг цуглуулсан бол Улсын Их Хурлын гишүүнд иргэд бие даан нэрээ дэвшүүлж болно. Ийнхүү өндөр хязгаарлалт тавьсан нь манай нийгэм өөрийн гэсэн дүр төрхөө олж чадаагүйтэй холбоотой.
Сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах. Сонгогчдыг бүртгэх, нэрсийн жагсаалт гаргах албан ба чөлөөт гэсэн 2 төрлийн бүртгэлийн системийг хэрэглэж байна. Чөлөөт бүртгэлийн системд сонгогч өөрөө хүсвэл ирж бүртгүүлдэг. Энэ нь байнгын ба байнгын бус гэсэн 2 хувилбартай.
Байнгын бүртгэлийн системтэй үед тухайн иргэн нэг удаа бүртгүүлсэн бол нас барах, өөр газар шилжих, сонгуулийн эрхээ алдахаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтнаас хасагддаггүй. Энэ системийн АНУ-ын ихэнх мужид хэрэглэж байна. Байнгын бус системтэй үед сонгогч сонгууль бүрийн өмнө ирж шинээр бүртгүүлдэг журамтай. Энэ системийг Өмнөд Америкийн орнууд гол төлөв хэрэглэж байна.
Европ, Азийн ихэнх оронд албан бүртгэлийн системийг хэрэглэж байна. Энэ нь сонгогчийг сонгуульд оролцох хүсэлтэй эсэхээс нь үл хамааран сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэж авна гэсэн үг юм. Албан бүртгэлийн систем нь дотроо мөн байнгын ба байнгын бус гэсэн 2 төрөлтэй. Байнгын гэдэг нь сонгогчдыг нэг удаа жагсаалтанд бүртгэж аваап уг жагсаалтаа тодорхой хугацаанд шинэчилж байдаг. Шинэчлэх хугацаа нь Англи, Итали зэрэг оронд 1 жил, Бельгид 2 жил тутам байх жишээтэй.
Байнгын бус систем нь сонгууль бүрийн өмнө сонгууль хариуцсан байгууллагаас эрхлэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргадаг юм. Манай улсад энэ системийг хэрэглэж байна.
Эрх тэгш байх зарчим. Дараах гурван нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд сонгуулийн тэгш байдал хангагддаг. Үүнд:
- Сонгогч бүр адил тооны (голдуу нэг санал) санал өгөх эрхтэй байх
- Бүх сонсогчид адил тэгш үндсэн дээр сонгох
- Төлөөлөгч (депутат) бүр ижил тооны иргэдийг төлөөлөх ёстой.
Эхний 2 нөхцөлд өнөө үед бараг бүх улсад хангагдсан гэж хэлж болно. Зөвхөн ӨАБНУ-д саяхан болтол 2 дахь нөхцөлийг зөрчсөн сонгуулийн зарчим байсан. Тус улсын цагаан арьстан иргэд 50 депутат, омгийн анхдагч нар 8 депутат, эрх мэдэл, өмч хөрөнгө бүхий африк гаралтай иргэд 8 депутат сонгодог хуультай байсан юм.
Депутат бүр ижилхэн тооны иргэдийг төлөөлөх ёстой гэсэн гурав дахь нөхцөл тэр болгон хангагдаж чаддаггүй. Энэ нь сонгуулийн тойргийг зохион байгуулах асуудалтай холбоотой юм. Ер нь дэлхийн практикт сонгуулийн тойрог байгуулах гурван үндсэн хэлбэр байдаг:
А) нэгдсэн нэг тойрог;
Б) олон мандаттай тойрог;
В) нэр мандаттай тойрог;
Нэгдсэн нэг тойрог хэлбэрийг хэрэглэдэг оронд улс бүхэлдээ ганц тойрог болдог бөгөөд парламентын гишүүнд нэр дэвшигсдийн бүгдийг саналын хуудсанд жагсаан бичиж сонгогчид тэдний төлөө саналаа өгдөг. Энэ хэлбэр нь нөлөө бүхий цөөн тооны том намуудтай жижиг улсад тохиромжтой бөгөөд дэлхий нийтэд тэр болгон өргөн хэрэглэгддэггүй. Одоогоор Израйл, Монако, Нидерланд, Парагвай гэсэн 4 улсад ийм тойргийн хэлбэрийг хэрэглэж байгаа юм.
