С. Галбадрах
/ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Доктор (Рh.D), дэд профессор/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: албан бус сектор, ажиллах нөхцөл, санал зөвлөмж, төрийн байгууллага
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Манай нийгэмд албан бус сектор нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон арван мянган ажиллагсад бүхий эдийн засгийн өргөн цар хүрээг хамарсан томоохон сектор болжээ.
Албан бус сектор гэдэг нь ихэнхдээ бүртгэл, татвар, хуулийн зохицуулалтаас гадуур, далд эдийн засгийн чанартай, тогтворгүй шинжтэй байнгын бус үйл ажиллагаа явуулдаг, ажлын нөхцөл, нийгмийн хангамж муутай сектор юм. Энэхүү секторт ажиллагсдад шил түүгчдээс эхлээд лангуу түрээслэгчид, хувиараа ашигт малтмал олборлогчид гээд цаашилбал хэд хэдэн хүн хөлслөн ажиллуулдаг бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэгчид гэхчлэн эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээгээрээ ялгаатай олон янзын бүлэг хүмүүс багтана.
Албан бус секторт ажиллагсдын тооны талаарх мэдээллийг янз бүрийн эх сурвалжуудаас шүүж үзэхэд мал аж ахуй эрхлэгчдийг оруулахгүйгээр ажиллагсдын тоо 126 мянгаас 160 мянгын хооронд хэлбэлзэж байна. Үүнээс үзэхэд тооны хувьд төрийн албанд ажиллагчдын тоотой үндсэндээ дүйцэхүйц (төрийн албан хаагчдын тоо 2009 оны байдлаар 144100 байгаа) болжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 223900 хүн сайн дураараа эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаагаас үзэхэд энэ тоо үндэслэлтэй байж болох нь харагдаж байна.[1] Судалгаанаас үзэхэд албан бус секторын хэмжээ ДНБ- ний 24-30%-тай тэнцүү байж болохоор байна. 2000 онд явуулсан судалгаагаар албан бус секторын хэмжээ хөгжиж буй орнуудад ДНБ-ний 41%, шилжилтийн эдийн засаг бүхий улс орнуудад 38%, өндөр хөгжилтэй улс орнуудад 18%-ийг эзэлж байжээ.[2]
Ийнхүү ихээхэн өргөн хүрээг хамран ард иргэдийн амьжиргааны салшгүй нэг эх үүсвэр болсон албан бус секторын төлөв байдлыг Дархан-Уул аймгийн хэмжээнд төлөөлүүлэн судалсан судалгааг 2010 оны 11-р сард ГТХАН-ийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно. Дархан-Уул аймагт албан бус секторт үйл ажиллагаа явуулж буй 300 хүнээс үйл ажиллагааны үндсэн чиглэл, орлогын түвшин, төрөөс үзүүлж буй үйлчилгээ зэрэгтэй холбоотой мэдээлэл авах зорилгоор 27 асуулт бүхий асуулга авлаа. Мөн төрийн байгууллагуудаас албан бус секторт үйл ажиллагаа явуулдаг иргэдтэй холбоотой мэдээ, материалыг цуглуулж дүн шинжилгээ хийсэн болно.
Судалгаанд хамрагдагсдын 39%-ийг жижиглэн худалдаа эрхлэгчид, 21%-ийг үйлчилгээ ба засварын үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, 13%-ийг ченж буюу зуучлан борлуулагч бүрдүүлж байгаа нь хамгийн их хувийг эзэлж буй салбарууд болж байна. Энэхүү судалгаанд хамрагдагсдын 12% буюу 36 хүн нь давхар үйл ажиллагаа эрхлэгчид байна. (2004 онд улсын хэмжээнд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд хувиараа хөдөлмөр эрхлэлтийг эдийн засгийн салбарын бүтцээр нь авч үзвэл худалдааны үйл ажиллагаа, түүний дотор бөөний ба жижиглэнгийн худалдаа, засвар үйлчилгээ нийлээд албан ба албан бус сектор дахь нийт хувиараа хөдөлмөр эрхлэлтийн 50%-ийг эзэлж байгааг тогтоосон байдаг). Зураг 1-д санал асуулга авсан салбаруудын ангиллыг харууллаа.