Олон мандаттай болон нэг мандаттай тойргийн хэлбэрийг бид бүгд өөрийн орны туршлага дээр сайн мэднэ. 1992 оны УИХ-ын сонгуулийн тойргийг олон мандаттай тойргоор явуулсан бөгөөд түүнээс өмнөх сонгуулиуд бүгд нэг мандаттай тойргийн зохион байгуулалтаар явж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 52 орон нэг мандаттай тойрог, 18 орон холимог хэлбэрийн тойрог, бусад нь олон мандаттай тойргийн хэлбэрийг хэрэглэж байна.
Одоо депутат ижилхэн тооны иргэдийг төлөөлөх зарчмын тухай ярилцья. Зам харилцаа, нутаг дэвсгэрийн болоод үндэстний байршил, хүн амын суурьшлын нягтрал зэргээс шалтгаалан дээрх зарчмыг төгс биелүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс зарим улсын сонгуулийн хуулинд нэг тойрогт ногдох хүн амын дундаж тооноос хазайх хязгаарыг нь зааж өгдөг юм. Германд энэ хязгаар нь 35%-аас, Англид 25%-аас хэтрэхгүй байхаар тогтоосон хуулийн заалт бий. Дээрх зарчмыг нарийн чанд биелүүлэх бололцоогүй байдлыг нам, улс төрийн бусад хүчин ашигладаг бөгөөд ийм аргыг “сонгуулийн геометрийн арга” гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, засгийн эрхийг барьж буй нам өөрийгөө дэмждэг нутагт аль болох дэмжлэг муутай газартаа цөөн тойрог зохион байгуулах замаар юм уу, өөрийгөө дэмждэггүй хүн амын хэсгийг хэд хэдэн тойрогт таслан хуваах өөрийн намаа дэмждэг олонхид нийлүүлэх замаар олонхийн санал авах бололцоотой болдог. МАХН 1990 оны сонгуулиар энэ аргыг чадмаг ашигласан. Тэд ардчилсан хүчнүүд дэмжлэг авах бололцоотой байсан Улаанбаатар хотыг арав арван мянган хүнтэй харьцангүй цөөн тойрогт хуваасан атлаа өөрсдийн дэмжлэг авах бололцоотой байсан хөдөө орон нутагт гурваас дөрвөн мянган хүнтэй тойргуудыг байгуулж байсныг бид мэднэ.
Сонгуулийн үр дүнг тодорхойлох. Дэлхийн практикт сонгуулийн үр дүнг тодорхойлох мажоритар ба пропорционал гэсэн хоёр үндсэн систем хэрэглэгдэж байна. Мөн энэ 2 төрлийн системийг янз бүрээр хослуулсан хувилбарыг дэлхийн олон оронд хэрэглэдэг.
- Пропорционал систем. Тухайн намд сонгогчдоос авсан саналыг харгалзан суудлыг хуваарилдаг систем юм. Мажоритар системийг бодвол тухайн орны доторх улс төрийн хүчний харьцааг илүү бодитойгоор тусгадаг. Пропорционал системээр сонгууль явуулахдаа голдуу нэрсийн жагсаалтаар бүхэлд нь санал хураадаг юм. Нэг депутатыг сонгоход шаардлагатай саналыг тоог сонгуулийн квот гэж нэрлэдэг. Сонгуулийн квотыг тодорхойлох олон арга байдаг. Сонгуулийн квотыг тодорхойлох хамгийн энгийн арга нь нийт саналын тоог суудлын тоонд хувааж гаргах арга юм. Тухайлбал, сонгуулийн аль нэг тойрогт 80 мянган санал өгсөн бөгөөд энэ тойрог нь 5-16 мянган санал болно. Мөн тойрог бүр дээр ийнхүү тус бүрд нь тодорхойлохгүйгээр нийт улсын хэмжээгээр нэгдсэн нэг хэмжээг тогтоож өгч болно.