Зураг 1. Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
Судалгааны сонирхол татахуйц зарим үр дүнгээс толилуулъя. Үүнд:
- Албан бус секторын бизнесийн үйл ажиллагаа.
Таны бизнесийн үйл ажиллагаа тогтмолжсон уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 44% нь тийм, 24% нь үгүй, 32% нь улирлын чанартай гэж хариулжээ. Үүнээс үзэхэд нийт ажиллагчдын 56% нь бизнесийн үйл ажиллагаа тогтмолжоогүй эсвэл улирлын чанартай ажил эрхэлдэг гэж хариулсан нь энэ секторын үйл ажиллагааны тогтвортой бус байдлыг илэрхийлж байна. Судалгаанаас үзэхэд үйл ажиллагаа нь урт хугацаанд тогтвортой үргэлжилдэг салбарт жижиглэн худалдаа, хүнсний үйлдвэрлэл багтаж байгаа бол ашигт малтмал олборлолт, хөлсний ажилчин зэрэг салбарт ажиллагчдын дунд шилжилт хөдөлгөөн өндөр байдаг байна.
Албан бус сектор дахь сүүдрийн үйл ажиллагааны эдийн засгийн үр дагавар нь тухайн секторт орж, гарах боломжийн хэмжээнээс хамаардаг. Энэ зорилгоор өмнө нь еөр ямар нэгэн албан бус секторт ажиллаж байсан уу гэсэн асуултад нийт оролцогчдын 38% нь тийм, 62% нь үгүй гэж хариулжээ. Өмнө нь өөр албан бус секторт ажиллаж байсан байдал ашигт малтмал олборлолт, хөлсний ажилчин, ченж буюу зуучлан борлуулагчдын дунд түгээмэл байна. Нийт оролцогчдын 48% нь (Хэд хэдэн хүн удирдаж тогтмол ажиллуулдаг гэж 12%; шаардлагатай үед хүн хөлсөлж ажиллуулдаг гэж 25%; албан бус секторт ажилладаг хүний удирдлагад дор ажилладаг гэж 11% нь хариулсан үзүүлэлтүүдийн нийлбэр) буюу бараг тал орчим нь дангаараа бие даан ажилладаггүй байна. Энэ нь албан бус секторын бизнес хамтын шинжтэй байгаагийн илэрхийлэл юм. 2004 онд явуулсан судалгаагаар албан бус секторт үйл ажиллагаа явуулагч өрхийн аж ахуйн ажиллагсдын дундаж тоо нь 2,3 байжээ.[3]
- Бизнесийн санхүүгийн үзүүлэлтүүд ба санхүүжилт
Судалгааны өгөгдөл дэх бизнесийн сарын дундаж ашгийн интервалыг бага, дундаас доогуур, дунд, дундаас дээгүүр, өндөр гэж 5-н түвшинд хуваан үзэв. Ингэхдээ улсын хэмжээний ажиллагсдын сарын дундаж цалин болох 300 мянган төгрөгийг дундаж үзүүлэлт болгон авч үүнээс дээш болон доош тус бүр 2 шатлалаар тус тус бүлэглэв. Салбаруудын дүнгээр 46% нь бага ба дундаас доогуур, 43% нь дунд ба дундаас дээгүүр, 10% нь өндөр ашигтай салбарууд байна. Тухайлбал, өндөр буюу сарын 1 саяас дээш төгрөгийн ашигтай гэж 10% нь хариулснаас ийм хариулт зонхилж байгаа салбаруудад ашигт малтмал олборлолт 16%, нийтийн хоол 16%, ченж буюу зуучлан борлуулагч 12%-тай тус тус багтаж байна. Судалгаанаас үзэхэд эргэлтийн хөрөнгө шаарддаггүй ба бага шаарддаг салбарт хөлсний ажилчин, хувиараа ашигт малтмал олборлолт орж байгаа бол өндөр шаарддаг салбарт худалдааны салбарууд багтаж байна. Корреляцийн шинжилгээнээс үзэхэд эргэлтийн хөрөнгө, бизнесийн ашгийн үзүүлэлтүүдийн хооронд эерэг шугаман хамааралтай байна.