Пропорционал системийг хэрэглэх үед хамгийн төвөгтэй асуудал нь үлдэгдэл саналыг хуваарилах явдал байдаг юм. Дээр авсан жишээн дээр үзье. 80 мянган саналаас А нам 27 мян, Б нам 23 мян, В нам 15 мян, Г нам 7600, Д нам 7400 санад тус бүр авсан гэж бодье. Сонгуулийн квот 16 мянга учир А, Б намууд тус бүр нэг суудал гарцаагүй авна. Үүний дараа үлдсэн 48 мянга санал ногдох 3 суудлыг хэрхэн хуваарилах вэ гэсэн асуудал тулгарна. Үлдэгдэл саналыг хуваарилах зарим аргаас авч үзье. “Хамгийн их үлдэгдлийн” арга гэдэг нь хамгийн их санал авсан намуудад үлдэгдэл саналыг хуваарилж суудал өгөх арга юм. Бидний жишээнд 8 нам 15 мянга А нам 11 мян, Г нам 7600 үлдэгдэл саналтай байгаа учир үлдсэн 3 суудал энэ 3 намд ногдоно. Ийнхүү А нам -2, Б нам-1, В нам-1, Г нам-1 суудалтай болно.
Өөр нэг арга нь “хамгийн их дунджийн” буюу Д.Ондтын арга юм. Энэ аргаар нам бүрийн авсан саналыг 1,2,3 гэх мэтээр тухайн тойрогт ногдож буй суудлын тоотой тэнцүү тоо хүртэл хуваадаг. Дээрх жишээн дээр авч үзье.
Намууд | А | Б | В | Г | Д |
1 | 27000 | 23000 | 15000 | 7600 | 7400 |
2 | 13500 | 11500 | 7500 | 38 | 3700 |
Гэх мэтээр 5 хүртэл хуваана. Ингэж хуваагаад гарсан тоонуудад буурах дарааллаар нь байрлуулдаг.
27000, 23000, 15000, 13500, 11500, 7600 г.м
Энэхүү жагсаалтыг эхнээс нь дугаарлахад уг тойрог дахь мандатын тоотой тэнцүү душаар бүхий тоо нь ерөнхий хуваагч болдог. Бидний жишээн дээр энэ нь 5-р тоо буюу 11500 болох юм. Ингээд одоо суудлаа хуваарилна.
А нам | 27000:11500 | 2 суудал |
Б нам | 23000:11500 | 2 суудал |
В нам | 15000:11500 | 1 суудал |
Хамгийн их үлдэгдлийн аргаар суудал хуваарилахад Г намд нэг суудал ногдож байсан бол дээрх аргаар суудал хуваарилахад Г нам суудалгүй үлдэж байна.
Зарим оронд парламентад суудал авах саналын доод хэмжээг тогтоосон байдаг. Аль нэг нам сонгуулийн квотын хэмжээнд хүрэхүйц сонгогчдын санал авч чадсан хэдий ч уг эрх олж авах хэмжээнд хүрэхүйц санал авч чадаагүй бол суудалгүй үлдэнэ гэсэн үг. Тухайлбал, Израйлд энэ хэмжээ 1%, Шведэд 4%, Германд 5% байх жишээтэй. Ийм тохиолдолд жижиг намууд шахагдан парламентад суудалгүй хоцордог ажээ. Пропорционал систем хэрэгжиж байгаа үед намууд эвсэл байгуулж сонгуульд оролцох нь тэдний авах суудлын тоог нэмэгдүүлэх боломж олгодог юм. Ер нь пропорционал систем нь намуудыг нэгдэх процессыг түргэсгэдэг гэж хэлж болно. Ойролцоо чиг зорилготой олон жижиг намууд бүхий энэ системийг манай оронд хэрэглэх нь улс төрийн нөлөө бүхий том намуудыг бий болгох, улмаар улс төрийн байдлыг тогтворжуулах ач холбогдолтой юм.
- Мажоритар систем. Энэ нь тухайн тойрогт олонхийн санал авсан нэр дэвшигч сонгуульд ялдаг систем гэж ерөнхийд нь томъёолж болно. Дотроо харьцангуй олонхи ба үнэмлэхүй олонхийн гэж хуваагддаг. Тухайн тойрогт авсан саналын эзлэх хувь нь ямар байхаас үл шалтгаалан олонхийн санал авсан нэр дэвшигч сонгогддог системийг харьцангуй олонхийн саналаар сонгогдох систем гэж нэрлэдэг. Энэ нь АНУ, Канад мөн манай улсад парламентыг сонгоход хэрэглэгддэг бөгөөд сонгогчдын бодит хүсэл тэмүүллийг тусгаж чаддаггүй бүдүүлэг систем юм. Жишээ авья. 10 мянган сонгогчтой нэг мандаттай сонгуулийн тойрогт таван өөр намаас тус бүр нэг хүн нэр дэвшилээ гэж саная. Эхний хүн 3500, хоёрдугаар хүн 2500, гуравдугаар хүн 2000, дөрөвдүгээр хүн 1500, тавдугаар хүн 500 сонгогчийн санал авчээ. Энэ тохиолдолд 1-р хүн тойргийн нийт сонгогчийн ердөө л 35%-н санал авсан боловч ялж гарч ирнэ. 1992 оны УИХ-ын сонгууль энэ системээр явагдсан бөгөөд үр дүнд сонгогчдын 40%-н санал авсан ардчилсан хүчнүүд УИХ-д ердөө л 6%-н төлөөлөгчтэй үлдсэн юм.
Үнэмлэхүй олонхийн саналаар сонгогддог систем нь арай илүү боловсронгуй бөгөөд энэ нь сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч сонгуульд ялна гэсэн үг. Энэ систем нь голдуу ерөнхийлөгчийг сонгоход хэрэглэгдэж байна. Францын ерөнхийлөгчийг энэ системээр сонгодог бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийг удахгүй бид мөн энэ системээр сонгох болно.
Пропорционал системийг хэрэглэх үед нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тооцдог бол мажоритар системд зөвхөн олонхийг авсан нэр дэвшигчийн төлөө өгсөн санал тооцогддог бөгөөд бусад санал огтхон ч хамаагүй болдог юм. Мажоритар систем нь улс төрийн хүчний харьцааг тусгах нь бүү хэл түүнийг танигдахгүй болтол гажуудуулдаг.
Практик дээр хүн амын ихээхэн хэсгийн саналыг үл тоомсорлодог учир мажоритар систем нь иргэдийн сонгуулийн эрхийг хязгаарладаг гэж хэлж болно. Мажоритар системийн өөр нэг том дутагдал нь сонгогчдын саналд уг систем өөрөө нөлөөлдөг явдал юм. Аль нэг жижиг намыг дэмждэг сонгогчийн уг намын төлөө өгсөн санал нь тэртэй тэргүй тооцогдохгүй учраас сонгогч арай дээр хэмээн тооцож буй ялах боломжтой өөр намын төлөө санал өгөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг байна.
Мажоритар системийг дэлхийн практикт голдуу мандаттай тойрогт хэрэглэдэг. Гэвч олон мандаттай тойрогт хэрэглэгдэх нь цөөнгүй бөгөөд энэ тохиолдолд сонгуулийн дүн бүр илүү гажууддаг ажээ. Жишээ авья. Тус бүр 100мянган сонгогчтой нэг мандаттай 3 тойрог А, Б, В намууд өрсөлджээ.
№ | 1-р тойрог | 2-р тойрог | 3-р тойрог |
А нам | 60 | 55 | 40 |
Б нам | 30 | 40 | 51 |
В нам | 10 | 5 | 9 |
1 ба 2-р тойрогт А намын нэр дэвшигч, 3-р тойрогт Б намын нэр дэвшигч ялж гарсан байна. Хэрвээ энэ 3 тойргийг нэгтгээд олон мандаттай болгочихвол дээрх харьцаа яаж өөрчлөгдөхийг харая.
А нам 155 Б нам 121 В нам 24
Энэ тохиолдолд А нам бүх 3 суудлыг авч Б нам суудалгүй хоцорно.