Нийт оролцогчдын 35% нь санхүүгийн эх үүсвэрээ шаардлагатай хэмжээнд бүрдүүлж чаддаг байна. Үүнээс жижиглэн худалдаа, ченж буюу зуучлан борлуулагчид санхүүгийн эх үүсвэрээ зохих хэмжээнд бүрдүүлж чаддаг бол ашигт малтмал олборлолт, хөлсний ажилчин зэрэг салбарт ажиллагчид шаардлагатай түвшинд бүрдүүлж чаддаггүй байна. Арилжааны банк болон ББСБ-аас авсан судалгаагаар албан бус секторт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс эдгээр байгууллагад хандан зээлийн хүсэлт гаргасан хүмүүсийн 30% нь шаардлага хангадаг бол үлдсэн 70% нь жижиг бизнес эрхлэгчийн зээл авах шаардлагыг хангаж чаддаггүй байна. Үүний шалтгааныг дараахь байдалтай холбон үзэж болно. Үүнд:
- Барьцаа шаардлага хангахгүй (хөдлөх хөрөнгө барьцаалахаар хүсэлт гаргах, дан ганц газрын бичигтэй байх)
- Өөр ямар нэгэн банкинд зээлтэй
- Зээл хүсэгч нар орлогоосоо давсан болон эргэлтийнхээ хөрөнгөөс давсан их хэмжээний зээл хүсэх
- Бизнесийнхээ өдөр тутмын орлого, зарлагыг хөтөлдөггүй
- Бизнесээ тогтмол эрхэлдэггүй
- Өмнө нь өөр ямар нэгэн банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаа хэтрүүлж байсан зэрэг шалтгаанууд байна.
Дээрхээс үзэхэд бизнес эрхлэгчээс хамаарах болон хамаарахгүй үндсэн 2 шалтгаан байгаа нь харагдаж байна. Үүнд, барьцаа хөрөнгө хүрдэггүй нэг шалтгаан байхад бусад нь бизнес эрхлэх арга ухаан дутмагтай холбоотой гэж дүгнэж болохоор байна.
- Бизнес эрхлэгчийн нийгмийн үүрэг хариуцлага
Судалгаанд хамрагдсан иргэдийн 35% нь патентаар, 16% нь жишгээр, 21% нь хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу ИОТТ хуудсаар (Иргэний орлогын татвар төлөх хуудсаар) тайлагнаж албан татвараа төлдөг байна. Нэг анхаарал татаж байгаа асуудал нь татвар төлдөггүй гэсэн хариулт өгсөн иргэдийн эзлэх хувь нэлээд өндөр буюу 29%-ийг эзэлж байгаа явдал юм. Албан бус секторт багтах аль ч бизнесийн чиглэлд татвар төлдөггүй хэсэг 20-иос доошгүй хувийг эзэлж байна. Татвар төлөхөөс зайлсхийх явдал хөлсний ажилчин, ХАА, газар тариалан, ашигт малтмал олборлолтын салбарынханд түгээмэл байгаа бол эсрэгээр нийтийн хоол, жижиглэн худалдаа, бусад салбарын хувьд татвар төлөлт харьцангуй сайн байна. Нийт оролцогчдын 56% нь жижиг дунд бизнес эрхлэгч иргэнийг бүртгэх татвар төлөгчөөр бүртгэх Татварын албаны бүртгэлд хамрагдаагүй ажээ. Энэ нь албан бус секторт ажиллагчдын дунд татвар төлөлтийн түвшин хангалтгүй байгаагийн нотолгоо юм.
НДШ-ийг дийлэнх хэсэг буюу 56% нь төлдөггүй гэж хариулсан бөгөөд төлдөг хэсгийн хувьд авч үзэхэд 83% нь хөдөлмөрийн хөлсний доод болон дундаж түвшинд хүртэл барагцаалж шимтгэл төлдөг байна. (НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг гэж нийт оролцогчдын 49%, хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээгээр төлдөг гэж 34%, явуулж буй бизнесийн үйл ажиллагааны ашгаар төлдөг гэж 17% нь хариулжээ)
- Ажиллах нөхцөл ба мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа
Ажлын байрны нөхцөл буюу хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан эсэх талаар асуусан асуултанд нийт оролцогчдын 38% нь хангагдсан (үүнээс өндөр хувьтай хариулсан нь хүнсний үйлдвэрлэл 88%, нийтийн хоол 64%, бусад салбарт ажиллагсад 55%); 42% нь хангагдаагүй (үүнээс өндөр хувьтай ХАА, газар тариалан 60%, жижиглэн худалдаа 51%, үйлчилгээ, засварын салбарт ажиллагсдын 42%) гэж хариулжээ. Харин аюултай нөхцөлд ажилладаг гэсэн хариулт 20%-ийг эзэлж байгааг салбаруудаар нь авч үзвэл ашигт малтмал олборлогчдын 54%, хөлсний ажилчдын 33%, жижиглэн худалдаачдын 28%, бусад салбарт ажиллагсдын 27% нь тус тус хариулжээ. Үүнээс дүгнэхэд хүний амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой үйлдвэрлэл явуулдаг салбаруудад ажлын байрны нөхцөл харьцангуй сайн хангагдсан байдаг байна. Харин нийт оролцогчдын дийлэнх хэсэг нь буюу 62% нь ажлын байрны нөхцөл хангагдаагүй буюу аюултай нөхцөлд ажилладаг гэж хариулсан нь албан бус секторт ажлын байрны аюулгүйн нөхцөл баталгаагүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болохоор байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагуудын зүгээс явуулдаг хяналт шалгалтын бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг дүгнэхдээ нийт оролцогчдын 23% нь дарамт учруулах түвшинд байдаг гэжээ. Харин 53% нь дарамт учруулдаггүй гэж үзсэн байна. Огт нөлөөлдөггүй гэсэн хариултыг нийт оролцогчдын 24% сонгосноос энэ хариулт давамгайлж байгаа салбарт жижиглэн худалдаа (Үүнд, бэлэн хувцас, гэр ахуйн бараа худалдаалагчид багтаж байгаа), ченж буюу зуучлан борлуулагч нар орж байгаа бөгөөд тэдгээрт энэ талын үзүүлэх нөлөө мэдрэгддэггүй байна.
- Төрийн байгууллагуудын зүгээс үзүүлж буй үйлчилгээ
Бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээнд та ямар үнэлгээ өгөх вэ? гэсэн асуултанд “сайн” гэж нийт оролцогчдын 24% нь хариулсан байхад “дунд” гэж 29% нь, “муу” гэж 47% нь үзжээ.
“Муу” гэж дүгнэж байгаа бол үүний үндэслэл юу вэ гэсэн асуултанд ихээс бага руу дараалуулах зарчмаар ангилвал бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор болохуйц шийдвэр гаргадаг гэж 33%, төрийн албан хаагчийн харилцаа ёс зүйн доголдолтой гэж 27%, авилга, хүнд суртал их гэж 26% нь тус тус дүгнэжээ. Үүнээс сонирхол татаж буй хариулт болох бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор болохуйц шийдвэр гаргадаг гэж үзэгсдийн дийлэнх нь ХАА, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, бусад гэсэн салбарт ажиллагсад байгаа бөгөөд тэд үүнд нэлээд шүүмжлэлтэй ханджээ.
“Муу” гэсэн үнэлгээний “бусад” гэдэг хариултыг нээлттэй байдлаар авахаар тусгасан бөгөөд үүнд оролцогчдын өгсөн хариултууд нь:
- Орон нутгийн захиргааны байгууллагын дарга нар, эрх мэдэлтнүүд өөрсөддөө ашигтай байдлаар шийдвэр гаргадаг
- Бичил уурхай эрхлэх газар олддоггүй, эрх мэдэлтнүүд ашигтай газруудыг өөрийн танил талдаа нөхөрлөл хэлбэрээр олгож бизнес хийх хэв маягаа болгосон
- Хувь хүний бизнесийг төр засаг хүндэлж ойшоодоггүй, дэмжлэг үзүүлдэггүй гэжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс гаргаж буй бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор болохуйц шийдвэрүүд, төрийн албан хаагчийн харилцаа ёс зүйн доголдол, авилга, хүнд суртал их байгаатай холбон ийнхүү дүгнэсэн ажээ. Нийт судалгаанд хамрагдагсдын 61% нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж компани байгуулж албан секторт ажиллахыг хүсч байгаа нь харагдлаа. Албан секторт ажиллахыг хүсдэггүй хэсгийн хувьд татгалзаж буй шалтгаан нь голлон хувь хүний ажлын ур чадвар, санхүүгийн боломж зэрэг хүчин зүйлстэй холбоотой байдаг байна.