Сонгууль эрхлэн явуулах байгууллагууд. Дэлхийн ихэнх оронд сонгуулийг эрхлэн зохион байгуулдаг байгууллагууд байдаг. Манай зууны эхэн үед эдгээр сонгууль эрхэлдэг байгууллагууд нь голдуу олон нийтийн төлөөлөгчдөөс бүрддэг байсан бол сүүлийн жилүүдэд мэргэжлийн хүмүүсээр уг байгууллагыг бүрдүүлэх хандлага давамгайлах болов. Сонгууль эрхлэн явуулдаг байгууллагыг дотор нь гурван үндсэн түвшинд хувааж үздэг.
- Нийт орон даяар сонгуулийн бэлтгэл ажлыг хангах сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй сонгуулийн төв байгууллага.
Дэлхий нийтэд сонгууль хариуцсан энэхүү төв байгууллагыг үндсэн 3 хэсэгт хувааж болно.
А.) Аль нэг яам буюу төрийн байгууллагад сонгууль эрхлэн явуулах үүргийг давхар хариуцсан байдаг. Тухайлбал, Англи, Франц, Итали зэрэг оронд сонгуулийг дотоод хэргийн яам эрхлэн явуулдаг.
Б.) Зөвхөн сонгууль явагдах үеэр үйл ажиллагаагаа явуулдаг байнгын бус ажиллагаатай, голдуу засгийн газрын буюу түүний харьяа байгууллагын ажилтнуудаас бүрддэг сонгуулийн төв комисс дэлхийн нэлээд оронд ажилладаг. Герман, Австри зэрэг улсад ийм маягийн сонгуулийн төв байгууллага бий.
В.) Байнгын ажиллагаатай, орон тооны ажилтнуудтай, аливаа нэг байгууллагаас хараат бус бие даасан сонгуулийн төв комисс ажилладаг улс нэлээд бий. Тухайлбал, БНСУ, Энэтхэг зэрэг улсад ийм комисс ажилладаг бөгөөд зарим оронд комиссын дарга, ажилтнууд намын харьяалалгүй байдаг.
Манай улсын сонгуулийн Төв хорооны дарга, нарийн бичгийн дарга нар нь хэдийгээр орон тоогоор ажилладаг боловч бусад ажилтнууд нь орон тооны бус байдаг, бие даасан байдал нь бүрэн хангагдаагүй зэрэг шалтгааны улмаас хоёр дахь төрийн сонгуулийн төв байгууллагын хэлбэртэй илүү ойр юм.
- Сонгуулийн тойрогт санал хураалт зохион байгуулж санал хураалтын үр дүнг тодорхойлох үүрэгтэй сонгуулийн тойргийн байгууллага. Мөн энэхүү байгууллага нь дэлхийн улс оронд үндсэндээ гурван янз байдаг.
а) тойргийн байгууллагын үүргийг томилогдсон сонгуулийн бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлдэг. Англи, Канад зэрэг улсуудад ийм систем бий;
б) орон нутгийн албан тушаалтан, депутатууд, шүүгч зэргээс бүрдсэн байнгын шинж чанартай тойргийн комисс Франц, Итали зэрэг оронд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан албан тушаалтнуудын ажлын чиг үүргийн нэг хэсэг нь сонгуулийн тойргийн комиссын ажилд оролцох явдал байдаг;
в) том намуудын төлөөлөгчдийг оролцуулан бүрдүүлсэн, голдуу засаг захиргааны аль нэг албан тушаалтан ахалсан тойргийн комиссууд нэлээд оронд ажилладаг. Манай орны сонгуулийн тойргийн комисс мөн ийм шинж чанартай юм.
- Санал хураалтыг гардан явуулж, дүнг нь гаргах үүрэгтэй хэсгийн сонгуулийн байгууллага
Дэлхийн ихэнх оронд хэсгийн комиссыг нийтлэг зарчмаар байгуулдаг бөгөөд голдуу орон нутгийн ажилтнууд, иргэдийн төлөөлөгчдөөс бүрдүүлдэг байна. Манай оронд ч мөн адил юм.