Таны бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад болдог, хүндрэлтэй зүйлсэд юу орох вэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцогчид хэд хэдэн хариулт дугуйлж болох байсан бөгөөд өгсөн хариултуудыг ач холбогдлын түвшнээр нь ихээс бага руу нь дараалуулбал:
- Өндөр хүүтэй богино хугацаатай зээл
- Татварын ачаалал
- Бизнесийн ширүүн өрсөлдөөн
- Төрөөс гаргаж буй бизнесийн үйл ажиллагаанд саад болсон шийдвэр ба ус, цахилгаан, дулааны үнэ төлбөр өндөр гэж хариулжээ.
Таны эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой төрөөс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл оновчтой гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд хамгийн олон санал авсан хариулт нь барьцаа багатай зээлэнд хамруулах гэсэн хариулт байсан бөгөөд оролцогчдын 1/3 гаруй нь үүнийг хүсч байв. Үлдсэн хариултууд болох ажлын байрыг баталгаажуулах, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын үйл ажиллагааг салбарын онцлогтой тохируулан хялбарчлах, татварын дарамтыг багасгах зэрэг хариултууд ойролцоо хувийг эзэлж байна.
Судалгааны үр дүнд дараахь санал зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд:
- Албан бус секторын санхүүжилтийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зээлийн бодлогыг өргөжүүлэх.
- Мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар сургалтын тогтолцоог боловсронгуй болгох.
Албан бус секторт чиглэсэн сургалтын тогтолцоог бий болгон бүрдүүлэх. Үүнд, төрийн ба төрийн бус байгуулагуудын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах.
- Төрийн байгууллагаас албан бус секторын үйл ажиллагаанд хохирол учруулахуйц шийдвэрүүдийг хянан үзэх.
Тухайлбал, хоёрдогч түүхий эд, хаягдлаар амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлдэг иргэдийн хувьд дээрх түүхий эдийн экспортыг хориглохтой холбоотой гаргаж байсан шийдвэр нь түүхий эдийн үнийг унагаж амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байсан баримт бий.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын механизмыг боловсронгуй болгож зарим талаар хялбарчлах.
Хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулахааргүй зарим үйл ажиллагааны хувьд ажлын байрны нөхцөлд тавих хяналтыг хялбарчлах гэх мэт шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэх.
- Албан бус секторт чиглэсэн татварын бодлогыг шинэчлэн татварын бааз суурийг өргөжүүлэх.
Татварт хамрагдалт, татвар төлөлтийн түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- Орон нутгийн төрийн албан хаагчдын албан бус секторт ажиллагчидтай харилцах харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах.
Зарим орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнуудын албан бус секторт үйл ажиллагаа явуулдаг иргэдийг ялгаварлан харьцаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарган өөрийн талын хүмүүсийг дэмжин бусдыг хохироодог үйл ажиллагааг таслан зогсоох.
Ашигласан материалын жагсаалт:
- Н.Амар “Далд эдийн засгийн хэмжээ, өсөлт, нөлөө” Монголбанкны судалгааны ажлын тайлан. 2004
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үзүүлэлтүүд” (2004-2009 он). Товхимол
- Нээлттэй Нийгэм Форум. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Үндэсний Статистикийн газартай хамтран АНУ- ын Мэриландын их сургуулийн зөвлөх багийн удирдлага дор хэрэгжүүлсэн “Монгол Улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал” сэдэвт түүвэр судалгааны ажлын тайлан. 2005 он
- Friedrich Schneider “Size and measurement of the informal economy in 110 countries around the world”. July. 2002
[1] Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам. “Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үзүүлэлтүүд” (2004-2009 он) товхимолын үзүүлэлтийг ашиглав.
[2] Friedrich Schneider “Size and measurement of the informal economy in 110 countries around the world” July 2002
[3] Нээлттэй Нийгэм Форум. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Үндэсний Статистикийн газартай хамтран АНУ-ын Мэриландын их сургуулийн зөвлөх багийн удирдлага дор хэрэгжүүлсэн “Монгол Улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал” сэдэвт түүвэр судалгааны ажлын тайлан. 2004 он.